282-р сар2017

25 11-р сар
Written by 

Оюу Толгойн талаарх мэтгэлцээн

Өөрийн бодлыг товч хэлье.

bayartsogt-ganbaatarМэтгэлцээний утга учрыг оролцогч этгээдүүд харилцан адилгүй ойлгож бэлдэж иржээ. Баярцогт бол "дайснаа дарахыг" гол зорилгоо болгож. Зорилгоо тодорхойлохоосоо эхлээд тэр алдаа хийлээ. Уг нь бол 2 этгээд мэтгэлцсээр байгаад эцсийн дүндээ тухайн сэдэв дээр санал нэгдэх, асуудалд шинэ гарц олох нь мэтгэлцээний үндсэн зорилго баймаар. Гэтэл, хэт өөрийгөө хамгаалах тактик барьж, ОТ-ын гэрээг "төгс гайхамшиг" гэж тодорхойлж буй нь түүнийг цаанаа "маапаантай" гэдгийг илтгэх мэт. "Гудамжны", "мэдлэггүй" Ганбаатарыг "алаад өгөх" нь Баярцогтын үндсэн зорилго байлаа. Тэрхүү "аженда"-даа таарсан тактик боловсруулж иржээ.

Нөгөө талаас Ганбаатар мэтгэлцээний зорилгыг хувь хүмүүс хоорондын хэрүүл тэмцэл биш, илүү өргөн утгаар ойлгож, тэр хүрээндээ бэлдэж иржээ. Тэрээр энэ мэтгэлцээнээр олон нийтэд зөв мэдээлэл хүргэх ёстой, үүний тулд асууж тодруулах үүрэгтэйгээр оролцохоор бэлтгэлээ хийж. Тэрээр Оюу Толгойн гэрээг зөв, Монголын талд ашигтай байлгахын тулд өнгөрсөн жилүүдэд тэмцэж ирсэн олон хүмүүсийн нэг билээ. Олон жил ярьж, асууж байсан тэр л асуудлууддаа хариу авч олон нийтэд мэдээлэл хүргэхийг зорьсон байна. Түүний зорилго "урвагч" Баярцогтыг "алаад өгөх" биш байлаа.

Бидний урьд өмнөх төсөөллөөр бол энэ хоёр этгээд яг эсрэгээрээ баймаар. Тийм байх нь уг нь зөв логик. Яагаад гэвэл Ганбаатар ард түмнийг төлөөлж байгаа хүн. Тэр утгаараа ямар ч асуулт асууж тодруулах эрхтэй. Сэжиглэх, хардах эрхтэй. Баярцогт Төрийг төлөөлж гэрээ байгуулсан хүний хувьд үйлчлэгчийн байр сууринаас хандаж буруу ч бай, тэнэг ч бай, мэдлэггүй, мэдээлэлгүй, ер ямар ч асуулт байсан эелдгээр, нарийвчлан тайлбарлаж ойлгуулах үүрэгтэй. Тэрээр хувь хүнийхээ байр суурьнаас асуудалд хандаж огт болохгүй.

Гэтэл, бодит байдал яг эсрэгээрээ байлаа.

Энэ байдал нь Баярцогтын талаар маш сэжигтэй ойлголтыг төрүүлэв. Түүний байж байгаа нь олигтой мэдлэггүй, боловсрол муутай хүн гэдгийг нь илчилж өглөө. Тэр яагаад ийм алдаа гаргав? Ийм сагсуу, хамаа намаагүй хөдөлгөөн хийсэн, эмх замбараагүй яриатай, шаардлагагүй мэдээжийн зүйл дээр нуршиж цаг авах, мэтгэлцэгч этгээд рүү дайрч давшилсан энэ байдал нь түүнийг юуны төлөө ингэж үхэн хатан байж ядна вэ гэх асуулт эрхгүй тавихад хүргэж байна. Төрийн хүний алхам бүр нь утга учиртай байх ёстой. Байж байгаа бүхий л байдлаараа ард түмнийхээ төлөө гэсэн хандлага, сэтгэл зүрхээ илэрхийлж байх ёстой. Ард түмнийхээ өмнө бардам дээрэнгүй, сагсуу, мэдлэггүй соёлгүйгээрээ гайхуулсан байдал гаргаж  хэрхэвч болохгүй.

Гудамжны, популист гэх "муу нэрт" Ганбаатар харин өндөр соёлтой байсныг тэмдэглэх хэрэгтэй. Тэрээр зарим газар гэрээ байгуулагчдыг сайшааж байлаа. Тэр мэтгэлцээний туршид ёс зүйн хэм хэмжээг сайтар сахиж байсныг тэмдэглэх нь зүйтэй. Ганц Ганбаатар ч биш олон олон дэвшилт үзэлт Монголын сэхээтнүүд энэ гэрээний талаар дуу хоолой гаргаж ирсэний хүчинд харин ч танагтай болсон байх магадлалтай. Ганбаатарыг бэлтгэл муутай ирсэн байна гэж дүгнэх хүмүүс байна. Үгүй юмаа. Тэр олон жил ярьж ирсэн тэр л асуудлуудаа тэвэрсээр ирж. Түүний хувьд тэдгээр асуултаа асуух л үүрэгтэй. Баярцогт хариулах л үүрэгтэй. Ордоо яаж үнэлсэн юм бэ? гэх асуултад хариу өгсөнгүй. Хүрз, жоотуу, трактораа үнэлээд байхад баялгаа яагаад үнэлэхгүй байгаа юм бэ? Хариул л даа. Хариуд нь үнээгээ саалгахад тэжээл хэрэгтэй, зардал хэрэгтэй тэдгээрийг тэд дааж байгаа гэлээ. Уучлаарай, энэ хариулт хангалттай биш. Өр байгаа, зээл байгаа, хүү байгаа гэсэн мөртлөө энэ байхгүйтэй адил, яагаад гэвэл бид төлөхгүй тэднээр өөрсдөөр нь төлүүлчихэж байгаа гэлээ... Энэ бол гамшиг...

... Юутай ч Монголд анх удаагаа ийм хэлцүүлэг болсон нь том дэвшил юмаа. Хөгжилтэй гэх нийгмүүдэд ийм төрлийн мэдлэгийн мэтгэлцээн, хэлэлцүүлэг цаг ямагт болж байдаг. Тэр утгаараа энэ үйл явдал яах аргагүй дэвшил юм. Оюу Толгойн сэдвээр үргэлжлүүлэн хэлэлцэх шаардлага байгааг энэ удаагийн мэтгэлцээн баталж өглөө.

341 comments

Leave a comment

Цахим Өртөө Сүлжээнд элсэх

  • Өртөөний сүлжээнд элсэх

tsahim_urtuuХэрэв та Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээнд элсэхийг хүсвэл: http://groups.google.com/group/tsahim-urtuu-suljee хаягаар зочилж маш хялбархан бүртгүүлж болно. Та Гүүгл суурьт энэхүү сүлжээнд имэйлээ бүртгүүлснээр манай сүлжээний гишүүн болно.

 

Image Temp

Энэ хуудас нь Цахим Өртөө сүлжээний нийт гишүүдийн хамтын бүтээл байх бөгөөд ажил хэргийн санал болгоныг вэбийн хамтлаг тухай бүр нь тусган энэ хуудсанд оруулж байх болно. Хамтран ажиллаж буй, ажиллахаар зэхэж буй таньд баярлалаа.

Newsletter