171-р сар2017

Бүлэг: Судалгаа

Газрын тосны цочрол ба Монгол-I

Др. Б. Эрдэнэбат. 2011 оны 11-р сар

Товч хураангуй
Газрын тос өнөөдөр магадгүй хамгийн чухал түүхий эд бизээ. Энэхүү цуврал судалгааны ажилд а) дэлхийн газрын тосны зах зээлийн өнөөгийн байдлыг авч үзэж; б) Монгол улсын газрын тосны бүтээгдэхүүний зах зээл хэрхэн ажиллаж байгааг тоймлож; в) эрэлт, нийлүүлэлт, дамын наймаанаас үүдэлтэй үнийн өөрчлөлтүүд нь Монгол улсын эдийн засагт хэрхэн нөлөөлж байгааг тооцоолон гаргах зорилготой. Цуврал судалгааны эхнийх болох энэхүү ажилд эхний хоёр асуудлыг авч үзэж байна.

Түлхүүр үг: Газрын тосны цочрол, хугарал, шалтгаан
JEL ангилал: E32, Q43

1. Удиртгал
Эрчим хүч нь капитал болон хөдөлмөрийн адил үйлдвэрлэлийн нэгэн чухал хүчин зүйл билээ. Энэ дотроо түлш шатахуун нь тээвэр, газар тариалан, уул уурхайн салбарын гол эрчим хүчний эх үүсвэр бөгөөд бусад эдийн засгийн салбаруудыг ч түлш шатахуунгүйгээр  төсөөлөхөд бэрх. 2008 оны байдлаар Монгол Улсад зарагдаж байсан бензин болон дизелийн түлшний үнэ дэлхийд хамгийн өндөрт тооцогдох хэмжээнд хүрч байв. Германы GTZ (oдоо GIZ) байгууллагын 174 улсыг хамруулсан түүвэр судалгаагаар уг оны 11 сард Монголд улсад зарагдаж буй литр дизелийн түлш дунджаар 142 Америк цент байсан нь Ази, Австрали, Номхон Далайн бүс нутагтаа хамгийн үнэтэй дизель (ОХУ-д энэ нь 86 цент, БНХАУ-д 101 цент) байв (Зураг 1).

Зураг 1. Дизелийн үнэ дэлхийн улсуудаар, америк цент/литр. Эх үүсвэр: International Fuel Prices 2009, GTZ.
 
Харин автобензин литр нь 138 цент байсан нь (ОХУ-д энэ нь 89 цент, БНХАУ-д 99 цент) Хонгконг, Тахити, Шри-Ланк, Өмнөд Солонгос болон Япон гэсэн арлын бөгөөд эрчим хүч хэмнэхийг эдийн засагтаа тулгаж байсан улсуудынхаас л дөнгөж доогуур байв (Зураг 2).

Зураг 2. Бензиний үнэ дэлхийн улсуудаар, америк цент/литр. Эх үүсвэр: International Fuel Prices 2009, GTZ.

Үйлдвэрлэлийн хүчин зүйлсийн үнэ нэмэгдэхээр үйлдвэрлэлийн хэмжээ багасах, ялангуяа даяаршсан дэлхийн эдийн засгийн нөхцөлд үнэ нь хямд бусад улс руу шилжих нь тодорхой. Энэ нь өргөн уудам нутагтай Монгол улсын хувьд эдийн засгийн төрөлжилтөд сөргөөр нөлөөлөх, төвлөрлийг нэмэгдүүлэх, нийт эдийн засаг маань зөвхөн рент өндөртэй уул уурхайн салбар дээрээ төвлөрөх нэг түлхэц хүчин зүйл болох юм. Энэ нь Монгол улсын олборлодог түүхий эдүүдийн үнэ унасан нөхцөлд эдийн засгийг бүрэн хямруулах аюултай.
Ийм болохоор Монголын шатахууны зах зээл бусад улсуудынхтай харьцуулахад яагаад ийм үр ашиг муутай байдаг, үнэ яг хэрхэн тогтож байна гэдгийг судлах зайлшгүй шаардлагатай юм.
Энэхүү цуврал судалгааны ажил дараах хэсгүүдтэй. Нэгдүгээр хэсэгт Дэлхийн газрын тосны зах зээлийн өнөөгийн байдлын талаар товч дурдаж, Монгол Улсын түлш шатахууны зах зээл хэрхэн ажиллаж байгаа талаар авч үзнэ. Цувралын хоёрдугаар хэсэгт Монголд зарагдаж буй шатахууны үнэ инфляци, ДНБ-ий өсөлтөд хэрхэн нөлөөлж буйг үнэлнэ. Мөн хэсэгт шатахууны үнэ ямар хүчин зүйлсээс хамаарч буйг судална. Цуврал судалгааны хэсэг бүр тус бүр түлш, шатахууны зах зээлийн үр ашгийг яаж сайжруулах талаар бодлогын зөвлөмж, дүгнэлтүүдийг агуулна.  

2. Олон Улсын Газрын Тосны Зах Зээл
Газрын тос өнөөдөр магадгүй хамгийн чухал түүхий эд бизээ. Тийм ч болохоор түүнийг эзэмших, захиран зарцуулах эрхийн төлөөх тэмцэлдээн улс гүрнүүд, бизнесийн бүлэглэлүүдийн дунд 200 гаруй жил үргэлжилсээр байна. 2011 оны байдлаар Дэлхийн хэмжээгээр 1383,2 тэрбум баррел газрын тосны нөөц байгаа бөгөөд түүний газар зүйн тархалтыг нь зураг 3-т үзүүлэв. Зарим судлаачид дэлхийд газрын тосны нээгдээгүй нөөц үлдээгүй гэдэгч геологичид 1991 оноос хойш 380 гаруй тэрбум баррел тосны нөөц нээн илрүүлчихээд байгаагаас харахад газрын тосны нөөц цаашид хэдий хэмжээгээр нэмэгдэх нь асар тодорхойгүй зүйл гэдэг нь ойлгомжтой биз ээ . 2010 онд Дэлхийн хэмжээнд 6989 сая тонн олборлолт хийсэн бөгөөд хэрэв нөөцийн хэмжээ дахин нэмэгдэхгүй гэвэл өнөөгийн олборлолтын хурдаар байгаа нөөцөө Дэлхийн хэмжээнд 46,2 жилийн дараа, Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа, Хөгжлийн Байгууллагын (ЭЗХАХБ-OECD) гишүүн өндөр хөгжилтэй 34 улс 13,5 жилийн дараа, харин Хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байсан улсууд 25,6 жилийн дараа өөрсдийн бүс нутагт байгаа газрын тосоо олборлож дуусахаар байна. Гэвч эдгээр тоо нь 1991 онд Дэлхийн хэмжээнд 43,3 жил, ЭЗХАХБ-ын хувьд 17,1 жил, хуучин ЗХУ-ын хувьд 16,7 жил гэж яригдаж байсныг дурдах ёстой. Түүнчлэн энэхүү тооцоонд боловсруулахад илүү өртөгтэй, ердийн газрын тос боловсруулахаас гурав дахин их хүлэмжийн хий ялгаруулдаг газрын тосон элсийг оруулаагүй бөгөөд 2010 оны байдлаар ийм элсний 143,1 тэрбум баррелын нөөц Канадад байна.

 

 

 

 

 

Зураг 3. Нөөцийн хэмжээ. Тэрбум баррелаар. Эх үүсвэр: BP Statistical Review of World Energy 2011.

Дэлхийн зах зээл дээрх газрын тосны эрэлт, нийлүүлэлтэд асар олон төрлийн хүчин зүйлс нөлөөлж байж үнэ тогтдог. Тэдгээр хүчин зүйлсийг тодруулж, оролцоог нь тооцоолох нь маш чухал. Нөгөө талаар газрын тосны үнийн эдийн засагт үзүүлэх нөлөө ч дэлхий нийтийн анхаарлын төвд байсаар байна.
 

 

 

 

 

 


Зураг 4. Олборлолтын хэмжээ. Сая Тонноор. Эх үүсвэр: Өмнөх зурагтай адил.

Иймдээ ч Hamilton (1988)-ы нөлөө бүхий судалгаанаас хойш газрын тосны үнийн цочрол болон макроэдийн засгийн нөхцөл байдал хоёрын хоорондын холбоос улс дамнасан академик судалгаа болон бодлогын хэлэлцүүлгийн гол сэдвийн нэг болжээ.
Газрын тос эдийн засагт ямар хүчтэй нөлөөтэйг сануулах зорилгоор зарим түүх сөхье. Дэлхийн хамгийн том эдийн засаг болох АНУ-д Дэлхийн II дайнаас хойш болсон эдийн засгийн 11 хямралын 10 нь газрын тосны үнэ огцом өссөний дараахан болж байв. Эдгээр хямралын багагүй нь зөвхөн АНУ-аар зогсохгүй Дэлхий нийтийг хамарсан шинжтэй байв. Зураг 5-д эдгээр хямралуудын үргэлжилсэн хугацааг саарал баганаар дүрслэв. Зураг 5-д мөн WTI-ийн үнийг 2011 оны 9 сарын долларт хөрвүүлэн харуулж байна.
 
Зураг 5. 2011 оны 9 сарын Америк доллараарх баррел (~159 литр) газрын тосны үнэ (WTI). Саарал баганууд нь АНУ-ын эдийн засгийн хямралууд. Үнэ огцом өөрчлөгдсөн үеүүдийн хувьд боломжит шалтгаануудыг нь тэмдэглэв. Эх үүсвэр: Холбооны Нөөцийн Системийн Эдийн засгийн тоо баримт research.stlouisfed.org/fred2. Хямралуудын эхэлсэн болон дууссан саруудыг АНУ-ын Эдийн Засгийн Судалгааны Үндэсний Товчооноос авав: www.NBER.org.

Зурагт дүрслэгдээгүй 1947.1-ээс өмнөх үед нийлүүлэгчид бүгдээрээ Баруун Европ болон Хойд Америкийн колони эсвэл хараат улсууд байсантай холбоотойгоор үнэ харьцангуй тогтмол байв. Зурагт мөн үнийн огцом өсөлтүүдийн цаад шалтгаануудыг мөн тэмдэглэв. Гэвч сүүлийн үеийн шалтгаанууд, тухайлбал Венесуэлийн нийгмийн үймээн самуун, Иракийн дайн гэх мэт үзэгдлүүдийг газрын тосны үнэийг огцом өсгөсөн шалтгаан гэж нийтээр хүлээн зөвшөөрдгүйг тэмдэглэх нь зүйтэй.
Газрын тосны үнэ өнгөрсөн 10 жилд эрчимтэй бөгөөд тогтвортойгоор өсөж ирэв. 2001 оны Дэлхийн эдийн засгийн хямралын дараа газрын тосны үнэ баррел нь $20 байснаа 2008 оны хагас гэхэд $140 болж өсөж байв. Энэхүү долоо дахины өсөлт нь 74, 80 оны газрын тосны үнийн цочролын үеийнхийг ч гүйцэж түрүүлсэн байв. Гэсэн хэдий ч энэхүү өсөлт өмнөхөөс ондоо макроэдийн засгийн орчинд явагдаж түүний эдийн засагт үзлэх нөлөө нь ч өмнөхөөс өөр байлаа (Blanchard & Gali, 2009).
Цаашид үнэ хэрхэн өөрчлөгдөхийг таамаглагч хамгийн найдвартай эх үүсвэрт ирээдүйн хэлцлийн зах зээл (futures market) тооцогдож байна. Нийлүүлэгчид бүтээгдэхүүнийхээ ирээдүйн үнийн тодорхой бус байдлаас ангижрах, боловсруулах үйлдвэрүүд түүхий эдийн ирээдүйн үнийн тодорхой бус байдлаас өөрсдийгөө хамгаалах зорилгоор энэхүү зах зээлд оролцдог. Мэдээж талууд алдагдалтай үнээр асар их хэмжээний газрын тосны хэлцэл өнөөдөр хийх сонирхолгүй байх учир тэд ашиглаж болох бүхий л мэдээллийг ашиглан ирээдүйн хэлцлийнхээ үнийг тогтоодог. Дэлхийн тэргүүлэх Төв банкууд ч инфляцийн урт хугацааны таамаглалаа уг зах зээлд тулгуурлан хийж байна (Harris, et.all  2009). Энэхүү зах зээлд сүүлийн үед гарч байгаа нэг онцлог өөрчлөлт бол түүхий газрын тос хэрэглэдэггүй, олборлодоггүй гуравдагч этгээдүүдийн оролцоо нэмэгдсэн явдал юм. Үүнд мэдээж үнийн зөрүүнээс ашиг олох гэсэн дамын наймаачид багтана. Түүнчлэн газрын тосон бүтээгдэхүүний үнээс ашиг алдагдал нь өндөр хамааралтай бизнесийн байгууллагууд ч мөн арилжаанд идэвхитэй оролцох боллоо.    
Зураг 6-д газрын тосны тухайн үеийн (spot) үнийг 1983 оны 4 сараас 2011 оны 9 сар хүртэл харин ирээдүйн хэлцлийн (futures) үнийг 2020 оны 1 сар хүртэл харуулав. Хэвтээ тэнхлэгийн дурын нэг цэгт харгалзах ногоон (үргэлжилсэн) зураас нь тухайн үеийн зах зээлийн үнэ харин хэд хэдэн ягаан цэг нь тухайн хугацаанд биелэгдэх ирээдүйн хэлцлүүдийн үнүүдийг (өөр өөр цаг хугацаанд хийгдсэн) харуулж байна. Жишээ нь, 2005 оны 12 сард баррель тосны тухайн үеийн зах зээлийн ханш $58,47 байв. Харин 2005 оны 12 сард биелэгдэх ирээдүйн хэлцэл 1999 оны 1 сараас хийгдэж эхэлсэн бөгөөд энэ үед хэлцлийн үнэ нь $18,55 байв. Түүнээс хойш 2005 оны 12 сард биелэгдэх хэлцэл тасралтгүй хийгдсээр хамгийн сүүлийн ирээдүйн хэлцэл нь 2005 оны 11 сард $59,85 гэсэн үнэтэйгээр хийгдэж байв.
     
Зураг 6. Баррел тосны тухайн үеийн (spot-ногоон зураас) болон ирээдүйн хэлцлийн (futures-ягаан цэгүүд) Америк доллараарх үнэ. 2010 оны 6 сараас өмнөх тоон мэдээлэл нь Nью Йоркийн Барааны Бирж (NYM) -ийн, үлдсэн нь Интерконтинентал Биржийн (ICE) үнэ болно. Мэдээллийг DataStream-ээс авав.

Зураг 7-д баррель тосны тухайн үеийн зах зээлийн үнэ болон тухайн үед биелэгдэхээр хийгдсэн хэлцлүүдийн дундаж үнийг харуулж байна (ягаан цэгүүд). Зургаас сүүлийн үед газрын тосыг урьдчилж авбал илүү хямд байгаа мэт харагдаж байна. Энэ нь хэд хэдэн шалтгаантай байж болно. Тухайлбал нийлүүлэгчдийн хувьд үйлдвэрлэлийн хэмжээгээ урьдаас төлөвлөх, шаардлагатай хөрөнгө оруулалт хийхэд бүтээгдэхүүнээ хямдралтай ч гэсэн урьдчилан борлуулах нь илүү дээр байх нөхцөл бүрдсэн байж болно. Нөгөө талаас энэ нь түр зуурын шинжтэй, зөвхөн 2008 оны хямралын өмнөх 9 гаруй жилтэй холбоотой байж болох юм.

 
Зураг 7. Баррел тосны тухайн үеийн болон дундаж ирээдүйн хэлцлийн үнэ. Эх үүсвэр дээрх зурагтай адил.  

Газрын тосны үнийн өсөлт болон эдийн засгийн зогсонги байдал, өндөр ажилгүйдэл болон инфляцийн хоорондын холбоог баримтжуулсан хамгийн эхний судалгааны ажлуудад АНУ-ын хувьд Pierce ба Entzler (1974), Mork ба Hall (1980) болон Gisser ба Goodwin-ыг (1986) оруулдаг. Эдгээр судалгаануудын хамарсан хугацаанд газрын тосны үнэ цөөн тооны огцом өсөлтийг үл тооцвол харьцангуй тогтвортой байсан. Darby (1982), Bruno & Sachs (1982, 1985) болон Burbidge & Harrison (1984) нар энэхүү холбоос дэлхийн бусад улсуудын хувьд ч мөн байгааг олж тогтоосон юм. Энэхүү цөөн тооны үнийн огцом өсөлт нь газрын тос экспортлогч улсууд дахь цэргийн эргэлт, улс төрийн тогтворгүй байдалтай холбоотой буюу импортлогч улсуудын макроэдийн засгийн байдлаас үл хамаарсан буюу “эгзоген” чанартай учир энэхүү холбоосыг шалтгаан-үр дүн гэж тайлбарлах нь зүйтэй хэмээн Hamilton (1983) дүгнэжээ.
Газрын тос эдийн засагт хэрхэн нөлөөлж болдгийг маш олон талаас нь судалсан ажлууд өнөөдөр хийгдээд байна. Онолын хувьд газрын тосны үнэ хэрхэн нийт эдийн засагт нөлөөлж болохыг харуулсан ажлуудыг дараах төрлүүдэд хамааруулж байна. Үүнд нийлүүлэлтийн цочрол, бодит тэнцлийн нөлөө, орлого шилжүүлэг, мөнгөний бодлого, дахин тохиргооны зардал ба тодорхой бус байдлын нөлөө. Эдгээр онолын загварууд дахь үйлчлэл нь заавал нэг чигт байх албагүй. Тухайлбал сүүлийн хоёр сувгаар үнийн өсөлт, бууралт хоёул эдийн засагт сөрөг нөлөө үзүүлэх ёстой.  Эдгээрийг энд товч тайлбарлая.

Нийлүүлэлтийн цочрол
Газрын тосны үнэ гэнэт өсөхийг ихэвчлэн нийлүүлэлтийн цочрол хэмээн тайлбарладаг. Сурах бичгүүд дэх нийлүүлэлтийн цочролын хамгийн сайн жишээ нь ч энэ байж магадгүй. Хэрэв газрын тосон бүтээгдэхүүн (нарийндаа бол импортлосон энерги) болон капитал үйлдвэрлэлийн процесст хамтран хэрэглэгддэг бол газрын тосны үнэ нэмэгдсэнээр үйлдвэрлэгчид газрын тосон бүтээгдэхүүнээр зогсохгүй капиталынхаа хэрэглээг багасгаж энэ нь эдийн засгийн үйлдэрлэх чадавхийг бууруулна. Энэ үед эдийн засаг шинэ тогтворт-төлөвийн тэнцвэр дэх өсөлтдөө хүрэхийн тулд сөрөг завсрын үеийн өсөлтийг дамжих ёстой болно (Bruno & Sachs, 1982). 

Бодит тэнцлийн нөлөө
Газрын тосны үнэ нэмэгдсэнээр тээврийн болон халаалтын зардал, түүнчлэн газрын тосон бүтээгдэхүүн хэрэглэдэг бараа үйлчилгээний үнэ өснө. Үүний үр дүнд эдгээрийг худалдан авахад шаардлагатай бэлэн мөнгөний хэрэгцээ нэмэгдэх учир нийт мөнгөний эрэлт өснө. Энэхүү өсөн нэмэгдсэн эрэлтийг Төв банкнаас мөнгөний нийлүүлэлтээ нэмэгдүүлэн хангаж өгөхгүй бол зээлийн хүү өсөж энэ нь цаашилбал эдийн засаг сулрах шалтгаан болдог (Pierce & Entzler, 1974).

Мөнгөнийн бодлогын хариу үйлдэл
 Газрын тосны үнийн өсөлт үйлдвэрлэгчдийн зардлыг нэмэгдүүлснээр өрсөлдөөнт зах зээл дээрх ашиг болон ажиллах хүчний түвшин хэвээр үлдэхийн тулд  бодит цалин унах ёстой. Гэвч хэрэв ажилчид бодит цалингийн бууралтыг хүлээн зөвшөөрөлгүй бодит орлогынхоо бууралттай тэнцэхүйцээр нэрлэсэн цалингаа нэмэгдүүлэхийг шаардвал газрын тосны хоёрдугаар үеийн нөлөө бий болно. Төв банкнаас инфляцийн эсрэг тэмцэхэд илүү анхаарч байгаа үед энэхүү нөлөөтэй тэмцэх зорилгоор мөнгөний хумих бодлого хэрэгжүүлснээр хүүгийн түвшинг нэмэгдүүлж мөн л эдийн засгийн өсөлтийг боомилох аюултай (Bernanke, Gertler & Watson, 1997).

Орлого шилжүүлэг
Газрын тосны үнийн өсөлт нь түүнийг цэвэр импортологч Монгол мэтийн улсаас ОХУ мэт экспортлогч улс руу орлого шилжих нөхцөл бий болгодог. Хэрэв үнэ тогтвортой өндөр түвшинд үлдэж импортлогч улс газрын тосон бүтээгдэхүүнийхээ хэрэглээг хэвээр байлгана гэвэл бусад импортын хэрэглээгээ бууруулах ёстой болно. Энэ нь нийт эрэлтийг хумина. Энэ утгаараа газрын тосны үнийн өсөлтийг газрын тос экспортлогч улсаас имортлогч улсад ногдуулж байгаа татвар мэт үзэж болно. Нөгөө талаар мэдээж газрын тос экспортлогч улсуудын худалдан авах чадвар нэмэгдэнэ. Гэсэн хэдий ч тэд орлогын өсөлтөө бүгдийг дэлхийн эдийн засаг руу буцаан оруулдаггүй. Зөвхөн газрын тос экспортлогч улсуудтай асар их худалдаа хийдэг улсууд л хожно (IMF, 2006).

Тохиргооны зардал
Нарийн мэргэшсэн ажилчид болон капиталын орцыг нэг зориулалтаас нөгөө рүү шилжүүлэхэд өндөр зардалтай байдаг эдийн засгийн салбаруудын хувьд газрын тосны үнэ огцом өөрчлөгдөх нь ажил эрхлэлтийг бууруулах талтай. Энэ нь энэхүү өөрчлөлтөд нэрвэгдсэн салбаруудын ажиллагсад болон капитал нөхцөл байдлыг сайжрахыг хүлээн ажиллахгүй, ашиглагдахгүй байдагтай холбоотой (Lillien, 1982, Hamilton, 1988).

Тодорхой бус байдлын нөлөө
Аж ахуйн нэгжүүд болон өрхүүд ирээдүйн газрын тосны үнэ хэрхэх нь тодорхой бус болох тусам хөрөнгө оруулалтын шийдвэрээ хойшлуулах нь улам бүр оновчтой болж хувирдаг. Нэгэнт худалдаад авсан капитал тоног төхөөрөмж болон удаан эдэлгээтэй ахуйн хэрэглээний зүйлс тухайн үеийнхээ энергийн хэрэглээний түвшинг агуулсан технологитой байх болно. Ийм учраас газрын тосны үнийн өөрчлөлтийн талаарх тодорхой бус байдал нэмэгдэх тусам хөрөнгө оруулалтын шийдвэрээ хойшлуулах нь илүү дээр болно. Мөн түүнчлэн, шатахууны үнэ өндөр байх үед ямар нэгэн аж ахуйн нэгж хэр амжилттай ажиллах талаарх тодорхой бус байдал хөрөнгө оруулагчдийн итгэлд сөргөөр нөлөөлж тухайн аж ахуйн нэгжийн хөрөнгө босгох өртгийг нэмэгдүүлнэ. Хамтдаа энэхүү хоёр нөлөө нь хөрөнгө оруулалтын зардлыг өсгөж  эдийн засгийн үйл ажиллагааг сулруулна (Bernanke, 1983, Pindyck, 1991).

3. Монгол Улсын Газрын Тос, Түүнд Суурилсан Бүтээгдэхүүний Зах Зээл
Монгол Улсын газрын тосны олборлолт болон түүнээс гаралтай бүтээгдэхүүний хэрэглээг 1985 оноос хойш Зураг 8-д үзүүлэв  . Нийт Газрын тосон бүтээгдэхүүний хэрэглээ өнөөдөр 1988 оны түвшинг дөнгөж даван гарч байгаа ч бүтцийн хувьд дизелийн хувь хэмжээ нэлээн нэмэгдэж, цаашид ч хурдацтайгаар өсөх төлөвтэй байна. Учир нь 2010 оны байдлаар нийт шатахууны хэрэглээний хамгийн өндөр хувь буюу 29,5%-ийг уул уурхайн салбар хэрэглэж байгаа бөгөөд бусад томоохон хэрэглэгчид нь төмөр зам (7.7%), хөдөө аж ахуй, газар тариалан (7%), нийтийн тээвэр (4.2%), болон иргэний агаарын тээвэр (3.4%) байдаг (Д. Амарсайхан, 2011). Газрын Тосны Газрын тооцоолж байгаагаар “Оюу Толгой”, “Тавантолгой”, ”Шивээ-Овоо” зэрэг уул уурхайн ордуудыг бүрэн хүчин чадлаар ашиглаж эхэлбэл жилийн хэрэглээ 60-90 мянган тонноор нэмэгдэнэ. Энэ нь дизелийн эрэлтийг бараг 20 хувь нэмэгдүүлнэ гэсэн үг юм.

Зураг 8. Монгол Улсын газрын тосны экспорт болон түүнээс гаралтай бүтээгдэхүүний хэрэглээ, килотонн/өдөр. Эх үүсвэр Олон Улсын Энергийн Агентлаг (IEA).

Бүх автобензин, дизель түлш, шатах тослох материалыг өнөөдөр 100 хувь импортлон оруулж ирж байгаа бөгөөд НИК ХК (14%), Магнай Трейд ХХК (14%), Петростар ХХК (11%) Шунхлай ХХК (9%), Монпетекс ХХК (8%), СодМонгол ХХК (8%), Улаанбаатар Төмөр Зам (8%), Жаст-Ойл ХХК (5%), Ажетлимитэд ХХК (2%), Ойн Бирж ХХК (2%),  Эрдэнэт Үйлдвэр (2%), Петрожамп ХХК (2%), Петрочайна-Дачин Тамсаг Монгол ХХК (1%) гэсэн 13 компани 10 мянган тонноос дээш бүтээгдэхүүний импорт хийж нийт зах зээлийн 93%-ийг хангаж байна. Бүтээгдэхүүний 98,2%-ийг ОХУ-аас, 1%-ийг БНХАУ-аас, 0,6%-ийг БНСУ-аас импортлож байна.
Монгол улс Дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнийн өөрчлөлтөөс ангид бусыг Зураг 9-т харуулж байна. Уг зурагт А76/80-ийн Төгрөгөөрх литрийн үнийг (тасархай ягаан зураас) баруун тэнхлэгт харин, WTI, Брент, Дубай гэсэн 3 төрлийн газрын тосны дунджаар авсан дэлхийн газрын тосны үнийн төлөөлөл (ногоон цэг), Монгол Улсад импортоор орж ирэх газрын тосон бүтээгдэхүүний үнэ уяатай байдаг Уралын газрын тосны үнэ (хар цэг), болон Монгол Улсын хилээр орж ирж буй бензин (улаан ойр тасалдал) дизелийн (хөх зураас) Ам. Доллар/тонноорх үнийг тус бүр зүүн тэнхлэгт 1998 оны 1 сараас 2011 оны 9 сар хүртэл дүрсэлсэн байна.  
 
Зураг 9. Дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ, Уралын тос болон Монгол Улсад орж ирж буй (импортын) бензин, дизелийн Ам.доллар/тоннын үнэ зүүн тэнхлэгт дүрслэгдэв. А76/80-ийн Төгрөгөөрх жижиглэнгийн үнийг баруун тэнхлэгт дүрслэв. Бүгд тухайн оны үнээр.

Уралын газрын тосны үнэ дэлхийн газрын тосны зах зээлийнхтэй ерөнхийдөө тун ойролцоо байдаг ч 2011 оны эхнээс байнга илүү үнэтэй байгаа нь ОХУ-ын газрын тосны салбарт хийгдэж байгаа хөрөнгө оруулалт, технологийн шинэчлэл бусад олборлогч улсуудынхтай дүүцэхгүй байгаа холбоотой байж магадгүй юм.

Зураг 10. Баруун гар талын тэнхлэгт тонн Уралын тос болон Монгол Улсын хилээр орж ирж буй Тонн бензин, дизелийн түлшийн үнийн зөрүүг зурав. Зүүн гар талын баганад баррель Уралын тос нэрсний нэмүү өртөг (refining margin)-ийг дүрслэв (Эх үүсвэр: Олон Улсын Энергийн Агентлаг), Бүгд 2011 оны 9 сарын Америк доллараар. Бодит Америк доллар руу АНУ-ын Нийт бараа үйлчилгээний үнийн индексийг ашиглав (CPIAUCSL, U.S. Bureau of Labor Statistics).

Зураг 10-т тонн Уралын тос болон Монгол улсын хилээр орж ирж буй тонн бензин, дизелийн үнийн зөрүүг бодит Америк доллараар илэрхийлжээ (Америк долларын худалдан авах чадвар нь 2011 оны 9 сарынх). Зургаас 2004 оноос хойш Импортын үнэ болон түүхий эдийн үнийн зөрүү эрс өссөнийг харж болно. Уралын тос нэрэх үйлдвэрийн нэмэгдэл (refinery margin) импортын үнийг тодорхой хугацааны хоцрогдолтойгоор магадгүй 2008 он хүртэл дагуулж байсныг харж болно. Энэхүү нэрэх үйлдвэрийн нэмэгдэл нь олон улсын зах зээл дээр тогтоогдох бөгөөд энэхүү өсөлттэй уялдсан импортын үнийн өсөлтийг аливаа импортлогч улс шингээж авахаас өөр аргагүй байдаг.  Гэвч энэхүү хамаарал сүүлийн үед харьцангуй суларч буй мэт дүр зураг харагдаж байна. Тухайлбал 2008 оны 8 сараас эхэлсэн импортын үнийн өсөлт нь нэрэх үйлдвэрийн нэмэгдлийн бууралттай давхцах болсон нь сонирхолтой юм. Учир нь ОХУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд В.В. Самойленкогийн хэлснээр (Өдрийн Сонин, 2011.11.14) Монгол улс өөрийн санаачилгаар урт хугацааны бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээнээс татгалзсан. Богино хугацаат захиалгын давуу талуудын нэг нь зах зээлийн үнэ унасан тэр даруйд нь хямд үнээр бүтээгдэхүүн авах боломж. Харин дэлхийн эдийн засгийн хямралтай холбоотойгоор зах зээл дээрх түүхий эдийн, түүний дотор Уралын тосны, үнэ унаж, боловсруулах үйлдвэрүүд бүтээгдэхүүнээ зарахын тулд үйлдвэрийн нэмэгдлээ өрсөлдөн бууруулж байсан үед Монгол Улсын хилээр орж ирэх бүтээгдэхүүний үнэ дорвитой буугаагүй. Өнөөдөр ч гэсэн нэрэх үйлдвэрийн нэмэгдэл 1998-1999 оны түвшнөөсөө буусан ч импортын үнэ буурах хандлагагүй байна. Энэ нь ОХУ- ын импортын татварын өсөлт, болон тэдний нэрэх үйлдвэрийн технологийн шинэчлэл хийгдэхгүй байгаа болон бүсчилсэн маркетингийн бодлого баримталж байгаатай холбоотой байж магадгүй юм.
Хилээр орж ирсэн автобензин болон дизелийг импортчлогчид өөрсдөө болон цөөн тооны худалдан авагчид жижиглэнгээр зарж байна. Зураг 11-д Монгол улсад зарагдаж буй дизель болон А95 бензиний үнийг дүрслэн харуулж байна . Мөн Төгрөгөөрх Америк, Хятад болон Орост зарагдаж буй түлшний үнийг зурав. Америкийн зах зээл дээр зарагдаж буй үнийг олон улсын түвшинд түүхий эдийн өртгийг зохистойгоор агуулсан, шударга өрсөлдөөнт зах зээлийн жишиг үнэ хэмээн хүлээн зөвшөөрдөг. Холбооны болон Муж улсын түвшинд автобензин, дизелийн түлшний татварыг хоёр томоохон замын санд хуримтлуулан хэрэглэдэг.



      
Зураг 11. Эхний мөрөнд литр дизель болон тугалгагүй бензиний жижиглэнгийн үнийг улсуудаар, төгрөгөөр харуулав. Удаах мөрөнд Монгол дох жижиглэнгийн үнэ бусад улсынхаас хэдээр илүү байгааг харуулав. Мэдээллийн эх үүсвэр: Монголын үнэ нь Статистиийн Бюлетинийх, бусад улсынх нь Олон Улсын Энергийн Агентлагынх (IEA). Валютын ханшийг Монгол Банкны бюллетинээс авав. Тугалгагүй бензин нь Монголын хувьд А93.

Оросын зах зээл дээр зарагдаж буй нь татаастай үнэ гэгддэг бөгөөд Хятад улс татаастайд тооцогдож байснаа сүүлийн үеэс больж байна (GTZ. International Fuel Prices, он оны дугаарууд). Зургийн 2-р мөрөнд Монгол дахь литр шатахууны үнэ бусад улсууныхаас хэдэн төгрөгөөр илүү байгааг харуулж байна.
Зураг 1 болон 2-т Монгол Улс 2008 онд хамгийн өндөр үнэтэй бензин болон дизелийн түлштэй байсны шалтгаан нь тухайн онд Монголд ямар нэгэн шалтгааны улмаас түлш асар их өндөр үнэтэй зарагдаж байсантай холбоотой болохыг харж болно. Гэвч түүнээс хойш энэхүү зөрүү өмнөх түвшиндөө хүрч буурах хандлага огт харагдахгүй байна. Тэгэхээр яагаад 2008 онд бензиний үнэ тийм өндөр байв, үнэ ер нь яаж тогтож байна гэдэг асуудал зүй ёсоор гарна.

Зураг 12. Хилээр орж ирсэн тонн дизелийн Америк Доллараарх үнэ мэдээллийн хоёр эх үүсвэрээр.

Энэхүү асуудал руу орохоос өмнө энд ашиглагдаж буй тоон мэдээллийн тодорхой бус байдлыг онцлох хэрэгтэй. Тухайлбал Зураг 12-т Монгол Улсын Үндэсний Статистикийн Хорооны (ҮСХ) Сарын Бюллетень болон Газрын Тосны Газраас өгсөн хилээр орж ирж буй тонн дизелийн Америк доллараарх үнийн мэдээллүүдийг харуулж байна. Мэдээж эдгээр тоо нь сарын дундаж утга эсвэл сарын эцсийн өдрийн үнэ гэдгээрээ ялгагдаж байж болно (энэ талаар аль ч эх үүсвэр дурдаагүй). Уул нь Засгийн Газрын хоёр байгууллагад байгаа энэхүү тоон мэдээллүүлд нийцтэй байх ёстой (ялангуяа олон нийтэд зарлагдаж байгаа бол). Учир нь энэхүү мэдээлэл дээр тулгуурлан Монгол улсаас ногдуулах Автобензин, дизелийн түлшний татвар, Онцгой албан татвар, Гаалийн албан татвар болон Нэмэгдсэн Өртгийн Албан Татваруудын хэмжээ тогтоогдоно. Хачирхалтай нь 2008 оны 12 сард жишээ нь Газрын Тосны Газарын мэдээ ҮСХ-оос тонн тутамд 160 америк доллараар дутуу бүртгэжээ.     

Зураг 13. Монгол Улсад зарагдаж буй А80 бензиний үнийн задаргаа. Мэдээллийн эх үүсвэр: Газрын Тосны Газар.  Ашгийн тооцоолол зохиогчийнх.

Хэдийгээр албан ёсны тоон мэдээллүүд ийм зөрүүтэй байгаа ч би Газрын Тосны Газрын тоон мэдээлэл дээр үндэслэн жижиглэнгийн үнэ хэрхэн өөрчлөгдөж ирснийг зураг 13-15-т үзүүлж байна.

Зураг 14. Монгол Улсад зарагдаж буй А80 бензиний үнийн задаргаа. Мэдээллийн эх үүсвэр: Газрын Тосны Газар.  Ашгийн тооцоолол зохиогчийнх.

2008 оны 6 сараас Монгол Улсад зарагдаж буй автобензин, дизелийн түлшний үнийн түвшинг тогтвортой байлгах зорилгоор тэдгээрт ногдох Онцгой албан татвар, Гаалийн татвар болон НӨАТ-ын хувь хэмжээг өөрчилж ирсэн. Тухайлбал НӨАТ-ын 10%-ийг 2008 оны 6 сард 5%, 7-9 сард 0% болгож байв. Уг оны 7-9 сард Гаалийн татварыг мөн тэглэсэн. Гаалийн татварыг мөн 2009 оны 8 сараас 2010 оны 1 сар хүртэл, 2011 оны 6 сараас энэхүү судалгааны хамрах эцсийн хугацааг дуустал тэглэсэн байлаа. Зохицуулалтын гол хэрэгсэл болох онцгой албан татварын хэмжээг 2008 оны 6-9 сард тэглэснээс хойш хамгийн олон удаа өөрчилж ирсэн.

Зураг 15. Монгол Улсад зарагдаж буй дизелийн үнийн задаргаа. Мэдээллийн эх үүсвэр: Газрын Тосны Газар.  Ашгийн тооцоолол зохиогчийнх.

Энэхүү зохицуулалтын үр ашиг хэр өндөр байгаа нь харин маргаантай. ОХУ-ын элчин сайд В.В. Самойленкогийнхоор (Өдрийн Сонин, 2011.11.14) Монголчуудын өөрсдөө урт хугацааны гэрээнээс татгалзаж сонгож авсан богино хугацаат үнийн гэрээ ёсоор сар бүрийн эхэнд ОХУ-ын экспортлогч тал үнээ танилцуулж Монгол улсын Засгийн газар, импортлогч болон жижиглэнгийн компаниуд, Шударга Өрсөлдөөн, Хэрэглэгчийн Төлөө Газар, Монголын Үйлдвэрчний Эвлэлийн төлөөлөл хуралдаж жижиглэнгийн үнэ, татварын хэмжээг тохирдог . Мэдээж ОХУ-ын тал урт хугацааны гэрээтэй улсуудаа эхэлж бүтээгдэхүүнээр хангах үүрэгтэй учир аливаа хомсдлын үед Монгол улсад санал болгох үнэ нь харьцангуй өндөр байх магадлал өндөртэй.
Ийм хомсдолд орсон, эсвэл ОХУ-аас санал болгосон үнэ тухайн сард хэт өндөр тогтоогдсон гэж үзвэл дээрх уулзалтаас захиргааны үнийн тааз тогтооно. Олигополь компанийн бүтээгдэхүүний үнэд захиргааны тааз тогтоох нь хэдийгээр богино хугацаанд үр өгөөжтэй байж болох ч хэт доогуур тогтоосон тааз нь бизнесийн байгууллагын үйл ажиллагаанд хэт хөндлөнгөөс оролцож энэ нь дампууруулалд ч хүртэл хүргэж болно. Мөн аль хэдийн гадны хүчин зүйлсээс хамааралтайгаар бизнесийн орчин нь тодорхой бус байдлаар дүүрэн байхад ямар нэгэн дүрэмд тулгуурлаагүй зохицуулалт нь бизнесийн эрсдэлийг улам нэмэгдүүлж үр дүнд нь эцсийн бүтээгдэхүүний үнэ өндөр байх нөхцөл бүрдэнэ.
Нөгөө талаас ийм арга хэмжээ нь компаниуд хоорондоо хуувилдах гол түлхэц болдог (Train, 1986). Зураг 15-т дүрслэгдсэнээр жижиглэнгийн компаниуд дизелийн түлшээ 2007 оны 12 сараас 2008 оны 7 сар хүртэл алдагдалтай  худалдаалж байв.  Энэхүү алдагдлын тооцоонд тэдгээр компаний үйл ажиллагааны зардлыг (компаниудаар нэлээн ялгаатай бөгөөд биенесийн нууц) огтхон ч оруулаагүй байгаа бөгөөд хэрэв тэднийг нь оруулбал цэвэр алдагдлын хэмжээ улам их байсан бизээ .
Үнийн тааз тогтоож, татваруудыг тэглэснээр үнийг 2008 оны 7 сар хүртэл харьцангуй тогтвортой барьж чадсан ч 8 сард үнэ А80-ийн хувьд 405 төгрөгөөр, А92 455 төгрөгөөр, дизель 620 төгрөгөөр нэмэгдсэн.
Компаниуд алдагдлаа үндсэндээ хоёр эх үүсвэрээс нөхөж ирсэн. Нэг нь Засгийн газраас авах татаас. Жишээ нь 2008 онд импортлогч болон жижиглэнгийн компаниудад зээлийн хүүгийн татаас, жижиглэн худалдааны үний зөрүүний алдагдалд нь зориулж 15,8 тэрбум төгрөгийн нөхөн олговор олгожээ (Ашигт Малтмал, Газрын Тосны Хэрэг Эрхлэх Газар, 2008). Удаах эх үүсвэр нь харьцангуй үнийн тааз өндөртэй А80 болон А92 бензиний үнийг өндөр тогтоох. Жишээ нь Зураг 16-т гурван шатахууны литр бүрээс олох бодит бохир ашгийн түвшинг харьцуулж байна.

Зураг 16. Гурван шатахууны литр тутмаас олох бодит ашиг. Монгол Банкны статистикийн бюллетений Хэрэглээний Үнийн Индекс ашиглан бүх ашгийг 2011 оны 9 сарын төгрөг рүү хөрвүүлэв.

2005 оны 1 сараас  2011 оны 9 сар хүртэл бодит бохир ашгийн хэмжээ А80-ийн хувьд литр тутмаас 320 Төгрөг, А92-ийн хувьд 365 Төгрөг, Дизелийн хувьд 140 Төгрөг байжээ. Дизелийн түлшийг газар тариалан, уул уурхайн хүнд машин механизм түлхүү хэрэглэдэг учир Атарын III аян болон Засгийн газраас Уул уурхайг тэргүүлэх салбар гэж зарласантай холбоотойгоор ийнхүү дэмжиж байж болох юм. 
Гэхдээ энэхүү дэмжлэг нь бусад салбарын нуруун дээр тусаж буйг анхаарах хэрэгтэй юм. Юуны өмнө яагаад хамгийн өндөр ренттэй уул уурхайн салбар төрийн дэмжлэгтэй түлш хэрэглэх ёстой нь тодорхойгүй байна. Мөн дизелийн түлшийг хүнд машин механизмаас гадна ихэнх тансаг ангиллын жийп машинууд хэрэглэдгийг мөн анхаарах шаардлагатай. Энэ тохиолдолд одоогийн зохицуулалт нь тансаг зэрэглэлийн, шатахуун их зарцуулдаг автомашины хэрэглээг ердийн бөгөөд шатахуунд хэмнэлттэй автомашин хэрэглэгчдээс авах татвараар санхүүжүүлж байна гэсэн үг болно. Олборлох салбарт тулгуурласан эдийн засгуудад орлогын тэгш бус байдал даамжирдгийг нотолсон судалгааны олон ажлууд бий (Leamer, Maul, Rodriguez, Schott, 1999, Goderis & Malone, 2011 г.м.). Үүн дээр нэмээд том оврын, тансаг хэрэглээний, түлш их хэрэглэдэг жийпнүүдийн дизелийн үнийг татаастай байлгах нь орлогын тэгш бус хуваарилалтыг даамжруулах, удаан үргэлжилбэл нийгмийн тогтворгүй байдалд хүргэж болзошгүй юм. Түүнчлэн хотын агаарын бохирдол болон замын түгжрэлд ч энэхүү зохицуулалт нөлөөтэй байж болохыг анхаарууштай.
Нөгөө талаас шатахуун импортлогчид дизелийн түлшнээс олох ашгийн түвшин нь хангалттай өндөр бус тохиолдолд уг түлшийг оруулж ирэх сонирхолгүй байх нь тодорхой. 2011 оны зуны Монгол Улс даяарх дизелийн түлшний тасалдал нь үүнтэй холбоотойг ч бас бодолцох хэрэгтэй байна.

4. Дүгнэлт болон бодлогын зөвлөмж   
Монгол улсын түлш шатахууны зах зээлийн анхдагч судалгаанаас дараах хэдэн зөвлөмжийг гаргаж болохоор байна.
    Монгол улс шатахууны хувьд зөвхөн нэг улс, нэг компаниас шууд хамаарч байгаа нь Монгол Улсын эдийн засгийн тогтвортой байдалд тулгараад байгаа томоохон эрсдэл юм. Цаашилбал Монгол улсын гол нийлүүлэгч болох Роснефть компани 100% ОХУ-ын төрийн мэдлийнх учир нийлүүлэлтийн талаарх шийдвэр зөвхөн эдийн засгийн үүднээс бус бас улс төрийн сэдэлтэй байх боломжтой. Иймд түлш шатахууны хоёрдогч эх үүсвэрийг эрэлхийлэх, эдийн засаг дахь энергийн хэрэглээг төрөлжүүлэх, хэмнэлтийг урамшуулах шаардлагатай байна.
    Монгол Улсын шатахууны зах зээлийн зохицуулалтын үр дүн хангалтгүй байна гэдэг нь 2008 онд Монгол улс Ази, Австрали, Номхон Далайн бүс нутагт хамгийн өндөр үнэтэй дизельтэй улсаар тодорсноос харагдаж байна. Хэдийгээр үнийн гэнэтийн өсөлтийг захиргааны болон татаасын аргаар хязгаарлах механизм байгаа ч дэлхийн зах зээлийн үнийн бууралтыг дотоод зах зээл дээрх бүтээгдэхүүний үнийн бууралттай уях механизм алга байна.  Гэхдээ иймэрхүү зохицуулалт ердөөсөө байх ёстой юу үгүй юу гэдгийг эргэн хармаар байна. Газрын тосны бүтээгдэхүүний импортын зах зээлд оролцогчдийг нэмэгдүүлж, өрсөлдөөнийг дэмжсэнээр Засгийн Газрын хүрэхийг зорьж байгаа эдийн засгийг хямд, найдвартай түлш шатахуунаар хангах зорилтыг тодорхой хэмжээнд шийдвэрлэх мэт. 
    Эдийн засгийн тодорхой салбаруудыг дэмжих зорилгоор дизелийн үнийн таазыг доогуур тогтоож байгаа нь эдийн засгийн бусад салбарууд дарамтыг нь үүрэх муу талтай байна. Нөгөө талаар татаастай үнээр шатахуунаа авч оршин тогтнох нь урт хугацааны өрсөлдөх чадварт нь ч муугаар нөлөөлнө. Миний бодлоор өнөөдөр нийт шатахууны 29.5% буюу дийлэнх хэсгийг хэрэглэж буй уул уурхайн салбарын рентийн түвшин бусад засгийн салбаруудынхаас харьцангуй өндөр байгаа тул заавал татаастай шатахуун хэрэглэх ямар үндэслэл байгааг ойлгохгүй байна . Хэрэвээ үнэхээр дэмжлэг байх хэрэгтэй гэж байгаа бол энэхүү зорилтоо тухайн салбаруудаа илүү онилсон хэлбэрээр хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Учир нь ихэнх тансаг хэрэглээний, том оврын, шатахуун их хэрэглэдэг жийп автомашинууд мөн дизель хэрэглэдэг учир өнөөгийн нөхцөлд эдгээр нь мөн татаасд хамрагдаад байна.
    Импортчлогч компаниудын ирээдүйн хэлцлийн зах зээлд оролцох оролцоог хөхүүлэн дэмжих механизм бий болгохыг нухацтай судалж эхлэх хэрэгтэй байна. Энэ нь үнийн эрсдлээс хамгаалах, хэлбэлзлийг нь тогтворжуулах чухал механизмын нэг хэмээн дэлхий нийтээр хүлээн зөвшөөрөөд байна.
 


Төсөл: ТА-6428(REG): Төлөвлөлтийн Чадавхийг Бэхжүүлэх нь
Судалгааны сэдэв: Газрын тосны цочрол ба Монгол
Судалгааны нэр: Газрын тосны цочрол ба Монгол-I
Судлаач: Др. Б. Эрдэнэбат
Хаяг: Улаанбаатар-15160, Нэгдсэн Үндэстний гудамж 5/1, Засгийн Газрын II байр, Үндэсний Хөгжил Шинэтгэлийн Хороо 206
Жич: Энэхүү хэлэлцүүлгийн ажилд бичигдсэн үзэл бодол, эргэцүүлэл бол зөвхөн судлаачийнх бөгөөд Монгол Улсын Үндэсний Хөгжил, Шинэтгэлийн Хороо болон Азийн Хөгжлийн Банкны алиных нь ч биш юм. Аливаа шүүмжлэл, саналуудыг зохиогч хэлэлцүүлгийн хугацаанд дуртайяа хүлээн авч ажилд тусгах болно.


Ашигласан материал
Амарсайхан, Д. 2011. Газрын тосны салбарын өнөөгийн байдал, цаашдын зорилт. Газрын Тос-2011 Олон улсын эрдэм шинжилгээ, онол, практикийн бага хурлын илтгэлүүдийн эмхэтгэл, 7-14,
Ашигт Малтмал, Газрын Тосны Хэрэг Эрхлэх Газар. 2008 оны жилийн эцсийн үйл ажиллагааны тайлан, Улаанбаатар хот.
Bernanke, B.S., Gertler, M. and Watson, M. 1997. Systematic monetary policy and the effects of oil price shocks. Brookings Papers on Economic Activity 1, 91-157, (with comments),
Blanchard, O.J. and Gali, J. 2009. The macroeconomic effects of oil shocks: why are the 2000s so different from 1970s? In International Dimensions of Monetary Policy, Gali, J. and Gertler, M. eds. University of Chicago Press,
Blanchard, O.J. and Simon, J. 2001. The long and large decline in U.S. output volatility. Brookings Papers on Economic Activity, 135-164.
British Petrolium. 2011. Statistical review of World Energy.
Bruno, M. and Sachs, J. 1982. Input price shocks and the slowdown in economic growth: the case of U.K. manufacturing. Review of Economic Studies 49, 679-705.
Burbidge, J. and Harrison, A. 1984. Testing for the effects of oil-price rises using vector autoregressions. International Economic Review 25(2), 459-484,
Darby, M.R. 1982. The price of oil and World inflation and recession. American Economic Review 72(4), 738-751.
Gisser, M. and Goodwin, T.H. 1986, Crude oil and the macroeconomy: Tests of some popular notions. Journal of Money Credit Banking 18(1), 95-103,
Goderis, B. and Malone, S.W. 2011. Natural resource booms and inequality: Theory and evidence. Scandinavian Journal of Economics 113(2), 388-417,
GIZ 2011. International Fuel Prices 2010/2011. Data Preview. www.gtz.de/fuelprices
GTZ, 2009. International Fuel Prices 2009. 6th edition. http://www.gtz.de/fuelprices
Hamilton, J.D. 1985. Historical causes of postwar oil shocks and recessions. Energy Journal 6, 97-116,
Hamilton, J.D. 1983. Oil and the macroeconomy since World War II. Journal of Political Economy 91(2), 228-248,
Harris, E.S., Kasman, B.C., Shapiro, M.D. and West, K.D. 2009. Oil and the macroeconomy: Lessons for monetary policy. Mimeo. University of Wisconsin.
International Monetary Fund. 2006. World economic outlook. Chapter 2: Oil price and global imbalances.
Leamer, E.E., Maul, H., Rodriguez, S. and Schott, P.K. 1999. Does natural resource abundance increase Latin American income inequality? Journal of Development Economics 59, 3-42,
Mork, K.A. and Hall, R.E. 1980. Energy prices, inflation and recession, 1974-1975. Energy Journal 1(3), 31-64.
Pierce, J.L. and Enzler, J.J. 1974. The effects of external inflationary shocks. Brookings Papers on Economic Activity 1, 13-61.
Train, K. E. 1991. Optimal regulation: Economic theory of natural monopoly. MIT Press.

  • Бичсэн Цахим Өртөө Холбоо
  • Үзсэн: 7200

Бүлэг: Судалгаа

Үндсэн хуулийн цэц үндсэн хуулийн шүүх болох нь

Хууль зүйн ухааны доктор, дэд профессор Э.Батбаяр
 
            Үндсэн хуулинд хяналт тавих тухай санаа нь төрийн эрх мэдэл хуваарилах онол болон дэлхий дахины анхны үндсэн хуулиудтай шууд холбоотой. XVIII зууны үед Ш.Монтескье, Ж.Локк нарын сэтгэгчид төрийн эрх мэдлийг хуваарилах онолоо боловсруулж түүний үзэл баримтлалын дагуу 1787 онд АНУ болон Франц, Герман зэрэг орнуудын Үндсэн хуулиуд батлагдан гарсан байдаг.
            Монтескьегийн үзлийн дагуу Францын хуульч-эрдэмтэн Б.Констант Үндсэн хуулийн хяналтын онолыг бий болгон хөгжүүлсэн билээ. Тэрээр төрийн эрх мэдлийг хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэл гэж хуваасан нь ихээхэн ач холбогдолтой боловч тэдгээрт хөндлөнгийн хяналт зайлшгүй тавигдах ёстой гэж үзжээ. Энэ нь үндсэн хуулийн хяналтын тухай асуудлыг анх гаргаж ирсэн явдал байсан юм. Ингэснээр аливаа улсын үндсэн хуулийн хэрэгжилтэнд дээд хяналт тавьж түүний хэрэгжих гол баталгаа болох Үндсэн хуулийн шүүх бий болох үндэс тавигджээ.
         Монгол Улсын хувьд үндсэн хуулийн хяналт анх 1992 оны шинэ Үндсэн хуульд тусгалаа олсон бөгөөд “Монгол улсын Үндсэн хуулийн цэц бол Үндсэн хуулийн биелэлтэнд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрх бүхий байгууллага, Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа мөн” гэж заасан байдаг.
         Үндсэн хуулийн цэцийн үндсэн чиг үүрэг, үйл ажиллагаа нь шүүхийн шинжтэй байдаг. Олон улсын практикт, Үндсэн хуулийн шүүх гэсэн бие даасан шүүх байхаас гадна мөн АНУ зэрэг зарим нэг улс орнуудад Үндсэн хуулийн шүүх нь Дээд шүүхийн бүтэцдээ багтдаг байна. Өөрөөр хэлбэл мэргэшсэн танхимын хэлбэртэй байдаг гэж хэлж болно. Цэцийг шүүх мөн гэж онолын хувьд ч, олон улсын жишгийн хувьд ч ойлгоод тогтсон байдаг. Гэхдээ цэцийг Үндсэн хуулийн шүүх мөн биш гэсэн маргаанууд үе үе улс төрчдийн дунд гардаг. Овоо босгоогүй бол шаазгай юу гэж суухав гэдэг шиг Үндсэн хуулинд Үндсэн хуулийн цэцийн талаарх тодорхойгүй, хоёрдмол утгатай заалтууд байдаг нь энэ маргааны овоо болдог талтай. Яг үнэндээ шүүхэд заавал байх ёстой наад захын зарим нэг шинжүүд Үндсэн хуулийнцэцэд байдаггүйг хуульчид бид хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.Тухайлбал:
            Аливаа шүүх нь өөрийн хэрэглэдэг хуулийг тайлбарладаг. Жишээ нь Дээд шүүх хууль тайлбарлах эрхтэй. Гэтэл Үндсэн хуулийг албан ёсоор тайлбарлах субъект манай улсын хувьд тодорхойгүй байна.
            Үүнтэй холбогдуулж хэлэхэд Үндсэн хууль бол төрийн суурь, эрх зүйн хамгийн дээд хүчин чадалтай /хууль зүйн хийгээд эрх зүйн/ баримт бичиг. Аль ч хуулийг хуулийн бус байгууллага тайлбарлах эрхгүй. Тэр тусмаа улс төрийн байгууллага энэ эрхийг бүр ч эдлэхгүй. Парламент бол улс төрийн сонгуулийн үр дүнд бүрэлддэг улс төрийн байгууллага. Гэтэл Монгол Улсын их хурлаас 1993, 2000 онд хоёр ч удаа Үндсэн хуулийн зүйл заалтыг хийсвэр хэлбэрээр тайлбарласан байдаг.
            Үүнийгээ аунтентик тайлбар буюу эрх зүйн актыг батлан гаргасан байгууллага өөрөө тайлбарлах гэсэн ойлголтоор батлахыг оролддог бөгөөд уг асуудалд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн, доктор, профессор Ц.Сарантуяа дараах байдлаар хариулт өгсөн байдаг. Аунтентик тайлбар нь Нэгд, Үндсэн хуульд хамаарахгүй, харин эрх зүйн бусад актанд хамаардаг. Хоёрт, хууль тогтоох явцад түүний үе шатуудад олон өөр байгууллага оролцдог учир аутентик тайлбар хэрэгжихгүй хэмээн эрх зүйн толь бичигт заасан байна.
            Дараагийн нэг маргаантай асуудал бол Үндсэн хуулийн цэцийн гишүүн нь хууль зүй, улс төрийн өндөр мэргэшилтэй байна гэдэг хоёрдмол утгатай заалттай шууд холбоотой.
            Аливаа шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч албан тушаалтан нь (ялангуяа эх газрын эрх зүйн тогтолцоонд) хуульч мэргэжилтэй байх зайлшгүй шаадлагатай байдаг. Гэтэл дээр дурдсан үндсэн хуулийн заалттай холбогдон улс төрийн өндөр мэргэшилтэй гэсэн шаардлагын хүрээнд ямарч мэргэжилтэй хүн Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдох эрхтэй болно. Тийм болохоор Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр геологич, түүхч  мэргэжилтэй хүмүүс сонгогдон ажиллаж болдог байна.
            Иймд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үйл явц өрнөж байгаа энэ үед дээрх маргаантай зүйлүүдэд нэмэлт өөрчлөлт оруулах замаар Үндсэн хуулийн цэцийг шүүх мөн биш гэдэг утга учиргүй маргааныг таслан зогсоох хэрэгтэй гэж үзэж байна.
            Монгол Улс анхны ардчилсан Үндсэн хуулиндаа үндсэн хуулийн хяналтыг баталгаажуулж шүүх эрх мэдлийн хүрээнд Үндсэн хуулийн цэцийг байгуулсан явдал нь хэзээ ч бууршгүй ач холбогдолтой явдал болсон гэдэгтэй хэн ч маргахгүй. Гэхдээ өнгөрсөн хорин жилийн өндөрлөгөөс эргэн харахад Үндсэн хуулийн цэцийн талаарх эрх зүйн зохицуулалтыг сайжруулах, боловсронгуй болгох зайлшгүй шаардлагууд гарч ирж байна.
            Тухайлбал хүний үндсэн эрхийг хамгаалах, дээд шүүхийн шийдвэрийг хянах, цэцийн гишүүдийн насны хязгаар, цэцийн гишүүнд нэр дэвшигчдэд тавих шалгуур гэх зэрэг олон зүйлүүдийг нэрлэж болно. Дээр дурдсан асуудлуудыг хэрхэн зохицуулах боломжтой талаар дараах саналуудыг дэвшүүлж байна.
            Монгол Улсын иргэд бид Үндсэн хуулиар баталгаажуулагдсан үндсэн эрхээ Үндсэн хуулийн цэцээр хамгаалуулж чаддаггүй. Бид яг үнэндээ өөрт ямарч хамааралгүй асуудлаар, ямар нэг хууль Үндсэн хууль зөрчсөн эсэх, аль эсвэл Үндсэн хуульд заасан цөөн тооны төрийн өндөр албан тушаалтан Үндсэн хууль зөрчсөн талаар Цэцэд хандах эрхтэй байдаг. Тийм болохоор Монголын иргэн бүр бус, харин иргэн Ламжав, иргэн Лхагважав нарын нийгмийн идэвх зүтгэлтэй цөөн тооны иргэд л Үндсэн хуулийн цэцэд ханддаг уламжлал тогтсон.
            Иймд Монгол Улсын иргэн хэн боловч өөрийнх үндсэн эрхийг төрийн байгууллага, албан тушаалтан зөрчсөн гэж үзвэл үндсэн эрхийн зөрчлийг сэргээлгэхээр Үндсэн хуулийн цэцэд хандаж болдог зохицуулалт шаардлагатай байна. Тухайлбал ХБНГУ-ын Үндсэн хуулийн 93 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар “Төрийн байгууллага хувь хүний үндсэн эрхийг зөрчсөн гэж үзсэн тохиолдолд үндсэн хуулийн гомдол гаргах эрхтэй” байдаг.
            Энэхүү үндсэн хуулийн гомдлыг Үндсэн хуулийн шүүх нь шийдвэрлэх явцдаа захиргааны шүүхийн болон супер дээд шүүхийн үүргийг гүйцэтгэдэг. Өөрөөр хэлбэл үндсэн хуулийн гомдол гаргаснаар иргэн хүн аль нэг хууль үндсэн хуульд нийцэж байгаа эсэх талаар дүгнэлт гаргуулахаас гадна, аль нэг дээд шүүхийн гаргасан шийдвэр Үндсэн хуультай нийцэж буй эсэх талаар шийдвэрлүүлэх боломжтой болдог байна.
            Дээрх зүйлтэй холбогдуулж хэлэхэд сүүлийн үед Улсын Дээд шүүхийн хэсэг шүүгчид хараат бус байдал гэсэн том халхавчийн дор улс төрийн намуудын дотоод үйл ажиллагаанд хутгалдаж, илтэд Үндсэн хууль зөрчсөн шийдвэр гаргаж байна. Үнэхээр Дээд шүүхийн Үндсэн хууль зөрчсөн шийдвэрийг хаана ч дахин хянаж үзэх боломж байдаггүй тул энэхүү хуулийн цоорхойг зарим нэг улс төрчид, өөрсдийн гар хөл болсон шүүгчдийн хамт улс төрийн зорилгоор ашиглаж байгааг зориуд дурьдмаар байна.
          Бас нэг асуудал нь Үндсэн хууль болон Үндсэн хуулийн цэцийн тухай хуулиар цэцийн гишүүний насны доод хязгаарыг 40 насаар тавьсан хирнээ дээд хязгаарыг тавиагүй байдаг. Яг энэ асуудлаар Улсын их хурал дээр нэлээд маргаан дагуулж байсныг зарим нэг хүмүүс санаж байгаа байх.
            Тэгвэл бусад орнуудын эрх зүйн зохицуулалтаас харахад тухайлбал: Унгар, Австри улсын Үндсэн хуулийн шүүхийн шүүгчийн насны дээд хязгаарыг 70 нас, ХБНГУ-д 68 насаар тогтоосон байдаг. Энэ жишгээр бид ч гэсэн цэцийн гишүүний насны дээд хязгаарыг төрийн албан хаагчдын хувьд хэрэглэж байгаа 65 нас гэдгээр тогтоочихвол ямар нэг маргаан гарахгүй нь ойлгомжтой.
            Ер нь ямар нэг тодорхойгүй, хоёрдмол утгатай, ойлгомжгүй эрх зүйн зохицуулалтаас аливаа маргаан үүсдэг гэдгийг хууль санаачлагчид болон хууль тогтоогчид алхам тутамдаа санаж явахад илүүдэхгүй.
            Өөр нэг асуудал бол Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр ямар шалгуур хангасан хүмүүсийг томилох вэ гэдгийг манай улсын холбогдох хуулиудаар нарийвчилж зохицуулаагүй байдаг.
            Харин Унгар, Австри, ХБНГУ зэрэг орнуудын Үндсэн хуулийн шүүхийн шүүгчээр хууль зүйн ухааны эрдмийн зэрэг цолтой, их сургуулийн багш, профессоруудыг болон өмнө нь шүүгчээр ажиллаж байсан хүмүүсээс сонгож томилдог байна.
            Дээрх улс орнуудын эрх зүйн зохицуулалтаас харахад Үндсэн хуулийн шүүхийн шүүгчдийн хамгийн гол шалгуур бол өмнө нь ямар нэг улс төрийн албан тушаал эрхлээгүй байхыг шаарддаг байна. Энэ нь Үндсэн хуулийн шүүхийн хараат бус байдлыг хангах явдалтай шууд холбоотой. Тухайлбал Унгар улсын Үндсэн хуулийн шүүхийн шүүгчээр сонгогдохын өмнөх дөрвөн жилд парламентын болон засгийн газрын гишүүн буюу аль нэг улс төрийн нам, төрийн захиргааны байгууллагад удирдах дээд албан тушаал хашиж байсан хүнийг томилдоггүй байна.
            Манай улсын хувьд яг ийм зохицуулалт зайлшгүй шаардлагатай бөгөөд энэхүү улс төрөөс ангид байх шалгуурыг тавьснаар Үндсэн хуулийн цэцийн хараат бус байдал улам баталгаажиж, ямар нэг улс төрийн нам хүчнүүд цэцээр өөрт ашигтай, улс төржсөн шийдвэр гаргуулах явдал хаагдах боломжтой гэж үзэж байна.
         Эцэст нь хэлэхэд Үндсэн хуулийн цэц, түүний эрх зүйн зохицуулалттай холбоотой зайлшгүй шийдвэрлэх учиртай маш олон асуудал энэ өгүүлэлд орхигдсон. Тухайлбал, цэцийн гишүүний орон тооны болон орон тооны бус статус, томилгооны хугацаа зэрэгтэй холбоотой гэх мэт асуудлууд юм. Гэхдээ юун түрүүнд энэ өгүүлэлд хөндөгдсөн маргаантай, тодорхойгүй асуудлуудыг Үндсэн хууль болон холбогдох бусад хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах замаар шийдвэрлэх нь Үндсэн хуулийн хяналтыг жинхэнэ сонгодог утгаар нь хэрэгжүүлдэг Үндсэн хуулийн шүүхийн тогтолцооны хөгжилд чухал ач холбогдолтой явдал болно.
2011.11.25
            Ашигласан эх сурвалж:
-       ХБНГУ-ын Үндсэн хууль, 1949 он.
-       Монгол улсын Үндсэн хууль,1992 он.
-       УИХ-ын 1993 оны 27 тоот, 2000 оны 10 тоот тогтоол
-       3.Батбаяр, МУ-ын ҮХЦ ба Европын Үндсэн хуулийн шүүхийн онолын харилцан шүтэлцээ, зарим улсын Үндсэн хуулийн шүүхийн харьцуулалт. Гадаадад их дээд сургууль төгсөгчдийн эрдмийн бүтээлийн эмхэтгэл. УБ хот, 2003 он. 116 дах тал.
-       Ц.Сарантуяа.Үндсэн хуулийн процессын эрх зүй: суурь ойлголт, тулгамдсан асуудал. УБ хот.2005 он. 51 дэх тал.
-       Н.Лүндэндорж “Үндсэн хуулийн шүүхийн дээр УИХ мордов” Өдрийн сонин. 2007 он.
  • Бичсэн Цахим Өртөө Холбоо
  • Үзсэн: 9165

Бүлэг: Судалгаа

Төрийн чадавхи ба Технологийн дэд бүтэц

Төрийн шинэ үүрэг

 

Өнөө цагт улс орны хөгжлийг тухайн улсын эдийн засаг хэр хурдтай өсч байна вэ гэдгээр нь биш, харин тухайн улс хэр өрсөлдөх чадвартай байна вэ гэдгээр нь хэмжих болжээ. Марксын формацийн онол, Францис Фукуямагийн "түүхийн төгсгөл" зэрэг урсгалын үздэгээр коммунизм эсвэл нео-либерализм нь хүн төрөлхтний хөгжлийн хамгийн дээд эрэмбэ байх учиртай байж. Энэ дээд эрэмбэд хэр дөхсөн эсэхээр нь улс орны хөгжлийг тодорхойлох оролдлогууд гарч байв.
1990-ээд онд коммунизм байгуулах гэсэн орнуудын нийгэм-эдийн засгийн тогтолцоо нуран унаснаар чөлөөт капитализмийн үзэл санаа хүчээ авсан. Гэвч 2008-2010 оны дэлхийн их хямрал чөлөөт зах зээлийн онолд ч мөн адил сул тал байгааг харууллаа. Зах зээл өөрөө гажигтай, үүнийг засахын тулд төр хүчтэй оролцох ёстой гэсэн Кейнсийн маягийн үзэл сэргэх хандлага ажиглагдаж байна.
Гэвч өнөөдөр дэлхийн ихэнх орнууд "зүүн", "баруун", эсвэл элдэв "...изм"-ээс ангижирсан, өөр хоорондоо ялгарах зүйлээр хомс улс төрийн намуудаар удирдуулах болжээ. Эдийн засгийн хувьд дахин цэцэглэж буй Герман орон ч гэсэн баруун, зүүн гэж шууд тодорхойлоход хэцүү бодлого явуулах болж. Ер нь дэлхийн ихэнх ардчилсан орнууд сонгуулиас сонгууль руу чиглэсэн амлалтын бодлогод хөтлөгдөж буй нь ажиглагдаж байна. Америк, Герман зэрэг улсуудын төр засаг хадгаламж, хуримтлалын бодлогыг умартан, зээл авч (хойч үеийнхэндээ өвлүүлж буй өрийн дарамт) гал унтраах замаар сонгуулийн хэдэн жилийг авах болжээ. Грек, Португали боломжоосоо давсан тансаглалыг ард түмэндээ амлаж, түүнийгээ биелүүлэхээр зүтгэсний төлсөөсөнд бүдэчсээр, сөхрөн унах шахлаа. Евро, Европын Холбооны нэр хүндийг бодсондоо л арай дөнгүүр хэд нь наашаа харж инээж, цаашаа харж уйлан байж авралын гараа сунгав. Гэхдээ хөнжлийнхээ хэрээр хөлөө жийх болсныг нь ч нилээн чангахан санууллаа.

Ийнхүү ардчилсан улс орнууд дахь төрийн гүйцэтгэх үүрэг цагаа даган хувьсаж байна. Төрийн дээд байгууллагаа сонгох арга зам нь л ардчилсан гэсэн тодорхойлолтод дүйж, харин төрөөс эдийн засгаа удирдах үе шатанд ардчилсан гэхээсээ илүү прагматик шинжтэй болж байна.

Өнөөдөр улс бүр ажлын байр хэрхэн бий болгох, хадгалах вэ? гэдгээр өрсөлдөж байна. Үүний тулд олон улсын зах зээлд аль болох илүү бүтээгдэхүүн үйлчилгээ нийлүүлж байж, орлого олно. Олон улсын зах зээлд байр сууриа эзлэхийн тулд аливаа улс санхүү, судалгаа, хүний нөөц, ур чадварын хүчирхэг сан бүхий хувийн хэвшилтэй байх ёстой. Хувийн хэвшлийг бөх гэвэл, Төр өөрөө засуул байх юм. Олон улсын зах зээлд өрсөлдөх чадвартай компаниудыг үүсгэн тордох, тэдний хөгжин өсөх орчныг бүрдүүлэх нь төрийн үндсэн үүргийн нэг болоод байна.

 

Яагаад Технологийн дэд бүтэц гэж?

 

Ажлын байрыг үүсгэн бий болгогч нь хувийн хэвшил. Харин хувийн хэвшилд ажлын байр олноор бий болгоход юу дутагдаж байна вэ? Энэ асуултыг төртэй холбон илэрхийлбэл, Монголын хувийн хэвшлийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэхийн тулд Төр юу хийх ёстой вэ?, юуг анхаарвал зохих вэ?
200 орчим бизнесийн байгууллагын удирдлагаас авсан санал асуулгын дүнгээс харахад Монголын төр их олон талбарт ажлаа сайжруулах хэрэгтэй нь харагдсан. Хамгийн чухал нь эрхзүйн тогтвортой орчин, нам инфляци, чадварлаг хүний нөөц, дэд бүтэц байна. Эхний ээлжинд зөвхөн Дэд бүтэц ялангуяа зөөлөн дэд бүтцийг авч үзье. Дэд бүтэц гэдэгт уламжлалт зам, гүүрээс гадна технологийн, шинжлэх ухааны, эрүүл мэнд, хүрээлэн буй орчин, боловсрол зэрэг орно. Ялангуяа Монгол шиг өргөн уудам нутагтай, харьцангуй сийрэг суурьшсан хүн амтай, алслагдмал орон нутаг ихтэй оронд бизнесийн хөгжлийг тэтгэх хамгийн чухал тогтолцоо нь технологийн дэд бүтэц юм. Бидэнтэй адил социализмаас чөлөөт зах зээл рүү шилжилт хийсэн, эсвэл баялаг ихтэй хөгжиж буй орнуудтай харьцуулахад бид энэ салбарт ямар амжилтанд хүрэв? Олон улсын мэдээллийн сан болох www.itu.int болон Монгол Улсын өрсөлдөх чадварын тайланд байгаа тоон үзүүлэлтийг харвал дараах зураглал тодорч буй юм.

 

Бид хаана явна вэ?
2008 оны байдлаар, харилцаа холбооны салбарт оруулсан хөрөнгө оруулалтыг ДНБ-д харьцуулсан үзүүлэлтээр Монгол Улс 1.27%-тайгаар Украйны дараа хоёрт оржээ. Үүгээрээ Өмнөд Солонгос, Сингапур гэх зэрэг орныг хол орхисон байна. Гэвч суурь хөрөнгө оруулалтын хэрэгцээ нэн их Монголыг аль хэдийн харилцаа холбооны хүчирхэг дэд бүтэц байгуулсан орнуудтай жишихэд анхаарах зүйлс бий. Ямартаа ч Монгол Улс энэ салбарт хийсэн хөрөнгө оруулалтаар дэлхийд өнгөлөхүйц сайн яваа нь үнэн юм.
2008 оны байдлаар манай улсын 1,000 оршин суугч тутамд 66 суурин утас оногдсон үзүүлэлтээр харьцуулж буй 15 орон дотроо сүүл мушгиж. Гэтэл Словенид 500, Өмнөд Солонгост 443 буюу, 2 иргэний нэг нь суурин утастай байгаа юм. Монгол орны хувьд хот, хөдөөгийн эрс тэс ялгааг тооцон, цэвэршүүлж үзвэл энэ харьцаа сайжирч харагдаж болно. Мөн сүүлийн хоёр гурван жилд энэ салбарт шинэ бүтээгдэхүүн, багц (интернэт, зурагттай холбосон) өргөн нэвтэрснийг харгалзвал ойрын хэдэн жилд бид уг үзүүлэлтээр эрэмбээ дээшлүүлэх боломжтой.Харин суурин утасны төлбөр Монголд хамгийн хямд байна. Жишээ нь, Чиличүүд биднээс 40 дахин илүү өндөрүнэ, тарифаар ярьдаг бол, Казахстан, ОХУ-д суурин утасны төлбөрманайхаас ялимгүй үнэтэй ажээ.Магадгүй хэт хямд үнэ нь хэрэглэгчдэд ашигтай мэт боловч, нийлүүлэгчдэд дорвитой хөрөнгө оруулалт хийх боломж олгодоггүй байж болох талтай. Энэ нь мэдээж нийт салбарын хөгжилд л сөргөөр нөлөөлөх биз ээ.
2008 оны байдлаар Монгол Улсын 1,000 оршин суугч тутамд 14 орчим (broadband subscribers) интернэтийн гэрээт хэрэглэгчид оногдож байсан нь харьцуулж буй улсууд дотроо бас л сүүл мушгисан үзүүлэлт юм. Гэтэл энэ үзүүлэлт Тайландад 14, Перуд 26, Украинд 35, Казахстанд 42 байв. Харин Өмнөд Солонгос 319 гэсэн үзүүлэлтээр өнгөлж
Словени (210) удаалсан байна. Гэхдээ Монголчууд бид интернэтийн гэрээт хэрэглэгчдийнхээ тоог өнгөрсөн 2 жилд зэгсэн өсгөж чадсан гэдэгт итгэлтэй байна.
2008 оны байдлаар манай нэг хэрэглэгчид ногдох интернэтийн хурд 0.99 Кб/сек байж. Энэ нь хамгийн муу үзүүлэлт бөгөөд манай дээр жагссан Мексикт 1.29 кб/сек байна. Тус үзүүлэлтээр Болгар (108.45 кб/сек) тэргүүлж, Сингапур (66.58 кб/сек) удаалжээ. Мөн л сүүлийн жилүүдэд энэ салбартөргөтгөлийн ажил чамгүй их хийгдсэн тул МонголУлсын үзүүлэлт ирэх жилүүдэд эрс сайжрах боломжтой. Үүнийг тэрлэгч миний бие өөрийн интернэтийн хурдыг (2011-05-19ний 16 цаг орчим) шалгаж үзэхэд (татах) 27 Мб/сек, (ачаалах) 0.75 Мб/сек гэсэн үзүүлэлттэй буюу боломжийн гарч байна.
Монгол Улс дахь 200 гаруй бизнес эрхлэгчдээс 2010 оны сүүлээр авсан санал асуулгад, интернэт технологийн чадварлаг мэргэжилтний олдоц хэр байгаа талаар асуусан юм. Хамгийн сайн нь 10 гэж үзвэл Монголчууд маань үүнд 5.06 гэсэн оноо өгчээ. Энэ нь харьцуулж буй орнууд дотроо хамгийн муу үнэлгээ юм. Өөрөөр хэлбэл, компаниуд маань чадварлаг боловсон хүчнээр “хагас өлсгөлөн” байна гэсэн үг.Хамгийн “цатгалан” нь Сингапур (8.41), Малайз (8.15) гэсэн улсуудын бизнес эрхлэгчид байна. Ямартаа ч өрсөлдөх чадвар сайтай орнууд өөрсдийн компаниуддаа боловсон хүчний олдоц элбэг байх орчныг бүрдүүлж өгч чаддаг нь харагдаж байна.
Мэргэшсэн инженерийн олдоц хэр байна вэ гэж асуухад Монголчууд мөн л 4 гэсэн оноогоор сүүл мушгиж, Украйны (5 оноо) дараа оржээ.Энэ чиглэлээр хамгийн “цатгалан” орон нь Чили (8), Сингапур (7.6) байна.Дашрамд дурдахад Чили нь уул уурхайн экспортоос олсон мөнгөө тусгай санд хуримтлуулж, хуримтлалын хөрөнгийг залуусаа гадагшаа сургуульд илгээхэд зарцуулах замаар инженерүүдээ бэлддэг арга барилтай улс гэдгийг сануулах нь зүйтэй.
Хүний нөөц, технологийн хувьд компаниуд нь хоорондоо хамтарч ажиллах талаар Монголчууд мөн л сүүл мушгиж байна.Синержи гэдгийг хамгийн сайн ойлгосон орноор Малайз, Сингапур гэх зэрэг орнууд тодорчээ.Монгол компаниуд хоорондоо үзээд байхаас биш, боломжтой газраа (суурь техник, судалгаа шинжилгээ, бодлого, лобби) хамтарч, зардлаа хуваах соёлд сурах болоогүй байгааг энэ үзүүлэлт харуулж байна.
Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаар Монголчууд анхны ойлголттой болж эхэлж байна. Энэ салбар хөгжиж буй нь төр, хувийн хэвшил хоорондоо хэл амаа олоод байгаатай холбоотой.Энэ үзүүлэлтээр бид Мексик, Оросыг ардаа орхиж, харин Перугийн ард жагсчээ.Өрсөлдөх чадварын жишгийг тогтоогчдын нэг Сингапур энэ үзүүлэлтээр өнгөлж байна.
Шинэ технологи хөгжүүлэх, ашиглах эрхзүйн орчинг үнэлсэн үнэлгээгээр Монголчууд 4 оноогоор сүүлээсээ 2-т орсон байна.Судалгааны дүнгээс үзэхэд, энэ нь хуучин соц орнуудын түгээмэл бэрхшээл болох нь ажиглагдаж байна. Чөлөөт зах зээлийн орчныг зохицуулах учиртай эрхзүй, зохицуулалтын огт өөр системд эдгээр орнууд бэлтгэлгүй байж гэж дүгнэж болохоор байна. Сингапур, Малайз, Катарын бизнесменүүд энэ талын эрхзүйн орчноо их сайнаар үнэлсэн байна.Өөрөөр хэлбэл эдгээр улсын төр засаг хувийн хэвшлээ технологийн дэвшилд "уруу татсан" бодлоготой бололтой.
Технологи хөгжүүлэх санхүүжилтийн боломжийн талаар Монголчууд өөрсдөдөө ердөө 2.81 оноо өгсөн нь хамгийн сүүлийн байр эзлэх шалтгаан болжээ.Харин Сингапур, Малайз, Катар, Казахстан зэрэг орнууд дээгүүр эрэмбэлэгдсэн байна. Дашрамд дурдахад, Казахстан улс газрын тосноос олсон орлогоосоо шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх сангууд байгуулж, салбар бүрт инновацийг хөгжүүлэх хөтөлбөрөө зэгсэн амжилттай хэрэгжүүлж буй билээ.Сингапур маягийн "төр-хувийн хэвшлийн өвөрмөц холбоо" ч энд өөрийн өнгө төрхөө олох магадлал их. Түүнчлэн БНХАУ-ын загвар болох төрийн оролцоотойгоор дэлхийд өрсөлдөх чадвартай үйлдвэрүүдийг босгох арга зам ч Казахстаны удирдагчдын сонирхлыг ихээхэн татаж байж болох юм.
Ингээд үргэлжлүүлбэл технологийн хөгжлийн талаар Монгол Улс хоцорч буйг бэлээхэн харуулах баримтууд олон бий.Гэвч аажим аажмаар урагшилсаар байгаа үзүүлэлт ч олон байна.Өнөөдрийн уул уурхайгаас хэт хараат болж буй Монголын эдийн засгийг төрөлжүүлэхэд суурь дэд бүтцээс гадна энэхүү зөөлөн буюу технологийн дэд бүтцийн хөгжил амин чухал ач холбогдолтой юм.“Гар утасны” гэгдэх компаниуд олон мянган ажлын байр бий болгож байна. Программын компаниуд эдийн засгийн бүхий л салбарт нэвтэрч бүтээмжийг эрс өсгөсөн шинэ бүтээгдээхүүн, үйлчилгээний эрэл хайгуулаа үргэлжлүүлсээр л байна.
Зах зээлийн жамаар энэ салбар урагшлах тусам бусад салбартаа (ялангуяа ажлын байр олноор бий болгох ХАА, аялал жуулчлал) бодит үр өгөөжөө өгөх нь дамжиггүй. Газрын баялгийг ухаад авчихнахарин цахим, мэдлэгийн болон технологийн баялаг нь харин өөрөө үржин арвижих чанартай ажээ. Төр уул уурхайгаас олж буй баялгаа зөв удирдах нэг гарц нь зөөлөн дэд бүтцийн өрсөлдөх чадварыг сайжруулахад оршино гэж үзэж байна.
Normal 0 false false false EN-US X-NONE X-NONE MicrosoftInternetExplorer4 /* Style Definitions */ table.MsoNormalTable {mso-style-name:"Table Normal"; mso-tstyle-rowband-size:0; mso-tstyle-colband-size:0; mso-style-noshow:yes; mso-style-priority:99; mso-style-qformat:yes; mso-style-parent:""; mso-padding-alt:0cm 5.4pt 0cm 5.4pt; mso-para-margin-top:0cm; mso-para-margin-right:0cm; mso-para-margin-bottom:10.0pt; mso-para-margin-left:0cm; line-height:115%; mso-pagination:widow-orphan; font-size:11.0pt; font-family:"Calibri","sans-serif"; mso-ascii-font-family:Calibri; mso-ascii-theme-font:minor-latin; mso-fareast-font-family:"Times New Roman"; mso-fareast-theme-font:minor-fareast; mso-hansi-font-family:Calibri; mso-hansi-theme-font:minor-latin;}

www.ecrc.mn

  • Бичсэн Цахим Өртөө Холбоо
  • Үзсэн: 5771

Бүлэг: Судалгаа

Хүрээг хятадуудаас чөлөөлсөн монгол улсын баатар Барон Унгерн

Түүхийн шинжлэх ухааны доктор О.Батсайхан, ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэн

Товч танилцуулга
1911 оны 12 дугаар сарын 29-ны өдөр Монголчууд Манж гүрнээс салж, бие даан тусгаар тогтнож, төр улсаа сэргээн тунхаглаж буйгаа дэлхий дахинд албан ёсоор зарлаж, VIII Богд Жавзандамба хутагтыг Монгол Улсын эзэн хаанаар өргөмжилсөн билээ.

Дөнгөж тусгаар тогтнол, төр улсаа сэргээн байгуулсан Монголын хувьд бие даасан бүрэн эрхт байдлаа хадгалж, хамгаалж үлдэхийн тулд ёстой л бүхий л арга чаргаа хэргэлсэн юм. Ингээд 1915 оны Хиагтын гэрээгээр өвөр Монголоо алдаж, Монголын гал голомт зөвхөн Ар Монголын нутаг дэвсгэрээр хязгаарлагдах болсон билээ. Монгол Улсын эзэн хаан Богд Жавзандамба хутагт Олноо өргөгдсөний дөрөвдүгээр он 12 сарын 12 буюу 1914 оны 12 дугаар сард буулгасан зарлигтаа: “тулгур төрийг бүтээн байгуулах нь нэн ч хялбар бус” хэмээгээд “одоо хэрэв монгол язгууртаны нэгэн хэсэг нь үүсгэл болон чадваас нэгэн үндэс нэгэн шашинт олон монгол овогтон хэзээ ч болов хамтдаж үл болох ёсон үгүйн дээр миний бие олон монгол овогтон юугаа эгнэгт алагчлан үзэх явдал үгүй тул энэ удаагийн сайн цагийг хэдий алдагдахад хүргүүлсэн боловч олон монгол овогтон хэрэв жаргалан зовлонг хамтатгах чин зориг буй болхул мөн эрх үгүй цаг тохиолыг олж болмой”  зарлиг буулгаж, эл зарлигаа дотоод гадаад олон монгол овогтон дор нийтээр зарлан ухуулж туйлын таалалд нийлүүлэгтүн хэмээжээ.

Тухайн үеийн дэлхий дахин болон Ази тивийн нөхцөл байдал, Хятад, Оросын байр суурийг сайтар мэдэрч байсаны улмаас Богд хаантан Япон, АНУ, Англи, Герман зэрэг орнуудын анхааралыг татаж, харилцаа тогтоохыг илүүтэй үзэж байв. Иймээс эл үед Монголын зах зээлд Япон, АНУ, Герман зэрэг улс орнуудын худалдааныхан ихэд нэвтэрч, Нийслэл Хүрээнд үйл ажиллагаа явуулж байлаа.

Хятадын цэргийн эрхтнүүд монголд түрэмгийлэв
Орос оронд хувьсгал дэгдэж, дотооддоо самуунтай болсоныг далимдуулан хятадууд монголын бие даасан, бүрэн эрхт байдалд халдахаар түрэмгий бодлогоо хүчтэй болгож эхлэв.

Хятадын цэргийн харгис хүчнийхэн Монголын бие даасан байдалд халдав. Үүний илрэл нь Хүрээнд сууж байсан хятад сайд Чин И “Дундад засгийн газраас Гадаад Монголыг хүндэтгэн үзэх ба жич хойчийг сайжруулан хууль зүйл” –ийг эхлээд 50 хэдэн зүйлтэй боловсруулж, улмаар нэмэлт оруулснаар Чин И-гийн 64 зүйл хэмээх Монголын бүрэн эрх байдлыг үгүй хийх баримт бэлэн болж, хятадаас монгол хэл рүү хөрүүлэгдсэн байна.  Эл саналыг Ерөнхий сайд Бадамдорж хаантаны “таалал ямар болохыг туршсугай”  хэмээн Богд хаантанд сонсгосонд тэрбээр: сонсуут ихэд уурлаж, “хэрэв автономит засгийн эрхийг устгаваас урьдахь Чин улсын үеэс илүү ямар эрх олгохыг тодорхойлон асууж хариуг айлтгагтун”  хэмээжээ. Богд хаантан Чин И нар монголын зарим хүмүүстэй үгсэн элдэв санаа өдөөж буй тухай ямар ч гэсэн мэдээлэл авчээ. Тэрбээр цагийг хожиж, эл санаа нь чухам юу гэсэн үг болох, улмаар ямар хариу авбал зохилтой талаар шадар болон холбогдох хүмүүстэй зөвлөхийг эрхэмд үзэн ийнхүү лавласан хариу өгчээ. Гэтэл Чин И “нэгэн этгээдээр маргаж зохилдохгүй” “автономит засгийн газраа устгах явдлыг танай Богд хаанаас эхлэн засгийн эрх баригчид нэгэнт зөвшөөрсөн болох учраа ийнхүү хойчийг сайжруулах дүрэм төлөвлөгөөг үйлдэж бүхий хэрэг” болох тул гуйн өргөх бичгээ шууд шийтгэн өгтүгэй хэмээн худал хэлж дарамт үзүүлэн шаардах болжээ.

Богд хаантан эл асуудлыг ямар ч гэсэн Улсын Дээд, Доод хурлаар хэлэлцүүлэх нь зүйтэй хэмээн үзэв. Богд хаанты зарлигаар Улсын Дээд, Доод хоёр хурлын гишүүд нийлж хуралдан Чин И-гийн 64 зүйлийг “нэлээд эсэргүүцэж” дараа байдлыг сайтар тунгаан үзэхгүй бол “энэ удаа ашиг хорыг шүүмжилж гүйцэх үгүй”  хэмээн таржээ.

Өөрөөр хэлбэл Улсын Дээд, Доод хурал ямар нэгэн шийдэл гаргаж, Богд хаантнаа айлтгах боломжгүй хэмээн үзсэн хэрэг.
1919 оны зун цаг Богд хаанаас “хятад элчин Чин И-г Монголын засгийн эрх баригчид лугаа нам нийлж автономит засгийг устгахаар хуйвалдав” хэмээн зэмлэн буруушаажээ.

Гэтэл нэр төрд дуртай цэргийн жанжин Сюй Шү Жан цэрэг авч Хүрээнд ирээд Монголын засгийг устгах талаар Чин И-гийн сэдэж байсан зүйлүүдийг олж мэдэн үүнийг Чин И-гээс өрсөн цэргийн хүчээр хийж нэр төр олохоо эрхэмлэв.

Жижиг Сюй жанжин “Богд хаан, ерөнхий сайд Бадамдорж та хоёрыг Бээжинд хүргэж учрыг хэлэлцмүй” хэмээн аашилж дарамтлан улмаар “мөнхүү сарын хорин дөрөвний шөнө Богд хаан заларч бүхий эрдэм итгэмжит сүмийг тойруулан зэвсэг бүхий цэрэг жагсааж, түүнээс төв Их Хүрээ Чин Вангай аймгийн зүүн гудамжны эхэнд бүхий ерөнхий сайд Чин ван лам Бадамдоржийн хашааны үүд хүртэл үргэлжилсэн олон цэргийг жагсаан” сүрийг үзүүлж айлган сүрдүүлжээ.

Маргааш нь буюу 25-ны үүрийн хяраанаар айн бачимдсан ерөнхий сайд Бадамдорж Богд хаантнаа бараалхаж: автономит засгийг устгах бичгийг шийтгэж өгөхгүйгээр нэгэн өдрийг ч түлхэх аргыг олох үгүй бөгөөд яахин хэрхэх зовлонгоос хэлтэрч чадах үгүй чухал түгшүүртэй цагт нэгэнт хүрсэн тул өөрөө гуйн өргөж тохинуулан шийтгэхийг эрэхээс өөр үгүй болов хэмээн цухалдан айлтгасанд Богд хаанаас “энэ нэгэн удаа хятадын эрх мэдэлд оровч хоёр гурван жилээс өнгөрөх үгүй дахиж эрхээ олж авах цаг хүрч ирэх тул барцас ёсоор болгогтун”  хэмээн айлтгажээ.
Чингиснээр Богдын буй сүмийг тойрон жагсаасан цэргүүдээ Сюй татсан байна. Эл өдөр Сюй Шу Жан өөрөө хятадаар зохиосон “Гадаад Монгол өөрөө гуйн өргөж автономит засгийн газрыг устгах” тухай бичгийн эхийг Монгол засгийн газарт өгч, мөн өдөр Улсын дээд, доод хоёр хурлыг зарлаж хэргийн байдал ийм болсон явдлыг тус, тус илтгэсэнд дээд, доод хурлаас эсэргүүцэлтэй тулгарсан ч үл тоов.

Ийнхүү 1919 оны 11 сард “Монголын засгийн газраас өөрөө гуйн хятадад орох явдыг өргөсөн” гэх бичиг бий болж, түүнд Ерөнхий сайд, сайд, дэд сайд нар бүгд гарын үсэг зуржээ.  Харин тэрхүү бичгийг Богд хаан тамгаа дарж, батламжлаагүй юм.

Монголчууд хятадуудын гараас гарах арга сэдэж эхлэв
Энэ явдлаас хойш ердөө гуравхан сарын дараа Монголд нөхцөл байдал хэрээс хэтэрч, хаа сайгүй хятад монголыг алж гэнэ, хятадыг монгол алж гэнэ гэсэн яриа гарч, энд тэндгүй үндэсний тэмцэл өрнөж эхлэв. Богд хаантан Япон улсаас тусламж эрэн өөрийн төлөөний түшмэл гүн Гүррагчааг нууцаар томилон илгээв. Гүррагчаа гүн Хар мөрөн хүрээд японы төлөөлөгч зам тавьж явуулсангүй буцаж ирсэн гэдэг.

Богд хаан улс орныхоо нөхцөл байдлыг мэдэрч, “хятадын эрхэнд орж гурван жилийн нүүр үзэх болбу хэмээн санасан нь одоо гурван сар хүрэхгүй дахин эрхээ олох шинж мэдэгдэж буй тул хэрхэн олох аргыг одооноос сүвэгчлэн хэлэлцтүгэй” хэмээн Хүрээнд бүхий ван, гүн, лам нарт зарлиг буулгажээ.

1920 оны зун Богд хаантнаа даншиг өргөх нэрийдлээр халхын олон хан, ван, гүн ноёдуудыг цуглуулан Богд гэгээнтний лүндэнгээр Монгол засгийн эрхээ дахин олж авах аргыг 1911 оны мөн адил нууцхан хэлэлцэж, Монгол зөвлөлийг байгуулан тэргүүлэгчээр нь Манлай ван Дамдинсүрэнг томилов. Богд гэгээнтэн болон ноёдууд ойрын аймаг хошуудад сэмхэн мэдээ өгөх, Богд хааны дэргэд хадгалсан буу зэвсэг үлэмжхэн бүхийг чухал хэрэглэх цаг тохиолдвоос авч болох зэргийг тохиролцжээ. Гэтэл энэ удаагийн ноёдын зөвөлгөөний үеэр үг хэлсэн хүмүүсийн нэр Хятад жанжны чихэнд хүрчээ.

1920 оны зун 7 сарын хорины үед Богд хаанаас Шашин төрийн тухай эрдэм итгэмжит сүмийн газар сор залах их гүрмийг олон лам нараар долоо хоног бүтээн уншуулж, соруудыг мөн сарын хорин есний шөнө баруун өмнө зүг залуулахад хуучин зэвсгийн сумгүй үхэр бууг цаасан сумаар цэнэглэн буудаж, их буугийн дуу гаргажээ.

Үүнийг хятад цэргүүд “Монголд хувьсгал дэгдэж, цэрэг хөдлөв” хэмээн айн сандарч, Монгол зөвлөлийн тэргүүлэгч Манлай ван Дамдинсүрэнг төр шөнө нь, Хатанбаатар ван Магсаржавыг маргааш өглөө нь баривчилсан байна.

Богд хаан Хятадын эрх баригчдаас “баригдсан хоёр ванг суллан тавьж өгмүү” хэмээн Эрдэнэ жонон ван Ширнэндамдинг явуулж гуйлгаад тусыг эс олсноор барахгүй нууц зөвөлдсөн бусад хүмүүсийг ч барихаар зэхэж буйг мэдэв. Нэг өдрийн дараа ван Жигмиддорж баригдаж, арван гурав хоногийн дараа гүн Жамьян, Гомбоидшин, бэйс Лувсанжанцан зэрэг хүмүүсийг хятадын эрх баригчид баривчилсан байна. Хоёр сарын дараа буюу 1920 оны 10 сарын 13-ны өдөр бэйс Магсаржав, Дара эх лам Чойжинцанцан нарыг бас баривчилжээ.  Хятад цэргүүд монгол хүний гарах орохыг цагдан байцаах болов.

Барон Унгерн Монголын хилээр орж ирэв
Оросын дайнтай байдал хийгээд Семеновтойгоо эс тохирсон зэргийг нь үл өгүүлэн Барон Унгерны тухайд өгүүлэх нь,
Энэ үед буюу 1920 оны намар Монголын зүүн хилээр Барон Унгерн орос, буриад, япон, монгол цэргүүдээ дагуулан орж иржээ. Тэрээр хил алхан учирсан болгондоо “Монголын Богд хааны төрийг хамгаалан Хүрээг эзэлсэн хятад цэргийг байлдан хөөж арилгахаар яваа” хэмээн хэлж байлаа. 1920 оны намрын дунд сард Сэцэн хан аймгийн Дайчин жонон вангийн хошууны нутаг их хөвч модтой уулсаар дамжиж Бэрээвин хийдийг зэргэцэн ирэхийн хэрд Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошууны тэргүүн зэрэг тайж Лувсанцэвээн нар Барон Унгерныг угтаж авчээ.

Хүрээнд орохын өмнө Богд хаантнаас зөвшөөрөл эрсэн “Оросын хаан угсааны ураг барон Унгерн би Орос, Монголын язгуурын найртай сайны ёсоор Богд хаанд тус хийж, Монголыг харгис Хятадын дарлагдлаас ангижруулан хамгаалж тохинуулахын тухай цэрэг авч Хүрээнд орох зорилго бүхий тул олдвоос Богд хаантнаа зөвшөөрөл олгож хариу ирүүлэх ажааму”  хэмээсэн Богд хаанд өргөх орос, монголын үсгийн захиа барон Унгерны нэрээр бичиж, тусгай хүнд авахуулан Зүүн Хүрээний цорж Дэндэвдорж ламыг биеэр явж уламжлан айлтгаж хариу авч иртүгэй хэмээн тушаасан байна.

Монгол дахь хятадуудын монголчуудыг дарлан зовоох хэрээс хэтэрч, хаа сайгүй хараа хяналт, дарамтанд байсан эл цаг мөчид Богд хаантнаас Унгерны саналыг ихэд сайшаан зөвшөөрч “хурдан түргэнээ орохоор ирэгтүн”  хэмээн лүндэн буулгав. Богд гэгээнтэнээс зөвшөөрөл авсан Барон Унгерн зам зуур цэрэг элсүүлэн хүч нэмсээр Туул голын өмнө этгээд Уу булан хэмээх газар ирж буудаллажээ.

Богдыг хятадууд барьж хорив
Удалгүй Барон Унгерны цэрэг Хүрээнд буй хятад цэргүүд рүү гал нээж, тулаан эхэлсэн тул хятадууд эл хэргийг “Богд гэгээнтэн чин ванг залж, Барон Унгерныг урьж авчрав” хэмээн буруутган, Богдыг мөн сарын арван гуравны өдөр баривчлан хорьжээ. Удалгүй шадар сайд Дүйнхорын Да лам Пунцагдорж, Сэцэн ван Гүрсоронзонгомбосүрэн, Эрдэнэ ван Намсрай, бэйс Иш-Очир нарыг дараа дараагаар барьж урьдын баригдсан ван, гүнгүүдийн хамтаар хорьжээ.

Хүрээнийн зүүн тал Улиастай, Цагаан даваа, Дамбадаржаа хийдийн зүүн өмнөх Өндөр улаан хэмээх уулын зүгээс Унгерны цэргүүд Хүрээн дэх хятад цэргүүд рүү гал нээж, харилцан хоёр өдрийн турш байлдаад дийлээгүй тул Унгерн цэргүүдээ авч Туул голын хойд хөвөө Горхины нурууг давж, Тэрэлж голд хүрч буудаллан амарч, хүчээ сэлбэн тактик боловсруулан байжээ.

Хүрээнд байсан хятад цэргүүд эл бүхэн “Хүрээний талаас гарсан” хэмээн үзэж, Хүрээ рүү ирж байсан мөргөлчид, аялагчид хэн бүхнийг нэгжиж, авч яваа эд зүйлсийг дээрэмдэх, тонох зэргээр авирлахаас гадна албаны монгол ноёд, лам нарыг дайчлан хэдэн зуун гэр орон бэлдүүлэх зэргээр ихэд чирэгдүүлж байжээ.

Хүрээнээс хэнийг ч болов гадагш гаргахгүй чандлан хорьж,  Хүрээний зах зээлээр явсан лам нарын өврийг нэгжиж, эд мөнгө, бараа таваарыг нь булаан авч дээрэмдэх төдийгүй гадуур эвгүй харагдсан лам нарыг шууд буудан алсан нь нэг бус төдийгүй бурхан шашны хурал ном хийж, бүрээ бишгүүр хангинуулан дуу чимээ гаргахыг хатуу хориглож байсан  тухай эх сурвалжид тэмдэглэсэн буй.

Адгийн зах нь хятадын цэргийн хүмүүс хот хөдөө хаа явсан газар бүрдээ монгол идэр залуу эмэгтэйчүүдийг үзмэгц өдөр шөнийг бодох үгүй хүчирхэн бузарлах зэргээр ард олныг дарлан зовоосон элдэв гашууныг тооловч барахгүй болжээ. Бүр монголчуудын шүтээн болсон Богдын биеийг хятадууд барьж хорьсон нь монголчуудын дүргүйцлийг хамгийн ихээр төрүүлж байсан хэмээн Магсар хурц тэмдэглэсэн буй.

Унгерн Тэрэлжид бууж, түүний хүчийг нэмэгдүүлэхэд монголчууд багагүй тус дэмжлэг үзүүлж байсаны дотор Сэцэн хан аймгийн Хүүхэн хутагт Жамьяндамбийжанцангийн нэрээр түүний шавь Сэцэн хан Навааннэрэн, мөн аймгийн жинхэнэ жанжин бишрэлт ван Доржцэрэн, хамаарсан жанжин Эрдэнэ далай ван Наваанцэрэнгийн зэрэг ноёдууд харьяат аймаг хошууны цэргийг элсүүлэхэд уриалга гаргаж, морьт цэргийн дээд тэргүүн Лувсанцэвээн, Дугаржав мэйрэн нар заримд биеэр, заримд тушаал гаргаж элч довтолгон аль нэгэн идэр залуу эрсийг цэрэгт татан авах ажлыг зохион байгуулж байжээ.

Ингэснээр Унгерны цэргийн тоо үлэмж нэмэгдэж, улмаар цэргийн хороо ангийг тэгшлэн зохиож, Барон Унгерныг их жанжин хэмээх ба тэргүүн Лувсанцэвээнийг Монгол жанжин, буриад Жигмиджав Жамбалоныг дэд жанжин хэмээн өргөмжилж, мөн жанжны дэргэдийн яамыг нээн байгуулж, тус яамны бичгийн ба цэргийн тусгай хэргийг туслалцан шийтгүүлэхэд Сэцэн хан аймгийн баатар бэйл Жамьян, зоригт бэйс Мишигдорж, мөн хошууны гүнгийн зэрэг туслагч тайж Цэрэндорж, сэргэлэн гүн Дугарсүрэн, мэргэн гүн Цэрэнвандуйбавуудоржийн зэрэг ноёд түшмэдийг нэр заан томилон авч албан хаалгаж байсан байна.
Богд гэгээнтэнийг хятадууд шоронд 50 хоног бариад, аргагүй эрхэнд түр шоронгоос гаргасан боловч Богдын суух Эрдэм итгэмжит сүмийг өдөр шөнөгүй цагдан харуулж, түүний дэргэд монгол хэлтэй хятад хэлмэрчийг суулган, монгол хүнтэй уулзуулахгүй гэрийн хорионд 300 цэргээр мануулан байлгах болов.

Энэ үеийн баримт, эх сурвалжуудад бичснийг үзвэл Унгерн монголчуудыг ам султай хэмээн үзэж, тэдэнд цэргийн тактик, шийдвэрийг хэлж болохгүй хэмээн хатуу тушаажээ. Харин монголчуудын хов зөөдөг, ам султай байдлыг ашиглан Унгерн цэргийн хүчээ хэд дахин сэлбэж, 13 мянган орос цэрэгтэй болсон, Унгерны араас нэмэлт хүч ирсэн, дааж давагдашгүй их хүчтэй гэнэ, Дайны сум дийлдэггүй дайны бурхан гэнэ, нөгөөх Унгерн чинь гэх зэргээр хий цуурхал дэгдээж, тэр нь Хүрээнд амнаас ам дамжин түймэр шиг тархаж байсан гэдэг.  Чухам үнэндээ бол Унгерны цэргийн тоо 2000 орчим байсан гэдэг.

Унгерн Хүрээг цагаан сарын өмнө чөлөөлсөн нь
Хүрээг чухам яагаад 1921 оны 2 дугаар сарын 3-ны өдөр чөлөөлөхөөр товлосон бэ?
Монголын цагаан сар гарахад хэдхэн хоног үлдээд байлаа.
Эл асуудал бол Барон Унгерн бурханы шашинд гүн итгэж байсантай холбоотой юм. Тэрбээр хэзээ Хүрээ рүү цэргийн хүчээр дайрвал ялалт байгуулахыг хүүхэн хутагт Жамьяндамбийжанцангаас асуусан байна. Хүүхэн хутагт Барон Унгернд хэлэхдээ: “Монголын 10 дугаар оны өвлийн сүүл сарын дотор багтаж орвоос дийлнэ. Эсэргэн жил гарваас дийлэгдэнэ”  хэмээжээ. Тиймээс Унгерн Хүрээг чөлөөлөх өдрийг энэ жилийн өвлийн сүүл сард (1921 оны 1 сарын 9-нөөс 2 сарын 7-ын өдөр бол тухайн жилийн өвлийн сар бөгөөд 1921 оны 2 сарын 8-нд шинийн нэгэн болжээ) багтаан эхлүүлэхээр товлосон хэрэг. Тэрбээр өөрийн амьдралынхаа олон үйл явдалд бурханы хутагт хувилгаадын мэргэ төлгийг мөрдлөг болгосон байдаг билээ.

Барон Унгерн Амьд будда Богд гэгээнийг суллахын өмнө 1921 оны 1 дүгаар сарын 29-ны өдөр түүнтэй нууцаар холбоо тогтоон, Монголоос хятадуудыг хөөн гаргахын тулд Богдоос шар торгон дээр бичиж, тамгалсан адистит авсан  хэмээн Оросын эрдэмтэн Кузьмин төсөрхөн нийтлүүлсэн Барон Унгерны тухай номондоо өгүүлжээ.

Мэдээж Барон Унгерн Хүрээг чөлөөлөх төлөвлөгөөг өөрөө боловсруулж, чухам тодорхой хугацааг яс нууж байлаа. Тэр ч бүү хэл Богд гэгээнийг хятадуудын гараас эхэлж чөлөөлөх хэрэгтэй гэдгийг ч Унгерн санаачилсан байна. Учир нь Богд гэгээнтэний нэр хүнд нөлөө асар их байсанаас гадна түүнийг хятадууд барьцаанд авбал монголчууд түүний төлөө юугаа ч өгч болзошгүй хэмээн тэрбээр тооцоолж байв.

Ингээд Богдыг чөлөөлөх төлөвлөгөөг өөрийн биеэр боловсруулж, итгэл даах хүнээр буриад Тубановыг сонгож , түүнд үүрэг өгсөн хэмээн Д.Першин бичсэн бол Магсар хурц барга Лувсан жанжин  эл үүргийг гүйцэтгэсэн хэмээн бичжээ. Гэхдээ эл үйл ажиллагаандаа найдвартай хэмээн үзэж, Хүрээнд байсан түвдүүдээс 60 гаруйг нь сонгожээ. Зарим сурвалжид монгол, түвд нийлсэн 70 гаруй цэргүүд хэмээн бичсэн буй.
Харин оросын эрдэмтэн С.Кузьмин бичихдээ: Богдын чөлөөлөх монгол, түвд, буриадуудын тусгай отряд Барон байгуулсан бөгөөд уг отрядад Саж лам тэргүүтэй 10 түвд, Барга Лувсан тэргүүтэй 70 монгол, Ц.Тубанов тэргүүтэй хэдэн буриад байсан  хэмээжээ.

Унгерн 15 дугаар жарны цагаан бичин жилийн өвлийн сүүл сарын 15-ны орчим Унгерн Хүрээ рүү дайрах бэлтгэлээ базааж эхэллээ. Юуны өмнө урд зүгтэй холбоо барьж байсан цахилгаан утсыг замд нь тасалж хаян, энэ хавийн өртөөний адууг сууриар нь олзлон авчээ.
Барон Унгерн Хүрээнд байсан хятад цэргийн хүчийг Хүрээнээс гаргаж, ар хударгаар нь довтлох арга сэдэж, өөрийн биеэр хэдэн зуун орос цэргийг авч, Хүрээний хойд зүг Сөгнөгөр, Баянголд байсан тариалангийн иргэдийг дээрэмдэж, тэднийг хамгаалан суусан хятад цөөхөн цэргийг бүгдийг алж, хятадын цэргийн эрхтнүүдийн анхааралыг тэр зүг татаж чадав.

Унгернчүүд өвлийн сүүл сарын 23-ны өдөр Манзуширын хийдэд очиж, Богдыг Хүрээнээс авчраад залах тусгай гэрийг бэлдүүлсэн байна.
Унгерны төлөвлөгөө ёсоор Богдыг хятадуудын гараас суллах ажиллагаа 15 дугаар жарны цагаан бичин жилийн өвлийн сүүл сарын 24 буюу 1921 оны 2 дугаар сарын 1-ний үүр цайж наран ургахын үесээр эхэлж, Богд уулын энгэр ба орой дээр тохиолдсон хятад цэргүүдийг хядсаар Их Тэнгэрийн амаар орж ирсэн хэмээн Магсар хурц бичсэн буй. Харин орос сурвалжид, тухайлбал Унгерний Цэргийн штабын офицер Торновский бичихдээ Богдыг 2 дугаар сарын 2-ны өдөр чөлөөлсөн хэмээн бичсэн байна.

Унгерны монгол, түвд цэргүүд өглөөний 8, 9 цагийн хирд Туул голын хойд хөвөөнд бүхий Хайстай лабиран ордны газар довтлон ирж, Богдын хаана буй газрыг асуун баруун этгээд нэгэн зэргэлдээ эрдэм итгэмжит сүмийн газар заларч бүхийг сонсож мэдэв. Энэн нь Богдын өвлийн ордоны тэнд байсан сүм юм. Улмаар эл хоёр хоорондоо ойр тул Богдын буй сүмийн гадуур байсан харуул цагдаагийн 200-гаас дутуугүй хятад цэргүүдтэй буудалцан, сэрүүн лабиран, бугын хашааны орчим тэсэрдэг бөмбөг хаяж, нилээд хятад цэргүүдийг алж, бусад нь хойд зүг зугтах зуур Богд гэгээн, хатан хоёрын сууж буй сүмд орж, Богд хаантнаа бараалхан, учир байдлыг хэлж, Манзуширын хийд рүү залахаар ирснээ айлтган авч явсан байна. Энэ тулаанд Унгерны монгол цэргээс 8 хүний бие, хэд хэдэн морь шархдсан аж.

Богд, эх дагина хоёр яаран сүмээс гарч анханд хоёулаа нэгэн сүүх тэрэгнээ сууж морьт цэрэг дамнан гарсан боловч Туул голын мөсөн дээгүүр явж өнгөрсөн даруй хятад цэргүүд хойноос нэхэж буудан ирэх болвуузай хэмээн айж тэргэнээс буулган цэргийн хүн нарын эмээлтэй моринд унуулан сундалж довтлон Богд уулын ар модонд орсон хэмээн монгол, орос сурвалж нэгэн дуугаар тэмдэглэжээ.

Цааш Богд уулыг давуулан Манзушир ламын хийд дээр хүрч харьяат баламын урьдаас бэлтгэсэн монгол гэр тугдамд Богд, Эх дагина хоёрыг залж амруулан сувилж байсан ажээ.

Ийнхүү Богд гэгээнтэнийг хятадуудын гараас 1921 оны 2 дугаар сарын 1-ны өдөр (Орос сурвалжаар бол 2 сарын 2-ны өдөр) сулласан байна.
Харин Хүрээнд байсан Першин бичихдээ: “1921 оны 2 дугаар сарын 2-ны өдрийг сайн санаж байна. Энэ үед голдуу монгол, хятадгүй цагаан сард бэлтгэж байдаг бол энэ удаа хачин нам гүм байдалтай байлаа. Гудамжинд хэн ч үзэгдэхгүй. Гамингууд айлуудаар хэрэн тэнэж, морь, тэргүүдийг хайж байна гэдгийг танилаасаа сонслоо. Хүрээнээс тэд гарах гэнэ чухам хэзээ гэдгийг бүү мэдлээ”  хэмээснээс үзвэл Богд гэгээнтэнийг 2 дугаар сарын 1-ны өдөр суллаад дараагийн өдөр нь Унгерны цэргүүд Хүрээ рүү дайраагүй өнжсөн бололтой байна. Харин Унгерны Цэргийн штабын офицер Князев “2 сарын 3-ны өдөр бид амарч түр сэргэлт авсан” хэмээн бичсэн буй.

Унгерны төлөвлөгөө тун гайхалтай бүтэж эхлэв. Богд гэгээнтэнийг хятадуудын гараас  аврах төлөвлөгөө амжилттай хэрэгжиж, Унгерн Богд ууланд олон цэргүүдээр гал асаалган хятадуудад цэргийн тоогоо хэд дахин олон буйг нотлон харуулж дөнгөв.

 Хүрээний эргэн тойрон Богд ууланд хүртэл олон хятад цэргүүд харуул хийж байсаныг тухай бүр Унгерны цэргүүд буудан хөнөөжээ.
15 дугаар жарны цагаан бичин жилийн өвлийн сүүл сарын 25 (Магсар хурцынхаар) буюу 1921 оны 2 дугаар сарын 2 (Оросуудын бичснээр бол 2 дугаар сарын 3)- ны өглөөний 7, 8 цагаас Маймаа хотын өмнөх талаар Богд уулсын Хүрхрээгийн орчмоос хэд хэдэн удаа хятад цэргүүд рүү довтолж, улмаар монгол, орос цэргүүд хүчээ нэгтгэн Хүрээ рүү мөн өдрийн шөнийн харанхуйгаар дайрч орж, хятад цэргийнхэнийг байрыг эзлэсэн хэмээн Магсар хурц бичсэн буй.

Харин орос сурвалжид эл өдрийн үүр шөнийн заагаар буюу өглөөний 5 цаг 30 минутаас Хүрээ рүү довтлон хятад цэргүүдтэй ширүүн тулаан хийсний дүнд үдийн хойно 16 цагийн орчим Хүрээний ихэнх хэсгийг чөлөөлж, хятад цэргүүдийг баруун болон хойд зүг рүү хөөж гаргаж дөнгөв хэмээсэн буй.

Хятад сайд Чин И, цэргийн эрх баригчид нь дагалдагчдын хамтаар 26-ны үүр гэгээрэхийн үесээр бүгд 12 уурын тэрэгнээ сууж Хүрээний баруун хойд Толгойтын давааны замаар зугтаан одохыг олон хүн үзсэн хэмээн Магсар хурц тэмдэглэсэн буй.

Ийнхүү Монголын нийслэл Хүрээг 1921 оны 2 дугаар сарын 3-ны өдөр Барон Унгерн хятадуудаас чөлөөлжээ. Орос эх сурвалжид 2 дугаар сарын 4-ны өдөр чөлөөлсөн хэмээн бичсэн буй.  Хэрэв Богдыг 2 дугаар сарын 2-ны өдөр чөлөөлсөн бол нэг өдөр өнжөөд 2 сарын 4-ны өдөр Хүрээг чөлөөлсөн байж болох юм. Ямартаа ч цагаагчин тахиа жилийн шинийн нэгэн буюу 1921 оны 2 дугаар сарын 8-ны өдрөөс 4-5 хоногийн өмнө Хүүхэн хутагтын хэлсэн ёсоор Унгерн Хүрээг амжилттай чөлөөлөв. Хүрээнд байсан хүмүүсийн ихэнх нь энэ чөлөөлөлтийг баяртайгаар угтаж авлаа.

 Унгерн Хүрээг хятадуудаас чөлөөлөөд, эхний ээлжинд хятадын шоронд хоригдсон Дара эх лам Чойжинжанцан, Дүйнхорын да лам Пунцагдорж, хатанбаатар ван Магсаржав, бэйс Магсаржав хурц, бэйс Лувсанжанцан, бэйс Иш-Очир, гүн Жамьян, гүн Гомбоидшин, гүн Жигмиддорж нарын 11 хүнийг, улмаар Шүүх яамны их гянданд хоригдсон орос, буриад, монгол олон хүнийг суллахад тэд цөм “ура” гэж хашгаралдан гарсан нь “олон хүн халуун амийг дахиж олсон мэт гайхамшиг учрал тохиолдсон” үнэхээрийн хувь зохиолтой хэрэг болсон хэмээн Магсар хурц тэмдэглэсэн буй. Харин тэдний хамт хоригдсон манлай баатар ван Дамдинсүрэн тэр газраа бие барсан байв.

Хүрээг чөлөөлсөний дараа Монголын засгийн газар дахин байгуулагдав
Хүрээний эрдэнэ шанзав Дашжав нараас мөнхүү Хүрээнд бүхий Засагт хан аймгийн Жалханз хутагт Дамдинбазар, Монгол сайд агсан Түшээт хан аймгийн чуулганы дарга дархан чин ван Пунцагцэрэн, мөн аймаг эрдэнэ жонон ван Ширнэндамдин, Сэцэнхан аймгийн чуулганы дарга дайчин жонон ван Цогдбадрах, мөн аймгийн Сүжигт ван Доржпалам, Сайн ноён хан аймаг хатанбаатар ван Магсаржавын зэрэг лам ноёдыг урьж цуглуулан Барон Унгерн лугаа мөнхүү сарын 27-ны өдөр уулзжээ.

Маймаа хотын хойд талд бүхий цэргийн хорооны газар түр сууж байсан Унгерн хэлэхдээ: “би орос, монгол, манж гурван хааны төрийг дахиж мандуулах зорилготой хүн. Одоо Хүрээг ёсгүй эзэрхсэн хятадыг нэгэнт үлдэн гаргалаа” хэмээгээд “Богд хааныг ширээнд залах сайн өдрийг сонгож, Богд хаан, хатан нарыг Хүрээнд ирүүлэн Засгийн Газрын таван яамыг дахиж байгуулах ба сайд түшмэдийг сонгон хэрэглэх зэргийн явдлыг Монгол ван, гүн Богдын шавийн эрх баригчид зөвлөлдөн төлөвлөж Богд хаанаа сонсхон айлтган тогтоолговоос зохимуй” хэмээсэн байна.

Өөрөөр хэлбэл, Богд хааныг тань хятадуудаас суллаж, Хүрээг чөлөөлж өглөө та бүхэн Богд эзэн хаанаа ширээнд залж, төр засгаа төвхнүүл хэмээн хэлсэн хэрэг юм. Түүнээс бус Барон Унгерн монголын дотоод бүхий л хэрэгт оролцоогүй болохыг ч бас эндээс харж болох юм.
 Барон Унгерн Хүрээг чөлөөлсөний дараа хийсэн ажлууд гэвэл,
-    Хүрээг олон жилийн хур хог, дайнд үрэгдэгсдээс цэвэрлэжээ
-    Хүрээнд дэг журам тогтоов
-    Хүрээд хэвийн амьдрал тогтоов
-    Хүрээнээс зугатаж гарсан хятадын Сюй жанжины цэргүүдийг араас очиж бут цохин монголын хилээс бүр мөсөн хөөж гаргав.
-    Хүрээнд бүгж байсан социалист болон еврей нартай тооцоо бодов.
-    Барон Унгерн өөрөө бурханы шашинд орж, Богд хааны шавь болов. Тэрбээр цаазаар авхуулахдаа хүртэл урагдаж муудсан монгол шар дээл, монгол гуталтай байсан юм. Богд хаан ч Унгерныг цаазаар авхуулсан тухай мэдээ аваад Хүрээнд буй хийдүүдэд хурал ном хуруулсан гэдэг.
1921 оны 2 дугаар сарын 8-ны өдөр цагаагчин тахиа жилийн цагаан сарын шинийн нэгэн болж, шинэлэх, цагаалах ёслолыг хуучин ёсоор явуулжээ.

1921 оны 2 дугаар сарын 10-ны өдөр буюу шинийн гуравны өдөр Богд гэгээнтэн, хатан нар Манзуширын хийдээс Хүрээний ордондоо сүйх тэргээр эгж заларсан байна.

2 дугаар сарын 10-ны өдөр буюу Богд хаантаны Хүрээнээ заларсан өдөр монгол ноёд хуралдаж, монгол засгийн газрыг дахин босгож, Богд хаанаа хэвээр ширээнд залах ба Дотоодын зэрэг таван яамны байгуулалтыг сэргээж, сайд түшмэдэд хэн хэнийг сонгох талаар зөвлөн хэлэлцжээ. Эл өдөр Монгол Улсын ерөнхийлөн шийтгэгч сайд бөгөөд Дотоод яамны тэргүүн сайдад Засагт хан аймгийн Жалханз хутагт Дамдинбазар, Гадаад яамны тэргүүн сайдад Шавийн Шанзудба Дашжав, Цэргийн яамны тэргүүн сайдад Сэцэн хан аймгийн бишрэлт гүн Доржцэрэн, Сангийн яамны тэргүүн сайдад Түшээтхан аймгийн тэргүүн зэргийн тайж Лувсанцэвээн, Шүүх яамны тэргүүн сайдад Сайн ноён хан аймгийн бэйс Чимэддорж нарыг тохоох болон таван яамны дэд сайд хошоодыг бас нэр агчдыг тохоох, Монгол цэргийн бүх жанжинд Хатанбаатар ван Магсаржавыг томилуулах тухай саналыг Богд хаантнаа сонсгон айлтгаж зөвшөөрөлыг олжээ.

Мөн эл хурлаас Богд хааныг эрдэнийн сууринд дахиж залах өдрийг олнаа өргөгдсөний 11 дүгээр он цагаан сарын 15 буюу 1921 оны 2 дугаар сарын 22-ны өдөр хэмээн товложээ.
Ийнхүү товлосон сайн өдөр болж, төрийн ордонд Богд хааныг Монгол Улсын эзэн хааны эрдэнийн сууринд дахин залж, төрийн ёслолыг явуулсан байна.  Богд гэгээн Монгол Улсын эзэн хааны ширээнд залраад зарлиг буулган, Дотоодын зэрэг таван яамыг байгуулан, сайд, жанжин нарыг дээр дурьдсан ёсоор тохоон томилжээ.

Богд эзэн хаан мөн өдөр хишиг тараах зарлиг буулгав.
Богд эзэн хааны ширээндээ залраад буулгасан зарлигтаа: Барон Унгерны Монголын бие даасан байдлыг сэргээн тогтооход оруулсан хувь нэмрийг өндөр үнэлж, “харгис дайсаныг сөнөөн арилгаж хүрээ хотыг бүрэн бүтнээр хамгаалан авч газар орныг амар болгон тохинуулж засгийн эрхийг уг хэвээр явуулсан нь үнэхээрийн бишрэлтэй, сайшаалтай” хэмээн тэмдэглээд эл хэрэгт “эн тэргүүн гавьяа байгуулсан орос жанжин генерал Барон  дор үе улиран хан зэргэ дархан хошой чин вангийн хэргэм ногоон жууз, улбар шар хүрэм, шар жолоо гурван нүдэт тогосын отго, улсыг мандуулагч их баатар жанжин цол”  олгон шагнасан байдаг. Ийхүү Барон Унгерн Монгол Улсын баатар болжээ.

Сэргээн байгуулсан Монгол Улсын Богд эзэн хааны Засгийн газар төр улсаа эмхлэн байгуулах, дотоод, гадаадын талаар олон асуудалд анхаарлаа хандуулж байв. Энэ үеийн Засгийн газрын үйл ажиллагааны талаарх судалгаа үнэхээр хомс билээ.

Тухайн үед эл засгийн газраас хэрэгжүүлсэн нэг томоохон ажил бол Монголын төрийн анхны цаасан мөнгөн тэмтэгт болох Бага болзоотыг гаргасан явдал юм. Богд хаант Монгол улсын Засгийн газар 1921 оны 4-р сарын 20-ноос 10-р сарын 20-н хүртэл зургаан сарын хугацаатай цаасан мөнгийг гүйлгээнд гаргажээ. Монгол Улсын сангийн яамны сайд Лувсанцэвээн Богд эзэн хаантанаа Олноо өргөгдсөний 11 оны 4 дүгээр сарын 17-нд айлтган: засгийн газрын баталгаат тэмдэгт гаргах тухай мэдэгдэж зөвшөөрөл эрсэнд Богд хаанаас дөрөв хоногийн дараа “уг хүссэн ёсоор болгогтун” хэмээн цохолт хийж зарлиг буулгаснаар Монгол Улсын “бага болзоот баталгааны тэмдэг” буй болжээ.

Энэхүү мөнгөн тэмдэгтийг малаар баталгаажуулж гаргасан ба “бага болзоот” хэмээн нэрлэж, 10, 25, 50, 100-тын долларын дэвсгэртээр модон бараар хэвлэсэн байна.  10-т нь хонины, 25-т нь үхрийн, 50-т нь морины, 100-т нь тэмээний зурагтай ба хэвлэгдсэн газар, он, сар, өдөр, тамга тэмдэг, гарын үсэгтэй юм. Мөнгөн тэмдэгтийн модон барыг Монгол улсын эрдэнийн хаш тамгыг сийлсэн уран сийлбэрч Лувсангомбо урласан байна. 

Энэ бол Богд Хааны зарлигаар, Монгол Улсын Засгийн Газраас эрхлэн гаргасан, Сангийн Яамны тамга, сайдын гарын үсэг бүхий, Монгол Улсын Засгийн Газрын хөрөнгөөр баталсан, Монголын дотоодын гүйлгээнд гаргаж хэрэглэсэн, монгол хүн ур ухаанаа шингээж бүтээсэн Монгол Улсын цаасан мөнгө юм. Барон Унгерн Хүрээг хятадуудаас чөлөөлсний дараа гарсан мөнгө учраас ард олон “Бароны мөнгө” гэж нэрлэж байв.  

Санал,  дүгнэлт
1921 оны 2 дугаар сард сэргээн тунхагласан Монгол Улсын Засгийн газрын Ерөнхий сайдаар Жалханз хутагт Дамдинбазар Богд хааны зарлигаар томилогдон ажилласан билээ. Тэрбээр мөн оны 4 дүгээр сараас Баруун хязгаарын илбэн тохинуулахаар явахдаа Богд хааны зарлигаар Ерөнхий сайдын албаа Манзушир хутагтад хамааруулсан билээ. Өөрөөр хэлбэл 1921 оны 2 дугаар сарын 22-ноос 4 дүгээр сарын сүүл хүртэл хугацаанд Монгол Улсын Ерөнхий сайдаар Жалханз хутагт ажиллаж байсан бөгөөд хожуу 1922 оноос 1923 оны 6 дугаар сард Монгол Улсын Ерөнхий сайдын албыг тэрбээр хоёр  дахь удаагаа хашсан юм. Монголын түүхэнд хоёр удаа Ерөнхий сайдын албыг хашсан А.Амар, Ц.Элбэгдорж нар лугаа Жалханз хутагт Дамдинбазарын нэр зэрэгцэн орших учиртай.

Түүнээс гадна Жалханз Хутагт Дамдинбазараас Монгол Улсын Ерөнхий сайдын тамгыг авч, хамаарсан Ерөнхий сайд хэмээн дуудуулж, уг албыг хашиж байгаад 1921 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 15 цагт засгийн тамгаа Ардын засгийнханд хүчээр өгсөн хүн бол Манзушир хутагт Цэрэндорж билээ. Тэрбээр хожим 1937 онд хилс хэрэгт цаазлуулсан юм.
Орчин цагийн Монгол Улсын төрийн ордоны зүүн жигүүрийн хоёр давхарын урд талд Монгол Улсын Ерөнхий сайд нарын хөрөг өлгөөстэй байдаг билээ. Энд Монгол Улсын Ерөнхий сайд Сайн ноён хан Намнансүрэнгээс эдүгээгийн ерөнхий сайд нарын зураг хүртэл буй. Харин эл хөрөг дотор Жалханз хутагт Дамдинбазарын зураг буй боловч чухамдаа анхны удаа хашсан Ерөнхий сайдын хугацааг бичээгүй байдаг бол Манзушир хутагт Цэрэндоржын зураг ороогүй байдаг.
Саяхан болтол эл үеийн түүхийг “Бароны үе” хэмээн муучлан элдэв өнгөөр будаж байв даа. Эдүгээ цагийн салхи эргэж буй ч энэ талаар дорвитой судалгаа үгүй л байна.

Бас нэгэн хэлэх учиртай зүйл байна. Монгол Улсын төрийн ордонд Монгол Улсын Ерөнхий сайд нарын хөрөг байх нь зүйн хэрэг.
Харин 1911 оноос 1924 онд Монгол Улсын эзэн хаан, шашин төрийг хослон барьж байсан VIII Богд Жавзандамба хутагтын түүхэн үүрэг ХХ зууны Монголын түүхэнд онцгой билээ. Гэтэл эгэл бус эл хүмүний хөрөг зураг, цээж баримал Төрийн ордоны хаа нэгтэй байрлахад буруудахгүй хэмээн санана.

Иймээс 1911 оны үндэсний хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Монгол улсын сүүлчийн эзэн хаан Богд Жавзандамба хутагтын хөргийг төрийн ордоноо залах эсвэл түүний цээж барималыг төрийн ордоны хаа нэгтээ бүтээн байрлуулбал нэгэн зууны тэртээ олон монголчуудын магнайг тэнийлгэн сэтгэл, итгэлийг нь баясгаж сэрээсэн үндэсний түүхэн үйл явдлын санаачлагдын нэг, удирдагчийн үйл хэргийг түүхэнд зохих байрийг нь эзлүүлэхэд бага боловч тус нэмэр болохсон хэмээн санамой.

Энэ жил Монголын үндэсний хувьсгалын 100 жил тохиож буйтай холбогдуулан ядаж Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын хаа нэгтээ Монгол Улсын сүүлчийн эзэн хаан Богд Жавзандамба хутагтын хөшөөг сүндэрлүүлэх нь түүний талаар дэндүү их дайрч гутаан доромжилсан түүхийн өмнө цагаатгал болохсон гэж бодох юм даа. Мэдээжийн хэрэг үндэсний хувьсгалын эцэг нь болох Богдын тухайд түүхэн үнэний дагуу засаж залруулах кино, урлаг, уран сайханы зохиол гээд зөндөө л ажил ундрах хэрэгтэй дээ. Гэтэл бид одоохондоо тархи угаагчдын дүрд гайгүй шиг тоглодог болоод байна даа. Өнгөц харвал үндэсний түүхийн энхэл доголыг засаж буй шиг мэт боловч үнэндээ өнгөлөн далдалдаас цааш гарч чадаж байгаа болов уу хэмээн бодном. Юутай ч монголчууд өөрийн үндэсний түүхээ мэдэж, түүнээсээ сурч эхэлбэл хамгийн зөв эхлэл байх бөгөөд эх түүхэнд эл үндэстний мандан бадрахын үндэс оршиж буй хэмээн санамой.

  • Бичсэн tserenbat_d
  • Үзсэн: 6279

Бүлэг: Судалгаа

Төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн чангаралт инфляциийг бууруулдаг уу?

Хураангуй Энэхүү судалгааны ажлаар төгрөгийн ам.доллартай харьцах ханш ба инфляцийн харилцан хамаарал сүүлийн жилүүдэд хэрхэн өөрчлөгдөж ирснийг бүтцийн вектор авторегресс (SVAR) загвар ашиглан судлав. Судалгааны сонирхолтой, чухал үр дүнгүүд дараах байдалтай гарав. (i) Төгрөгийн ам.доллартай харьцах ханшийн инфляцид үзүүлэх нөлөө харьцангуй хүчтэй, ассимметрик байна. (ii) Төгрөгийн ам.доллартай харьцах ханш 6, 12 болон 18 сарын хугацаанд 10 хувиар сулрах тохиолдолд ХҮИ тус хугацаанд харгалзан 4.8, 5.8 болон 6.3 хувиар өснө. (iii) Төгрөгийн ам.доллартай харьцах ханшийн нөлөө ассимметрик тул төгрөгийн чангаралттаас шалтгаалж бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ цаашид буурна гэж үзэх боломжгүй байна. (iv) 2008 оны 10-р сараас 2009 оны 4-р сарын хоорондох төгрөгийн ам.доллартай харьцах нэрлэсэн ханшийн огцом сулралт нь ханш болон инфляцийн харилцан хамаарал өөрчлөгдөхөд хүчтэй нөлөө үзүүлжээ. I. Удиртгал Төгрөгийн ам.доллартай харьцах ханш 2009 оны 8 дугаар сараас 2010 оны 8 дугаар сарын хооронд 11.3 хувиар, ялангуяа сүүлийн сард 5 орчим хувиар чангарсан. Энэхүү чангаралтыг сэтгүүлчид өөр өөрийнхөөрөө тайлбарлах хандлага ажиглагдаж байна. Энэхүү нийтлэлээр Монголын эдийн засагт төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн чангаралт бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэнд ямар нөлөө үзүүлдэг болохыг бодит тоон өгөгдөл ашиглан нийтлэг арга зүйгээр судалсан судалгааны үр дүнг танилцулж байна. Уг нийтлэл нь зөвхөн хувь судлаачийн байр суурийг илэрхийлэх бөгөөд төв банк ханшийг сулруулах, чангаруулах эсвэл нэг түвшинд барих ёстой эсэхэд дүгнэлт өгөхөөс илүүтэй эмпирик судалгааны үр дүн гарсыг бусадтай хуваалцахыг зорьсон болно. Манай улсын эдийн засаг жижиг, гадаад худалдааны хувьд нээлттэй тул дотоодын инфляцид төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн өөрчлөлтөөс шууд хамаардаг. Өөрөөр хэлбэл, валютын ханшийн өөрчлөлт нь зөвхөн импортын барааны үнийг өөрчлөх төдийгүй, импортоор орж ирдэг түүхий эдийн үнэд нөлөөлөх замаар дотоодын бараа, үйлчилгээний үнэд нөлөөлдөг. Харин инфляцийн өөрчлөлт нь олон нийтийн макро эдийн засгийн талаарх хүлээлт, төгрөгийн гадаад валюттай харьцах бодит ханшинд нөлөөлөх замаар нэрлэсэн ханшинд эргэн нөлөөлдөг. Иймд төгрөгийн ам.доллартай харьцах ханш болон инфляцийн харилцан уялдааг судлах нь мөнгөний бодлогын шийдвэр гаргалтанд онцгой чухал ач холбогдолтой юм. Манай орны хувьд төгрөгийн гадаад валюттай харьцах ханш макро эдийн засгийн суурь нөхцлөөр тодорхойлогдон уян хатан тогтож байх зарчмыг баримтлах нь инфляцид хэр дарамт учруулах, дунд хугацаанд инфляцийг тогтвортой, нам түвшинд байлгаж чадсанаар төгрөгийн гадаад валюттай харьцах ханш, улмаар макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангаж чадах эсэхэд хариулт өгөхөд төгрөгийн гадаад валюттай харьцах ханш болон инфляцийн харилцан хамаарлын шинжилгээ чухал ач холбогдолтой. Иймд энэхүү судалгааны ажлаар төгрөгийн ам.доллартай харьцах ханш болон инфляцийн харилцан хамаарлын онолын үндэслэлийг танилцуулан, тус хамаарлыг өөрийн орны тоон мэдээлэлд суурилан бүтцийн вектор авторегресс (SVAR) загвараар тооцож, холбогдох асуудлаар дүгнэлт санал гаргахыг зорив. II. Төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн инфляцид үзүүлэх нөлөө Төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн өөрчлөлт дотоодын инфляцид шууд ба шууд бус сувгаар дамжин нөлөөлдөг. Шууд сувгийн нөлөө нь: валютын ханшийн өөрчлөлт нь импортын бараа, түүхий эд, тоног төхөөрөмжийн үнээр дамжин дотоодын үнэд нөлөөлдөг. Төгрөгийн ханш сулрах нь үнийг хүлээн авагч Монгол улсын хувьд импортын барааны үнийг өсгөх, харин чангарах нь импортын үнэ буурахад нөлөөлдөг. Төгрөгийн ханшийн сулралтаас үүдэн импортын түүхий эд материал, тоног төхөөрөмжийн зардал өссөнөөр үйлдвэрлэлийн ахиу зардал өсч, энэ нь дотоодод үйлдвэрлэгдэх бараа үйлчилгээний үнэ өсөхөд хүргэдэг. Шууд бус сувгийн нөлөө нь: Төгрөгийн сулралт нь дотоодын барааны гадаад зах зээл дээрх үнийг бууруулах тул цэвэр экспортыг өсгөж, улмаар нийт эрэлтийн өсөлтөөр дамжин инфляцийн дарамтыг бий болгодог. Түүнчлэн импортын бараа, бүтээгдэхүүнтэй өрсөлдөгч дотоодын компанийн хувьд гадаадын өрсөлдөгч компани ашгаа хэвээр байлгах зорилгоор үнээ өсгөсөнөөр дотоодын үйлдвэрлэгч үнээ даган өсөх тохиолдол байдаг. Валютын ханшийн инфляцид үзүүлэх нөлөө нь хэд хэдэн хүчин зүйлсээс буюу зах зээлийн бүтэц, үнийн бодлого, тухайн үед баримталж буй валютын ханшийн бодлого, инфляци, хэрэглээний бараа, үйлчилгээний сагс дахь импортын барааны эзлэх хувь зэргээс хамаардаг. Харин валютын ханшийн инфляцид үзүүлэх нөлөө сул, хүчтэй байхад ямар хүчин зүйлс нөлөөлдөг талаарх судалгааны гол үр дүнгүүд дараах байдалтай байдаг. Үүнд:  Том эдийн засгийн хувьд ханшийн сулралтын дотоодын үнэд үзүүлэх нөлөө нь дэлхийн үнийн бууралт (дэлхийн эрэлт бага байсан)-тай холбоотойгоор сул байдаг. Харин жижиг эдийн засгийн хувьд валютын ханшийн сулралт нь дэлхийн үнэд нөлөө үзүүлэхгүй тул валютын ханшийн инфляцид үзүүлэх нөлөө нь бүрэн илэрдэг. Иймд жижиг эдийн засагт валютын ханшийн инфляцид үзүүлэх нөлөө илүү хүчтэй байдаг гэж үздэг.  Сүүлийн үеийн судалгаануудад валютын ханшийн өөрчлөлтөнд хариу үйлдэл үзүүлэх зорилгоор пүүсүүд нэгж бүтээгдэхүүний үнэ болон нэгж хөдөлмөрийн зардлын зөрүү (markup)-нд зохицуулалт хийж байгаа эсэхийг шалгах болсон. Энэ төрлийн судалгааны онолын суурийг Dornbusch (1987) гаргасан бөгөөд тэрээр “Аж үйлдвэрийн зохион байгуулалтын загвар” ашиглан валютын ханшийн өөрчлөлтийн зах зээлийн төвлөрлийн байдал, импортлох хандлага, импортын болон дотоодын барааны орлуулалтанд үзүүлэх нөлөөг тайлбарласан байдаг. Эдгээр хүчин зүйлсийг ашиглан Feinberg (1986, 1989) АНУ болон Германы хувьд судлаад аж үйлдвэржсэн буюу зах зээлийн төвлөрөл багатай импортлох хандлага өндөртэй улсын хувьд валютын ханшийн дотоодын үйлдвэрлэгчийн үнэд үзүүлэх нөлөө хүчтэй байгааг харуулсан. Goldberg болон Knetter (1997) илүү сегментлэгдсэн аж үйлдвэртэй орны хувьд валютын ханшийн импортын барааны үнэд үзүүлэх нөлөө сул байдгийг харуулсан.  Хэрвээ тухайн улсын эдийн засагт импортын эзлэх хувь нь импортлох хандлагыг сайн төлөөлдөг гэвэл импортын эзлэх хувь өндөртэй улсад валютын ханш болон импортын барааны үнийн өөрчлөлтийн дотоодын үнэд үзүүлэх нөлөө хүчтэй байдаг. Өөрөөр хэлбэл, тухайн улсын эдийн засагт импортын эзлэх хувь өсөхийн хэрээр валютын ханш болон импортын барааны дотоодын үнэд үзүүлэх нөлөө нэмэгдэж, түүний хэлбэлзлийг тайбарлахад чухал үүрэгтэй болдог.  Зах зээлд үнэ тогтоох зарчмыг ашиглан Mann (1986) ханшийн дамжих нөлөөнд зарим макро эдийн засгийн хувьсагчид нөлөөлж болохыг харуулсан. Үүний нэг нь валютын ханшийн хэлбэлзэл гэж үзсэн. Ханшийн хэлбэлзэл өндөр байх нь импортлогчид үнээ өөрчлөхдөө илүү хашир болох, ашгийн зөрүүний зохицуулалт хийхэд бэлэн байдаг тул валютын ханшийн инфляцид дамжих нөлөөг бууруулдаг гэж үзсэн. Wei болон Parsley (1995), Engel болон Rogers (1998) нар энэхүү таамаглалыг салбарын болон бүтээгдэхүүний түвшинд эмпирик аргаар шалган энэ таамаглалыг нотолсон байдаг. Иймээс ханшийн хэлбэлзэл өндөртэй оронд ханшийн дамжих нөлөө сул байдаг байна.  Хэрвээ пүүсүүд валютын ханш эсвэл импортын үнийн шок удаан үргэлжилнэ гэж хүлээж байвал тэд хариу үйлдэл үзүүлэхдээ шоконд дүйцэхүйц хэмжээнээс илүү хэмжээгээр үнээ өөрчлөх хандлагатай байдаг. Энэ нь ханш болон импортын үнийн дамжих нөлөөг нэмэгдүүлдэг. Иймд валютын ханш болон импортын үнийн өөрчлөлт нь удаан үргэлжилдэг улс орнуудад валютын ханш, импортын үнийн дамжих нөлөө хүчтэй байдаг.  Mann (1986)-ын авч үзсэн макро эдийн засгийн бас нэг үзүүлэлт бол нийт эрэлтийн тодорхой бус байдал юм. Нийт эрэлтийн муруй валютын ханшийн өөрчлөлтэй холбоотойгоор шилжилт хийх нь төгс бус өрсөлдөөний орчинд импортлогчийн ашгийн зөрүүг өөрчлөх тул ханшийн дамжих нөлөө сулардаг. Хэрвээ энэ таамаглал үнэн бол нийт эрэлт (үүнийг ДНБ-ий алдагдлаар хэмжиж болно) нь өндөр хэлбэлзэлтэй байдаг улсын хувьд ханшийн инфляцид үзүүлэх нөлөө сул байхад хүрнэ.  Taylor (2000) валютын ханшийн инфляцид үзүүлэх нөлөө нь эдийн засагт ерөнхийдөө инфляцийн орчин зонхилж байгаа эсэхээс хамаардаг болохыг харуулсан. Өөрөөр хэлбэл, өндөр инфляцитай үед валютын ханшийн шок нь хүлээлтээр дамжин инфляцид үзүүлэх нөлөө нь илүү хүчтэй байдаг байна.  MacCarthy (2000) импортын эзлэх хувь өндөр, удаан үргэлжилдэг, бага хэлбэлздэг валютын ханштай, ДНБ-ний хэлбэлзэл нь бага бөгөөд өрсөлдөх чадвар султай улс орнуудад валютын ханшийн инфляцид үзүүлэх нөлөө хүчтэй байдгийг харуулсан байдаг. Эдгээр судалгааны үр дүнд суурилан манай орны хувьд төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн инфляцид дамжих нөлөөний хүчийг тодорхойлох зарим хүчин зүйлсийг тооцов. Манай эдийн засагт импортын эзлэх хувь харьцангуй өндөр (2008 онд 75 хувьд хүрсэн), ХҮИ-ийн сагсын 30.3-32.6 хувийг импортын бараа бүрдүүлдэг, сүүлийн жилүүдэд ханшийн хэлбэлзэл, ДНБ-ий алдагдлын хэлбэлзэл харьцангуй бага, харин инфляци өндөр байсан зэргээс валютын ханшийн инфляцид үзүүлэх нөлөө харьцангуй хүчтэй байх урьдач нөхцөл ажиглагдаж байна. Сүүлийн 11 жилд төгрөгийн ам.доллартай харьцах ханшийн сарын өөрчлөлтөөс ажиглахад 90 сард нь суларч, харин 43 сард нь чангарсан байна. Мөн нэг сарын дундаж сулралт 0.8 хувь байгаа бол нэг сарын дундаж чангаралт 0.53 хувь байна. Эндээс харахад валютын ханшийн инфляцид дамжих нөлөө асимметрик байх нөхцөл хангагдаж байна. Өөрөөр хэлбэл, төгрөгийн ханш сулрах нь хэрэглээний бараа, бүтээгдэхүүнийг өсгөх чиглэлд нөлөөлөх хэдий ч, төгрөгийн ханш чангарах нь үнэ буурахад нөлөөлдөггүй байж болохоор байна. Төгрөгийн гадаад валюттай харьцах ханш болон инфляцийн харилцан нөлөөллийн урт болон богино хугацааны мэдрэмж (нөлөөллийн хугацааны хоцролт бүр дээрх мэдрэмж)-ийг тодорхойлохдоо McCarthy (2000)-ын бүтцийн вектор авторегресс (SVAR) загвар буюу шоконд үзүүлэх хариу үйлддлийн функцыг ашиглав. Энэхүү арга зүйг нь ОУВС болон төв банкууд Африк, Европ болон Латин америкийн орнуудын энэ төрлийн судалгаанд өргөн ашигласан байдаг. SVAR загварын системд (i) шатахууны үнийн индекс; (ii) дотоодын нийт бүтээгдэхүүн; (iii) төгрөгийн ам.доллартай харьцах сарын дундаж ханш; (iv) хэрэглээний үнийн индекс; (v) M1- бага мөнгө гэсэн 5 хувьсагч оруулсан бөгөөд үнэлгээнд 1998 оны 1 дүгээр сараас 2009 оны 7 дугаар сарын хоорондын тоон мэдээллийг хамруулав. Эдгээр тоон мэдээллийг ҮСХ болон Монголбанкны сарын статистикийн мэдээллээс авав. Сарын ДНБ-ийг Калман филтeрын аргаар улирлын ДНБ-ээс задлан тооцсон бөгөөд тус өгөгдөлд улирлын хэлбэлзэл хүчтэй ажиглагдаж байгаа тул улирлын зохицуулалтыг Census X12-ARIMA аргаар хийв. Харин бусад хувьсагчдын хувьд улирлын зохицуулалт хийгээгүй бөгөөд бусад нэгж язгуурын ADF тестийн үр дүнгээс үзэхэд бүх үзүүлэлтүүд тогтворгүй гэсэн тэг таамаглалыг 5%-ийн ач холбогдлын түвшинд үл няцааж байгаа тул үзүүлэлтийн логарифмаас ялгавар авч загварт оруулсан. Манай орны хувьд төгрөгийн ам.доллартай харьцах ханшид тухайн сард гарсан өөрчлөлт 9 сарын турш сарын инфляцийг өсгөх чиглэлд нөлөөлдөг бөгөөд 10 дахь сараас нөлөө нь бүрэн арилдаг болохыг SVAR загварын импульсийн хариу үйлдлийн функцын үр дүн харуулж байна. Энэхүү импульсийн хариу үйлдлийн функцыг ашиглан төгрөгийн ам.доллартай харьцах ханшийн өөрчлөлтийн ХҮИ-т үзүүлэх нөлөөллийн мэдрэмжийг хугацааны ялгаатай түүврийн хувьд тооцсон. Үр дүнгээс үзэхэд төгрөгийн ам.доллартай харьцах ханшийн өөрчлөлтийн ХҮИ-т үзүүлэх нөлөө 1998-2005 оны хооронд харьцангуй сул буюу богино хугацааны хамгийн өндөр мэдрэмж нь 0.35, урт хугацааны мэдрэмж нь 0.28 байсан бол 1998-2007 оны түүврийн хувьд богино хугацааны хамгийн өндөр мэдрэмж нь 0.41, урт хугацааны мэдрэмж нь 0.39 болж өсчээ. Харин нийт түүвэр буюу 1998 оны 1 дүгээр сараас 2009 оны 7 дугаар сарын хоорондох мэдээлэлд суурилсан үнэлгээний хувьд богино хугацааны хамгийн өндөр мэдрэмж нь 0.51, урт хугацааны мэдрэмж нь 0.43 болж өссөн байна. Ийнхүү сүүлийн жилүүдэд төгрөгийн ам.доллартай харьцах ханшийн дотоодын үнэнд үзүүлэх нөлөө өсөхөд импортын хэмжээ огцом өссөн, 2007-2008 онд инфляци огцом өссөн, 2005-2007 онд ХҮИ-ийн сагсан дахь импортын барааны эзлэх хувийн жин өссөн, 2007-2008 онд эдийн засагт “халалт”-ын шинж тэмдэг илэрсэн зэрэг голлон нөлөөлөв. 2008 оны 4 дүгээр улирал болон 2009 оны 1 дүгээр улиралд төгрөгийн ам.доллартай харьцах ханш огцом суларсан (тухайлбал, төгрөгийн ам.доллартай харьцах Монголбанкны зарласан ханш 2008 оны 10 дугаар сараас 2009 оны 3 дугаар сарын хооронд 26.3 хувиар, харин валют арилжааны цэгүүдийн дундаж ханш 33.5 хувиар суларсан) хэдий ч инфляци хүчтэй өсөөгүй байдал нь төгрөгийн ам.доллартай харьцах ханшийн өөрчлөлтийн инфляцид үзүүлэх нөлөө буурч үнэлэгдэхэд нөлөөлсөн байх боломжтой. Иймд тус огцом сулралтын нөлөөг судлахын тулд төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн инфляцид дамжих нөлөөний мэдрэмжийг 1998 оны 1 дүгээр сараас 2008 оны 10 дугаар сар (ханшийн огцом сулралтаас өмнөх үеийн түүвэр) болон 1998 оны 1 дүгээр сараас 2009 оны 7 дугаар сарын хоорондох түүврийн хувьд тооцсон. Үр дүнгээс үзэхэд 2008 оны сүүл 2009 оны эхээр үүссэн төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн огцом сулралттай холбоотойгоор төгрөгийн ам.доллартай харьцах ханшийн өөрчлөлтийн инфляцид үзүүлэх нөлөө буурсан байна. Тухайлбал, урт хугацааны мэдрэмж 0.08 нэгжээр буурч 0.43 болжээ. Ийнхүү ханшийн инфляцид дамжих нөлөө буурахад голлон дэлхийн санхүү, эдийн засгийн хямралын дотоод эдийн засаг дахь нөлөөтэй холбоотой бий болсон эдийн засаг дахь мөнгөний дутагдал, эдийн засгийн уналт, шатахуун болон хүнсний бүтээгдэхүүний үний бууралт, төгрөгийн ам.доллартай харьцах ханш огцом суларсантай холбоотой импортын хэмжээ буурсан зэрэг голлон нөлөөлөв. Төгрөгийн ам.доллартай харьцах ханш 1 хувиар сулрах эсвэл чангарах тохиолдолд хэрэглээний бараа, бүтээгэдхүүний үнийн индекс (ХҮИ)-т ямар өөрчлөлт гарахыг судлах зорилгоор ханшийн дамжих нөлөөллийн мэдрэмжийг хариу үйлдлийн функцээс тооцов. Үр дүнгээс үзэхэд төгрөгийн ам.доллартай харьцах ханш 1 хувиар өөрчлөгдөхөд ХҮИ-т эхний улиралдаа бараг нөлөөгүй бол 6 сарын дараагаас нөлөө нь нэмэгдэж 9-12 сарын дараа хамгийн их түвшиндээ хүрдэг хандлага бүх түүврийн хувьд ажиглагдаж байна. Өнөөдрийг хүртэл хамарсан түүврийн үнэлгээнээс үзэхэд манай эдийн засагт төгрөгийн ам.доллартай харьцах ханш 6,12 болон 18 сарын хугацаанд 10 хувиар өөрчлөгдөх тохиолдолд тус хугацаанд ХҮИ харгалзан дунджаар 3.1, 4.1 болон 4.3 хувиар өөрчлөгдөх тооцоо гарч байна. Энэхүү нөлөө сүүлийн 1 жилийн хугацаанд буурч буй хэдий ч бусад хөгжиж буй болон шилжилтийн эдийн засагтай орнуудтай харьцуулахад өндөр хэвээр байгаа юм. Манай орны хувьд валютын ханшийн инфляцид үзүүлэх нөлөө асимметрик эсэхийг тодорхойлохдоо багасгасан VAR (4) загвар ашиглан төгрөгийн ханшийн сулралт болон чангаралтын инфляцид үзүүлэх нөлөө тэнцүү гэсэн таамаглалыг Wald тестээр шалгав. Үр дүнгээс үзэхэд манай орны хувьд валютын ханшийн инфляцид үзүүлэх нөлөө ассимметрик байна. Валютын ханшийн инфляцид үзүүлэх нөлөө ассимметрик байгаа тул төгрөгийн ам.доллартай харьцах ханшийн сулралт болон чангаралтын бараа, бүтээгдэхүүний үнэнд үзүүлэх мэдрэмжийг тус тусад нь тооцов. Эндээс үзэхэд төгрөгийн ханш суларснаар бараа, бүтээгдэхүүний үнэ өсөх мэдрэмж нь ханш чангарснаар бараа, бүтээгдэхүүний үнэ буурах мэдрэмжээс өндөр байна. Төгрөгийн ханш суларснаар бараа, бүтээгдэхүүний үнэ эхний 6 сарын турш өсдөг болохыг статистикийн хувьд хүлээн авах боломжтой бол төгрөгийн харьцах ханш чангарснаар үнэ төдийлөн буурдаггүй болохыг хариу үйлдлийн функцын үр дүн харуулж байна. Тухайлбал, төгрөгийн ханш 3, 6, 12 сарын хугацаанд 10 хувиар сулрах тохиолдолд ХҮИ тус хугацаанд харгалзан 5.0, 4.8, 5.8 хувиар өсөхөөр байна. Иймд валютын ханшийн тогтвортой байдлыг хангах нь инфляци, улмаар нийгмийн амьжиргааны түвшинг хамгаалахад чухал ач холбогдолтой байхаар байна. Харин төгрөгийн ханш 6, 12 сарын хугацаанд 10 хувиар чангарах тохиолдолд ХҮИ тус хугацаанд 2.4, 0.6 хувиар буурах боломжтой гэж тооцогдож байгаа хэдий ч үнэ баттай буурна гэж статистикийн хувьд үзэх боломжгүй байна. III. Судалгааны үр дүн юу харуулав?  Төгрөгийн гадаад валюттай харьцах нэрлэсэн ханш болон инфляцийн хоорондын харилцан хамаарал хүчтэй хэвээр байгаа тул төв банк валютын зах зээл дээр төгрөгийн ам.доллартай харьцах ханш дунд хугацааны “тэнцвэрт” түвшнээс зөрөх хэлбэлзэлийг багасгах, богино хугацааны ханшны цочмог өөрчлөлтөөс хүлээж болох эрсдлийг бууруулах чиглэлд оролцох нь зүйтэй юм.  Манай эдийн засагт валютын ханшийн өөрчлөлтийн инфляцид үзүүлэх нөлөө ассимметрик байгаа тул төгрөгийн ханшийн богино хугацааны хүчтэй сулралтаас сэргийлэхэд илүүтэй анхаарах, харин инфляцийн дарамтыг бууруулах зорилгоор ханшийг чангаруулах бодлого нь төдийлөн үр ашигтай бус байна. Учир нь ханшийг чангаруулах бодлого нь гадаад валютын цэвэр албан нөөцийг бууруулахын зэрэгцээ экспортын барааны өрсөлдөх чадвар муутгаж, “ханшийн довтолгоо”-нд орох эрсдлийг нэмэгдүүлэх атлаа бараа, үйлчилгээний үнийг бууруулахааргүй байна.  Төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн сулралт болон хүнс, шатахууны үнийн өсөлт, түүний “хоёрдах үеийн нөлөө”-гөөр инфляцийн өсөх дарамт өндөр байгаа үед мөнгөний бодлогын хүүний нөлөө тодорхой болох хүртэл богино хугацаанд эдийн засаг дахь мөнгөний балансыг хангахад чиглэсэн мөнгөний бодлого явуулах нь зүйтэй байна. Учир нь тус бодлогыг хэрэгжүүлснээр инфляцийн тогтвортой байдлыг хангаж чадахын зэрэгцээ эдийн засгийн мөчлөгийн сөрөг нөлөөг бууруулах боломжтой юм.  Төгрөгийн гадаад валюттай харьцах нэрлэсэн ханшийг дан ганц мөнгөний бодлогын арга хэрэгслээс гадна тогтвортой, нам түвшний инфляцийг хангахад чиглэсэн макро эдийн засгийн бодлогоор ч зохицуулах боломжтой болохыг тус судалгааны үр дүн харуулав. Иймд санхүү болон макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эдийн засгийн мөчлөг сөрсөн хэлбэрээр хэрэгжих чиглэлд төсөв, мөнгөний бодлогын харилцан уялдааг сайжруулах нь хямралын сөрөг нөлөөг богино хугацаанд хохирол багатай даван туулахад чухал байна.

  • Бичсэн Д.Ган-Очир
  • Үзсэн: 6808

Цахим Өртөө Сүлжээнд элсэх

  • Өртөөний сүлжээнд элсэх

tsahim_urtuuХэрэв та Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээнд элсэхийг хүсвэл: http://groups.google.com/group/tsahim-urtuu-suljee хаягаар зочилж маш хялбархан бүртгүүлж болно. Та Гүүгл суурьт энэхүү сүлжээнд имэйлээ бүртгүүлснээр манай сүлжээний гишүүн болно.

 

Image Temp

Энэ хуудас нь Цахим Өртөө сүлжээний нийт гишүүдийн хамтын бүтээл байх бөгөөд ажил хэргийн санал болгоныг вэбийн хамтлаг тухай бүр нь тусган энэ хуудсанд оруулж байх болно. Хамтран ажиллаж буй, ажиллахаар зэхэж буй таньд баярлалаа.

Newsletter