211-р сар2018

Умардын загвар гэж ер нь ямар загвар вэ?

/Хөгжлийн загварын тухай цуврал №5/

Доктор /Ph.D./ Б. ЭНХМАНДАХ

Хойт Европын буюу Дани, Финланд, Швед, Норвеги болон Исланд улсуудыг багтаадаг Нордик орнуудын өндөр хөгжил, төрийн санхүүжилт бүхий нийгмийн хамгааллын тогтолцоонд тулгуурлан нийгмийн дундаж давхаргыг бүрэлдүүлж чадсан, нийгэм, эдийн засгийн хөгжлийн загварыг ерөнхийд нь Умардын загвар гэж нэрлэдэг байна. Үүнийг цэвэр социал демократ загвар гэж нэрлэх нь ч бий.

Энэ загвар нь хөгжингүй бусад орныг бодвол бүх нийтийн сайн сайхан нийгэм байгуулах зорилтыг зах зээлийн холимог эдийн засагтай зүй зохистой хослуулснаараа онцлогтой юм. Ингэхдээ хүний үндсэн эрхүүдийг бүрэн дүүрэн хангахуйцаар хувь хүний бие даасан байдлыг нэмэгдүүлэх, эдийн засгийг тогтвортой байлгахад голлон анхаардаг байна.

Энэ загвар нь ижил зорилго бүхий бүх нийтийн сайн сайхан нийгмийг байгуулсан бусад орнуудыг бодвол ажиллах хүчний оролцоог нэмэгдүүлэх, хүйсийн тэгш байдлыг хангах болон өргөн хүрээтэй тэтгэмжийн түвшин, дахин хуваарилалтын өндөр хэмжээ,  өргөтгөсөн төсвийн бодлогын чөлөөт байдал зэргээрээ илүү алдартай ажээ.

Гэхдээ Умардын загвар нь дүрэм, журам болон бүтцийн хувьд цорын ганцхан хэв маяг бус Хойт Европын улс бүр өөр өөрийн гэсэн онцлогтой, заримдаа хөршүүдээсээ ч эрс ялгагдах эдийн засаг, нийгмийн загвартай байдгыг мартаж болохгүй.

Умардын загварыг түүний бүрэлдэхүүн хэсэг бүрээр нь тодруулан авч үзвэл:

Нийгмийн халамж   
Нордик буюу Умардын орнуудад төрийн оролцоотойгоор санхүүжүүлж, зохион байгуулдаг иргэддээ үзүүлэх нийгмийн халамжийн түвшин нь Европын бусад орнуудыг бодвол харьцангуй өндөр байдаг байна. Тогтолцоо нь бүх нийтийн бөгөөд хүн бүрийг хамруулсан байдаг байна. Данид гэхэд Засгийн газар нь иргэн бүрийг орон сууцтай байлгах, хүрэлцээтэй хоол хүнсээр хангахад чиглэгдсэн Үндсэн хуулиар олгогдсон эрхтэй байдаг ажээ.

Орчин цагийн Умардын бүх нийтийн сайн сайхан нийгмийн орнуудын 3 гол тулгуур бодлого бол а/ нийгмийн хамгаалал, б/ эмнэлэгийн үйлчилгээ, в/төлбөргүй боловсрол байдаг.

Эмнэлэгийн үйлчилгээ, нийгмийн хамгаалал нь иргэн бүрт тэдний өөрсдийн  санхүүгийн боломжоос үл хамааран амьдралын хамгийн өндөр түвшинг хангаж байдаг. Тэгвэл төлбөргүй боловсрол нь нийгмийн дотоод хөдөлгөөнийг идэвхижүүлж, эцэг эх, гэр бүлийн санхүүгийн дэмжлэгт тулгуурлалгүйгээр өөрсдийн мэдлэг, боловсролоо дээшлүүлж, байр сууриа нэмэгдүүлэх эрмэлзлэл, боломжийг хүн бүрт олгодог байна.

Умардын орнуудад Британийн Бэверижийн загвар /Beveridge model/-аас ч илүү их өргөн халамжуудтайн гадна дахин хуваарилалтыг цаг үеийн хэрэгцээг хангахад чиглэгдсэн Бисмаркийн бүх нийтийн сайн сайхан нийгмийн загвар /Bismarck welfare model/- аас хавьгүй илүү их хийдэг гэж мэргэжилтнүүд үздэг байна.

Нордик загварыг баримтлагч эдийн засагчид энэхүү загвар нь Европын бусад орон дахь загваруудаас хамаагүй хялбар төдийгүй ойлгоход дөхөмтэй гэж нотолдог.

Хойт Европын орнуудад нийгмийн халамжийн гол зорилтуудыг төрийн болон орон нутгийн удирдлагын байгууллагууд хариуцан гүйцэтгэх бөгөөд багаахан хэсгийг халамжийн төрийн бус байгуулагууд, сүм, хувь хүн, гэр бүлүүд гүйцэтгэдэг байна.

Түүнчлэн, Умардын загвар нь ажилгүйчүүдэд ажил хайх, шинэ мэргэжил, мэдлэг эзэмших, боловсролоо дээшлүүлэх зэрэг бүх талын халамж эдлүүлдэг байна. Гэхдээ ажилгүйдлийн түвшин нь өөрөө бага байдаг учир энэ эрэлт хэт их байхаас урьдчилан сэргийлж байдгыг тэмдэглэх нь зүйтэй.

Умардын орнуудад өөрийн орны болон ЕХ-ны гишүүн орны оюутнуудад их сургуульд суралцахад сургалтын төлбөр байхгүй тул шинэ мэргэжил эзэмшихэд хялбар, улмаар хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөх чадвартай байхад дөхөмтэй байдаг байна. 

Хөдөлмөрийн зах зээл
Хойт Европын орнуудад нийгмийн зохицуулалтууд нь Өмнөд Европын орнуудынх шиг хуулиар зохицуулагддаг бус, харин хамтын гэрээ /collective agreement/-гээр тодорхойлогддог байна. Тухайлбал, Норвеги, Швед, Финланд, Данид цалингийн доод хэмжээ гэж хуулиар тогтоосон зүйл байдаггүй муж, орон нутаг бүр өөр өөрийн дүрэм журмаар зохицуулдаг ажээ.
Эдгээр орнууд дахь хөдөлмөрийн зах зээлийн нийгэмчлэлийн түвшин /unionisation rate/ их өндөр 85-аас дээш хувьтай байдаг. Энэ нь нэг талаас 1930-иад оны хүч хэрэглэсэн зөрчилдөөний дараанаас бүрэлдсэн түүхэн уламжлалтай холбоотой бол нөгөө талаас ажилгүйдлийн тэтгэлэг, хувь хүний цалингийн хэлэлцээрт үзүүлэх дэмжлэг, банк, даатгалын үйлчилгээ, баяр ёслол тэмдэглэх гэх мэт үзүүлж буй олон үйлчилгээгээрээ Умардын орнуудын улс төрийн амьдралд үйлдвэрчний эвлэлүүдийн үүрэг чухал үүрэгтэй байж ирсэнтэй холбоотой байна. Иймээс өнөөдөр ч Хойт Европын орнуудад үйлдвэрчний эвлэлүүдийн үүрэг, нөлөө маш өндөр байна. 

Ажилгүйчүүдийг дэмжих бүлгийн хүрээнд ажил идэвхитэй хайхад нь туслах, тодорхой чиглэл, зорилгоор сургаж, дадлагажуулах, хувийн болон нийгмийн салбарт ажиллахад бэлтгэх замаар хөдөлмөрийн зах зээлийг идэвхижүүлэх бодлогыг Швед улс 1950-иад онд санаачилсан байна. Энэ нь бас л нэг онцлог.

Боловсрол, шинжлэх ухаан
Умардын орнууд бол Европдоо төрийн сургалтын тогтолцоо төдийгүй хувийн хэвшилээр дамжуулан боловсрол, сургалт, судалгаанд хамгийн их хөрөнгө зарцуулдаг орнууд юм. Үүний жишээ бол:
•    ЭЗХАХБ /OECD /-ын мэдээгээр Их Британи улсын зарцуулж буй ДНБ-ний 5,5%-тай харьцуулахад илүү их буюу Дани 7%, Швед 6,5%, Финланд 6%-ийг боловсролын салбартаа зарцуулдаг байна.
•    Шведчүүдийн 80 гаруй хувь нь жил бүр ямар нэг хэлбэрээр сургалтад хамрагдаж байдаг нь Европын дундажаас даруй 2 дахин их байгаа юм.
•    Их Британи улс ДНБ-ийхээ 2 хүрэхгүй хувийг зарцуулж байдаг судалгаа, шинжилгээний ажилд Швед болон Финланд ДНБ-нийхээ 4-өөс илүү хувийг, Дани улс 2,6%-ийг жил бүр зарцуулдаг байна.
•    Умардын орнууд Исландыг оруулаад 25 сая хүрэхгүй хүн амтай ч гэсэн Франц, Их Британийг бодвол илүү олон патент хамгаалж, эрх авсан тоо гарсан байдаг байна.

Нийгмийн салбар
Швед, Дани улсууд Европын холбооны улсуудыг бодвол төрийн албандаа хамгийн их буюу төсвийнхөө 56-57 орчим хувийг, Финланд бага зэрэг доогуур буюу 50 орчим хувийг зарцуулдаг байна. Татвар болон нийгмийн зардал багатай тул хүн ам нь өөрөө өөрийнхөө төлөө ажиллахаас өөр аргагүй байдалд хүрсэн Британи дахь Англо-саксоны загвараас Умардын орнууд үүгээрээ хавьгүй их, харин Франц (53,8%)-тай ойролцоо байдаг байна. 
Нийгмийн хамгаалалд Их Британи төсвийнхөө 27 орчим хувийг зарцуулдаг гэж байгаа бол Умардын орнууд илүү их буюу ДНБ-нийхээ 32 хүртэл хувийг зарцуулдаг байна. Хойт Европын орнуудад нийгмийн халамж өндөр бөгөөд тэгш тогтолцоот байдалтай тул нийгмийн хамгааллын тэтгэмжийн хэмжээ Герман, Итали, Испани, Франц зэрэг Европын аль ч орноос ихээхэн өндөр байдаг байна.

Эрүүл мэндийн иж бүрэн цогц тогтолцоо болон нийгмийн хамгаалал нь бараг бүх оршин суугчиддаа хүртээмжтэй байдаг. Хойт Европт импортын бараанд ч НӨТ ногдуулж байгаа хэдий ч нийгмийн  өндөр оролцоог хангаж чадаж байгаа нь үндэсний нийт бүтээгдэхүүнд эерэгээр нөлөөлдөг гэж эдийн засагчид үздэг байна.

Швед, Финландад 1980-аад оны сүүлч, 1990 оны эхээр болсон Нордик загварын хямрал эдгээр орнуудыг нийгмийн хамгааллын тогтолцооныхоо үр ашгийг нэмэгдүүлэх арга зам хайхад хүргэсэн байна. Үүний тулд хуучин тогтолцооныхоо хэрэгжүүлэхэд хэт өндөр өртөгтэй байдлыг засахын зэрэгцээ авч буй татвар, үзүүлж буй үйлчилгээний хоорондын учир холбогдлыг хүмүүсийнхээ ухамсарт шингээхийг зорьсон байна. Үүнийг төвлөрлийг сааруулах замаар шийдсэн бөгөөд гэхдээ зарим оронд бас бага зэрэг нуглаа гарсан байна. Тухайлбал, Финландад эрүүл ахуйн болон нийгмийн халамжийн асуудлыг бүхэлд нь орон нутгийн мэдэлд шилжүүлсэн нь заримдаа хэт жижиг байдаг нэгжүүдийн хувьд асуудлыг шийдэхэд бэрхшээлтэй болгосон байна.

Дани улс саяханаас орон нутгийн засаг захиргааны нэгжийнхээ тоог дахин хянан үзэж, 3 дахин цөөрүүлж, 300 байсныг 99 болгосноор, нэг захиргаа дор хаяж 30 мянгаас доошгүй оршин суугчидад үйлчилгээ үзүүлдэг байхаар болгож, нутгийн удирдлагын үр ашгийг нэмэгдүүлэхийг зорьж байгаа юм байна.

Харин Финланд, Швед, Норвеги улсууд мөн энэ чиглэлээр явахыг оролдож байгаа хэдий ч ихэд аажуухан хэрэгжүүлж байгаа ажээ.


 

Цахим Өртөө Сүлжээнд элсэх

  • Өртөөний сүлжээнд элсэх

tsahim_urtuuХэрэв та Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээнд элсэхийг хүсвэл: http://groups.google.com/group/tsahim-urtuu-suljee хаягаар зочилж маш хялбархан бүртгүүлж болно. Та Гүүгл суурьт энэхүү сүлжээнд имэйлээ бүртгүүлснээр манай сүлжээний гишүүн болно.

 

Image Temp

Энэ хуудас нь Цахим Өртөө сүлжээний нийт гишүүдийн хамтын бүтээл байх бөгөөд ажил хэргийн санал болгоныг вэбийн хамтлаг тухай бүр нь тусган энэ хуудсанд оруулж байх болно. Хамтран ажиллаж буй, ажиллахаар зэхэж буй таньд баярлалаа.

Newsletter