171-р сар2017

Бүлэг: Ярилцлага

Хүү минь Японд очоод удалгүй сумогоор барилдахгүй гээд буцаад ирсэн.

Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан Кёктунхо Цэвэгнямын ээж Я.Цэвэлмаа гуайтай ярилцлаа.

Сайн байна уу танд Эмэгтэйчүүдийн баярын мэндийг дэвшүүлье
Энэ жилийн мартын наймны онцлог гэвэл?

Жил бүр л өөрийн гэсэн өнгө аястай баярладаг даа. Энэ жилийн хувьд Хүү Цэвэгням болон монгол хүн сумогоор барилдаж эхэлснээс хойш яг хорин жил болж байгаатай давхцаж буй нь сайхан байна.

Анх хүүгээ үдэж байсан сэтгэгдэл, дурсамжаасаа хуваалцана уу?

Анх явсан зургаан хүүхдийн эцэг эх бид бүгд бараг хэн нь ч ялгаагүй сумогийн талаарх мэдлэггүй ёстой униар дунд л тэднийгээ үдсэн. Энэ үеэс хоёр орны спортын харилцаанд цоо шинэ хавар ирж түүнээс хойш олон хүүхэд сумогийн босгыг давж, олон хүн энэ ертөнцтэй холбогдсон. Бага хүү Лувсандорж ч бас сумог сонирхон барилдаж байгаад таван жилийн өмнө зодог тайлсан.

Дэлгэрэнгүй: Хүү минь Японд очоод удалгүй сумогоор барилдахгүй гээд буцаад ирсэн.

  • Бичсэн Oyunbaatar
  • Үзсэн: 7508

Бүлэг: Ярилцлага

Чингис хааны Ү-ДНК ба Монголчууд болон Казакууд

Эх сурвалж: zamdaan.com

Манай сэтгүүлийн зочин: Батбаярын ХЭРЛЭН

АНУ-д Биоанагаах инженерийн чиглэлээр суралцдаг. 2007 онд үйл ажиллагаагаа эхэлсэн Монгол Туургатны Хуралдай төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулсан удирдах зөвлөлийн гишүүдийн нэг. 2007-2010 оны хооронд тус байгууллагын цахим хуудсыг хөтөлж байсан. 2009 оноос эхлэн Казакстан улсын түүх, генетик судлаач эрдэмтэдтэй холбоо тогтоож одоо хүн төрөлхтөний генетикийн удамшлыг тогтоох чиглэлээр судалгаа хийдэг “ФамилиТрий ДНК” компанид (http://www.familytreedna.com/) “Монгол ДНК” төслийн туслах зохицуулагчаар ажиллахын зэрэгцээ мужийнхаа нэгэн эмнэлэгт хорт хавдрыг анагаах бичил эмчилгээний багт судалгаа хийж байгаа юм. 

Тэрээр залуу хүн гэхэд монголынхоо түүх, соёлтой холбоотой гадаад дотоодод хэвлэгдсэн баримт эх сурвалжуудыг байнга уншиж судалдаг, суралцаж судалгаа явуулж байгаа өөрийн үндсэн мэргэжил төдийгүй түүх, угсаатан зүй, археологи, антропологи гээд олон салбарыг сонирхон үздэг өргөн хүрээний мэдлэг боловсролтой болох нь ярилцлагын явцад тодорч байлаа. Ингээд шинжлэх ухааны нарийн мэргэжилийн нэгэн чухал салбар болох генетикийн чиглэлээр амжилттай ажиллаж байгаа судлаач бүсгүйтэй хийсэн сонирхолтой ярилцлагын эхний хэсгийг хүлээн авна уу.

Дэлгэрэнгүй: Чингис хааны Ү-ДНК ба Монголчууд болон Казакууд

  • Бичсэн Tsahim Urtuu
  • Үзсэн: 24036

Бүлэг: Ярилцлага

“Монгол Улсын Ерөнxий Сайдууд” марк авилга мөн үү?

Уран бүтээлч Тодын Отгонбаяр. Лондон хот

Дурсамж номоос

Уншигч таны xарж байгаа нэг ийм монгол марк бий. Гараx болсон учир шалтгаан, бутээсэн ууx тууx нь xирэндээ сонин.
 
 1997 он дөнгөж гарангуут туxайн үедээ маркийн асуудлыг xариуцаж байсан  Монгол Марк Компани (ММК) “Монгол Улсын Eрөнxий Сайдууд” сэдэвт марк гаргаxаа албан ёсоор  зарлалаа.Үүнээс сар орчмын өмнө тус компаний нэг ажилтантай Mарк сонирxогчидын клуб дээр тааралдаж ойр зуурын юм ярьж байтал  “Манай заxирал (ММК-ны заxирал байсан Г.Раднаабазарыг xэлж байна) танай М.Энxсайxаныг Eрөнxий Сайд болсонд иx баяртай байгаа, тууний гарын усгийг аваад алтан дардасаар xэвлэсэн…” ч гэл уу, нэг сонин юм ярьдаг юм.

М.Энxсайxан, Зөвлөлт Xолбоот Улсад сургуулиа дуургээд ирсэн шинэxэн төгсөгч БНМАУ-ын Гадаад Xудалдааны Яаманд ажиллаж эxлэx уед Г.Раднаабазар Xолбооны яамны Шуудан xолбооны xэлтэст маркийн мэргэжилтэн-зүраачаар ажиллаж байсан бөгөөд маркийн эx зургуудийг ГXЯ-аар  дамжуулан  Унгар улсад xэвлүүлэxээр илгээдэг систэмтэй байсан юм билээ. Тэгэxээр тэр xоёр бүр 1970-аад оны сүүл үеэс танилууд байсан бололтой.
Цөөнгүй жил xамтарч ажилласан ч байx. Одоо тууний xуучин  танил нь Монгол Улсын шинэ Ерөнxий Сайд болов. Чуxам ийм xувийн гэмээр xарилцааны ундсэн дээр энэ маркийг гаргаx санаа Г.Раднаабазарт төрсөн юм болов уу гэмээр. (Од шүүрэx цаг !)
 
 Энэ чинь юу болж байна? Өнөө айxтар авилга  xээл xаxууль нь биш биз? гэж энэ  маркийг гаргаx туxай зарлаж байxад надад бодогдож байлаа.
Учир нь 1992-1996 онд МАXН (өнөөгийн МАН +МАXН) засгийн эрxийг xяналтгуй эзэгнэж байxдаа авилга, xээл xаxуулийн xэрэгт байсxийгээд л орооцолдож байсан нь надад болон өөр олон xүнд ийм xардаx сэтгэл төрүүлсэн байx. Зарим нь бүр ил цагаан “Муу Раднаабазар зальт ноxой танай намынxан ялсан болоxоор дээшээ тал засаж, нүxээ уxаж байxгүй юу даа” гэнэ. Тийм ч биз, үгүй ч биз. За энэ ч яаxав.
 
Уг нь бол oлон улсын жишгээр туxайн улс Төрийн тэргүүнээ (Ерөнxийлөгч, Xаан, Xатан xаан, Эмир, Султан...гм)  маркандаа  залдаг л даа. Бараг заншил болчиxсон юм. ГэxдээЕрөнxий Сайдуудын туxайд бол арай өөр. Тэр тусмаа бөөндөөд байдаг нь бүр үгүй. Xарин туxайн улсдаа байтугай дэлxийн  тууxэнд алдар суугаа дуурсган бичигдэгсэд, жишээ нь Иx Британы экс-Ерөнxий Сайд  B.Чэрчөлл энэ тэр бол нэг ондоо xэрэг. Туунд зориулсан маркийг эx орон нь нэгээр тогтоxгуй гаргасан байдаг. Өөр улс орнууд ч гаргасан нь бий. Үүнийг дэлxийн нэртэй “Stanley Gibbons, Michelle, Sakura”  зэрэг маркийн  каталогуудаас xарж болно.
 
За яаxав энэ маркийг гаргалаа гэж бодьё. Гэтэл (гай таарч) Ерөнxий Сайд нь байнга солигдож байдаг Япон, Итали шиг болчиxвол яаx вэ? Маркаа үргэлжлүүлээд байx уу, эсxүл зогсооx уу? Xэн нэгэн xүн надаас “Тэнд Итали, Японд тэгж л байдаг. Гэxдээ манай Монголд тийм болно гэж  ямар чөтгөр нь чамд шивнээд байсан болж байна?. Чи далдыг xарагч юм уу? Эсxүл тийм мундаг аналитик байсан юм уу? гэж xэн нэг нь намайг даапаалж болоx юм  Гэxдээ юманд учир бий! Ямар ч байсан М.Энxсайxаны Засгийн Газар нэг иx удалгуй унаx байx гэсэн зөн совин надад байсан нь сонин ч юм шиг. Уг нь учрыг гадарладаг xунд бол сонинсоод байx юмгуй л дээ.
 
Яагаад гэвэл “Ардчиксан Xолбоо Эвсэл” байгуулагдаxад түүний даргаар
Ц.Элбэгдорж сонгогдсон юм.  Xэрэв сонгуульд ялвал тэр Ерөнxий Сайд болоx учиртай. Туxайн үедээ тэгж ойлгогдож байснаар бараxгүй олон улсын жишиг тийм. Гэвч (xачин сонин) xуйвалдаан болж М.Энxсайxан Ерөнxий Сайд боллоо!
Эвсэл сонгуульд ялангуутаа задарч эxэлж байгаа нь энэ. Олон намын угшилтай тэрнийxээ тоогоор заадлаараа зад үсрэнэ. Уншигч та тэр 1996 сонгуулийн дүнг мэдэx үү? Санаж байна уу тa, АXЭ 50 суудал авч засгийн эрxийг бүрэн аваxад ганцxан суудал, ердөө ганцxан xүнээр дутаж байсныг? Тэр үеийн xуулиар Улсын Иx Xурлаас аливаа, xууль тогтоомж, шийдвэрийг гаргаxад УИX-ын нийт гишүүдийн гуравны xоёр буюу 51 xүний саналаар баталдаг, чанга байлаа шүү дээ. (Одоо бол арван xэдxэн гишүүн xууль баталдаг болчиxсон юм биш үү)
Юм үзээгүй Эвсэлийнxэн өөрсдийгөө тэнгэрийн умдаг атгалаа xэмээн сагсагнаж, Өвөрxангайд, үнэндээ бол ялчиxсан байсан нэг нөxрөө xаячиxсан юм ш дээ. Hэгийнxээ төлөө яваагүйнxээ горыг голдоо ортол амссан даа, эвслийнxэн. Xарин олон жил засаг төр барьсан, иx xорчин МАXН (MAH + MAXH ) бол тэр ганц суудлын утга учрыг  маш сайн ойлгосон, тэгээд ч авсан. Дээр нь шийдвэрлэx ганц суудлыг эзэмшиж байсан талийгч Дашбалбар МАXН талдаа гарсан зэрэг учир шалтгаануудыг нэгтгээд дүгнэxэд АXЭ “алуулж” таараа, олон Засгийн Газар унаж, олон Ерөнxий Сайд солигдоноо гээд над шиг цөөнгүй жил улс төрд оролцож явсан   xүн xэлчиxэд тийм xэцүү гэж үү?
 
...1997 оны 2-р сард Засгийн Газрын тогтоолоор Монгол Марк Компанийг татан буулгаж “ Монгол Шуудан Компани”-д (МШК) нэгтгэв. Ингэснээр Монгол Шуудан Компани шинээр бий болж байгаа юм. 3-р сард нь би (бүтэн 10 жилийн дараа)  Монгол маркд буцаж ирлээ. Намайг ажлаа аваад удаагүй байxад Г.Раднаабазар ирж уулзаxдаа энэ маркийн талаар намайг ямар байр суурьтай байгааг асуулаа.
 
Т.Отгонбаяр: Монгол Улс парламентын засаглалтай улс. Өнөөгийн улс төрийн нөxцөл байдлын улмаас Ерөнxий Сайдууд солигдоx магадлал иxтэй. Тэгвэл энэ сэдвийг цаашид үргэлжлүүлэxэд хүндрэлтэй учир миний зүгээс татгалзана Ер нь энэ чинь дэлxийн жишигээс гажууд санал  гэдгийг та өөрөө мэдэж байгаа.
Г.Раднаабазар: Отгонбаяр aa, бүр гаргана гээд зарлачиxсан ш дээ.
Т.О; Та энэ маркийг гаргаx нь зайлшгүй гэсэн үндэслэлээ тайлбарла даа.
Г.Р; Нутаг нутгийн xүмүүс энэ эрxэм албыг xашиж байсан, үүнийг xаруулаx гэсэн юм.
Т.О: Hаадаx  чинь марк гаргаx нь зүйтэй гэсэн үндэслэл биш байна. Энэ бол Монгол Улсын шуудангийн марк.Үүнд нутаг жалгийн xүчин зүйл нөлөөлөx ёсгүй.Одоо 1997 оны болон цаашиx онуудын төлөвлөгөөнд шинээр байгуулагдсан МШК бодлогын шинжтэй өөрчлөлт оруулаx болно.Үүнд энэ марк ч xамаарана гэж би xэллээ.
 
Ингээд юутай ч 1997 оны төлөвлөгөөнөөс xасч орxив. Ер нь ч ийм марк гаргаx  xэрэггүй юм  Гэтэл 1998 оны төлөвлөгөө боловсруулж эxлэx үед энэ асуудал удирдлагын зүгээс даxин босоод ирдэг байгаа. Би нөгөө үгээ xэлээд л...Дарга нар болоxоор оруул гэж шаxаад л...Цаана нь нөгөө Раднаабазар суугаад байна л даа, мэдэж ядаx юм алга. Манай эрxэм дарга нар Ерөнxий Сайдуудын “xувь заянд’ санаа нь зовоод байгаа бололтой. Тийм учир тэд“ялж” энэ марк 1998 онд xэвлагдэx маркийн төлөвлөгөөнд орлоо. Нэгэнт эрx мэдэлтнүүд шийдвэрээ гаргасан тул би заxирагдаxаас өөр замгүй. Mаркийг зураx ажлыг зураач Ц.Цэнгэлд даалгаж, зөвлөxөөр нь түүxийн уxааны доктор талийгаач Д.Идшинноров гуайг авлаа.Ингээд 17 Ерөнxий Сайдын xөрөг бүxий энэ xэлxээтэй маркийн эx зургийг 1997 оны 10-р сард анx xэвлэлд шилжүүлсэн юм.
 
...1998 оны 4-р сард Ц.Цэнгэл бид xоёр Xятадын маркийн талаар туршлага судлаx, шинэ эx зурагнуудыг xэвлэлд шилжүүлэx, xэвлэгдэж буй болон xэлэxээр зэxэж байгаа маркуудаа түүний дотор ‘Ерөнxий Сайдуудаа” эргэж тойроx зэрэг удирдамж
-тай албан томилолтоор Бээжин явлаа.
Гэтэл нэг өдөр Улаанбаатараас Ерөнxий заxирал Ж.Баатарxүү ярьж байнаа.
“За чи, МШК-ны өмнөөс уучлал гуйгаад, манай оронд Засгийн Газар солигдож Ерөнxий Сайд өөрчлөгдлөө. Иймд энэ марканд зоxиx өөрчлөлт засвар xийсний дараа даxин xүргүүлье” гэж мэдэгдээд эx зурагнуудаа аваад буцаад ир гэсэн заавар өгөв.  
 
Буцаж ирээд түүнд  ажлаа тайлагнаxдаа ер нь энэ маркийг гаргаxаа больчиxвал яасан юм бэ гэж саналаа xэлсэн ч зөвшөөрсөнгүй. Шинэ Ерөнxий Сайд Ц.Элбэгдоржийн зургийг яаралтай зуруулаад xэвлэлд шилжүүл! гэсэн заxирамж өглөө.
Ингээд түүний фото зургийн эрэлд гарав. Маркийн зургийн шаардлага xангасан сайн фото байx ёстой байдаг. гэтэл тэр нь цагаа болоxоор тийм ч амар олддоггүй юм байна. Олдсон нь гологдоно. Цаг яваад байдаг, дарга нар шаардаад байдаг. Арайxийж Ц.Элбэгдоржтой өөртэй нь уулзаж байж нэг фото оллоо. Зурууллаа.
Ингээд 1998 оны 6-р сард, арван найман Ерөнxий Сайдын (Намнансүрэнгээс Элбэгдорж xүртэл) xөрөг бүxий шинэчилсэн xоёр даxь xувилбарыг xэвлэлд шилжүүлэв. Үүний өмнө xаширалгүй нөгөөxөө xэлээд авлаа шүү. Маркийн xэлтсийн дарга Л.Балганшош гуай “Би мэдэxгүй, чи өөрөө Ерөнxий заxиралд xэл” гэнэ. Xарин өнөөx нь “За чи олон юм ярилгүй xэвлэлд шилжүүл! гэж тушаал буулгалаа..
 
...Инээдтэй ч гэx үү, xарамсалтай ч гэx үү, энэ марк xэвлэгдээд ирж байxад буюу 1998 оны 8-р сард АXЭ-ийн дотоод зорчил дээр МАXН “амжилттай тоглож”
Ц.Элбэгдоржийн Засгийн Газар унаж тэр албан тушаалаасаа огцорч байваа.
Монгол орон даяар шинэ Ерөнxий Сайдын эрэлд “xатлаа” Өнөөx нь олддоггүй ээ, xэдэн сар л болсон юмдаг... “За дараагийн Ерөнxий Сайдын марк гаргаx бэлтгэлээ xангаж байя” гэж би дарга нараа даапаална. Ц.Цэнгэлийгээ “Xөөе, чи будаг бийрээ бэлтэж байгаарай” гэж  цаашлуулна...
 
Энэ марзан явдлын дараа шинээр Ерөнxий Сайд төрөx бүрийд (дараа нь Ж.Наранцацралт 1998 онд, Р.Амаржаргал 1999онд, Н.Энхбаяр 2000 онд тус тус болсон)  энэ маркийг үргэлжлүүлж xийx эсэx туxай яриа дэгдэx ба Л.Балганшош гуай нэг “мэргэн” санал гаргаснаас xойш тэгсгээд чимээгүй болсон.
Tэр “Ер нь Ерөнxий Сайд нарыг дөрөв дөрвөөр нь багцалж гаргаж байя” (xэ xэ xэ).
Бусад дарга нар нь “Ер нь тэгьэ, тэгье” (xа xа xа)
 
Тэxээр одоо уxаан нь энэ xөөний маркийг үргэлжлүүлдэг юм аа гэвэл, дээрxи гурваас гадна М.Энxболд, тэгээд С.Баяр, тэгээд Сү.Батболд ...гээд цувчиxна. Гэтэл марк xэвлэгдээд ирж явтал нь дараагийн ээлжит Ерөнxий Сайд “төрж” байвал яана, тээ ? 

  • Бичсэн otgonbayar_oogii
  • Үзсэн: 4966

Бүлэг: Ярилцлага

Ларсон Богдоос гүн цолоор шагнуулж байлаа

Ярилцсан Д.ОЮУНЦЭЦЭГ

Дани, Швед, Норвег, Финландын туршлагыг манай эрдэмтэд, судлаачид улам нарийвчлан судалж, үндэс угсаа нэгтэй, цөөн хүн амтай эдгээр жижиг улсуудад хэрэгжүүлж чадсан хөгжлийн энэ загварыг Монголд нутагшуулахсан-

Монгол Улсаас Шведэд суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Б.Энхмандахтай дипломат албаны 100 жилийн ойг тохиолдуулан онлайнаар ярилцлаа.

-Та Монгол Улсыг Шведэд төдийгүй Скандинавийн орнуудад төлөөлөн сууж байна. Монголчууд Скандинавын орнуудтай эртнээс харилцаатай, Ларсоны пүүс гэж швед эзэнтэй газар Богдын хүрээний Американ дэнжид байсан , Ларсон өөрөө Богдоос цол шагнуулж явсан гэж түүхэн кинонуудад гардаг шүү дээ. Эдгээр оронтой тогтоосон харилцааны түүхийн талаар танаас сонсмоор байна?


-Монгол Улсад орчин цагийн дипломат алба үүсч, Гадаад харилцааны яам байгуулагдсанаас  хойш 100 жил болж байна. Тэгвэл Скандинавын орнууд, Монголын хоорондын харилцааны түүх ч бас зуунаар хэмжигдэх учиртай юм. Бүр XIX зууны сүүлээс нэрт Ази судлаач Свен Хэдин, Франс Август Ларсон зэрэг Шведийн судлаачид, эрдэмтэд, шашны номлогч, худалдаачид Монгол орныг сонирхон судалж, зарим нь олон удаа аялж, нөгөө хэсэг нь ажиллаж, амьдарч байсан юм билээ. Тэд Монголын байгаль орчин, ан амьтан, түүхийг нарийвчлан судалж байсны гадна ахуй, соёл, зан заншилтай сайтар танилцаж, компани байгуулан бизнесийн үйл ажиллагаа явуулж байжээ. Тэр ч байтугай Монголоор дамжуулан Орос, Хятадыг холбох төмөр зам барих төсөл боловсруулж байсан түүхтэй. Ганцхан жишээ хэлэхэд, Монголд 1893 оноос 35 жил амьдарч, Олноо Өргөгдсөн Богд хаант Монгол улсын “Гүн” цолоор шагнуулж байсан Шведийн иргэн Франс Август Ларсон “Монгол гүн Ларсон” номдоо “Бүх орон, аймаг хошуугаар явах зуураа би амин хувийнхаа сонирхлыг ард түмнийхээс дээгүүр тавьсан гуравхан ноёнтой дайралдаж билээ. Засаглахаар заяасан тоотой хэдэн жилийнхээ хугацаанд ухаалаг, сайн ажиллах явдал бол Монголын ноёдын гэр бүлийн мах цусанд шингэсэн чанар байжээ” гэж бичсэн нь тухайн үеийн Монголын төрийн зүтгэлтэн, хаад, ноёдын ёс зүйг сайтар судалсан судлаач хүний өгсөн өндөр үнэлгээ гэж хэлж болно.

-Монголыг судалсан өөр ямар эрдэмтэд байдаг бол. Хөвсгөлд гэхэд дани хүн аж төрж байсан гэж нутгийнхан хэлдэг юм билээ?

-Умард Европын бусад улсын эрдэмтэд, судлаачид ч Монголыг нэлээд эртнээс сонирхон судалж байсан байдаг. Данийн иргэн, судлаач-аялагч, зохиолч Хэннинг Хаслунд-Кристененсен 1923-1926 онд доктор Карл Кребс /Carl Krebs/-ийн удирдлага дор Монголын умарт хязгаараар аялж, одоогийн Хөвсгөл аймагт Дани тосгон байгуулан газар тариалан эрхлэн амьдарч, Монголын тухай олон сонирхолтой ном бичиж, Данийн уншигчдад хүргэж байсан сонирхолтой түүх бас бий. Одоо цагт түүний хүү, Данийн Крисчианборг ордны Маршал асан Сөрин Хаслунд-Кристененсен гуай Монгол Улсын Өргөмжит консулаар томилогдоод хоёр орны харилцааг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулан ажилласаар байна.  Финландын иргэн Густаф Жон Рамстед XIX зууны эхээр Монголд очиж, монгол хэл судалж, Монголын үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний үйл хэрэгт тус дөхөм үзүүлж явсан байх жишээтэй.

1930-аад оны үеэс зогсонги байдалд байсан манай гадаад харилцаа  Монгол Улс 1961 онд НҮБ-ын гишүүн болсноор сэргэж, Скандинавын орнуудтай албан ёсоор дипломат харилцаа тогтоосноос хойш өнөөг хүртэл 40 гаруй жил болж байна. 1990-ээд он хүртэл мөнөөх дээр үеийн харилцаа саарч, харилцаа, хамтын ажиллагаа хязгаарлагдмал байж ирсэн нь үнэн. Харин 1990-ээд оноос харилцаа, хамтын ажиллагаа идэвхжиж,  Монгол Улсын ардчилсан өөрчлөн байгуулалтыг дэмжихэд чиглэсэн агуулга бүхий тусламж, солилцоо, төсөл хөтөлбөрүүд олноор хэрэгжсэн. Ганцхан жишээ хэлэхэд, өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд Шведийн Засгийн газар Олон улсын хөгжлийн агентлаг буюу СИДА-гаар дамжуулан манай оронд 30 гаруй сая ам.долларын хөгжлийн  тусламж үзүүлсэн байдаг. Монгол Улс хоёр жилийн гаруйн өмнө буюу 2009 оны аравдугаар сард Стокгольм хотноо ЭСЯ-аа албан ёсоор нээж, Швед, Дани, Норвег, Финланд улсыг хамааран, үйл ажиллагаагаа явуулж эхэлснээр Монгол, Скандинавын харилцааны түүхэнд шинэ буюу түншлэл, хамтын ажиллагааны үе эхлээд байна гэж хэлж болно.

-Скандинавын орнуудад ЭСЯ байгуулснаас хойш бараг хоёр жил болж байгаа юм байна. Танай ЭСЯ-наас өнгөрсөн хугацаанд хийсэн дорвитой ажлыг нэрлэ гэвэл та юу хэлэх вэ?

-Манайх шинэ тутам байгуулагдаад бэхжиж хараахан амжаагүй, цөөн ажилтантай жижиг ЭСЯ ч гэсэн багагүй ажлыг хийж амжуулсан гэж боддог шүү. ЭСЯ-ны өнгөрсөн оны ажлыг дүгнэвэл 2010 оны онцлох есөн үйл явдлыг нэрлэмээр байна. Цаг, цаас хэмнэх үүднээс цөөн хэдийг эднээс нэрлэе л дээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2010 оны аравдугаар сард Бүгд Найрамдах Финланд улс, Данийн Вант улсад тус тус айлчилсан. Монгол Улсын төрийн тэргүүн анх удаа Умард Европын улсуудад айлчилсан нь эдгээр оронтой тогтоосон харилцааны түүхэнд шинэ хуудас нээж Монгол-Скандинавын орнуудын хамтын ажиллагааг урагшлуулахад түлхэц үзүүлсэн түүхэн айлчлал болсон гэдгийг талууд хүлээн зөвшөөрсөн. Монгол Улс Стокгольм хотноо төвтэй Ардчилал, сонгуулийн үйл явцад туслах Олон улсын Хүрээлэнгийн жинхэнэ гишүүн болсон. Энэ нь манай улсын гадаад нэр хүндийг нэмэгдүүлэх, улмаар олон улсын харилцаанд байр сууриа бэхжүүлэхэд түлхэц үзүүлэх чухал үйл явдал болсон. Элчин сайд хавсран суух бүх орнууддаа, тухайлбал, 2010 оны хоёрдугаар сард Данийн Хатан хаан II Маргретед, гуравдугаар сард Норвегийн Цог жавхлант Хаан V Харалдад, дөрөвдүгээр сард Финландын Ерөнхийлөгч, Эрхэмсэг хатагтай Таря Халоненд Итгэмжлэх Жуух бичгээ тус тус өргөн барьсан нь Скандинавт суурин сууж ажиллах Монгол Улсын анхны Элчин сайд итгэмжлэх жуух бичгээ барьсан гэдэг утгаараа чухал үйл явдал болсон зэргийг эн тэргүүн нэрлэмээр байна даа.

-Энэ жил юу амжуулав?

-Оны эхний хагас жилд хэрэгжүүлэхээр хэд хэдэн арга хэмжээ төлөвлөж ярилцаж тохирсон зүйл байсан боловч зарим нь айлын болон манай талын боломжоос шалтгаалж хойшиллоо. Гэхдээ харилцааны төлөвлөсөн гол арга хэмжээнүүд хэрэгжиж байна.

Манай ЭСЯ өнгөрсөн тавдугаар сард Гадаадын хөрөнгө оруулалтын газар, Дэлхийн монголчуудын чуулган Олон улсын ТББ (ДМЧ), Монголын Энх тайван, найрамдлын төлөө холбоо, Монгол-Шведийн Нийгэмлэг, ШУА-тай хамтран Швед улсын нийслэл Стокгольм хотноо “Монголын өдрүүд”-ийг зохион байгууллаа. Өдрүүдийг зохион байгуулахад манай Гадаад харилцааны яам, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам ивээн тэтгэгчээр оролцож, Шведийн худалдааны зөвлөл, Стокгольмын худалдааны танхим,  Шведийн худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих СИЕН байгууллага, Швед дэх Монголчуудын Холбоо, Швед дэх Монголчуудын үндэсний холбоо зэрэг олон байгуулага, хувь хүмүүс хамтран ажилласан нь үр дүнгээ өгч, амжилттай болж өнгөрсөн. Өдрүүдийн хүрээнд Дэлхийн монголчуудын чуулганы Европын бүсийн зөвлөлдөх уулзалт, Монгол-Шведийн бизнес эрхлэгчдийн уулзалт, эрдэмтэд, судлаачид, Монголыг сонирхогчдын уулзалт, Стокгольм хотын номын санд Монгол номын фонд нээж, ном гардуулах ёслол болж, Ардын жүжигчин А.Долгор, “Шуранхай” хамтлаг, морин хуур, хөөмий, уран нугаралт оролцсон урлагийн тоглолт, МУЭ-ийн гишүүн зураач Б.Төмөрбаатар, МОНЦАМЭ-ийн гэрэл зурагчин Б.Цэрэнжамц нарын “Сайхан Монгол орноор” сэдэвт  уран зураг, гэрэл зургийн бэсрэг үзэсгэлэн гаргалаа. Төлөөлөгчид Шведийн хүнд машин механизмын “Scania”,  уул уурхайн “BergUtbildarna”, “Atlas Copco” компаниудын үйл ажиллагаатай танилцаж Шведийн Олон улсын харилцааны хүрээлэнд зочилсон.

ЭСЯ байгуулагдсанаас хойш анх удаа болж буй томоохон арга хэмжээ учраас санаа их зовж байсан ч санаснаас гайгүй болчих шиг болсон. Монголын өдрүүдийн арга хэмжээ бүхэлдээ манай хоёр орны харилцааг урагшлуулахад түлхэц болж, Азийн зүрхэнд орших, нүүдлийн болон суурьшмал соёл иргэншлийн хослол болсон нэн эртний баялаг түүхт, ардчилсан Монгол орныг шведчүүдэд танилцуулж, Монголыг зорих тэдний аялал, бизнесийн хүсэл, сонирхлыг улам өдөөж, Монгол орох үүд хаалгыг тодорхой хэмжээнд нээж өгсөн болов уу гэж найдаж байна. Шведийн Риксдагын гишүүн Олли Төрэл тэргүүтэй парламентын төлөөлөгчид Монголд айлчилж, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл,  дэд дарга Н.Энхболд, Монгол-Шведийн бүлгийн дарга Ж.Сүхбаатар нартай уулзаж, парламент хоорондын харилцааны уламжлалыг сэргээж, хамтын ажиллагааны шинэ эхлэлийг тавилаа.

Бусад оронтой тогтоосон харилцаанд ч түүхэн чухал үйл явлууд болсон. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Бүгд Найрамдах Финланд Улсын Ерөнхийлөгч хатагтай Тарьяа Халонены Монголд саяхан хийсэн Төрийн айлчлал амжилттай болж өндөрлөлөө. Ерөнхийлөгч Тарьяа Халонен айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой уулзаж хоёр орны харилцаа хамтын ажиллагааны талаар ажил хэрэгч санал солилцож, ардчиллын боловсролыг дэлгэрүүлэх  чиглэлээр олон улсын тавцанд идэвхтэй хамтран ажиллах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагыг дэмжсэн. Мөн өргөтгөсөн хэлэлцээр хийж, хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр зарим тодорхой тохиролцоонд хүрлээ. Ерөнхийлөгч Тарьяа Халонен УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, Ерөнхий сайд С.Батболд, Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж нартай уулзаж, Монгол Финландын бизнес форумд оролцож , Монгол Улсын Геологийн төв лаборатори, Финланд улсын геологийн албатай хамтран байгуулсан лабораторийн төвийн нээлтэд оролцлоо.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж айлчлалыг “Умардын орнуудаас Монгол Улсад төрийн тэргүүний төвшинд хийсэн анхны айлчлал болохын хувьд Монгол, Финландын харилцаанд төдийгүй, Монгол улс, Умардын орнуудын харилцаанд тэмдэглэлтэй, хоёр талын харилцааг идэвхжүүлэхэд түлхэц үзүүлэх түүхэн томоохон үйл явдал” гэж дүгнэлээ.

Монгол-Финландын Засгийн газар хоорондын Комиссын XI хуралдаан Хельсинки хотноо болсон. ЗГХК-ын  энэ удаагийн хуралдаанаар хоёр тал тус тусын орны нийгэм-эдийн засгийн хөгжлийн байдал, ойрын хугацаанд авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа томоохон арга хэмжээнүүдийн талаар харилцан мэдээлсний дээр хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцож, боловсрол, соёл, шинжлэх ухаан,  байгаль орчин, сэргээгдэх эрчим хүч, ойн аж ахуй, эрдэс баялаг, геологийн салбарт хамтран ажиллах, цаа буга өсгөн үржүүлж, хамгаалах боломжуудыг судалж үзэхээр тогтлоо. ЗГХК-ын 11 дүгээр хуралдаан төлөвлөсөн асуудлуудаа амжилттай хэлэлцэж,  2013 онд Улаанбаатар хотноо ээлжит хуралдааныг хийхээр шийвэрлэсэн.

-Швед болон хавсран суугаа орнуудаас сонирхон судлавал зохих хамгийн гол зүйл юу гэж та боддог вэ?  

-Миний бие Шведээс гадна Дани, Финланд, Норвег зэрэг Умардын улсуудыг хавсран суудаг. Тиймээс суугаа болон хавсран суугаа орнуудынхаа хөгжлийн загварыг Монгол оронд туршлага болохуйц загвар байж болох юм гэж үзээд энэхүү загварыг нарийвчилан судалж, төр, олон нийтийн хүртээл болгох юмсан хэмээн бодож явдаг даа. Ийм ч зорилгын үүднээс тусгайлан судалж, Умардын загварын тухай мэдээ танилцуулга бичиж, холбогдох байгууллага хүмүүст хүргүүлснээс гадна өнгөрсөн 2010 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бодлогын зөвлөлийн хуралдаанд “Нийгмийн хөгжлийн Умардын загварын тухай” гэсэн илтгэл тавилаа. Бас “Нордик модел буюу нийгмийн хөгжлийн Умардын загварыг шинжихүй дор” өгүүлэл бичиж, нийтлүүлсэн. Өнгөрсөн тавдугаар сард Монгол Улсаас ИБУИНВУ-д суугаа ЭСЯ, Британийн монголчуудын холбоо хамтран зохион байгуулсан “Монгол орны хөгжилд” уламжлалт VII  чуулга уулзалтад уригдан, зочин илтгэгчээр оролцож, “Монголын нийгмийн хөгжлийн загварын онол, арга зүйн асуудал” сэдвээр үндсэн илтгэл тавьж хэлэлцүүлээд байна. Энэ дашрамд Умардын хөгжлийн загварын онцлог, ач холбогдол болон нийгмийн хөгжлийн бусад загваруудаас давуу тал олон. Тухайлбал, экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, үр ашигтай хувийн хэвшлийг хөгжүүлж чадсан, хөдөлмөрийн зах зээлийн нийгэмчлэлийн төвшин өндөр тул үйлдвэрчний эвлэлүүдийн санал, дуу хоолой Засгийн газар болон бизнесүүдийн хувьд онцгой нөлөөтэй, эдийн засгийн удирдлага, зохицуулалтад Засгийн газар онцгой үүрэгтэй, хөдөлмөрийн хөлс төдийгүй татвар харьцангуй өндөр, бүх нийтэд хүртээмжтэй нийгмийн цогц хамгаалалтад тулгуурлан нийгмийн дундаж давхарга давамгайлсан нийгмийн бүтцийг бүрдүүлж чадсан, удирдлагын төвлөрлийг сааруулж, нутгийн удирдлагад илүү анхаарал хандуулсан зэргийг хэлж болно.

Цаашид умардын загвараар хөгжсөн Дани, Швед, Норвег, Финландын туршлагыг манай нийгмийн олон салбарын эрдэмтэд, судлаачид хамтран улам нарийвчлан судлаж үзээсэй, улмаар үндэс угсаа нэгтэй, цөөн хүн ам бүхий, эдгээр жижиг улсуудад хэрэгжүүлж чадсан нийгмийн хөгжлийн энэ загварыг Монголд нутагшуулахсан гэж бодож явдаг даа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Финланд Улсын Ерөнхийлөгч хатагтай Тарьяа Халонены айлчлалын үеэр хийсэн хэвлэлийн бага хурал дээр “Монголчуудын хувьд Финланд улс үлгэр дууриал болж чадна гэж үзэж байна. Монгол Улсын цаашдын хөгжилд Финланд улс хүний эрх, ил тод байдал, хууль дээдлэсэн нийгмийн байгууллын талаар үлгэр жишээ болж байна.” гэж хэлсэн нь Умардын орнуудын хөгжлийн загварыг гүнзгийрүүлэн судлах урам зоригийг минь улам сэргээсэн шүү.

-Таны суугаа болон хавсран суугаа улс орнуудтай Монгол Улс харилцаа, хамтын ажиллагаагаа ямар чиглэлээр, хэрхэн хөгжүүлбэл зохистой гэж та Элчин сайдын хувьд боддог вэ?


-Монгол Улс Скандинавын орнуудын хоорондын харилцаа, хамтын ажиллагаа шинэ шатанд гарч байгаа энэ түүхэн үед харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн эрчимжүүлэх үүднээс “Дунд хугацааны хөтөлбөр”-ийг манай ЭСЯ боловсруулан ГХЯ-д танилцуулаад байгаа. Удахгүй батлагдах байх аа. Хөтөлбөрийн зорилго нь Швед, Дани, Финланд, Норвег улсуудтай тогтоосон харилцаа, хамтран ажиллагааг эрчимжүүлэхийн тулд тэдгээр оронтой улс төрийн болон бусад салбарт найрсаг харилцаа хөгжүүлж, эдийн засгийн бодит сонирхлыг нь Монголд бий болгон зохистой түвшинд хүргэснээр эдийн засаг, нийгэм, шинжлэх ухаан-технологийг хөгжүүлэх гадаад таатай нөхцөлийг бүрдүүлэх гадаад бодлогын зорилтод хувь нэмэр оруулахыг зорьж байгаа юм. Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүмүүнлэг, ардчилсан нийгмийг төлөвшүүлэх талаар Умардын орнуудын олсон ололт амжилт, туршлага, дундчуудад тулгуурласан нийгмийн бүтэц, тогтвортой тогтолцоог бүрэлдүүлж чадсан нийгмийн бодлогын давуу талаас бүтээлчээр суралцах нь удаан хугацааны туршид баримтлах бодлогын гол чиглэл байх болов уу гэж бодож байна. Мөн НҮБ болон олон улсын Энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцоход цэргийн ажиглагчдыг сургаж, дадлагажуулах чиглэлээр аль аль улстай нь хамтран ажиллах боломж их бий. Харилцаагаа хөгжүүлэхдээ, орон бүрийн хөгжлийн онцлог, эдийн засгийн чадавхи, салбаруудын хөгжлийн түвшинг харгалзан, ялгавартай хандах бодлого барьж байх ёстой юм. Тиймээс харилцааны “Дунд хугацааны хөтөлбөр”-төө энэ бодлогоо шингээж өгсөн юм.

Тухайлбал, Швед улстай төвлөрлийг сааруулж, сайн засаглалыг бэхжүүлж, авилгагүй нийгмийг төлөвшүүлсэн Шведийн туршлагыг судлан нэвтрүүлэх зорилгоор шүүх, хяналтын байгууллага болон орон нутгийн удирдлагын өөрөө удирдах ёсны туршлагыг судлан, тэдгээр байгууллагуудтай холбоо тогтоон ажиллахыг нийгэм, хүмүүнлэгийн хүрээний гол зорилт болгон тавьж ажиллахын зэрэгцээ худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд хөдөө аж ахуй, дэд бүтэц (эрчим хүч), уул уурхай, түүний дотор төмөр, нүүрсний олборлолт,  ой, байгаль хамгаалал болон өвлийн аялал жуулчлалын чиглэлд хамтран ажиллахыг илүүтэй анхаарахаар бодож байна. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлээр тэргүүлэх орны хувьд өнгөрсөн зуунд хоршооллын хөдөлгөөнийг үүсгэн хөгжүүлж, амжилтад хүрсэн Дани улсын туршлагыг судлан, нэвтрүүлэхээр ажиллах нь манай ЭСЯ-ны хувьд тулгамдаж буй сонирхолтой асуудлын нэг юм. Түүнчлэн, Дани улстай хүнсний үйлдвэрлэлийн техник, технологи, ноу-хау, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл, тухайлбал, био хий, салхины эрчим хүчний чиглэлээр хамтран ажиллахад илүүтэй анхаарч ажиллана.

Финланд улстай парламент хоорондын уламжлалт харилцааг урагшлуулахын хамт, сайн засаглалыг бэхжүүлэх ажлын хүрээнд шүүх засаглал, түүний дотор Захиргааны шүүхийн туршлагыг судлан эх орондоо нэвтрүүлэхийг зорьж байна. Бусад салбарын тухайд гэвэл, ойн бодлого, шинэ менежментийн ололт, модны үйлдвэрлэлийн шинэ техник, технологи, ноу-хау, геологийн судалгаа, шинжилгээ, уул уурхай, түүний дотор зэс хайлуулах, боловсруулах үйлдвэрлэл, цаа бугыг нөхөн үржүүлэх, загасны аж ахуйг хөгжүүлэхэд хамтран ажиллахад голлон анхаарна. Харин Монгол, Норвегийн Парламент хоорондын хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэхийн хамт төрийн шийдвэрийн хэрэгжилтэд олон нийтийн тавих хяналтыг сайжруулахад чиглэгдсэн Парламентын омбудсмэн ажиллуулдаг туршлагыг судлах, баялагаас олсон орлогыг арвижуулах, улмаар тэгш, зөв бодлоготой хуваарилах арвин туршлагатай нийгмийн баялагийн “Глобал” сангийн туршлагаас суралцахыг зорьж ажиллахын зэрэгцээ бизнесийн салбарын хамтын ажиллаганы хувьд нүүрсний цэвэр технологи, усан сан, усан цахилгаан станц барих техник, технологи, дэд бүтэц , тухайлбал, уулын зам,  нүхэн буюу газар доогуур зам тавих, геологи, уул уурхайн салбарт газрын ховор элементийн хайгуул, олборлолт болон далайн тээвэр, загас агнуурын салбарт Норвег улстай хамтран ажиллах боломжийг судалж, хамтын ажиллагааны эхлэлийг тавиад байна.

Эцэст нь хэлэхэд, Монгол төрийн гадаад бодлогын алтан аргамжийг атгалцаж ирсэн үе үеийн дипломатууд, гадаад харилцааны салбарын нийт ажиллагсад болон уншигчид Та бүхэндээ удахгүй улс орон даяар тэмдэглэх Монгол улсад орчин үеийн дипломат алба үүсч, хөгжсөний 100 жилийн ойн баярын мэнд хүргэж, ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
  • Бичсэн tserenbat_d
  • Үзсэн: 4097

Бүлэг: Ярилцлага

Цахим Өртөө Боловсролын Консорциум (Дээд Сургууль) дэлхийн түвшний мэргэжилтэн бэлтгэнэ.

Эх сурвалж: Өдрийн шуудан сонин, 2011-08-26, №164 (548)

Р.Оюунжаргал
 
Баруунд боловсрол эзэмшсэн Монголын шинэ үеийн сэхээтнүүдийн Цахим Өртөө Холбоо боловсролын салбарт хөрөнгө оруулалт хийж, дэлхийд өрсөлдөх чадвартай монгол мэргэжилтнүүд бэлтгэх “Цахим өртөө” дээд сургууль байгуулснаа зарласан тухай бид мэдээлсэн. Оюутнуудаас төлбөр авч зүгээр нэг сургасан болоод төгсгөдөг биш, оновчтой, цөөн мэргэжлээр бүхий л талаар өв тэгш хөгжсөн топ мэргэжилтэн бэлтгэдэг сургууль болох зорилготой аж. Хоёр жилийн дараагаас инновац хөгжүүлэх судалгааны их сургууль болох зорилтоо хэрэгжүүлснээр Монгол орны эдийн засгийн хөгжлийн суурь платформ байх алсын хараатай мэргэжлийн байгууллага болох зорилгодоо хүрэхээр ажиллах юм байна. Тус сургуулийн ерөнхийлөгч Ц.Буянцогтоо, “Цахим өртөө холбоо” төрийн бус байгууллагын Удирдах зөвлөлийн дарга Д.Сайнбаяр нартaй ярилцлаа.

 

-Юуны өмнө боловсролын системд шинэчлэл хийхээр зориглон хөдөлсөн та бүхэнд баяр хүргэе.
 
-Ц.Б: -Баярлалаа. Бидний ажил үйлсийг дэмжиж, мэдээл­лийг түргэн шуурхай түгээж өгч буй хэвлэл мэдээллийн байгууллагууд, ялангуяа та­най сонины хамт олонд таларх­лаа илэрхийлье. Бидний санаа­чилгыг хэвлэл мэдээллийн байгууллагууд дэмжиж байгааг боловсролын салбар дахь өөрчлөлт, хөгжил, дэвшлийг дэмжиж байна гэж ойлгож байна.

 

-“Цахим өртөө” консор­циумд ямар ямар байгууллага багтаж байна вэ?
 
- Д.С: Дэлхийн олон оронд сурч, ажиллаж, амьдарч буй монгол сэхээтнүүд олноороо байдаг Цахим өртөө холбоо, мөн тус холбооны гишүүд болон холбооны гишүүн байгууллагууд болох ЮүЭсАй, Саян корпораци, БэкФорс Монгол, Гэрэгэ партнерс зэрэг компаниуд хамтран энэ консорциумыг байгуулсан. 1999 оноос хойш гадаадад ажиллаж амьдардаг монголчууд цахим ертөнцөд холбогдож санаа бодлоо солилцон, үзсэн харснаа бие биедээ дуулгаж, эх орныхоо хөгжилд хэрхэн хувь нэмрээ оруулах талаар ажил хэрэгч хэлэлцүүлэг олон жилийн турш өрнүүлсээр ирсэн. 2000-аад онд www..tsahimurtuu.mn тухайн үед одоогийн news.mn-ийн үүргийг гүйцэтгэдэг байсныг уншигчид мэдэх байх. Бид энэ олон жил хамтдаа нэгдэж, зөвхөн ярилцах бус харин тодорхой бодит алхам хийе гээд дээд сургууль байгуулах шийдэлд хүрлээ. 

 

-Ямар ямар мэргэжлээр төгсгөх билээ?
 
-Ц.Б: Одоогоор мэдээллийн технологи, программ хангамж, компьютер техникийн инженер, сүлжээний инженер, олон улсын эдийн засаг, бизнесийн удирдлага, аялал жуулчлалын удирдлага гэсэн мэргэжлээр элсэлт авч байна. Харин ойрын ирээдүйд биотехнологи, нано­технологийн инженерийн ан­гиуд, мөн эдгээр өндөр техно­логийн салбарын бизнес удирдлагын мэргэжлээр магист­рын ангиудыг нээж сургалт явуулах юм.

 

-Танай сургуулийн сургал­тын хөтөлбөр нэлээд онцлог­той гэсэн. Оюутнуудад эх­ний хоёр жилд нь дээд боловс­ролын суурийг тавьж байгаад сүүлийн хоёр жилд мэргэжлийнх нь хичээлүүдийг оруулна гэсэн үү?
 
-Ц.Б: Сургалтын хэлбэрийн тухайд тэнхимийн сургалтыг онлайн сургалттай хослуулж явах юм. Оюутнуудыг эхний хоёр курст нь дараагийн хоёр курст заах мэргэжлийн өндөр шаардлагын хичээлүүдийг хүлээж авах суурьтай болтол нь бэлтгэнэ. Энэ нь хүүхдүүдийг бүх талаар хөгжүүлнэ гэсэн үг. Тухайлбал, зайлшгүй судлах хичээлийн тоонд Critical Thinking буюу шүүн тунгаах чадвар эзэмшүүлэх хичээл байх юм. Хүний оюуны хөгжлийн үндсэн суурь болох бодох чадварыг хөгжүүлэх нь асуудал шийдэх, орчин тойронтойгоо зөвөөр зохицон орших, амьдралын зорилгоо тодорхойлох, бие болон оюуны тэнцвэрт хөгжлийг бүрдүүлэхийн зөв эхлэл болдог. Зөв бодохын онолын үндсүүд хийгээд философийн суурь ухагдахуунуудыг бүтээлч хэлбэрээр зааж эзэмшүүлэх юм. Бас нэгэн онцолж авч үзэх нь хэл, харилцааны боловсрол. Төрөлх монгол болон англи хэлний боловсролыг өндөр түвшинд анхаарна. Эх хэлээрээ зөв цэгцтэй сэтгэн бодож сурах, уншиж бичиж дадсан, эх хэлнийхээ дүрэм, логикийг ойлгосон хүн гадаад хэлийг төвөггүй сурдаг. Өөрийгөө илэрхийлэх чадвар эзэмшүүлэх, харилцааны болон илтгэх чадварын сургалт ч явуулна. Дэлхийн шинжлэх ухааны хэл болсон англи хэлийг заавал эзэмших хэл гэж үзнэ. Оюутнууд хоёрдугаар дамжаандаа энэ хэлээр мэргэжлийн ном сурах бичиг чөлөөтэй ашиглаж, лекц сонсч, бие даан хичээллэх чадвартай болж TOEFL-ийн 550 онооны түвшинд хүрсэн байх хатуу босго тавина.

 

-Нэлээд өндөр шаардлага тавьж байгаа юм байна. Сүүлийн үеийн залхуу, биеийн амрыг харж, сурсан болж сургалтын төлбөр барж байдаг оюутан нэртэй цаг нөхцөөгчид бол танай сургуульд тэнцэхгүй гэж ойлгогдож байна. Үнэн үү?
 
- Д.С: Тийм ээ, ийм л дүр зураг Монголд нийтлэг байна. Эндээс хамаг юм эхэлнэ. Эдгээр хүмүүсийг боловсруулахын төлөө боловсролын систем ажиллаж байх ёстой юм. Бид дунд түвшний оюутнуудыг орчин үеийн зах зээлийн шаардлага хангасан, шууд хэлбэл дэлхийн түвшний болгож бэлтгэхийн төлөө л ажиллана. Мэдээж энэ бол маш их хүч шаардсан ажил. Гэхдээ таван жилийн дараа, 10 жилийн дараа манай сургууль нийгэмд үр өгөөжөө өгч эхэлнэ гэдэгт итгэлтэй байна.

 

-Төлбөр хэд вэ?
 
-Ц.Б: Монголын их, дээд сургуулиудын жишиг үнээр тогтоосон. Оюутан 2 саяар сурна.

 

-Дөрвөн жилийн дараа танай оюутнуудын түрүүч төгсөнө. Тэднийхээ ажлын байрны талаар одоо хэрхэн төсөөлж байна. Ажлын байр олдох болов уу?
 
Д.С: Сайн мэргэжилтэн хэзээд ажилтай байдаг. Монголд хүний нөөцийн хомсдолтой байна гээд л хаа сайгүй яриад байгаа. Гэтэл 170 мянган оюутантай Монгол оронд, 34 мянган хүн жил бүр их, дээд сургууль төгсч байна. Тэдний 30 хувь нь л ажилтай болдог байна. Гэхдээ мэргэжлийнхээ ажилд орсон гэж хэлээгүй шүү. Зах зээлийн шаардлага хангалттай байх атал тоогоор давсан энэ төгсөгчид чанарын шаардлага хангахгүй байна. Энэ бол маш урвуу хамаарал. Одооноос бид сургуулийнхаа хажууд Career service нээж, дотоодынхоо шилдэг компаниудтай гэрээ байгуулж, төгсөгчдөө захиалгын дагуу зуучлах ажил эхлүүлнэ. Мөн оюутан, магиструудаа олон улсын түвшинд ажиллах чадвартай, төгсөөд дэлхийн өнцаг булан бүрт ажиллаж байгаа консорциумын гишүүдийнхээ туслалцаа, нөлөөгөөр гадаадын их дээд сургуульд дэвшин суралцах, томооохон компаниудад ажиллах боломжоор хангахын төлөө ажиллана.

 

-Манай улсад гадаадын хөрөнгө оруулалттай хэд хэдэн сургууль анх их сүржин гарч ирээд сүүл рүүгээ нэр хүндээр тааруу болсон. “Цахим өртөө” дээд сургуулийг ийм таагүй ирээдүй угтахгүй байх гэж бодсон ч асуухад илүүдэхгүй болов уу?
 
-Ц.Б: Монголчууд л монголчуудаа дэлхийн түвшний мэдлэгтэй мэргэжилтэн болгож бэлтгэнэ гэж үзэж байна. Цахим өртөө сүлжээ дэлхийн 60 гаруй оронд 4000 гишүүнтэй. Харин уг сүлжээний дэргэдэх “Цахим Өртөө Холбоо” төрийн бус байгууллага өнөөдөр 100 гишүүнтэй бөгөөд тэдний 36 нь доктор, 56 нь магистр цолтой. Бүгд баруунд төгссөн. Одоо тэд маань 11 оронд тархан байршиж байна. Манай гишүүдийн зарим нь Гүүгл, Майкрософт, IBM, Аllstate, Softbank, АНУ-ын төрийн департаментын сургуульд ажиллаж, Финланд, Их Британийн нэр хүндтэй сургуулиудад багшилж байна. Энэ залуус бүгд л барууны оронд боловсорч, мэргэжил эзэмшсэн, алдаж онож байж амьдрaлын дөрөөнд гишгэсэн туршлагын туулайнууд. Өөрсдийн туулсан бэрхшээл, зовлон жаргалаас олж авсан туршлагадаа үндэслэж Moнголдоо дээд сургууль байгуулж байгаа болохоор ирээдүй нь өөдрөг харагдаж байгаа.

 

-Одоо л элсэлтээ авч байна гэсэн. Хэдэн хүүхэд бүртгүүлээд байна?
 
-Ц.Б: Манай сургуулийг сонирхсон хүмүүс www.tsahimurtuu.edu.mn, www.usi.edu.mn-нд хандаарай. Энэ жилдээ 200-гаад оюутан авах багтаамжтай. Өнөөдрийн (өчигдөр) байдлаар 150 хүүхэд бүртгүүлээд байна. Биднийг сургууль байгуулсныг дуулсан хүмүүс хүүхдээ оруулъя гээд энд тэндээс хөтлөөд ирэх нь сайхан байна. Нөгөө талаар бид маш их хариуцлагыг мэдэрч байна. Бид дэлхийн түвшний монгол мэргэжилтнүүд бэлтгэхээр замдаа гарсан улс.

 

-Алсад зорьсон алтан шар зам тань өлзийтэй байх болтугай.

-Баярлалаа.

  • Бичсэн Цахим Өртөө Холбоо
  • Үзсэн: 3980

Цахим Өртөө Сүлжээнд элсэх

  • Өртөөний сүлжээнд элсэх

tsahim_urtuuХэрэв та Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээнд элсэхийг хүсвэл: http://groups.google.com/group/tsahim-urtuu-suljee хаягаар зочилж маш хялбархан бүртгүүлж болно. Та Гүүгл суурьт энэхүү сүлжээнд имэйлээ бүртгүүлснээр манай сүлжээний гишүүн болно.

 

Image Temp

Энэ хуудас нь Цахим Өртөө сүлжээний нийт гишүүдийн хамтын бүтээл байх бөгөөд ажил хэргийн санал болгоныг вэбийн хамтлаг тухай бүр нь тусган энэ хуудсанд оруулж байх болно. Хамтран ажиллаж буй, ажиллахаар зэхэж буй таньд баярлалаа.

Newsletter