171-р сар2017

Лхагва, 21 12-р сар 2016 14:03

Утаанаас ангижрах цор ганц зөв гарц талын хар зам шиг тодоос тод дурайcаар байхад …

Written by  Нийтлэгч
Rate this item
(1 Vote)

Нэг. БҮТЭЛГҮЙТЭЛ

Сүүлийн жилүүдэд улаанбаатар хотыг утаанаас ангижруулах нэрийн дор янз бүрийн арга сэдэж, олон тэрбум төгрөг зарсан боловч шийдвэрлэх үр дүнд хүрсэнгүй. Үр дүнд хүрэхгүй нь бүр анхнаасаа тодорхой байлаа. Яагаад гэвэл авсан арга хэмжээнүүд нь нэг бол огт бүтэлгүй, эсвэл түргэн хэрэгжүүлэхэд бодитой биш, тиймээс бүгд явцгүй зүйлс байв.

Тухайлбал, гэр хорооллынхонд (1) утаагүй зуух тавьж өгөх, (2) утаагүй түлш хэрэглүүлэх гэх мэтийн компанит ажил олон жил дамнуулан өрнүүлж төсвийн олон тэрбум төгрөг шатаасан ч олигтой үр дүн гарсангүй. Учир нь ямар сайн зуух хэрэглэлээ гээд нүүрс л түлэхээс цааш утааг нь бүрмөсөн үгүй болгоно гэж юу байхав. Мөн утаагүй түлш үйлдвэрлэлээ гээд нүүрсийг бүрэн утаагүй болгож тэртэй тэргүй чадахгүйгээс гадна утаагүй болгочихдог юмаа гэхэд тэр түлшний үнэ нь тэнгэрт хадаж гэр хорооллын ажилтай, ажилгүй орлоготой орлогогүй өрхүүд бүү хэл дундаж орлоготнууд хүртэл худалдаж авч түлж чадахгүй болно. Аа тийм, бас гэр хорооллынхны (3) гэрийн дулаалгыг сайжруулах ажил хийлээ гэсэн билэв үү. Энэ ажил бүх айлыг хамарч чадахгүйгээс гадна хамарсан айлуудын хувьд ч гэсэн нүүрсээ түлсээр л байх тул утаа багасахад нэмэр болоод юу шалихав дээ. Монгол гэрийг эсгийгээр яаж дулааллаа гээд гал өвөлд түлэхээ больчдог билэв үү?

Эдгээр арга хэмжээний аль аль нь бүтэлгүй болсны нийтлэг шалтгаан нь нүүрс түлэлтийг зогсоож, утаа гаргагч янданг устгахад чиглэгдээгүй явдал байлаа. Зорилгоо зөв тавьсангүй.

Гэтэл нүүрс түлдгийг зогсоож янданг устгаагүй цагт утаанаас сална гэж байхгүй. Мэдээж гэрт амьдардаг хүмүүсийг (4) орон сууцанд оруулчихвал тэд нүүрс түлэхгүй, тиймээс утаа гаргахгүй болох нь тодорхой. Гэвч тэр олон орон сууцыг барьчихлаа гээд бодоход гэр хорооллынхон ихэнх нь худалдаж авч чадахгүй. Үнэгүй л өгдөггүй юм бол. Тиймээс ойрын ирээдүйд бол угаасаа барих ч боломжгүй. Өртөг нь эргэж нөхөгдөхгүй тул. Хашааны газраар нь сольж болох ч газаргүй айлууд бас байгаа, мөн газар байлаа ч орон сууцны олон давхар барилга барихад тохиромжтой газартай нь цөөнх биз. Тиймээс гэр хорооллынхны ихэнх нь бахь байдгаараа утаагаа үйлдвэрлэсээр л үлдэнэ. Өөрөөр хэлбэл, орон сууцжуулах замаар утааг арилгаж болох ч гэр хорооллынхныг нийтэд нь боломжийн орлоготой болгохоос эхлээд олон жил шаардах нүсэр цогц ажил болох тул манай өнөөгийн нөхцөлд утаанаас түргэн ангижрах бодитой арга биш. Тэгэхээр (1) утаагүй зуух, (2) утаагүй түлш, (3) гэрийн дулаалга, (4) орон сууцжуулалт гээд засаг төрийн зүгээс утаанаас ангижруулах чиглэлд хийсэн ажил, гаргасан хүчин чармайлт нь цаг алдаж, хөрөнгө үрсэн үр дүнгүй хоосон ажил болж иргэд, түүний дотор хүүхэд багачууд утаанд багтарсаар.

Хоёр. АЛТЕРНАТИВГҮЙ (!) ЦОРЫН ГАНЦ ЗӨВ ГАРЦ

Тэгэхээр төр засгаас хийж ирсэн дээрх ажлууд үр дүнгүй болсон юм бол үр дүнтэй гарц нь юу байсан юм бэ? гэх асуулт гарах ч магад. Өмнө хэлсэн: нүүрс түлдгийг зогсоож янданг устгаагүй цагт утаанаас сална гэж байхгүй ээ гэж. Гэвч бүгдийг орон сууцанд оруулж дуусахаас өмнө нүүрс түлэхийг яаж зогсоох юм бэ, бүтэхгүй ш дээ гэж бодох, дуу алдах хүн лав гарах байх. Тэгвэл хүлээзнээрэй. Битгий тэгж уул үзээгүй хормой шууж, ус үзээгүй гутал тайлаарай. Нүүрс түлэхийг зогсоож, янданг устгаж болно! Болох болохдоо бүр асар богино хугацаанд, бүр жил ч хүрэхгүй хугацаанд ч үүнийг хийж болно! Энэ бол цахилгаанжуулалт. Өөрөөр хэлбэл гэр хорооллынхны гэр болон байшин сууцуудыг нүүрсээр биш, цахилгаанаар халаасан усаар дулаацуулах явдал. Хоол унд хийхэд цахилгаанаар халдаг плитка одоо ч хэрэглэчихдэг юм чинь дулаалгадаа нүүрс хэрэглэхгүй болчихвол ерөөсөө нүүрс түлэх, утаа үйлдвэрлэх шаардлагагүй болчихно биз дээ. Хамгийн гол нь бүх айлд цахилгаан хүргэх дэд бүтэц нэгэнт бий болчихсон байгаа шүү дээ.

Саяхан твитерт “Лондон хот утаанаасаа салсан арга бол цахилгаанжуулалт байсан” гэсэн твит явж байсан. Манайхны нэг нь бичсэн байсан. Монгол хэлээр. Энэ бол “цахилгаанжуулалт зам зөв” гэдгийг баталж байгаа гадны бодит жишээ. Манайд ч гэсэн өөр зам байхгүй. Сэрцгээе, сэтгэцгээе!

Нүүрс түлж ус халаагаад түүгээрээ сууцны байшинг халаадаг аргыг бол манай слесариуд бүгд сайн мэднэ, хийж чадна. Гагцхүү тэр усыг зууханд нүүрс шатааж халаахын оронд цахилгаанаар халаачихвал нүүрс хэрэггүй болчихно. Энэ бол утаанаас салах үндсэн бөгөөд цорын ганц (!) зөв арга.

Энгийн байгаа биз дээ. Ийм энгийн юмыг та бид бүгдээрээ, бүр улсаараа яагаад харахгүй, сэтгэхгүй энэ олон жил болчихов оо! Яагаад ийм тов тодорхой, бүр сонголт ч байхгүй гарц байсаар атал цаг алдаж, өдий төдий хөрөнгөө салхинд хийсгэж, өдий төдий нялх үрсийнхээ амь нас, эрүүл мэндийг зольчихов оо!

Гэхдээ тайвшир! Та тэнэгтээ санаагүй, сэтгээгүй хэрэг биш. Хүн хэдий ухаантай ч хэлэхээс нааш санадаггүй, цаас хэдий нэмгэн ч чичихээс нааш цоордоггүй гэдэг мэргэн үг энэ тохиолдолд та бидэнд бүгдэд маань хамаатай болчих шиг боллоо. Би л гэхэд танаас илүү ухаантайдаа дээрх гарцыг түрүүлээд харчихсан, бодоод олчихсон юм огт биш. Сонссон, үзсэнээ л дамжуулж байна.

Манай нэг хамаатных Зурагтад байдаг юм. Тэднийд хэдэн жилийн өмнө (тэгэхэд АН ч засагт гараагүй байсан санагдана) очоод өвлийн бэлтгэлийнх нь талаар сонирхон асуугаад ярилцаж суутал гэрийн эзэн тэр хавьд нь нэг нүүрс авдаггүй айл байдаг тухай дурсаатахсан юм. Нүүрс авдаггүй юм бол гэрээ яаж дулаацуулдаг юм бэ гэж асуухад дээр дурдсан аргаар гэрээ халаадаг тухай ярьсан юм. Ингэж л утаанаас ангижрах бодитой бөгөөд цорын ганц зөв аргын тухай санаатай анх тааралдсан юм.

Дараа нь, одоогоос хоёр гурван жилийн өмнө дөө, хотын зүүн хэсгийн гэр хорооллын хашаанд өөрийн барьсан байшиндаа амьдардаг бас нэг хамаатан хөгшнийд золгохоор цагаан сараар очихдоо цахилгаанаар ус халааж, тэр усаараа байшин сууцаа халаадаг боловсронгуй төхөөрөмж, тоноглолтой биетээр нь тааралдаж бодитоор нь харж байсан юм. Тэр цахилгаанаар ус халааж шахаж түгээгч төхөөрөмж нь зүйрлэвэл байшингийн нэг булангийн хананд ууттай томхон гитар өлгөчихсөн юм шиг л авсаархан юм харагдсан санагдана. Цаашихыг нь бол манай слесариуд мэдэхийг дээр хэлсэн. Тэр цахилгаанаар ус халаадаг төхөөрөмжийг нь нэг компаниас авч, тавиулсан гэж байсан. Түүнээс илүү боловсронгуй төхөөрөмж ч бас нийлүүлэгдсэн байдаг юм билээ гэж ярьж байсан.

Тэгэхээр манай бизнесийнхэн бол энэ тухай аль хэдийн мэддэг бөгөөд айлуудад тавиад эхэлчихсэн юм билээ. Гагцхүү манай засгийнхан л яагаад ч юм энэ талаар мэдээгүй байдаг, эсвэл мэдсэн ч нөгөө утаанаас түргэн салах арга чинь мөн гэдгийг сэхээрэхгүй буруу замаар будаа тээсээр өнөөг хүрсэн хэрэг. Гэхдээ төр засгийн албатууд бүгдээрээ тийм сэтгэлгээний хомсдолтой гэж итгэхэд бас бэрх. Бодвол харсан ч хараагүй дүр эсгэх янз бүрийн өөр шалтгаанууд байдаг биз гэж бодогдоод байдаг юм. Нэг хэсэг нь нэгэнт хөдөлчихсөн галт тэрэг шиг болчихсон утаагүй түлш, утаагүй зуух, гэрийн дулаалга гэх мэтийн өөрсдийгөө болон бусдыг хуурсан хөгийн юмсаасаа татгалзах эр зориг, ухаан гаргах чадваргүй. Нөгөө зарим нь тэр мэтийн ажлыг төсвийн мөнгөнөөс хувьдаа саах хялбар арга ч гэж хардаг байхыг үгүйгэхгүй.

Утаанаас ангижрах аргын тухай ярихдаа одоогийн нөхцөлдөө л тохируулж ярьж байгаа хэрэг шүү гэдгийг зориуд цохож хэлэх шаардлагатай байх. Юу гэвэл энэ аргаар бидэнд тулгараад байгаа экологийн хоёр лут асуудлаас зөвхөн нэгийнх нь үндсэн хэсгийг буюу гэр хорооллынхны яндангийн утаанаас ангижрах асуудлыг нь л шийдвэрлэж чадах юм. Бараг гамшгийн хэмжээнд очоод байгаа хөрсний бохирдлын асуудлыг бол, харамсалтай нь, бид утаанаас ангижрахтай зэрэгцүүлэн түргэн шийдэж чадахгүй, дараагийн зорилт болгохоос өөр аргагүй нь. Тэглээ гээд утаанаас ангижрах асуудлаа орхилтой нь биш. Юу ч гэсэн эхлээд амьсгалах хоргүй агаартай болцгооё л доо. За тэр авто машины яндангийн утааны асуудал бол тэртэй тэргүй тусдаа бодлого, шийдвэрүүд шаардах зүйл, угаасаа.

Гурав. ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА НЬ

Юу ч гэсэн эхлээд энэ аргаар Улаанбаатарыг утаагүй болгохын тулд эцсийн хэрэглэгчийн төвшинд буюу гэр хороооллын айл бүрт юу хийгдсэн, ямар нөхцөл хангагдсан байх ёстойг эхлээд томъёолцгооё. Одоо бол би зүгээр л бодоод бичих гэж байна. Уншигч та ч гэсэн давхар бодоорой. Зөв үү? Мөн үү, биш үү гээд.

Тов тодорхой гол нөхцөл бол гэр хорооллын нэг ч айлын яндангаар утаа гарахгүй л болсон байх ёстой. Гэхдээ бүгд тахлаар үхээд амьд амьтангүй болоод голомт нь унтарсан байх тухай яриагүй нь бүх хүнд ойлгогдох байх. Түлшиндээ нүүрс биш, цахилгаан хэрэглэдэг болсон байх тухай хэллээ. Плитка хэрэглэж хоол ундаа болгох бололцоо бол гэр хорооллын бүх айлд одоо ч гэсэн байгаа байх гэж бодож байна. Гагцхүү гэрээ л орон сууцныхан шиг дундуур нь халуун ус гүйдэг радиотороор халаачихвал болоод явчих гээд байгаа. Өөрсдийн барьсан байшин сууцандаа бол тийм радиоторуудыг олон айл тавьчихсан байдаг. Гагцхүү дундуур нь гүйх усыг л цахилгаанаар биш, нүүрсээр халаадаг нь олон байгаа байх. Тэгэхээр тэр ус халаадаг нүүрсийг нь л зарим айлд аль хэдийн хийчихсэн байгаа шиг цахилгаан болгочих хэрэгтэй байгаа юм.

Ингэхэд гурван юм хэрэгтэй гэж төсөөлөгдөж байна.

Нэгд, нэгэнт л орон сууцжуулж хавьд чадахгүйгээс хойш сууцны байшин төдийгүй монгол гэрийн ханыг дагуулаад ч юмуу, хаагуур нь ч юм ус дотуур нь гүйх радиоторууд тавиад хооронд нь ус дамжуулах хоолойнуудаар хэлхсэн байх. Үүнийг манай дурын слесарь хийчих байх.

Хоёрт, Тэр радиоторуудын дундуур гүйлгэхэд хүрэлцэх (бараг 10-аад литр ус л орно биз дээ?) хэмжээний усыг халаагаад эргэлдүүлээд байдаг насостой (эсвэл нөгөө халсан ус дээш хөөрдөг физикийн үзэгдлийг ашиглаад насос хэрэглэдэггүй ч байж болох магад), усны савтай, нөгөө радиоторуудтай холбогдоод халуун усаар хангаад байх цахилгаан халаагуур байх ёстой. Ийм зүйл аль хэдийн бий болоод айлууд хэрэглээд эхэлчихсэнтэй тааралдсан тухайгаа би дээр өгүүлсэн. (Судалж эхлэхэд хэрэгтэй бол тэр айлруугаа утасдаад тэр төхөөрөмжийн марк, нийлүүлэгч, бас өөр ямар холбогдох мэдээлэл байгаа энэ тэрийг нь тодруулж асуугаад өгсөн ч болно). Гагцхүү хэрэглэхэд хамгийн тохиромжтой, ашигтайг нь л сонгох хэрэгтэй болно. Үүнд нь засаг, тв нүүд буюу сэтгүүлчид тусалж болно шүү дээ.

Гуравт, тэр ус халаагч төхөөрөмжийг хангах цахилгаан хэрэгтэй. Би тэр хотын зүүн хэсэгт очсон айлынхаа гэрийн эзнээс цахилгааны хэрэглээний үнийг нь сонирхож байсан. Одоо тодорхой санахгүй байгаа ч сарын хэрэглээг нь асуугаад үзэхэд гайгүй шиг дунд зэргийн орлоготой айлын хувьд бол нүүрс хэрэглэхгүй болчиход болмоор л санагдаж байсан юмдаг.

Тэгэхээр, энэ гурван нөхцлийг гэр хорооллын айлууд бүрдүүлчихвэл тэгээд л яндангүй болчиход болохгүй юмгүй байгаа биз дээ. Эхний хоёрын хувьд бол нэг удаагийн бага шиг зардал гаргахад л болно. Нэг л удаагийн жаахаан л зардал шүү дээ. Шаардлагатай гэвэл заримд нь дэмжлэг үзүүлсэн ч болно.

Гол асуудал нь тэр төхөөрөмжийг ажиллуулах цахилгаанаар хангах л байгаа юм. Манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүн жилд 17 хувиар өсч орлогын мөнгөө барж ядахдаа бодож олж болох бүхий л үрлэгийг сэтгэж байсан тэр үед 5-р цахилгаан станцаа барьчихсан байсан бол Улаанбаатарын утааг ганцхан далайлтаар л алга болгочих байлаа. Гэхдээ, мэдээжийн хэрэг, сэтгэлгээний хомсдолгүй хүмүүс холбогдох албан тушаалуудад байх тохиолдолд шүү дээ. Сэтгэлгээний бэрхшээлтэйн дээр бусдын үгийг ч тусгаад авах чадваргүй муйхарууд эрх мэдлийг эзлээд шавар хаагаад сууж байхад бол ямар сайхан, бас хэрэгжүүлэхэд хялбархан санаа байгаад ч хэрэгжихгүй л дээ.

Гэхдээ тэр баян үе нэгэнт өнгөрсөн. Улс маань цахилгаан станц барихтай манатай байх шиг байна. Тэгсэн хэдий ч бидэнд нэгэнт л өөр гарц тэртэй тэргүй байхгүй, мөн тэр гэр хорооллынхныг бүгдийг нь орон сууцжуулах шиг шийдэхэд нэн хүнд асуудал ч бас арай биш. Хэрэгжүүлэх, тэр тусмаа маш богино хугацаанд хэрэгжүүлэх зорилт болгоод тавьчихад боломжтой төдийгүй нэгдүгээр эрэмбийн, хойшлуулшгүй амин чухал асуудал.

Гэр хорооллын айлуудын дулаалгын усыг халаах төхөөрөмжийг цахилгаанаар хангахад хоёр л асуудал гарах нь хэнд ч төсөөлөгдөх байх. Нэгд, цахилгааны эх үүсвэрийн асуудал. Улаанбаатарын цахилгаан хангамж тийм сайн биш л гэдэг. Тэгсэн хир нь л хэрэгтэй хэрэггүй байшингууд, зарагдаж борлогдох ч боломжгүй орон сууцнүүд зогсоо зайгүй, өдөр шөнөгүй бариад л байгаа биз дээ. Ямар цахилгаанаараа хангах гэж тэр билээ. Шугам сүлжээнийхнээс зөвшөөрөл авч л барьдаг байлгүй, бодоход. Эндээс харвал эх үүсвэрийн боломж олдоно л гэсэн үг. Тэр тусмаа бүх нийслэлчүүдийн амь нас, эрүүл мэндэд холбогдох ийм чухал асуудал дээр. Хоёрт, цахилгааны эх үүсвэр байлаа гээд гэр хорооллынхон гэрээ дулаацуулах усыг халаах хэмжээнд хэрэглэхэд үнийг нь төлж чадах уу гэдэг асуудал гарна. Энэ асуудлыг ч гэсэн шийдэх бүрэн боломж олдох ёстой гэж үзэж байна.

Шөнийн цагаар үйлдвэрлэсэн цахилгаанаа тэртэй тэргүй бид бүрэн ашиглаж чаддаггүй хаягдал болгодог гэж уншиж, сонсож байсан юм байна. Тиймдээ ч шөнийн цахилгааныг хямдруулаад байдаг биз. Одоо ч гэсэн гэр хорооллынхны цахилгааны шөнийн хэрэглээг хямдруулах шийдвэрийг засгийн газар гаргасан гэж уншсан. Уг нь тэгж зүв зүгээр, Н. Алтанхуягийн нүүрс хямдруулдаг шиг популист маягаар хямдруулж байснаас гэр хорооллынхныг яндангүй болгох ажлыг урамшуулах хөшүүрэг болгож ашигласан бол илүү үр дүнтэй, утга учиртай болох байсан юм. Гэхдээ одоо ч хождоогүй. Тэр дутуу бодоод дутуу гаргачихсан шийдвэрээ өөрчилчих л дөө. Татвар нэмэх гэж байснаасаа ухраад бүр нэг хувийн татвартай болгох шийдвэр гаргаа л биз дээ. Түүнтэй харьцуулбал хавьгүй зөв шийдвэр байх болно. Гаргасан шийдвэрээ өөрчлөхөд хэсэгхэн хугацаанд шүүмжлэгдэх ч тэгсгээд мартагдаж олонд мэдрэгдэх нэн хэрэгтэй үр дүн нь үлдэх болно. Олон эх үрсийн амь нас, эрүүл мэнд болж үлдэх болно. Ер нь засгийнханд зөвлөхөд буруу байвал яаруу сандруу хам хум хийсэн амлалтаасаа ч ухарч бай! Зөв юмыг олон түмэнд ойлгуулж ямагт болно. Тэд ойлгоод зэмлэх биш, үнэлэх, талархах болно.

Гэр хорооллынхны шөнө, жишээ нь, оройн 22 цагаас, өглөөний 7, магадгүй 6 цагийн хооронд (энэ цагийг судлаж, оновчтой заах хэрэгтэй) буюу дулаацуулгадаа ашигласан цахилгааны үнийг, хэрэв нүүрс түлээгүй байвал 80 хувиар, эсвэл 90 хувиар ч юм уу (үрэлгэн байдлыг өөгшүүлэх тул 100 хувь хөнгөлөх нь буруу, ядаж 5% ийн ч атугай төлбөр заавал үлдээх хэрэгтэй) хөнгөлөөд өгчихвөл айлууд аяндаа яндангүй болохын төлөө өөрсдөө санаачлаад зүтгэнэ биз дээ. Дээрээс нь мэдээж, төр засгаас хэвлэл мэдээллийнхэнтэйгээ хамжаад аль болох дэмжээд, мэдээллээр, зохион байгуулалтаар туслаад өгөх хэрэгтэй.

Энэ хөнгөлөлтөө зөвхөн тэдэнд үзүүлж байгаа санхүүгийн дэмжлэг гэж биш, улаанбаатарчуудаа утаанаас ангижруулах, одоо амь нас, эрүүл мэндээрээ хохироод байгаа эх үрсээ аврахын тулд гаргаж байгаа хөрөнгө оруулалт гэдэг талаас нь бас харвал илүү утга учиртай, зөвтгөгдөх хүндэт шалтгаантай болно.

Гэр хорооллынхныг яндангүй болгох зорилт тавих нь Улаанбаатарыг утаагүй болгохын тулд хандах цорын ганц зөв чиглэл гэдэг нь яг л их талд тавьсан хар зам шиг тодоос тод дурайн харагдсаар ирсэн юм л даа, уг нь. Даанч тийм байсаар байхад буруу замаар будаа тээсээр өнөөг хүрсэн нь тэр бэлэн замаар явахгүй, замгүй газраар сүлжилдэн хөрс сүйтгэцгээдэгтэй эгээ адил, бүр тэрнээс ч дор юм. Яагаад дор вэ гэвэл жолооч нар хөрс сүйтгэж цөлжилтийг хөөрөгддөг ч өөрсдийнхөө хар амиа л зөвхөн бодож тавьсан зорилгодоо буюу хүрэх гэсэн газартаа бол бүр төөрч будалж байгаад ч атугай голцуу хугацаандаа хүрдэг. Харин утаатай “тэмцэгчид” бол хотыг утаанаас ангижруулах зорилгодоо өнөө хир нь хүрсэнгүй, хэдэн компанийг тэжээснийг л эс тооцвол түмний хөрөнгийг зүгээр л салхинд хийсгэчихлээ. Хайран ч хөрөнгө, хайран ч цаг хугацаа, хайран ч эх үрсийн маань амь нас, эрүүл мэнд!

Бат-Оршихын Жамц

Лхагва, 2016 оны 12 дугаар сарын 21

 

Read 1169 times Last modified on Баасан, 23 12-р сар 2016 10:21

5 comments

  • Comment Link Даваа, 26 12-р сар 2016 15:49 posted by ыыы

    Гэр хороололд огт амьдарч үзээгүй хүмүүс л ТЭЭЭР ИЙМ амархан гэж ирээл бичих юм. Үнэндээ тэнд Доржийх Батых 2 зэрэг битгий халуун тогоогоо залгачихад л гэрэл сүүмийгээд ирнэ шүү дээ. Нарантуул дээр гар хүрэхийн аргагүй халж байсан тенн гэртээ авчираад залгахаар үлбийсэн юм. Хөлдөж үхдийм байгаа биз дээ. Тог гардагаараа гарна. За тэгээд 3 айл тенн залгачуул дэд станц нь хайлчина. 7 хоног хуйгаараа тоггүй.

  • Comment Link Бямба, 24 12-р сар 2016 21:57 posted by Б. Жамц

    Lapsha-d,
    "айлуудыг 24 цаг дулаахан байлгаж чадах эрчим хүчний хангамж чадал байхгүй" нь үнэн байж магад. Тийм ч учраас нийтлэлд Монгол улс мөнгөтэй боломжтой байхдаа 5-р цахилгаан станцаа барьцан бол утааны асуудлыг ганц далайлтаар шийдэх боломжтой байх байсан гэж бичсэн. Хэрэв үнэхээр цахилгаанаар хангаж чадахгүй бол тэр 5-р цахилгаан станцаа л түргэн барихаас өөр аргагүй л болно шүү дээ. Хамгийн гол нь айл бүр нүүрс түлэхийн оронд цахилгаан хэрэглэж байж л Улаанбаатар утаанаас ангижирахаас өөр ямар ч арга зам байхгүй, тэгэхдээ бүрэн орон сууцжуулахыг хүлээлгүй гэрийг нь ч гэсэн цахилгаанжуулах хэрэгтэй, боломжтой гэдгийг хэлсэнд нийтгэлийн гол үнэ цэнэ байгаа. Тэгэхгүй бол цахилгааны хангамждаа төвлөрөхийн оронд утаагүй зуух, нүүрс гэх мэтийн хэрэггүй юманд хөрөнгө, цагаа үрж зарж өөрсдийгөө хуурсаар өнөөг хүрсэн бна шүү дээ. Бас зөвхөн бүрэн орон сууцжуулсан нөхцөлд л утаагүй болно гэж илт бүтэлгүй юмс ярьцгаагаад байгаа. Бас нэг анхаарах зүйл бол цахилгааны хангамж муу байгаа бол ЗГ шөнийн төлбөрийг тэглэнэ гэхийн оронд 90% хөнгөлнө гэсэн бол үрэлгэн сэтгэлгээг өөгшүүлэхгүй байх байлаа.

  • Comment Link Бямба, 24 12-р сар 2016 19:42 posted by Lapsha

    энэ арга замыг бодож олсон хүн Монголд амьдарч үзээгүй гэдэгт итгэлтэй байна,ялангуяа гэр хороололд айлуудыг 24 цаг дулаахан байлгаж чадах эрчим хүчний хангамж чадал байхгүй

  • Comment Link Бямба, 24 12-р сар 2016 14:43 posted by Б. Жамц

    Энхбаярт,
    Ялангуяа салхины эсрэг талд барьчихсан ганц цахилгааны станцын утаа хотыг хүрээлсэн бүх талбайг эзлээд гэрээ барьчихсан хэдэн зуун мянган айлын яндангийн утаанаас шал өөр зүйл. Бидний өнөөдрийн амин чухал асуудал бол Улаанбаатар хотын иргэдийг утаанаас ангижруулах тухай л ярьцгааж байгаа. Тэрнээс цааших нь дэлхийн дулаарал, озоны цоорхой гээд нийт хүн төрөлхтний асуудалд нийлэх болно. Бид эхлээд хотдоо өөрсдөө эсэн мэнд байцгаах боломжтой болоотохвол тэр дэлхий нийтийн асуудалд ч санаа тавих сэхээтэй болцгоох биз. Хамтарч бодох хань ч олон болно. 7 тербумтай хамтдаа бодох боломжтой болно.

  • Comment Link Баасан, 23 12-р сар 2016 19:52 posted by Энхбаяр

    Улаанбаатар, төвийн бүсийн цахилгаан эрчим хүчний 90 ээс илүү хувь нь нүүрсээр үйлдвэрлэгддэг. Тэгэхээр таны дэвшүүлж буй арга зам бас үр дүнгүй байх нь.

Leave a comment

Цахим Өртөө Сүлжээнд элсэх

  • Өртөөний сүлжээнд элсэх

tsahim_urtuuХэрэв та Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээнд элсэхийг хүсвэл: http://groups.google.com/group/tsahim-urtuu-suljee хаягаар зочилж маш хялбархан бүртгүүлж болно. Та Гүүгл суурьт энэхүү сүлжээнд имэйлээ бүртгүүлснээр манай сүлжээний гишүүн болно.

 

Image Temp

Энэ хуудас нь Цахим Өртөө сүлжээний нийт гишүүдийн хамтын бүтээл байх бөгөөд ажил хэргийн санал болгоныг вэбийн хамтлаг тухай бүр нь тусган энэ хуудсанд оруулж байх болно. Хамтран ажиллаж буй, ажиллахаар зэхэж буй таньд баярлалаа.

Newsletter