171-р сар2017

Лхагва, 02 1-р сар 2013 11:16

Хамбын айлдвар

Written by 
Rate this item
(0 votes)

        Монголын Бурханы шашны төв Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба, гавж Дэмбэрэлийн Чойжамц Британийн Монголчуудын Холбоо, ИБУИНВУ дахь Монгол Улсын Элчин сайдын яамны урилгаар 2009 оны 4 сарын 26-наас 5 сарын 7-ны хооронд Англи улсад айлчлал хийсэн юм. Тэрээр Гандантэгчинлэн хийдийн Тамгын газрын Б.Эрдэнэхүү лам, гавж Д.Нямсамбуу багш, харилцааны албаны дарга Б.Мөнхбаатар лам нарын бүрэлдэхүүнтэй ирлээ. Хамба айлчлалынхаа өмнө “... Монголчууд маань гадаадад олноор гараад цөөнгүй жил болжээ. Оюун санааны хувьд ч их өөрчлөлтөнд орж буй санагддаг. Ийм үед нь нэг очиж уулзаад ярилцаад ирэх нь зөв юм гэж боддог. Ер нь бид чинь энд тэнд очиж өөрсдийн уламжлал ёс заншилаа сайн ярьж, шашин номоо тайлбарлаж байх хэрэгтэй юм байна. Би сүүлийн үед Монголдоо их дээд сургуулиудаар ч нэлээд зочилж, оюутан сурагчидтай уулзаж ярилцаж, санаа бодлыг нь сонсож байгаа, хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүдээр ч бас нэлээдгүй ярих болоод буй даа...” хэмээн өгүүлж байсан.  Хамбатан бидний урилгыг хүлээн авч ирэхийг зорьсны нэгэн учир хийгээд бидний түүнийг урьсан шалтгаан нь энэ буюу.Ингээд Хамбын Монгол түмэнтэйгээ уулзан ярилцаж явахдаа айлдсан сургааль айл, олон түмний асуултад өгсөн хариултаас өөрийн тогтоож ойлгосон хэрээр буулгахыг хичээлээ.

Шашинтай байхын учир

Хамба лам улс орон шашинтай байхын ач холбогдол, Буддын шашны Монгол уламжлал ахуйтай нягт холбоотойн талаар ийнхүү айлдлаа.
“...Өнгөрсөн зууны түүхээс үзвэл огт шашингүй улс орон бий болгох гэсэн оролдлого коммунизмын ид түгэн дэлгэрэлтийн үед гарч байсан. Харин энэ систем задран унах үед хамгийн ихээр шашнаа үгүй хийсэн Югослав, Румын зэрэг орон хамгийн их хүчирхийлэл цус урсгасан нөхцөл байдалд хүрсэн бол шашнаа тодорхой байдлаар хадгалж үлдсэн Чех мэтийн орнууд ардчилсан тогтолцоо руу харьцангуй аядуу тайвуу оржээ.” 
Хүчирхэг хөгжилтэй орнууд шашны зан уламжлалыг төрийн ёс жаягтайгаа нягт уялдуулан ард түмнээ оюун санааны хувьд нэгтгэн удирдах нэг арга зам болгож байна. Үүний жишээ нь АНУ-ын шинэ ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын ажиллагаанд хийсэн шашны холбогдолтой үйл (Библийн судар дээр гараа тавин тангараг өргөдөг), шинэ сонгогдсон ерөнхий сайд нь Английн Сүмийн (шашны гэж болох) тэргүүн Хатан хаандаа бараалхаж зөвшөөрлийг нь авснаар үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүлдэг Британийн уламжлал зэргээс анзаарч болно.
Огт шашингүй байх тухай бус харин ард нийтээр дагадаг шашны зан үйлээ, (Монгол Улсын хувьд гол шашин хэмээн хуулиар заагдсан Буддын шашны ёс, уламжлалыг) төрийнхөө ёс, үйлтэй уялдуулснаар ард түмнийхээ оюун санааны нэгдэл, нягтралыг бий болгож чадах юм. 
Буддын шашин маань анагаах ухаан, зурхайн ухаан, гүн ухаан, урлахуйн ухаан, дуун ухаан олон талын ухааныг нэгтгэсэн амьдралын том сургааль юм. Барууныхан энэ religious гэдэг үг Буддын шашныг нэрлэхэд тохирох хэллэг болох эсэх талаар хэлэлцэхээр болоод буй.

Олон зуун жилийн амьдралын ёс уламжлалаасаа үүдэн Буддын ухаан нь монголчуудын амьдрах ухаан, ёс заншилтай нягт уялдан холбогдсон юм.

Төрөхөөс үхэх хүртэлх монгол хүний амьдрал олон зууны туршид Буддын шашны зан үйлтэй нягт холбогдожээ. Нэрнээсээ авахуулаад бид энэ шашинтайгаа холбоотой юм. Нас урт байлгах, эд бараа арвин байлгах, өөрт нь тохирох эрдэнийн нэрээр нэрлэх гэх мэтээр эцэг эх нь хүүхдэдээ нэр хайрлаж байж. Даахиа үргээхдээ сан тавьж ном уншуулна. Гэрлэхэд намрын дунд сарын 17 гэж сонгоно. Нас барахаар нь алтан сав нээлгүүлж, 49 хоног хүртэл  буян үйлддэг гээд. Тэгэхээр хувь хүний төрөхөөс нас барахын хоорондох үйл амьдрал бурханы ёс заншилтай барилдаатай байдаг нь Монголын онцлог төрх. Шашин шүтлэггүй гэсэн хэн нэгний хувьд ч амьдрахуйн хэв заншил нь энэ л жимээр оршиж байж Монгол гэдэг бусдаас ялгарах өөрийн гэсэн онцлог тодрон гардаг

“...Буддын шашинд арга билэг гэж байдаг. Энэ хоёр нь хосолж байхгүй бол болдоггүй. Билэг гэдэг нь боловсрол мэдлэгийн талаа хэлж буй. Өндөр боловсрол эзэмшинэ гэдэг хүнлэг хүн болчихож буй хэрэг бас биш юм. Эрдэм боловсрол өндөр ч эхнэр хүүхдээ айлгаж сандраасан хүн байх. Энэ бол боловсрол нь тэр хүнийг сайн хүн болгоогүйн илрэл. Харин арга тал нь хүнийг хайрлах, энэрэх сэтгэлийг хэлж буй. Тэгэхээр энэ хоёр нийлж байж хүн их сайхан төлөвшдөг учиртай.”

“Баруунд хууль ёсоор, хүний амьдрах орчныг нь хатуу чанд зохицуулах байдлаар нийгмийг гаднаас нь удирдан жолоодохыг зорьсон чигтэй. Христосын шашны сургааль нь ч ерөнцийн эзэн хэмээх тэрхүү өөрт биш гадна орших хүчийг шүтэн бишрэх тухай байдаг. Харин Бурханы шашин бол хүний өөрийн дотоод гэгээрлийг бий болгодог. Хүн өөрөө гэгээрч чадвал бурхан болдгийг Буддын ухаан заасан. Барууны орнуудын хууль хэдий чанга ч, тэнд хүний санаанд оромгүй гэмт хэргүүд гарсаар байдаг. Харин Буддын шашинтай орнуудад энэ үзэгдэл бага гарч буй мэт харагддаг. Тэгэхээр хүн өөрөө дотроосоо эхэлж гэгээрвэл нийгэмдээ ч айхтар гай барцад тарих нь бага юм аа.”

Монголын өнөөгийн оюун сэтгэлгээ, ахуйн дадал – Хамбын эмзэглэл
Хамба ламтан Монголын өнөөгийн оюун сэтгэлгээ, ахуйн хэвшилтэй холбогдуулж ийнхүү айлдав. 
“ ... Шашингүй үзлээр 70 жил бөмбөгдүүлсэн бид 90 оноос хойш тэр хаагдсан эрх чөлөөгөө эдэлж байгаа. Гэхдээ хүний сэтгэхүйд суусан шашингүй байх ёстой гэсэн олдмол ойлголт, мэдрэмж арилж үгүй болтлоо удах янзтай юм даа. Хүн өөрийнхөө оюун санааг нээж, танин мэдэж, бусдаас эмзэглэж зоволгүй түүнийгээ шүтэж биширч амьдрах эрхтэй, тэгэж сурах хэрэгтэй. Гандангаар орж ирээд мөргөл үйлдэж буй хүмүүсийг харахад хэн нь сэтгэлээсээ хэн нь намайг харчих вий гэсэн эмзэглэлтэй мөргөж сүсэглэж байгаа нь андашгүй харагддаг юм.”

“...Монголчуудын өнөөгийн байдлыг харахад тохитой настайчууд ч ховордоод буй мэт. Цагаан толгойтой эмээ өвөө нар байж хэвлэл мэдээллийн хэрэгслээр  хайр дурлалын тухай залуустай ам уралдаж ярьдаг тохигүй настангууд элбэгшсэн. Энэ нь нөгөө л шашингүйн үзлээр бөмбөгдүүлж хүмүүжсэнийх нь уршиг байх. Бидний хайр бидний л сайхан дурсамж юм аа юуг нь дэлгэх вэ хүүхэд минь гэхэд болохоор юман дээр хамаг амьдралаа дэлгэж ярьж, залуу үеийг уруу татах нь байх юм.”

“... Хүүхдийн хүмүүжилд анхаарахаа байжээ. Өдөрт ядахдаа нэг удаа халуун ам бүлээрээ хоолоо идэж байхыг хичээх хэрэгтэй. Зурагт, интернет компьютер гэж дор дороо нэг нэг юм гөлрөөд гэр бүлийн халуун бүлээн уур амьсгал үгүй болж байна. Тэр зурагт үзэж, интернетээр аялсаар хүүхэд чинь нэг л мэдэхэд үзэж харж буйгаасаа авсан ойлголтыг үнэн мэт бодсон, та нарын бодож байснаас тэс ондоо хүн болоод хүмүүжчихсэн байж байна.

Жаахан хүүхдүүд “өөрийнхөөрөө амьдарна” гэж их ярих болсон. Энэ нь нөгөө  үздэг кино ший, интернетээс авдаг мэдээлэлтэй нь холбоотой. “Өөрийнхөөрөө байна” гэдэг нь эцэг эхийнхээ үгийг сонсохгүй, дураараа баар цэнгээн хэсэж зугаалж байхыг л хэлж буйгаас амьдрах ухаантай холбоотой өөрийнхөөрөө байх нь тун ховор. Америк кино үзээд тэрэндээ хөтлөгдсөн мөрөөдлөөр амьдрагч залуу үе гарч ирж байна. Гэтэл сайн сайхан амьдрахын тулд яаж ажиллаж, бүтээх талаар тун бага төсөөлөлтэй байх юм. Оюутан залуустай уулзахдаа би энэ талаар их хэлж ярьж буй.”

“...Засаг төр ч бодлогогүй алхам хийх нь байх юм. Ард иргэддээ сонгуулийн дүйвээнээр худлаа амлаж, хүлээлт үүсгэдэг, бас хамаг бүлтэй чадалтай эрүүл саруулыгаа гадагш гарахад чиглэсэн ажил хийгээд  байгаа.
Зурагт телевизийн олон сувгууд Солонгосын киногоор  үзэгчдийг  бөмбөгдөх юм. Хүмүүс ажлаа тарж гэртээ ирээд гэр доторх аж амьдрал, хүүхэд шуухадын хүмүүжил, өдөр тутмын юмаа ярьж хэлэлцэхээ больж зурагтанд толгойгоо мэдүүлэн гадны соёлыг бишрэн шүтэж Монголынхоо соёл урлагийг үгүйсгэн умартаж байна.“

“... Өвгөдийн үлдээсэн тусгаар тогтнолоо уг нь өдий хүртэл аваад л ирсэн юмсан. Одоо л алдчих вий дээ гэж бодохоор үе харагдаад буй шүү” хэмээн олон талын эмзэглэж явдаг бодлоо хэлсэн нь хамба ламтан өнөөгийн Монгол оронд маань бүрдээд бий оюун сэтгэлгээ, ахуй байдлыг ерөнхийлөн тодорхойлсон мэт.

Гадаадад суугаа иргэддээ захиж хэлсэн нь

          Хамба ламтан гадаадад суугаа Монголчууддаа ихийг сураад, эх орондоо заавал эргэн очихыг байн байн захиж байв.

Хамбатан:  “...Монголчууд маань гадаадад, энэ их олон хүнтэй газар тэдний л нэг болоод амьдарч байдаг. Харин тэд маань үндэсний дээл хувцсаа өмсөөд үндэсний баяр ёслол, тухайлбал наадам, цагаан сараа ёс уламжлалаар нь хийгээд ирэхээр энэ зүгийнхэнд Монголчууд гэдгээ таниулдаг. Гадны хүн шугуйд төөрөлгүй Монголоороо үлдэж, тэдний соёлыг бас Монголоороо баяжуулж байхын тулд соёлын энэ уламжлалаа ёс журмаар нь хийж хадгалан авч яваарай.

Өсөхөөс сурсан үндэсний хэлээ мартаж болохгүй
. Хэдий англи хэл дэлхий нийтийн хэл боловч монгол хэлээ мартахгүй байх нь монгол хүн гэсэн онцлогийг хадгалдаг. Гадаад хэлийг хагас дутуу сурч, монгол хэлтэйгээ холин зээрэмдэглүүлэх нь сайшаахаар зүйл биш. Та бүхэн бага балчир хүүхдүүдэд төрсөн хэлээ сайн зааж өгч байгаарай. Түүгээр л дамжиж Монгол хэмээх үзэл сэтгэл шингэнэ шүү дээ.

Улс орны хөгжил ямар байгаа нь иргэн нь гадаад оронд очиход ханддаг бусдын хандлагаас анзаарагдаад байх шиг харагддаг. Нисэх онгоцны буудал дээр гэхэд хөгжилтэй орны иргэдийн цүнхийг хүртэл зөөлөн өргөж тавьж байхад ядарсан орны иргэдийнхийг аваад чулуудчих нь энүүхэнд. Монголчууд маань гадаадад хир амьдарч байна вэ? гэхээр барууны хөгжилтэй орнуудаас бараа сураггүй, Япон Сололгосын хөгжилтэй орнуудаас бас доогуур латин Aмерикийн Мексик гэх мэт орны иргэдийн хавьцаа очиж буугаад байна уу гэж Америкт явах үед ажиглагдсан. Тэгэхээр бид эхлээд эх орноо сайн хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах хэрэгтэй байна. Тэгэж байж дэлхийн хаана ч хараа дээгүүр алхах сэтгэл, боломж бүрдэнэ. Та бүхэн энд алив ажлыг хийх арга ухааныг сурч ойлгож, сэтгэлээсээ хийж сураад эргэж очоод тэр бүгдээ эх орондоо хэвшүүлэх хэрэгтэй.

Нутаг орондоо суугаа ах дүүстээ эндэх байгаа байдлыг үнэн бодитоор хэлж, бичиж байгаарай. Тэд чинь барууны айхавтар үхдэггүй баатар баахан хүн нухаж нухаж,  сүүлд нь биеийн зугаа цэнгэл эдлээд дуусдаг киногоор энэ орныг чинь төсөөлөөд, мөрөөдөөд тэгэж нэг цэнгэх юмсан гэж бодоод буй. Иймд та нар бодит байдлыг нуулгүй сайн хэлж өгч байгаарай” хэмээн захисан. 

Талархал

Хамба ламтаны айлчиллыг зохион байгуулахад хамтран ажилласан, ивээн тэтгэсэн байгууллага хувь хүмүүст Британийн Монголчуудын Холбооноос гүн талархал илэрхийлж байна.

·         Монгол улсын элчин сайдын яамны хамт олон

·         Б.Даваажаргал захиралтай MNGBRIDGE LTD компани

·         TV9 -ийн Будда Медиа студийн хамт олон

·         Ж.Өнөрмаа захиралтай LinguaGlobal Ltd компани

·         Т.Түвшинбат захиралтай LondonMN Studio

·         Оксфордын их сургуулийн Буддын судлалын төв

·         Британид ажиллаж, амьдарч байсан Монгол улсад суугаа иргэдийн төлөөлөгчид

·         Лондон, Оксфорд, Манчестер хотноо ажиллаж амьдарч буй Монголчуудын төлөөлөгчид

Мэдээг бэлтгэсэн
Д.Цэрэнбат

 

 

Read 25791 times Last modified on Даваа, 28 1-р сар 2013 14:55

131 comments

Leave a comment

Цахим Өртөө Сүлжээнд элсэх

  • Өртөөний сүлжээнд элсэх

tsahim_urtuuХэрэв та Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээнд элсэхийг хүсвэл: http://groups.google.com/group/tsahim-urtuu-suljee хаягаар зочилж маш хялбархан бүртгүүлж болно. Та Гүүгл суурьт энэхүү сүлжээнд имэйлээ бүртгүүлснээр манай сүлжээний гишүүн болно.

 

Image Temp

Энэ хуудас нь Цахим Өртөө сүлжээний нийт гишүүдийн хамтын бүтээл байх бөгөөд ажил хэргийн санал болгоныг вэбийн хамтлаг тухай бүр нь тусган энэ хуудсанд оруулж байх болно. Хамтран ажиллаж буй, ажиллахаар зэхэж буй таньд баярлалаа.

Newsletter