224-р сар2018

Умардын загварын сул болон давуу талууд юу вэ?

/Хөгжлийн загварын тухай цуврал №6/

Доктор /Ph.D./ Б. ЭНХМАНДАХ

Хөгжлийн аливаа загварын нэгэн адил Умардын загвар нь өөрийн сул болон дутагдалтай талуудтай байдаг. Шүүмжлэлд хамгийн их өртдөг сул талуудыг авч үзвэл :
1.    Хөрөнгийн гадагш урсах урсалтыг энэ загварын нэг гол сул тал гэж үзэж болно. Хөрш орнуудаасаа харьцангуй өндөр татварын түвшин нь татвараас зугтаж, хөрөнгөө гадаадад гаргахад хүргэдэг байна. Дани болон Шведийн нилээд олон компаниуд санхүүгийн үйл ажиллагаагаа гадаад орнуудад явуулах болсон байна. Тухайлбал, Тавилгын алдарт компани ИКЭА /IKEA/-г үндэслэсэн Ingvar Kamprad компаниа Голландад бүртгүүлж, сүүлийн 30 жил Швейцарид амьдарч, Skype-г үүсгэн байгуулагчдын нэг Janus Friis одоо Их Британид суурьшиж, Данийн боксчин Mikkel Kessler 2007 оноос Монакод шилжин суурьшсан гэх мэт цөөн хэдэн жишээнээс үүнийг харж болно.

2.    Нийгмийн үйлчилгээний өндөр чанар нь нийгмийн хөгжлийн зэрэгцээ зарим сөрөг үзэгдлийг төрүүлдэг. Тухайлбал, Хойт Европын орнуудад ажилгүйдлийн найдвартай бөгөөд өндөр тэтгэлэг нь ажил идэвхитэй эрэлхийлэхгүйгээр, тэтгэлэгээр амьдардаг хэсэг бүлэг хүмүүсийг бий болгодог байна.

3.    Өндөр татварынхаа хүчээр улс үндэснийхээ хэмжээнд ихээхэн орлого олсноор  Умардын загвар нь нийгмийн тэгш байдлыг хангаж байдаг. Гэвч энэ бодлогын дүнд Швед, Дани, Норвегид бизнес хамгийн бага ашигтай байдаг тул энэ нь хөдөлмөрийн бүтээмж, үр ашгийг багасгадаг гэж зарим эдийн засагчид шүүмжилдэг.

4.    Либертари үзлийн “Timbro” сэтгэлгээний төв /Think tank/- ийн хийсэн баялагийн судалгаагаар Умардын орнуудад ядуучууд нь Америкийнхаас доогуур амьдралтай гэж гарсан байна. Өөрөөр хэлбэл, тэд жижиг байранд амьдарч, цөөн төрлийн ахуйн хэрэгсэл ашиглаж, бага аж ахуй эзэмшдэг гэжээ. Тухайлбал, АНУ-ын эдийн засагч Lane Kenworthy –ийн American Economic Review-д хийсэн судалгаанаас үзэхэд Хойт Европын орнуудад орон сууц эзэмшигчид америкийнхнаас 40% доогуур өртгөөр амьдардаг нь тогтоогдсон ажээ.

5.    Нийгмийн өндөр хангамж, хамгаалал нь хүмүүсийн идэвхийг сулруулж, залхуурлыг өөгшүүлдэг гэж уг загварын үндсэн шүүмжлэгчид үздэг байна.
Умардын загварын талаар нэгтгэн дүгнэж хэлбэл олон давуу талтайг тэмдэглэх нь зүйтэй. Үүнд:
-    Нэгдмэл үндэстэн бүхий жижиг орнуудын хувьд экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, үр ашигтай хувийн хэвшлийг хөгжүүлж чадсан,
-    Хөдөлмөрийн зах зээлийн нийгэмчлэлийн түвшин өндөр тул үйлдвэрчний эвлэлүүдийн санал, дуу хоолой Засгийн газар болон бизнесүүдийн хувьд онцгой нөлөөтэй,
-    Эдийн засгийн удирдлага, зохицуулалтад Засгийн газар онцгой үүрэгтэй,
-    Хөдөлмөрийн хөлс төдийгүй татвар харьцангуй өндөртэй,
-    Бүх нийтэд хүртээмжтэй нийгмийн цогц хамгаалалтад тулгуурлан нийгмийн дундаж давхарга давамгайласан нийгмийн бүтцийг бүрдүүлж чадсан,
-    Их газрын загварыг бодвол төвлөрлийг сааруулж, нутгийн удирдлагад илүү анхаарал хандуулсан,
-    Нийгмийн дундаж хэрэглээний сэтгэл зүйг хүртэл төлөвшүүлж чадсан байдаг зэргээрээ онцлогтой бөгөөд нийгмийн хөгжлийн бусад загваруудаас давуу талтай гэж үзэж болохоор байгаа юм.

Нобелийн шагналт Жозеф Стиглиц /Joseph Stiglitz/ зэрэг АНУ-ын эдийн засагчид Нордик загвар Америкийн нийгмийн хамгааллаас давуутай бөгөөд АНУ-д хэрэгжүүлж буй нийгмийн халамжаас хэт хамааралт байдлыг багасгахад чухал гэж үнэлсэн байдаг байна.

Харин Умардын загварыг шүүмжлэгчид их хэмжээний татвар, татаас нь зах зээлийг хамааралт байдалтай болгох төдийгүй, баялагийг дахин хуваарилж буй нь тэдний үзэж байгаагаар хувь хүний эрх чөлөөг үндсээр нь зөрчиж буй явдал гэж шүүмжилдэг байна. Тэд энэ тогтолцоог үндэс угсаа нэгтэй, цөөн хүн ам бүхий, жижиг улсуудад хэрэгжүүлж чадсан “явцуу загвар” гэж онцлон тэмдэглэдэг нь бидэнд харин ч сонин болно.
Гэтэл Хойт Европын орнууд тэднийг шүүмжлэгчдийн хүлээж байснаас тэс ангид хүчирхэг эдийн засагтай, амьжиргааны өндөр түвшинтэй, гэмт хэргийн түвшин доогуур, эрх тэгш байдлыг дээдлэсэн, авилгагүй нийгмийг буюу бодит ардчилалд хүрсэн байгааг мартаж болохгүй.
Бүх нийтийн сайн сайхан нийгмийн Умардын загвар нь Хойт Европын орнуудын Зүүн, Баруун гэлтгүй улс төрийн бүхий л урсгалын гол намуудын хувьд нийтээр хүлээн зөвшөөрсөн номлол болсныг энд тэмдэглэх нь зүйтэй. Энэ нь Умардын загварыг шүүмжлэх шүүмжлэл хэрэг дээрээ тухайн орнуудын дотоодод сонсогдохгүй гэсэн үг.

Нийгэм, эдийн засгийн шилжилтийг хэрэгжүүлж буй манай орны хувьд цаашид хөгжлийн загвар, чиг хандлагаа эцэслэн тодорхойлж, түүндээ уялдуулан хөгжлийн бодлого, арга замаа сонгох нь нийгмийн тулгамдсан асуудал болно.

Иймд, Умардын загвар хөгжсөн орнууд, юуны өмнө Дани, Швед, Норвеги болон Финландын туршлагыг судлаж, үндэс угсаа нэгтэй, цөөн хүн ам бүхий, эдгээр жижиг улсуудад хэрэгжүүлж чадсан нийгмийн хөгжлийн уг загварыг илүүтэй анхаарч судлахсан.


 

Цахим Өртөө Сүлжээнд элсэх

  • Өртөөний сүлжээнд элсэх

tsahim_urtuuХэрэв та Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээнд элсэхийг хүсвэл: http://groups.google.com/group/tsahim-urtuu-suljee хаягаар зочилж маш хялбархан бүртгүүлж болно. Та Гүүгл суурьт энэхүү сүлжээнд имэйлээ бүртгүүлснээр манай сүлжээний гишүүн болно.

 

Image Temp

Энэ хуудас нь Цахим Өртөө сүлжээний нийт гишүүдийн хамтын бүтээл байх бөгөөд ажил хэргийн санал болгоныг вэбийн хамтлаг тухай бүр нь тусган энэ хуудсанд оруулж байх болно. Хамтран ажиллаж буй, ажиллахаар зэхэж буй таньд баярлалаа.

Newsletter