1911-р сар2017

Баасан, 03 11-р сар 2017 17:34

Л.Мөнх-Эрдэнэ: Хуулийн засаглал ярих бол Үндсэн хуулиа л баримтална

Written by 
Rate this item
(0 votes)

Munkherdene L.Dr280x500

Mонгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Ч.Хүрэлбаатарыг Засгийн газрын гишүүн-Сангийн сайдаар томилсон Улсын Их Хурлын 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 58 дугаар тогтоолын 1 дүгээр заалтын 6 дахь дэд заалтад хориг тавьсан явдал олны анхаарлыг татаж буй энэ үед хуульчид, улс төрчид байр сууриа илэрхийлсээр байна.

Тухайлбал доктор О.Мөнхсайхан “Парламентын засаглалтай улсад Ерөнхийлөгч Засгийн гарын бүрэлдэхүүнийг мэддэг байх ёсгүй” хэмээн байр сууриа илэрхийлсэн бол УИХ-ын гишүүн, Ардчилсан Намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Ерөнхийлөгчийн хоригийг хэн нэг хөндлөнгийн хүн шүүх эрхгүй” хэмээн мэдэгдээд байгаа юм.

Миний бие хуульч, судлаач хүний хувьд дээрх асуудлыг бүхий л төвшинд сайтар хэлэлцэх ёстой гэж үзэж байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд Монголын улс төр, засаглалын хэлбэрийн талаар судалгаа хийж буй доктор, профессор Л.Мөнх-Эрдэнэтэй онлайнаар холбогдон товч ярилцлага хийснээ үүгээр толилуулж байна. Ташрамд дурдахад Л.Мөнх-Эрдэнэ нь 2010 онд АНУ-ын Калифорнийн Их Сургуулиас эрхлэн гаргадаг “Asian Survey”сэтгүүлд “Монголын улс төрийн тогтолцооны өөрчлөлт: Хагас парламентын засаглалаас парламентын засаглалруу” нэртэй эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлж байсан, эдүгээ ХБНГУ-ын Макс Планкийн Нийгмийн Антропологийн Хүрээлэнд зочин судлаачаар ажиллаж буй эрдэмтэн хүн юм.

-Ерөнхийлөгчийн хоригтой холбоотойгоор судлаач, мөн улс төрчдийн дунд маргаан үүслээ. Тэд голчлон засгийн газрын гишүүний томилгоон дээр хориг тавьж байсан жишиг байхгүй, мөн манай улс бол парламентын засаглалтай улс гэдгийг онцолж байх шиг?

Юуны түрүүнд дээрх хүмүүсийн илэрхийлсэн байр суурьтай нарийн сайн танилцаагүй. Чухам ямар байр суурь илэрхийлснийг нь тодорхой мэдэхгүй, тиймээс тэдний байр суурийн талаар санал бодол илэрхийлэх боломжгүй. Харин жиргээнээс тэдгээр мөрүүдийг олж харсан. Гэхдээ нэгэнт Үндсэн хуулийн заалт яригдаж байгаа учир энэ бол хуулийн засаглалын тухай асуудал. Үндсэн хуулинд Ерөнхийлөгчид ямар эрх мэдэл (бас үүрэг гэж ойлгож болно)олгосон байна түүнийг л баримтална. Энэ нь хэн нэгэн болон хэсэг бүлгийн үзэл бодолтой нийцэхгүй байж болно. Чухам нийгэмд өөр өөр эрх ашиг, сонирхол, үзэл бодлууд байнга байдаг учир түүнээс үүдсэн зөрчил, маргааныг зохицуулахын тулд хууль гэж байдаг нь хэн бүхэнд ойлгомжтой. Нөгөө талаар, парламентын эсвэл ерөнхийлөгчийн засаглал гэж ярьж байгаа нь судалгааны, эсвэл номын ангилал. Мөн парламентын, ерөнхийлөгчийн гэсэн хоёрхон ангилалаар харах нь учир дутагдалтай. Судлаачид оршин байгаа засаглалын системүүдийг парламентын, ерөнхийлөгчийн, хагас эсвэл супер ерөнхийлөгчийн гэсэн үндсэн 3 том ангилалд хуваадаг. Эдгээрийг дотор нь дэд ангилалуудад хуваах нь ч бий. Миний бие Монголын засаглалын системийн үндсэн дээр онолын хувьд хагас парламентын гэсэн ангилал ч байж болох юм байна гэсэн санал дэвшүүлсэн. Гэхдээ Монголын тогтолцоо нь оршин байгаа ерөнхий 3 ангилалын хүрээнд авч үзвэл хагас ерөнхийлөгчийн ангилалд илүү ойрхон. Роберт Элжий нараас эхлээд олон улсын олон судлаачид Монголын системийг хагас ерөнхийлөгчийн засаглалд оруулдаг. Учир нь Монгол улсын ерөнхийлөгч нь бүх нийтийн өрсөлдөөнт сонгуулиар олонхийн саналаар сонгогддог бөгөөд Засгийн газрыг байгуулахад оролцоотой буюу Ерөнхий сайдын нэрийг УИХ-д оруулах (өмнө нь зөвшилцөх эрхтэй байсан), Засгийн газарт чиглэл өгөх, болон УИХ-ын баталсан хууль, бусад шийдвэрт бүхэлд нь буюу зарим хэсэгт нь хориг тавих зэрэг эрхтэй. Хагас ерөнхийлөгчийн гэдэг ангилалыг анх тодорхойлсон Маурис Дювержэр 1) Ерөнхийлөгч нь бүх нийтийн сонгуулиар сонгогддог бөгөөд 2) нилээд их эрх мэдэлтэй (quite considerabl powers) байхын дээр 3) парламентын дэмжлэгээс хамааралтай ерөнхий сайд гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлж байвал тухайн систем нь хагас ерөнхийлөгчийн засаглал болно гэж тодорхойлсон байдаг. Тиймээс судлаачид манай системийг энэ тогтолцоонд хамааруулдаг. Ямар ч байсан манай системийг парламентын гэж үзэх нь учир дутагдалтай. Өөр нэг зарчмын шинжтэй асуудал бол Ерөнхийлөгчид Үндсэн хуулиар эрх нь олгогдчихсон байхадонол номын ангилал баримтлан энэ тогтолцоо ийм (энэ тохиолдолд парламентын) систем учир ийм, тийм байх ёсгүй (энэ асуудал дээр хориг тавьж болохгүй) гэх нь амьдралыг номон, онолд буюу хуулийг онол номонд тааруулах гээд байгаа хэрэг. Зүй нь тухайн оршин байгаа зүйл, систем хэрхэн ажиллаж байгааг судлаж, түүнийхээ үндсэн дээр онол, номоо баяжуулах нь академик судалгааны зарчим болов уу. Мэдээж бодлогын судалгаа бол өөр. Тодорхой үнэт зүйлсийг баримтлаад түүндээ хүрэх арга зам, зөвлөмжийг гаргадаг. Жишээлбэл, парламентын засаглал байгуулах гэж байгаад мэргэжилтнүүдээр бодлогын судалгаа хийлгээд Ерөнхийлөгчид ийм хориг тавих эрх олгож болох уу, үгүй юу гэвэл дээрх шиг санал, зөвөлгөө илэрхийлэх нь мэдээж. Харин энэ тохиолдол дээр бид хүчин төгөлдөр үйлчилж байгаа Үндсэн хуулийн тухай ярьж байна. Тиймээс онол, ном энд хамаагүй.

Үүнтэй холбоотойгоор яригдах өөр нэг асуудал бол улс төрийн соёл, уламжлалын тухай асуудал. Тухайлбал, өмнөх Ерөнхийлөгчид ийм хориг тавьж байгаагүй гэдэг үндэслэгээ. Улс төрийн соёл, уламжлал тухайн улс төрийн системийн, энд яригдаж байгаа асуудал дээр бол, тухайн үндсэн хуулийн үйлчлэх явцад, уг системийн институцууд олгогдсон эрх, мэдлүүдээ хэрхэн хэрэглэхээс үүдэн хувьсаж өөрчлөгдөж байдаг зүйл.Соёл, уламжлал гэдэг нь тогтчихсон, царцчихсан юм огт биш. Хоригийн асуудал болон Ерөнхийлөгчийн Засгийн газрыг байгуулахад оролцох оролцооны тухай асуудлыг авч үзвэл хориг тавьж байсан уламжлал байхгүй гэдэг нь нэг талаар харвал үнэн. Гэхдээ нөгөө талаас харвал, тэр тусмаа Монголыг парламентын систем гэж үзэж байгаа нөхцөлд энэ нь яг ч тийм биш. Тухайлбал, Н. Багабанди зөвшилцөх эрхээ айхтар хэрэглэж нэг сайд байтугай Засгийн газрыг байгуулах болож олгохгүй 7-8 сар болгож байсан. Дараагаар нь Засгийн газрын сайд нарыг нь бараг өөрөө шилж сонгох ч юм болж байсан. Тэр үед хүмүүс мөн л парламентын системд ийм байж ёсгүй гэж маргацгааж л байсан. Гэхдээ хууль бол хууль шүү дээ. Хэрвээ Монголын тогтолцоо парламентын систем байсан бол Н. Багабандид тийм эрх байхгүй байх байсан болж таарна. Тиймээс Монгол угаасаа парламентын засаглал байсан, 1999/2000 оны нэмэлт өөрчлөлтөөр парламентын засаглалыг улам бэхжүүлсэн гэдэг үзлийг баримталбал Н. Багабанди ЗГ-ыг байгуулахад хэрэг дээрээ хориг тавьж байсан хэрэг болно.

Үгүй ээ, 1999/2000 оны нэмэлт өөрчлөлтөөс өмнө Монгол парламентын систем байгаагүй гэвэл 7 нэмэлт өөрчлөлт нь Монголын засаглалын системийг бүхэлд нь халсан өөрчлөлт болно. 1999 оны нэмэлт өөрчлөлтийг Үндсэн Хуулийн Цэц хүчингүй гэсэн учир 2000 онд МАХН-ын (одоогийн МАН) 72 суудалтай парламент тэдгээр нэмэлт өөрчлөлтүүдийг дахин баталсан санагдаж байна. Үүнтэй холбоотойгоор ҮХЦ уг нэмэлт өөрчлөлтүүдийг Үндсэн хуулийн бус гэж дүгнэлт гаргасаар байтал нэг нам хэт давамгайлсан жирийн парламент хуульчлах нь зөв үү гэж маргах хүмүүс ч байдаг. Үнэхээр ч Үндсэн Хуулийг аль нэг дийлэнх олонх болсон нам, эвсэл дураараа өөрчлөөд байж болох уу гэдэг бол ноцтой бодох ёстой асуудал. Гэвч Үндсэн хуулинд УИХ-д Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах эрх олгосон нь үнэн.

Мөн Үндсэн хуулийн заалт болон Н.Багабандийн зөвшилцөх эрхээ хэрэгжүүлж байсан уламжлалаас улбаалаад манай улс төрийн соёлд Ерөнхий сайд, сайд нарыг Ерөнхийлөгчтэй зөвшилцөх уламжлал тогтсон нь анзаарагддаг.Тиймээс Ерөнхийлөгчийн хоригийг улс төрийн соёл, уламжлал цаашид хөгжиж байна гэж харах нь илүү оновчтой болов уу.   

-Уучлаарай, та онол чухал биш гэж хэлэх гээд байна уу?

Үгүй. Харин оршин байгаа хуулиар зохицуулагдсан институци хоорондын харилцаа, өрнөн буй улс төрийн соёл, уламжлалыг онол, номын ангиллаар засах, жолоодох гэх нь зохисгүй зүйл гэдгийг онцолж байна. Жишээ татая л даа. Австрийн улс төрийн систем манайхтай төстэй. Холбооны канцлер нь Засгийн газраа тэргүүлдэг бол бүх нийтээс сонггоддог Ерөнхийлөгчтэй. Ерөнхийлөгч нь үндсэн хуулиараа канцлер болон засгийн газрын гишүүдийн томилгоонд оролцоотой, дээд шүүх, арми зэрэг олон албан тушаалтныг томилох эрхтэй. Гэхдээ дэлхийн II дайнаас хойш, Австри парламентын систем шиг ажиллаж ирсэн. Гэтэл өнгөрсөн онд болсон ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг шүүх нь хүчингүй болгож, уг санал хураалтанд маш амжилттай оролцсон Эрх Чөлөөний намаас нэр дэвшигч Норберт Хофер дахин сонгуульд өнөөгийн ерөнхийлөгч Александер Беллентэй өрсөлдөж ойрхон ялагдсан. Хэрвээ Норберт Хофер ялсанбол Үндсэн хуулиар олгодсон эрх мэдлүүдээ хэрэгжүүлж Эрх чөлөөний нам засгийн эрхийг авах боломжтой байсан. Энэ нь II дайнаас хойш тогтсон Австрийн улс төрийн соёл, уламжлалаас ихээхэн өөр байх нь ойлгомжтой байсан. Энэ юуг харуулж байна вэ гэхлээр улс төрийн соёл, уламжлал хүчтэй ч эцсийн эцэст хууль засаглах болно гэдгийг л харуулж байгаа юм. Чухам энэ л учир өнөөгийн манай улсад болж буй үйл явдал бол үндсэн хуулийн зохицуулалтын дагуу явж байгаа процесс гэж ойлгож байна.

-Ерөнхийлөгч Засгийн газрын бүрэлдэхүүнийг мэддэг байх ёсгүй хэмээхийн тухайд?

Үндсэн хуулиар УИХ-ын сонгуулийн үр дүнгээр Засгийн Газар байгуулагддаг. Гэхдээ Ерөнхий сайд, Засгийн Газрын бүрэлдэхүүнийг томилоход ерөнхийлөгчтэй зөвшилцөж байна. Энэ нь Ерөнхий сайд, засгийн газрын бүрэлдэхүүнийг томилоход оролцож байгаа оролцоо биш үү? 1999/2000 ондоруулсан нэмэлт өөрчлөлтөөс өмнө энэ оролцоо шийдвэрлэх учир холбогдолтой байсан.Ямар ч байсан үндсэн хуулийг боловсруулсан, баталсан хүмүүс Ерөнхийлөгчийг энэхүү процесст оролцоотой байх ёстой гэж үзсэннь илэрхий. Нэмэлтөөрчлөлтийн дараа ч Ерөнхийлөгч Ерөнхий сайдын нэрийг УИХ-д оруулах эрхтэй. Энэ нь тун мэдэгдэхүйц эрх. Мэдээж 65 суудалтай олонх байхад энэ болон хориг тавих эрх тийм ч үр дүнтэй эрх мэдэл биш байж болох. Харин парламентын бүтэц өөр байгаад, Ерөнхийлөгчийн нам болон түүний бодлогыг дэмждэг гишүүд олонх, эсвэл мэдэгдэхүйц цөөнх байвал асуудал тун өөр болж хувирна. Үндсэн хуулийн энэ тогтолцоо оршин байгаа үед, түүнд заагдсан эрх мэдэл, үүргүүд үйлчилсээр л байх болно. Энэ бол факт. Мэдээж судлаачид болон бусад хүмүүс ёстой, ёсгүй гэж байр сууриа илэрхийлэх нь ойлгомжтой, тэгэх нь ч тэдний эрх чөлөө. Гэхдээ оршин байгаа хуулийн заалт, түүнээс улбаалан улс төрийн соёл, уламжлал хэрхэн тогтож, хувирч, өөрчлөгдөж байгааг харах бол өөр хэрэг. Ямар ч байсан, хүссэн ч эс хүссэн ч, оршин байгаа үндсэн хуулиар олгогдсон эрхүүдийг нь харвал Ерөнхийлөгч Засгийн Газрыг байгуулахад оролцоотой, харин тэр оролцоо ямар хэмжээнд байх нь УИХ-ын бүтцээс хамааралтай.

-Ер нь таныхаар Монгол Улс засаглалын ямар хэлбэртэй улс вэ?

Миний хувьд Монголын системийг хагас ерөнхийлөгчийн гэхээсээ илүү хагас парламентын гэж ангилах нь илүү оновчтой гэж үзэж“Asian survey”сэтгүүлд хэвлүүлсэн өгүүлэлдээ хагас парламентын гэдэг нэр томьёог хэрэглэсэн. Гэхдээ дээр хэлсэнчлэн одоогоор нийтээр баримталдаг ангилалд тийм ангилал байхгүй. Хагас парламентын гэдэг санаа хэрэгтэй эсэх, хүлээн зөвшөөрөгдөх эсэх нь улс төрийн системүүдийн хувьсал, өөрчлөлт болон цаашдын судалгаанаас хамаарах зүйл. Судалгааны ангилалууд байсан, болон одоо үйлчилж байгаа болон ирээдүйд бүтээгдэх үндсэн хуулиудаас л хамааран өөрчлөгдөнө гэж боддог. Монголынхыг хагас ерөнхийлөгчийн засаглалд хамааруулахад, ялангуяа, түүний биелэл болсон Францынхтай харьцуулахад Монголын Ерөнхийлөгчийн эрх харьцангуй хомс. Францын Ерөнхийлөгч нь Ерөнхий сайдаа томилдог төдийгүй, би зөв санаж байгаа бол Засгийн газрын хуралдаанаа ч даргалдаг. Гэхдээ ЗГ-ийн оршин тогтнох эсэх нь парламентын олонх буюу дэмжлэгээс хамаардаг. Тиймээс Ерөнхийлөгч нь парламентад олонх болж байгаа намын лидерийг Ерөнхий сайдаар томилоход хүрдэг. Ерөнхийлөгчийн сөрөг нам парламентын олонх байвал тэр намын хүн Ерөнхий сайд болдог. Үүнийг нь зэрэгцэн орших гэж нэрэлдэг. Харин манайх бол тийм биш. Ерөнхийлөгчийн Засгийн газрыг байгуулахад оролцох оролцоо нь “шүүлтүүрийн” төдий байдаг бөгөөд, ЗГ-ийг УИХ байгуулдаг, огцруулдаг. Ялангуяа нэмэлт өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийн эрх мэдэл ихээхэн танагдсан. Тиймээс, Францынх шиг Ерөнхийлөгчийн эрх мэдэл хугаслагдсан бус харин УИХ-ын сонголт нь Ерөнхийлөгчийн “шүүлтүүрээр” орж, энэ утгаараа УИХ-ын эрх мэдэл хугаслагддаг систем.  Тиймээс л хагас парламентын гэдэг нэр томьёог санал болгосон хэрэг. Гэтэл нөгөө талд, зарим судлаачид Франц, Оросын зэрэг системийг хагас ерөнхийлөгчийн гэхээсээ илүү супер ерөнхийлөгчийн гэх нь оновчтой гэх нь ч бий.

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн институтын талаар?

Бүх нийтийн өрсөлдөөнт сонгуулиар олонхийн саналаар, тогтсон хугацаагаар сонгогддог учир манай улс төрийн системд хамгийн том мандаттай институц бол ерөнхийлөгч. Мөн нэг хүнд буюу нэг саналд энэ бүх эрх мэдэл өгөгдсөн учир маш хүчирхэг байх ч боломжтой институц.

Энд ерөнхийлөгчийн сонгуулийн учир холбогдолыг ардчилалын зарчимтай холбон тэмдэглэмээр байна. Юуны түрүүнд ард түмэн бүх нийтээрээ Ерөнхийлөгчийг сонгодог нь ард олонд олгосон, эсвэл ард түмэн уг эрхийг олж авсан нь маш том ардчилсан эрх, эрх чөлөө. Үүнээс бид хэзээ ч ухарч болохгүй гэж боддог. Нөгөө талаар бүхард түмнээс,өрсөлдөөнт сонгуулиар, олонхийн саналаар сонгогддогнь энэ институцийг манай төрийн тогтолцооны хамгийн өндөр мандаттай институц болгодог.Түүний сонгуулийн мөрийн хөтөлбөрийгаливаа сонгуулийн мөрийн хөтөлбөрийн нэгэн адилард түмний хүсэл зоригийн илрэл эсвэл ард түмний өөрсддөө сонгосон бодлогогэж харах нь зүйтэй.Нөгөө талаар, сонгогчдын олонх нь түүнийг сонгоно гэдэг нь түүниймөрийн хөтөлбөрийг дэмжиж,мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх мандатыг, эрхийг түүнд олгож, бас итгэж, даалгаж байна гэсэн үг. Тиймээс Ерөнхийлөгч мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх мандаттай, үүрэгтэй. Харин түүнд нь нийцсэн эрх мэдэл олгогдсон уу үгүй юу гэдэг нь Үндсэн хуулийн ч, улс төрийн ч асуудал. Үүнээс үүдээд, нэг талаас, өндөр амлалт, мандат, үүрэг даалгавар, нөгөө талаас, олгогдсон эрх мэдлийн хомсддогоос үүдэлтэй их зөрчил үүсч, үүнээс болоод улс орон ихээхэн хямралт байдалд ордог. Үүнийг бид өнгөрсөн хугацаанд хангалттай туулсан. Гэхдээ, ямар ч байсан одоогийн манай Үндсэн хуулиар түүнд ЗГ-ыг байгуулахад оролцоо, болон ЗГ-т чиглэл өгөх, хууль санаачлах, хориг тавих болон бас бус эрх бий. Гэтэл Ерөнхийлөгчийн хууль санаачлах, ЗГ-т чиглэл өгөх зэрэг эрхийг хасах тухай асуудал хөндөгдөж байх шиг. Хэрвээ тийм өөрчлөлт хийгдвэл Ерөнхийлөгч яаж мөрийн хөтөлбөрөө, амлалтаа, мандатаа хэрэгжүүлэх вэ гэдэг асуудал тавигдана. Нэгэнт мөрийн хөтөлбөрийг нь ард түмэн дэмжсэн учир түүний мөрийн хөтөлбөрийг ард түмний сонгосон мөрийн хөтөлбөр гэж харах нь зүйн хэрэг. Тиймээс Ерөнхийлөгчийн эрхийг хасах гэдэг нь ард түмний эрхийг хасаж,тэдний хүссэн бодлого, явах гэсэн чиглэлийг боомилж байгаа хэрэг гэж ойлгож болно. Энэ ардчилсан зарчимд нийцэх үү? Нөгөө талаар нэг тойрог, өөрөөр хэлбэл, хэдэн сум эсвэл дүүргээс 5-10 мянган хүний саналаар сонгогдсон УИХ-ын гишүүн хууль санаачлах эрхтэй байхад, орон даяар нийт ард түмний олонхийн саналаар сонгогдсон Ерөнхийлөгч хууль санаачлах эрхгүй байх нь ардчилсан ёсонд нийцэх үү?

Товчхон хэлэхэд өндөр мандат, өндөр даалгавартай бол түүнд нь нийцсэн эрх мэдэл байх ёстой. Одоо бол өндөр мандат, даалгавар, хүлээлт ба хомс эрх мэдлээс үүдэлтэй хямрал байнга үүсдэг. Үүнийг бид Үндсэн хуулиараа засах ёстой. Харин энэ засварыг Ерөнхийлөгчийн эрхийг хасах, эсвэл ард түмний сонгох эрхийг хураах замаар бус харин манай нийгмийн дийлэнх баритлах хандлагатай байдаг засаглалын эрх мэдлийг хуваагаад зогсохгүй, салгах замаар шийдэх ёстой гэж боддог. Тиймээс миний бие АНУ ын засаглалын системийн үндэс болсон засаглалыг салгах, харилцан хазаарлан тэнцвэржүүлэх зарчимыг илүүд үздэгээ өмнө нь ч илэрхийлж байсан. Тэр бол Ерөнхийлөгчийн засаглалын гэдэг систем. Гэхдээ Ерөнхийлөгчийн гэдэг ангилалд багтдаг янз бүрийн системийг биш, зөвхөн АНУ-ын системийг хэлж байгаа юм. Парламентын гэдэг засаглал бол тэр өөр зарчим дээр үндэслэгдсэн, засаглалыг хуваадаг ч салгаж, харилцан бие биенийг нь хазаарлаж, тэнцвэржүүлдэг систем биш. Парламентын систем нь нэг улс төрийн хүчин, нэг нам, намын боссууд, намын лидерийн гарт бүх эрх мэдлийг төвлөрүүлдэг систем. Энэ хоёр системийн талаар би өмнө нь үзэл бодлоо нэгэнт илэрхийлсэн. “Тэргүүнгүй төр, лидергүй нам, тогтворгүй улс төр”, “Парламентынх уу эсвэл Ерөнхийлөгчийнх үү?” гэх мэт хэд хэдэн цуврал нийтлэлүүд вэбсайтууд дээр байх ёстой. Тэдгээрээс дэлгэрүүлээд харж болох байх гэж найдаж байна.

О.Алтангэрэл

source: http://www.shuud.mn/content/read/490321.htm

 

------------------------
Бусад нийтлэлүүд:

Read 174 times Last modified on Баасан, 03 11-р сар 2017 18:02

Leave a comment

Цахим Өртөө Сүлжээнд элсэх

  • Өртөөний сүлжээнд элсэх

tsahim_urtuuХэрэв та Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээнд элсэхийг хүсвэл: http://groups.google.com/group/tsahim-urtuu-suljee хаягаар зочилж маш хялбархан бүртгүүлж болно. Та Гүүгл суурьт энэхүү сүлжээнд имэйлээ бүртгүүлснээр манай сүлжээний гишүүн болно.

 

Image Temp

Энэ хуудас нь Цахим Өртөө сүлжээний нийт гишүүдийн хамтын бүтээл байх бөгөөд ажил хэргийн санал болгоныг вэбийн хамтлаг тухай бүр нь тусган энэ хуудсанд оруулж байх болно. Хамтран ажиллаж буй, ажиллахаар зэхэж буй таньд баярлалаа.

Newsletter