181-р сар2018

Бүлэг: Мэндчилгээ

Баярын мэндчилгээ - Сумо болоод Монголын ард тvмэнд тохиож буй тvvхэн цаг мөч

Монгол хүмүүний авхаалж самбаа, хүч ухаан, цог залийг үзүүлсэн бахдам сайхан барилдаанаараа Наран улсын нэр хүндэт дэвжээ Мэрэгжлийн сумогийн дээд зиндаанд Монгол хүн анх удаагаа түрүүлж, СУМО-ийн түүхэнд нэгэн шинэ хуудас нээж буй озеки Долгорсүрэнгийн Дагвадоржид Цахим Єртөө сүлжээний хамт олноос чин сэтгэлийн талархал илэрхийлж СУМО-ийн их оргил өөд мятрашгүй тэмүүлэх чин хүсэл тань улам бүр оргилон бадарч бяр хүч ухаан бодол тань жигдрэн жагсаж СУМО-г шүтэн бишрэгч үзэгч түмнээ улам улам баярлуулан баясгаж явахын өлзийтэй ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлье!

Мэрэгжлийн СУМО-ийн дээд зиндаанд Монгол хүн анх удаагаа түрүүлж буй энэхүү түүхэн үйл явдлыг тохиолдуулан Монгол туургатны Цахим Єртөө сүлжээний гишүүд газар газраас баярын мэндчилгээ, өөрсдийн санал сэтгэгдэлээ ирүүлсээр байна. Та дараах захидлуудаас энэхүү баярт үйл явдалтай холбогдуулан бичсэн тэдний баяр бахдал, бодол сэтгэгдэл, ерөөл хүслийг толидон сонирхоно уу

1. Tumur Bagy
2. Chinbari Chimbari
3. Oyunaa Tulga
4. Dava Ganbat
5. NEBA NL
6. Byambaa Otgonbaatar
7. Euro Murun
8. Erdenbat Nyambaa
9. Lkhasuren
10. Bat-Orshih Jamts
11. Bilig Byamba
12. Byambaa Tsagaanbaatar
13. Manduunai Bat
14. Bold
15. Babar
16. Soc Dek
17. Dashaa Vodka
18. Temuulen Ganzorig
19. Temuulen Ganzorig
20. Erdeneochir sertev
21. Javkhaa G.
21. Altaibaatar Seseer
22. Enhee Batbayar
23. Sean Bean

  • Бичсэн tamga
  • Үзсэн: 1454

Бүлэг: Мэндчилгээ

Гадаадад суралцагч, төгсөгч оюутан залуусын чуулга уулзалтанд зориулсан мэндчилгээ

Цахиагийн Элбэгдoрж, 2002.08.29

Гадаадад суралцагч монгол оюутнуудын чуулга уулзалтад оролцож байгаа эрхэм залуус, анд нөхөд Та бүгдийн түмэн амгаланг алс холын Амeрик орны нийслэл Вашингтон хотоос айлтгаж, чуулганы тань ажилд арвин их амжилт хүсэн мэндчилье. Энэхүү чуулга уулзалтыг дэмжиж буй төрийн, хувийн болон олон нийтийн байгууллагын удирдлага, хамт олонд талархаж байна.

Уг чуулганаас Монгол орны шинэ зуун дахь хөгжилд дорвитой хувь нэмэр болохуйц шинэ санаа дэвшигдэнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Түүнийг Монголын олон нийт, төр засаг дэмжиж хэрэгжүүлэх их ажил өрнөнө гэдэгт бас итгэж байна.

Манай оюутан залуус бол нэг талаар улс орны минь ирээдүй, нөгөө талаар энэ ард түмний итгэлийн галыг өдөөгч, дэвжээгч гол хүч нь юм.

Ингэж уулзах, ийм арга хэмжээг төр түмэнтэйгээ хамтарч зохиох гэдэг бол том алхам. Гэхдээ та бүгдийн бодож санаж буй бүхэн дэвшүүлж, гаргаж байгаа санаа бур тодорхой ажил хэрэг болж чадвал орчин цагийн Монгол орны хамгийн том амжилтуудын нэг болох болно. Хамгийн гол нь эхлэл тавигдлаа. Энэ гэгээн үйл хэргийг үргэлжлүүлж Монголын төр, байгууллагууд эрдэмтэй боловсролтой, оюун төгс нүд тайлж, ухаан тэлсэн иргэдээ уриалан дуудаж хамтран ажиллах л үлдлээ.

Энэ чуулганд манай төрийн удирдах хүмүүс оролцож буйг сонсоход таатай байна. Тэднээс эрдэм чадалтай иргэдээ улс орныхоо хөгжилд татан оролцуулахад нөлөөлөхүйц шинэ санал санаачилга гарч бодит ажил болоосой гэж хүсэж байна.

Гадаадад суралцагч монгол оюутан залуус бол газрын хол усны уртад Эх орон гэдэг, эрх ашиг гэдэг нэг болохыг мэдэрсэн хүмүүс. Хөгжилтэй бол хөгжилтэй, хүн төрөлхтөнд олон зүйлээр гайхуулж толгой цохиж яваа, олон улс оронд сурч тэнд хүмүүс яaж амьдардаг, яaж сурдаг тэр жишгээр дунд нь яваа та нарт хэлэх үг дэвшүүлэх санаа олон бий.

Зоримог санаа дэвшүүлэхээс, дэвшилтэт алхам хийхээс бүү ухар залуусаа. Даацтай санал санаачилга, шинэ эхлэл гэдэг бол хүний амьдралын уртаар хэмжигддэггүй, хэдэн үе дамжин улс орныг, ард түмнийг хөтөлж явдаг юм.

Та бүхэн улс орныхоо хөгжлийн төлөө хэрэг болно, ийм зүйл хийх хэрэгтэй гэж шинэ санаа дэвшүүлж байгаа бол тэнд та бүхний орон зай хэрэгцээ байна гэсэн үг. Yvнийг ч хүмүүс хаа сайгүй мэдэрч байна. Орон зайгаа эзэл, хийх зүйлээ хийцгээ залуусаа.

Энэ чуулганыг өөрсдөө газрын холоос санаачилж цугласан шигээ хийх бүтээх зүйлээ санаачилж өөрсдөө хийж, өөрсдөө алдаж, онож байж л амжилтанд хүрнэ. Хэрэгтэй зүйл, сайн үйл сэдвэл түмэн олон чинь, төрөлх Эх орон чинь дэмжээд хамтраад ирэх юм байна гэдэг нь та бүхний зуны налгар цагаар налайж суулгүй уухайлж хөдөлсний үр дүн, өнөөгийн энэ чуулган чинь харуулж байна.

Монголчууд эрт дээр үеэс эрдэмтэн мэргэд, оюун билигт хүмүүсээ хайрлаж, үнэлж ирсэн ард түмэн. Энэ үнэлэмж цагийн эрхээр өөрчлөгдөж, унаж, уруудаж ирсэн боловч дахин сэргэж байна.

Бидэнд арвин их мэдлэгтэй, дэлхийн хөгжлийн энг хардаг, түүний шаардлагыг хангадаг, мэддэг хүн олох гэж зовдог эрдэг үе байсан. Одоо бол хэдэн арваараа, хэдэн зуугаараа тийм залуустай болсныг энэ чуулган батлаад нотлоод өгөх байх.

Монгол улс сүүлийн арав гаруй жилийн түүхэндээ олсон гайхамшигт амжилтын нэг бол энэ орон дэлхийд хэний ч өмнө нүүр улайлгахгүй боловсон хүчинтэй болсонд, тийм чадавхи бүхий болж буйд оршиж байна. Одоо Монгол улс энэ залуусаа ашиглаж нүүр улайхгүй тийм хөгжлийн түвшинд хүрэхийн төлөө урагшлах хэрэгтэй.

Дэлхийн түвшинд хүрч сурахын, тийм боловсрол олохын амаргүйг та бүхэн мэднэ. Тийм мэдлэг үнэлэгддэг, улс орныг, байгууллага, хамт олныг амжилтад хүргэдгийг та бүхэн мэднэ. Одоо үүнийгээ түмэнд мэдрүүлж үнэлүүлж ажиллах цаг ирж байна.

Эх орноо санах, ээж аав, элгэн садан, ах дүүгээ мөрөөдөхийн хэцүүг та бүхэн мэднэ. "Монгол зудтай байна" гэж сонсоод нутгаа санаж, зүүдэлж хонохын үнэнийг та бүхэн мэднэ.

Монголын нэрийг сайнаар сонсоод баярлахын сайхныг, улсынхаа тухай таагүй юм дуулаад санаа зовох, шаналахын хэцүүг та нар бас мэднэ. Холоос хэлсэн үг, гэрийн гадаа ярьж буй яриа гэр доторхи хүний чихэнд тэр тусмаа ажил ихтэй, албаны хүний сонор анхааралд хүрдэггүй болохыг та нар мэднэ. Тийм ч учраас та бүхэн алжаал тайлах цагаа умартан их ажил сэдэж нутагтаа очсон байх.

Хүний бодох сэтгэхээс бусад нь өөрчлөгдөн хувирч буй хорвоогийн аашийг та бүхэн мэднэ. Түүнд ямар хариулт хэрэгтэйг олоогүй ч, тэнд харин ямар асуулт дэвшигдэж буйг та нар мэдэж байгаа. Хилийн чанадаас нутаг орон чинь ямар харагддагыг та бүхэн мэднэ. Дэлхийн хүмүүс Монголыг хэр мэддэгийг, яаж мэддэгийг та нар бие сэтгэлээрээ мэдэрсэн. Нутгаа өмөөрөх, хайрлах, санахыг бас үзсэн.

Нутагт буй ах дүүс тань, найз нөхөд чинь ихэнх нь "Нааш ирэх гэж яaраад яaхав, наанаа байж бай" гэхэд та нар эх орон луугаа очиж байна. Хүмүүсийн зарим нь хилийн чанадыг зорьж, хөгжилтэй, нэртэй нэгнийг бараадах мөрөөдөлд автаж, тэдний ам харц гадагш чиглэж байхад та нар дотогш нутаг руугаа очиж байна. Энэ бол жам ёсны боловч гайхамшиг.

Та бүхэн тэнд хийх юмтай, хэлэх үгтэй хэрэгжүүлэх зүйлтэй нь харагдаж байна. Та нарын энэ алхам "Бүгдээрээ нутагтаа очъё.Тэнд хийх ажил их байнa." гэсэн уриа дуудлага мэт санагдаж байна.

Монгол бол хөгжлийнхөө гайхамшигтай эрин үедээ байгаа орон. Тарьсан үр бүхэн соёoлж болох, түүний үр жимсийг хүртэж болох, тийм боломжтой, тийм чадавхитай болж байгаа орон. Тэнд та бүхний орон зай бий. Yvнийг та нар мэдэрчээ. Маш зөв. Сайхан эхлэл. Сайхан эхэлж, муу хэлүүлж, шинэ замыг хүндрэл бэрхшээлтэйгээр туулдаг нь нийгмийн хөгжлийн жам. Шантрахгүй бас зогсохгүй л байх хэрэгтэй.

Дээхнэ үед монголчууд хүрээний ламаас сонин дуулж, тэд юу ярьж буйг чагнаж, үйл явцын өрнөлийг мэдэрдэг, аливааг үнэлдэг байсан тухай яриа байдаг. Одоо оюутан залуус та бүхнээс хүмүүс шинийг сонсож, хөгжлийн чиг хандлагыг мэдэх, мэдрэх хэрэгцээ байна. Yгээ хэл, дуугаа дуул, бүжгээ хий залуусаа. Санаагаа дэвшүүлж, бодлоо уралдуулж, хэн нь юу сурснаа үзүүл, юу хийж чадахаа үзүүл, юу бодож санаж явдгаа ярилц залуусаа.

Хэн нэгнээс адис хүртэж, хэн нэгний сургаал сонсож байж, хэн нэгнээс зөвшөөрөл авч байж юм хийх гэж оролдох хэрэггүй. Та бүхнийг сурахад чинь, уншихад чинь, шинэ юм мэдэхэд чинь, шинэ мэдлэг эзэмшихэд чинь хэн нэгэн зөвшөөрөл өгөөгүй. Одоо түүнийгээ ажил хэрэг болгоход бас хэн нэгнээс зөвшөөрөл гуйх хэрэггүй. Гуйсан юм гутаж, хийсэн зүйл үлддэгийг санацгаа.

Мэдээж та бүхэнд туслалцаа хэрэгтэй, та бүхнийг дэмжих алхам хэрэгтэй. Гэхдээ та бүхэнд тусалдаггүй юм гэхэд саад болохгүй байх л чухал. Төрийн байгууллагууд, манай урдаа барьдаг бизнeсийн болон олон нийтийн идэвхтнүүд та бүхнийг дэмжиж, хамтарч ажиллаж байна. Энэ бол Монголын эрх ашиг нэг, тэр нь Монголын хөгжих, эс хөгжих эсэх асуудалд оршдогийг харуулж байна. Хөгжлийг бүтээгч бүрэлдүүлэгч нь эрдэм мэдлэг, авъяaс чадвар бүхий хүмүүс юм.

Боловсрол, хүний хөгжлийн тухай асуудал өнөөдөр аль ч орны нийгэм, улс төр, эдийн засгийн хөгжлийг тодорхойлдог, түүний тухай дарга нь ч, цэрэг нь ч, баян нь ч, ядуу нь ч, ерөнхийлөгч нь ч, тариачин нь ч санаа тавьдаг, ярьдаг болжээ. Монгол өнөөдөр энэ тухай ярих биш түүнийг ажил хэрэг болгох гэж байгаа, түүний төлөө санаа тавьдаг, хөрөнгө хүч зардаг орон болж хувирч байна. Энэ бол бас л амжилт.

Хөгжилтэй, иргэд нь боловсролтой жижиг орон тийм зүйлээр дутмаг ямар ч том оронтой эн тэнцүү байх тийм боломж нээгдэж байна. Yvнийг манай оюутан залуус бас л олж харжээ. Монголын залуучууд чуулж, цуглаж, ярилцаж байж тэндээс шинэ юм гарч байсан, их үйл хэрэг эхэлж байсан удаатай. Та бүхний сэдсэн ажил бүхэн бүтэх болтугай.

Амeрикийн Нэгдсэн Улс, Вашингтон хот.

  • Бичсэн tamga
  • Үзсэн: 1605

Бүлэг: Мэндчилгээ

Цагаан буяны тухай Ажиа гэгээний айлтгал

Цагаан сарын шинийн нэгнээр бэлэг дэмбэрэл, өлзий ерөөл хүрч, Монголчууд та бүхэндээ Замдаан сэтгүүлээр дамжуулан үгээ хүргэх завшаан таарч, дээрээс Зонхив Богд гэгээн, гэвш багш нар ном их айлдсаны ивээлээр ийнхүү ахарлан хэлэх боломж гарлаа Та бүхэнтэй хамтран сууж буян хүртэх ийм сайхан завшаан тохирсонд би баяртай байна Би багаасаа Гүмбэм хийдэд өссөн нэгэн Монгол хүн Миний саатаж байсан Гүмбэм хийдийг Монголд Утаа Гүнбэн гэдэг

Цагаан сарын шинийн нэгнээр бэлэг дэмбэрэл, өлзий ерөөл хүрч, Монголчууд та бүхэндээ Замдаан сэтгүүлээр дамжуулан үгээ хүргэх завшаан таарч, дээрээс Зонхив Богд гэгээн, гэвш багш нар ном их айлдсаны ивээлээр ийнхүү ахарлан хэлэх боломж гарлаа. Та бүхэнтэй хамтран сууж буян хүртэх ийм сайхан завшаан тохирсонд би баяртай байна. Би багаасаа Гүмбэм хийдэд өссөн нэгэн Монгол хүн. Миний саатаж байсан Гүмбэм хийдийг Монголд Утаа Гүнбэн гэдэг. Yй олон Монгол, Тангад хүмүүс тэнд хүрч буян мөргөл хийж явсан өнө их түүхтэй. Богд Лам Зонхивын тодорсон газар Гүмбэм хийд нь Төвдийн бурхан шашны зургаан их төвийн нэг юм. Богд лам хайрласан номноос Ламрим Чинмо нь анхны чухал ном болно. Ламримыг нэгэн дор барахгүй тул дотроос Юндэн Шүжэрмаа хэмээх номын утгыг хураангуйлан хэлье.

Монголчууд түүхэндээ бурхан шашныг ихэд дэлгэрүүлж явжээ. Бурханы шашин Монгол оронд их дэлгэрээд Монгол үндэстэнд тун их тус хүргэсэн. Зөвхөн манай Монгол улс биш, орчлон дээрх олон амьтанд их ач тус хүргэсэн. Гэвч бидэнд гэнэтийн их аюул ирж, бурханы шашинд их муу болоод хэдэн арван жилээр харанхуй суулаа. Бурханы шашин сэргээд ирэхээр залуус шашныхаа учрыг сайн мэдэхгүй болсон байна. Монголчууд маань их залуу улс. Залуус маань бурхан шашнаа мартсан дахин сэргээх хэрэгтэй гэж би бодож байна. Бид нар ёс заншилаа сэргээн залах хувь тавилантайд би маш их баярлаж, бие сэтгэлээ зориулж явдаг.

Бурханы шашинд гурван эрдэнэ бий агаад хамгийн түрүүнд хэлдэг ёстой зүйлс. Гурван эрдэнэд бурхан, ном, хувраг орно. Бурхан гэж байдаг боловч нэн ховор. Ямар ч хүн бурхан болж чадах бурханы оюун санаа байна гэж хэлж болно. Бурханы сэтгэл бидэнд байсан ч бурхан болдог хүн нэн цөөн. Учир нь бидэнд хэл хилэнц ихтэй, түүндээ дарагдаад бид тэр бурхан болох эрдэнийг (юндэн) ил гаргаж чаддаггүй. Бурханы зам мөрийг дагаад бурханы номноос сайтар сурч, сэтгэлээсээ чин сүсэглэвээс бид олон нийтээрээ бурхан болж чадах юм. Бурхан гэж хэл хилэнцгүй сэтгэл ариуссан хүнийг хэлнэ. Бидний мөргөдөг Далай Богдыг бурхан хэмээн сүсэглэвээс зохино. Бурханы номыг сүсэглэсээр бурхан болох жамтай. Тэгвэл бурханы ном нь тун олон мянган холгон судар болно.

Монгол газарт ганжуур данжуур гээд Монголоор орчуулсан олон том ном судар байна. Гэвч тэр их ухааныг хураангуйлан хэлвээс eрдөө хоёр өгүүлбэр болно. Хэл хилэнц хийж болохгүй, буян ном сайн хийх гэсэн хоёр өгүүлбэрт бүх утга нь багтана. Бидний Монголчууд ийм сайхан нандин ёс заншилтай улс. Єөрөөсөө ах хүмүүсийг хүндлэх, ахан дүүстэйгээ дацаа (хэрүүл) багатай амьдран суух, эрдэнэ болсон өөрийн соёл, ёс заншлаа мөрдөн амьдрах бөгөөд тэр бүхэн бурханы шашны номон дотор багтаж байна гэж би боддог. Энэ сайхан заншлаасаа мартсаныг түүхээс сөхөн харахад бидэнд гадна дотнын аюул ирснээс л болсон байдаг. Хаяж гээснээ дахин сэргээгээд ирвэл их ач тустай шүү дээ. Хувраг болох лам шавь хүмүүс нь сүм хийдэд суугаад ном заалгаад ном сурч байна. Олон нийт, ард түмэн дотроос ном бүтээж байсан, шашин бадруулж, цагаан буян үйлдэж явсан хүн олон бөгөөд тэд бүхэн хувраг хүний бүтээж байсантай мөн чанараараа адил. Олон нийтээрээ ийнхүү ихийг бүтээвээс номын гэгээн замаар бүгд явна. Номын замаар явбаас шашны үйл хэрэг бүтнэ. Улмаар олон нийтээрээ орчлон дээр энх амгалан сайхан сууж, жаргалын нар мандаж чадна. Ийм сайхан ерөөлтэй зүйлсийг гурван эрдэнэ хэмээнэ.

Гурван эрдэнийг бүтнээр айлдвал их цаг орно. Дотроос хамгийн бодууштайг нь тодруулбал арван цагаан буян болно. Арван цагаан буяныг товчлоод хэлэхэд муу хэрэг хийж болохгуй, муу хэлж болохгүй гэсэн нь нэн чухал. Зарим хүн өнөө маргаашийн амьдрал гээд их яарч, би их ажилтай байна, буян хийх ямар ч зав алга, би лам шавь хүн шиг сүм хийдэд суугаад ном үзэх завгүй, надад хэл хилэнц их байна, гэлээ ч би буян хийж чадахгүй нээ гэж хэлдэг. Би түүнтэй санал нийлдэггүй. Бидэнд буян хийх бололцоо, арга зам их олон байна. Зөвхөн хийдэд суусан лам хүн төдийгүй бусдад зав чөлөө их бий. Нэгэн жишээ хэлье. Би нэгэн газар ажил хийж байна гэж бодьё. Цалин мөнгө авахаа бодохоос илүү ажиллаж байгаа хамт олон, хажуу хавирганыхаа ах дүүсдээ тус хүргэж чадвал тэр нь сайны бүтээл, буян ном болно.

Та бүхэнд хэлэх эл номыг гурван итгэл хэмээнэ. Бүгдийг гурван итгэлд багтааж болно. Эдгээр нь бурханд сүсэглэх итгэл, номонд сүсэглэх итгэл, хуврагт итгэх итгэл болно. Энэ гуравт сүжиглэх нь өөртөө болон олон нийтэд тус дэм болох гэсэн утгатай юм. Єөр өөрийнхөө санаагаар олон нийтэд дэм болж чадахгүй байваас олон нийтэд муу юм, саад тотгор хийж eр болохгүй. Эдгээр нь гурван итгэл дотор мөн багтана. Єөр бодох юм бидэнд байна. Бид нар нарт eртөнц дээр ирээд хүний биеийг олчихсон тул өөрийн амьдралгүй, гэр оронгүй амьтанд тус хүргэж чадна гэж бодохгүй юм бол тун өчүүхэн санаатай байна гэсэн үг. Аливаа юмыг сайхан томоор бодож сэтгэх хэрэгтэй. Олон нийтэд тус хүргэе гэж бодох хэрэгтэй. Надад суух газар олдсон, надад хоол унд байна, олон найз нөхөд байна, цөм надад тусалж байна, гэж өөрийгөө зөвхөн бодвоос тэр нь олон нийтэд аюул болно. Яагаад гэвэл тийм завшаан олон нийтэд олдохгүй байгаад оршино.

Боломж завшаанаараа олон нийтэд тус хүргэж чадах хүнийг Бодистава гэнэ. Бусдад тус хүргэх нь Бодиставагийн гол санаа юм. Бодистава нь бурхан болоход тун ойрхон байнаа гэсэн үг. Бодистава нарыг нэрлэвээс Жанрайсаг, Жамбийян, Чагнаадорж, Чагдар болно. Бодиставагийн санааг бид нар сураад бусад хүмүүст ач тусыг нь гаргах хэрэгтэй. Гол нь өөртөө биш олон нийтэд тус хүргэх санаа юм. Бодиставагийн санаан дээр нэмээд хэлэх бас нэгэн зүйл нь Паралтүвшинба-жүг хэмээх ном юм. Yvнийг тодруулан хэлье.

Нэгдүгээрт олон нийтэд өглөг өгөх (чүнбү) орно. Єглөг өгөх гэдэгт олон нийтэд зориулахдаа миний зоос мөнгийг зөвхөн энэ хүнд л зориулна гэсэн өрөөсгөл бодолтой байхдаа биш. Тэр өгч байгаа нь сайхан ч гэлээ илүү өргөн уужам санаатайгаар сэтгэх хэрэгтэй юм. Єглөг мөнгөө дээш нь бурхад, дэргэдээ хөгшчүүлд, түүгээр ч барахгүй аюултай хүнд ч өгч болно. Ийм санааг бариваас тэр нь өглөг өгөх буяны сэтгэл болно. Єөрөөр хэлбэл энэ хүнд хэдэн зоос өглөө гэсэн тоо нь гол биш, өглөг өгөх сэтгэлийн хүч нь хамгаас чухал юм. Хоёрдугаарт сахил (цүтэм) орно. Лам хүнийг сахилтай гэж хэлнэ. Сахил нь нэг ёсондоо тангараг гэсэн үг. Хүнд муу хийхгүйгэдэг нь тангараг мөн. Тэр битгий хэл жирийн сайн санаагаар тус болох, тэгвээс тэр нь хамгийн их өглөг, бас нэгэн тангараг болно. Гуравдугаарт зундуй (хичээл зүтгэл) орно. Ном сурья, ажил хийе гэвэл яая даа гэтэл нь хичээл зүтгэлтэй хийхийг хэлнэ.

Монголын залуучууд маань ямар ч улсад байна, хаана ч явна бурхан шашин, түүх соёл, зан заншлаа мартаж болохгүй. Хамт олноороо хоорондоо дацаа багатай энх амгалан амьдрах л гол зүйл. Монголчууд бид ахан дүүсээ гэдэг. Дан ганц Монголчууд ч биш Монгол, Тангад, бусад хүмүүс хэрүүл зөрчилгүй байж, тэр тусмаа орчлон дээр бүгд эв найртай соёл иргэншил, шинжлэх ухааныг хүндлэн дээдэлж явья. Мартсаныгаа сэргээх нь хамгийн сайхан эрдэм гэдгийг сэтгэлдээ тээж явах хэрэгтэй.

Би сүүлийн хоёр сар Жагарт явж Далай багшийн дэргэд ном үзэж байгаад ирлээ. Жагарт байдаг олон дацангаар орж лам хуврагуудад манз барин буян хийсэн юм. Тэгээд манай Монголчууд суудаг Дрэпүнг хийдэд хүрлээ. Тэнд Монгол, Буриад, Халимаг, Євөр Монгол 70 гаруй лам хувраг шавилан сууж, ном үзэж байна. Амeрикийн Монголчуудаас өргөсөн хандивын мөнгийг барьж тэднийг ихэд баярлуулав. Ингээд өргөл барьсан Монголчууддаа би их баярлаж байна. Цагаан сарын шинийн нэгнээ бүгдээрээ амар тайван золгож, хотол нийтээрээ жаргал дүүрэн сайн сайхан баярлаарай.

"Замдаан" сэтгүүлийг захиалан унших сонирхолтой хүн Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй., Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй., Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй. хаягаар хандана уу?


  • Бичсэн baatar_sh
  • Үзсэн: 2170

Цахим Өртөө Сүлжээнд элсэх

  • Өртөөний сүлжээнд элсэх

tsahim_urtuuХэрэв та Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээнд элсэхийг хүсвэл: http://groups.google.com/group/tsahim-urtuu-suljee хаягаар зочилж маш хялбархан бүртгүүлж болно. Та Гүүгл суурьт энэхүү сүлжээнд имэйлээ бүртгүүлснээр манай сүлжээний гишүүн болно.

 

Image Temp

Энэ хуудас нь Цахим Өртөө сүлжээний нийт гишүүдийн хамтын бүтээл байх бөгөөд ажил хэргийн санал болгоныг вэбийн хамтлаг тухай бүр нь тусган энэ хуудсанд оруулж байх болно. Хамтран ажиллаж буй, ажиллахаар зэхэж буй таньд баярлалаа.

Newsletter