161-р сар2018

Цахим Өртөө Боловсролын Консорциум (Дээд Сургууль) дэлхийн түвшний мэргэжилтэн бэлтгэнэ.

Эх сурвалж: Өдрийн шуудан сонин, 2011-08-26, №164 (548)

Р.Оюунжаргал
 
Баруунд боловсрол эзэмшсэн Монголын шинэ үеийн сэхээтнүүдийн Цахим Өртөө Холбоо боловсролын салбарт хөрөнгө оруулалт хийж, дэлхийд өрсөлдөх чадвартай монгол мэргэжилтнүүд бэлтгэх “Цахим өртөө” дээд сургууль байгуулснаа зарласан тухай бид мэдээлсэн. Оюутнуудаас төлбөр авч зүгээр нэг сургасан болоод төгсгөдөг биш, оновчтой, цөөн мэргэжлээр бүхий л талаар өв тэгш хөгжсөн топ мэргэжилтэн бэлтгэдэг сургууль болох зорилготой аж. Хоёр жилийн дараагаас инновац хөгжүүлэх судалгааны их сургууль болох зорилтоо хэрэгжүүлснээр Монгол орны эдийн засгийн хөгжлийн суурь платформ байх алсын хараатай мэргэжлийн байгууллага болох зорилгодоо хүрэхээр ажиллах юм байна. Тус сургуулийн ерөнхийлөгч Ц.Буянцогтоо, “Цахим өртөө холбоо” төрийн бус байгууллагын Удирдах зөвлөлийн дарга Д.Сайнбаяр нартaй ярилцлаа.

 

-Юуны өмнө боловсролын системд шинэчлэл хийхээр зориглон хөдөлсөн та бүхэнд баяр хүргэе.
 
-Ц.Б: -Баярлалаа. Бидний ажил үйлсийг дэмжиж, мэдээл­лийг түргэн шуурхай түгээж өгч буй хэвлэл мэдээллийн байгууллагууд, ялангуяа та­най сонины хамт олонд таларх­лаа илэрхийлье. Бидний санаа­чилгыг хэвлэл мэдээллийн байгууллагууд дэмжиж байгааг боловсролын салбар дахь өөрчлөлт, хөгжил, дэвшлийг дэмжиж байна гэж ойлгож байна.

 

-“Цахим өртөө” консор­циумд ямар ямар байгууллага багтаж байна вэ?
 
- Д.С: Дэлхийн олон оронд сурч, ажиллаж, амьдарч буй монгол сэхээтнүүд олноороо байдаг Цахим өртөө холбоо, мөн тус холбооны гишүүд болон холбооны гишүүн байгууллагууд болох ЮүЭсАй, Саян корпораци, БэкФорс Монгол, Гэрэгэ партнерс зэрэг компаниуд хамтран энэ консорциумыг байгуулсан. 1999 оноос хойш гадаадад ажиллаж амьдардаг монголчууд цахим ертөнцөд холбогдож санаа бодлоо солилцон, үзсэн харснаа бие биедээ дуулгаж, эх орныхоо хөгжилд хэрхэн хувь нэмрээ оруулах талаар ажил хэрэгч хэлэлцүүлэг олон жилийн турш өрнүүлсээр ирсэн. 2000-аад онд www..tsahimurtuu.mn тухайн үед одоогийн news.mn-ийн үүргийг гүйцэтгэдэг байсныг уншигчид мэдэх байх. Бид энэ олон жил хамтдаа нэгдэж, зөвхөн ярилцах бус харин тодорхой бодит алхам хийе гээд дээд сургууль байгуулах шийдэлд хүрлээ. 

 

-Ямар ямар мэргэжлээр төгсгөх билээ?
 
-Ц.Б: Одоогоор мэдээллийн технологи, программ хангамж, компьютер техникийн инженер, сүлжээний инженер, олон улсын эдийн засаг, бизнесийн удирдлага, аялал жуулчлалын удирдлага гэсэн мэргэжлээр элсэлт авч байна. Харин ойрын ирээдүйд биотехнологи, нано­технологийн инженерийн ан­гиуд, мөн эдгээр өндөр техно­логийн салбарын бизнес удирдлагын мэргэжлээр магист­рын ангиудыг нээж сургалт явуулах юм.

 

-Танай сургуулийн сургал­тын хөтөлбөр нэлээд онцлог­той гэсэн. Оюутнуудад эх­ний хоёр жилд нь дээд боловс­ролын суурийг тавьж байгаад сүүлийн хоёр жилд мэргэжлийнх нь хичээлүүдийг оруулна гэсэн үү?
 
-Ц.Б: Сургалтын хэлбэрийн тухайд тэнхимийн сургалтыг онлайн сургалттай хослуулж явах юм. Оюутнуудыг эхний хоёр курст нь дараагийн хоёр курст заах мэргэжлийн өндөр шаардлагын хичээлүүдийг хүлээж авах суурьтай болтол нь бэлтгэнэ. Энэ нь хүүхдүүдийг бүх талаар хөгжүүлнэ гэсэн үг. Тухайлбал, зайлшгүй судлах хичээлийн тоонд Critical Thinking буюу шүүн тунгаах чадвар эзэмшүүлэх хичээл байх юм. Хүний оюуны хөгжлийн үндсэн суурь болох бодох чадварыг хөгжүүлэх нь асуудал шийдэх, орчин тойронтойгоо зөвөөр зохицон орших, амьдралын зорилгоо тодорхойлох, бие болон оюуны тэнцвэрт хөгжлийг бүрдүүлэхийн зөв эхлэл болдог. Зөв бодохын онолын үндсүүд хийгээд философийн суурь ухагдахуунуудыг бүтээлч хэлбэрээр зааж эзэмшүүлэх юм. Бас нэгэн онцолж авч үзэх нь хэл, харилцааны боловсрол. Төрөлх монгол болон англи хэлний боловсролыг өндөр түвшинд анхаарна. Эх хэлээрээ зөв цэгцтэй сэтгэн бодож сурах, уншиж бичиж дадсан, эх хэлнийхээ дүрэм, логикийг ойлгосон хүн гадаад хэлийг төвөггүй сурдаг. Өөрийгөө илэрхийлэх чадвар эзэмшүүлэх, харилцааны болон илтгэх чадварын сургалт ч явуулна. Дэлхийн шинжлэх ухааны хэл болсон англи хэлийг заавал эзэмших хэл гэж үзнэ. Оюутнууд хоёрдугаар дамжаандаа энэ хэлээр мэргэжлийн ном сурах бичиг чөлөөтэй ашиглаж, лекц сонсч, бие даан хичээллэх чадвартай болж TOEFL-ийн 550 онооны түвшинд хүрсэн байх хатуу босго тавина.

 

-Нэлээд өндөр шаардлага тавьж байгаа юм байна. Сүүлийн үеийн залхуу, биеийн амрыг харж, сурсан болж сургалтын төлбөр барж байдаг оюутан нэртэй цаг нөхцөөгчид бол танай сургуульд тэнцэхгүй гэж ойлгогдож байна. Үнэн үү?
 
- Д.С: Тийм ээ, ийм л дүр зураг Монголд нийтлэг байна. Эндээс хамаг юм эхэлнэ. Эдгээр хүмүүсийг боловсруулахын төлөө боловсролын систем ажиллаж байх ёстой юм. Бид дунд түвшний оюутнуудыг орчин үеийн зах зээлийн шаардлага хангасан, шууд хэлбэл дэлхийн түвшний болгож бэлтгэхийн төлөө л ажиллана. Мэдээж энэ бол маш их хүч шаардсан ажил. Гэхдээ таван жилийн дараа, 10 жилийн дараа манай сургууль нийгэмд үр өгөөжөө өгч эхэлнэ гэдэгт итгэлтэй байна.

 

-Төлбөр хэд вэ?
 
-Ц.Б: Монголын их, дээд сургуулиудын жишиг үнээр тогтоосон. Оюутан 2 саяар сурна.

 

-Дөрвөн жилийн дараа танай оюутнуудын түрүүч төгсөнө. Тэднийхээ ажлын байрны талаар одоо хэрхэн төсөөлж байна. Ажлын байр олдох болов уу?
 
Д.С: Сайн мэргэжилтэн хэзээд ажилтай байдаг. Монголд хүний нөөцийн хомсдолтой байна гээд л хаа сайгүй яриад байгаа. Гэтэл 170 мянган оюутантай Монгол оронд, 34 мянган хүн жил бүр их, дээд сургууль төгсч байна. Тэдний 30 хувь нь л ажилтай болдог байна. Гэхдээ мэргэжлийнхээ ажилд орсон гэж хэлээгүй шүү. Зах зээлийн шаардлага хангалттай байх атал тоогоор давсан энэ төгсөгчид чанарын шаардлага хангахгүй байна. Энэ бол маш урвуу хамаарал. Одооноос бид сургуулийнхаа хажууд Career service нээж, дотоодынхоо шилдэг компаниудтай гэрээ байгуулж, төгсөгчдөө захиалгын дагуу зуучлах ажил эхлүүлнэ. Мөн оюутан, магиструудаа олон улсын түвшинд ажиллах чадвартай, төгсөөд дэлхийн өнцаг булан бүрт ажиллаж байгаа консорциумын гишүүдийнхээ туслалцаа, нөлөөгөөр гадаадын их дээд сургуульд дэвшин суралцах, томооохон компаниудад ажиллах боломжоор хангахын төлөө ажиллана.

 

-Манай улсад гадаадын хөрөнгө оруулалттай хэд хэдэн сургууль анх их сүржин гарч ирээд сүүл рүүгээ нэр хүндээр тааруу болсон. “Цахим өртөө” дээд сургуулийг ийм таагүй ирээдүй угтахгүй байх гэж бодсон ч асуухад илүүдэхгүй болов уу?
 
-Ц.Б: Монголчууд л монголчуудаа дэлхийн түвшний мэдлэгтэй мэргэжилтэн болгож бэлтгэнэ гэж үзэж байна. Цахим өртөө сүлжээ дэлхийн 60 гаруй оронд 4000 гишүүнтэй. Харин уг сүлжээний дэргэдэх “Цахим Өртөө Холбоо” төрийн бус байгууллага өнөөдөр 100 гишүүнтэй бөгөөд тэдний 36 нь доктор, 56 нь магистр цолтой. Бүгд баруунд төгссөн. Одоо тэд маань 11 оронд тархан байршиж байна. Манай гишүүдийн зарим нь Гүүгл, Майкрософт, IBM, Аllstate, Softbank, АНУ-ын төрийн департаментын сургуульд ажиллаж, Финланд, Их Британийн нэр хүндтэй сургуулиудад багшилж байна. Энэ залуус бүгд л барууны оронд боловсорч, мэргэжил эзэмшсэн, алдаж онож байж амьдрaлын дөрөөнд гишгэсэн туршлагын туулайнууд. Өөрсдийн туулсан бэрхшээл, зовлон жаргалаас олж авсан туршлагадаа үндэслэж Moнголдоо дээд сургууль байгуулж байгаа болохоор ирээдүй нь өөдрөг харагдаж байгаа.

 

-Одоо л элсэлтээ авч байна гэсэн. Хэдэн хүүхэд бүртгүүлээд байна?
 
-Ц.Б: Манай сургуулийг сонирхсон хүмүүс www.tsahimurtuu.edu.mn, www.usi.edu.mn-нд хандаарай. Энэ жилдээ 200-гаад оюутан авах багтаамжтай. Өнөөдрийн (өчигдөр) байдлаар 150 хүүхэд бүртгүүлээд байна. Биднийг сургууль байгуулсныг дуулсан хүмүүс хүүхдээ оруулъя гээд энд тэндээс хөтлөөд ирэх нь сайхан байна. Нөгөө талаар бид маш их хариуцлагыг мэдэрч байна. Бид дэлхийн түвшний монгол мэргэжилтнүүд бэлтгэхээр замдаа гарсан улс.

 

-Алсад зорьсон алтан шар зам тань өлзийтэй байх болтугай.

-Баярлалаа.

Цахим Өртөө Сүлжээнд элсэх

  • Өртөөний сүлжээнд элсэх

tsahim_urtuuХэрэв та Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээнд элсэхийг хүсвэл: http://groups.google.com/group/tsahim-urtuu-suljee хаягаар зочилж маш хялбархан бүртгүүлж болно. Та Гүүгл суурьт энэхүү сүлжээнд имэйлээ бүртгүүлснээр манай сүлжээний гишүүн болно.

 

Image Temp

Энэ хуудас нь Цахим Өртөө сүлжээний нийт гишүүдийн хамтын бүтээл байх бөгөөд ажил хэргийн санал болгоныг вэбийн хамтлаг тухай бүр нь тусган энэ хуудсанд оруулж байх болно. Хамтран ажиллаж буй, ажиллахаар зэхэж буй таньд баярлалаа.

Newsletter