171-р сар2017

Баасан, 30 12-р сар 2016 18:25

Э.Энхмаа: Цус ойртолт үндэсний аюулгүй байдлын хэмжээнд нөлөөлөхүйц болсон

Written by  Нийтлэгч
Rate this item
(0 votes)

1000 хүнд ногдох “Оюуны хомсдол”-ын газарзүйн тархалт

Өнгөрсөн долоо хоногт Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Стратегийн судалгааны хүрээлэнгийн 25 жилийн ойд зориулсан “Аюулгүй байдал судлал-25 жил” эрдэм шинжилгээний бага хурал болж өнгөрлөө. Бага хурлыг тус хүрээлэнгийн захирал, доктор Д.Ганбат нээж үг хэллээ. Уг бага хуралд олон сонирхолтой илтгэл тавигдсан бөгөөд “Монгол Улс, ОХУ-ын харилцаа, анхаарах асуудал” сэдвээр Оршин тогтнохуйн судалгааны секторын эрдэм шинжилгээний ажилтан Ч.Нарантуяагийн илтгэлээр эхэллээ. “Монгол Улс, БНХАУ-ын харилцаа, анхаарах асуудал” сэдвээр тус секторын ажилтан, хурандаа М.Ганбат, “Монгол Улс ба Зүүн Хойд Азийн аюулгүй байдлын асуудал” сэдвээр судлаач Н.Доржсүрэн, “Монгол Улсын “Гуравдагч хөрш”-ийн бодлого, өнөөгийн байдал” сэдвээр судлаач Л.Бямбаханд, “Үндсэн хуульт байгууллын аюулгүй байдлын зарим асуудал” сэдвээр Нийгэм төрийн судалгааны секторын эрхлэгч, судлаач доктор Д.Мөнхтөр, “Монгол хүний удмын сан, эрүүл мэндийн аюулгүй байдал” сэдвээр тус секторын мэргэжилтэн, доктор Э.Энхмаа, “Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдлын тулгамдсан асуудал” сэдвээр Эдийн засгийн судалгааны секторын эрхлэгч Б.Ариунзул нар тус тус илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Эдгээр нь бүгд Монгол Улсад тулгамдсан асуудлыг хөндсөн, тун чухал, цаг үеэ олсон илтгэлүүд боллоо гэж тус хуралд оролцогсод дүгнэсэн юм. Эдгээрээс онцолж доктор Э.Энхмаагийн тавьсан “Монгол хүний удмын сан, эрүүл мэндийн аюулгүй байдал” илтгэлийг уншигч та бүхэнд хүргэе. Илтгэгч “Цус ойртолт нь үндэсний аюулгүй байдлын хэмжээнд нөлөөлөхүйц болсон. Аминчхан буюу амиа аргацаах сэтгэлгээтэй хүний тоо хүн амын дотор эзлэх хувь нь байнга нэмэгдэж байдаг” хэмээн онцолж байсан.

-Та бүхний түмэн амгаланг айлтгая.

Хүн амын удмын сан, эрүүл мэндийн аюулгүй байдлыг хангах үндсэн нөхцөл нь удмын сангийн дотоод тэнцвэрийг хадгалж байх явдал байдаг. Хүн амын удмын сан хэдийд тэнцвэртэй байдаг вэ гэхээр генүүд ижилсэх буюу цус ижилсэх үзэгдэл. Генүүд алагших буюу цус холилдох үзэгдэл харилцан тавь тавин хувийн орчинд байгаа үед удмын сан дотоод тэнцвэрээ хадгалж байдаг. Хэрвээ хүн амын удмын сан генүүд ижилсэх буюу цус ижилсэх үзэгдэл хэт их давамгайлаад, цус холилдох үзэгдэл буураад ирэхээр удмын сангийн дотоод тэнцвэр алдагдаж, хүн амын цус ойртоод орж эхэлдэг. Монголчууд ураг төрлийн хүрээнд цус ойртож гэрлэхээс сэргийлж овгоо мэддэг, овог дотроо үл гэрлэх зарчмыг хатуу баримталдаг, угийн бичгээ хөтөлдөг, үр хүүхэддээ аман болон бичгийн хэлбэрээр өвлүүлдэг, есөн үеийн дотор ураг холбохыг цээрлэдэг гайхамшигтай соёлтой ард түмэн байсан.

Харамсалтай нь 1925 онд Монгол Улсын Засгийн газрын нууц тогтоол гарч, монгол хүн овгоо мэдэх, угийн бичгээ хөтлөхийг хаачихсан. Ингээд өнгөрсөн 91 жилийн хугацаанд монголчууд овгоо мэдэхээ больсон. Овог чинь хэн бэ гэхээр аавынхаа нэрийг хэлдэг болсон. Гэрийн угийн бичгээ хөтлөхөө больсон. Есөн үеийн өвөг дээдсээ битгий хэл өөрөөсөө дээш гуравдахь үеэсээ эхлээд өвөг дээдсийн мэдээлэл харанхуй болсон.

Өнөөдөр хүн ам дахь цус ойртолтын түвшин хүн амын генетикийн тооцооллын аргаар судалж үзэхэд Монголын хүн амд цус ойртолтын түвшин 0,0223-аас 0,1145-ын хооронд хэлбэлзэж байна. Цус ойртолтолтыг F коэфициентээр илэрхийлдэг. Энэ коэфициент 0-1-ийн хооронд утга авдаг бөгөөд хэрвээ F нь 0-тэй тэнцүү байвал хүн амын дотор цус ойртолт байхгүй. Ингээд аймаг бүхний хүн амд энэ коэфициентийг тооцоолоод үзэхэд цус ойртолт илрэхгүй байгаа аймаг гэж байхгүй байна. Тиймээс танай аймаг цус ойртолт ихтэй, манайх багатай гэх мэтээр мэтгэлцээд байх шаардлагагүй хэмжээнд хүрчихэж. Үндсэндээ таван том голомт байгаа. Улсын дунджаар цус ойртолт 0,0651. Хүн 32040 гентэй гэдгийг шинжлэх ухаан тогтоосон. Үүний 16020 буюу тавин хувийг эцгээсээ, үлдсэн 16020 генийг эхээсээ авдаг байна. Ингээд хүн аав, ээжтэйгээ цусны тавь, тавин хувиар хамаатай. Энэ харьцаа нь дээшээ үе ахих тусам хоёр дахин буураад явдаг. Ингэж явсаар жишээ нь, миний судсаар өвөг дээдсийн ес дэх үеийн цусны 0,19 хувь л эргэж байгаа. Арав дахь үеийн өвөг дээсийн цусны 0,09 хувь эргэнэ. Ингээд 10 дахь үеийн өвөг дээдэстэйгээ би харь элгийн хүн болж байгаа юм. Тэгэхээр есөн үеийн дотор ураг барилдахыг цээрлэдэг байсны шинжлэх ухааны үндэслэл нь энэ. Бидний тооцоолж гаргаж ирсэн 0,0651 гэдэг коэфициент нь долиор илэрхийлсэн тоо. Энэ тоо нь хаана ирж бууж байна вэ гэхээр надаас дээш дөрөв дэх үе буюу хуланц өвгийн түвшинд бууж байна. Энэ нь юуг хэлж байна вэ гэхээр өнөөдөр Монголын хүн ам өөрөөсөө дээш гурваас дөрөв дэх үеийн ах дүү нар хоорондоо гэрлэхэд илэрдэг тийм түвшний цус ойртолт бий болчихож. Хамгийн их нь гурав дахь буюу элэнц өвөө эмээ дээр, хамгийн бага нь хуланц эмэг өвгийн түвшинд байна. Тэгэхээр энэ нь өнөөдөр хүн амын удмын сангийн дотоод тэнцвэр ноцтой алдагдаад үндэсний аюулгүй байдлын хэмжээнд ярих түвшинд хүрчихжээ гэдгийг хэлэх гээд байгаа юм. Хүн өөрийнхөө эмээ өвөөг яалтгүй мэдэж байгаа ч тэрнээс дээшхи үе удмаа мэдэхгүй байна. Өнөөдөр арай ч эмээ өвөөгийнхөө түвшинд гэрлэлт явагдахгүй байгаа ч тэрний дээд элэнц эмэг өвгийн түвшинд цус ойртолт ороод ирчихсэн байна аа гэдэг бол үнэхээр ноцтой байдалд байгаа харуулж байна. Жишээ нь, гэрлэсэн хосууд байлаа гэхэд тэд дээшээ дөрөв дэх үеийн ах дүү нар байх жишээтэй. Ийм хэлбэрийн цус ойртолтын түвшний дэвсгэр бий болчихоод байна. Гэрлэж байгаа залуус бид хоёр цусан төрлийн хамаагүй ээ гэдэг зөвхөн баримжаагаар гэр бүл болдог зуршил бий болчихжээ.

Газар зүйн тархалтаар нь цус ойртолтын хамгийн их голомт нь монгол орны хойноос буюу Хөвсгөл аймгаас Өмнөговь аймаг руу явах чиглэлд цус ойртолтын түвшин хамгийн их байна.

Үүний цаана хүн амын нягтрал хэтэрхий бага сийрэг байгаатай холбоотой юм. Цус ойртолтод нөлөөлдөг бас нэг хүчин зүйл бол хүн ам дахь гэрлэлтийн бүтэц, гэрлэлтийн тогтолцоо байдаг. Өнөөдөр нэг баг, сум, аймгийн дотор гэрлэлт явагдаж байхад тухайн нийт гэрлэлтийн 73.9-86.1 хувь нь тухайн баг, сум, аймгийн уугуул хүмүүс хоорондоо гэрлэж байна. Тухайн орон нутагт гаднаас хүргэн, бэр болж очиж байгаа хүн бараг байхгүйтэй адил.

Цус ойртолт нь ямар үр дагавар авчирдаг вэ гэдгийг хүний генетикийн шинжлэх ухаан гаргаад ирчихсэн.

-Хүний оюун ухаан, сэтгэхүйн түвшин буурдаг,

-Оюуны хомсдолтой хүүхдийн тоо өсдөг,

-Удамшлын өвчин, төрөлхийн согог гажигтай хүүхдийн тоо өсдөг,

-Аливаа өвчнийг эсэргүүцэх дархлаа сул болдог,

-Бие бялдрын хөгжил давжаа болдог

-Аминчхан буюу амиа аргацаах сэтгэлгээтэй хүний тоо хүн амын дотор эзлэх хувь нь байнга нэмэгдэж байдаг.

Өнөөдрийн хүн амд тооцоолж гаргаж ирсэн цус ойртолтын энэ түвшин нь бидэнд ямар үр дагавар, ямар гай түйтгэр авчирч байгаа талаар товч дурдъя.

Сүүлийн үед манай хүн амын дотор төрөлхийн согог гажигтай нярай хүүхэд маш олноор төрдөг болсон. Улсын хэмжээнд бүртгэх ажлыг 2005 онд ЭНЭШҮТ-д эхлүүлсэн. Энэ байгууллагын мэдээлснээр, 2005-2009 оны эхний есөн сарын байдлаар Монголд дараах 10 төрлийн гажигтай хүүхэд төрсөн байна. Үүнд:

-Зүрхний гажиг

-Уруул сэтэрхий

-Уруул, тагнайн сэтэрхий

-Зөөлөн тагнай, хүүхэн хэл сэтэрхий

-Зөөлөн тагнайгүй

-Хошного битүү

-Хэвлийн урд хана хөгжөөгүй

-Тархины усжилт

-Нугасны ивэрхий

-Олон эрхтэн тогтолцооны хавсарсан гажиг. Үргэлжлэлийг энд дарж уншина уу.

Хамгийн аюултай нь төрөлхийн согог гажигтай хүүхэд төрөөгүй аймаг нэг ч байхгүй. Мөн мэдээлэл бүрэн бус. Энэ бүрэн бус мэдээллээс харахад дөрвөн жил хагасын хугацаанд Монгол Улсын хэмжээнд төрөлхийн согог гажигтай хүүхэд 689 төржээ. Энэ тоог аваад бидний тооцоолж гаргаж ирсэн цус ойртолттой эдгээр нь ямар нэгэн байдлаар холбоотой эсэхийг судалж үзсэн. Ингээд судалгаа хийгээд үзэхэд Монгол орны уртрагийн дагуу буюу Баян-Өлгий аймгаас Дорнод аймаг руу чиглэлтэй цус ойртолтын түвшин, гажигтай төрөлтийн түвшин нэмэгдэж байна. Монгол орны өргөргийн дагуу Хөвсгөлөөс Өмнөговь руу чиглэлд цус ойртолтын түвшин, цус ойртолтын түвшин мөн нэмэгдэж байна. Ер нь цус ойртолтын түвшин нэмэгдэх тусам бусад өвчнөөр өвдөх нь өсөөд байдаг дүр зураг харагддаг. Цус ойртолт нь монгол хүний өвчлөлд нэмэлт дарамт болж байгаа нь тодорхой байна. Цус ойртолт нэмэгдэх тусам хүн амын өвчлөл нэмэгддэг шугаман хамааралтай нь харагддаг. Манай улсад 32 төрлийн хорт хавдар өвчин бүртгэгдсэн. Гэтэл цус ойртолт нэмэгдэх хэрээр иргэдийн хорт хавдраар өвдөх магадлал мөн шугаман хамаарлаар өсөөд байдаг. Элэгний хорт хавдрын өвчлөлөөр Монгол Улс дэлхийд тэргүүлдэг. Зөвхөн 2014 оны элэгний хорт хавдрын өвчлөл дээр авч үзэхэд уг өвчлөл өндөр байдаг гурван том голомт байна. Элэгний хорт хавдрын өвчлөлд цус ойртолт ямар хамаатай байгааг судалж үзэхэд монгол орны 42 хувьд нь 60-99 хувийн өндөр эрсдэлтэй, хүчтэй хамааралтай гэж гарсан. Хүн ам дахь оюуны хөгжлийн доройтолд цус ойртолт хэрхэн нөлөөлж байна вэ гэдгийг судалж үзэхэд 2016 оны байдлаар насны бүлгээр авч үзэхэд 15-64 насны хүн ам буюу эдийн засгийн хамгийн идэвхтэй, улс орны ачааг үүрч яваа гэгддэг хүн амд оюуны хомсдлын түвшин хамгийн өндөр байдаг. Цус ойртолттой холбоотойгоор судалгаа хийж үзэхэд монгол орны газар нутгийн 31.5 хувьд 50-98 хувийн хүчтэй хамаарал илэрдэг. Зах хязгаар нутгуудад цус ойртолт асар өндөр байна, эндээс улбаатай оюуны доройтлын түвшин маш өндөр байгааг хэлмээр байна.

Хүн амыг цус ойртолтоос хамгаалахад чиглэсэн бодлогыг яаралтай хэрэгжүүлэх хэрэгтэй болжээ. Ямар санал, зөвлөмж байна вэ гэхээр, нэгдүгээрт, Монгол Улсын иргэд өөрсдийн угийн бичгийг хөтлөх, шинжлэх ухааны аргачлалтай ургийн бичигжүүлье. Угийн бичгийн хуультай больё. Мөн ЕБС-ийн хичээлийн хөтөлбөрт удам угсааны талаар хичээл оруулдаг болгоё. Монгол орны засаг захиргааны нэгжийн хэт жижиг байгааг зохистой байдлаар томруулах бодит алхам хийе. Энэ зөгийн үүр шиг олон хэсэг хуваачихсан тогтолцоо нь төрийн үйлчилгээг ард түмэнд хүргэх талаасаа сайн байгаа боловч энэний цаана хүн амынхаа хөдөлгөөнийг хязгаарлачихаад, хүн ам хоорондоо чөлөөтэй зорчиж цус холилдох нөхцлийг түгжчихээд байнгаа юм. Мөн хэт төвлөрлийг сааруулж, хүн ам нь хэт цөөрсөн нутгуудад суурьшлын бүсүүдийг бий болгох арга хэмжээг авах хэрэгтэй байна.

Тэмдэглэсэн Я.БАЯРБААТАР

https://dnn.mn/%D1%8D-%D1%8D%D0%BD%D1%85%D0%BC%D0%B0%D0%B0-%D1%86%D1%83%D1%81-%D0%BE%D0%B9%D1%80%D1%82%D0%BE%D0%BB%D1%82-%D2%AF%D0%BD%D0%B4%D1%8D%D1%81%D0%BD%D0%B8%D0%B9-%D0%B0%D1%8E%D1%83%D0%BB%D0%B3%D2%AF%D0%B9-%D0%B1%D0%B0%D0%B9%D0%B4%D0%BB%D1%8B%D0%BD-%D1%85%D1%8D%D0%BC%D0%B6%D1%8D%D1%8D%D0%BD%D0%B4-%D0%BD%D3%A9%D0%BB%D3%A9%D3%A9%D0%BB%D3%A9%D1%85%D2%AF%D0%B9%D1%86-%D0%B1%D0%BE%D0%BB%D1%81%D0%BE%D0%BD/

Read 307 times Last modified on Баасан, 30 12-р сар 2016 18:44

2 comments

Leave a comment

Цахим Өртөө Сүлжээнд элсэх

  • Өртөөний сүлжээнд элсэх

tsahim_urtuuХэрэв та Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээнд элсэхийг хүсвэл: http://groups.google.com/group/tsahim-urtuu-suljee хаягаар зочилж маш хялбархан бүртгүүлж болно. Та Гүүгл суурьт энэхүү сүлжээнд имэйлээ бүртгүүлснээр манай сүлжээний гишүүн болно.

 

Image Temp

Энэ хуудас нь Цахим Өртөө сүлжээний нийт гишүүдийн хамтын бүтээл байх бөгөөд ажил хэргийн санал болгоныг вэбийн хамтлаг тухай бүр нь тусган энэ хуудсанд оруулж байх болно. Хамтран ажиллаж буй, ажиллахаар зэхэж буй таньд баярлалаа.

Newsletter