161-р сар2018

Азийн хөгжлийн загвараас бидэнд сурах зүйл бий юу?

/Хөгжлийн загварын тухай цуврал №2/

Доктор /Ph.D./ Б. ЭНХМАНДАХ

Сүүлийн 30 гаруй жилийн туршид дэлхийн эдийн засагт ноёрхох байр сууриа улам нэмэгдүүлсээр байгаа Зүүн Өмнөд болон Зүүн Хойт Азийн орнууд, тухайлбал, Япон, Өмнөд Солонгос, Тайван, Хонконг болон Сингапур улсууд нийгмийн баялагийн үйлдвэрлэл, экспортынхоо өсөлт хэмжээгээр төдийгүй нийгмийн халамжийн бодлого, хөгжлийн загвараараа багагүй анхаарал татах болов.

Эдийн засгийн үсрэнгүй хөгжилтэй орнуудын тоонд сүүлийн үед манай Их хөрш Хятад улсыг зүй ёсоор хамааруулан үзэх болсон байна.
Нийгмийн хамгааллын эсрэг, зах зээлийн үзэл сурталд илүүтэй тулгуурласан байдлаас нь үндэслэн Азийн үнэт зүйлс нь нийгмийн халамжийн бодлоготой зохицдоггүй гэж үздэг ч эдгээр орнуудад бүх нийтийн сайн сайхан нийгмийн сул төлөвшилт нь эдийн засгийн өндөр хөгжлөөрөө нөхцөлдөн улам сайжирч, жилээс жилд төлөвшлөө олсоор байна гэж үзэж болохоор байгаа юм.

Тухайлбал, “нэг улс хоёр тогтолцоо”-ны бодлого хэрэгжиж байгаа шинэ улс төрийн үндэстний хувьд Хонконгд нэг талаас, зах зээл нь төрийн идэвхитэй оролцоог үгүйсгэхийн зэрэгцээ, орон сууцны бодлого, боловсрол, эрүүл мэндийн салбар дахь ардчилсан тогтолцоог нийгмийн дундаж давхарга нь дэмжиж  байдаг байна.

Япон улсын хувьд өөрсдийн нийгмийн хэрэглээ, хэрэгцээг хангагч жижиг дунд үйлдвэрлэгчдийн ангитайгаараа онцлогтой бөгөөд аж үйлдвэржүүлэлтийн нөлөөн дор Күнзийн соёл, үзэл суртал, улс төрийн байгууламжаа хүртэл сулруулж, уламжлалт консерватизмаас шинэ либерализмд шилжиж, хүчтэй цэрэгжсэн төрийн бодлого нь улам бүр зах зээлийн зарчмыг хатуу баримтласан, бүх нийтийн сайн сайхан нийгмийн бодлогыг хумьсан шинжтэй байдаг хэдий ч эдгээр эсрэг тэсрэг асуудлуудыг нийгэм дэх эвлэрэл зохицлын зарчмаар ямх ямхаар шийдвэрлэсээр иржээ.

Тайван улсад нийгмийн халамж, тэтгэвэр болон эрүүл мэндийн даатгал нь Бисмаркийн загвар шиг төрөөс зохицуулагдсан хэлбэртэй байдаг бол Бүгд найрамдах Солонгос улс /Бидний ярьж хэвшсэнээр-Өмнөд Солонгос/-ын төрийн дарангуйлал нь иргэний нийгмээ дарамталж, ажилчин ангийн эсэргүүцлийг дарж, нийгмийн  сайн сайхны сонголтыг хязгаарлаж ирсэн хэдий ч улам боловсронгуй болсоор буй ардчилсан сонгуулийн үйл явц, түүний цаашдын өрнөлт нь бүх нийтийн сайн сайхан нийгмийн “үлдэгдлийн” чанартай бодлогыг “тогтолцооны бүрэлдэхүүн хэсэг” болгоход бага багаар хүргэсээр байна.
Харин Сингапурт эдийн засгийн улс төржсөн хандлагатай бодлогынхоо үр дүнд төвлөрлийн зарчмын тогтвортой орчин нь нийгмийн хамгааллын, түүний дотор даатгалын нэгдсэн тогтолцоог төлөвшүүлж чадсан байдаг онцлогтой аж.

Монгол орны хөгжлийн загварыг тодорхойлохын тулд эдгээр орны туршлагыг судлаж, Азийн нийгмийн хөгжлийн загвараас суралцахын тулд орон бүрийн онцлог, олон төрөлт байдал, хэтийн төлөвийг нарийвчилан авч үзэж, Барууны буюу Европын нийгмийн хөгжлийн загваруудтай харьцуулан үзэх шаардлага зүй ёсоор гарч ирж байна.
Судлаачид Азийн дээр нэр дурьдсан орнуудыг хөгжлийн загварынх нь хувьд ихэнхи тохиолдолд “Күнзийн бүх нийтийн сайн сайхан нийгмийн орнууд” /Confucian Welfare States/ гэж нэрлэж байна.

Эн тэргүүн Кунзын сургаалд тулгуурласан соёл, сэтгэлгээний ерөнхий түвшин,
хоёрдугаарт, эдийн засгийн хувьд хүчирхэг төр,
гуравдугаарт, төрийн захиргааны /төсвийн/ харьцангуй бага зардал,
дөрөвдүгээрт, төрийн үүргийг орлон гүйцэтгэх төр, хувийн хэвшлийн хослосон /PPP(Public private partnership)-Б.Э./ чадварлаг тогтолцоо,
тавдугаарт, эрх зүйн чадамжийн хувьд сул боловч төвлөрлийг сааруулсан тогтолцоо зэрэг нь эдгээр орнуудын түгээмэл шинж гэж хэлж болно.

Күнзийн үзэл санаа улс төрийн төдийгүй хувь хүн, гэр бүлийн сэтгэлгээний үндэс болсон эдгээр орнуудад хөдөлмөрийн хуваарь, нийгмийн хамгаалал, нийгмийн халамжийн асуудлууд ганцхан хариултаар хариулагдах, ганц шийдвэрээр хэрэгжих асуудлууд биш нь ойлгомжтой. Хувь хүн, нийгмийн бүлэг, тэр байтугай төрийн зүгээс аливаа асуудалд өөр өөрийн байр сууринаас хандах нь эдгээр оронд хэвийн үзэгдэл болно. Гэсэн хэдий ч хүн амын эрүүл мэндийн гол үзүүлэлтүүд болон нийгмийн хамгааллын ерөнхий тогтолцооны асуудлуудад нийгмийн олонхийн байр сууринаас хандах болсонд Азийн “бар”, “луу” гэгдэж буй эдгээр орны нийгмийн хөгжлийн загварын онцлог оршиж байх шиг байгаа юм.
Зүүн Азийн хөгжлийн загварыг эдийн засгийн хувьд ядуурал, хямралаар нөхцөлдсөн төрийн шууд хатуу хяналт, оролцоотой эдийн засгийн өсөлт дээр тулгуурласан, улс төрийн хувьд сөрөг хүчин болон иргэний нийгмийн сул хөгжлөөс хамаараад хүчирхэг дарангуйлагчтай, нийгмийн хувьд нийгмийн давхараажилт, хүйсийн ялгаварлал ихтэй орнуудын загвар гэж тайлбарладаг учир Барууны орнуудын нийгмийн хөгжлийн загваруудтай харьцуулахад “шохой, бяслаг” мэт хэт их ялгаатай гэж зарим судлаачдын хувьд үздэг тал бий.
Гэтэл үнэн хэрэг дээрээ Европийн ЭЗХХБ /OECD/-аас бүр 1994 онд дэвшүүлсэн а/ эдийн засаг, нийгмийн хөгжлийг хослуулах (интеграцичлах), б/ нийгмийн бодлогыг төсвийг хязгаарлах бодлоготой уялдуулах, в/ хүний хүчин зүйлийг нэмэгдүүлж, нийгмийн болон хувийн хариуцлагыг уялдуулан зохицуулах зэрэгт чиглэгдсэн улс төрийн шийдэл нь Зүүн Азийн нийгмийн хамгааллын тогтолцооны туршлагатай их ойрхон ажиглагдаж байгаа юм. Тиймээс “шохой, бяслаг”-тай харьцуулах бус харин ч “сүү, бяслаг” хэмээн зүйрлэж болох юм хэмээн нөгөө хэсэг эрдэмтэд үзэж байна.
Яагаад гэвэл, Күнзийн үзлээр тэтгэгдсэн Азийн  бүх нийтийн сайн сайхан нийгмийн эдгээр орнууд нийгмийн хөгжилд төрийн гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэх замаар эдийн засгийн өсөлтийг хангасан төдийгүй, төрөөс нийгмийн өмнө хүлээх хариуцлагыг нэмэгдүүлж чадсанаараа Барууны орнуудын нийгмийн хөгжлийн үзэл санаа, туршлагад хүчтэй өрсөлдөгчид болон тодорсоор байгаа юм. Хөгжиж буй олон орон, түүний дотор Африк, Өмнөд Америкийн орнууд сүүлийн үед эдгээр орны хөгжлийн загварыг сонирхох болсны учир шалтгаан ч үүнд оршино.
Хөгжлийн загвар болохын хувьд харьцангуй бага судлагдсан эдгээр орны хөгжлийн талаар монголчууд бас сонирхож, Монгол улс Азийн орон болохын хувьд тэдгээрийн хөгжлийн арга, замаас суралцах сонирхол, хандлага ажиглагдаж байгаа хэдий ч дорвитой судалж, үнэлэлт дүгнэлт өгсөн судалгаа, шинжилгээний бүтээл гараагүй л байна.
Даяаршилын шинэ эрин үед нийгмийн хөгжлийн загварыг заавал Бүс нутгийн загвараар тодорхойлох шаардлага багасч байгаа ч гэсэн хөгжлийн загварыг тодорхойлох хүрээнд улс орон бүрээс авах зүйл байсаар байна. Азийн хөгжлийн загварын тухайд хөгжиж буй нийт орнуудын хувьд чухал байж болохыг үгүйсгэж болохгүй. Ганцхан жишээгээр хэлэхэд “хөгжлийн төлөөх нийгмийн хамгааллын тогтолцоо”-г хэрхэн бүрэлдүүлэх вэ? гэдэгт тэр бүр бэлэн хариулт олддоггүй. Гэтэл нийгмийн даатгалын хөрөнгө буюу дотоодын хөрөнгийн нөөцийн ашиглалтыг сайжруулах замаар эдийн засгийн өсөлт, хөгжлөө нөхцөлдүүлж чадсан Өмнөд Солонгосын туршлагыг онцлон нэрлэж болохоор байгаа юм. Тэдний тэтгэвэрийн сангийн тогтолцоо 1988 онд үүсээд 10 хүрэхгүй жилийн дотор ДНБ-нийхээ 6 орчим хувьд хүрсэн нөөцтэй болсон юм билээ. Энэ мэт туршлагыг нэн түрүүн судлан нэвтрүүлж болохоор байна.
Мөн Сингапурын “Баялагын Төвлөрсөн сан”, орон сууцжуулалтын хөтөлбөр, Өмнөд Солонгосын тэтгэвэрийн сан болон Тайваны эрүүл мэндийн тогтолцоо, Японы ахуйн үйлчилгээ болон Хятад, Хонконгын нийгмийн хамгааллын  тогтолцоо гэх зэргээр ялгаварлан авч үзэж, туршлагыг нь гүнзгийрүүлэн судлууштай санагддаг.
Эцэст нь тэмдэглэхэд, даяаршил эдийн засаг, санхүүгийн хэлхээ холбоог хил хязгааргүй болгосноор бүх нийтийн сайн сайхан нийгмийн төлөвшилд саад бэрхшээл учруулах болсныг ч бид тооцон үзэх учиртай. Ганцхан жишээ хэлэхэд, “Төмөр хөшиг” нээгдсэн цагаас хойшхи ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний эмх замбраагүй байдал нь Европын орнуудын эрүүл мэнд, нийгмийн хамгааллын тогтсон тогтолцоонд хүндрэл, бэрхшээлүүдийг бий болгосоор байгаа билээ. Харин Азийн орнууд энэ талаар төрийн хатуу зохицуулалтыг илүүтэй хийж чадаж байгаа юм. Тиймээс даяаршил бол нийгмийн хөгжилд зарим талаар сөрөг үр дагавартай гэдгийг Азийн орнуудаас суралцаж, бид хөгжлийн загвараа тодорхойлохдоо анхаарах хэрэгтэй болов уу.
Бид Монгол орныхоо хөгжлийн зохистой загварыг олж авч, хэрэгжүүлэхийн тулд аливаа улс орны хөгжлийн загвар, арга замуудыг судлахдаа тэдгээрт бүтээлчээр хандаж, улс орон бүрийн түүх, соёл, улс төрийн тогтолцооны онцлогийг нь хөгжлийнх нь цаг хугацаа, гадаад нөхцөл байдалтай нь холбон авч үзэж, бүтээлчээр хандан, шинээр сэтгэж боловсронгуй болгох, шинэчлэн засварлаж авч ашиглах шаардлагатай болно.                    


 

Цахим Өртөө Сүлжээнд элсэх

  • Өртөөний сүлжээнд элсэх

tsahim_urtuuХэрэв та Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээнд элсэхийг хүсвэл: http://groups.google.com/group/tsahim-urtuu-suljee хаягаар зочилж маш хялбархан бүртгүүлж болно. Та Гүүгл суурьт энэхүү сүлжээнд имэйлээ бүртгүүлснээр манай сүлжээний гишүүн болно.

 

Image Temp

Энэ хуудас нь Цахим Өртөө сүлжээний нийт гишүүдийн хамтын бүтээл байх бөгөөд ажил хэргийн санал болгоныг вэбийн хамтлаг тухай бүр нь тусган энэ хуудсанд оруулж байх болно. Хамтран ажиллаж буй, ажиллахаар зэхэж буй таньд баярлалаа.

Newsletter