161-р сар2018

Ларсон Богдоос гүн цолоор шагнуулж байлаа

Ярилцсан Д.ОЮУНЦЭЦЭГ

Дани, Швед, Норвег, Финландын туршлагыг манай эрдэмтэд, судлаачид улам нарийвчлан судалж, үндэс угсаа нэгтэй, цөөн хүн амтай эдгээр жижиг улсуудад хэрэгжүүлж чадсан хөгжлийн энэ загварыг Монголд нутагшуулахсан-

Монгол Улсаас Шведэд суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Б.Энхмандахтай дипломат албаны 100 жилийн ойг тохиолдуулан онлайнаар ярилцлаа.

-Та Монгол Улсыг Шведэд төдийгүй Скандинавийн орнуудад төлөөлөн сууж байна. Монголчууд Скандинавын орнуудтай эртнээс харилцаатай, Ларсоны пүүс гэж швед эзэнтэй газар Богдын хүрээний Американ дэнжид байсан , Ларсон өөрөө Богдоос цол шагнуулж явсан гэж түүхэн кинонуудад гардаг шүү дээ. Эдгээр оронтой тогтоосон харилцааны түүхийн талаар танаас сонсмоор байна?


-Монгол Улсад орчин цагийн дипломат алба үүсч, Гадаад харилцааны яам байгуулагдсанаас  хойш 100 жил болж байна. Тэгвэл Скандинавын орнууд, Монголын хоорондын харилцааны түүх ч бас зуунаар хэмжигдэх учиртай юм. Бүр XIX зууны сүүлээс нэрт Ази судлаач Свен Хэдин, Франс Август Ларсон зэрэг Шведийн судлаачид, эрдэмтэд, шашны номлогч, худалдаачид Монгол орныг сонирхон судалж, зарим нь олон удаа аялж, нөгөө хэсэг нь ажиллаж, амьдарч байсан юм билээ. Тэд Монголын байгаль орчин, ан амьтан, түүхийг нарийвчлан судалж байсны гадна ахуй, соёл, зан заншилтай сайтар танилцаж, компани байгуулан бизнесийн үйл ажиллагаа явуулж байжээ. Тэр ч байтугай Монголоор дамжуулан Орос, Хятадыг холбох төмөр зам барих төсөл боловсруулж байсан түүхтэй. Ганцхан жишээ хэлэхэд, Монголд 1893 оноос 35 жил амьдарч, Олноо Өргөгдсөн Богд хаант Монгол улсын “Гүн” цолоор шагнуулж байсан Шведийн иргэн Франс Август Ларсон “Монгол гүн Ларсон” номдоо “Бүх орон, аймаг хошуугаар явах зуураа би амин хувийнхаа сонирхлыг ард түмнийхээс дээгүүр тавьсан гуравхан ноёнтой дайралдаж билээ. Засаглахаар заяасан тоотой хэдэн жилийнхээ хугацаанд ухаалаг, сайн ажиллах явдал бол Монголын ноёдын гэр бүлийн мах цусанд шингэсэн чанар байжээ” гэж бичсэн нь тухайн үеийн Монголын төрийн зүтгэлтэн, хаад, ноёдын ёс зүйг сайтар судалсан судлаач хүний өгсөн өндөр үнэлгээ гэж хэлж болно.

-Монголыг судалсан өөр ямар эрдэмтэд байдаг бол. Хөвсгөлд гэхэд дани хүн аж төрж байсан гэж нутгийнхан хэлдэг юм билээ?

-Умард Европын бусад улсын эрдэмтэд, судлаачид ч Монголыг нэлээд эртнээс сонирхон судалж байсан байдаг. Данийн иргэн, судлаач-аялагч, зохиолч Хэннинг Хаслунд-Кристененсен 1923-1926 онд доктор Карл Кребс /Carl Krebs/-ийн удирдлага дор Монголын умарт хязгаараар аялж, одоогийн Хөвсгөл аймагт Дани тосгон байгуулан газар тариалан эрхлэн амьдарч, Монголын тухай олон сонирхолтой ном бичиж, Данийн уншигчдад хүргэж байсан сонирхолтой түүх бас бий. Одоо цагт түүний хүү, Данийн Крисчианборг ордны Маршал асан Сөрин Хаслунд-Кристененсен гуай Монгол Улсын Өргөмжит консулаар томилогдоод хоёр орны харилцааг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулан ажилласаар байна.  Финландын иргэн Густаф Жон Рамстед XIX зууны эхээр Монголд очиж, монгол хэл судалж, Монголын үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний үйл хэрэгт тус дөхөм үзүүлж явсан байх жишээтэй.

1930-аад оны үеэс зогсонги байдалд байсан манай гадаад харилцаа  Монгол Улс 1961 онд НҮБ-ын гишүүн болсноор сэргэж, Скандинавын орнуудтай албан ёсоор дипломат харилцаа тогтоосноос хойш өнөөг хүртэл 40 гаруй жил болж байна. 1990-ээд он хүртэл мөнөөх дээр үеийн харилцаа саарч, харилцаа, хамтын ажиллагаа хязгаарлагдмал байж ирсэн нь үнэн. Харин 1990-ээд оноос харилцаа, хамтын ажиллагаа идэвхжиж,  Монгол Улсын ардчилсан өөрчлөн байгуулалтыг дэмжихэд чиглэсэн агуулга бүхий тусламж, солилцоо, төсөл хөтөлбөрүүд олноор хэрэгжсэн. Ганцхан жишээ хэлэхэд, өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд Шведийн Засгийн газар Олон улсын хөгжлийн агентлаг буюу СИДА-гаар дамжуулан манай оронд 30 гаруй сая ам.долларын хөгжлийн  тусламж үзүүлсэн байдаг. Монгол Улс хоёр жилийн гаруйн өмнө буюу 2009 оны аравдугаар сард Стокгольм хотноо ЭСЯ-аа албан ёсоор нээж, Швед, Дани, Норвег, Финланд улсыг хамааран, үйл ажиллагаагаа явуулж эхэлснээр Монгол, Скандинавын харилцааны түүхэнд шинэ буюу түншлэл, хамтын ажиллагааны үе эхлээд байна гэж хэлж болно.

-Скандинавын орнуудад ЭСЯ байгуулснаас хойш бараг хоёр жил болж байгаа юм байна. Танай ЭСЯ-наас өнгөрсөн хугацаанд хийсэн дорвитой ажлыг нэрлэ гэвэл та юу хэлэх вэ?

-Манайх шинэ тутам байгуулагдаад бэхжиж хараахан амжаагүй, цөөн ажилтантай жижиг ЭСЯ ч гэсэн багагүй ажлыг хийж амжуулсан гэж боддог шүү. ЭСЯ-ны өнгөрсөн оны ажлыг дүгнэвэл 2010 оны онцлох есөн үйл явдлыг нэрлэмээр байна. Цаг, цаас хэмнэх үүднээс цөөн хэдийг эднээс нэрлэе л дээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2010 оны аравдугаар сард Бүгд Найрамдах Финланд улс, Данийн Вант улсад тус тус айлчилсан. Монгол Улсын төрийн тэргүүн анх удаа Умард Европын улсуудад айлчилсан нь эдгээр оронтой тогтоосон харилцааны түүхэнд шинэ хуудас нээж Монгол-Скандинавын орнуудын хамтын ажиллагааг урагшлуулахад түлхэц үзүүлсэн түүхэн айлчлал болсон гэдгийг талууд хүлээн зөвшөөрсөн. Монгол Улс Стокгольм хотноо төвтэй Ардчилал, сонгуулийн үйл явцад туслах Олон улсын Хүрээлэнгийн жинхэнэ гишүүн болсон. Энэ нь манай улсын гадаад нэр хүндийг нэмэгдүүлэх, улмаар олон улсын харилцаанд байр сууриа бэхжүүлэхэд түлхэц үзүүлэх чухал үйл явдал болсон. Элчин сайд хавсран суух бүх орнууддаа, тухайлбал, 2010 оны хоёрдугаар сард Данийн Хатан хаан II Маргретед, гуравдугаар сард Норвегийн Цог жавхлант Хаан V Харалдад, дөрөвдүгээр сард Финландын Ерөнхийлөгч, Эрхэмсэг хатагтай Таря Халоненд Итгэмжлэх Жуух бичгээ тус тус өргөн барьсан нь Скандинавт суурин сууж ажиллах Монгол Улсын анхны Элчин сайд итгэмжлэх жуух бичгээ барьсан гэдэг утгаараа чухал үйл явдал болсон зэргийг эн тэргүүн нэрлэмээр байна даа.

-Энэ жил юу амжуулав?

-Оны эхний хагас жилд хэрэгжүүлэхээр хэд хэдэн арга хэмжээ төлөвлөж ярилцаж тохирсон зүйл байсан боловч зарим нь айлын болон манай талын боломжоос шалтгаалж хойшиллоо. Гэхдээ харилцааны төлөвлөсөн гол арга хэмжээнүүд хэрэгжиж байна.

Манай ЭСЯ өнгөрсөн тавдугаар сард Гадаадын хөрөнгө оруулалтын газар, Дэлхийн монголчуудын чуулган Олон улсын ТББ (ДМЧ), Монголын Энх тайван, найрамдлын төлөө холбоо, Монгол-Шведийн Нийгэмлэг, ШУА-тай хамтран Швед улсын нийслэл Стокгольм хотноо “Монголын өдрүүд”-ийг зохион байгууллаа. Өдрүүдийг зохион байгуулахад манай Гадаад харилцааны яам, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам ивээн тэтгэгчээр оролцож, Шведийн худалдааны зөвлөл, Стокгольмын худалдааны танхим,  Шведийн худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих СИЕН байгууллага, Швед дэх Монголчуудын Холбоо, Швед дэх Монголчуудын үндэсний холбоо зэрэг олон байгуулага, хувь хүмүүс хамтран ажилласан нь үр дүнгээ өгч, амжилттай болж өнгөрсөн. Өдрүүдийн хүрээнд Дэлхийн монголчуудын чуулганы Европын бүсийн зөвлөлдөх уулзалт, Монгол-Шведийн бизнес эрхлэгчдийн уулзалт, эрдэмтэд, судлаачид, Монголыг сонирхогчдын уулзалт, Стокгольм хотын номын санд Монгол номын фонд нээж, ном гардуулах ёслол болж, Ардын жүжигчин А.Долгор, “Шуранхай” хамтлаг, морин хуур, хөөмий, уран нугаралт оролцсон урлагийн тоглолт, МУЭ-ийн гишүүн зураач Б.Төмөрбаатар, МОНЦАМЭ-ийн гэрэл зурагчин Б.Цэрэнжамц нарын “Сайхан Монгол орноор” сэдэвт  уран зураг, гэрэл зургийн бэсрэг үзэсгэлэн гаргалаа. Төлөөлөгчид Шведийн хүнд машин механизмын “Scania”,  уул уурхайн “BergUtbildarna”, “Atlas Copco” компаниудын үйл ажиллагаатай танилцаж Шведийн Олон улсын харилцааны хүрээлэнд зочилсон.

ЭСЯ байгуулагдсанаас хойш анх удаа болж буй томоохон арга хэмжээ учраас санаа их зовж байсан ч санаснаас гайгүй болчих шиг болсон. Монголын өдрүүдийн арга хэмжээ бүхэлдээ манай хоёр орны харилцааг урагшлуулахад түлхэц болж, Азийн зүрхэнд орших, нүүдлийн болон суурьшмал соёл иргэншлийн хослол болсон нэн эртний баялаг түүхт, ардчилсан Монгол орныг шведчүүдэд танилцуулж, Монголыг зорих тэдний аялал, бизнесийн хүсэл, сонирхлыг улам өдөөж, Монгол орох үүд хаалгыг тодорхой хэмжээнд нээж өгсөн болов уу гэж найдаж байна. Шведийн Риксдагын гишүүн Олли Төрэл тэргүүтэй парламентын төлөөлөгчид Монголд айлчилж, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл,  дэд дарга Н.Энхболд, Монгол-Шведийн бүлгийн дарга Ж.Сүхбаатар нартай уулзаж, парламент хоорондын харилцааны уламжлалыг сэргээж, хамтын ажиллагааны шинэ эхлэлийг тавилаа.

Бусад оронтой тогтоосон харилцаанд ч түүхэн чухал үйл явлууд болсон. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Бүгд Найрамдах Финланд Улсын Ерөнхийлөгч хатагтай Тарьяа Халонены Монголд саяхан хийсэн Төрийн айлчлал амжилттай болж өндөрлөлөө. Ерөнхийлөгч Тарьяа Халонен айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой уулзаж хоёр орны харилцаа хамтын ажиллагааны талаар ажил хэрэгч санал солилцож, ардчиллын боловсролыг дэлгэрүүлэх  чиглэлээр олон улсын тавцанд идэвхтэй хамтран ажиллах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагыг дэмжсэн. Мөн өргөтгөсөн хэлэлцээр хийж, хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр зарим тодорхой тохиролцоонд хүрлээ. Ерөнхийлөгч Тарьяа Халонен УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, Ерөнхий сайд С.Батболд, Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж нартай уулзаж, Монгол Финландын бизнес форумд оролцож , Монгол Улсын Геологийн төв лаборатори, Финланд улсын геологийн албатай хамтран байгуулсан лабораторийн төвийн нээлтэд оролцлоо.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж айлчлалыг “Умардын орнуудаас Монгол Улсад төрийн тэргүүний төвшинд хийсэн анхны айлчлал болохын хувьд Монгол, Финландын харилцаанд төдийгүй, Монгол улс, Умардын орнуудын харилцаанд тэмдэглэлтэй, хоёр талын харилцааг идэвхжүүлэхэд түлхэц үзүүлэх түүхэн томоохон үйл явдал” гэж дүгнэлээ.

Монгол-Финландын Засгийн газар хоорондын Комиссын XI хуралдаан Хельсинки хотноо болсон. ЗГХК-ын  энэ удаагийн хуралдаанаар хоёр тал тус тусын орны нийгэм-эдийн засгийн хөгжлийн байдал, ойрын хугацаанд авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа томоохон арга хэмжээнүүдийн талаар харилцан мэдээлсний дээр хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцож, боловсрол, соёл, шинжлэх ухаан,  байгаль орчин, сэргээгдэх эрчим хүч, ойн аж ахуй, эрдэс баялаг, геологийн салбарт хамтран ажиллах, цаа буга өсгөн үржүүлж, хамгаалах боломжуудыг судалж үзэхээр тогтлоо. ЗГХК-ын 11 дүгээр хуралдаан төлөвлөсөн асуудлуудаа амжилттай хэлэлцэж,  2013 онд Улаанбаатар хотноо ээлжит хуралдааныг хийхээр шийвэрлэсэн.

-Швед болон хавсран суугаа орнуудаас сонирхон судлавал зохих хамгийн гол зүйл юу гэж та боддог вэ?  

-Миний бие Шведээс гадна Дани, Финланд, Норвег зэрэг Умардын улсуудыг хавсран суудаг. Тиймээс суугаа болон хавсран суугаа орнуудынхаа хөгжлийн загварыг Монгол оронд туршлага болохуйц загвар байж болох юм гэж үзээд энэхүү загварыг нарийвчилан судалж, төр, олон нийтийн хүртээл болгох юмсан хэмээн бодож явдаг даа. Ийм ч зорилгын үүднээс тусгайлан судалж, Умардын загварын тухай мэдээ танилцуулга бичиж, холбогдох байгууллага хүмүүст хүргүүлснээс гадна өнгөрсөн 2010 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бодлогын зөвлөлийн хуралдаанд “Нийгмийн хөгжлийн Умардын загварын тухай” гэсэн илтгэл тавилаа. Бас “Нордик модел буюу нийгмийн хөгжлийн Умардын загварыг шинжихүй дор” өгүүлэл бичиж, нийтлүүлсэн. Өнгөрсөн тавдугаар сард Монгол Улсаас ИБУИНВУ-д суугаа ЭСЯ, Британийн монголчуудын холбоо хамтран зохион байгуулсан “Монгол орны хөгжилд” уламжлалт VII  чуулга уулзалтад уригдан, зочин илтгэгчээр оролцож, “Монголын нийгмийн хөгжлийн загварын онол, арга зүйн асуудал” сэдвээр үндсэн илтгэл тавьж хэлэлцүүлээд байна. Энэ дашрамд Умардын хөгжлийн загварын онцлог, ач холбогдол болон нийгмийн хөгжлийн бусад загваруудаас давуу тал олон. Тухайлбал, экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, үр ашигтай хувийн хэвшлийг хөгжүүлж чадсан, хөдөлмөрийн зах зээлийн нийгэмчлэлийн төвшин өндөр тул үйлдвэрчний эвлэлүүдийн санал, дуу хоолой Засгийн газар болон бизнесүүдийн хувьд онцгой нөлөөтэй, эдийн засгийн удирдлага, зохицуулалтад Засгийн газар онцгой үүрэгтэй, хөдөлмөрийн хөлс төдийгүй татвар харьцангуй өндөр, бүх нийтэд хүртээмжтэй нийгмийн цогц хамгаалалтад тулгуурлан нийгмийн дундаж давхарга давамгайлсан нийгмийн бүтцийг бүрдүүлж чадсан, удирдлагын төвлөрлийг сааруулж, нутгийн удирдлагад илүү анхаарал хандуулсан зэргийг хэлж болно.

Цаашид умардын загвараар хөгжсөн Дани, Швед, Норвег, Финландын туршлагыг манай нийгмийн олон салбарын эрдэмтэд, судлаачид хамтран улам нарийвчлан судлаж үзээсэй, улмаар үндэс угсаа нэгтэй, цөөн хүн ам бүхий, эдгээр жижиг улсуудад хэрэгжүүлж чадсан нийгмийн хөгжлийн энэ загварыг Монголд нутагшуулахсан гэж бодож явдаг даа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Финланд Улсын Ерөнхийлөгч хатагтай Тарьяа Халонены айлчлалын үеэр хийсэн хэвлэлийн бага хурал дээр “Монголчуудын хувьд Финланд улс үлгэр дууриал болж чадна гэж үзэж байна. Монгол Улсын цаашдын хөгжилд Финланд улс хүний эрх, ил тод байдал, хууль дээдлэсэн нийгмийн байгууллын талаар үлгэр жишээ болж байна.” гэж хэлсэн нь Умардын орнуудын хөгжлийн загварыг гүнзгийрүүлэн судлах урам зоригийг минь улам сэргээсэн шүү.

-Таны суугаа болон хавсран суугаа улс орнуудтай Монгол Улс харилцаа, хамтын ажиллагаагаа ямар чиглэлээр, хэрхэн хөгжүүлбэл зохистой гэж та Элчин сайдын хувьд боддог вэ?


-Монгол Улс Скандинавын орнуудын хоорондын харилцаа, хамтын ажиллагаа шинэ шатанд гарч байгаа энэ түүхэн үед харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн эрчимжүүлэх үүднээс “Дунд хугацааны хөтөлбөр”-ийг манай ЭСЯ боловсруулан ГХЯ-д танилцуулаад байгаа. Удахгүй батлагдах байх аа. Хөтөлбөрийн зорилго нь Швед, Дани, Финланд, Норвег улсуудтай тогтоосон харилцаа, хамтран ажиллагааг эрчимжүүлэхийн тулд тэдгээр оронтой улс төрийн болон бусад салбарт найрсаг харилцаа хөгжүүлж, эдийн засгийн бодит сонирхлыг нь Монголд бий болгон зохистой түвшинд хүргэснээр эдийн засаг, нийгэм, шинжлэх ухаан-технологийг хөгжүүлэх гадаад таатай нөхцөлийг бүрдүүлэх гадаад бодлогын зорилтод хувь нэмэр оруулахыг зорьж байгаа юм. Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүмүүнлэг, ардчилсан нийгмийг төлөвшүүлэх талаар Умардын орнуудын олсон ололт амжилт, туршлага, дундчуудад тулгуурласан нийгмийн бүтэц, тогтвортой тогтолцоог бүрэлдүүлж чадсан нийгмийн бодлогын давуу талаас бүтээлчээр суралцах нь удаан хугацааны туршид баримтлах бодлогын гол чиглэл байх болов уу гэж бодож байна. Мөн НҮБ болон олон улсын Энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцоход цэргийн ажиглагчдыг сургаж, дадлагажуулах чиглэлээр аль аль улстай нь хамтран ажиллах боломж их бий. Харилцаагаа хөгжүүлэхдээ, орон бүрийн хөгжлийн онцлог, эдийн засгийн чадавхи, салбаруудын хөгжлийн түвшинг харгалзан, ялгавартай хандах бодлого барьж байх ёстой юм. Тиймээс харилцааны “Дунд хугацааны хөтөлбөр”-төө энэ бодлогоо шингээж өгсөн юм.

Тухайлбал, Швед улстай төвлөрлийг сааруулж, сайн засаглалыг бэхжүүлж, авилгагүй нийгмийг төлөвшүүлсэн Шведийн туршлагыг судлан нэвтрүүлэх зорилгоор шүүх, хяналтын байгууллага болон орон нутгийн удирдлагын өөрөө удирдах ёсны туршлагыг судлан, тэдгээр байгууллагуудтай холбоо тогтоон ажиллахыг нийгэм, хүмүүнлэгийн хүрээний гол зорилт болгон тавьж ажиллахын зэрэгцээ худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд хөдөө аж ахуй, дэд бүтэц (эрчим хүч), уул уурхай, түүний дотор төмөр, нүүрсний олборлолт,  ой, байгаль хамгаалал болон өвлийн аялал жуулчлалын чиглэлд хамтран ажиллахыг илүүтэй анхаарахаар бодож байна. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлээр тэргүүлэх орны хувьд өнгөрсөн зуунд хоршооллын хөдөлгөөнийг үүсгэн хөгжүүлж, амжилтад хүрсэн Дани улсын туршлагыг судлан, нэвтрүүлэхээр ажиллах нь манай ЭСЯ-ны хувьд тулгамдаж буй сонирхолтой асуудлын нэг юм. Түүнчлэн, Дани улстай хүнсний үйлдвэрлэлийн техник, технологи, ноу-хау, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл, тухайлбал, био хий, салхины эрчим хүчний чиглэлээр хамтран ажиллахад илүүтэй анхаарч ажиллана.

Финланд улстай парламент хоорондын уламжлалт харилцааг урагшлуулахын хамт, сайн засаглалыг бэхжүүлэх ажлын хүрээнд шүүх засаглал, түүний дотор Захиргааны шүүхийн туршлагыг судлан эх орондоо нэвтрүүлэхийг зорьж байна. Бусад салбарын тухайд гэвэл, ойн бодлого, шинэ менежментийн ололт, модны үйлдвэрлэлийн шинэ техник, технологи, ноу-хау, геологийн судалгаа, шинжилгээ, уул уурхай, түүний дотор зэс хайлуулах, боловсруулах үйлдвэрлэл, цаа бугыг нөхөн үржүүлэх, загасны аж ахуйг хөгжүүлэхэд хамтран ажиллахад голлон анхаарна. Харин Монгол, Норвегийн Парламент хоорондын хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэхийн хамт төрийн шийдвэрийн хэрэгжилтэд олон нийтийн тавих хяналтыг сайжруулахад чиглэгдсэн Парламентын омбудсмэн ажиллуулдаг туршлагыг судлах, баялагаас олсон орлогыг арвижуулах, улмаар тэгш, зөв бодлоготой хуваарилах арвин туршлагатай нийгмийн баялагийн “Глобал” сангийн туршлагаас суралцахыг зорьж ажиллахын зэрэгцээ бизнесийн салбарын хамтын ажиллаганы хувьд нүүрсний цэвэр технологи, усан сан, усан цахилгаан станц барих техник, технологи, дэд бүтэц , тухайлбал, уулын зам,  нүхэн буюу газар доогуур зам тавих, геологи, уул уурхайн салбарт газрын ховор элементийн хайгуул, олборлолт болон далайн тээвэр, загас агнуурын салбарт Норвег улстай хамтран ажиллах боломжийг судалж, хамтын ажиллагааны эхлэлийг тавиад байна.

Эцэст нь хэлэхэд, Монгол төрийн гадаад бодлогын алтан аргамжийг атгалцаж ирсэн үе үеийн дипломатууд, гадаад харилцааны салбарын нийт ажиллагсад болон уншигчид Та бүхэндээ удахгүй улс орон даяар тэмдэглэх Монгол улсад орчин үеийн дипломат алба үүсч, хөгжсөний 100 жилийн ойн баярын мэнд хүргэж, ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Цахим Өртөө Сүлжээнд элсэх

  • Өртөөний сүлжээнд элсэх

tsahim_urtuuХэрэв та Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээнд элсэхийг хүсвэл: http://groups.google.com/group/tsahim-urtuu-suljee хаягаар зочилж маш хялбархан бүртгүүлж болно. Та Гүүгл суурьт энэхүү сүлжээнд имэйлээ бүртгүүлснээр манай сүлжээний гишүүн болно.

 

Image Temp

Энэ хуудас нь Цахим Өртөө сүлжээний нийт гишүүдийн хамтын бүтээл байх бөгөөд ажил хэргийн санал болгоныг вэбийн хамтлаг тухай бүр нь тусган энэ хуудсанд оруулж байх болно. Хамтран ажиллаж буй, ажиллахаар зэхэж буй таньд баярлалаа.

Newsletter