181-р сар2018

Гадаадад буй Монгол иргэдийн сонгуулийн эрхийн тухай

Цахим Өртөө Сүлжээний гишүүд дэмжигчид, Цахим Өртөө Холбоо нь гадаадад суугаа Монголчуудынхаа үндсэн хуулиар олгогдсон сонгуулийн эрхийг эдлүүлэхийн төлөө сүүлийн 3 жил өөрсдийн боломжит хэмжээнд хэрхэн ажиллаж ирснээ тайлагнаж байна

2005 оны 12 дугаар сарын 29-ний өдөр шинэчлэгдэн батлагдсан Монгол улсын УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн 6.3, 13.3 дахь заалтуудад "Гадаад улсад амьдарч байгаа Монгол улсын сонгуулийн эрх бүхий иргэд сонгуульд оролцох эрхтэй", "Гадаад улсад амьдарч байгаа Монгол улсын иргэдийн саналыг авах хэсэг байгуулах журмыг Сонгуулийн ерөнхий хороо батална" хэмээн заагдсан. Сонгуулийн хуульд эдгээр заалтууд нэмэгдэн ороход гадаадад оршин суугаа Монголчуудын төлөөлөл болон үзэл бодлоо илэрхийлж, холбогдох эрх мэдэлтнүүдэд санал хүсэлтээ тавьж байсан Цахим Өртөө сүлжээний гишүүд, Цахим Өртөө Холбооны хамт олны идэвхи санаачилга ихээхэн үүрэгтэй байсан гэж бид үздэг. 
 
Баримтын хэлхээ

2002 онд Цахим Өртөө сүлжээний гишүүн, хуульч Г.Ганзориг тухайн үеийн УИХ хурлын Аюулгүй байдал Гадаад бодлогын Байнгын Хорооны дарга Д.Лүндээжанцан (өдгөө УИХ дарга)-д гадаадад суугаа Монголчуудын үндсэн хуулиар олгогдсон сонгуулийн эрхийг хангахыг хүссэн албан захиаг Вашингтон орчмын Монголчуудын Холбооны тэргүүний хувьд гардуулав. www.asuult.net/nemesis/holboo/news/meetingchoinhor.htm  

2004 оны 10 сарын 26-нд Цахим Өртөө сүлжээний гишүүн Д. Сайнбаяр Цахим Өртөө сүлжээний цахим хуудаснаагадаадад суугаа Монголчуудын сонгуулийн эрхтэй холбогдуулан саналаа илэрхийлсэн Танд сонгуульд өгөх нэг санал бий, надад бас нэг санал бий (www.tsahimurtuu.mn/main/20041026340.htm) нийтлэлээ байрлуулав

2005 оны 11 сарын 25-нд Цахим Өртөө Холбооны гүйцэтгэх захирал, хууль зүйн ухааны доктор Э.Батбаяр Цахим Өртөө Сүлжээнд тавигдсан Сонгуулийн хууль сонгогчийн хууль уу сонгогдогчийн хууль уу нийтлэлдээ гадаадад буй Монголчуудын сонгуулийн эрхийг эдлүүлэхтэй холбогдуулан саналаа илэрхийлэв. www.tsahimurtuu.mn/main/20051125453.htm

2005 оны 11 сарын 27-нд Цахим Өртөө Холбооны Удирдах Зөвлөлийн гишүүн Д. Сайнбаяр (Чикаго), Ш.Баатар (Сан Франциско)  нар   Сан Франциско хотын Pacific Marketing компани, Монгол дахь Хулан Системс компанитай хамтран сансрын холболтын технологийг ашиглан UBS TV - ээр шууд дамжуулдаг Америк Монголыг холбосон цуврал нэвтрүүлгийн “Гадаадад сурч, ажиллаж, амьдарч байгаа Монголчууд Yндсэн хуулиар олгогдсон сонгох эрхээ эдлэхийн төлөө" сэдвийн дор явагдсан нэвтрүүлэгт оролцов.СОНГОХ ЭРХ - Хэлэлцүүлэг үргэлжилж байна...
www.tsahimurtuu.mn/main/20051130457.htm

2006 оны 12 сарын 17-нд Цахим Өртөө Холбооны УЗ-ийн гишүүн Д. Сайнбаяр Ерөнхийлөгч асан Н.Багабандитай АНУ-ын Блүүмингтон хотноо уулзаж ярилцахдаа гадаадад суугаа Монголчуудын Сонгуулийн эрхийг эдлүүлэхтэй холбогдуулан санал сэтгэгдэлийг нь сонсож Цахим Өртөө сүлжээhttp://www.tsahimurtuu.mn/main/20060103465.htm, Даяар Монгол сониноор http://dayarmongol.com/index.php?option=com_content&task=view&id=332&Itemid=69 нийтэд хүргэв.

Цахим Өртөө сүлжээгээр тухайн үед энэ сэдвээр илгээгдэж байсан захидлууд

Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхийг гадаадад суугаа монгол иргэдэд эдлүүлэх нь ардчиллын тулгуур зарчимд нийцэж, орчин үеийн хөгжил дэвшил, цаг үеийн нөхцөл шаардлагаар буй болсон гэдгийг эрх баригч нар ойлгон ухамсарлаж, улмаар Монгол Улсын Сонгуулийн хуулинд нэмэлт өөрчлөлтийг оруулан баталлаа хэмээн бид баяртайгаар хүлээн авсан билээ. Цахим Өртөөний сүлжээний гишүүдээс гадаадад суугаа Монголчуудын сонгуулийн эрхийг хэрэгжүүлэхтэй холбоотой хуулийн заалтын үндэслэлийн талаар, эдгээр заалтууд нь эрх зүйн хувьд улам бүр нарийвчлан боловсруулвал зохилтой тухай мэрэгжлийн саналаа хэлж, гадаад улс орнуудын туршлагаас танилцуулж, түүнчлэн Цахим Өртөө холбооны Удирдах Зөвлөлийн гишүүд энэ асуудлаар Сонгуулийн Ерөнхий Хорооны удирдлагатай биечлэн уулзаж санал солилцож байлаа.

Баримтын хэлхээ

2006 оны 10 сарын 18-нд Цахим Өртөө Холбооны Удирдах Зөвлөлийн гишүүн, хуульч Г.Ганзориг, Э.Батбаяр нар Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Б.Баттулга, нарийн бичгийн дарга Б.Баярсайхан нартай албан ёсоор уулзаж гадаадад суугаа Монголчуудыг сонгуульд оролцуулах журмыг гаргахтай нь холбогдуулан гадаад орны туршлагаас судлахад бидний зүгээс хэрхэн хамтран ажиллаж болох боломжийн тухай ярилцав. Энэ тухайд хуульч Г.Ганзоригтой хийсэн Нутгаас ирсний дараахан нь   http://www.tsahimurtuu.mn/main/20061114541.htm ярилцлага Цахим Өртөө сүлжээний хуудаснаа тавигдав

2007 оны 2 сарын 24-нд Цахим Өртөө сүлжээний гишүүн П.Оюумаа Монгол улсын ерөнхийлөгч Н.Энхбаярын Монголчуудтай Парис хотноо хийсэн уулзалт дээр Гадаадад суугаа Монголчуудын сонгуулийн эрхийг хангагдах ажил ямар шатандаа яваа талаар асууж Гадаад Хэргийн сайд Энхболдоос хариулт авав. http://www.tsahimurtuu.mn/main/20070315569.htm

2007 оны 3 сарын 21-нд Цахим Өртөө сүлжээний гишүүн, Германы Бонн хотноо суралцагч Докторант Д.Үүрцайх Сонгуулийн хуулийн холбогдох заалтын талаар мэрэгжлийн дүгнэлтээ өгч, мөн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад энэ асуудлыг хэрхэн шийддэг туршлагаас хуваалцаж, өөрийн санал дүгнэлтээ илэрхийлсэн Даахгvй нохойн хураасан булууны яс буюу гадаадад амьдарч буй монголчуудын сонгуулийн эрхийн тухайд (http://www.tsahimurtuu.mn/main/20070321572.htm )нийтлэлээ Цахим Өртөө сүлжээний хуудаснаа байрлуулав.

Цахим Өртөө Холбооны Удирдах Зөвлөлийн гишүүн хуульч Г.Ганзориг өмнөх уулзалтынхаа мөрөөр Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Б.Баттулгад хаяглан захидал бичиж, өөрийн оршин суугаа АНУ-ын Виржиниа мужид энэ асуудлыг хэрхэн шийддэг талаархи хууль эрх зүйн холбогдох баримтуудыг орчуулан хүргэв.

Цахим Өртөө сүлжээгээр тухайн үед энэ сэдвээр илгээгдэж байсан захидлууд

 
Энэ бүгд нь Сонгуулийн Ерөнхий Хорооны хууль ёсны үүрэг болсон гадаадад буй Монголчуудын сонгуулийн эрхийг хангахтай холбоотой журмыг боловсруулахад санаа оноо болж, тусгалаа олно гэдэгт бид итгэж байв.      

СЕХ нь журам боловсруулах хууль ёсны үүрэг хүлээснээс хойш бүтэн 1 жил 3 сарын дараа буюу 2007 оны 3 сарын 01-ний өдрийн тогтоолоор 2007 оны 10-р сарын 1-нийг хүртэл ажиллаж уг журмыг судлан боловсруулах ажлын хэсгээ байгуулсан. Ажлын хэсэг нь бүтэн 7 сар ажилласны дараа 2007 оны 10 сарын 4-ны өдрийн тайлан хурлаараа “Гадаадад суугаа Монголчуудыг сонгуульд оролцуулах эрх зүйн орчин хангалтгүй тул УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн 6.3, 13.3 дахь заалтуудыг хүчингүй болгох нь зүйтэй” хэмээсэн дүгнэлтээ танилцуулсныг СЕХ нь хэлэлцэн дэмжээд тус хорооны дарга Б. Баттулга УИХ-д уламжилжээ. 

УИХ-ын Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь 2007 оны 12-р сарын 21 болон 26-ны өдрүүдийн Төрийн Байгуулалтын Байнгын Хороо ба Чуулганы хуралдаанаароржээ. Анхны хэлэлцүүлгээр гишүүдийн 100 хувийн саналаар хүчингүй болсон хуулийн зүйл ангид гадаадад буй Монгол иргэдийн сонгуулийн эрх бүхий заалт багтав. Ийнхүү УИХ өөрийн батлан оруулсан хуулийн заалтыг хоёр жилийн дараа үндэслэл, тайлбаргүйгээр хүчингүйд тооцлоо.

Үйл явдлын энэхүү өрнөлтэй холбогдуулан Цахим Өртөө сүлжээний андууд санал бодлоо илэрхийлж Цахим Өртөө Холбооноос нэн даруй арга хэмжээнүүд авч СЕХ-ны дарга, УИХ-ын дарга, гишүүдэд дэс дараалан албан бичгүүд хүргүүлж, хэвлэлийн багa хурал зохион байгуулж, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Холбооны байр суурийг илэрхийлсэн билээ.

Баримтын хэлхээ

2007 оны 10 сарын 17-нд Сонгуулийн Ерөнхий Хорооноос Гадаадад суугаа Монголчуудын сонгуулийн эрхийг эдлүүлэх журам боловсруулах үүрэгтэй байгуулагдсан Ажлын хэсгийнхээ тайланг хэлэлцсэн тухай СЕХ-ны хэвлэлийн төлөөлөгчийн өгсөн мэдээлэл Үнэн сонинд гаравhttp://www.unen.mn/modules.php?name=News&file=article&catid=50&sid=8470

2007 оны 10 сарын 18-нд Цахим Өртөө Холбооны Удирдах Зөвлөлийн гишүүдийн хурал болж энэ сэдвээр ажиллах ажлын хэсгийг бүрдүүлж СЕХ-ны Ажлын хэсгийн саналтай холбогдуулж цаашид хэрхэн ажиллах талаар ярилцаж санал солилцов

 2007 оны 10 сарын 21-нд Цахим Өртөө Холбооны УЗ-ийн гишүүн Д.Сайнбаяр Гадаадад гарвал та Монгол улсын иргэн биш болох нь ээ http://www.tsahimurtuu.mn/main/200710211304.htm нийтлэлээ Цахим Өртөө Сүлжээ, Өдрийн сонин, Цаг төр сэтгүүл болон бусад портал сайтуудад нийтлүүлэв.

2007 оны 10 сарын 23-нд Цахим Өртөө Холбооны гүйцэтгэх захирал Л.Лханаран Цахим Өртөө Холбоог төлөөлөн СЕХ-ны дарга Б.Баттулгад албан тоот илгээж СЕХ-ны ажлын хэсгийн дэлгэрэнгүй тайлантай танилцах хүсэлтээ илэрхийлэв http://holboo.tsahimurtuu.mn/node/87

Цахим Өртөө сүлжээний гишүүн Д.Үүрцайх Сонгуулын Ерөнхий Хорооны энэхүү хандлагатай холбогдуулан зарим нэг сонгуулийн хууль тогтоомжид сайжруулсан өөрчлөлтийг хийснээр зохицуулж болох асуудалыг ийнхүү мухардалд хүргэж буй учир шалтгааныг эрэлхийлсэн Мордохын хазгай http://www.tsahimurtuu.mn/main/200710311307.htm нийтлэлээ 2007 оны 10 сарын 31-нд нд Цахим Өртөө сүлжээний болон мэдээллийн www.olloo.mn хуудаснаа хуудаснаа байрлуулав

11 сарын 15-нд Сонгуулын Ерөнхий Хорооны ажлын албаны дарга Д.Баяндүүрэнгээс Цахим Өртөө Холбооны гүйцэтгэх захирал Л.Лханарангийн нэр дээр албан тоот ирүүлж Ажлын хэсгийн дүгнэлтийг УИХ-д хүргүүлсэн тухай, УИХ бүрэн эрхийнхээ хүрээнд энэ асуудлаар шийдвэр гаргасны дараа тодорхой хариу ирүүлэх тухай мэдэгдэв http://holboo.tsahimurtuu.mn/node/87

2007 оны 12 сарын 10-нд АНУ-д ажлын айлчлалаар явсан УИХ дарга Д.Лүндээжанцантай Ganzorig Consulting Inc –ийн захирал, Цахим Өртөө Холбооны УЗ-ийн гишүүн Г.Ганзориг уулзаж гадаадад суугаа Монголчуудын сонгуулийн эрхийг эдлүүлэхтэй холбоотой саналыг нь сонсов. http://www.tsahimurtuu.mn/main/200712161323.htmwww.ganzorigconsulting.us

2007 оны 12 сарын 10-нд Цахим Өртөө Холбооны ажлын хэсгээс боловсруулсан албан тоот захиаг УИХ-ын дарга Д.Лүндээжанцан, Төрийн Байгуулалтын Байнгын Хорооны дарга Д. Дондог болон УИХ-ийн нийт 76 гишүүдэд тус бүрд нь хаяглан хүргүүлэв. http://www.tsahimurtuu.mn/main/200712111320.htm

12 сарын 12 –нд Цахим Өртөө Холбооны УЗ-ийн гишүүдийн төлөөлөгч нар Гадаадад буй Монголчуудын Сонгуулийн эрхийн асуудал сэдэвт Хэвлэлийн бага хурлыг Өнөөдөр сонины хурлын танхимд хийв http://holboo.tsahimurtuu.mn/node/87

Энэ асуудалтай холбогдуулж 2007 оны 12-р сарын 12-нд “Монгол Ньюс” мэдээллийн төвд хийсэн хэвлэлийн бага хуралд телевиз, сонин, радиогийн 22 сэтгүүлч ирж, Цахим Өртөө Холбооны хийсэн мэдэгдлийн талаар олон нийтэд мэдээлэл өгөв. Хэвлэлийн бага  хурлыг тухайн цагт 25-р суваг телевизээр шууд дамжуулж байсан ба хурлын дараа NTV, SBN, C1 телевизийн сэтгүүлчид ярилцлага авсан болно. Түүнчлэн холбооны гишүүн Д. Сайнбаяр 2007 оны 12-р сарын 15-нд Монгол телевизийн ММ агентлагийн “Ярилцъя” нэвтрүүлэгт оролцсон ба холбооны гүйцэтгэх захирал Л. Лханаран “Ардчилал” сонин, SBN телевизийн шууд нэвтрүүлэгт ярилцлага өгөв.  

Цахим Өртөө сүлжээгээр тухайн үед энэ сэдвээр илгээгдэж байсан захидлууд

 

Улсын Их Хурлын сонгуулийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан энэхүү шийдвэр нь Үндсэн хуулийн тодорхой заалтуудыг зөрчиж буй хэмээн үзэж иргэн Э.Батбаяр, Л.Данзанноров нар Үндсэн хуулийн цэцэд маргаан үүсгэх өргөдөл гаргаж хандахад Цэцээс маргаан хянах шийдвэрлэх ажиллагаа үүсгэхэд татгалзсан хариу авчээ.

 
Баримтын хэлхээ
2008 оны 1 сарын 24-ний өдөр иргэн Энхээгийн Батбаяр, Л.Данзаноров нараас Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэцэд хандан “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хууль Үндсэн хууль зөрчсөн тухай өргөдөл гаргав. http://www.tsahimurtuu.mn/main/200802021340.htm

Цахим Өртөө Холбооны УЗ-ийн гишүүн Д.Сайнбаяр 2008 оны 2 сарын 18-нд болсон Монголын Ардчилсан Холбооны Анхдугаар Их Хурал хуралдсаны 18 жилийн ойд зориулсан онол практикийн бага хурлын үеэр үг хэлж гадаадад суугаа Монголчуудын сонгуулийн эрхийг хангахад Ардчилсан Намын баримталж ирсэн байр суурийн талаар шүүмжлэлтэй ханддагаа илэрхийлж, Цахим Өртөө Холбоог төлөөлж уриалга хийв..

2008 оны 2 сарын 19-ны 29 тоот албан бичгээрээ Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэцийн гишүүн Ж. Болдбаатар нь иргэн Э.Батбаяр Л.Данзанноров нарын өргөдөлд татгалзсан хариу өгчээ. (http://www.tsahimurtuu.mn/main/200802021340.htm хуудасны доор хэсэгт буй TsetsHariu1, TsetsHariu2 нэртэй аттачилагдсан 2 файлийг үзнэ үү)

Цэцийн дээрх өргөдөлд өгсөн хариулттай холбогдуулан Цахим Өртөө Холбооны гишүүд дүн шинжилгээ хийсэн байна. Санал бодлоо иргэн, тус холбооны УЗ-ийн гишүүн Э. Батбаярт илгээж, хамтран ажиллаж байна.  

 “Цахим Өртөө Холбоо” нь Үндсэн хуулийн цэцийн маргаан магадлан шийдвэрлэхээс татгалзсан тайлбарыг эрх зүйн зарчимд нийцсэн үндэслэл олж эс чадсан гэж үзэн тус дүгнэлтийг үл зөвшөөрч буй.

Цахим Өртөө сүлжээний гишүүд, Цахим Өртөө Холбооны зүгээс гадаадад суугаа Монголчуудынхаа сонгуулийн эрхийг хангуулахтай холбогдуулан бичиж нийтэлсэн санал бодлууд, хийж гүйцэтгэж ирсэн ажил үйлсийн товчооныг толилуулахад ийм байна. Бидний энэ ажил үйлс өнөөгийн Монголын хууль тогтоох, хэрэгжүүлэх, хянах тогтолцоо хэрхэн ажилладагийг ойроос харж, бодит дүр төрхийг таниж мэдэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэснийг зориуд тэмдэглүүштэй.

Бид энэ асуудлаар цаашид ч төр засгийн холбогдох байгууллагууд, улс төрийн хүчнүүдтэй санал бодлоо солилцон харилцан хамтран ажиллах бөгөөд үйл явцын талаар олон нийт, гадаадад суугаа Монголчууддаа байнга мэдээлж байх болно. Бидний ажил үйлсийн нилээдгүй хэсэг нь тухай бүрдээ Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, гадаадад суугаа монголчуудын сонин, сэтгүүл, бусад портал вэб хуудсуудаар түгээгдэж олон нийтэд хүрч ирсэн бөгөөд цаашид ч хүрсээр байх болно гэдэгт эргэлзэхгүй байна.

Гадаадад суугаа Монголчуудаа эх орныхоо хувь заяаг хил хязгаарын ялгаваргүйгээр энэ тэнцүү дэнслэн хэлэлцэх Үндсэн хуулиар олгогдсон эрхээ хамтдаа баталгаажуулъя. 

Цахим Өртөө Сүлжээнд элсэх

  • Өртөөний сүлжээнд элсэх

tsahim_urtuuХэрэв та Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээнд элсэхийг хүсвэл: http://groups.google.com/group/tsahim-urtuu-suljee хаягаар зочилж маш хялбархан бүртгүүлж болно. Та Гүүгл суурьт энэхүү сүлжээнд имэйлээ бүртгүүлснээр манай сүлжээний гишүүн болно.

 

Image Temp

Энэ хуудас нь Цахим Өртөө сүлжээний нийт гишүүдийн хамтын бүтээл байх бөгөөд ажил хэргийн санал болгоныг вэбийн хамтлаг тухай бүр нь тусган энэ хуудсанд оруулж байх болно. Хамтран ажиллаж буй, ажиллахаар зэхэж буй таньд баярлалаа.

Newsletter