161-р сар2018

Бүлэг: Ярилцлага

С.Молор-Эрдэнэ: Надад бага ч гэсэн хүсэл мөрөөдөл байна. Үүнийхээ төлөө би юм хийх ёстой.

Эх сурвалж: Амарсанаагийн Амармэнд, “Гоо Даль” Сэтгүүл, 2011.01 сар, №28
  
Багадаа Ганди шиг хүн болохсон гэж хүсдэг байсан тухайгаа та ярьсан байсан. Яагаад болсонгүй вэ?
Цаг нь ирэхээр болох байх. Ганди бол гайхамшигтай хүн. Төрийн хүн тийм л байх ёстой. Маш өгөөмөр, өндөр ёс суртахуунтай, материаллаг шуналгүй ийм л хүмүүс оршиж байж улс орон хөгжиж, иргэд амгалан тайван амьдарна. Би аливаа нийгмийн харилцаа мөнгө, албан тушаал дээр биш хайран дээр тогтож байх ёстой гэдэгт итгэдэг. Ганди улс гүрэн, нийгэм хайр дээр тогтох боломжтой гэдгийг харуулсан хүн.
 
Хайр тогтсон хүний нийгэм байх боломжтой гэж үү?
Тийм байх ёстой юм. Даанч бидний нийгэм хууль, ёс суртахууны дүрмүүд бүрэн ажиллаж чадахгүй байгаагаас өнөөгийн байдалд хүрчихээд байна. Хүүхдүүдэд бага байхаас нь аав ээж нь тодорхой ёс суртахууны хүмүүжил олгоодарван жилд орохоор нь бас тийм хичээл ороод, их сургуульд ч ахиад л нөгөө ёс суртахуунаа заадаг, боловсролын систем нь тасралтгүй ёс суртахууны хүмүүжил олгодог бол бүх хүүхдийн тархиндэнэ бүхэн чинь суучихна. Өдөр тутмын мэдээжийн зүйл болно. Гэтэл өнөөдөр гэрт ч, гадаа ч, нийгэмд ч, төрд ч ёс суртахууны талаар юу ч яригдахгүй байна. Хоолтой юу, хувцастай юу, халаасандаа мөнгөтэй юу за тэгвэл болоо л гэж байна. Бидний өдөр тутмын амьдрал зөвхөн материаллаг зүйлс дээр суурилчихаад байна. 
 
Хүмүүжүүлэх гэдэг нэг хэрэг. Гэтэл үнэхээр хүн гэдэг амьтны мөн чанарт тийм гэгээн сайхан зүйл байдаг болов уу?
Байгаа юм. Ж.Ж.Руссо “Хүн бол уг нь сайн. Гэтэл нийгмийн энэ буруу дүрмүүд хүнийг эвдээд хаячихдаг” гэж хэлсэн байдаг. Нийгмийн харилцаанд ороод ирэхээрээ л за энэ чинь бүтэхгүй юм байна, ингэхгүй л бол арчуулах юм байна гээд буруу тийшээ чиглээд эхэлдэг.

Гэтэл хүний туулсан бүхий л үеийг харах юм бол дайн байлдаан, хүчирхийлэл, шударга бус байдлаар дүүрэн. Хүний түүхэнд хайр дээр тогтсон тийм нийгэм байгаагүй шүү дээ.
Хэрвээ хайр гэж юм огт байгаагүйсэн бол энэ дэлхий өдий болтол оршихгүй байсан. Хаа нэг газар хайр байсан учраас, түүнийг хэн нэгэн хамгаалсан учраас хүн төрөлхтөн эдүгээ хүртэл оршиж байна. Мэдээж хүний нийгэмд муу муухай, худал хуурмаг бий. Гэхдээ тэд бол хөлгүй. Үнэн хэзээд ялна. Үүнд эргэлзэх юмгүй.
Боловсрол гэдэг зүйл хүн төрөлхтний мэдээжийн зүйл нийтийн хүртээл болж чадахгүй л байна. Хэрвээ ингэж чадвал бидний дэлхий ертөнц одоо байгаагаасаа хэдэн хувь илүү байх байсан. Хүмүүс боловсролгүйгээс болоод л буруу юманд үнэмшээд, буруу хүмүүсийг дагаад, буруу улс төрийг дэмжээд, буруу шашин, буруу мухар сүсэгт итгээд энэ нийгэмд эргээд хор болоод байна.
 
Тэгвэл хүний амьдралын утга учир юу юм бэ?
Бид нэг их том утга учир ярих хэрэггүй. Энэ асуулт өөрөө их утгагүй. Яагаад гэвэл дэлхий, нар, сар, огторгуйн тогтолцоо тохиолдлын зүйл.Хүн өнөөдрийн хүн болсон үүсэл хөгжил ч тохиолдлынх. Энэ дэлхий дээр хүн болж төрөх ч тохиолдлын зүйл. Энэ тохиолдлын амьтан дэлхий дээр хэдэн сая жил амьдраад тохиолдлоор устаж, үгүй болно. Зургаан сая жилийн хажууд бидний жар, далан нас нэг эгшин. Тэгвэл бид энэ эгшний амьдралаас нэг их том утга учир хайгаад хэрэггүй. Зүгээр л хүнд муу юм хийлгүй, үзье гэснээ үзээд, амтлая гэснээ амтлаад цааш нь үр хүүхэд үлдээх бол үлдээгээд болоо.
 
Тэгвэл та өнөөдөр юуны төлөө тэмцээд байгаа юм бэ?  Ингэх хэрэг байна уу?
Яах вэ, миний амьдралын жар далан жилээс одоо надад дахиад хорь, гуч нь үлдсэн ч би энэ хугацаандаа аятайхан амьдармаар байна. Цэвэр агаар амьсгалаад, тунгалаг горхины ус ууж байгаад дуусмаар байна. Надад бага ч гэсэн хүсэл мөрөөдөл байна. Үүнийхээ төлөө би юм хийх ёстой биз дээ. Нэгэнт би энэ Улаанбаатар хотод алхаж, энэ хотоос хүртэж амьдарч байна. Нэгэнт би эндээс ямар нэгэн зүйл авсан болохоор буцаагаад өгөх ёстой. Авсантайгаа тэнцүү өгч байж шударга ёс болно. Би шударга амьдармаар байна.
 
Үхэхсэн гэж хүсэж байв уу?
Гуч гарсан насандаа боддог байсан.Ардчилсан хувьсгалаас болсон л доо.Аливаа нийгэмд улс төр, нийгмийн өөрчлөлт явагдах үед өчигдрийн үнэн өнөөдөр худал болж , өчигдрийн худал өнөөдөр үнэн болдог. Яг л энэ жишгээр социализмын үед жигшиж явсан бүхэн ардчилалын үед сайшаагдаж, социализмын үед үнэн гэж итгэж байсан бүхэн буруу, муухай болсон.Энэ үед миний зорилго үгүй болж, хийж байсан бүхэн үнэгүй болж, үүнээсээ болоод ёс суртахууны гүн зөрчилд орж, юм бүхэн утгагүй санагдаж, амьд явах ямар хэрэг байгаа юм бэ гэж бодож байсан.
 
Тэгвэл энэ үеийг хэрхэн давж туулав?
Философи л намайг аварсан. Г.В.Ф.Хегель, И.Кант гээд том том философичдын номыг уншиж, тэндээс амьдрах эрч хүч авсан.
 
Балчир Тэмүүжин хаан ширээний төлөө эцэг нэгт ахыгаа хөнөөдөг. Ер нь улс төрч байхын тулд хог шаар байх хэрэг гардаг юм шиг.
Тийм. Улс төр нэг их сайхан зүйл биш. Улс төр гэдэг хүнд маш их эрх мэдэл, амьдрах боломж авчирдаг болохоор энэ бүхнээс хүртэх гэсэн маш их сонирхол, эрх ашгийн төлөөх тэмцэл тэнд байдаг. Үүнд чи өөрийн эрхгүй орно. Гэхдээ энэ бүхнийг чи хажуугаас нь хараад зүгээр сууж болохгүй. Улс төрийг зөв хийж чадвал нийгэмд, ард түмэнд их хэрэгтэй. Өнөөдөр улс төрийг, улс төрчдийг харааж зүхдэг тийм үе Монголд оршиж байна. Би ойрын хэдэн жилдээ ард түмэн улс төр чинь бас ч гэж сайн зүйл юм, хэрэгтэй юм байна гэж үнэлдэг цаг ирээсэй гэж хүсэж байна. Үүний төлөө хүч хөдөлмөрөө зориулна. Монголд шинэ улс төр бий болох ёстой.
 
Миний ухамсарт амьдрал социализмын үед өнгөрөөгүй ч тэр үед хүмүүст ариун нандин чанар өнөөдрийнхөөс илүү байсанюм болов уу гэж боддог юм. Гэтэл өнөөдөр бидэнд мөнгөнөөс өөр үнэ цэнэтэй юм алга. Та аль алинд нь амьдарч байсны хувьд энэ талаар юу гэж хэлэх вэ?
Социализм өөрөө эв хамтын нийгэм учраас тэнд ажиллаж амьдрахад их амар. Тийм болохоор ази, тэр дундаа Монгол хүмүүст илүү нийцтэй. Харин энэ либерал нийгэм чинь америк шиг янз бүрийн үндэстнүүд очоод цуглачихсан  орнуудад их таардаг. Тэнд бол тэртэй тэргүй итали хүн итали амьдралаараа, хятад хүн хятад амьдралаараа, ирланд хүн ирланд амьдралаараа амьдраад хувиа бодоод явчихдаг. Бид бол нэг их шударга ёс, эрх чөлөө, тэгш эрх яриад байх хэрэг байхгүй. Яагаад гэвэл энэ бүхэн чинь тэртэй тэргүй социализмын үед хангалттай байсан. Бүгдээрээ адилхан эмнэлэгт үзүүлнэ, адилхан сургуульд сурна. Гэтэл өнөөдөр бүх зүйл мөнгөөр шийдэгддэг болчихоор хүмүүс эрх чөлөөгүй болж байна. Шударга биш болж байна. Тэгш эрх бүүр байхгүй болсон. Дээдэс, доодос, эмзэг бүлэг, баячууд гэдэг ойлголт 90 оноос л эхтэй шүү дээ. Жишээ нь: Өнөөдөр хувийн сургуулиуд бий болчихож. Гэтэл боловсрол гэдэг нийтийн юм байх ёстой. Бүх хүүхдэд адилхан боловсрол олгогдох ёстой. Мөнгө төлөхгүй бол боловсрол авч чадахгүй гэсэн тогтолцоо байх ёсгүй. Ээж аав нь мөнгөгүйн төлөө тэр хүүхэд боловсролгүй хүн болдог тийм шударга бус тогтолцоо байх ёсгүй.
 
Та ёс суртахуун гэж ярих юм. Гэтэл ёс суртахуун бол нийгмээс тогтоосон хэм хэмжүүр. Энэ хэм хэмжүүр хүний хүсэл эрмэлзэлтэй зөрчилдөх нь их. Эцсийн эцэст нийгмийн хэм хэмжүүрийн дагуу амьдарч, бусдад зөв хүн гэж харагдах нь чухал юмуу, эсвэл өөрийнхөө хүсэл эрмэлзлэлийг тэргүүнд тавьдаг байх нь чухал юмуу?
Бид энэ нийгмийн дүрмүүдэд захирагдаж, жүжиг тоглохоос өөр арга байхгүй. Шекспир “Амьдрал бол тайз” гэж хэлсэн байдаг. Тэгэхээр энэ тайзан дээр бид янз бүрийн дүрд тоглох шаардлагатай тулгардаг. Жишээ нь, би сургууль дээрээ багшийн дүрд, гэртээ ирээд эхнэрийнхээ дэргэд нөхрийн дүрд, хүүдээ аавын дүрд, эцэг эхдээ хүүгийн дүрд гээд маш олон дүрийг өдөр тутмын амьдралдаа бүтээж байна. Дүрээ сайн бүтээж чадах эсэх асуудал хувь хүний хүмүүжил, боловсролоос хамаарна. Энэ амьдрал чинь өөрөө парадокс. Туйлын зөв шийдэл гэж байхгүй. Өгөөмөр байх уу, уучлах уу, өөртөө үнэнч байх уу, энэ бүхэн амьдралын маш эгзэгтэй сонголтууд. Амьдрах гэдэг өөрөө урлаг юм. Энэ урлагт бид суралцах л ёстой.
 
Та тэгвэл яг одоо миний өмнө ямар дүрд тоглож байна?
Их л юм уншсан, их л юм мэддэг нөхрийн дүрд тоглож байна. Багш талдаа юмуу даа.
 
Бид өнгөрсөн зуунд бичиг үсгээ сольж хэл бичгийн дүрмэндээ олон өөрчлөлт хийсэн, одоо ч хийсээр л байна. Үр дүнд нь зөв ярьж, бичдэг хүн бараг байхгүй болж. Тухайлбал, өнөөдөр миний үеийнхэн нэг дүрмээр, миний дараагийн үеийнхэн өөр нэг дүрмээр, өмнөх үеийнхэн бас өөр дүрмээр сурч боловсорсон. Энэ бүхнээс нийгэмд учирч болох хор хохирол нь юу бол?
Хэлнээс бодол үүснэ. Тэгэхээр хэл буруу бол бодол буруу болно. Өөрөөр хэлбэл, бидний харилцаа, ойлголцол амжилттай явагдахгүй. Нэг нэгнээ буруу ойлгоно. Бидэнд тогтсон хэлний дүрэм, утгын дүрэм, грамматик дүрэм гэж алга. Олон тоо, ганц тоо, ирээдүй цаг, одоо цаг, өнгөрсөн цаг гэсэн хатуу дүрмүүд алга. Англи хэл сурахдаа бид бүх цаг, тоог нь ягштал цээжлэх хэрэг гардаг. Гэтэл монгол хэлэнд тийм биш. Хоёрт, симантик, лингуистик гэдэг ойлголт бий. Энэ бол энэ үг энэ утгыг л илэрхийлнэ, өөр утга илэрхийлж болохгүйг заадаг. Жишээ нь, англи хэлэнд I think гэвэл бодлоо хэлж байна, I feel гэвэл сэтгэлээ илэрхийлж байна, I mean гэвэл санаагаа хэлж байна, I know гэвэл би яг мэдэж байна гэсэн утгыг илэрхийлдэг. Харин монгол хэлэнд “Тэр чинь тийм шүү дээ” гээд л орхичихдог. Тэр бодол нь юмуу, санаа нь юмуу, сэтгэлийн хөдөлгөөн нь юмуу, гарцаагүй мэдээд хэлж байгаа юмуу, таамаглаж байгаа юмуу гэдэг нь мэдэгддэггүй. Эзэн биегүй өгүүлбэр агаарт цацаад байдаг. Энэ бол нэгд, кирилл үсэгт шилжсэн шилжилт, хоёрт, Ц.Дамдинсүрэн, Б. Ринчин нарын Монгол хэлийг шинэчлэх үедээ хийсэн алдаа. Энэ хүмүүс Монгол хэлийг дүрэмтэй сайхан хэл болгоод, бидэнд үлдээж чадаагүй. Одоохондоо бид ийм чадваргүй, түүхий хэлээр дэлхийн мэдлэгт хүрэх боломжгүй. Тийм учраас аль болох англи хэлээ барьж мэдлэгт хүрэх шаардлага гарч байна. Монгол хэл одоохондоо бидний толгойг л эргүүлж, үл ойлголцол, зөрчил, хэрүүл л үүсгэхээс өөр юу ч өгч чадахгүй.
 
Зарим хүмүүс хуучин монгол бичгээ сэргээж хэрэглэх талаар их ярьдаг?
Уг нь монгол бичиг зайлшгүй хэрэгтэй. Харамсалтай нь, өнөөгийн нөхцөл байдал бидэнд тийм завшаан олгохгүй нь. Өнөөдөр бидэнд өөр хийх зүйлс маш их байна. Тийм учраас уйгаржин бичгээ хэрэглэх боломж маш бага. Тийм их хөрөнгө мөнгө, цаг хугацаа нь бидэнд алга. Бид одоо хойшоо ухрах эрхгүй, урагшлах л ёстой. Нэгэнт кирилл үсэг хэрэглэдэг болсон учраас энэ чигээрээ засч сайжруулаад л явахаас аргагүй.
 
Зөвхөн хэл ч гэлтгүй системчлэгдсэн юм гэж бараг алга. Хэдэн зууны турш ганц нэгээрээ нүүдэллэж амьдарсан хэв маяг маань л аливаа зүйлд нэгдсэн системийг бий болгоход саад болоод байна уу?
Тэгэлгүй яах вэ. Хот үүсч, хүмүүс цуглаж байж дараа нь нийгэм үүснэ. Одоо бол бид чинь нийгэмшиж, ситизен буюу иргэн ч болж чадахгүй байна. Улаанбаатар ч сити болж чадахгүй байна. Бидэнд хотын соёл, амьдрал, хотын амьдралын дүрэм горим, ёс суртахуун алга. Улаанбаатар бол зүгээр л өөр өөрийнхөө дураар, таалагдсанаар амьдрах гэж ядаж байгаа олон хүний бөөгнөрөл. Манайхан автобусан дээрээ нийслэлийн 370 жил гэж бичээд байдаг, тэр бол худлаа шүү. Манай хот чинь 60, 70 жилийн л түүхтэй. Үүнээс өмнөх хүрээ бол хот биш, зүгээр л лам нарын орон сууц л байсан. Хэзээ хот үүсдэг вэ гэхлээр хотын даргатай, хотын захиргааны байшинтай болоод дарга нь байшиндаа суух тэр цагаас хот үүсдэг.
 
1990 оноос хойш хас шүтээн, мөнх тэнгэр гэх зэргээр монголчууд өөрсдийн итгэл үнэмшлээ хайж олох гэж ихээр оролдох болж. Энэ талаар та юу гэж боддог вэ?
1990 онд монголчууд ирээдүйгээ шинээр тодорхойлох тэр цаг үетэйгээ нүүр тулсан. Үүний тулд эхлээд бид өнөөдрөө ойлгох ёстой. Гэтэл бид 800 жилийн өмнө очоод тэндээс ирээдүйгээ тодорхойлох гэж оролдоод байна. Өөрөөр хэлбэл, Чингисээ босгож ирээд энэ хүн бидний ирээдүй гэж ярих гээд байна. Гэтэл бид ирээдүйгээ өнгөрсөнөөс хайх ёсгүй. Өнөөдрөөс хайгаад маргааш руу алхах хэрэгтэй. Өнөөдөр бид  800 жилийн өмнөх Чингис хаан, Америкийн агуу ардчилал, хоёрын хооронд ганхаж савласан л хүмүүс байна. Өнөөдөр интернэт рүү орохоор нэг гоё ертөнц, Монголынхоо нийгмийг харахаар дээл өмсөж, бөө бөөлж хэдэн зуун жилээр хоцрогдсон огт өөр ертөнц. Бөө хэдэн мянган жилээр, шашин бол хэдэн зуун жилээр хоцрогдсон зүйлс. Ийм их сүм, олон шашинтай дэлхийн хөгжилтэй орон байхгүй. Гадаадад бол сүм хийд, шашин, түүхийн дурсгал төдий л зүйл. Бид шашинд, мухар сүсэгт үнэмшээд байгаа хэрнээ мэдлэгт үнэмшихгүй байна. Дэлхийн мэдлэгээс дэндүү хол хоцорчихсон байна.
 
Тэгвэл бид ирээдүйгээ хаанаас хайх вэ?
Ерөөсөө л үе үеийнхэн тойрч сууж байгаад програмаа хийнэ. Өнөөдрийн нөхцөл байдлаа тодорхойлохоос эхлэнэ. Бид хаана байна вэ? Манай их дээд сургуулиуд дэлхийн хэмжээнийх биш юм байна, бидний хэл маань дэлхийн мэдлэгт хүрэх чадваргүй юм байна, бидний түүх бидний ирээдүй биш юм байна, бид түүхээ зараад хоол болгож чадахгүй юм байна гээд олон зүйл дээр бид эхлээд санал нэгдэх хэрэгтэй. За бид чинь хоосон юм байна. Бидэнд байгаа нь агуу том нутаг, хоёр хүчирхэг хөршийн хооронд сайтар хамгаалагдсан байдал, монгол хүний төрөлх овжин сэргэлэн байдал л байгаа юм байна. Тэгэхээр энэ бүхнээ ашиглаад цаашид хэрхэн хөгжих концепцоо гаргах хэрэгтэй. Үлгэрлэвэл, бид эхлээд өвчтөнийг оношлоно. Дараа нь эмчилгээг нь хийнэ. Түүнээс биш оношыг нь тогтоогоогүй байж гараад гүйгээд байж болохгүй. Хэрвээ хүнд өвчтэй хүн бол гарч гүйгээд хатгаа тусчихна. Тэгэхээр энэ өвчтөнийг тордох, бордох хэрэгтэй. Тэгж байж бид гадагшаа гарна.
 
Тэгвэл монгол гэдэг энэ өвчтөнд эдгэх боломж хэр байгаа бол?
Байлгүй яах вэ. Байгаа гэж бодож байгаа учраас л би энд байна. Байхгүй гэж бодож байсан бол Герман руу буцаад явчихсан байгаа. Үнэн бол хатуу, бухимдмаар, уурламаар, уйлмаар, гомдмоор. Гэхдээ үнэний тухай ярилцаж сурах хэрэгтэй. Ингэж байж бид зөв замдаа орно. Харин өнөөдрийн монголыг харахаар нэг л их үнэнээс айсан, нэгнийгээ айлгачих болов уу, ичээчих болов уу, монгол хүн амны билгээр гээд сайхан юм ярих гэсэн хүмүүс. Гэтэл сайхан юм чинь худлаа байна. Тийм учраасаа, худлаасаа салаад үнэнээ илчлээд ширээн дээр гаргаад тавьчих хэрэгтэй. Гэр бүл ч гэсэн яг тийм шүү дээ. Ээж, аав, хүүхдүүд тойрч суугаад үнэнийг ярих хэрэгтэй. Ээж та тэгдэг, аав та тэгдэг, эмээ та тэгдэг. Үнэн үү, үнэн. За тэгвэл одоо яаж засарцгаах вэ гээд л ярилцдаг байх хэрэгтэй.
 
Ямарваа нэгэн өөрчлөлт шинэчлэлт, хөгжил урьдаар нийгмийн оюун санаа, ухамсар бэлтгэгдсэн байх ёстой юу?
Мэдээж хэрэг. Бид хэрвээ буу хүн алдаг гэдгийг мэдэхгүй байсан бол нэг нэгнээ буудаад л алчихнаа даа. Африкт бол ийм явдал их олон тохиолдож байсан гэдэг. Яг үүнтэй адилхан л манайд автомашин араа залгаад давхидаг, хурдалдаг гэдгийг нь мэдэхгүйгээр олноор нь оруулж ирээд нэг нэгнээ дайраад, нэг нэгнээ мөргөөд байна шүү дээ. Үүнтэй адилхан аливаа техник, технологи тухайн нийгэмд орж ирэх үед урьдаар нийгмийн гишүүд нь үүнд бэлэн байх ёстой. Интернэт орж ирэхийн өмнө бэлтгэл хийх хэрэгтэй байсан. Гэтэл одоо хүүхэд залуучууд интернэтээр хичнээн их порно, хүчирхийлэл үзэж байна? Интернэт гэдэг зүйлээр л ертөнцийг таньж байна. Угаасаа өөр орчлон ертөнцийн талаар зохистой мэдээлэл өгч, соён гэгээрүүлэх байгууллага манай нийгэмд алга. Үүнээс болоод монголын өнөөдрийн нийгэм ерөөсөө туршаад, дараа нь алддаг нийгэм болж хувирлаа. Үзэж туршаад л, дараа нь хохироод үлддэг. Уг нь энэ бүхэн чинь тодорхой тайлбар, сэнхрүүлгийн хамтаар орж ирж байх ёстой юм. Харамсалтай нь бид ингэж чадсангүй. Бүх юмаа нээчихсэн. Хятадууд гэхэд үүнээс гарах үр дүнгээс нь айгаад интернэтээ хянаад байна. Нийгмээ тархины маш хүнд гэмтэлд оруулахаас хамгаалж байна. Тэнд байгаа 800 сая тариачин ямар нэгэн шүүлтүүргүйгээр интернэтээр баруунаас орж ирж байгаа мэдээллийг үзээд шоконд орно шүү дээ. Манайд ч ялгаагүй хөдөөний залуучууд Улаанбаатарт орж ирээд шоконд орж байна. Баруунаас зөв нь ч, буруу нь ч орж ирнэ. Тус, усын алин болохыг бид таах аргагүй.
 
Тэгвэл энэ нөхцөл байдлыг бид яаж засах хэрэгтэй вэ?
Эрсдэл хийж байж л засагдана. Өөр арга үлдсэнгүй. Үүн дээр нэмэхэд харамсалтай нь манай төр мэдлэг боловсролтой төр байсангүй. Манай төрд байгаа хүмүүс чинь жаахан хүүхдүүдтэй адил л соёлын шоконд орчихсон хүмүүс. Виски ууж, жиип машин унахыгаа гоё зүйл гээд итгэчихсэн хөөрхий өрөвдмөөр нөхөд шүү дээ. Уг нь энэ төрд баруунд байж үзсэн, мэдлэг боловсролтой хүмүүс гарсан бол энэ эрсдлийг бууруулах байсан юм. Гэтэл монголд өнөөдөр мэдлэгтэй боловсролтой хүн дээшээ гарах ямар ч боломж алга. Манайд чинь аливаа нэг газар удирдах ажил хийх хэмжүүр нь мөнгө, хээл хахууль, танил тал, ах дүү, нутаг ус болчихож. Үүнээсээ болоод манай төр нийгэмдээ тус биш гай болоод байна. Өнөөдөр монголын нийгэм феодалын нийгэм болчихож. Энэ төрд байгаа хүмүүс чинь капиталистууд биш, феодалууд. Хэрвээ капиталистууд байсан бол аж үйлдвэр, техник технологио хөгжүүлээд үйлдвэрийнхээ бүтээгдэхүүнүүдээр зах зээл дээр уралдаж, ажилчин анги, үйлдвэрчний эвлэл үүсээд аж үйлдвэр монгол хөгжиж байх ёстой. Гэтэл эдийн засгийн капитализм монголд буй болохгүй байна. Төр рүүгээ очиж наалдаад тэндээ нялцганаж байж уул уурхайн лиценз, банкний зээл, олон улсын тусламж, татварын мөнгөнөөс хулгайлдаг төрийн феодалууд л байна. Мөнгөтэй, гэхдээ юу ч бүтээдэггүй, мөнгөө эргэлдүүлдэггүй. Одоо цагаан сар болно. Нөгөө үнэтэй хөөрөг, том дээл, мөнгөн бүсээрээ гоёод морио уралдуулна л даа.
 
Та ер нь яагаад физикээс философи руу орж, тэндээсээ улс төр лүү шилжилт хийх болов оо?
Герман бол дэлхийн философийн уурхай болсон газар. Номын санд яваад ороход дүүрэн философийн номууд. Тэгэхээр би ийм оронд сурч байж тэр мэдлэгээс нь хүртэлгүй тэр номнуудыг нь огт уншилгүй буцна гэдэг дэндүү харамсалтай байсан. Би айлын том хүүхэд болохоор үүрэг хариуцлагыг илүү мэдэрдэг, багаасаа л ёс суртахууны тухай их боддог, өрөвчхөн хүүхэд байсан маань ч нөлөөлсөн байж магадгүй. Харин улстөрд орсон тухайд би үүнийг түүхэн шийдвэр гэж боддог. Ер нь Германд боловсрол эзэмшсэн хүмүүс улстөр нийгмийн ажилд оролцох магадлал их өндөр байдаг. Яагаад гэвэл Германаас их олон хувьсгал гарсан. Германд сурч боловсорсон хүмүүс эх нутагтаа очоод хувьсгал хийсэн түүх олон. В.И.Ленин Германд сурч ирээд Оросыг өөрчилсөн бол К.Маркс Английн ажилчин ангийг очиж өөрчилсөн гээд л. Г.В.Ф. Хегель, Ф. Ницше, А. Шопенхауэр, К.Маркс гээд энэ томчуулын номыг уншаад байхаар өөрийн эрхгүй бүхнийг өөрчлөх гэсэн хүсэл төрдөг. Германчууд чинь эршүүд, өөртэй итгэлтэй, чадварлаг, эрэлхэг хүмүүс. Энэ бүхэн ч аяндаа наалддаг. Би Германы их сургууль философийн чиглэлээр докторийн зэрэг хамгаалсан анхны монгол хүн гээд бодохоор ч юмуу өөрийгөө түүхэн хүн гэж мэдрээд байдаг.
 
Ер нь хүний амьдралын аз жаргалын хөшүүрэг нь юу юм бол?
Мэдлэг боловсрол. Хорвоо дэлхий, амьдрал, ёс суртахуун, үхэл гээд энэ зүйлсийн утга учрыг ойлгох, ойлгож таньсан мэдлэгээрээ бусдад тус болж, хүнд хүртээмжтэй амьдрах л хэрэгтэй байх. Би бурхан шашин гэсэн том зүйлд итгэдэггүй. Энэ ертөнцөд амьсгалж буй агаар, гишгэж буй газар дэлхийдээ л итгэдэг. Өнөөдөр манай нийгэм шашинд хэт итгэж байна л даа. Энэ нь төр засаг, нийгэм ард иргэдээ аваад явчихаж чадахгүйгээс болоод байна. Америкт ажилгүй болчихсон хүнийг төр засаг нь дэмжиж туслаад, хооллож ундлаад байна. Харин манайд төр юу ч өгөхгүй. Харин лам багшаас асуувал ядаж нэг тайлбар олоод хэлчихнэ. Тийм болохоор энэ ядарсан хүмүүс чинь лам, бөөд итгээд байгаа юм.
 
Таны амьдралд хүчтэй нөлөө үзүүлсэн зүйл, үйл явдал гэвэл юу байх бол?
Ер нь хүүхдүүд өсвөр насанд байхдаа өөрийнхөө идеал, үлгэр дууриал болох хүнээ хайх үйл явцтай тулгардаг. Энэ насандаа би ч янз бүрийн зүйлээс үлгэр жишээ болох хүнээ хайдаг байлаа. Пинкфлойд сонсож үзээд дуучин болох гэж гитар авна, тамирчин болох гэж үзнэ. Сүүлдээ бодит амьдрал дээр дууриах хүнгүй болоод уншсан ном романыхаа дүрүүдийг дууриаж, тэднээс үлгэр авах гэж оролдож эхэлсэн. А.П.Чеховын зохиолууд, “Монте Кристо гүн” гээд л уншиж эхэлсэн. Энэ дундаас Э.Л.Войничийн “Овод” хэмээх номын гол дүр хувьсгалч залуу Оводыг дагаж дууриах идеалаа болгосон доо
 
Молор-Эрдэнэ гэж машин урагшлах эрчмээ хаанаас авч байна вэ?
Хөдөлмөрлөж, ном уншиж, эсвэл бичиж эрч хүчээ авдаг байдал одоо нэгэнт өнгөрч. Энэ бүхэн мэдээжийн зүйл болчихож л дээ. Одоо бол ганцаараа, чимээгүй орчинд ганц шил пиво уугаад суух тэр л мөчүүдээс эрч хүч авдаг болж. Зөвхөн өөртөө зориулах цаг минь их багасчээ.
  • Бичсэн Цахим Өртөө Холбоо
  • Үзсэн: 4590

Бүлэг: Ярилцлага

Мал эмнэлгийг улс төрөөс ангид биеэ даасан тогтолцоотой болгоё

Б.Оюундэлгэр /МОНЦАМЭ/- www.dayarmongol.com

Монголын үндэсний мал эмнэлгийн холбооны ерөнхийлөгч С.Батсайхантай ярилцлаа.

-Зах зээлийн нийгэмд шилжсэнээр Мал эмнэлгийн салбар унаж, одоо ч чигээ олохгүй, буруу яваад байгааг холбооны зүгээс юу гэж үздэгээс яриагаа эхлэх үү?
-Хүний эмч хүнээ эмчилнэ, малын эмч хүн төрөлхтнийг эмчилнэ гэдгийг хүмүүс энгийнээр ойлгох хэрэгтэй. Мал өвчтэй бол хүн өвчилнө. Энэ утгаараа эдийн засгийн чухал салбар. Шүлхийгээ зогсоох чадахгүй бол махны экспортын талаар ярих хэрэггүй. Мэргэжлийн хүмүүсийн үгийг сонсмоор байна. Шүлхийг эмчлэх арга зам ол гэх нь буруу биш ч хав дарна гэсэн бодлого барих ёстой. Мал эмнэлгийн тогтолцоог олон улсын жишгээр бие даасан хараат бус, босоо тогтолцоотой болгох хэрэгтэй байгаа юм. Үүрэг өгнө, хариуцлага өндөр. Шүлхий гарсан, хариуцлага тооцно гэдэг. Хэнд юу тооцох гээд байгаа юм бүү мэд.

МУИС-ийг 1942 онд байгуулснаас хойш дээд мэргэжлийн малын эмч бэлтгэсэн ч өнөөдөр Мал эмнэлгийн бие даасан тогтолцоо алга. Мал эмнэлэг, үржлийн агентлагийн удирдлага нь мэргэжлийн биш. Олон улсын жишгээр Мал эмнэлгийг толгойлох хүн ДМАЭМБ-д Монгол Улсыг төлөөлсөн эрх зүйтэй. Аймгийн түвшин дэх Мал эмнэлгийн алба нь аймгийн ХХААЖДҮ-ийн газарт харьяалагддаг. Газрын дарга нар голдуу хөдөө аж ахуйн чиглэлийн хүмүүс. Гэнэт малын халдварт өвчин гарч, голомт руу явахад мөнгөгүй, цаг хугацаа ч алддаг нь тогтолцооны буруу юм. Энэ газрын дарга уулзалт, семинараас эхлээд хөдөө гадаа ажлаар явах гээд байнга бэлэн байхгүй. Энэ системийн зарим хүн зээр шүлхий өвчин тарааж байна, вакцинжуулна, өвсөн тэжээлтэй амьтанд өгөөш өгч, өвсөнд нь вакцин дусаах юм байх. Ийм л байна. Хэн нэгэн хүний нэр хэлэхгүй, гол нь тогтолцооны өвчин гэмээр байна. Иймд мал эмнэлгийн тогтолцоог босоо удирдлагатай бие даасан болгож, мэргэжлийн хүнээр удирдуулмаар байна.

-Хувийн мал эмнэлгийнхнийг тарилга, туулга хийхээс өөр ажилгүй гэж шүүмжилдэг. Зөвхөн вакцинаар хангаж, цалинжуулдаг байдлыг яаж өөрчлөх вэ?
-Мал эмнэлгийн албадыг сумын түвшинд үйл ажиллагаа эрхлүүлэхээр 11 жилийн өмнө хувьчилсан. Төр хувийн мал эмнэлэг гэсэн хандлагаар ямар нэгэн хөрөнгө оруулдаггүй. Тэд вакцин хийж, үйлчилгээний үнээр нь ”амьдардаг”. Төрийн зүгээс хувийн мал эмнэлэг төрийн үйлчилгээг малчдад хүргэж, малчид нь бүхнийг төрөөс авах биш, малаа эрүүл байлгавал амьдрал сайжирна гэдгийг ойлгох хэрэгтэй. Үүнд төрийн бодлогын зохицуулалт үгүйлэгдэх юм. Мал аж ахуйн салбарт маш олон төсөл, хөтөлбөр хэрэгждэг. Гэтэл зарим нь сургалт хийх, социализмын үеийн загвар малчин гэхчлэн юм яриад явдаг. Төр зөв зохион байгуулалт хийвэл татвар төлөгчдийн мөнгөөр биш, гадаадаас орж ирж буй мөнгөөр тэднийг унаажуулж, орон байртай болгож, үйл ажиллагаагаар нь өрсөлдөх орчин бий болговол төсөвт дарамт учрахгүй.
Мал эмнэлгийн үйлчилгээ монголын эдийн засагтай нягт уялдаатайг ойлгохгүй бол зарим нь шүлхийг эмчилдэг арга ол, тэгвэл нядлахгүй, эмчлээд явъя гэх юм. Эмчилж болох ч шүлхийтэй орноос ямар ч бүтээгдэхүүн авахгүй, манайд аялал жуулчлалаар хэн ч ирэхгүй. Түүхэндээ шүлхий гараагүй Шинэ Зеланд, Австрали улс монголыг шүлхийтэй гэвэл хэнийг ч оруулахгүй. Шүлхийг эмчлэх биш халдварыг нь таслан зогсоох ёстой. Төр, малын эмч нар малчны араас хөөцөлдөх биш, малчин мал эмнэлгийн үйлчилгээний хойноос явдаг болъё. “Мянгат малчин” шагнал утгагүй, үүний оронд эрүүл малтай баг, сум шалгаруулж, тэндээс бүтээгдэхүүн гаргах зах зээлийн урамшууллын системтэй болох хэрэгтэй.

-Хөдөө орон нутагт хүргэж байгаа вакцины хадгалалт, хамгаалалт хэр байдаг юм бол?
-Жил бүр олон тэрбум төгрөгийн хөрөнгө зарж, нэр бүхий халдварт өвчний эсрэг вакцин үйлдвэрлэдэг. Вакцинаа зохистой нөхцөлд хадгалах, доторх идэвхтэй бодисыг нь хэвийн байлгаж тарих ёстой. Гэтэл амьдрал дээр суманд харанхуй нэртэй, нарны тусгал туссан дулаан өрөөнд хадгалдаг. Уг нь ихэнх вакциныг 4 хэмээс илүүгүй орчинд хадгалах ёстой.

-Шүлхий өвчинг барьж чадахгүй байгаа нь бас тогтолцооны гажиг уу?
-Тийм. Шүлхий өвчин гараад гурван сар боллоо. Энэ өвчин эдийн засгийн асар их хохиролтой, олон улсын худалдааны хорио цээртэй, малын гоц халдварт өвчин. Үүнийг дарж чадахгүй байгаа нь Мал эмнэлгийн тогтолцоонд гарсан гажиг. Олон жил ужгирч явсны эцэст сэдэрч байна. Мал эмнэлэг гэсэн мэргэжлийн байгууллагыг улс төртэй хольж ирсний гай.

-Шүлхий өвчин манайд хилээр орж ирлээ гэдэг. Эсвэл голомт байна уу?
-Улс орон бүхэн хөрш рүүгээ түлхдэг. Хятад манайхаас халдвар авсан гээд л ярьж байгаа. Тэдний мэдээлэл нээлттэй биш. Энэ удаагийн шүлхий Хятадаас зээрээр дамжиж орж ирсэн гэх таамгаас өөр юм байхгүй.

-Баруун аймгаа шүлхийгүй бүс гэж олон улсад зарлуулах нь шүлхий гарснаар удааширсан уу?
-Швейцарийн хөгжлийн агентлаг үүнд анхаарч байна. Шүлхийн олон улсын багийн эксперт, Аргентинийг шүлхийгээс эрүүлжүүлэх бодлого боловсруулахад оролцсон, Дэлхийн ХХААБ-д ажиллаж байсан, малын их эмч У.Ким 11 дүгээр сард ирж, “баруун бүс шүлхийгээс эрүүл” гэж тодорхойлох бодлогын баримт бичиг боловсруулахад техникийн тусламж, зөвлөгөө өгөх байсан. Гэвч шүлхий гарч, монголоос ажиллах хүмүүс бололцоогүй болсон тул нэг сард ирэхээр болсон. Баруун бүсийг вакцинжуулаагүй, шүлхийгээс эрүүл бүс гэдгийг олон улсад зарлуулж, газар зүйн байрлалаар тусгаарласан хяналтын бүс байгуулахаар ярьж байна. Швейцарийн хөгжлийн агентлаг хөрөнгө гаргаж, бичиг баримт боловсруулахад оролцоно.

-Зургаан аймагт хэчнээн мал устгаад байгаа вэ?
-Одоогоор Хэнтий, Говьсүмбэр, Сүхбаатар, Дорнод, Дорноговь, Сүхбаатар, Төв аймагт 27 мянган мал өвчилснийг устгаад, нөхөн төлбөрийг нь шийдэж, 5.6 сая малыг вакцинжуулсан. Үүнээс хэтрүүлэхгүй барих хэрэгтэй байна.

-Устгал хийсэн газраас дахиж шүлхий гарахгүй байх, мөн вакцин хийлээ гээд шүлхий тусахгүй баталгаа бий юү?
-олон улсын жишгийн дагуу нүх ухан, буудаж, ариутгаад устгадаг. Тухайн малыг өвчлүүлэхгүй гэж вакцин тарьдаг ч буруу ойлголт байна. Вакцин хийсэн мал шүлхийтэнэ гэдэг нь шүлхийн халдвар аваад нууц үедээ явж байхад нь вакцин хийсэн гэсэн үг. Энэ үедээ өвчилнө гэхээс вакцин хийсэн мал шүлхийтэхгүй.
Аливаа халдварт өвчин гарахад онцгой байдлын хувцастай хүн гарч ирээд вирус, халдвар гээд өвчний талаар инээдтэй юм ярьдаг. Тэд хорио цээр, дэглэмийн талаар ярихаас биш төчнөөн мал устгалаа, ийм өвчин байлаа гэж ярих эрхгүй, зөвхөн Мал эмнэлгийн хүмүүс энэ талаар мэдээлэх ёстой.

-Шүлхийн вакцин хийхэд нэлээд хөрөнгө хэрэгтэй гэдэг. Хэдий болтол гадаадаас вакцин авах вэ, дотоодод хийх талаар санал гаргаж байв уу?
-шүлхий өвчний 7 хэвшил бий. Манайд О хэвшлийнх нь гарсан. Нэг хэвшлийн шүлхийн вакцин үйлдвэрлэх нь зардал өндөр, бас эрсдэлтэй. Учир нь О хэвшлийн өвчний эсрэг вакцин хийлээ гэхэд өөр хэвшил гарч ирж болно. Унгарын Засгийн газраас орж ирэх 25 сая ам долларын хүрээнд Биокомбинатад шинэчлэл хийж, тоног төхөөрөмжөө сайжруулна. Шүлхийн голчлон гардаг хэвшлийн эсрэг вакцин хийж болох юм. Энэ тохиолдолд вакцин, биологийн үйлдвэрлэлийн чиглэлээр нарийн мэргэшсэн малын эмч нар бодсон зүйл бий.Түүнээс биш шүлхийн вакциныг өөрийн хөрөнгөөр хийх боломжгүй.

-Биокомбинатын шинэ удирдлагыг нь хүлээн зөвшөөрөхгүй байсан. Энэ юу болж байгаа бол?
-Монголд байгаа биологийн ганц үйлдвэр. Энд амьд вакцин, омог, өсгөвөр гээд манайд бүртгэлтэй малын өвчний буюу 20 гаруй төрлийн өвчний вакцин, ийлдэс хийдэг. Үүнийг алдвал хүн ам, нийгмийн эрүүл мэндэд маш их халгаатай. Энэ байгууллагыг биологийн мэдлэгтэй, үе, үеийн салбарын сайд, мал эмнэлгийн албаны ерөнхий эмч нар удирдаж ирсэн. Харамсалтай нь мөн л буруу тогтолцооны улмаас мэргэжлийн бус хүнээр дарга тавьсан. Манай холбоо, МҮЭХ-ноос эсэргүүцсэнийг ТӨХ хүлээн авч нээлттэй сонгож шалгаруулалт зарласан. Үүнд туршлага, биологийн үйлдвэрлэлийн талаарх мэдлэг, вакцин үйлдвэрлэлийн талаар хийсэн туршлагаа танилцуулсан, чадвартай хэн ч оролцож болно. Холбооны зүгээс зөвхөн мэргэжлийн хүн тавиач гэсэн шаардлага хүргэж байгаа.

- Сургууль төгссөн оюутнууд тэр бүр хөдөө очиж ажиллахгүй байгаад хөшүүрэг хэрэгтэй санагддаг. Малын эмч нарын хүрэлцээ хэр байгаа вэ?
-Хөдөө идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг малын эмч нарын ихэнх нь 40-өөс дээш насных. Залууст хөдөө явах сонирхол байхгүй тул тэнд ажиллах нөхцөл бүрдүүлэх хөшүүрэг хэрэгтэй байна. Манай холбоо сүүлийн 3 жилд нэлээд ажил хийлээ. Японы Нигата мужийн мал эмнэлгийн холбоотой хамтран 2001 оноос жилд 3-4 оюутны, өнгөрсөн оноос “Мерси Кор” байгууллагатай хамтран жилд 40 оюутны сургалтын зардлыг дааж байгаа.

-Тэд төгсөөд хөдөө ажиллах гэрээтэй юү?
-Заавал хөдөө гэхгүй, үйлдвэрт зайлшгүй ажиллах гэрээтэй. Бид Засгийн газарт дуу хоолойгоо хүргэж, хөдөөд хөрөнгө оруулж, залуусыг ажиллах нөхцөл бүрдүүлэхэд анхаарна. Мал эмнэлгийн ангийг жилд 80-100 оюутан төгсдөгөөс хөдөө явах нь маш цөөн тул тэдний ажиллах нөхцөл бүрдүүлж, эдийн засаг, нийгмийн хөшүүрэг бий болгох, урамшуулах систем бий болгоход төрийн дэмжлэг үгүйлэгдэж байна.
Мөн, Мал эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэдэг сургуулийн боловсролын хөтөлбөрт хоцрогдсоныг шинэчилье. Ашиглаж байгаа материалд нь дүгнэлт хийж Швейцарийн  Хөдөө аж ахуйн коллежийн орлогч захиралд үзүүлэхэд “Манайх 150 жилийн өмнө ийм хөтөлбөртэй байсан” гэсэн. ХААИС нь БСШУЯ-ны харьяа байдаг. Энэ сургуулийг яамны харьяанд авч, боловсон хүчин, тоног төхөөрөмжийн зоригтой шинэчлэл хийх шаардлага байна.

-“Монгол мал” хөтөлбөрийн хэрэгжилт ямар байгаа бол?
-Хувийн мал эмнэлгийнхэн мөнгө олох ашигтай үйлчилгээг дагнан, тарилга, туулга, боловсруулалт хийдэг. Оношилгоо, ариун цэвэр, халдварт өвчний тандалт судалгаа, тоон мэдээлэл, статистик орхигдож байгаад манай холбоо дүгнэлт хийж, “Монгол мал” хөтөлбөрт сум бүрт одоо орхигдсон энэ ажлыг хэрэгжүүлэх улсын алба байгуулъя гэсэн санаа оруулсан. Гэтэл мэдлэг чадваргүй хүнийг ажилд авах жишээ гарч байна. ОХУ-ын нэг дүүрэгт боом өвчин эмэгтэй хүний ороолтоос гарч. Гэтэл тэр нутагт 100 жилийн өмнө хэсэг цэрэг боомоор өвчилж нас барьсныг оршуулсан байж. Үүнд үндэслээд газрын хөрсөнд 100 жил хадгалагддаг гэж үзсэн. Харин манайд өвчин гарахад бүртгэл мэдээлэл, статистик боловсруулалт байхгүй, орхигдоод байна. Төрийн зүгээс байгуулсан алба нь орхигдоод байгаа энэ л ажлыг хийх ёстой юм.
Манай холбоо анхан шатны энэ алба жинхэнэ утгаараа явахгүй байна гэж үзсэн. Тэдний хийх ажил тодорхойгүй. Одоогийн мал эмнэлгийн хийхгүй байгаа, орхигдсон ажлыг хийх ёстой. Мөн Улсын мал эмнэлэг, үржлийн агентлагт ажиллаж байгаа хүмүүсийн ур чадвар сайнгүй. Гэтэл манай Ерөнхий эмч “Цалин голоод ажиллахгүй байна” гэдэг. Би хүмүүс ажиллана гэд боддог. Гол нь нийгмийн халамж, янз бүрийн хөшүүрэг, бодлого барих хэрэгтэй. Урт хугацааны зээлд хамруулж орон сууцтай болговол хэн ч ажиллана. Чадалтай малын эмч нарыг энэ байгууллагад ажиллуулах нөхцөл бий болгох хэрэгтэй. Гадны эксперт, дэлхийн ХХААБ-ын хүмүүс ирэхэд хамтраад ажиллах хүн мал эмнэлэг үржлийн агентлагт үгүй гэхэд болно.

-Мал эмнэлгийн салбарт шинэ техник технологи хэр нэвтрүүлж байгаа бол?
-Төрийн мал эмнэлгийн төв байгууллагад ажиллах боловсон хүчний чадавх, техник технологи сайжирсан. МЭАЦУТЛ-ийг чадварлаг хүмүүс удирдаж ирснээр сүүлийн 10 жилд өөрчлөгдсөн. 2001 онд шүлхий өвчнийг оношлуулахаар ОХУ руу явуулсны хариу 7 хонож ирэхэд Английн лавлах лабораторид баталгаажуулахад дахин 7 хонодог байсан бол одоо 24 цагийн дотор оношилж, гадагшаа явуулсан дээж бүхэн нь лавлах лабораториор баталгаажиж байна. Гол нь мэргэжлийн байгууллага гэдгийг хүлээн зөвшөөрч намаас ангид байлгах хэрэгтэй.

-Малыг хувьчилснаар малын эрүүл байдал алдагдлаа. Эргээд малчдыг нэгтгэе гэсэн санал гардаг тухайд?
-Нэгдэл задарснаар өвчин гарч байгаа юм биш. Тухайн үед улсаас хяналт тавин эмчилж, малын эмч нарыг цалинжуулж байсан.  Малын эрүүл мэнд гэдэг малчин хүний хариуцах зүйл. Малчдад малаа эрүүл байлгахад хөрөнгө гаргах сэтгэлгээ алга. Сайн малчид малдаа тодорхой хэмжээний мөнгө зориулж,  эргээд ашиг олохыг ойлгосон байдаг. Жишээ нь зудыг би байгалийн зуд, сэтгэлгээ, мал маллах арга ухааны зуд болж байна гэж ойлгодог. Ихэнх малчин мал маллах арга ухаан, өвлийн бэлтгэлээ базаахад анхаардаггүй. Ган зудаас эхлээд хатуу цаг байна. Монголын цаг агаар сайхан байвал мал нь өсөөд байдаг. Өнгөрсөн өвлийн зуднаар Дундговь аймгийн Адаацагт явж байхад зэргэлдээ хоёр айлын нэгнийх нь мал 700 байснаас 30 үлдэхэд “Өвс тэжээл бэлдэж амжаагүй, ийм өвөл болно гэж бодсонгүй, энэ өвлийг давчихвал мянгат малчин болох байсан” гэж байхад нөгөө айл нь байгаа мөнгөнийхөө хэмжээнд 100 боодол өвс, 150 шуудай хорголжин тэжээл авсныхаа хэмжээнд тал малаа авч үлдсэн байх жишээтэй. 2000 оны зудад Дундговь аймгийн харьяат Хөдөлмөрийн баатар Дагва гуайнд очиход сайндаа 20 хувийг нь алдсан гэж байсан. Залуу малчид уламжлалт мал маллагааны арга ухаандаа суралцмаар байна. Орчин цагт малчид хамтарч ажиллах зайлшгүй шаардлагатай. Хоршоо гэхээр хөрөнгө дээр суурилдаг учир чаддаггүй. Хэд хэдэн айл хамтарч бүлэг болсноор нэг нь адуундаа явж, нэг нь үхрээ, нөгөө нь хонь ямаагаа эргүүлж, өөр нэг нь эсгий, цагаан идээгээ хийх зэргээр хамтарч ажиллах хэрэгтэй. Малыг миний амьжиргаа, үүнийгээ эрүү байлгавал ашиг их олно гэсэн сэтгэлээр хандмаар байна.

-Малаас хүнд халдах өвчин хэр байгаа бол?
-Мал саах, үхсэн малын арьс хуулж байгаад гараа эсгэх зэргээс халдварладаг боом, галзуу, бруцеллёз өвчин тусах магадлалтай. Бруцеллёзын халдвар нийт малын 2-3 хувьд байна гэдэг. Энэ жил Швейцарийн эрдэмтэдтэй хамтран Завхан, Сүхбаатар аймагт түүвэр шинжилгээний аргаар ийлдсийн шинжилгээ хийсний дүн гараагүй байна. Хоёрдугаар сарын 15-нд эхний мэдээлэл гарахад мэргэжлийн байгууллагад санал хүргэнэ. Бруцеллёзын хувьд малын бүтээгдэхүүнийг чанаж, болгож хэрэглэхэд халдахгүй. Шүүрхий мах идэх зэрэг түүхий бүтээгдэхүүнээс татгалзаж, мах, малын арьстай болгоомжтой харьцах хэрэгтэй. Энэ өвчин, архаг ужиг, хурц хэлбэрээр илэрч, өвчний үргэлжлэх хугацаа урт, курс эмчилгээний зардал өндөр. Шууд цочмог үхэлд хүргэхгүй, удаан хугацаанд зовоодог.

  • Бичсэн tserenbat_d
  • Үзсэн: 5145

Бүлэг: Ярилцлага

Бид Монголд эрх чөлөөг мэдэрдэг

 Д.Даариймаа, Эх сурвалж: “Монголын үнэн” сонин

 
Монголд суралцаж байгаа гурван Хазара оюутантай уулзахаар “Цахим Өртөө Холбоо” ТББ-ын ажилтан Д.Болормаагийн хамт гадаадын оюутан, багш нарын амьдардаг оюутны байрыг зорилоо. “Цахим Өртөө Сүлжээ” байгуулагдсаны арван жилийн ойн хүрээнд өөрсдийн нэрэмжит оюутны тэтгэлэгт хөтөлбөр зарлажээ.
Уг хөтөлбөрт Афганистан Улсын иргэн, Хазара угсаатан Мэгдад Салехи, Захра Хуссейн Бахш, Гулам Аббас нар шалгарч Монголд суралцах эрх авсан байна. Нийт 60 мянган ам. доллар хүртэлх тэтгэлгийн сан нь гадаадад суугаа монголчуудын “Цахим Өртөө Сүлжээ”-ний гишүүд, хувь хүн, аж ахуйн нэгж, олон нийтийн байгууллагуудын хандив аж.
Хазара оюутнууд өнгөрсөн оны есдүгээр сард Монголд суралцахаар хөл тавьжээ. Монголын түүх, өв соёл, нийгэм, эдийн засаг, шинжлэх ухааны мэдлэг, боловсролыг эзэмшиж, хоёр орны ард түмний харилцаа холбоог бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт тэд найдаж байгаа гэсэн.
 
Хазара залуусаас шалгарч Монголд суралцах эрх авсан азтай торгон агшныг юуны өмнө дурсмаар санагдлаа. Эссэ бичлэгийн уралдааны дүн бүхнийг шийдсэн гэсэн. Ямар сэдэв хөндөн бичсэн бэ?

Аббас:

- Сайн сайхан цаг ирнэ гэдэгт найдсан миний итгэл намайг хүнд цаг үед зоригжуулж байлаа. Ялангуяа Монгол өвөг дээдсийн тухай илүү ихийг олж мэдэхийг хүссэн тэмүүлэл маань тэтгэлэгт хөтөлбөрт шалгарахад нөлөөлсөн. Энэ тухайгаа дэлгэрэнгүй бичсэн. Хамгийн сүүлийн шатанд зургаан өрсөлдөгч тунаж бид гурав ялагч болсон. Монголд суралцах болсон шалтгаан нь Монгол туургатан гэдгээ мэдэрсэн явдал. Монгол хэлийг сайн сурч, агуу их Чингис хааны үр удмыг Хазарачуудтайгаа сайхан харилцаатай болгохыг хүссэн юм.

Захра:

- Талибаны засаглал унасны дараахан 2005 онд би эх нутагтаа дээд боловсрол эзэмшихээр буцаж ирсэн. Тулхтай хөгжлийн төлөө зүтгэх нь миний мөрөөдөл. Өнөөдрийг хүртэл хийж, бүтээсэн зүйлдээ сэтгэл хангалуун бус байдаг. Хэрэв Монголд таван жил сурч, өөрийгөө хөгжүүлж, дээд боловсрол эзэмшвэл ихийг бүтээж, Афганистанд байгаа Хазарачуудынхаа төлөө ажиллана гэдгээ тодотгон бичсэн. Тэгээд ч би монголчуудын тухай илүү ихийг мэдэх хүсэлтэй байлаа.

Мэгдад:

Би улс төрийн орогнолоор дүрвээд буцаж ирснийхээ дараа Марефат ахлах сургуульд сурч эхэлсэн. Тэнд сурч байхдаа монгол угсаа гаралтай, Чингис хааны үеэс бид дэлхийн энэ бүс нутагт нүүн суурьшсан юм байна гэдгийг ойлгосон гээд л… Намайг эл тэтгэлэгт хөтөлбөрт өрсөлдөхөд багш маань, “Чи Монгол Улсад хазарачуудынхаа элч төлөөлөгч болж очно шүү” гэж байнга дэмжиж байсан. Би Хазарачуудын төлөөлөл болж суралцаж буйдаа баяртай байна. Монголын түүхийн тухай судлаад суралцах сонирхол төрсөн. Түүх судалж байхдаа бид монголчуудтай нэг цустай гэдгийг олж мэдсэн.

Өөрсдийгөө танилцуулаач. Монголд ирэхээс өмнө ямар чиглэлээр суралцаж байв?

Мэгдад:

- Би Афганистаны Кабул хотод төрсөн. Одоо МУИС-д бизнесийн удирдлагын чиглэлээр суралцаж байна. Эссэ бичиж өрсөлдөх үедээ Марефат ахлах сургуулийн XII ангийн сурагч байлаа. Цэвэр өрсөлдөөн дундаас шалгарч тэтгэлэгт хамрагдсан гэж “Цахим өртөө сүлжээ”-нийхэн хэлж байсныг сонсоод өөрсдөөрөө бахархсан.

Аббас:

- Би Пакистаны Күэтта хотод мэндэлсэн. Өмнө нь “ActionAid” хэмээх ядуурлыг буруулах олон улсын байгууллага “Daily Outlook” сонины редакцид ажилладаг байв. Одоо МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны сургуульд түүхч болохоор суралцаж байгаа.
Захра:
- МУИС-д бизнесийн удирдлагын чиглэлээр суралцаж байна. Би Афганистаны Бамиан хотын иргэн.  Өмнө нь англи хэлний цагийн багш хийж байсан. Залуу удирдагч форумд гишүүнчлэлтэй. Бид “Монголоо хайсан Монгол” нэвтрүүлгийн багийнхны ачаар Монголд суралцах боломж олдсонд их баярладаг.

Аав, ээжээсээ хэдүүлээ вэ. Гэрээ санаж байна уу?
 
Аббас:

- Би дөрвөн дүүтэй. Тэд нарыгаа болон нутгаа их санаж байна. Гэхдээ гэрийнхэнтэйгээ өдөр бүр интернэтээр холбогддог. Аав бизнес эрхэлдэг. Ээж гэрийн сайн эзэгтэй. Өдөр бүр тэд надаас “Амьдрал ямар байна” гэж асуугаад “хичээлээ сайн хийгээрэй” гэдэг. Манайх 12 жилийн сургалттай. Харин эрэгтэй, эмэгтэй хүүхдүүд тусдаа сурч байгаад их сургуульд хамтдаа суралцдаг. Манай найзууд надаас “Монголчууд дахиад хазара оюутан суралцуулна гэж байна уу?” хэмээн өдөр бүр асуудаг. Тиймээс Монгол Улсын Засгийн Газар хазара оюутан нэмж суралцуулаасай.
Мэгдад:

- Байрны болоод суралцах хугацааны зардлыг Монгол Улс дааж байгаа болохоор бид гурав сайн суралцах ёстой. Би аав, ээжээсээ зургуулаа. Манайх хүргэн, бэртэйгээ 12-уулаа нэг дор амьдардаг. Монгол хэлээ сайжруулах гээд зун гэртээ очсонгүй. Тиймээс  ээжийнхээ гарын хоолыг л их санаж байна даа.

Захра:
- Би хоёр эгч, нэг ахтай. Өдөр бүр гэрийнхэнтэйгээ интернэтээр холбогддог.

Монгол орны тухай сэтгэгдлээ хуваалцана уу. Олон найзтай болж байгаа юу?

Мэгдад:
- Олон монгол найзтай болсон. Би Монголд байхдаа тухтай байдаг. Эрх чөлөөг мэдэрдэг. Ялангуяа бид монгол үндэстэн гэдгээрээ ямагт бахархдаг. Монголчууд бидэнтэй нөхөрсөг, илэн далангүй харилцдаг нь таалагддаг. Миний хувьд монгол хэл сурахад нэлээд төвөгтэй байгаа ч сайн суралцах гэж хичээдэг.
Захра:

- Би ч мөн адил Монголд нөхөрсөг, сайхан сэтгэлтэй хүмүүсийг олж харсаар байна. Монгол Улс өдөр ирэх тусам хөгжиж, дэлхийн өндөр хөгжилтэй оронтой хөл нийлүүлэн алхана гэдэгт итгэдэг.

Аббас:

- Бид Монгол туургатны хазара үндэстэн. Халуун орноос ирсэн. Монголд их хүйтэн юм. Манай нутагт өвөлдөө 15 хэмээс доош хүйтэрдэггүй. Тэгэхэд Монголд -40 хэм хүртэл хүйтэрч байна. Энэ нь жаахан хэцүү байгаа болохоос биш бидэнд шантарч, няцах зүйл алга. Хүмүүсийн харилцаа эелдэг, зөөлөн. Энэ бүхэн сайхан санагдаж, монголчуудаараа бахархаж байна.

Монгол дуу сурч байна уу?

Захра:
-Суралгүй яахав. Мэгдад бид хоёр саяхан “Хүүхэд насанд хүргэж өгдөг, галт тэрэг хэрвээ байдаг Хүн бүхэн сууна даа гэж хааяа би боддог юм” гэдэг үгтэй “Бага нас” хэмээх хүүхдийн ДУУ дуулж сурсан. Мөн театруудад очиж байнга тоглолт үздэг. Хөөмий, морин хуурын аялгуу гайхалттай санагддаг.

Аббас:

- Би “Эмоушн” хамтлагийн дуучин байсан Солонгоогийн дууг сонсох дуртай. Фэн нь. Бид гурав анх ирж байснаа бодвол одоо Монголд гэртээ байгаа юм шиг сайхан байна. Биднийг “Цахим Өртөө Сүлжээ”-ний хамт олон болон МУИС-ийнхан байнга санаа тавьж эргэж тойрдог.

Хазара үндэстний тухай товчхон мэдээлэл өгехгүй юу. Үндсэрхэг үзэлтэйгээс гадна байнга мөргөл үйлддэг гэж сонссон?

Захра:
- Нэг үеэ бодвол монголчууд хазара үндэстний тухай мэдээлэл сайтай болсон. Бид гуравт хүмүүс их сайн байдаг.

Аббас:
- Хазарагийн удирдагчид нийт найман сая хазара байна гэдэг. Харин Афганистаны Засгийн газраас 4-5 сая хазара бий гэсэн мэдээллийг өгдөг. Ямар ч байсан миний мэдэж байгаагаар одоо Пакистанд сая, Иранд хоёр сая хазара байгаа. Бусад үндэстэнтэйгээ удаан хугацаанд дайтсан, эрх чөлөөгөө хасуулж байсан учраас үндсэрхэг. Мөн өөрсдийгөө монгол угсаатай гэж ярьдаг. Афганистаны түүхэнд хамгийн анхны эмэгтэй дэд ерөнхийлөгч, хотын захирагч, Засаг дарга нь хазара хүмүүс байдаг. Кабулын их сургуульд бусад үндэстнээсээ олон сурдаг. Гадаадад суралцдаг Афганистан оюутнуудын ихэнх нь хазара. Хэрвээ эрх чөлөөтэй, дайнгүй байсан бол хазарагийн хөгжил өндөр байх байлаа.
Миний хувьд шашин гээд сүйд болдоггүй. Нэг ёсондоо шашингүй үзэлтэн. Мөргөл үйлддэггүй гэсэн үг.

Мэгдад:
- Захра бид хоёр мөргөл үйлддэг.

Монгол хүнтэй гэр бүл болбол яах вэ?

Аббас:
- Манай хазарачууд хүүгийнхээ эхнэрийг монголчуудтай адил бэр гэж дууддаг. Энэчлэн төстэй үг нэлээд байдаг. Аав, ээж хоёр монгол бэртэй болохыг үгүйсгэдэггүй.

Мэгдад:
- Манай аав, ээж ч мөн адил монгол найзтай болж болохгүй гэж хэлдэггүй.

 
Д.Даариймаа
2010.12.01 
  • Бичсэн Цахим Өртөө Холбоо
  • Үзсэн: 2949

Бүлэг: Ярилцлага

“Хэцүү бэршээл байх тусмаа өөрт чинь өсөж хөгжих боломж олгож байна гэсэн үг"

“Морьтон Баатар Эрдмийн Одон”-гийн эзэн Г. ИЧИНХОРЛООТОЙ ХИЙСЭН

Ярилцлага

Британид ажиллаж амьдардаг Монголчуудын дундаас төрөн гарсан анхны “Морьтон Баатар Эрдмийн Одон” шагналын эзэн Лондонгийн Хөрөнгийн Биржийн ажилтан Гомбодоржийн Ичинхорлоотой ярилцсан ярилцлагаа та бүхэндээ хүргэе гэж зорьсон юм. Ичинхорлоо маань сүүлийн үед ажил хөдөлмөрөөр ундарч олз омог дүүрэн яваа Монголын хөрөнгө оруулалтын салбарт өөрийн чадвараа хөгжүүлж яваа өндөр мэргэжилтэнгүүдийн маань нэг билээ. Энэ талаар нь ярилцлагаараа дамжуулан Ичинхорлоогийнхоо амжилтын нууцыг Британид буй Монголчууддаа хүргэхийг бид зорьсон юм.

Юуны өмнө бидний хүсэлтийг хүлээн авч ярилцлага өгөх цаг зав гаргасан танд их баярлалаа. Та манай уншигчдад өөрийнхөө талаар танилцуулахгүй юу? Англид ирээд одоо хэр удаж байна? Өнгөрсөн хугацаанд та хаана юу хийж байв? Хувийн амьдралаа хуваалцаач.
Танд ч гэсэн талархал илэрхийлье. Намайг Ичинхорлоо гэдэг,  гэхдээ дотны найз нөхдүүд маань ихэнхдээ Ичко гэдэг нэрээр маань мэднэ. Сүхбаатар аймгийн Баруун- Урт хотод төрж өссөн. Лондонд анх 1998 онд ирж байсан. Түүнээсээ хойш сайхан үедээ сайхан, хэцүү үедээ хэцүү адал явдлаар дүүрэн 10 жилийг ардаа үдэх гэж байна даа. Хоёр хөөрхөн хүүхдийн ээж болж, одоо найм, есөн настай охин хүү хоёр бий. Тэгээд дараа нь хоёр их сургуулийг баклавр, магистераар сурч дөнгөж энэ жил дуусгаж байна даа. Би 2000 онд МУИС ийн баклаврт Санхүү, 2009 онд Лондон Метрополитан Их Сургуулийн баклаврт Банк Санхүү тэгээд одоо 2010 оны 8 сард Reading Их Сургуулийн Харьяа Олон Улсын Сапиталын Зах Зээлийн Нийгэмлэгийн Бизнесийн Сургуульд (ICMA Centre)  магистраар Олон Улсын Үнэт Цаас, Хөрөнгө Оруулалт ба Банк чиглэлээр сурч шалгалтуудаа өгч дуусгасан даа. Ингээд эргээд харахаар анх Англи гэдэг оронд ирэхдээ бодож ирсэн хүсэл мөрөөдөлдөө 10 жилийн дараа л хүрлээ дээ.       

Таны авсан “Морьтон Баатар Эрдмийн Одон” шагналыг тэр бүр хүн авдаггүй их онцгой шагнал мэт санагдсан? Энэ талаар ярилцаач, яагаад танд энэ шагналыг өгөхөөр шийдсэн юм бол?
Аан, тэр тухайд бол онцгой шагнал уу, онцгой хүмүүс үү эсвэл огт сонсоогүй одон уу, огт танихгүй хүн үү гэдгийг би хувь хүмүүсийн өөрсдийнх нь бодолд үлдээе. Би ч гэсэн өөрөө урьд нь огт сонсоогүй байсан болохоор сонирхолтой байсан. Ямар ч байсан миний хувийн амьдралд энэ 2010 он их онцгой нэгэн жил болж тэмдэглэгдэж үлдэх гэж байгаа юм байна гэдгийг би мэдэрч байнаа. Гэхдээ яг энэ одонг авсан тохиолдол маань өөрөө их сонирхолтой бөгөөд санаандгүй явдал болсон л доо. Өнгөрсөн 9 сарын дундаас эхэлж Лондонгийн Хөрөнгийн Биржд дадлага хийх тийм азтай завшаан надад олдсон юм. 9 сарын 29нд Улаанбаатарт Лондонгийн хөрөнгийн биржээс зохион байгуулсан Монголын Хөрөнгийн Зах Зээлийн Хоёрдугаар Бага Хурал гэж болсон юм. Тэр үйл ажиллагаанд туслах бас дээр нь тавигдах илтгэлүүд болон оролцож байгаа гадаадын болон дотоодын байгууллагуудын талаар жоохон мэдээлэлтэй болох хүслээр 7 хоног Монгол явж ирсэн. Тэгээд тэр хурлын үеэр хоёр хүнтэй дотно танилцаж нилээд удаан эх орныхоо тухай бодол сэтгэлээ хуваалцах завшаан олдсон юм. Гэтэл тэд нар маань надад Чингис Хааны Дэлхийн Академийг танилцуулахаар болж Давааням багштай танилцах хувь тохиосон юм. Давааням гуай харахад даруухан, их үнэн үгтэй залуухан тийм нэгэн сайхан хүн юм билээ. Давааням гуай их эзэн Чингис хааны удмын 30 дахь үеийн үе залгамжлагч гэдгээ саяхан дэлхийн 141 гишүүн оронтой Royal нийгэмлэгт батлуулж чаджээ. Энэ нь анх удаа түүхэнд Монгол хүн, тэр тусмаа өөрийнх нь удмын хүн тэртээ 800 жилийн дараа дахин Чингис хаан нь мөнх тэнгэрийн элч байсан бөгөөд бурхан байдаг гэдгийг баталсан түүхэн үйл явдал болсон юм байна. Тэрээр 20 гаруй жил хөдөлмөрлөсөн Чингис хааны төрийн бодлоготой холбоотой бүтээлээрээ Америкийн алдарт Rothschild их сургуулийн хоёр докторын цолыг улс төр болон дундад зууны түүхч гэдгээр тус тус онц дүнтэй хамгаалсан баримтуудыг нүдээрээ харж, гараараа барьж унших тийм хувь надад олдсон юм. Эндхийнхээ завгүй өнгөрүүлдэг өдөр тутмын амьдралдаа дасаад 10 гаруй жил болсон надад энэ байгуулага болоод энэ багшийн талаар мэдэх юм үнэхээр байгаагүй гэж хэлж болно, гэхдээ оюутан байх үед л нэг хоёр монгол үндэсний урлагын хүмүүстэй холбоотой чихээр орж байсаныг эс тооцвол. Нэгэнт энэ академи дэлхийд хүлээн зөвшөөршөөрөгдсөн болохоор Чингистэй холбоотой түүхэн зүйлүүдийн эзэн байх эрхийг авсан юм байна. Энэхүү Морьтон Баатар Эрдмийн Одон дээр Чингисийн сүүдрээс өөр найзгүй сүүлнээс өөр ташуургүй явахад нь үнэн ч анд нь болсон Боорчийн морь унасан зураг байдаг юм байна. Чингисийн үед үүнийг цэрэг армийн гавьяа байгуулсан хүнд өгдөг байсан нь мэдээж. Гэвч өнөөдөр бидэнд Чингисийн төр засгаа авч явсан тэр төрийн бодлого, оюун нь хэрэгтэй хэмээгээд 6 сар хэлэлцүүлсэний эцэст энэ одонг милитари биш философийн буюу оюуны одон болгож зөвшөөрүүлсэн юм байна. Тэгээд энэ одонг надад өгөхдөө хэлсэн Давааням гуайн үгнүүдээс санахыгаа утгаар нь энд хуваалцья: “Энэ шагналыг авах гол шалгуур нь Монголын нэрийг дэлхийд гаргах явдал юм. Тиймээс бид энэ шагналыг юм бүтээсэн, хийсэн, Монголын нэрийг дэлхийд гаргасан тийм гавьяатай хүмүүст өгдөг. Гэхдээ заримдаа шинэ юманд шинэ санааны төдий байхад ч бас өгч болно. Түүхэнд цаг үе бүхэн өөрийн гэсэн онцлог бэрхшээлүүдтэй байдаг. Өнөөдөр манайх газрын доорхи баялагынхаа ачаар уул уурхайн чиглэлээр хөгжсөн орнуудын хөрөнгийн зах зээл, хөрөнгийн биржийн тухай саяхнаас ярих болсон. Гэтэл улс орон, ард түмэн маань бас үүнд тийм ч бэлэн биш байна. Гэтэл 12 жил хүний нутагт, тэгээд эмэгтэй хүүхэд байшингаа ч барьцаалсан уу эсвэл их өр зээл ч тавьсан уу бүү мэд хувь хүнийхээ хувьд хөдөлмөрлөж 200 жилийн түүхтэй, дэлхийд хамгийн хөгжсөн тэр том хөрөнгийн биржд дадлага хийж явна гэдгийг чинь сонсоод өөрийн эрхгүй дэмжих хүсэл төрсөн юмаа. Эх орондоо үнэнч яваарай, охин чинь залуу насаа хий дэмий өнгөрүүлээгүй юм байна, охиноороо бахархаж яваарай. Хэрэв би эмэгтэй хүн байсан бол бас ингэж 20 гаруй жилийнхээ хөдөлмөрийн үр дүнг өнөөдөр ингэж харж чадахгүй ч байсан байж магадгүй. Чингисийн иргэддээ тулгуурласан тийм төрийг байгуулахад бидэнд  хийх юм их байна” гээд ээж аавын минь дэргэд өгсөн юм даа. Тиймээс би Боорч шиг эх орондоо үнэн ч байхыгаа дотроо амлаад энэхүү хүндтэй одонг хүлээн зөвшөөрч төрсөнөөсөө хойш дахин нэг удаа Чингисийн охин боловоо... хэхэ.
                     
Давааням гуайн хэлсэнтэй үнэхээр санал нэг байна. Үнэхээр үнэн шүү. Хүний нутагт 12 жил эмэгтэй хүүхэд бие даан хөдөлмөрлөж ийм их зүйлийг амжуулна гэдэг бахархууштай зүйл. Тантай уулзахад ёстой Малгайгаа авч хүндэлмээр их сонирхолтой зүйлсийг хуваалцдаг тул би ч хүлээн зөвшөөрч байна. Гадаадад суугаа тан шиг олон Монголчууд ялангуяа эмэгтэйчүүд өөрийн гэсэн байр суурь үзэл бодолоо олтолоо маш их хугацаа зарцуулдаг нь дамжиггүй. Гэтэл үүний дундаас тэр бүр улсынхаа нэр хүндийг гаргаад Монголын бизнес санхүүгийн салбарт дорвитой хувь нэмэр оруулж яваа нь маш ховор шүү дээ. Тиймээс энэ бол үнэхээр гайхамшигтай учрал юм гэж би бодож байна. Цаашилбал бусад Монголчуудад ч бас танаас асууж суралцах зүйл маш их байгаа юм.
Лондонгийн Хөрөнгийн Бирж дэлхийд хамгийн нэр хүндтэй хамгийн их өндөр гүйлгээтэй, орлого ашигтай гэдгийг хүн бүр ярьдаг. Та яаж яваад энэ хүндтэй чухал газар ажиллаж суралцах сайхан завшааныг олж авав?
Тиймээ, Лондонгийн Хөрөнгийн Бирж 200 жилийн түүхтэй, нэр хүндтэй газар гэдгийг хүн бүхэн мэднэ. Лондон хот дэлхийн санхүүгийн төв гэхээр, Лондонгийн Хөрөнгийн Бирж зүрх юм л даа. Дээр хэлсэн, би дадлага хийж байгаа гэсэн. Хэдийгээр дадлага ч гэсэн мэдээж миний хувьд зүгээр эсвэл амархан олдсон тохиолдол биш л дээ. Өнгөрсөн хэдэн жил сурч байхдаа энэ Stock Exchange дээр юу болдогыг л ойлгодог болох юмсан гэж бодож явсан болохоос биш яг бас Stock Exchange-д нь ажиллах боломж олдох тухай бодож ч яваагүй. Тиймээс ч хамгийн ойрхон байдаг байгууллага нь банк гэж бодож сурч явсаар байтал ийм үүд хаалга нээгдсэн дээ. Тиймээс энэ хүртэл замыг туулахад таарсан, тусалсан, дэмжсэн аав ээж, ах дүүс болон найз нөхдүүддээ бүгдэд нь чин сэтгэлээ баярлаж байгаагаа илэрхийлмээр байна. Дээр нь хамгийн гол нь эх орон маань бас би монгол хүн гэдгээр энэ боломж надад олдсон болохоор дээрх шагнал надад энэ л утгаар л авсандаа би бас их бахархаж байгаа.

Энийг сонсоод жирийн нэгэн Монгол эмэгтэйн Лондон дахь амьдралыг өнгөтөөр үзчихмээр юм шиг санагдсан. Та анх энд ирснээс хойш маш их шалгуурыг даван туулсан нь дамжиггүй. Таныг өдий зэрэгт явахад анх юу нөлөөлөв?
Надад өөрийн амьдралын кинонд тоглож байгаа юм шиг л адал явдал дүүрэн тэвчээр их шалгасан, өөртэйгөө тэмцсэн олон он жилүүд л байлаа. Энэ өнгөрсөн 10 жил миний амьдралын нэг чухал хэсэг байсан бөгөөд номоор хэлвэл нэг бүлэг нь болж ингээд энэ жилээр дуусч байна. Сайхан төгсгөлтэй байгаад нь би маш их баяртай байна. Тиймээс ирж буй шинэ арван жилийн эхний оноо цоо шинэ хуудсаар эхлэх хүсэлтэй байгаа.
 
Гайхамшигтай. Тэгэхээр цоо шинэ гэдэг үг маш их шинэ боломжуудыг бас бий болгох юм болов уу гэж би хувьдаа таамаглаж байна. Та бидэнд хамгийн их сургамж авсан амьдралын туршлагаасаа хуваалцахгүй юу?

Энэ орон их юм сургадаг, ойлгуулдаг рон тийм үү. Анх 21-тэй ирж байсан гэхээр миний бүтэн 20 наснууд энд өнгөрсөн байна. Тэгэхээр хувь хүнийхээ хувьд амьдралыг ойлгох гэж бас ухаан сууж өөрийгөө таньж мэдэх гэсэн он жилүүд маань энэ оронд оюутан ээж эсвэл ээж оюутан нэртэйгээр өнгөрсөн. Их юм ойлгож авсан. Унаж босч бас хөл дээрээ тогтох гэж явахдаа онож алдаж хийсэн юм бүхэн, уулзсан учирсан таарсан хүн бүхэн маань хичээл болж үлдсэн байсныг ухаарсан. Болоогүй, бүтээгүй юм бүхэн маань улам цааш зүтгэх шатгаан нь болж болсон бүтсэн эсвэл дэмжиж тусалсан хүн бүхнээсээ хүч авч явдаг байсан. Одоо ч адилхан.  Өөрөө өөртөө эсвэл өөрийнхөө үнэн мөн чанарт үнэнч байхын үнэ цэнийг мэдэрсэн.  Бас дээр нь би энэ амьдралаа өөрөө энэ хорвоод мэндлэхээсээ өмнө харж байгаад сонгож ирсэн юм байна гэдэг үнэнийг мэддэг болсоноос хойш миний яаж амьдрах нь миний өөрийн хариуцлага юм байнаа гэдгийг маш хатуу ойлгосон. Өнөөдөр би алдсан ч оносон ч жаргасан ч зовсон ч ирээдүйгээ залах эрхийг нь бас надад өөрт өгчихсөн байдаг юм байна гэдгийг мэддэг болсоноос хойш хэрэгтэй хэрэггүй юуманд шаналахаа больсон. Өнгөрсөнөөсөө сурч ирээдүйгээ өөрийхөө чадах хэмжээндээ залах гэж мэрийх нь миний өдөр тутмын зарчим болсон. Эцсийн эцэст амьдралд тэмцэл гэдэг бусадтай биш харин өөртэй байдаг юм билээ. Өөртэйгөө тэмцэж, өөрийгөө дийлж өөрийхөө нуугдмал жинхэнэ мөн чанарыг буюу би хэн бэ гэдгийгээ олж мэдэх нь амьдралын утга учир байдаг бөгөөд бидний амьдралд тохиолдож буй том жижиг юм бүхэн үүнд дасгал сургууль нь байдаг юм билээ.         

Гадаадад амьдарч буй олон Монголчуудын дундаас амжилтанд хүрсэн хүмүүс ихэвчлэн маш их тууштай хөдөлмөрлөж байж өдий төвшинд хүрдэг мэт хааяа бодогддог. Гэхдээ тэр бүр хийж амжуулж чаддаггүй байх л даа. Таны бодлоор? Энэ талаараа бидэнтэй туршлагаа хуваалцаач.
Ааан…наадах чинь сайхан сонсогдож байна. Санаж явбал бүтнэ, сажилж явбал хүрнэ гэж үг  бас зөв явбал зөөлөн зөөлөн хорвоо гэдэг үнэхээр үнэн юм байна гэдгийг би ойлгосон. Хэрвээ тууштай хөдөлмөрлөлөө гээд амжилтанд хүрдэггүй гэвэл хөлс цусаа урсгах хүсэл хүнд төрөх болов уу. Хүн болгон энэ хорвоод ямар нэг зорилготой ирсэн байдаг, түүнийгээ олж мэдэхийн төлөө тэмцэх хэрэгтэй л дээ. Түүнийгээ олсон хүмүүс нь жинхэнэ аз жаргал, амжилт хоёрын аль алиныг нь мэдэрсэн байдаг. Хүн бүхэн аз жаргалтай байх эрхтэй бас үүрэгтэй байдаг гэсэн. Тэгэхээр тэр нь юу гэсэн үг вэ гэвэл тэр үүргээ биелүүлж аз жаргалынхаа төлөө зөв аргаар тэмцээ гэсэн үг гэж би ойлгож байна л даа. Гэхдээ аливаа үнэн амжилтын цаана заавал шударга хөдөлмөр эсвэл зөв санаа байх ёстой гэдгйиг санах хэрэгтэй байхаа. Тэгвэл жинхэнэ амтыг нь мэдрэх байх.     

Гадаадад амьдарч байгаа ихэнх Монголчууд маань мөнгөний төлөө ажил гэрийн хооронд хамаг цагаа зарцуулдаг юм шиг байдаг. Таныг хараад байхад аль алийг нь амжуулаад их сэтгэл өөдрөг яваа юм шиг санагдсан. Тан шиг ном уншиж суралцах хүсэлтэй эсвэл хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөөд дуртай зүйлээ хийх хүсэлтэй Монголчууддаа юу гэж зөвлөмөөр байна? Цаг зав, мөнгө, оюуны эрч хүчээр та хэр боломжтой, ямаршуухан мэдрэмж төрдөг вэ?
Тиймээ, би ойлгож байна. Мэдээж амархан биш. Надад ч бас амархан байгаагүй л дээ. Тийм ч учраас Давааням гуайг үг хэлэхэд нь нулимсаа барьж чадаагүй. Тэр хүн надтай яг ижилхэн нөхцөлд байгаагүй ч гэсэн тэр хүн зүрх сэтгэлээрээ намайг юун дундуур туулж явсныг минь мэдрэх шиг болсон. Амьдрал алхам тутамдаа сонголт байдаг. Надад ч гэсэн санаатай санаандгүй хийсэн сонголтууд л байсан. Өөрт байсан бүх л боломжийг дайчилсан гэж боддог. Хоёр хүүхдээ өсгөж, хоёр сургууль дүүргэхийн тулд 10 жил хасах данстай, хасах нойртой өнгөрүүлэх нь миний зохицуулж чадах trade-off сонголт байсан. Хасах дансаар маань одоо уул овоо боссон л доо...(инээв). Мэдээж энд ид шид гэж алгаа. Одоо тэгээд ирж яваа цаг болохоор эргээд тусалсан хүмүүс, байгууллага болон банкиндаа талархсанаа илэрхийлж балансаа тэнцүүлэх цаг удахгүй ирэх байхаа гэж найдаж байна.  
 
Өнгөрсөн жилүүдэд сурсан зүйлс юу байна? Англичууд манай Монголчуудаас ямар ялгаатай санагдав?
Англи, Монгол хоёуланд нь би хайртай. Сая Буянт-Ухаад буухад гэртээ бууж байгаа юм шиг санагдаж байсан, буцахдаа эргээд Heathrow-д буухад ч бас дахин гэртээ ирж байгаа юм шиг санагдсан. Монгол бол төрж өссөн эх орон минь, аз жаргал, амжилтаар дүүрэн өнгөрүүлсэн хүүхэд нас минь,  хайр хүндэтгэлийг эрхэмлэсэн ухаалаг ээж аав минь, ариухан сэтгэлтэй ахан дүүс минь, амьдралын замд минь хөтөлсөн олон хайртай багш нар минь, тоглож бужигнаж өссөн ангийн болон үеийн олон андууд найзууд минь гээд би чинь монгол хүн.
Англи бол миний залуу насаа өнгөрүүлж насанд хүрч, ухаан сууж, сурч боловсорсон орон, хоёр хүүхдийн минь мэндэлсэн өлгий нутаг. Англичууд бол энэ дэлхийд тэнцвэрийг нь барьж байдаг ухаалаг, энэрэнгүй үнэхээр агуу ард түмэн юм. Тиймээс энэ хоёр орон миний зүрх сэтгэлд эн зэрэгцэж оршдог болсон. Гэхдээ намайг ийм замд хүргэсэн бас нэг өөр орон бий энэ бол япон орон. Япон хүмүүс тэр тусмаа Happy Science-ийн номлолууд.
     
Танд нөлөөлж тусалдаг, магадгүй хүндэлж явдаг хүн бий юу?

Япон хүмүүс тэр тусмаа Happy Science-ийн номлолууд, Лондон дахь салбарын ажилчид, гишүүдэд гүнээ талархаж явдгаа. Энэ газрыг танилцуулсан талийгаач анжелик Эрдэнэтуяа эгчдээ би өртэй... Би энэ газраас яагаад, яагаад, яагаад гэж тээж явсан олон асуултууддаа хариулт авч дотор минь уужирсан юм даа. Мэдээж олон хүмүүсийн дэмжлэг тусламжаар л өнөөг хүртэл явсан, цаашдаа ч адилхан байна нэгэнт л амьдрал үргэлжилсээр байгаа болохоор. Жишээ нь дүү нар маань сурч ажиллахын зэрэгцээ хүүхэд харалцаж өгч байсан, ээж аав маань өөрсдийгөө болгоод явдаг гэх мэт энэ бүхэн нь мэдээж хамгийн том тус байсан. Гэхдээ энэ оронд хамгийн хэцүү үед минь, хамгийн хэрэгтэй үед минь, хамгийн зөв аргаар тусалсан эсвэл намайг аварсан нь зүйл нь Мастер Рюухо Окава-гийн номнууд байсан. Жишээлбэл: Хувиршгүй Сэтгэл, Нарны Хууль, Алтан Хууль, Мөнхийн Хууль, Буддизмын Мөн Чанар, Хөгжихийн Хууль, Аз Жаргалын Хуулиуд гэх мэт олон цуврал хуулиудын номнуудаа одоо ч шүтэж баярлаж явдаг даа. 
 
Цаашдынхаа ажил мөрөөдлийнхөө талаар хуурч хөөрөлдөхгүй юу?
Яг тэнд энд ингэнэ гэж өнөөдөр хэлээд байх юм байхгүй байна л даа. Гэхдээ бодож, санаж, оролдож яваа зүйлүүд бий. Ямар ч байсан надад мөрөөдөл бий. Би гэхдээ хийсэн хойноо хэлэх дуртай л даа. Тиймээс энэ удаа арай эрт байна. Тэгээд ч миний амьдрал одоо л эхлэх гэж байгаа юм шиг санагдаж байна. Гэхдээ хаана ч явсан юу ч хийсэн хүмүүст хэрэгтэй юм хийж, эвсэл хүмүүст хэрэгтэй хүн болохын төлөө чадахаараа, гэхдээ өөрийнхөө үзэл бодол итгэлээр зүтгэнэ гэж боддог. Ингэхийн тулд надад эхлээд сурах, ойлгох хэрэгтэй байсан л даа. Тиймээс ч ингэж нэлээд олон жил сургуулиар явсан минь энэ.   
 
Их Британид байгаа эсвэл гадаадад сууж байгаа Монголчуудад зориулж хэлэх сургамжтай мэдүүштэй зүйлс танд байгаа нь дамжиггүй, бидэнтэй хуваалцана уу?
Аан, бид чинь мундаг хүмүүс шүү дээ. Бүгд энэ өртөг өндөртэй,  цаг хугацаатай уралдсан асар хурдтай оронд өөрсдийн хэмжээндээ тултал ажиллаж хөдөлмөрлөж, өөрийн гэр бүлээ болон ар гэр ахан дүүсээ тэтгэж дэмжиж яваа мундаг хүмүүс шүү дээ. Тиймээс чадахаараа бие биенээ хүндэлж, хайрлаж, дэмжиж, тэтгэж явах хэрэгтэй. Энэ 21 дүгээр зуунд бид хамтдаа л энэ Монгол гэдэг оронд Монгол хүн болж төрөхөөр өөрсдөө сонгож ирсэн болохоор энэ цаг үеийн монголын түүхийг бид хамтдаа л байгуулж хамтдаа бичилцэх гэж ирсэн нь ойлгомжтой байгаа биз дээ. Тэгэхээр улс эх орны маань хөгжил ирээдүй нь бидний хамтын хүч, чин хүсэл сэтгэлээр л босох болно. Монгол орныг монголчууд өөрсдөө л хөгжүүлж чадна. Хүн хүний доторхыг мэдэж болдоггүйтэй адил гадаадын хүмүүс бидэнд  юу хэрэгтэйг сайн мэдэх боломжгүй харин өөрсөддөө хэрэгтэй зүйлүүдийг олж харах нь ойлгомжтой. Тиймээс бидэнд юу байгаа байхгүй, юугаараа илүү дутуу гэдгийг энэ л гадаадад амьдарч, сурч, хөдөлмөрлөж байгаа болон байсан хүмүүс мэднэ шүү дээ. Тиймээс бид чинь эх орондоо хэрэгтэй зүйлүүдийг дор бүрээ суралцаж, өөрсдийгөө бие сэтгэлээрээ бэлтгэж байгаа гэж би бодож байна. Яагаад гэвэл бодит амьдрал чинь өөрөө хамгийн том сургууль юм тиймүү. Тиймээс ирээдүй гэрэл гэгээтэй, өөдрөг гэдэгт итгэж хамдаа сэтгэл зүрхээрээ нэгдэж  өөрсдийнхөө амьдралыг сайжруулахын төлөө хамтдаа зүтгэцгээе гэж уриалах байна даа. 
       
Маш сонирхолтой сайхан зөвлөгөөгөөр дүүрэн ярилцлага өгсөн танд баярлалаа. Цаашдын ажил уран бүтээлд өндрөөс өндөр амжилт хүсье.

Танд ч бас их баярлалаа. Таны ажил амьдралд ч гэсэн хамгийн сайн сайхныг хүсье. Хамгийн сүүлд нь хэлэхэд Бурхан хэзээ ч хүнд өөрийн хэмжээнээс хэтэрсэн проблем өгдөггүй юм гэсэн. Тиймээс хэцүү бэрхшээл байх тусмаа тэр хэмжээгээр өөрт чинь өсч хөгжих боломж олгож байна гэсэн үг. Үүнийг бас улс орны түвшинд ч хэлж болох юм. Тиймээс бүгдээрээ  хамтдаа бас дор бүрдээ сайн сайхан амьдралынхаа төлөө тэмцэцгээе.   

Ярилцлага хийсэн: Амьдралын Дасгалжуулагч Б. Мөнгөнтуяа

  • Бичсэн Цахим Өртөө Холбоо
  • Үзсэн: 3547

Бүлэг: Ярилцлага

Гулам Аббас: Би шашингүй үзэлтэн

С.Отгонбаатар, Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл, №37

Монголд амьдрахад ямар байна вэ? Хэцүү зүйл байна уу?
Монголд их гоё байна. Хэцүү нь манай хазара үндэстэн амьдардаг Хазаражад гэдэг газар өвөлдөө 15 хэмээс доош хүйтэрдэггүй. Гэтэл өнгөрсөн өвөл Улаанбаатарт -40 хэм хүйтрэхэд их даарсан. Өөр асуудал нэг жилийн хугацаанд гараагүй.
 
Афганистан, Монгол улсууд нилээд ялгаатай. Энэ нь асуудал болохгүй байна уу?
Афганистанд шашин их хатуу, эмэгтэйчүүдийн эрх чөлөө бага, дотоодын зөрчил ихтэй байдаг. Бас сүүлийн 30 жил дайнтай байгаа. Харин Монголд дайнгүй, шашин болоод эмэгтэйчүүд эрх чөлөөтэй байгааг харахад их сайхан байсан.Ялгаатай зүйл их олон. Гэхдээ манай үндэсний Дари хэлний 20 хувь нь Монгол үгтэй адилхан байдаг. Бас царай, биеэс гадна хоол нь адилхан адилхан учраас зүгээр. Зун Хэнтий аймагт очиход хонины гэдэс чанаад намайг идэж чадах уу гэж асуусан. Хазарачууд ч хонины гэдэс иддэг учир чадна гэж хариулсан.

Монголд ирэх болсон шалтгаан юу вэ?

2008 онд Хазаражадын нийслэл Бамияанд Монголын судлаач, сэтгүүлчдийн баг очихдоо гурван хүнд суралцах боломж олгосон. Би өвөг дээдсийнхээ амьдарч байсан газар очихыг, судлахыг хүсдэг байсан учраас энд антропологийн чиглэлээр сурч байгаа. Одоо надад сурах, судлах зүйл маш их байна.

Монголын эмэгтэйчүүдийн талаар... ?
Би түрүүн хэлсэн. Эрх чөлөөтэй байгааг нь харахад сайхан байсан. Бас их хөөрхөн. Би Зүүн Азийн хэд хэдэн улсаар явж үзсэн. Монголын эмэгтэйчүүд хамгийн хөөрхөн нь.

Байнга дайн болдог газар амьдрахад ямар байдаг вэ?

Афганистан улсын Пакистантай хиллэдэг газраар дайнтай байгаа. Хазаражад төв хэсэгт байрладаг учир дайн байхгүй. Афганистаны пуштум, тажик, хазара, узбек гэсэн дөрвөн том угсаатнуудаас Хазарачууд л шийт шашинтай учраас хоорондоо их дайтдаг байсан. Сүүлийн арван жил орчим Хазаражадад дайн гараагүй. Бусад бүс нутгуудад НАТО болоод олон улсын арми байрлаж, талибанчуудтай дайтаж байгаа.

Нийт хичнээн хазарачууд байдаг вэ?

Хазарагийн удирдагчид 8 сая байгаа гэж ярьдаг. Харин Афганистаны Засгийн Газраас 4-5 сая хазара байгаа гэдэг. Учир нь манай Засгийн Газарт хүн амын 35 хувийг багтаасан пуштун үндэстэн зонхилдог. 200 орчим жилийн өмнө Хазара тусгаар тогтносон улс байхад Их Британий дэмжлэгээр Афганистаны арми эзэлж, өнөөг хүртэл Хазара, Пуштуны харилцаа муу хэвээр байгаа. Харин 1980-аад оноос коммунист систем тогтоход Султан Али Киштман гэдэг хазара хүн анхны Ерөнхий сайд болж, байдал арай дээрдсэн. Гэвч коммунизм унасны дараа можахэдүүд засгийн эрхэнд гарсан. Тэгээд хорин жилийн турш дотоодын дайн үргэлжилж, хазарачуудад хамгийн дургүй талибанчууд 1993 оноос засаглах болсон. Тэр бол хамгийн хүнд хэцүү үе. Нийслэл Кабулд мянга мянган хазарачуудыг цаазалж, Бамияан хотод байсан дэлхийн хамгийн том Буддагийн хоёр хөшөөг дэлбэлсэн. Өнгөрсөн 200 жилийн хугацаанд Хазарагийн нийт хүн амын 60 хувь нь Иран, Пакистан, Орос, Энэтхэг зэрэг орнууд луу дүрвэж гарсан. Миний өвөө, эмээ ч бас Пакистан луу дүрвэсэн. Харин арван жилийн өмнө буцаж Хазаражаддаа очсон. Одоо Пакистанд нэг сая, Иранд хоёр сая хазарачууд байгаа.

Та их үндсэрхэг хүн бололтой. Хазарачууд их үндсэрхэг үү?

Тийм. Бусад үндэстнүүдтэйгээ удаан хугацаанд дайтсан, эрх чөлөөгөө хасуулж байсан учраас их үндсэрхэг. Мөн өөрсдийгөө монголчууд гэж ярьдаг. Хазарачууд Афганистаны хамгийн анхны англи хэл дээр гардаг сонин, мэдээллийн сувгийг гаргасан. Би сонинд нь нийтлэл бичдэг. Афганистаны түүхэнд хамгийн анхны эмэгтэй дэд ерөнхийлөгч, хотын захирагч, засаг дарга нь хазара хүмүүс байдаг. Кабулын Их Сургуульд бусад үндэстнээсээ олон сурдаг. Гадаадад суралцдаг Афганистан оюутнуудын ихэнх нь бас хазара. Хэрвээ эрх чөлөөтэй, дайнгүй байсан бол хазарагийн хөгжил маш өндөр байх байсан.

Лалын шашинтнууд өдөр таван удаа мөргөл үйлддэг гэсэн. Та энэ зан үйлээ хэрхэн гүйцэтгэж байна?

Би шашингүй үзэлтэн. Мөргөл үйлддэггүй. Харин надтай хамт ирсэн оюутан мөргөл үйлддэг.

Тэгвэл нутагтаа яадаг вэ? Мөргөл үйлдэх тогтсон цаг байдаг гэж сонссон, хэрвээ өөр чухал ажил давхацвал яах вэ?

Чухал ажилтай бол дараа мөргөж болно. Би бол нутагтаа ч мөргөл үйлддэггүй. Миний эцэг эх мөргөл үйлд гэдэг ч би шашингүй хүн учир мөргөхгүй, тэр мөргөл надад хамаагүй гэж хэлдэг.

  • Бичсэн Цахим Өртөө Холбоо
  • Үзсэн: 3783

Бусад мэдээллүүд...

Цахим Өртөө Сүлжээнд элсэх

  • Өртөөний сүлжээнд элсэх

tsahim_urtuuХэрэв та Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээнд элсэхийг хүсвэл: http://groups.google.com/group/tsahim-urtuu-suljee хаягаар зочилж маш хялбархан бүртгүүлж болно. Та Гүүгл суурьт энэхүү сүлжээнд имэйлээ бүртгүүлснээр манай сүлжээний гишүүн болно.

 

Image Temp

Энэ хуудас нь Цахим Өртөө сүлжээний нийт гишүүдийн хамтын бүтээл байх бөгөөд ажил хэргийн санал болгоныг вэбийн хамтлаг тухай бүр нь тусган энэ хуудсанд оруулж байх болно. Хамтран ажиллаж буй, ажиллахаар зэхэж буй таньд баярлалаа.

Newsletter