181-р сар2018

Гадаадад оршин суугаа Монголчуудын сонгуулийн эрхтэй холбогдуулж

Гадаадад суугаа Монголчуудын Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон Сонгуулийн эрхээ эдлэх  тухай яриа Цахим Өртөө сүлжээгээр байн байн өрнөж, түүний цахим хуудаснаа ч манай гишүүдийн санал бодол үг хэл болсон нийтлэлүүд гарсаар ирсэн билээ.

2005 оны 12 сарын 29-нд шинэчлэгдэн батлагдсан Монгол улсын УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3 дах хэсэгт гадаадад амьдарч байгаа Монгол улсын сонгуулийн эрх бүхий иргэдийн Үндсэн хуулиар олгогдсон сонгуулийн эрх баталгаажсан юм.

Харамсалтай нь хууль шинэчлэгдэн батлагдсанаас хойш бүхэл бүтэн 14 сарын  дараа  буюу  2007 оны 3 сарын 1-ны өдөр гадаадад оршин суугаа Монголчуудын сонгуулийн эрхийг хэрхэн эдлүүлэх журмыг боловсруулахтай холбогдуулж гадаад оронд амьдарч байгаа сонгогчдын талаар судалгаа, бүртгэл гаргах, бусад орны туршлага судлах, зохион байгуулалтын оновчтой хэлбэрийг сонгох, санал, дүрэм журам боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг нь  байгуулагджээ.

Бүр харамсалтай нь цөөнгүй орноор аялаж судалж шинжилж 6 сар ажилласан энэхүү Ажлын хэсгийн дүгнэлт нь шаардагдах журмыг боловсруулах тухай бус харин бүр энэхүү сонгуулийн эрхээ эдлэх заалтыг холбогдох хуулийн орчин бүрдээгүй байна гэсэн үндэслэлээр Сонгуулийн тухай хуулиас авах тухай  байх юм. 

Сонгуулийн Ерөнхий Хороо ажлын хэсгийн энэхүү дүгнэлтийг олонхиор дэмжээгүй ч өөрийн гол зорилго үүргээ зөрчин гадаадад байгаа Монголчуудын сонгуулийн эрхээ эдлэх хугацааг хойшлуулах эсвэл холбогдох хууль тогтоомжид нэмэлт өөрчилөлт оруулах замаар зохицуулахыг Монгол Улсын Их Хурлаас хүссэн саналаа хүргүүлсэн аж.

Энэ байдалтай холбогдуулан Цахим Өртөө Холбооноос Сонгуулийн Ерөнхий Хороонд өмнө хандаж байсан ба энэ удаа СЕХ-ны саналыг аваад буй УИХ-ын дарга, УИХ-ын Төрийн Байгуулалтын Байнгын Хорооны дарга болон УИХ-ийн 76 гишүүдэд дараах албан бичиг хүргүүлснийг та бүхэнд толилуулж байна. 

Цахим Өртөө Холбооны aжлын хэсэг энэхүү албан бичгийг боловсруулж тус Холбооны Удирдах Зөвлөлөөр хэлэлцүүлсэн болно.


Гадаадад суугаа Монголчуудын сонгуулийн эрхтэй холбогдуулж

Монгол улсын Сонгуулийн ерөнхий хороо нь 2007 оны 10-р сарын 16-нд болсон хуралдаанаараа УИХ-ын 2008 оны сонгуульд гадаадад амьдарч байгаа сонгогчдыг хамруулах боломж бүрдээгүй байна гэсэн дүгнэлт гарган УИХ-д хүргүүлсэнтэй холбогдуулан Гадаад орнуудад амьдарч байгаа Монголчуудын эрх ашгийг хамгаалах зорилготой Цахим Өртөө Холбоо Төрийн Бус Байгууллагын зүгээс өөрийн байр сууриа илэрхийлж байна.
 
Монгол улсын УИХ-ын Сонгуулийн тухай хууль нь 2005 оны 12 сарын 29-ний өдөр шинэчлэгдэн батлагдаж уг хуулийн 6 дугаар зүйлийн 3 дах хэсэгт гадаадад амьдарч байгаа Монгол улсын сонгуулийн эрх бүхий иргэдийн Үндсэн хуулиар олгогдсон сонгуулийн эрх баталгаажсан билээ. Энэхүү эрхийг баталгаажуулах заалтыг Сонгуулийн тухай  хуулинд оруулахад тус ТББ-ын зүгээс идэвхи санаачлагатайгаар оролцсон ба цаашид уг  заалтын хэрэгжилтэд ч өөрсдийн хувь нэмрээ оруулахад бэлэн гэдгийг энэ дашрамд дурдъя.

Гадаадад суугаа Монголчуудын энэхүү хуулиар баталгаажсан эрхийг эдлүүлэх үүрэг нь УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 3 дах хэсэгт “гадаад  улсад амьдарч байгаа Монгол улсын иргэдийн саналыг авах хэсэг байгуулах журмыг Сонгуулийн ерөнхий хороо батална” хэмээснээр Сонгуулийн Ерөнхий Хорооны /цаашид СЕХ/ бүрэн эрх үүргийн хүрээнд ноогдсон байдаг. Улмаар гадаад оронд амьдарч байгаа сонгогчдын талаар судалгаа, бүртгэл гаргах, бусад орны туршлага судлах, зохион байгуулалтын оновчтой хэлбэрийг сонгох, санал, дүрэм журам боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг нь СЕХ, Гадаад хэргийн Яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яам, Иргэний бүртгэл мэдээллийн улсын төв, Сангийн яам гэсэн бүрэлдэхүүнтэйгээр /цаашид Ажлын хэсэг/ 2007 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөр байгуулагджээ.

Үйл явдлын үргэлжлэл, он цагийн товчооноос харвал Сонгуулийн тухай хууль батлагдсанаас хойш бүхэл бүтэн 14 сараар хуулийн уг заалтын хэрэгжилт хоцрогдсон, үүнээс өмнө Сонгуулийн хуулиар олгогдсон эрх болон үүргийнхээ дагуу СЕХ нь энэ чиглэлд үйл ажиллагаа явуулсан эсэх нь тодорхойгүй, Сонгуулийн тухай хууль хүчин төгөлдөр болсноос хойш хууль хэрэгжилтийн хяналтын засаглал болох УИХ-д дээрхи хоёр заалтын хэрэгжилтийн асуудал нэг ч удаа албан ёсоор тавигдаагүй байна. Мөн Ажлын хэсэг байгуулагдан үйл ажиллагаагаа эхэлснээс хойш УИХ-ын чуулганаар ч, харъяа Байнгын Хороодын хуралдаанаар ч Ажлын Хэсгийн үйл ажиллагааны явцын тайлан албан ёсоор огт хэлэлцэгдээгүй байна.

Ийнхүү хуулийн хэрэгжилт олон сараар хоцорч эхэлсэн төдийгүй Ажлын хэсэг болоод СЕХ-ны үйл ажиллагааны явц УИХ-д хэлэлцэгдээгүй, хянагдаагүй явсаар 2008 оны УИХ-ын сонгуульд үйлчлэх  тухай хууль эцэслэн батлагдах цаг хугацааг тулгажээ.

Гэтэл хамгийн хачирхалтай нь уг Ажлын хэсэг сонгогчдын санал авах талаар бусад улсын туршлага, гадаад улсад амьдарч байгаа Монгол улсын иргэдийн бүртгэл, судалгаа, санал авах хэлбэрээс эхлүүлэн шаардагдах төсөв хөрөнгө хүртэл тал бүрээс нь судалж үзсэн гэх судалгааныхаа эцэст “Сонгуулийн эрхийг хангах эрх зүйн орчин хангалтгүй байна“ гэсэн дүгнэлтэд хүрч УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан "Гадаад улсад амьдарч байгаа Монгол улсын сонгуулийн эрх бүхий иргэд сонгуульд оролцох эрхтэй", 13 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан "Гадаад улсад амьдарч байгаа Монгол улсын иргэдийн саналыг авах хэсэг байгуулах журмыг Сонгуулийн ерөнхий хороо батална" гэсэн заалтуудыгхүчингүй болгох нь зүйтэй гэсэн санал оруулсан байх юм. Энэ нь Ажлын хэсэг анхнаасаа иргэний сонгуулийн эрхийг баталгаажуулах чиглэл зорилгогүй ажилласан, энэ эрхийг нь хэрэгжүүлэхийн төлөө учирч болох саад бэрхшээлүүдэд гарц хайх талаар ямар ч оролдлого хийгээгүйн тод илрэл бөгөөд Үндсэн хууль болоод түүнд зохицуулан шинэчлэн өөрчилсөн Сонгуулийн тухай хуулийг уландаа гишгэж, Монгол улсын хуулиар баталгаажуулсан сонгуулийн эрхийг нь зөрчих санал тавьсан гэж бид үзэж байна.
 
Дээрхи заалтыг хүчингүй болгох гэсэн Ажлын хэсгийн санал нь СЕХ-ноос олонхийн дэмжлэг аваагүй гэдгийг тэмдэглэх нь зүйтэй ч тэрхүү олон сарын судалгааны дүнгээс үндэслэн СЕХ-ноос гадаадад байгаа Монголчуудын сонгуулийн эрхийг эдлүүлэхтэй холбоотой ажил хэрэгч санал гаргаж чадахгүйд хүрчээ. Гэтэл СЕХ нь өөрийн бүрэн эрхийн хүрээнд Сонгуулийн тухай хуулийн цоорхойг харан илрүүлж, уг хуулийг боловсронгуй болгох саналаа УИХ-д уламжлах боломж, цаг хугацаагаар хангагдсан байна.
 
СЕХ болон Ажлын хэсгийн Монгол улсын хууль тогтоомжийг  үл тоомсорлосон энэхүү хариуцлагагүй хандлага, үйл ажиллагаанаас үүдэн дэлхийгээр таран суугаа Монгол улсын иргэд хуульчлагдсан  сонгуулийн эрхээ ирэх 2008 оны УИХ-ын сонгуульд эдэлж чадахгүйд хүрч буй тул УИХ-аас бүрэн эрх үүргийнх нь дагуу:
 
-  нэгдүгээрт, СЕХ болон Ажлын хэсгийн хуулийн хэрэгжүүлэлтэнд хянан шалгалт хийхийг
-  хоёрдугаарт, Монгол улсын Үндсэн хуульд нийцүүлэн гадаадад амьдарч байгаа Монгол иргэдийн сонгуулийн эрхийн эрх зүйн орчныг бүрэн хангахуйц Сонгуулийн тухай хуулийг боловсронгуй болгохыг тус тус хүсэж байна.
 
Шинээр хэлэлцэгдэхээр өргөн бариад буй Сонгуулийн тухай  хуулийн төсөлд Гадаадад зөвхөн хууль ёсоор оршин суугаа Монголчууд сонгуульд оролцох боломжтой мэт заалт орж буй бол бид мөн үүнийг эрс эсэргүүцэх болно гэдгээ мэдэгдье. Харь оронд өөрсдийнхөө төлөө, Монгол иргэн хүнийхээ боломж, нөөц бололцоог нэмэхийн төлөө, Монгол хэмээх эх орнoо сэтгэлдээ тээн, аз мэдэн нүүдэллэж яваа Монгол иргэдээ хүний нутгийн хуулиар ялган салгаж сонгуулийн эрхийг хаах нь Монгол Төрийн баримтлах бодлого биш гэдэгт итгэж байна
 

Гүйцэтгэх захирал
 
Л.Лханаран


Гишүүдийн бүтээл нийтлэлүүд:
Д. Сайнбаяр: Гадаадад гарвал та Монгол улсын иргэн биш болох нь ээ
Д.Үүрцайх: Мордохын хазгай
Г.Ганзориг: Нутгаас ирсний дараахан нь
Д. Сайнбаяр: СОНГОХ ЭРХ - Хэлэлцvvлэг vргэлжилж байна...
Ph. D. Э. Батбаяр: Сонгуулийн хууль сонгогчийн хууль уу, сонгогдогчийн хууль уу?
Д.Үүрцайх:Даахгvй нохойн хураасан булууны яс буюу гадаадад амьдарч буй монголчуудын сонгуулийн эрхийн тухайд
Д. Сайнбаяр: Танд сонгуульд өгөх нэг санал бий, надад бас нэг санал бий

Цахим Өртөө Сүлжээнд элсэх

  • Өртөөний сүлжээнд элсэх

tsahim_urtuuХэрэв та Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээнд элсэхийг хүсвэл: http://groups.google.com/group/tsahim-urtuu-suljee хаягаар зочилж маш хялбархан бүртгүүлж болно. Та Гүүгл суурьт энэхүү сүлжээнд имэйлээ бүртгүүлснээр манай сүлжээний гишүүн болно.

 

Image Temp

Энэ хуудас нь Цахим Өртөө сүлжээний нийт гишүүдийн хамтын бүтээл байх бөгөөд ажил хэргийн санал болгоныг вэбийн хамтлаг тухай бүр нь тусган энэ хуудсанд оруулж байх болно. Хамтран ажиллаж буй, ажиллахаар зэхэж буй таньд баярлалаа.

Newsletter