211-р сар2018

Бямба, 13 4-р сар 2013 08:22

Абэ Шинзоогийн айлчлалын дараа

Written by  Зохицуулагч
Rate this item
(3 votes)

Абэ Шинзоогийн айлчлалын дараа

Японы Ерөнхий сайд Абэ Шинзоо 2013 оны 3 сарын 30, 31-нд Монголд айлчлаад буцлаа. Аль нэг орноор айлчлах далимдаа Монголоор дайрсангүй, манайхыг зорьж ирээд уулзах гэсэн улсуудтайгаа ярилцаад харив. Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаас гадна сөрөг намын даргатай

хүртэл уулзлаа. Урьд нь Койзүми Жюничироо мөн л зорьж ирээд буцсан ч суудлаасаа буухын урдьхан ирсэн, харин Абэ Шинзоо суудалдаа залраад хагас жил ч болоогүй байхдаа Монголд айлчлав. Үүгээрээ энэ хоёр айлчлал ихээхэн ялгаатай.

Гадаад нөхцөл байдлын хувьд Япон улс Сэнкакү, Такэшима, Курилын арлуудын асуудлаар Хятад, Өмнөд Солонгос, Оростой газар нутгийн маргаантай хэвээр. Хятад, Өмнөд Солонгостой бол сүүлийн жилүүдэд газар нутгийн маргаанаас болоод харилцаа эрс хүйтэрч, хурцадсан. Өмнөд Солонгосын өмнөх Ерөнхийлөгч И Мёнбак Такэшима буюу Докдоо аралд айлчилсны дээр түүний дараахан Японы эзэн хааныг Солонгосоос уучлал гуйвал Өмнөд Солонгост айлчлан ирж болно хэмээн дуугарсан нь япончуудын эгдүүцлийг хүргэсэн. Харин хятадууд жил гаруйн өмнө Японы эсрэг томоохон жагсаал цуглаан хийж, Японы хөрөнгө оруулалттай компаниуд руу дайрч, бараа таваарыг нь галдан шатааж түйвээн дээрэмдсэнээр эд материалын асар их хохирол учруулсан. Тэд ингэж аяглахдаа Дэн Сяопин, Жоу Эньлай, Танака Какүэй нарын тогтоосон 40 жилийн уламжлалт дипломат харилцааг түймэрдэж орхисон юм. Дэн авгайн "Хятад хүн худаг ухан ус гаргаж өгсөн ачтанг хэзээ ч мартдаггүй" гэсэн үгийг шинэ үеийн хятадууд умартаж орхисныг энэхүү үйл явдал харуулсан юм.

Курилын арлын асуудал амар шийдэгдэхгүй биз. Медведев сүүлийн жилүүдэд тус арлуудаар байнга ирж байгаагаас гадна Оросын эх газраас орж ирэх хөрөнгө оруулалт эрс нэмэгдсээр буй.

Японыг тойрсон гадаад нөхцөл байдал ийнхүү таагүй байгаа нь Абэг Монголд ирэхэд хүргэсэн гол шалтгаан гэж үзэх нь зүйтэй юм. Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах, эрчим хүч, нүүрсний салбарт хамтран ажиллах тухай цогц асуудлыг багтаасан "Эрч санаачилга"-ыг хоёр тал хэрэгжүүлэх болсон нь томоохон алхам. Монгол хэлний "эрч" хэмээх үг япон хэлнээ хэрэглэгдэх боллоо. Япончууд геополитикын үүднээс Монголыг онцгойлон авч үзэх болов. Геополитикын ашиг сонирхол хоёр орны цаашдын харилцааны хөгжилд олон зүйлийг авчрах болов уу.

Ерөнхий сайд Абэгийн дотно анд, улс төрч Шиозаки 3 дугаар сарын эхээр Монголд айлчлаад харьж очингуутаа Абэтэй уулзжээ. Тэгэхдээ Ерөнхий сайдын өрөөнд дэлхийн газрын зураг сугавчлан ороод Хятад, Оросын дунд хавчуулагдсан Монгол улсыг зааж, Монгол улстай харилцаагаа зузаатгахын чухлыг ятгасан тухай Японы хэвлэлүүдээр бичсэн байх юм.

Ерөнхий сайд Абэ Вьетнам, АНУ, Монголд айлчлаад байна. Тэрбээр одоо хүртэл Хятад, Өмнөд Солонгос, Орост очсонгүй. Үнэт зүйлийн үзэл нэгтэй улс орнуудтай харилцаагаа зузаатгах Абэгийн номлол манай улсыг том гүрнүүдийн харилцаанд нэг тоглогч болгон хувиргаж байгааг үгүйсгэх аргагүй.


Бесуд овогт Пүрэвсүрэнгийн Наранбаяр 
2013-04-12

Read 9533 times Last modified on Бямба, 13 4-р сар 2013 11:01

7 comments

Leave a comment

Цахим Өртөө Сүлжээнд элсэх

  • Өртөөний сүлжээнд элсэх

tsahim_urtuuХэрэв та Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээнд элсэхийг хүсвэл: http://groups.google.com/group/tsahim-urtuu-suljee хаягаар зочилж маш хялбархан бүртгүүлж болно. Та Гүүгл суурьт энэхүү сүлжээнд имэйлээ бүртгүүлснээр манай сүлжээний гишүүн болно.

 

Image Temp

Энэ хуудас нь Цахим Өртөө сүлжээний нийт гишүүдийн хамтын бүтээл байх бөгөөд ажил хэргийн санал болгоныг вэбийн хамтлаг тухай бүр нь тусган энэ хуудсанд оруулж байх болно. Хамтран ажиллаж буй, ажиллахаар зэхэж буй таньд баярлалаа.

Newsletter