232-р сар2018

“Аугаа эрин” түүхэн зохиол нь уншигчдын хүртээл болоод буй Алтай нутгийн хүү зохиолч, сэтгүүлч Б.Наминчимэдтэй хийсэн ярилцлагыг хүргэж байна. Тэрээр МОНЦАМЭ агентлагийн Дотоод мэдээллийн газрын дарга, ерөнхий редакторийн алба хашиж байлаа. 2003 онд Америкийг зорин, гадаад оронд суугаа монголчууддаа “Вашингтоны мэдээ”, “Хамаг Монгол”, ”Даяар Монгол” сэтгүүл гаргаж, мэдээлэл түгээж байжээ. Мөн тэрээр гэргийтэйгээ хамтран Дэлхийн хүүхдийн шилмэл зохиолын “ЭРДЭНЭСИЙН САН” 108 цувралыг орчуулж хэвлэн багачуудад хүргэсэн юм.

-Ингэхэд юу таныг уран зохиолд дуртай болоход нөлөөлсөн бэ. Яаж яваад уран зохиолын зам мөрд орчихов?

-Зохиолч болох, байх гэдэг хувь заяаны хэрэг. Мэргэжил сонгохтой адилгүй. Ямар нэгэн ажил мэргэжил, ирээдүйн тухай бодож эхэлсэн мөч хэрвээ надад байсан бол тэр үеэс л зохиолч болно гэсэн нэг тийм дотоод итгэл зөн байж... Тэр зөн ямар ч үед хувирч өөрчлөгдөж байсангүй. Одоо ч надад хадгалагдаж байгаа Сурагчийн хувийн хэргийн тавдугаар ангийн тэмдэглэлд багш маань “Зохиолч болох хүсэл эрмэлзэлтэй” гэж тэмдэглэснийг үзвэл лавтай тавдугаар ангидаа бусдад хэлж ярьж байсан хэрэг.

Хэрвээ уран зохиолын хувьд анхны маань багш хэн бэ гэвэл би аавыгаа л хэлнэ. Аав маань дайнд оролцож, янз бүрийн ажил алба хашиж явсан, нутаг орныхоо элдэв хууч түүхийг нүдэнд харагдтал уран ярьдаг, цээж сайтай хүн байлаа. Би багадаа сониуч, саваагүй хүүхэд байж. Бас аавыг хаа ч явсан гөлөг шиг дагана. Тэгээд ааваас залхтал нь элдвийн юм шална. Замын хажууд нэг сондгой чулуу харагдахад “Энэ чулуу яагаад энд байгаа юм. Ямар учиртай юм бэ?” гэнэ. Дэргэдүүр хараацай шуугиад өнгөрөхөд “Энэ шувуу яагаад хажуугаар өнгөрөв” гэх мэтээр шалгаадаг сан. Тэр бүгдэд аав маань ямар нэгэн түүх, домог, үлгэр уйгагүй ярьж өгнө. Заримыг нь өөрөө сайхан зохиогоод хэлчихдэг, заримдаа ч хэлэх үггүй болохоороо “Юу яагаад гэж? Яагаад гэсэн чинь юу гэсэн үг юм бэ?” гэж уцаарладаг байв.

Удаах багш бол яах аргагүй ном юм. Үг холбож сурсан цагаас л номоос салсангүй. Би ном голдоггүй, бас ямар нэгэн системгүй, гарт таарсныг л уншиж явсан. Хонины бэлчээрт, үйлдвэрийн цехэд, хурлын танхимд ч ялгаагүй. Нөхцөл байдал ч өөр байх боломжгүй байв. Хожим сургуулийн танхимд О.Дашбалбар, Ч.Дагвадорж, Л.Хүрэлбаатар, С.Байгалсайхан нарын зэрэг олон сайхан уран бүтээлчдээр уран зохиолын мэргэжлийн хичээл заалгаж байв. За тэгээд зохиолч хүнд хамгийн сайн багш бол амьдрал өөрөө юм шүү дээ. Түүнтэй эгнэх багш гэж үгүй.

-Та олон төрлийн ажил хийж явжээ. Тэр бүхэн таны уран бүтээлд нөлөөлсөн л байх?

-Нөгөө толь Гэндэн, толгой Шийрав гэдэг шиг л тогооч, цэвэрлэгч, угаагч, ачаа ачигч, ногоочин, дархан, мужаан, тууварчин, хоол зөөгч, сэтгүүлч, сурвалжлагч, наймаачингаас эхлээд дарга даамлыг нь хүртэл урт богино хугацаагаар 30 гаруй төрлийн ажил хийж, элдэв нөхцөлд амьдарч үзжээ. Янз бүрийн хүмүүстэй уулзаж учирч, нөхөрлөж явав. Эргээд харахаар би ямагт бэрхшээлтэй хэцүү замыг нь сонгож ирсэн санагдана. Аравдугаар ангиа онц төгсчихөөд, дотоод, гадаадын аль нэгэн сургууль авах боломж байсаар атал “Амьдрал үзнэ” гээд илгээлт аваад нөхдийн хамт хоньчин болж явав. Дөрвөн жил хонь хариулсан. Хожим албан тушаал ахин дэвших боломжийг орхиод “Би гадаад оронд очиж ажиллаж амьдарч үзнэ” гээд АНУ-д очиж, цагаачлан амьдарч буй монголчуудынхаа дунд хутгалдан, айл нүүлгэж, шал угааж ч явав. Ийм нөхцөлд ядарч, зутарч, уйлж дуулж явахдаа харамсаж байсангүй. Энэ бүхэн миний амьдрал, уран бүтээлчийн минь их сургууль, миний хувь заяа л гэж бодож явсан. Тиймдээ ч тэр бүгдийн ард гарсан байх.

Энэ мэт амьдрал туулчихаад уран бүтээлч байж эс чадваас ёстой хохь нь болно шүү дээ. Нэг бодлын “уран бүтээлчийн сургуульд” их ч удаан суралцаж ээ. Бараг 30 гаруй жил болсон байна шүү.

-Энэ хугацаандаа та бичиж байв уу? Анхныхаа уран бүтээлийг хэзээ бичсэн бэ?

-Тасралтгүй бичиж байсан. Гэхдээ хэвлүүлж байсангүй. Ихэвчлэн тэмдэглэл бичиж дээ. Сургуульд орох жилээ анхныхаа шүлгийг, есдүгээр ангидаа анхныхаа өгүүллэгийг, 1996 онд анхныхаа туужийг бичиж. Харин анхныхаа номыг 2003 онд хэвлүүлсэн. Одоо эргээд харахад хэвлүүлэх гэж яараагүй маань зөв ч байж мэднэ. Амжвал хуучин бичлэгүүд, шүлгүүдээ нэг засаж янзлаад ном болгох санаа бий.

-Та саяхан “Цог” сэтгүүлд “Тэнэг авьяас” нэртэй нэгэн яруу найрагчийн хөрөг бичсэн байсан. Уран бүтээлч, зохиолч хүний онцлох шинж юу вэ?

-Маш эмзэг, мэдрэмтгий, яг л зэрлэг гөрөөс мэт соргог байх нь нэг чухал шинж болов уу. Тэр эмзэглэл, мэдрэмжээ гүйцээн шавхаж илэрхийлэх чадвар эзэмших нь чухал. Бас саваагүй, сониуч байх хэрэгтэй. Түүнээс гадна өөрийн гэсэн ертөнцийг үзэх үзэл санаатай байх нь чухал. Тэгж байж л томоохон уран бүтээл туурвина, ялангуяа хүүрнэл зохиолын тухайд. Уран бүтээлч хүний хамгийн чухал шинж бол эцсийн эцэст хүн байх явдал юм. Хүн байж чадаагүй хүнээс ямар яруу дуун, өнгө аяс, зүй ёсны эмзэглэл, шаналал, баяр бахдал илрэх билээ дээ.

-Та Америкт байхдаа “Даяар Монгол” сонинг гаргаж тэнд байгаа монголчуудыг мэдээллээр хангаж, олон ч хүнд ажлын байраа олоход нь тусалжээ. Америкт хэрхэн хөлөө олж байв?

-Өө, тэр тухай урт яриа болно. Тэр үеийнхээ амьдралаас нэг зохиол эхлүүлчихээд дуусгаж чадахгүй гацчихсан яваа. Америкийн 50 мужийн 146 хотод аж төрж буй монголчуудтайгаа сонин сэтгүүлээрээ дамжаад холбоотой байв. Амьдралын маш олон өнгө, дүр бий. Зүүн талын арав гаруй мужийн 140 гаруй хот тосгоноор аялсан. “Даяар Монгол”сэтгүүлийн 146 дугаар гаргасан. Тэр дугаарууд л гэхэд 2004-2007 онууд дахь Америкийн монголчуудын амьдрал зовлон жаргалтайгаа бараг бүхэлдээ туссан. Юм болгож чаддаг хүнд бол уран бүтээлийн бэлээхэн нээчихсэн түүхий эдийн их уурхай.

-Та зохиол бичихдээ юуг гол болгодог вэ, онгодыг уу, аль эсвэл сэтгэхүйг үү, эсвэл бүр орчин нөхцөлийг чухалд тооцдог уу?

-Заримдаа бичиж буй юм нэг л эвлэж өгөхгүй, түг таг гээд хэцүү байх нь бий. Тийм үед бичсэн зүйлс сэтгэл хөдлөлгүй баахан хуурай, найруулга ч муутай байх. Заримдаа зовлонгүй өөрөө урсаад байх. Тийн бичсэн нь эргээд харахад овоо сүрхий болчихсон, ядахдаа хэл найруулга нь ч эмх цэгцтэй байх. Бодвол энэхүү уйлж дуулж, зохиолдоо орж буй үеийг онгод гээд байж магад.

Харин орчин нөхцлийн хувьд хүмүүс шуугиж, хэрэлдэж, дуулалдаж байсан ч бичиж, бас нам унтаж чаддаг. Тав тух хайж явах боломжгүй амьдрал надад ингэж сургасан.

-Та 2015 онд бичсэн нэгэн нийтлэлдээ “Сайхан зүүднээсээ сэрцгээ, уран зохиолчид оо” гэжээ. Уран зохиол шиг хүн төрөлхтөнд нөлөөлдөг салбар байхгүй талаар ч дурджээ. Монголын уран зохиолын хөгжил аль шатандаа яваа вэ?

-Уран зохиолын нийгмийн нөлөөллийн талаар ярилтгүй биз ээ. Чухам тийм хүчтэй учраас л хүн төрөлхтний томоохон үзэл сурталчид уран зохиолыг үзэл суртлын маш хүчирхэг зэвсэг болгон ашиглаж ирсэн байдаг. Ленин “Нийгмийг машин техник гэх аваас утга зохиол бол эрэг шураг нь юм” гэсэн. Алан Даллес ч утга зохиолын хүчирхэг нөлөөг хүйтэн дайнд хэрхэн ашиглаж, дайснаа дотроос нь задлах арга технологийг чадварлаг ашигласан.

Өнөөдөр хөгжингүй орнууд Төрийн бодлогынхоо түвшинд утга зохиолын тэрхүү хүчирхэг нөлөөг ирээдүй хойч үеэ зөв төлөвшүүлэх, үндэстний ухамсараа сэргээхэд ихээр ашиглаж байгаа. Харамсалтай нь манай төрд, элит хэсэгт утга зохиолыг хөгжил дэвшилдээ, үндэсний сэргэн мандалдаа хэрхэн ашиглах талаар ямар ч ойлголт, сэхээрэл байхгүй нь харамсалтай. Үндэсний утга зохиол гэдэг утга зохиолд дуртай хэдэн хүний хэрэг биш, Төрд ч бодлого, санаачилга байх ёстой. Утга зохиол бол зөвхөн зугаа цэнгэл, энтертайнмэнт төдий зүйл биш шүү дээ. Энэ талаар би олонтаа бичиж, ярьж, нийтэлж байсан даа. Ингэхэд манай төр уран зохиолын тэр хүчийг яагаад эерэг зүйлд, хүүхэд багачуудынхаа гоо зүй, оюун танин мэдэхүйд ашиглаж болохгүй гэж...

Манай утга зохиолын хөгжил дэлхийгээс нэг их хоцорсон ч юм алга, түрүүлж цойлсон ч юм алга. Гэхдээ бид хүн төрөлхтний оюун сэтгэлгээний түвшинд үндэстнийхээ өвөрмөц онцлог, соёл, түүхийг утга зохиолоор хүргэх, Нобелийн шагнал авах гэх мэт том хүсэл мөрөөдөлтэй байх хэрэгтэй. Тийм гал эрмэлзэл илэрхий үгүйлэгддэг. Ойр зуурхан л эргэлдээд байна уу даа.

Утга зохиолийн өндөр түвшин гэдэг нь үндэсний сэтгэлгээний тусгаар тогтнолын бас нэгэн хүчирхэг хэрэм, цайз юм шүү дээ. Ялангуяа тусгаар тогтнолын асуудал маань эмзэг хэврэг байгаа энэ цаг үед.

-Та зүүдний тухай блог хөтөлж, олон жил тэмдэглэл хийжээ. Таны бодлоор зүүдний ертөнцийн юу нь ер бусын санагддаг вэ?

-Багадаа байнга хар дарж зүүдэлдэг, ааваар ширгэлүүлж, тарнидуулдаг хүүхэд байж. Их бодитой, заримдаа аль нь бодит байдал, аль нь зүүд вэ гэдгээ ч ялгахгүй байх нь бий. Хүн бүрийг л тэгж зүүдэлдэг байх гэж боддог байв. Хожим хүмүүс тийм бишийг мэдсэнээс хойш зүүдний талаар сонирхон, өөрийн хэмжээнд амьхандаа судалгаа хийж үзсэн. Бас зүүдээ тэмдэглэж хөтөлдөг байв. Ер зүүд дотроо хэд хэдэн давхаргатай байж магад. Энгийн зүүд байна. Тэр бол хэн хүнд ирдэг л зүүд. Түүний дараа зөн билгийн зүүд байна. Тэр бүр хүнд ирдэггүй, ховор талдаа. Тэгээд сүүлчийнх нь өөр оршихуйн астрал аялал ч гэмээр юм уу, тийм зүүд байна. Би тэр астрал аяллын зүүдээ нэг хэсэг тэмдэглэж, блог хөтөлж байсан. Хүний зүүдэнд нь нэвтэрч, хувь заяаг нь өөрчлөх боломж байж магад. Гэхдээ би энэ талаар сонирхож байсангүй, зөвхөн тэрхүү янз бүрийн түвшний зүүдээ уран бүтээлд хэрхэн ашиглах вэ л гэж бодож явжээ. Ер нь зүүдний ертөнц бол бидний ахуй ертөнцөөс ч илүү сонирхолтой, гайхалтай.

-Зөнтэй зүүднээсээ сонирхуулаач?

-Содон сонин зүүд алийг тэр гэх вэ. Ер зүүдэнд бишгүй олон адал явдал болох ч сэрэхэд хэдхэн хором өнгөрсөн байх нь бий. 2008 оны хавар Олимпийн алтан медаль авчихаад маш их баярлан хөөрч байна гэж зүүдэлсэн. Түүнээ блогтоо ч бичсэн. Тэр зуны наймдугаар сард Н.Түвшинбаярыг алтан медаль авахад талбай дээр таарсан бүхэнтэйгээ тэврэлдээд явж байхдаа хэдэн сарын өмнө зүүдэлж байсан тэр мэдрэмжээ эргэж мэдэрсэн. Зүүдний аяллуудаасаа сэдэвлэсэн цуврал бичсэн. Ном болгож хэвлүүлэх санаа бий.

-“Аугаа эрин” цуврал түүхэн романаа бичиж байх үеийн сонин хачнаасаа хуваалцаач, зохиол бичээд ид дундаа явж байх үед ямар амт мэдрэгддэг вэ?

-За, нэг их ч сонирхолтой зүйл болоогүй дээ. Мичин жилдээ багтааж, Цагаан сарын өмнө хэвлүүлнэ гэсэн бодолтой байсан. Бусад бүх хэсгүүдийг бичээд дуусчихсан, ганцхан Хитбух ноёны үхлийн тухай бичиж чаддаггүй. Уг нь үйл явдал нь маш тодорхой нүдэнд харагдаад байдаг. Суугаад бичье гэхээр халшираад байдаг. Өмнө Элдэрдээ баатар, Хүрэлхү хошууч, Долдахур догшин, Барсболд, Начинбаатар, Хатанболд баатар нарын олон баатруудын төгсгөлийг бичсэний дараа хэсэгтээ зүрх өвдөж, эм тан болсон.Бараг хэвтэрт орох шахсан. Ялангуяа Долдахур догшины үхлийн тухай олон зүйлийг дүрсэлж бичмээр байсан ч зүрх хүрэлгүй, Хитбух ноёны нүдэнд илдээ түшээд суугаагаараа нөхцсөн Долдахур догшин хальт харагдаад өнгөрч буйгаар, Хитбуха ноёнтон баатар эрдээ “Доройтуулан дарагч Долдахур догшин мину, Хөх тэнгэрийн орондоо эргээд тухтай уулзая” гэсэн ерөөл өргөөд, цааш давхин одож буйгаар хальт бичээд өнгөрсөн. Гэтэл Хитбух ноёны төгсгөл бүр ч илүү эмгэнэлтэй, бас сүрлэг бахдам, харуусалтай. Тэгээд нэг гарц олж, тэр их баатрын эмгэнэлт төгсгөлийг Хүлэг хаанд ирж тайлан тавьж буй Алдар хуурчийн үгээр, туульсын хэлбэрт оруулан аргалсан. Өөрөөсөө жаахан хөндийрүүлж, хоёрдахь баатрын үгээр илэрхийлж буй санаа нь тэр. Яг хэвлэлд өгөхийн урд орой тэр үлдсэн хэсгийг бичсэн.

-Дэлхийн хүүхдийн уран зохиолын 108 цуврал номыг та гэргийтэйгээ хамтран гаргасан. Өнөөгийн цахимжсан нийгэмд хүүхдүүдэд цаасан номыг хэр хүлээж авч байна вэ?

Үргэлжлэлийг энд дарж уншина уу.

-Тэр номуудыг хүүхдүүд уншиж байхыг хараад сэтгэл дотор гийдэг дээ. Бидний хэдэн жилийн нойр хоолоо шавхсан хөдөлмөр маань үр дүнгүй байсангүйдээ гэсэн итгэл төрдөг. Нийтдээ 500 гаруй зохиол орчуулсан. Түүнээс 60 орчим нь тууж, 50 орчим нь роман. Олонхи нь монгол хэлээр анх удаа бууж буй зохиолууд, гэхдээ хүн төрөлхтний оюуны болон цаг хугацааны шалгуурыг давчихсан хүүхдийн сонгодог зохиолууд шүү дээ. Хэвлэлийн хуудсаар тооцох юм бол 2200 орчим болно. Бага хөдөлмөр биш. Нийт зохиолын 60 гаруй хувийг нь манай эхнэр орчуулсан. Мөн Ц.Даваажав, Я.Сүхбаатар, С.Лхагва, У.Нямсүрэн, Б.Баясгалан, Н.Сүрэнжаргал нарын зэрэг арав гаруй уран бүтээлчдийн хөдөлмөр шингэсэн. Юутай ч бид хийдгээ хийлээ, одоо монголын хүүхэд багачуудад хүргэх л үлдсэн.

-Таны ханийг “Оройн ганц мод” роман бичсэнээр нь таньдаг болсон. Тэнд зүүд, зөнгийн талаар гайхалтай урнаар хүүрнэсэн байдаг. Д.Оюунчимэг одоо юу хийж байгаа вэ, дараагийн бүтээл дээрээ ажиллаж байгаа юу?

-Манай хүн “Оройн ганц мод”-ны дараагийн ботийн түүхий эд хайгаад Хөхнуур явчих шиг боллоо. Өмнөхөө бичих гээд Ховд руу хоёр ч удаа явж, хөгшидтэй уулзсан. Хуучны мэдлэгтэй хөгшид одоо ч өдөр өдрөөр цөөрч байна даа.

Сэтгэгдэл бичих

https://dnn.mn/%D0%B1-%D0%BD%D0%B0%D0%BC%D0%B8%D0%BD%D1%87%D0%B8%D0%BC%D1%8D%D0%B4-%D0%B7%D2%AF%D2%AF%D0%B4%D0%BD%D0%B8%D0%B9-%D0%B5%D1%80%D1%82%D3%A9%D0%BD%D1%86-%D0%B7%D0%B0%D1%80%D0%B8%D0%BC%D0%B4%D0%B0%D0%B0-%D1%8D%D0%BD%D1%8D-%D0%B1%D0%BE%D0%B4%D0%B8%D1%82-%D0%B5%D1%80%D1%82%D3%A9%D0%BD%D1%86%D3%A9%D3%A9%D1%81-%D1%87-%D0%B8%D0%BB%D2%AF%D2%AF-%D0%B1%D0%B0%D1%8F%D0%BB%D0%B0%D0%B3/

Хээрийн салхинд Туул минь

Тахийн зоо шиг бидэрлэнэ

Хайрын хүчинд сэтгэл минь

Тэнгэрийн заадас шиг гэрэлтэнэ

Б. Явуухулан


Гүн харанхуйд тэнгэрийн заадас
Гүүн зэл шиг сунайн цайрна

Долгорын Нямаа

Төв нь та биднээс 27 мянган гэрлийн жилийн тэртээд орших олон тэрбум оддын бөөгнөрөл тэнгэрийн заадас шөнийн тэнгэрт тал дугуй татуулан гэрэлтэх нь энгүй огторгуйн өчүүхэн цэг бөмбөрцөг дээр орших хүмүүн бидэнд итгэл найдвар бэлэглэх зам мөр, гэгээн алсад хүргэх жим суваг, сансар хорвоог оёж тогтоосон заадал оёор мэтээр харагдан, үлгэр домог, үг ярианд маань хүндэт сууриа эзлэх ажгуу. Олон өөр хэлтний тэнгэрийн заадсыг нэрлэх үгийг сонирхон харьцуулж үзэх нь тухайн ард түмний хэл сэтгэлгээний онцлогийг нээн илрүүлэх бас нэгэн учиг мэт.

Энэтхэг-Европ хэлтний хувьд ихэнх улс үндэстэн “сүүн зам” хэмээн нэрийддэгийн уг үндэс нь латин хэлний “Виа Лактеа – Сүүний зам” хэмээх нэршлээс үүдэлтэй юм. Латины нэршил нь харин эртний Грекийн “галаксиас кикло – Сүүний тойрог” гэсэн үгээс гаралтай[I].Тэнгэрийн заадсын шинжлэх ухааны нэрийг “Галактик” гэдэг нь аанай л тэр грек хэлний “сүү” хэмээх “галаксиа” билээ. Грекэд яагаад тэнгэрийн заадсыг сүү хэмээсэн тухай домог бий. Зевс нэг удаа Хера хатнаа унтаж байхад нь  Херакл[II] хүүгээ хөхүүлэхээр аваад иржээ. Херакл нь Херагийн хүү биш, Зевсийн бурхан биш - хүн гэргий Алкменагаас төрсөн хүүхэд юм. Тиймээс хүүгээ бурханы сүү хөхөөд бурханы чадлыг олог гэж бодож. Хераклыг мөөмийг нь хөхөж байхад нь Хера гэнэт сэрээд уурласандаа түлхэж орхисон гэнэ. Ингэхэд асгарсан сүү зам болон тогтсон нь тэр ажгуу.

Херакл Херагийн хөхийг хөхөж байгаа нь. Тинтореттогийн бүтээл

 

Европын бараг бүх хэлтнүүд ийнхүү “Сүүн зам” хэмээх боловч Европ доторх Европ бус хэлтэн болох финчүүд ганцаараа харин “Сүүний” бус “Шувууны зам - Линнунрата” хэмээдэг нь сонирхолтой. Финландын эртний домог ёсоор энэ ертөнц гээч усны шувууны өндөг хагарч бүтсэн эд ажээ. Өндөгний хальс нь тэнгэр байсан гэнэ. Дэлхийн хязгаарт “Линтукото” буюу “шувуудын үүр” оршино. Шувуудын тэр үүр болбоос дулаахан сайхан газар учраас өвөлдөө усны шувуу ирдэг ажээ. Шөнийн тэнгэрт сунайн цайрах тэр зүйл тэгэхээр шувуудын Линтукотод, гэртээ ирж буй зам ажээ.

Хятадад “мөнгөн гол” хэмээн нэрийдэх нь сайхан сонстох ч домог нь харин эмгэнэлт хайрын түүхийг өгүүлнэ. Нэхмэлчин охин, үхэрчин хүү хоёрын хайр сэтгэлийн түүх. Гэргийгээ аваад санаа муут хадам эхээсээ зугтсанд өнөөх хатан эх хайртай хоёр залууг үүрд мөнхөд хагацаахаар мөнгөн самаа шидэн, заагласан нь тэрхүү “мөнгөн гол” буюу “тэнгэрийн заадас” болон тогтсон ажээ. Жилдээ ганц удаа, 7 сарын 7-ны өдөр “мөнгөн гол”-ыг гатлан хайртай хоёр учирдаг юм гэдэг.

Энэ удаад миний бие дэлхийн олон хэлний “тэнгэрийн заадал”-ыг нэрлэх үгийг гэхээсээ илүү Монгол, Алтай язгуурын соёлтой холбоотой, Төв Евразийн түрэг хэлтнүүдийн үгийг цуглуулан, харьцуулж үзэхийг зорьсон юм.

Монгол хэлэнд бол “тэнгэрийн заадас, заадал, зүйдэл”, “тэнгэрийн оёдол, оёор” гэхээс гадна “тэнгэрийн зам”, “эрхтийн зам” хэмээсэн хувилбарууд тохиолдоно. “Тэнгэрийн зам” хэмээхийн тухайд Ринчен гуайн бичиж авсан сонирхолтой домог буй.Ринчен гуайн 1936 оны 7 сарын 13-нд Шарнууд овгийн Дагийраазаагаас бичиж авсан домогт “Урд дээр цагт үй түмэн хүн, цэрэг, мал баруун зүгт аян дайн, их нүүдэл хийж яваад нэг хэсэг нь дээд тэнгэрт гараад явчихсан гэдэг юм. Тэгээд тэр олон хүн малын зам нь огторгуйд шөнө тодрон харагддаг юм гэнэ” гэж өгүүлдэг[III].

Тэнгэрийн заадал Австралийн Намбунгийн Дархан Цаазат Газраас.

 

Түрэг хэлтний “тэнгэрийн оёор”-ын нэрлэлтийг утга хэллэгийн ойр шинжээр нь ангилан үзвэл: Үргэлжлэлийг энд дарж уншина уу. Мөн энэ дор, нийтлэлийн ёроолооос нийтлэгчийн уншигчид хандсан тэмдэглэлийг бас үзэж болно.

Нэгэн зүйл. Диваажин, тэнгэр, бурханы оронд хүргэх зам хэмээсэн утгатай Кипчакийн Көк ёлу, Туркийн Гөк ёлу  (тэнгэрийн зам) хэмээх бүлэг үгс байна. Замыг тэнгэрийн гэхээсээ илүү цайвар, цагаан өнгийг нь онцолсон Туркийн нэгэн аялгуун дахь “Аклик” (цагаалин), Телеутын “Кар ёлу” (Цасан зам), Шор, сайга хэлтний “Кира чол, Киранин чол” (Хяруун зам), Алтайн ойрад хэлний “Куруудун ёли” (Хяруун зам) гэх мэт хэллэг байна. Энд нэг сонирхолтой зүйл бол түрэг хэлтний “хяруу” хэмээх “кира, киран, куруу” гэх мэт үгс нь монгол бичгийн хэлний “кирагу”-тай гарал нэг болох нь тодорхой юм.

Нэгэн зүйл. Замыг нь зам хэмээвч тодорхой амьтны зам хэмээсэн хэлнүүд олон байна. Нүүдлийн мал аж ахуй, нүүдлийн иргэншлээ хадгалсаар буй хэлнүүдэд нь таван хошуу малын нэр оруулсан нь сонирхолтой юм. Тухайлбал, Казакад “ак маяа жоли”, Туркменд “ак маяанин ёли” хэмээхийн аль аль нь “Цагаан ингэний зам” гэсэн үг. Киргизэд тэгвэл “Кой жолу” гэх нь “Хонины зам” ажээ. Киргиз, бусад түрэг хэлтний хонийг “кой” хэмээх нь манай баруун аймгуудад “хой” гэдэгтэй чухам ижил юм.

Нэгэн зүйл. Алтай язгуурын хэлтний төрөл хэмээн тооцогддог Фин-Угр хэлтэнтэй хэл соёлын холбоотой явсаар ирсэн бүлэг түргүүдийн хувьд өмнө өгүүлсэн фин домгийн адилаар “шувуун зам” хэмээх үгийг хэрэглэдэг ажээ.  Үүнд Кипчакийн “куш ёли”, Башкирын “кош юли”, Каракалпакийн “куш ёли”, Казакийн “Кош жоли” бүгдийг багтааж болно. Зарим хэлнээ шувуу гэж ерөнхий нэрлэлтийг бус чухам ямар төрлийн шувуу болохыг зааж өгсөн байдаг. Тухайлбал Татаарт “Киеэк каз юли”, Чувашт “Каяак хур сүлэ” гэдэг нь “Зэрлэг галууны зам” гэсэн үг юм. Нэг талаас Фин-Угр хэлтний нөлөө байж болох ч нөгөө талаас үнэхээр тэнгэрийн заадас гэдэг усны шувуудын нүүдэлтэй адил харагдах нь улс үндэстэн бүрд адил байж болохыг үгүйсгэшгүй.

Нэгэн зүйл. Тал нутгаас бүр баруунш нүүж, уугуул нүүдэлч соёл, тэнгэр шүтэх шүтлэгээ алдан, лалын шашинд орсон олон түрэг хэлнээ, жишээлбэл Ногайд “Ажи ёлу”, “Туркэд “Хажи ёлу”, Азербайжанд “Хажилар ёлу” буюу “Мөргөлийн зам” хэмээх нь мэдээж хэрэг шашны нөлөөнд орсноос нь хойш буюу харьцангуй хожуу орж ирсэн үг болох нь тодорхой.

Нэгэн зүйл. Монгол хамгийн ойр, Монгол хэл соёлын нөлөөнд байсаар ирсэн түрэг хэлтнүүд болох якут, тува нарын хувьд монгол үг хэллэгийг өөрийн хэлнээ буулган хэрэглэх нь гайхах асуудал биш. Якутад “Халлаан сийга”, Тувад “Дээр Тий” хэмээх нь Монгол хэлний “Тэнгэрийн оёор, тэнгэрийн заадас” гэдэгтэй яг дүйнэ. Якут хэлнээ өөр нэг хувилбар буй нь “Тэнгэрийн хүүгийн зам” гэдэг. Тэнгэрийн хүү мөсөн дээгүүр цаа барихаар хөөж яваа нь тэр гэх ажээ.

Энэ бүхнийг дүгнэн өгүүлбээс, Төв Еврази даяар тархан суурьшсан олон түрэг хэлтний тэнгэрийн заадсыг нэрлэх үгсийн онцлогийг ажиглан, ерөнхийлөн нэгтгэвэл а. дүр төрх, хэлбэр байдлыг нь тодотгон “тэнгэрийн зам, мөр” гэж хэлсэн, б. Цайран гийх өнгийг нь онцлон “Цагаалин”, “Цасан зам”, “Хяруун зам” гэсэн, в. Нүүдэлч ахуйдаа тохируулан нэрийдсэн “Цагаан ингэний зам”, “Хонины зам” гэх мэт хэллэггүүд байх ажээ.

Нөгөөтэйгүүр, хэл шинжлэлийн зурагзүйн талаас авч үзвэл түрэг хэлт ертөнцийн хамгийн Баруун захаас лалын соёл нөлөөлөн “Мөргөлийн зам” гэсэн хэллэг түрэн орж ирсэн бол Хойд талаас нь Фин-Угр хэлтний нөлөө байраа эзлэн “Шувууны зам” хэмээх хэллэгээ шахсан, харин Дорнод этгээдээс нь талын Монгол хүрээгээ тэлэн “зүйдэл, оёдол, заадас” хэмээх үгсээ түрэг хэлтэнд тулган оруулсан, нэн сонирхолтой дүр зураг харагдаж байгаа юм.  

Эцэст нь Монгол соёлтой холбогдох бас нэгэн хэлтний үг, домгийг сонирхуулъя. Мажар хэлнээ тэнгэрийн оёорыг “Хадак утяа” хэмээх нь “Цэргийн зам, дайчдын зам” гэсэн үг юм. Хүннүгийн хааны хүү, мажарчуудын өвөг болсон Атилла хааны хүү Цабаг нөгөө талын унгарчууд болох сэкэли буюу Трансилваниагийнхан хөнөөхөөр хөөхөд тэрбээр “тэнгэрийн заадал”-аар зугтсан тул тийн нэрийдсэн гэх ажээ.  


[I]Тэр тойрог, дугуй хэмээх “кикл” нь “цикл - сикл” болоод “мотоцикл – моторт дугуй”, “байсикл – хоёр дугуйт” гэх мэт үгэнд буй.

[II]Латинаар Херкулэс, орос хэлээр бол Геракл хэмээдэг.

[III]Монгол ардын аман зохиолын дээж бичиг, 137-р тал дахь тайлбарыг үзнэ үү.

Мягмарын Саруул-Эрдэнэ

Нийтлэгчээс:

Миний хувьд энэ нийтлэл бүхэлдээ сонирхолтой ч тэднээс наад зах нь дараах 3 шигтгээ олон хүний санамжинд мэдээлэл болж үлдэх болов уу гэж бодогдлоо. Үүнд:

Нэгд, Сүүн зам буюу Тэнгэрийн заадас гээчийн хамгийн товч тодорхойлолт энэ нийтлэлд байна.

Хоёрт, Тинтореттогийн тэр уран зургийг олон хүн таньдаг ч яг ямар учиртай, ямар агуулгатай, юуг харуулсан зураг болохыг мэддэггүй хүмүүс бий. Тэдэнд энэ нийтлэлд дурдсан домог сонирхолтой, үнэ цэнэтэй мэдээлэл болж үлдэх нь лавтай.

Гуравт, Унгарчууд монголчуудтай ямар нэг түүхэн холбоотой гэдэг ч яг ямар холбоотойг мэддэггүй хүмүүс лав байгаа. Тэдэнд энэ тэнгэрийн заадлын талаарх тэдний домогт дурдагдах түүхэн хүмүүсийн тодорхойлолт товч хирнээ тун тодорхой мэдээлэл өгөх юм байна. 

Айсин Гиоро Улхиканы /Улхичун?!/ Хятаны хэл бичиг, түүхийн талаар бичсэн 4 их бүтээлийн 3-ыг нь олж авлаа. Энэ эрдэмтэн бол Япон улсад амьдардаг Бээжингийн манж гаралтай эрдэмтэн бүсгүй. Айсин Гиоро гэдэг нь Алтан ураг гэсэн манж үг. Манжийн хааны угсааны хүн ажээ. Түүний аав, өвөө нь алдартай эрдэмтэд байсан. Гурав дахь үеийн эрдэмтэн тэрээр хятад, манж, монгол, япон хэлийг маш сайн сурчээ. Түүний нөхөр Ёшимото Мичинаса нь Киотогийн их сургуулийн профессор ба олон жил нарийвчилсан судалгаа хийх асар их боломжийг Айсин Гиород олгосон буянтай хүн билээ. Айсин Гиоро эрдэмтнийг би хятан судлалд хамгийн том хувь нэмэр оруулсан эрдэмтэн гэж үздэг. Учир нь Айсин Гиоро хятаны бага бичгийн 90%, хятаны их бичгийн 80% авианы дуудлагыг тайлан уншиж, бага бичгийн 30 орчим хөшөөний бичиг, их бичгийн 10 орчим хөшөөний бичгийн агууллагыг тайлж, хятан хэлний дүрмийг сэргээж чадсан билээ. Ийнхүү хөшөөний бичгүүдийг уншиж, утгыг гаргасны үндсэн дээр хятан нарын өөрсдийнх нь бичиж үлдээсэн түүхийг задалж, хятан судлалыг хятад сурвалжуудын хүрээнээс гаргаж, цааш улам ахиулж чадсан. Айсин Гиоро нь судалгааны материалаа Хятаны археологийн олдворуудтай холбож судлаад, хятаны овог аймгуудын гарал үүсэл, нутгийн байршил, Ляо-ши хэмээх хятаны түүхэнд бичигдэж үлдсэн олон оньсогыг тайлах үүдийг нээсэн байна. Хятан хэлийг өвөг монгол хэл /монгол хэлтэй нэг гарал үүсэлтэй/ болохыг баталсан түүний олон гавъяаг тоочихоо болиод зөвхөн бидэнтэй холбоотой нэг жишээг дуръя. 50-иад оны дундуур Намнандорж гуай тэргүүтэй манай археологичид Хэнтий аймгийн Баянхутаг сумын Сэрвэн хаалга гэдэг газарт орших хадны хоёр бичээсийг олж тогтоогоод, Хятадын эрдэмтэдтэй хамтарч уншихаар олон жил оролдсон. Тэдгээр бичгүүд нэн балархай байсан тул тайлж уншиж дийлээгүй.1989 онд Япон Монголын хамтарсан Гурван голын төслөөр орж ирсэн япон эрдэмтэд бас унших гэж оролдоод дийлээгүй. 90-ээд оны сүүлээр Японы эрдэмтэн Шираиши Аварга тосонгийн судалгаагаар орж ирэхдээ тусгай багажаар тус бичээсийг уншуулж аваад, Айсин Гиоро-д өгч бүрэн тайлуулсан. Нэг нь хятадаар, нөгөөх нь зүрчидээр бичсэн тэдгээр бичээст МНТ-нд гардаг Татарын Мигжинсүүлтийг хэрхэн дарсан тухай мэдээлэл багтсан байдаг. Миний гайхлыг төрүүлж буй зүйл бол Айсин Гиоро нь хятад сурвалжид огт итгэхгүй байдагт оршино. Хятан нарын бичиж үлдээсэн түүх шал өөр болохыг урдаас ямар нэгэн сэжүүрээр мэдэрч байсан буй за. Эдгээр номонд тэр тухайгаа маш нарийн өгүүлсэн байна. Хятаны их, бага бичгийн нууцыг Айсин Гиоро үндсэндээ тайлсан гэж хэлж болохоор байна. Энэ бол түүхийн агуу нээлтүүдийн нэг мөн.

Comments

 

Badmayev Bayir Улхичун?

 

Shirchin Baatar Улхикан нь монголоор Урьхан гэж хэлж байсан.

 

Badmayev Bayir Мичимаса?

Shirchin Baatar энэ зөв

Badmayev Bayir

Shirchin Baatar [韓半島から眺めるた契丹.女真] номыг нь одоо олчихвол тэгээд болоо.

Erdene Chuluu https://www.amazon.co.jp/%E9%9F%93%E5%8D%8A.../dp/4876985774

韓半島から眺めた契丹・女真

韓半島から眺めた契丹・女真

amazon.co.jp

Erdene Chuluu Uuchlaarai. JP amazond tanii haij bui nom hudaldagdaj bh shig bna.

 

Nomin Erdene хятан gej nerlegdeed baigaa ovog aimag ni yag yamar uchirtai gedegt sain tailbar hiihgui bol manai ueiin nuhduud er ni oilgohgui shinjtei.

Shirchin Baatar Монголчуудын өвөг дээдсээс нэгэн цагт салж гарсан монголжуу хэлтэй нүүдэлчин аймаг байжээ. Монголын нутагт төр улсаа бас байгуулж явсан түүхтэй.

 

Tsongol Battsengeliin Natsagdorj Улхичун гэж дууддаг.

 

Erdenebaatar Tserendorj Сонирхолтой мэдээ байна Монголын түүхийн балархай хэсгийг Кидан эх сурвалжаар нөхөн бичиж болох нь ээ

Shirchin Baatar Маш сайн нарийвчлалтай судалгаа хийсэн байна. Манайханд хэрэг болох эсэхийг сайн мэдэхгүй. Яалт ч үгүй Монголтой холбоотой л юм их байна. Энэ эмэгтэйн судалгаа гарсанаас хойш хятад эрдэмтэд бол худлаа, буруу гээд л их бухимдалтай байгаа. Ажиглаж л сууна.

Erdenebaatar Tserendorj Чингис хааны өвөг дээдсийн тухай зүйл Кидан бичгээр байхгүй юу

Shirchin Baatar Тэр талаар холбоотой юм олж хараагүй байна.

Erdenebaatar Tserendorj Кидан нар монгол хэлээр ярьж байсан биз дээ

Shirchin Baatar Монголтой адилавтар хэлээр ярьж байж. Яг монгол гэж хэлэхгүй л дээ. Урд урдаасаа өвлөж ирсэн өвөг монгол хэлтэй үндэстэн байжээ.

 

Mng Mng Их Монгол улсын үеийн бүхий л судалгаа Кидан руу гулсан орж байна. Сонин юм шүү. Саяхан Эрдэнэзуу-430 хурлын үр дүнгээс харахад япончуудын судалгаа Кидан руу орсон байгаа юм. Тэгж байхад бид МНТ-г л яриад л суудаг.

Shirchin Baatar Хятаны талаар шинэ түүх олдож байхад аргагүй дээ. Судалдаг болгон Айсин Гиорогийн номнуудыг хараа биз. Энэ хүн бас Японд нэлээд дарагдсан янзтай дуулддаг. Нөхөр нь ёстой мундаг.

Shirchin Baatar Эрдэнэзуугийн Түмэн амгалант ордыг Хятаны Елюй Чузай бариулаад хэлсэн шүлэг нь хүртэл үлдсэн байдаг. Хархорин хотын хэрмэн дотор хоёр ч хятан суварга байжээ. Түүнийг Хувилай хаан хувилуулж Бээжинд бариулсан түүхтэй. Тэдгээр суваргыг Бээжингийн захыг барих гээд нураахад эсэргүүцэж тэмцсэн хятад эрдэмтэн дараа нь соёлын хувьсгалаар шийтгүүлсэн дээ.

Erdenebaatar Tserendorj Үнэхээр нөгөө тайлагддаггүй бичгийг үнэхээр тайлсан тэрийг нь дэлхийн том эрдэмтэд хүлээн зөвшөөрч байгаа тэр бичгээр үлдсэн арвин эх сурвалж ингээд орчуулагдаад судалгааны эргэлтэд орж байгаа гэсэн үг үү

Shirchin Baatar Тайлагддагүй байсан бичиг ч тайлагдаж эхэлж байх шиг байна. Дээр дурдсан 40 орчим хөшөөний бичиг, энд тэнд хэдэн өгүүлбэрээр үлдсэн бичгийн дурсгалаас өөр юм харамсалтай нь үлдээгүй. Хятаны их, бага бичгээр тийм их дурсгал үлдээгүй юм.

Erdenebaatar Tserendorj Нүүдэлчдийн өөрсдийнх нь бичиж үлдээсэн дурсгал гэдгээрээ онцлогтой.үзэл санааны талаар ч хятадынхаас өөр.түүхийн мэдээлэл ихийг агуулаагүй ч хэл шинжлэлийн хувьд чамлахааргүй баримт болох байхаа.

Erdenebaatar Tserendorj Киданы их бага бичиг гэдэг нь хоёулаа хятад бичигт үндэслэж зохиосон бичиг үү. Киданы нөлөөн доор байсан монгол аймгууд уйгуржин монгол бичгээс илүү Кидан бичиг хэрэглэж байсан байж болох юм гэдэг санал гарсан байсан

Shirchin Baatar Хятаны их бичиг гэдэг нь хятад ханзыг аваад утгыг нь хятадаас зөрүүлсэн. Хятаны бага бичиг гэдэг нь ханзнаас хэдэн зурлаг салгаж аваад авиачилж үсэг болгоод, урт үетэй хятан хэлээр бичих болсон. Үүнийг Уйгарын нөлөө гэж үздэг. Энэ хоёр бичгийг зохиосон он, зохиосон хүн нь түүхэнд тодорхой байдаг.

Erdenebaatar Tserendorj Хэрэйд мэргэд монгол зэрэг Киданы үеийн монгол аймгууд хөгжлийн хувьд бичиг үсэг хэрэглэх түвшинд хүрсэн байсан гэтэл 13р зуунаас өмнө уйгуржин монгол бичиг хэрэглэж байсан баримт олдоогүй бодвол Кидан бичиг хэрэглэж байсан байж магадгүй гэсэн байсан.дорноговиос Кидан бичиг олдсон гэсэн байсан.

Фейсбүкт хуваалцсан: Shirchin Baatar

Хуулийн байгууллагад насаараа зүтгэж “Амьд архив”-уудын нэг болсон дэд хурандаа З.Батсүхтэй уулзаж ярилцлаа. Хэрэг хуучирдаггүй гэдэг. Ганц нэгийн талаар түүнтэй ийн хуучилсан юм.

– Тэтгэвэртээ гараад нэлээд хугацаа өнгөрсөн байна. Одоо юу хийж явна?

– 2007 оныг дуусгаад цэргийн байнгын тэтгэвэртээ суусан. Насаараа хууль хяналтын байгууллагад ажилласан болохоор зүгээр сууж чадахгүй юм. Залгуулаад харуул хамгаалалтын “Илт бамбай сервис” компанид хүний нөөц, харуул хамгаалалтын захирлаар ажиллаж эхэлсэн. Харин энэ өвөл гэр зуураа хувь уран бүтээлээ хийгээд л сууж байна.

– Дуулиант гэмт хэргүүдийн талаар мэдээлэл авах хүн гэвэл ЭЦГ-т байсан Чулуунбаатар хурандаа та хоёрыг “Архив шиг хүмүүс” гэдэг юм билээ?

– Нэг их олон юманд оролцоогүй ч ганц байгууллагад насаараа ажилласан хүн. Тийм болохоор нүдээр үзэж чихээр сонссоноо мартаагүй л байгаа. 1960-аад оны үед НАХЯ гэдэг хүчтэй нэр хүндтэй газрын Улсыг аюулаас хамгаалах ерөнхий газрын хаалгаар орсон. Энэ байгууллагад яг 40 жил ажиллаад Цагдаагийн ерөнхий газар гэсэн хаалгаар 2007 онд гарсан даа. 40 жил мөрөндөө воган зүүж шинель өмсч явсан болохоор туулсан амьдралаараа бахархах хообийтой болчихсон. Тийм ч учраас үзсэн дуулсан юм чамгүй бий байх. Анх аюулаас хамгаалах нууцлалыг насан туршдаа өөртөө хамгаалж явна гэж тангараг өргөж гарын үсэг зурсан. Гэхдээ 2005 онд Улсын нууцын тухай багц хуул батлагдахад 30 жилийн өмнөх явдал улсын нууцад хамаарахгүй гэж заасан байдаг. Харин тагнуулын үйл ажиллагааны аргачлалыг бол дэлхий нийтээрээ нууцалдаг. Манайх ч адилхан.

– Тагнуулын ерөнхий газар та нэлээд олон жил ажилласан байх шүү?

– 22 жил ажилласан. Тэнд нууц шифр зохиох ажилд оролцож байлаа. Моорзын тоог үг болгож буулгах ажлыг анх гардан зохион байгуулсан юм. Нэг үгээр хэлбэл, энд нууц материалыг тоо болгож гадаадад байгаа хүмүүс рүү явуулдаг. Үүнийг л хийлгэх гэж Аюулаас хамгаалах яам руу татаж авсан юм билээ.

– Улсын нууцтай харьцах хүнийг маш эртнээс бэлтгэж, нарийн шалгаж авна биз. Та аль сургуулийг төгссөн бэ?

– Би MУИС-ийг Монгол хэл, уран зохиолын багш, сэтгүүлч мэргэжилтэй хүн. Сургууль төгссөн жил намайг авсан. Сүүлд нь архив үзэж байхад манай аав ээжийн гурав дөрвөн үе, манай хамаатан садан төрлийн бүх хүмүүсийг судалсан материал байсан. Тэр үед чинь хүнийг судална гэдгийг ёстой харуулдаг байсан цаг. Бод доо. Би Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын хүн. Гэтэл намайг судлах гэж бүтэн сум судалсан байсан.

– Манай гадаад тагнуул хэр сайн ажиллаж байгаа гэж та боддог вэ?

– Дэлхий нийтээрээ гадаад тагнуулаа байршуулах олон хэлбэр бий. Элчин сайдын яам, Консулын газар, Төлөөлөгчийн газраар халхавчлан тагнуулаа илгээдэг. Манайх ч ялгаагүй энэ төрлийн үйл ажиллагаа явуулж байгаа байх. 1960 онд Хятад, Монгол хоёр их найрсаг байх үед хятадууд манайд ажиллах хүчин болгож 35-40 мянган ажилтан өгсөн. Тэр хятадууд аймаг болгонд барилга барьсан. Хөх даалимбан цамцтай, хар шаахайтай хятад ажилчид цэнхэртэж байдаг байсан. Туул голын ойрхон морин тойруулга дээр барилга барьж байсан хятадууд дотор тагнуул байгаа сэжиг гарсан юм. Шалгаад үзсэн чинь жирийн барилгачид дотор Хятадын генерал тоосго зөөж, шавар зуураад явж байсан шүү дээ. Гэтэл тэд бүгд цэргийн зохион байгуулалттай байсан. 3540 ажилтан бүгд Хятадын цэргийн хүмүүс байсан.

– Тэгээд юу болсон бэ. Тэдний хэд нь яг тагнуулч байсан бэ?

– Хэн гэдгийг илрүүлэх боломжгүй. Өнөөдөр яагаад уул уурхайн салбарт хятадууд том байр суурь эзэлж байна гэдгээс тухайн үед эдийн засаг, геологийн хэдэн тагнуул байсныг харж болно. Гадаад тагнуулыг иймэрхүү хэлбэрээр явуулдаг. Оюутан, тойрон аялагч дотор ч тагнуул явж байж болно.

– Солонгос руу хэдэн мянган монгол залуусыг явуулж байна. Тэдний дотор тагнуул явуулдаг болов уу. Манайхан чинь маш хурдан Солонгос шиг хөгжилтэй болъё гээд байгаа улс?

– 1990 он гарснаас хойш тагнуулын байгууллагын хүч чадал суларсан. Нөгөө талаар зах зээлийн нээлттэй нийгэмд шилжсэн. Тийм болохоор гадаадад (тагнуул хийх шаардлага багассан. Хоёрдугаарт, тагнуул хийлгэх халхавчгүй болсон. Яагаад гэвэл бүгд илэн далангүй болсон. Гэхдээ нөхдөл байдал ийм болсон ч эдийн засгийн тагнуулчид хаа саагүй ажиллаж байна..

– Гадны маш олой компани Монголд хүчээ авч байна. Нэр хундтэй гэсэн болгон нь гадны хөрөнгө оруулалтгай. Тийм болохоор гадаадын эдийн засгийн тагнуулчид Монголд их сайн ажиллажээ гэж үзэж болох уу?

– Монголд эдийн засгийн тагнуулчид 1990 оноос хойш маш эрчимтэй ажилласан. Социйн үед Дорнодын ураны үйлдвэрийг оросууд ажиллуулж байсныг нутгийн хүмүүс ч мэдэхгүй байсан. Байсхийгээд л том том ачааны онгоц Орос руу уран зөөдөг байсан байгаа юм. Харин 1990 оноос хойш ямар нөөцтэй орд гэдгийг нь дэлхий нийтээрээ мэдчихсэн. Өндөр хөгжсөн орнуудын нууц нь тагнуулын шугамаар олж авсан эдийн засгийн судалгааны үр дүн.

– Гадны тагнуулчдийг яаж илрүүлдэг юм бэ?

– Гүйлгээ ухаан, овсгоо зальтай чикистүүд л илрүүлнэ дээ.

– Улсын нууцтай холбоотой зүйлийг мэддэг хүмүүс нууц задруулвал устгадаг гэдэг. Эсвэл ямар ч ой санамжгүй болгох ч юм уу. Өмнө энэ талаар сонсч байсан юм л даа?

– Дээр үед тэгдэг байсан. Орос, АНУ аль ч орон бай хэтэрхий их нууц мэдсэн хүнээ найдваргүй гэж үзвэл устгадаг байсан. Одоо бол тийм юм байхгүй. Социйн үед манайхаас хойд хөршид сурч байсан хүмүүсийг оросууд нууц мэдээлэгчээр авсан тохиолдол их бий. Тэр хүмүүс сүүлд нь маш сэжигтэй байдлаар нас барсан.

– Ямар байдлаар?

– Янз бүр. Улс хоорондын асуудал. Ер нь улс орны тусгаар тогтнол аюулгүй байдлыг хангахад тагнуулын байгууллагын хүч чадал хамгийн чухал. Япон манайх руу дайрахад тэнд ажиллаж байсан манай тагнуулчид сайн ажилласан. Хаана хэдэн цэрэг ямар зэвсэгтэй байгааг байнга мэдээлж байсан. Манай чекистүүд Өвөрмонголд уурга бариад малчин шиг явж байсан. Рэнцэнхорлоо хурандаа 1940 хэдэн онд Хятадад түүхий эд худалдан авах худалдааны газар байгуулж таван жил ажиллаж байгаад Хятад улс 1949 онд тусгаар тогтнолоо зарлахад буцаж ирсэн.

Мөн Рэнцэнхорлоо Японы Квантуны армийн ард тагнуулын ажиллагаа хийх гэж арван хүний хамт ЗХУ-д тусгай даалгавараар бэлтгэгдэж байсан. Алан хядагчдийн бүлэгт бэлтгэгдэж байсан гэсэн үг.

– Ямар сургалтаар бэлтгэдэг вэ?

– Хүний чадах бүхнээр. Усанд сэлнэ, шүхрээр бууна, ямар ч буугаар мэргэн буудаж чаддаг байх гээд мэргэжлийн тагнуулч болсон юм. Харин суралцаад ирэхэд нь дайн дууссан.

– Алдарт тагнуулч Рэнцэнхорлоо гэдэг хүн их зохиолч Д. Нацагдоржийн хүргэн гээд байдаг хүн мөн үү. Нууц хүргэн ч гэл үү нэг яриа байдаг?

– Мөн. Түүний эхнэр Цэрэндулам Д.Нацагдоржийн анхны хүүхэд шүү дээ. Цэрэндуламыг ой ч хүрээгүй байхад нь Пагмадулам, Д.Нацагдорж хоёр Орос руу томилогдсон учир арга буюу түүнийг аав дээрээ үлдээсэн юм билээ. Харин сүүлд нь ЗХУ-ын даалгавараар Монголын бүх сэхээтэн Ерөнхий сайдуудыг Орост аваачиж цаазалсан юм. Тэр үед Монголд ганц маршал байсан нь Дэмид жанжин. Түүнийг хүртэл Орос руу дуудаад воганд явж байхад нь хоолонд нь хор хийгээд хөнөөчихсөн. Тэр үед Х.Чойбалсан дарга эд нар ажилгүй болоод архи уудаг болчихсон байсан гэдэг.

– Тэр Цэрэндулам гэдэг хүнийг Д.Нацагдоржийн хүүхэд мөн биш гэж судлаачид маргаад байдаг юм билээ?

– Тэр хоёр Орос руу яваад Д.Нацагдорж цаашаа Германд очин өндөр боловсрол эзэмшсэн. Пагмадулам гуай ч маш өндөр боловсролтой хүн. Гэтэл тэднийг эсэргүүцэж нэрлэх болсон. Дарамт шахалтнаас болж охиноо өөрсдийнхөө нэр дээр болгоогүй юм билээ. Тэр үед чинь эсэргүүний хүүхэд гэж хэлүүлэх амьдын там байсан цаг. Их зовсон, хоёулаа 30 гараад өөд болсон. Цэрэндуламыг өргөж авсан ээж аав хоёр нь ч “Энэ чинь Д.Нацагдоржийн хүүхэд” гэж хэнд ч хэлээгүй. Аваад суусан Рэнцэнхорлоо гуай мэдэж байсан ч юу ч яриагүй. Харин 1990 онд’ Ренцэнхорлоо гуай анх удаа “Миний хань Д.Нацагдоржийн хүүхэд” гэж анх ам нээсэн. Ингэж нууж явсан болохоор л Ананда Шириг түүний ганц охин гэж ярьдаг байсан. Хэдэн жилийн өмнөөс Д.Нацагдоржийн анхны хүүхдийнх нь талаар дөнгөж судалж эхэлж байна.

Д.Нацагдоржийн ач зээ 29 байна гэж Рэнцэнхорлоо гуай ярьж байсан. Долоон ач нь гадаад хүнтэй суусан юм билээ.

– Д.Нацагдорж нас барсан, яаж өнгөрсөн нь тодорхой бус байдаг талаар уншиж байсан?

– Наадмын үеэр хэдэн өдөр архи хэтрүүлэн ууснаас болж гудамжинд нас барсан байдаг. Харин түүнийг хэдэн найз нөхөд нь морин тэргэн дээр ачиж аваачаад далан давхарт оршуулсан юм билээ. Хөшөө ч босгоогүй мод босгосон гэдэг.

Хэн хэн оршуулсан юм бол?

– С.Буяннэмэх, М.Ядамсүрэн, Ши.Аюуш гээд тухайн үеийн утга зохиолын томчууд оролцоогүй гэдэг. Пагмадулам оршуулганд оролцсон гэж байдаг. Өөр хүний талаар ёстой мэдэхгүй.

– Тагнуулын ажиллагаанд эмэгтэй хүнийг өгөөшөөр бэлтгэдэг, золиослох үе гардаг тухай хүмүүс ярьдаг?

-Дэлхийд алдартай хаан, цэргийн нэрт жанжин байсан ч түүний толгойг хүүхнүүд эргүүлж чадна. Энэ үзэгдэл бол Монголд олон зуун жилийн өмнө ч байсан. Монгол хүүхнүүд их ухаантай, сэргэлэн, хэр баргийн юманд автахгүй байсан учир эртнээс тагнуулын ажилд оролцуулдаг байсан. Дээр үед солонгос, хятадууд манай хаад ноёдод өөрийнхөө охиныг хатан болгоод өгчихдөг байсан. Хаан хаашаа юунд явж байна, хэнтэй уулзаж байна гэх зэргээр мэдээг авна, шаардлага гарвал алуулна. Энэ хэлбэр дэлхийн ямар ч улсын тагнуулын байгууллагад байдаг. Одоо ч гэсэн зочид буудалд биеэ үнэлэгчээр тавьчихаж болох юм. Тагнуулын байгууллага шаардлага гарвал эмэгтэй хүнийг золиосолж байж мэдээлэл авдаг. Энэ мэт аргачлалын талаар дэлгэрэнгүй ярих хэрэггүй байх. Хуулиараа ч хориотой.

– Гадны нөлөө бүхий хүмүүсийг ирэхэд дээрх зүйлийг ашиглах уу?

– Ашиглана. Ашиглаж таараа шүү дээ. Дагалдан тагнуул гээд янз янзын л юм байна.

– Сонин л юм. Та Хятадын цэргийн дарга нарын онгоцтой явж байгаад Монголд сүйрсэн талаар ном бичиж байгаа гэсэн. Дууссан уу. Ямар түүх вэ?

– Хэвлэхэд бэлэн болчихсон. Даан ч мөнгө нь алга. Хятадын Батлан хамгаалахын сайд асан Лин Бао эхнэр хүүхэдтэйгээ Орос руу дурвэж яваад Хэнтий аймгийн Бэрх тосгоны ойролцоо осолдсон. Энэ чинь улсын нууц байсан болохоор хүмүүс тэр бүр мэдэхгүй байх. Тэр ослын талаар би ном бичсэн юм. Хятадын Комнист намын дүрэмд нь Мао даргыг орлох хүн нь маршал Лин Бао мөн гэж бичсэн байдаг. Тийм мундаг хүн байсан юм.

– Юунаас болж Орос руу дүрвэсэн юм бол. Нисдэг тэрэг сүйрсэн шалтгаан нь юу байсан бэ?

-Тухайн үеийн Хятадын удирдлагууд хоорондоо хагаралдсан юм билээ. Тэгээд мань хүн Орос руу нисдэг тэргээр оргож байгаад дотроо мууцалдаад нисдэг тэрэгт гал гарсны улмаас сүйрсэн. Буудалцсаны улмаас гал гарсан байх магадлалтай гэсэн. Энэ хамгийн үнэнд ойрхон таамаг. Орос руу явж байснаа буцаж эргээд 13 км яваад унасан юм.

– Лин Бао маршалыг осолдоход хэрэг дээр нь ямар хүмүүс ажиллаж байсан бэ?

– Бууны шинжээч Муюу, Гэндэндаржаа хурандаагийн хүү химийн шинжээч Банзрагч дэд хурандаа бид гурав тэр хэрэг дээр ажиллаж байсан. Хятадууд тэр ослыг Оросууд пуужин тавьсан гэж харддаг. Тэр уед чинь Оросын цэрэг Монголд байрлачихсан байсан үе. Нарийн үзэхэд дотроо л муудалдсан байдаг юм. Яагаад эргэх болсон бэ гэхээр түүний дагаж явсан цэргийн хамгаалагч нар нь Орост очих юм бол биднийг буцааж Хятадуудад барьж өгөх учраас буудах ёстой гэсэн. Эндээс л асуудал үүссэн байх. Магадгүй онгоцны нисгэгчид буу тулгаад буц гэсэн байх.

– Хятадын том маршал хүн яагаад Орос руу зугтах болов гэдэг л сонин байна?

– Сталинтай их найз. Герман Орос руу довтолоход Лин Бао, Сталингийн дэргэд зөвлөх хийж байсан юм. Тэрбээр 1939 оны арванхоёрдугаар сард шархдаад Орост очиж эмчлүүлсэн байдаг юм билээ. Уг нь түүнийг Хятадаас Орос руу зутгаж байгааг мэдсэн юм билээ. Тэгээд Хятадын удирдлагууд араас нь устгая гэтэл Мао дарга болиулсан гэдэг. Есөн хүн осолдсон доо.

– Хятадын онгоц манайд осолдоно гэдэг чинь тухайн үед манайхан ямар нэгэн юмны дохио гэж хүлээж авсан байх?

– Нисдэг тэрэг унасаны маргааш Хятадын Элчин сайдыг дуудаж эсэргүүцлийн нот гардуулсан. Хятадын цэргийн том нисэх онгоц манай улсын хилийг зөрчиж орж ирлээ. Ямар учиртай талаар хариу өг гэсэн. Осолдсон хүмүүсийг энд оршуулсан. Хятадын ойр тойрны хүмүүс нь оршуулсны маргааш нь Оросоос онгоцоор ирж шарилыг нь ухаж задлан шинжилгээ хийсэн. Маш нууцаар шүү. Cap болоогүй байтал дахиад шинэ комисс ирсэн. Мундаг шинжээчид эрдэмтэд ирсэн. Шөнө нөгөө шарилыг чинь онгоцоор ачиж ирээд НАХЯ-ны хашаанд буулгачихсан. Шинжилгээ хийсээр байгаад Лин Баогийн толгойг аваад явсан. Одоо ч гэсэн толгойны яс нь Орост байдаг юм билээ. Чандар нь бол манайд бий. Тэр үед л эмнэлэг ашиглалтад ороод хүүр шатаадаг болчихсон байсан. Хотын төвд хүн чандарладаг байлаа шүү дээ.

– Чандар нь хаана байгаа гэж?

– Устгаагүй бол Тагнуулын ерөнхий газар байх ёстой.

– Оросууд тэр толгойгоор яах гэж байсан юм бол. Манай сэхээтнүүдийн толгойноос хойно байгаа юм биш биз дээ?

– Бүү мэд. Яах гэж ч байсан юм. Монголоос Дамбийжаагийн толгой л Орост байгаа. Миний мэдэхээр тэр л байна. Яг нарийн түүхийг нь мэдэхгуй.

– Толгой гэснээс дуучин Төмөрийн толгойг тасдаад пийшинд хийчихсэн байсан гэсэн. Та хоёрыг найз нөхөд гэдэг? Үргэлжлэлийг энд дарж уншина уу.

– Би хамгийн анх очиж үзлэг хийж байсан. Түүний амийг хөнөөгөөд толгойг нь салгаад талх шарагч дотор хийчихсэн байсан. Анх очиход шалаар дүүрэн цус болчихсон, толгойг шатаах гэж байсан юм шиг л байгаа юм. Баахан сонин хийж шатаах гэж үзсэн байсан. Төмөр Сайд нарын зөвлөлийн Пунцагноров гуайн охин Нарангоотой суугаад хоёр хүүхэд гаргасан. Их ч сайхан айл байсан. Сүүлдээ авгайгаасаа салж, архинд хэт орсон доо. Гэртээ ганц цагаан ортой үлдсэн.

– Юунаас болж тийм хэрэгн гарсан юм бэ. Ямар хүн үйлдсэн билээ.

– Батсүх гэдэг сэтгэцийн өвчтэй хүн. Юунаас болж хөнөөсөн гэхээр Төмөр цэцэрлэгийн эрхлэгч нэг хүүхэнтэй явдаг байсан атлаа Батсүхтэй холбоотой байсан гэдэг. Батсүх байцаалт өгөхдөө “Намайг гаднаас орж ирсэн чинь Төмөр нэг хүүхэнтэй байсан. Бид гурав архи ууж байхад тэр хоёр сонин, сонин үйлдэл гаргаад байхаар нь би хардаад алчихсаэ юм” гэж мэдүүлсэн.

– Цэцэрлэгийн эрхлэгч хүүхнийг нь ч гэсэн үү?

– Тийм. 30 гаруй хутгалсан байдаг байх шүү. Манайхан ганцаараа энэ хэргийг үйлдэж чадахгүй өөр хүн хамт байж магадгүй гэж шалгаж байсан. Тэр алсан нөхөр нь ч Ганц хутагт очоод cap гаруй болоод нас барсан.

– Алдартнуудын дунд ийм хүн их байдаг гэж ярьдаг?

– Гавьяат жүжигчин, улстөрч гээд нэр алдартай олон хүн бий. Гэхдээ хүнийг амьд байхад нь энэ тухай ярьж болохгүй. Өнгөрсөн ч гэсэн үр хүүхдэд нь эвгүй биздээ. Хуулийн байгууллагад ажиллаж буй хүн ярих ярихгүй юмаа зааглахгүй бол болохгүй.

                                                                                                                Л.Цэрэнжаргал

http://mongolianarmynews.com/r/852

Мягмар, 26 1-р сар 2016 15:17

Даншиг наадам үүссэн түүх

1689 онд Нэрчүү голын хөвөөн дэх Нэрчинск хэмээх гацаанд Орос-Хятад хоёр анх удаа нэгэн гэрээ байгуулжээ. Үүнийг “Нэрчүүгийн гэрээ”ХХОЛХххрхллл гэдэг. Энэхүү гэрээгээр тэд Номхон далайгаас одоогийн Хиагт хүртэлх хилийг тогтоосон юм. Ингэснээр Байгал нуурын орчим нутаглаж байсан, хожим бүгд нийлээд буриад гэгдэх болсон хори, түмэд, баргууд, тавнан, сонгоол, булгад зэрэг Түшээт ханд харьяалагдаж байсан монгол овог, отгууд Оросын хил дотор үлдэв. Тэгэхээр Монголчууд өмнөд хэсгээ Хятадуудад, умард хэсгээ оросуудад ийн алдаад, төв хэсэг нь энэ хоёр гүрний дунд Гадаад монгол нэртэй үлдсэн гэсэн үг. Өнөөдөр ч гэсэн тусгаар Монгол улсын иргэд тэр үед тогтоосон хил дотор амьдарч байна.

Ийнхүү гадаад монгол үүсэв. Гэвч Гадаад Монгол нь ойрдуудын Зүүн гарын хаант улс, халхчуудын Халх гэсэн хоорондоо алалцах хоёр хэсгээс тогтож байсан юм. Хэдэн зуун жил үргэлжилсэн энэ тэмцэл манж нар Өвөр Монголыг өөртөө дагаар оруулсны дараа улам хурцдан оргилдоо хүрлээ. 1639 онд Түшээд хан Гомбодорж Халхын бусад хан нарын дэмжлэгтэйгээр өөрийн хүү Занабазарыг Богдоор тодруулж нийт Халхын тэргүүн болгожээ. Зэрэгцүүлээд Ойрдын Галдан Зүүн Гарын Хаант Улсыг байгуулав. Ойрд нь Халхаас хамаагүй хүчирхэг гүрэн болжээ. Ойрдууд баруун тийш дайн хийн газар нутгаа өргөтгөн одоогийн Ташкент хот хүртэл давшиж байлаа. Халх хичнээн сул дорой болсон ч Галданд амархан эзлэгдсэнгүй.

Чингэж байтал Засагт хан Норов үхэж орыг залгах хүн дээр бөөн маргаан дэгдэв. Чухам үүнийг ашиглан Галдан Халхад халдлаа. Түүний эцэг Баатар хунтайж хэдийгээр Халхыг дайлж бүх Монголыг нэгтгэх хүсэлтэй байсан ч бяр нь хүрэхгүй байсан учир нэг удаадаа Халхтай эвлэрч жилээс жилд нөлөөгөө тэлэн хүчирхэгжиж буй Манжийн өөдөөс Халхтай хамтдаа зогсох бодлого барьсан юм. Ингэснээр 1640 оны наймдугаар сарын эхээр олон хэсэг болсон Монголын бүхий л нөлөө бүхий ноёд, шашны тэргүүн 28 хүнийг Тарвагатайн Улаан бараад Ойрд, Халхын зөрчлийг даван туулах, ирж буй аюулын өөдөөс сөрөх Ойрд-Монголын хууль эрхзүйн анхны актыг хамтран гаргасан байдаг билээ.

Харин Галдангийн тухайд аавынхаа байсан үеэс хавьгүй хүчирхэгжиж, Халхыг хамж авах эцэг өвгөдийн хүслэн бүх Монголыг нэгтгэн захирах нөхцөл бүрдлээ гэж үзжээ. Дээр нь Түшээт хан Чухандорж алсын бодолгүй, хүдэг хийрхүү нэгэн байсан бөгөөд Кансид ашиглагдан Халх-Ойрдын гэрээг эхлээд зөрчсөн нь Галдангийн уур хилэнг хүргэсэн юм. Тэгээд ч цаг үеийн нөхцөл байдал нь өөрөө Манжийн өөдөөс найдвартай хамгаалалт хийх халхавч нь Халх гэдгийг Галдан сайн ойлгож байв.

Ингээд Галдан бошгот нэгэнт хүч нь суларсан Халхыг богино хугацаанд нэг дугтралтаар эзэлж, олон жилийн өс тайлан аймшигт харгислал явуулжээ. Халхын сүм хийдүүдийг сүйтгэж, лам нарыг нь мал засч байгаа юм шиг хөнгөлж байв. Аймшигтай нүүр тулсан халхууд урд зүгт зугтаалаа. Багцаагаар 100 мянга гаруй халхчууд зугтсан нь тэр үеийн монголчуудын хувьд их тоо байсан юм. Аврал эрсэн тэднийг Манжийн хаан Канси хүлээж авлаа. ... Түүний монгол нэр нь Энх-Амгалан хаан. Канси буюу Энх-Амгалан хаан зугтаж очсон Халхын удирдагчид болох Занабазар, Чахундорж нараас ам асуужээ: “Өвөр Монголын 49 хошуу манайд дагаар орсон. Халхууд та нар эдний жишгийг дагасан бол Галданд ингэж доромжлуулахгүй байлаа”.

Ингээд 1691 онд өнөөгийн Долоннуурын хавьд байсан Манжийн нутагт Халхыг хүлээж авах том арга хэмжээ болжээ. Тэр үеийн түүхэнд энэхүү арга хэмжээг Даншиг гэж тэмдэглэсэн байдаг. Даншиг наадам нь Манжийн хааныг магтан дуулах, мандал өргөх гэсэн утгатай, одоогийнхоор бол бэлэг өгөн долигонож, тал зассан найр наадам ажгуу.

Эх сурвалж: Баабар, Непко хэвлэлийн газар, Хорлоогийн Чойбалсан, I боть, Улаанбаатар-2015 он, 24-26-р тал

аас Баабар нийтлэлчийн 9191-4909 тоот утсаар 20160126нд өөрийнх нь зөвшөөрснөөр нийтлэв.

 

Тэнгэр бээр Дундад улсыг жигшин орхисон нь ихэмсэг бардам гоёмсог хээнцэр туйлдаа тулсны учир болай. Би бол умар газрын хээр талд сууж өчүүхэн ч шунахай ховдоггүй, харин даруу хялбарыг эрхэмлэн, элбэг тансагийг няцааж, арвич жирийн байдлыг дaгмуй. Би хэзээ ч нэг янзын хувцас, нэг төрлийн хоолтой байдаг бөгөөд үхэрчин, адуучин лугаа адил хувцаслаж ижил хоолломуй. Би ард иргэдийг нялх хүүхэд мэт энхрийлэн, эрдэмтэн мэргэдийг ах дүү шигээ тэтгэн дэмжмүй. Бид юу ч хийсэн санаа нэгтэй, харилцан бие биеийг өршөөн асрах сэтгэл түгээмэл бөлгөө. Би түмэн цэргийг сурган боловсруулахад биеэр бүхний өмнө яван зуун давхар дайсны жагсаалд учравч ар талд хоцрохыг бодолгүй явсаар долоон жилийн дотор эзэн хааны гүйцэтгэх их үйлийг бүтээж зургаан зүгийн дотроо агч улс орон бүгдийг нэгэн их гүрэнд багтаан нэгтгэв. Миний үйл явдалд эрдэм байснаар биш, Алтан улсын төр батгүй болсны учир Тэнгэрийн ивээл тэтгэлийг хүлээж эрхэм дээд сууринд хүрлээ. Өмнө зүгт Жао овгийн Сүн улстай хил залгаж, умараа Хуйхуй уйгур нарыг нийлүүлж авмагц дорно этгээдийн Ся овогтон, өрнө зүгийн харь аймгууд цөм биеэ боол шивэгчин хэмээх болов. Санавал манай Шаньюй нарын улсаас хойш мянган жил зуун үе өнгөрөхөд өөр ийм улс байсан удаагүй. Иймд миний тушаал их, үүрэг хүнд болсон учир би засаглалыг тэгшлэн үйлдэхдээ алив зүйлийг дутуудуулвай гэж аймуй..

Эх сурвалж: Ш. Баатарын фейсбүк хуудас

Лхагва, 12 2-р сар 2014 18:29

Хүрээг чөлөөлсөн түүх

Нийтлэгч 2014-02-12

Даваа, 14 10-р сар 2013 10:41

Баруун Монголын нvvдэл суудал

                                  

Домогт Монгол орон

Алтан ургийн хэлтэрхий, алаг махний тасархай Дөрвөн Ойрдын Торгууд, Хошууд, Єөлд, Дөрвөд түмнийг Баруун Монгол хэмээн Монголын түүхэнд нэрлэж ирсэн ажуу. Хорос, Хойд аймгууд жижиг тул тэдний хавсарга болж явсан байна. Дөрвөн Ойрдын туулж өнгөрүүлсэн гунигт түүхээс учиг төдий энд дурдья.

Баруун Монголын холбоо зүүнтээ Илийн хөндийгөөс баруунтаа Ховд, умрын Саяaнаас өмнийн Алтантагшийн нуруун хүртэл өргөн уудам нутагт Зуунгарын эзэнт улсаа байгуулж явлаа. Тогон, Эсэн хааны үед бүх Монголыг гартаа атгаж, нанхиадын Минг улсын хааныг олзолж, сүр хүчийг бадруулж байв. Тэр үеийн нанхиадын түүхэнд Баруун Монголын эр нь бяртай, морь нь шандастай, цэрэг нь шороон түм хэмээн дальдарч бичсэн байдаг. 1453 онд Эсэн хаан тэнгэрт хальж, Баруун Монголын холбоо хүчин доройтоход Зүүн Монголд тэдний нөлөө буурчээ. Түүнээс хойш 150 гаруй жил Зүүнгар дангаараа үлдсэн. 17 дугаар зууны эхээр Баруун Монголыг Хархул хаан нэгтгэн захирч, "Хунтайж хаан" гэж өөрийгөө нэрлэн суув. Түүний хүү Баатар Хунтайжийн үед нэгдсэн Баруун Монголын ноёд эрх чөлөө хайж, өвсний сөл даган, Хошууд, Торгууд аймгууд Зүүнгарын нутгийг тэлэхээр хоёр тийшээ салан нүүсэн байна.

Хошуудын Гүүш хаан Төрбайх өөрийн албатаа авч, өмнө зүгт нүүж, Алтантагшийн нуруунаас зүүнтээ Цайдамыг туулан, Хөхнуурт хүрч, улмаар 1637 онд Лхасыг дайлаар мордон, Түвдийг эрхэндээ оруулж, Шар малгайтан Гэлүгвагийн ёсыг өргөх боллоо. Цайдамыг тав хувааж, "Таван Цайдам" гэж нэрлэж байсан нь Хошуудын Хөхэт Бэйс, Хурлиг Бэйс, Баруун Засаг, Зүүн Засаг, Тэйнэр нарын таван нутаг юм. Тэд засаг захиргааны хувьд 21 хошуунд хуваагдах 2000 гаруй өрхөөс бүрдэж байв. Гас нуур, Тэйнэр нуурын хавьд нутаглаж байсан Монголчуудыг "дээд Монгол" ба Хөхнүүрын Монголчууд хэмээн хожим нэрлэх болжээ.

1618 онд Торгуудын Хоо Єрлөг (Бор Єрлөг ч гэдэг) таван мянган өрх албатаа дагуулан, баруун хойш нүүдэллэж, замдаа таарсан нүүдэлчин аймгуудыг арчсаар 1630 онд Уралын нурууг даван, Оросын тал руу цөмрөн ороход, түүний 6 хүү нь 25 мянган Торгуудыг удирдаж явжээ. Тэд цаашилсаар Ногай, Кипчак, Татарын зарим аймгууд, Oросын тосгодыг эрхшээлдээ оруулсаар Астарханд тулсан байна. 1643 онд Астарханыг эзлэх тулалдаанд хотын хананы гадна Бор Єрлөг алагдаж, түүний хүү Шихир Дайчин хаан суув. Шихир Дайчины хүү Пунцагтай Оросын хаан найрамдлын гэрээ байгуулж, Ижил мөрний хөвөөгөөр тэднийг нутагшуулах болжээ. Ижилийн Торгуудууд хавь ойроо түүвээсэн ч Оросын хаан мэдээгүй цариалж, мусалмануудтай өмнөд талдаа дайтаж, сэхээ муутай байж.

Баруун Монголын хүчин суларч, өмнөдөд Манж нар Монгол аймгуудыг эрхшээлдээ оруулж эхэлсэн тул 1640 онд дөчин дөрвөний цаазыг Баатар Хунтайж Халхтай нийлэн хийж, түүнийгээ хотлоороо даган мөрдөх болжээ. Тэр цаазад Хоо Єрлөг, Гүүш хаан Төрбайх нар тамгаа үлдээсэн нь лавтай тэд бүрэн салаад явчихаагүй байсныг харуулж байна. Баатар Хунтайжийн хүү Галдан (Бошигт) хаан ширээнд суугаад зөстэй эрсийн чадал, сурсан эрдэмдээ эрдэж, Халхыг дайлаар мордож, цусан далайд живүүлсэн. Одоогийн жуулчдын бааз байдаг Элсэн тасархайн ар талын Хөгнөхаан уулын нэр үүссэн домгийг дурдвал, Галдангийн цэрэг Халхын мянган ламыг энэ уулын өвөр дэх хүрээн дээр мал мэт засаж, хөнгөлсөн учир эл уулыг Хөгнөхаан гэж нэрлэжээ. Хүчтний дэргэд хүчгүй нь буруутай хорвоо хойно Халхууд аврал ирэн зугтсаар Манжийн Энх-Амаглан хааны нөмөрт очиж, өршөөл гуйжээ. Галдангийн хийсэн эл үйлдэл Монголыг Манжид эзлүүлэх нөхцөлийг хурдан бүрдүүлсэн. Халх аймгуудыг хөөсөн Галдангийн цэрэг Цагаан хэрмэнд дөхөж очоод, Манжийн их цэрэг, Монгол хаадын нэгдсэн цэрэгтэй тулж, их тулалдаан болжээ. Тэр тулалдаанд Зүүнгарын 125 мянган морин цэрэг 10 мянган тэмээгээр бамбай хийн дайралтанд орсон гэдэг. Манжийн цэрэг их буу хэрэглэж, Галдангийн тэмээн бэхлэлтийг үймүүлан сандаргаж, цэргийг нь дарахад, Галдан бүслэлтээс зугтан гарч, саринасан цэргээ цуглуулан Гэрэлчийн гол дээр Манжийн цэрэгтэй дахин тулалдаж ялагдах үед өөрийн хатан Анугаа алдсан. Галдан цөөн нөхдийн хамт зугтсаар Илийн хөндийд буцаж ирэхэд, түүний ах, хорсолд автсан Цэвээнравдан Галдангийн амийг 1697 онд хороосон байна.

Цэвээнравдан Зүүнгарын эзэнт улсыг захирч байхдаа Манж, Халхтай олон удаа өгөө аваатай дайтсан. Манжийн Энх-Амаглан хаан 1719 онд их цэргээ явуулж, түүний хүчийг ихэд сулруулжээ. 1727 онд Цэвээнравдан хорлогдож, хүү Галданцэрэн нь хаан суув. Галданцэрэн 1730 онд Халх Монголын нутгийг дайлаар эзэлж, цагаан хэрмэнд дахин тулсан байна. Гэвч тэд 1732 онд Халх, Манжийн хамтарсан цэрэгт хиар зохиулж, Баруун Монгол дахиж хөл дээрээ босч ирэхгүй болтлoo доройтов. Манжийн түүхийн эх сурвалжид бичсэнээр Дөрвөн Ойрдын аравны есөн хувь буюу 6 зуун мянгыг устгасан хэмээн өгүүлдэг. Гэхдээ Баруун Монгол байсаар л байсан. Баруун Монгол доройтон доройтсоор Манжид нэгдэх ёслол 1754 онд Бээжинд болсны дараа Єөлдийн ноён Амарсанаа бослого гарсансан ч, түүний холбоотнууд хүрэхээс өмнө Манжийн найман тугийн цэрэг Зүүнгарт хүрч, Амарсанаа давуу хүчинд автан, хойш зугтсаар замдаа улаан бурханаар өөд болжээ. Баруун Монголын тусгаар тогнолын тэмцэл үүгээр шувтарга болсон. Yнэнийг хэлэхэд үндэс угсаагаа хамгаалах гэхээсээ илүү өөр хоорондоо хэдэн ноёд тэмцсээр Монгол түмэн бүхлээрээ Манжийн аманд унасан байна.

Харин Ижил мөрний Тогруудуудын хувьд түүх өөрөөр бичигджээ. Шихир Дайчины хүү Пунцаг хаан сууж байхад Зүүнгарынхан олноороо Манжаас дайжин хүрсэн. Хошуудын Хөндлөн Убаш өөрийнхөө 3 мянган өрх албатаа дагуулан Ижилд хүрэв. Пунцагийн хүү Аюк хаан сууснаар хагас зууны турш Торгуудууд Еврoпт нэрээ мөнхөлжээ. Аюк хаан Далай ламтай холбоо тогтоож, Их Пeтeр хаан Ижилд ирэн, Аюктай золгосон. Торгуудын морьт хороо байгуулж, Оросын Оттман Түрктэй хийсэн дайнд тэд жинхэнэ эрлэг нь болж явaв. 1707 онд Шведийн хаантай хийсэн дайнд Торгууд Монголчууд гарамгай гавьяa байгуулсан. 1714 онд Торгуудад Манжийн хаан элчээ илгээв. Манжийн элч тэднийг Зүүнгарынхаа говьд буцаж ирээд Манжид туслан, Цэвээнравдантай дайтахыг ятгасан. Єөрийн охиноо Цэвээнравданд сүй тавьж өгсөн Аюк хаан Манжийн ятгалгыг эрс эсэргүүцжээ. 1724 онд Аюк хааныг таалал төгссөний дараа түүний хүү Цэрэндoндoв хааны ор суусан боловч, том ах Дондог-Омбод хаан ширээгээ алдсан. 1741 онд Дондог-Омбыг тэнгэрт халихад, хүү Дондог тайж хааны ор суув. Дондог тайжийн үед Зүүнгарт явуулсан Манжийн харигслалаас зугтсан Хошууд, Дөрвөт, Хойд овгийнхон ихээр ирж Ижилд суурьшлаа. 1758 онд өөрийн хүү Увшийг хаан суулгав. Ижил мөрний сав нутагт хүчирхэгжсэн Увш хааны Торгуудууд хавь ойрынхондоо халгаатай байсан тул Оросын 2-р Елизабез тэднийг Козакуудаар хүрээлүүлэн эрх мэдэл, үйл ажиллагааг нь хязгаарлаж эхэлсэн. Оросууд Торгуудуудын Түвдтэй холбогдох замыг зориуд тасалж эхлэв. Улмаар Козакууд Торгуудуудын ул мөрийг мөшгих болсон. Увш хаан энэ бүх үйл явдлыг сайтар мэдэж, Оросын мэхнээс удаа дараа мултран гарч, тэднийг "дөнгөтэй баавгай" гэж тохуурхаж байлаа. Тэрээр зориуд 30 мянган цэргийг 1768-1769 онуудад Түркийн дайнд оруулж, их хэмжээний зэвсэг олзолж авсан. Ийнхүү урьдаас их нүүдэлд бэлтгэв. 1770 онд Ижил мөрний мөс хөлдөхийг хүлээж байлаа. Увш хаан 80 мянгаа цэргээ цуглуулж, Зүүнгарын зүг нүүхээ мэдэгдээд, Ижилийн хөвөөгөөр нутагласан бүх ардаа хурaах даалгавар тэдэнд өглөө. 1771 оны 1 сарын 5-нд их нүүдэл хөдлөхийн урд шөнө гайтай цасан шуурга дэгдэж, Ижил мөрний мөс цөмөрсөнөөр баруун эрэгт нутаглаж байсан Монголчууд хааны тушаалыг биелүүлж чадалгүй тэндээ үлджээ.

Торгуудын энэ их нүүдэл 7 сар үргэлжилж, 4 мянган км замыг туулахдаа, Оросуудын тавьсан түмэн бэрхшээлтэй учирч, зам зуурын таарсан цус урсгасан олон дайн, өлсөгөлөнд сульдан ядарч, үхэж үргэдсээр 4 зүүн мянган Торгуудаас зөвхөн 125 мянга нь Зүүнгарын говьд хөл тавьжээ. Наад зах нь гэхэд тэдний зам дахь бүх худгийг хордуулсан байсан гэдэг. Манжийн хаан тэднийг баяр ёслолын байдалтай угтаж аваад, Зүүнгарын говийг 10 мужид хувааж, Торгуудуудад захируулжээ. Ижил мөрний баруун эрэгт 15 мянган өрх буюу 70 орчим мянган Торгуудууд үлджээ. Орос Түркийн хооронд өнө удаа хавчигдсан тэднийг Түркээр "Калмак" гэж баруунд нэрийдэх болсон байна. Калмак буюу Халимагийг Монгол хэлэнд буулгаваас "vлдэгдэл" гэсэн үг болно. "Yлдэгдэл" улсын түүхийг жич өгүүлье. Баруун Монголын нүүдэл суудал товчхондоо ийм болюу.


Баруун Эргийн Монголчуудын Соёлын Сангийн тэргүүн Ш.Баатар

 

 

Пүрэв, 19 9-р сар 2013 12:58

Партианы харвалт

                             

Shirchin Baatar

Бидний өвөг дээдсийн морин дээрээс эргэж харавдаг байлдааны аргыг барууны түүхэнд Партианы харвалт /Partian shot/ гэж нэрлэдэг. Яагаад ингэж нэрлэх болсон шалтгааныг та бүхэнд товч хэлсү.

Бүгд найрамдах засаглалтай Ром гүрнийг Помпэй, Юлий Цезарь, Маркус Красус гурван жанжин хуваан захирч байхдаа газар нутгаа гурван тийш тэлэх аян дайн хийжээ. Помпэй баруун зүгт довтолж Испани зэрэг орныг эрхэндээ оруулжээ. Юлий Цезарь хойшоо довтолж германчууд зэрэг умартын бүдүүлгүүдийг эрхшээлдээ оруулжээ. Маркус Красус дорно зүгт нутгаа тэлэх аян дайнд морджээ.

Хуучин Персийн хаант улсын хэсэг, одоогийн Туркменстан, Туркийн умарт нутагт Партиа хэмээх төв Азиас нүүдэллэж ирсэн улс аймаг оршин тогтнож байжээ. Маркус Красус ба түүний хүү Пупилиус Красусын удирдсан Ромын 8 легион цэрэг Партиа руу давшаад орж иржээ. Явган цэргийн их хүчээр түрж ойрын тулалдаанд олон арга хэрэглэн байлддаг Ромын цэргүүд ялна гэдэгтээ итгэл төгөлдөр байжээ.

Партиа улсын цэргийг Сурена гэдэг жанжин удирджээ. Партианы морин цэрэг бүр 2 тэмээн ачаа сум бэлтгэж уулын ард тэмээгээ уяж бэхлэлт хийгээд Сурена жанжин морин цэргээ хэдэн хэсэг хувааж эхний хэсэг Ромын легионуудад тулж саран хүрээгээр хүрээлж, хүрээгээ хумин хумьсаар бүслэлтийн цагираг үүсгээд, тойрч давхихдаа гэдрэг харваж эхэлсэн байна.

Ромын легионууд Партианы цэргийн харвах сум дуусахыг хүлээж бамбайгаараа халхавчлан яст мэлхий хамгаалалт хийжээ. Эхний ээлжийн морин цэрэг сумаа дуустал харваад буцахад дараагийн ээлжийн цэрэг ирэн харваж, завсар чөлөө өгөхгүй ээлжлэн суман мөндөр өдөржингөө буулгажээ. Үүнийг Грекийн түүхчид бичихдээ “Партианы харваачид морин дээрээс зогсоо зайгуй гэдрэг харваж Ромын цэргийн гавлыг нь дуулгатай, гарыг нь бамбайтай, газартай хөлийг нь нэвт хадаж байлаа” гэжээ. Маш эрчтэй төмөр зэвээр харваж байж ийм юм болно доо.

Эндээс Партианы харваа гэдэг үг үүсчээ. Арга ядсан Маркус Красус өөрийн хүү Пуплус Красусаар Дани гаралтай 1300 хүнд морин цэргийг удирдуулж бүслэлтийг сэтлэхийг оролджээ. Гэнэн залуу жанжин Пуллус Красус хүнд морин цэргээр давшиxад Суренагийн морин цэргүүд ухарч зугтах маягаар хоёр жигүүрээ алгуур хаяж нуман хэлбэрт оруулж байгаад гэнэт араас нь дайраад бүсэлж аваад бут ниргэжээ. Пупилиус Красусын толгойг тасдаж аваад жадны үзүүрт өлгөн өргөж Маркус Красусын бүслэгдсэн легионы өмнүүр парад хийж сүрийг үзүүлжээ.

Бууж өгөх эсвэл хэлэлцэж тохирохоос өөр замгүй болж уй гашууд автсан Маркус Красус жанжин хэлэлцээр хийхийг хүсчээ. Хэлэлцээр хийх явцад Маркус Красусын нэг хамгаалагч цэрэг зэвсгэндээ хүрсэн шалтгaанаар алагдаж, Маркус Красус баригдсан байна. Ромын 8 легионоос 2 нь үлдэж бууж өгсөн ажээ. Сурена жанжин Маркус Красусыг яах талаар Партианы хаанаас асуухад “-Наaдах чинь манай газар нутагт шунаж ирсэн шуналтай амьтан, ам нь их цангаж байгаа 2 кг (одооны хэмжээгээр) алт хайлуулж хоолой руу нь цутга" гэж тушааж, хааны зарлигийг ёсчлон гүйцэтгэсэн байна. Ромын 2 легион цэргийг Ази руу боол болгон заржээ. Энэ бол сонгодог түүхэнд үлдсэн яриа.

Энэ алдарт тулалдаан МЭӨ 53 онд Карраэ (одоо Туркт буй) хэмээх газар болжээ. Үүнээс хойш ромчууд дахиж дорно зүгт дайн хийгээгүй гэдэг. Гэтэл дорнын түүхэн болохоор Баруун хан улсын цэрэг Хүннүгийн Хуханэ /Жижи?!/ шаньюйг Талас голын хөвөөнд бэхлэлт хийж сууж байхад эзлэн авчээ. Тэр үед Хуханэ шаньюйн цэрэг Ромын цэргийн аргаар тулалдаж байсан хэмээн тэмдэглэн үлдээжээ. Мөн Гансу мужид Лэжи хэмээх хот байдаг ба тэр хавийн хумуус өндөр биетэй, өнгөт нүдтэй гэнэ. Лэжи нь “легион” гэсэн үгний хятадчлагдсан дуудлага гэнэ.

Гэтэл 90-ээд онд энэ хотын хавийн булшнаас Ромын цэргийн дуулга олсон ба өрөөсөн шанаан дээрээ ханзаар боол гэж бичсэн байсан гэнэ. Гэхдээ хятадуудад итгэхэд бэрх л дээ. Ямар ч байсан партианчууд нь хүннүтэй нэг угсааны хүмүүс байсан, Хүннүд легион цэргүүдийг боол болгон зарсан нь тодорхой байна.

Эндээс харахад түүх гэдэг бол агуу юм шүү. Ийм маягаар түүхийн өчүүхэн хэсгийг таслан авч бичвэл уншигч танаа таалагдана буй хэмээн найдаж байна.

— in San Francisco, CA, United States.

Мэдээллийн эх сурвалж: https://www.facebook.com/photo.php?fbid=473411002756528&set=a.425927980838164.1073741826.100002628981075&type=1&theater

Цахим Өртөө Сүлжээнд элсэх

  • Өртөөний сүлжээнд элсэх

tsahim_urtuuХэрэв та Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээнд элсэхийг хүсвэл: http://groups.google.com/group/tsahim-urtuu-suljee хаягаар зочилж маш хялбархан бүртгүүлж болно. Та Гүүгл суурьт энэхүү сүлжээнд имэйлээ бүртгүүлснээр манай сүлжээний гишүүн болно.

 

Image Temp

Энэ хуудас нь Цахим Өртөө сүлжээний нийт гишүүдийн хамтын бүтээл байх бөгөөд ажил хэргийн санал болгоныг вэбийн хамтлаг тухай бүр нь тусган энэ хуудсанд оруулж байх болно. Хамтран ажиллаж буй, ажиллахаар зэхэж буй таньд баярлалаа.

Newsletter