282-р сар2017

Бүлэг: Мэндчилгээ

Мэндчилгээ

  • Бичсэн Цахим Өртөө Холбоо
  • Үзсэн: 3891

Бүлэг: Мэндчилгээ

To All Tsahim Urtuu Members Around The World: Thank You and Happy New Year!

Д.Сайнбаяр. Цахим Өртөө Хoлбооны Удирдах зөвлөлийн дарга. 2011.12.31 - 23 цаг 15-48 минут

Тааж баршгүй шинэ сонин учралууд, хэлж ирэмгүй шинэ боломж, бид бүхний итгэл найдварын түлхүүрийг хадгалсан ШИНЭ оныг сэтгэл догдлон угтан, амжилт бүтээлээр бялхсан хуучин оноо үдэж буй энэ л мөчүүдэд Цахим Өртөөний эрхэм АНД Та бүхэндээ шинэ цагийн ерөөл талбиж, ТАЛАРХАЛ илэрхийлэхийг хүслээ.

Өнгөрсөн 12 жилийн турш Та бүхэнтэйгээ санаа бодлоо хуваалцаж, Та бүхнээсээ байнга суралцаж, өртөөлөн асаалцсан ТҮҮДЭГ ГАЛ-д цучил өргөлцөж, гэртээ, ажилдаа, дотоод сэтгэл рүүгээ харихдаа нэгэн гэрэлт дэнлүүг тээн харьсaн өдөр болгоны төлөө маш их талархаж байна.

2011 он бол манай Цахим Өртөө Xолбооны хувьд хуучин, шинэ гишүүдээр хүрээгээ ӨРГӨЖҮҮЛЖ, дэвжээгээ ТЭЛСЭН, олон сайхан үйл хэргийг хамтдаа БҮТЭЭСЭН, алдаа оноо холилдсон ч, яах аргагүй ДЭВШИЛТЭТ жил байлаа.

Өнгөрөгч онд бид хамтдаа Цахим Өртөө Холбооны алсын харааг хүссэн, зорьсон, хийсэн ажлуудаараа илүү тод томруун болгож, гишүүнчлэлээ улам чанаржуулснаас гадна уламжлалт төслүүдээ үргэлжлүүлж, шинэ шинэ үйл хэрэг эхлүүлсэн амжилт дүүрэн оныг үджээ.

УИХ-ын Сонгуулийн хуулийн шинэчилсэн хувилбарыг УИХ соёрхон батлаж, Гадаадад Суугаа Монголчуудын Сонгуулийн эрхийг Сонгуулийн хуульд тусган оруулсан нь Цахим өртөөчид бид хамтдаа өнгөрсөн 8 жилийн турш санаа бодлоо уралдуулж, төрийн удирдлагад уриалж, тэмцэж ирсэн уйгагүй хөдөлмөрийн маш том үр дүн, бид бүхний ЯЛАЛТ боллоо. Энэ бүхнийг 8 жилийн өмнө БОЛОЛЦООГҮЙ гэж үзэж байсан хүмүүс манай нийгэмд олон байв. Харин энэ бүхэн БОЛОЛЦООТОЙ гэдгийг бид нотолж чадлаа.

Өндөр технологийн Инновацийг хөгжүүлэгч Судалгааны Их сургууль болох эрхэм зорилготой Цахим Өртөө Дээд Сургуулийн үндэс суурийг тавьж, Холбооны гишүүд дунд анхдагч зах зээлийн арилжааг амжилттай явуулж дууслаа. Гадаадад суугаа Монголчуудын төлөөлөлөөс бүрдсэн Цахим Өртөөчид бид Монголын боловсрол, мэдлэгийн салбарт ОЮУНЫ БОЛООД МӨНГӨН ШУУД ХӨРӨНГӨ оруулалтыг ХАМТДАА хийж чадсан нь бусад гадаадад суугаа Монголчуудад үлгэр жишээ болсон, тун онцлог, түүхэн явдал болжээ.

Цахим өртөөний нэрэмжит тэтгэлэгт гурван хазара оюутан маань Mонгол хэлний бэлтгэл анги, 1-р ангиа тус тус 2 жил дараалан амжилттай дүүргэж, Монгол оронд 3 дахь жилдээ МУИС-ын 2-р ангид элсэн суралцаж байна.

Мөн могулчуудын тухай өгүүлсэн Үмэсао Тадао гуайн бичсэн "Могул угсаатныг сурвалжилсан нь" ном олон нийтийн хүртээл болсон нь Монгол туургатны түүх соёлыг олон нийтэд таниулах нэгэн чухал алхам болжээ.

Их Монгол улсынхаа тусгаар тогтнолыг сэргээн тунхагласан 100 жилийн ойн баярт өдөр, УИХ-ын хүндэтгэлийн чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дэлхий даяар тархсан Монгол туургатнаа Монгол орондоо ирж ажиллаж, амьдрахыг урьж, уриалсан нь бид бүхний өртөөлөн хэлэлцдэг ХӨХ ГЭРЭГЭ төслийн үйл хэрэгт нийцсэн түүхэн явдал болж, Цахим Өртөөчдийн хувьд баярын хур нэмсэн мэдээ байлаа.

Айсуй 2012 онд шинээр эхэлсэн үйл хэргийнхээ хөгжил, өрнөлийг амжилттай мaнлайлан чиглүүлж, амжилт, бүтээл болгох эрч хүчээр бялхсан жил байгаасай хэмээн хүсч байна.

Ингээд өнгөрөгч онд Холбооны зүгээс хийж ирсэн хамтын үйл хэрэгт мэдлэг туршлагаа харамгүй хуваалцаж, хоёргүй сэтгэлээ зориулж, дэм дэмэндээ МӨР ЗЭРЭГЦЭН АЛХАЖ, ХАМТДАА ХИЙЖ БҮТЭЭСЭН ӨРТӨӨНИЙ АНД Tанд чин сэтгэлээс талархал илэрхийлье!

Шинэ ондоо ЦАХИМ ӨРТӨӨЧИД бид жанжин шугамаа хадгалсан хэвээр байж, нийгмийн өмнө хүлээхээр шийдэж, зорилгоо болгосон үйл хэрэгтээ хамтын хүчээр зүтгэнэ гэдэгт итгэл төгс байна.

2012 он Таны хувьд ажил амьдралын бүх талбарт амжилт бүтээлээр баялаг, ТУУЛАЙ шиг хурдтай, ЛУУ шиг эрч хүч дүүрэн жил байх болтугай!

Танд болон Таны гэр бүлд угтан золгож буй ШИНЭ ЦАГИЙН халуун мэндийг өргөн дэвшүүлье!

 

  • Бичсэн Цахим Өртөө Холбоо
  • Үзсэн: 6179

Бүлэг: Мэндчилгээ

Боловсролыг чөлөөлье!

Проф. Др. Ж.Бат-Ирээдүй,
Монгол хэл бичгийн Багш нарын Үндэсний  Холбооны тэргүүн, Токио, 2011.01.23

Монголын нийт багш сурган хүмүүжүүлэгч, сургуулийн хамт олон, түүний дотор Монгол хэл, бичгийн багш нартаа багш нарын баярын халуун мэндчилгээ өргөн дэвшүүлье. Монголд хоёрдугаар сарын эхний долоо хоногт цагаан сар таарч байгаа учраас өнөөдөр багш нарын баярыг тэмдэглэж байгаа юм байна. Эрдэм боловсрол, эрдэмт багш, эрхэм шавь хэмээх амьд гурван хэлхээнд шүтэж, багш, ном, лам гурвыг оройдоо залж, дээдлэн сүсэглэж ирсэн сайхан уламжлалтай ард түмэн билээ бид.
Багш нарын баяр бол эрдэм боловсролыг шүтэж, гэгээрэл боловсролыг тэргүүндээ өргөн залж, ном судраа хүндэтгэн дээдэлж ирсэн ард түмний баяр аа. Баяр тэмдэглэх энэхэн агшинд бидэнд баярлаж бахархах, сайн сайхан амжилтын зэрэгцээ бодож үзмээр, боловсруулж  хиймээр зүйл их байгаа.

Зах зээлийн нээлттэй нийгэмд орсноор учир зүйгээ олох гэж хэрдээ их бужигнасан улс бол боловсролынхон. Боловсрол гэж ярихаар бага, дунд, их дээд гэсэн гурван түвшинд  ярьдаг. Одоо ингээд бараг хорин жилийн даваан дээр бодоход боловсрол боловсорчихоод байна уу гэвэл үгүй л байна. Учраа олохгүй бужигнасан хэвээр л байна. Одоо байгаагаас хэд дахин илүү цэгцэрсэн байх боломжийн цаг хугацаа бидэнд байсан. Үнэндээ төр засгаас боловсролыг тийм ч олигтой харж үзэхгүй, үзэхийг ч хүсэхгүй байна. Зах зээлийн нийгмийн эхнээс л хэчнээн ч олон шалдар булдар сайд тавигдаж боловсролоор тоглов. Тоглоом одоо болтол дуусаагүй үргэлжилсээр л байна.

Ерөөсөө манай өнгөрсөн хорин жилийн хамгийн том алдаа бол улс орныг, аливаа салбарыг дурын улс төрийн бялдууч зулгуйчид улс төрийн албан тушаал гэдэг пайз зүүж ирээд “хар таамаг, цээжний пан”-гаар удирдсан болж туршилт хийж байгаад л оршиж байна гэж молхи би бодож байна. Үүний үр дүнд ард түмэн, түүний үр хүүхдүүд муу удирдагч, муу сайд, муу менежерийн золиос болж байна. Боловсролын салбарт гэхэд л нэг дунд сургуулийн сурагчийн өмнө гараагүй, нэг их сургуулийн индэрт лекц уншиж үзээгүй, боловсролын салбарт нэг ч ажиллаж үзээгүй улс төрийн бантан идэж, бялуу хуваадаг нэг нөхөр яаж энэ гэгээлэг салбарыг удирдаж урагшлуулах билээ.

Улс төрийн албан тушаал гэдэг сайхан цол гуншин өгч, томилсоор утга учираа олохоо больж шинэ сайд ирэх болгонд “шинэ төлөвлөгөө” хийж, шинэ туршилт, шинэ хуйвалдаан, шинэ төрийн мөнгө идэх арга ухаанаа уралдуулсаар, харин үүний нөгөө талд монгол хүн амьдрал, ажил үйлс, амь нас, боловсрол мэдлэгээрээ хохиросоор ...

Боловсролын салбарын бүтээгдэхүүн гэдэг өнөө маргаашдаа биш хойч ирээдүй, хорин гучин жилдээ үр дүнгээ өгдөг эд. Талхнаас авахуулаад бүх юмны үнэ чөлөөт зах зээлийн жишгээр явж голидрол шугмаа олоод байхад дээд боловсролын үнийг ард түмэн ядуу тарчиг байна гэдэг шалтгаанаар дэлхийн хаа ч байхгүй үнээр хүчээр барьж байгаагаас болж мөнгөний хойноос хөөцөлдөж оюутны тоогоо ихэсгэсэн хувь, хувьсгалын бүх их дээд сургуулийн даац нь ихдэж, хөдөлж чадахаа болилоо. Үүнийг дээд, дунд, дооргүй хүлээн зөвшөөрч мэдсээр байж юу ч хийхгүй, хийхийг хүсэхгүй байна. Энэ нь гагцхүү улс төрийн сонгуулийн золиос болж байна. Гэтэл их сургуулиас хэд дахин илүү үнэтэй бага дунд сургуулиуд олигархиудын мөнгөний уурхай болон ард түмнийг шулсаар л байна.

Ийнхүү дээд боловсролыг улс төрийн уяа уурганаас салгахгүйгээр, дан ганц оюутны төлбөр, гадны хөрөнгө оруулалт, зээл тусламжаар хөгжүүлнэ гэвэл  хол явахгүй Боловсролыг зах зээлийн жамаар нь хурдан чөлөөлөх хэрэгтэй байна.

Эрдэмтэй багш та нар маань сайхан баярлаарай, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсье.

  • Бичсэн batireedui
  • Үзсэн: 2869

Бүлэг: Мэндчилгээ

Монгол Улсын Ерөнхий Сайд С.Батболд Хилийн чанадад байгаа иргэддээ мэндчилгээ дэвшүүлж байна.

Өссөн гэр, төрсөн нутгаасаа алсад, өргөн дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж, сурч, амьдарч байгаа Монгол ахан дүүс Та бүхнийхээ амар мэндийг айлтгаж, угтан ирэх шинэ оны мэндийг хүргэе. 

НҮБ-ын хөгжиж буй болон далайд гарцгүй орнуудын бодлого, мониторингийн газрын дарга С.Эрдэнэбилэг, “Родман энд Рэншоу” хөрөнгө оруулалтын банкны тэргүүн дэд ерөнхийлөгч Ж.Жамул, Москва дахь ЮНЕСКО-гийн төлөөлөгчийн газрын дарга Д.Бадарч, Монголоос хамгийн анх АНУ-ын Силикон Ваалийд ажиллаж буй Ш.Баатар, Финляндын Аабо их сургуулийн багш, доктор Ц.Цэрэн-Онолт, Yahoo-гийн инженер Ч.Ганболд, Майкрософт компанийн инженер Б.Сувдмаа, Майкрософт компанийн Windows C++ албаны дарга Л.Бат-Өлзий, БНСУ-ын Инчоны “Дусан” электроник компьютерийн үйлдвэрийн ажилтан Д.Базаррагчаа, Японы сумогийн их аварга М.Даваажаргал, Английн Лондон коллежийн оюутан Э.Энхмөрөн, Бангалор хотын бизнесмэн Х.Ганбат гээд хувь заяаныхаа эзэн болж харьд яваа мянга мянган Монгол иргэддээ Засгийн газрынхаа нэрийн өмнөөс, халуун элгэн нутгаас тань Монгол Улсын Ерөнхий сайд мэндчилж байна.
 
Шинэ зууны эхний арван өндөрлөж, хоёр дахь арван эхлэх оны зааг дээр Засгийн газрынхаа нэрийн өмнөөс Та бүхэндээ хандаж байна. Эх оронд тань өвлийн жавар хайруу ч хүмүүсийн сэтгэл халуун байна.
 
Хорин жилийн тэртээх энэ л өдрүүдэд монголчууд шинэ амьдрал, хүсэл мөрөөдлийнхөө төлөө тэсгим хүйтнийг үл ажран жагсан цуглаж, үгээ хэлж, эрх чөлөөтэй амьдралын замыг эргэлт буцалтгүй сонгож байсан билээ. Өнөөдөр Монгол улс өнгөрсөн 20 жилийн алдаа оноогоо цэгнэн дүгнэж, ирэх 20 жилийн зорилго зорилтоо тодорхойлон харж байгаа үе.
 
Улиран одож буй онд ололт, амжилт, ахисан, алдсан нь юу байв гэдгээ дүгнэн хэлэлцдэг нь шинэ жилийн өмнөх энэ өдрүүд юм.  2010 онд эдийн засаг тогтворжлоо. Засгийн газар “Хүний хөгжил”-дөө анхаарч, ард олноороо анх удаа эцэг өвгөдөөсөө үлдээсэн байгалийнхаа баялгаас хишиг, хувь хүртэж эхэллээ. Монгол орон 65.000 иргэнээр бүл нэмж өнөр олуулаа боллоо. Сүүлийн 15 жилд байгаагүй арвин ургац авлаа.
 
Шинэ бүтээн байгуулалт, шинэ төмөр зам, шинэ аж үйлдвэрийн цогцолборууд, шинэ орон сууцны хорооллууд баригдахаар боллоо. Европын стандарт, Канадын технологийг монголынхоо боломжтой салбаруудад нутагшуулахаар боллоо. Монгол хүний билэг, авъяас тодорч, спорт, урлагийн салбарт тив, дэлхийн олон аврагууд төрлөө.
 
Амьдрал дандаа сайхан байдаггүй учир алдаа дутагдал, хямрал зөрчил, саад бэрхшээл манай орныг тойрсонгүй. Хямралд өртсөн банк санхүү, дэд бүтэц, барилга, мал аж ахуй гээд эдийн засгийн олон салбараа сэргээх ажлууд үргэлжилсээр байна. Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын өгөөж шим  энгийн иргэдэд шууд мэдрэгдэхгүй байна.
 
Ажилгүйдэл 8.6 хувь, ядуурал 35.2 хувьтай байгаа нь Засгийн газрын санааг зовоосоор байна. Оргилуун дарс, ууттай бэлэг, баярын бялуугүйгээр шинэ оноо угтаж байгаа айл өрхүүд ч байгаа гэдгийг бид орхиж мартаж болохгүй.
 
Амжилт болгоноо баталгаажуулж, алдаа бүхнээ эргэн засах нь өөдөлж дэвжих улс орны нэгэн шалгуур байх учиртай. Та бүхнийгээ эх орондоо эргэн ирэхэд улс орныхоо хөгжлийг нэг алхмаар урагшлуулсан байхын төлөө, нэг шат илүү өндөр болгож барихын төлөө, нэг ч болсон шинэ зүйлийг сэдэж хэрэгжүүлсэн байхын төлөө бид зүтгэж байна. Ажил амьдралаа дээшлүүлэх, сурч боловсрох гэж алсыг зорьсон Та нарыгаа эх орон, төр засаг чинь ямагт санаж, ирэх өдрийг чинь тоолон хүлээдэг юм шүү.
 
Хэдийгээр хувь заяаны эрхээр өөр улсын иргэншилтэй болсон ч монгол хүний нэр төрийг өргөж, монгол эх орноо санагалзаж явдаг иргэдтэйгээ бид зүрх сэтгэлээрээ хамтдаа байдгаа хэлэхийг хүсч байна.
 
Өнөөдөр тусгаар Монгол Улсын минь 200 мянга орчим иргэн гадаадад ажиллаж, амьдарч, сурч байгаа гэсэн мэдээ бий. Ирэх жил болох шинэчилсэн бүртгэлээр энэ тоо улам тодорхой болно. Монгол төр иргэнээ нэг бүрчлэн бүртгэхийг чармайж байгаа тул Та бүхэн маань тусгаар улсынхаа бүрэн эрхт иргэн гэдгээ баталгаажуулж шинэчилсэн бүртгэлдээ хамрагдах нь монгол хүн бүрийн үүрэг юм шүү.
 
Та нарын маань олсон хураасан, илгээсэн бүхэн ахан дүүсийн тань амьдралыг тэтгээд зогсохгүй улс орны хөгжлийг дэвжээж байна. Та бүхний минь шинэ санаачилга, шинэ хүсэл тэмүүлэл улс орныг маань урагш хөдөлгөх хүч болно. Байнга биш ч гэсэн боломжтой үедээ би Та бүхнийхээ санал сэтгэгдлийг гадаад дахь монголчуудын блог, сайтуудаар орж судалж үздэг.
 
Анхаарах, ажил хэрэг болгох олон санал санаачилга байгааг анзаарч хэрэгжүүлэхийн төлөө зүтгэдэг билээ. Монгол хүн дэлхийн нэр хүндтэй газруудад уригдан ажиллаж, шилдэг брэндийг бүтээлцэж байгаад омогшиж, Монгол залуус Харвард, Жоржтаун, Оксфордод суралцаж эрдмийн зэрэг хамгаалж, эх орныхоо нэрийг өргөн, билэг оюуныхаа хүчийг батлан харуулж байгааг бахдан биширч явдаг.
 
Монгол хүний хүч хөдөлмөр, оюун ухаан дэлхийн хаана ч үнэлэгдэж чадаж байна. Гэвч 2.7 сая Монголчууд бид дэлхийн 6 тэрбум хүний хаана нь яваагаа эргэцүүлж бодох ёстой. Бид хаана төрсөн, хэний үр сад билээ гэдгээ хэзээ ч мартах учиргүй. Хүссэн үедээ эх орондоо ирж буцах нь цөөнгүй байгаад нь талархдаг. Өвгөдөө нутаглуулахад, хүүхдээ сургуульд ороход ирж амжихгүй, цагаан сар, шинэ жил, улсын наадмаар нутагтаа баярлаж чадахгүй гуниж яваа нь олон байгааг ч би мэдэрдэг.
 
Засгийн газар хүний нутагт байгаа иргэн бүртээ хүрч ажиллаж чадахгүй байгаа нь нууц биш. Тийм болохоор Хилийн чанад дахь иргэдтэйгээ хамтран ажиллах зөвлөлийг Ерөнхий сайдын дэргэд байгуулан гадаадад амьдардаг иргэдийн бүртгэл, судалгааны нэгдсэн мэдээллийн сантай болох, тэднийг эх орондоо эргэн ирж ажиллах эрх зүй, эдийн засгийн таатай орчин бүрдүүлэх, мэдээллийн солилцоог түргэтгэх, төр-хувийн хэвшил, төр-иргэний нийгмийн түншлэлийг хөгжүүлэхээр ажиллаж байна.
 
Зовлон бэрхшээл, хүнд хэцүү үед нь иргэддээ туслах зорилготой “Иргэдэд туслах сан” Гадаад харилцааны яамыг түшиглэн ажилладаг боллоо. Энэ онд гадаадад амьдарч  буй монголчуудынхаа анхдугаар  чуулга уулзалтыг эх орондоо зохион байгууллаа. Уг чуулга уулзалтад оролцогчдоос гаргасан шинэ санаачлагуудыг ажил хэрэг болгох нь бидний үүрэг болон үлдсэн. Хилийн чанадад нарийн мэргэжил, туршлага эзэмшсэн иргэдээ эх орныхоо бүтээн байгуулалтад татан оролцуулах, нийгмийн асуудлыг нь шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Зөгийн үүр” хөтөлбөр боловсруулж, баталлаа.
 
Энэ хөтөлбөр болоод монголчуудынхаа ажиллаж амьдарч байгаа орчинтой танилцуулах, тодорхой арга хэмжээнүүдийг авах зорилгоор Засгийн газрын төлөөлөгчдөө Герман, БНСУ-д ажиллуулав. Авч хэрэгжүүлэх арга хэмжээ олон байгаатай биечлэн танилцсан. Ирэх жил АНУ болоод бусад орнуудад ажиллуулах төлөвлөгөөтэй байна. Та бүхэнтэй уулзахаар очих Засгийн газрын төлөөлөгчдөд санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаарай. Монголчууд бид нэгдэн нийлсэн, хамтдаа үедээ хүчтэй байж ирсэн билээ. Би та бүхнийхээ дуу хоолой, үзэл бодол, бүтээлч шүүмжлэлийг сонсож, шууд харилцаатай байх боломжийг технологийн дэвшил олгож Твиттэр, фэйсбүүкийн дансуудаа идэвхжүүллээ.
 
Хилийн чанадад амьдарч буй Монгол Улсын иргэд өөрсдийн сонирхол, мэргэжлийн дагуу холбоо, нийгэмлэг байгуулах замаар эвлэлдэн нэгдэж, эрх ашгаа хамгаалах, улс орныхоо түүх соёл, хэл, иргэншлийг сурталчлан таниулах үйл ажиллагааг идэвхтэй явуулж байгаа нь бахдууштай хэрэг юм. Британийн монголчуудын холбоо, “Цахим Өртөө Холбоо”, АНУ-ын Вашингтон, Чикаго, Сан Франциско, Денвер хот дахь монголчуудын холбоо, “Даяар Монгол” веб хуудас, Вашингтон дахь Монголын Соёлын төв, БНСУ дахь “Далайн салхи” нийгэмлэгийн үлгэр дууриалаар хотоороо, улсаараа, сургуулиараа эвлэлдэн нэгдвэл энэхүү төрийн бус байгууллагаар нь дамжуулан Та бүхэндээ хүрч ажиллахад дөхөм  болно гэдгийг энэ дашрамд зөвлөе. Манай Засгийн газар олон улсын бүхий л төрлийн стандартыг эх орондоо нутагшуулахаар зорьж байгаа тул ажил амьдралын сайн сайхан хэвшлээ эх орондоо үлгэр дууриал болгон нэвтрүүлэхийг ч хүсье.
 
Манай улсын өмнө асар их боломжууд, үзээгүй том сорилтууд тавигдаж байна. Монгол улс ирэх 20 жилээ их бүтээн байгуулалтын он жилүүд болгон зарлалаа. Энэ бүтээн байгуулалтад сурсан мэдсэнээ харуулж, идэвхи санаачилгатай оролцоосой гэж энэ мэндчилгээгээр дамжуулан бүх монголчуудаасаа хүсч, урьж байна. Явах нэгэн өдөр байхад ирэх нэгэн өдөр бий гэж эцэг дээдэс минь цэцэлдэг билээ. Санаж сарвайх бүхнээ үлдээгээд харийг зорьсон өдөр байхад төрсөн нутаг, өссөн газар, аавын голомт, сайхан Монгол орондоо буцаж ирэх өдөр ирнэ.
 
Аавын бийд хүнтэй танилцаж, агтны бийд газар үзэхээр явсан та бүхэн маань эргэн ирж их үйлсийг жолоодон зүтгэх учиртай. Авдаг цалин нь дэлхийн жишигт биш ч нэмэгдэн өсөх боломж нээгдэнэ гэдэгт би итгэдэг. Монгол Улс маань хөгжлийнхөө шинэ гараан дээр ирээд байгаа энэ цаг мөчид манай төр засаг гадаадад боловсрол мэдлэг олж мэргэшсэн залуусаа эх орондоо ажиллах нөхцлөөр хангах нь зүйтэй гэж үзэж байна.
 
Улс орныхоо хөгжлийн талаар санаж бодож явдаг зүйлс, Засгийн газрын үйл ажиллагааны алдаа оноо, бодлого хөтөлбөр, авч буй арга хэмжээний талаарх үнэтэй санал сэтгэгдлээ Twitter.com/batboldpm, www.batbold.com, болон засгийн газрын Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй." target="_blank">Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.Энэ хаягийг спам-с хамгаалж байгаа бөгөөд та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй. , Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй." target="_blank">Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.Энэ хаягийг спам-с хамгаалж байгаа бөгөөд та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй. , Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй." target="_blank">Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.Энэ хаягийг спам-с хамгаалж байгаа бөгөөд та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй. гэсэн хаягаар ирүүлээрэй. Ажил төрөл, үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлэхийн төлөө зүтгэх болно.
 
Ирэх 2011 онд Монголын тулгар төр байгуулагдсаны 2220, Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний 100, Ардын хувьсгалын 90 жил, улс төрийн ууган хүчин Монгол Ардын Намын 90 жилийн билэг ерөөлтэй түүхт их ойнууд давхцан тохионо. Боломжтой нэгэн нь эх орондоо ирж, боломжгүй нь байгаа газар нутагтаа эдгээр тэгш дүүрэн ойн баяраа тэмдэглэж Монгол хүнийхээ омогшлыг мэдэрч, их түүхээрээ бахархан наадахыг хүсэе.

Та бүхнийхээ ажил үйлсэд амжилт хүсэж, сайхан Монгол орондоо хийж хэрэгжүүлэх шинэ санаачилга, шинэ тэмүүлэлтэй, дүүрэн хүсэл мөрөөдөлтэй ирнэ гэдэгт итгэж байна. Усны урт, газрын холд суугаа Монгол ахан дүүс минь ээ! Эцэг өвгөдийнхөө гал голомтод эргэж тавтай морилоорой. Эх орныхоо их бүтээн байгуулалтыг гардан хийцгээе. Та бид хамтдаа эх орноо хөгжүүлж, эзний ёсоор амьдрах учиртай.

  • Бичсэн Цахим Өртөө Холбоо
  • Үзсэн: 6452

Бүлэг: Мэндчилгээ

Хилийн чандад суугаа монгол улсын иргэддээ хандаж гадаад харилцааны сайд Г.Ззанданшатарын илгээсэн шинэ жилийн мэндчилгээ

 Манай гаригийн өнцөг булан бүрт суугаа Монгол улсын иргэд ээ!

Эх орон нэгт ахан дүүс та нартаа ирж буй шинэ жилийн мэнд хүргэж, ажил үйлс бүтэмжтэй, амжилт бүтээл арвин, аз жаргал дүүрэн байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Улиран одож буй 2009 он манай орны хувьд төдийгүй олон улсад хүнд хэцүү, сорилтын жил болж өнгөрлөө. Дэлхийн санхүү, эдийн засгийн хямрал манай оронд ч хүчтэй нөлөөлж, эдийн засаг, нийгмийн амьдралд хүндрэл, бэрхшээл учрууллаа. Гэвч манай төр засаг, ард иргэд, аж ахуйн нэгжүүд хямралыг сөрөн хамтран ажилласны дүнд багагүй амжилт оллоо. 2009 онд манай тариаланчид 390 орчим мянган тонн үр тариа, 150.5 мянган тонн төмс хурааж авсан нь дотоодынхоо хэрэгцээг бараг хангах нөхцлийг бүрдүүллээ. Баатарлаг малчид маань эрдэнэт мал сүргээ өсгөн үржүүлж 43 гаруй саяд хүргэлээ.

Улс орны эдийн засгийн тэргүүлэх салбар-уул уурхай цаашид эрчимтэй хөгжих замд орлоо. Дэлхийд томоохонд орох Оюутолгой зэсийн ордыг ашиглах гэрээг 2009 оны намар гадаадын хөрөнгө оруулагчидтай байгууллаа. Цаашид нүүрс, уран, мөнгө зэрэг эрдэс баялгийг ашиглах, тэдгээрийг дагасан дэд бүтцийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэх зорилт тулгарч байна.

Тус яам “Гадаад харилцааг эдийн засагжуулах хөтөлбөр”-ийг санаачлан боловсруулж, 2009 оны 10 сард Засгийн газраар батлуулсан бөгөөд цаашид уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүднээс улс орондоо гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, гадаад худалдааг өсгөх чиглэлээр идэвхитэй ажиллах болно.

Ардчилсан хувьсгал өрнөж эхэлсний 20 жилийн ойг өргөн дэлгэр тэмдэглэв. Энэ түүхэн богино хугацаанд манай улс зах зээлийн эдийн засагт шилжих түүхэн шилжилтийг амжилттай хэрэгжүүлж, дэлхийн олон улс орон, олон улсын байгууллагуудтай үр бүтээлтэй хамтран ажиллаж байгаагийн дүнд манай орны олон улсын нэр хүнд өсөж байгааг тэмдэглэхэд таатай байна. Үүний хамт гадаадад ажиллах, сурах манай иргэдийн тоо нэмэгдэж байгаа бөгөөд эдүгээ 120 мянгад хүрчээ. Гадаадад оршин суугаа иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах нь манай гадаад бодлогын нэн тэргүүний чиглэл болж байна.

Монгол Улсаас гадаад орнуудад суугаа дипломат төлөөлөгчийн газруудын тэргүүн нарын зөвлөгөөнийг 2008 оны эцсээр, Монгол Улсын өргөмжит консулуудын зөвлөлдөх уулзалтыг 2009 оны 9 сард тус тус зохион байгуулж, хилийн чанадад суугаа манай улсын иргэдийн эрх ашгийг хамгаалж ажиллах талаар 35 дипломат төлөөлөгчийн газар, 38 оронд байгаа 66 өргөмжит консултай тодорхой ярилцаж, хийх ажлаа төлөвлөлөө.

Гадаадад суугаа манай ДТГ-ууд иргэдийнхээ судалгаа бүртгэлийг бүрэн гаргаж, ахуй нөхцлийг нь судалж, ажлын газар, сургуулийн удирдлагуудтай нь холбоо тогтоох, иргэдийг хүлээн авах тусгай өдөртэй болох, иргэдийн санал хүсэлтийг шуурхай барагдуулж байхыг би саяхан гаргасан албан даалгавартаа тодорхой заасан.

Мөн гадаад орнуудад суугаа манай улсын иргэд, оюутан сурагчид, эрдэмтэд, уран бүтээлчид, бизнес эрхлэгчидтэй байнгын холбоотой ажиллаж, нэгдсэн мэдээллийн бааз бий болгох, улс эх орноо сурталчлахад татан оролцуулах, тэдний сургалт судалгаа, уран бүтээл, бизнесийн ажилд аль болох дэмжлэг тусламж үзүүлж байхыг ДТГ-даа бас үүрэг болгосон.

Иймд иргэд та бүхэн суралцаж, ажиллаж, амьдарч байгаа орондоо суугаа Монгол Улсын Элчин сайдын яам, Ерөнхий консулын газар болон өргөмжит консулуудтай байнгын холбоотой байж эрх зүйн болон бусад туслалцаа авч, эрх ашгаа хамгаалуулан, санал бодлоо илэрхийлж, харилцан бие биендээ тусалж, хамтран ажиллахыг хүсч байна.

Хилийн чанадад эрх ашиг нь хөндөгдсөн, гачигдал зовлон учирсан иргэдэд санхүүгийн тусламж үзүүлэх тогтолцоо бүрдүүлэх зорилгоор “Иргэдэд туслах сан”-г байгуулан ажиллаж байна.

Иргэд зорчих нөхцлийг хөнгөвчлөх үүднээс 16 улстай харилцан визгүй зорчих хэлэлцээр байгуулан мөрдөж байна. Цаашид харилцан визгүй зорчих улсын тоог нэмэгдүүлэх чиглэлээр Гадаад харилцааны яам хүч чармайлтаа тавин ажиллаж байгаа бөгөөд зарим тодорхой үр дүн 2010 оноос гарна гэж найдаж байна.

Хилийн чанадад суугаа манай иргэдэд суугаа орныхоо хөгжил, дэвшлийн ололт амжилтыг анхааран судалж, тэргүүний арга туршлага, ноу-хау, орчин үеийн стандарт, шалгуурыг эх орондоо шилжүүлэн хэрэгжүүлэх, улс орны хөгжлийг хурдасгахад хэрэгтэй шинэлэг санаа, оноог уламжлан дэвшүүлж байхыг хүсье.

Та бүхэн улс орныхоо хөгжил, дэвшлийн төлөө байнга санаа тавьж, сурсан эрдэм, олсон туршлагаа эх орондоо харамгүй зориулах хүсэл эрмэлзэл дүүрэн явдагт бид их баяртай байдаг бөгөөд цаашид та бүхний хувь нэмэр, тус дэм улам өсөн нэмэгдэнэ гэж итгэж байна.

Та бүхнийг байнгын холбоо, харилцаатай байж, санал хүсэлтээ тогтмол уламжлан бидэнтэй хамтран ажиллахыг би Монгол Улсын Гадаад харилцааны сайдын хувьд уриалж байна.

Монгол Улсын Гадаад харилцааны яам та бүхэнд үргэлж нээлттэй байх болно.

Та бүхэндээ эрүүл энх, эрч хүч, олз омог дүүрэн байхын ерөөл дэвшүүлье.

Монгол Улсын Их Хурлын гишүүн
Засгийн Газрын гишүүн
Гадаад харилцааны сайд Гомбожавын Занданшатар

  • Бичсэн Цахим Өртөө Холбоо
  • Үзсэн: 3033

Цахим Өртөө Сүлжээнд элсэх

  • Өртөөний сүлжээнд элсэх

tsahim_urtuuХэрэв та Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээнд элсэхийг хүсвэл: http://groups.google.com/group/tsahim-urtuu-suljee хаягаар зочилж маш хялбархан бүртгүүлж болно. Та Гүүгл суурьт энэхүү сүлжээнд имэйлээ бүртгүүлснээр манай сүлжээний гишүүн болно.

 

Image Temp

Энэ хуудас нь Цахим Өртөө сүлжээний нийт гишүүдийн хамтын бүтээл байх бөгөөд ажил хэргийн санал болгоныг вэбийн хамтлаг тухай бүр нь тусган энэ хуудсанд оруулж байх болно. Хамтран ажиллаж буй, ажиллахаар зэхэж буй таньд баярлалаа.

Newsletter