161-р сар2018

Монголын хөгжлийн загварыг төсөөлөхүй

/Хөгжлийн загварын тухай цуврал №7/

Доктор /Ph.D./ Б.ЭНХМАНДАХ

Нийгэм, эдийн засгийн шилжилтийг хэрэгжүүлж буй манай орны хувьд цаашид хөгжлийн загвар, чиг хандлагаа эцэслэн тодорхойлж, түүндээ уялдуулан хөгжлийн бодлого, арга замаа сонгох нь нийгмийн тулгамдсан асуудал болно.

Эдийн засгийн шинэчлэлт, өсөлтийн өнөөгийн түвшинд тулгуурлан сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд нэгэнт дур зоргоор нь хөгжүүлчихсэн чөлөөт зах зээлийнхээ өрсөлдөөнт чанарыг улам бэхжүүлж, зөв зохистой ашиглах замаар харин Умардын загварын нийгмийн хамгааллын давуу тал дээр илүүтэй тулгуурласан, Азийн орнуудын төрийн зохицуулалтын давуу талаас зохистой суралцсан Монголд нутагшуулсан өөрийн орны хөгжлийн загварыг бий болгох ёстой болов уу гэж хувьдаа бодож явдаг.

Ингэхдээ Монголын хөгжлийн загварыг дараах байдлаар төсөөлж болохоор байгаа юм. Үүнд:

- Эдийн засгийн үсрэнгүй өсөлтөд тулгуурласан “Хүний хөгжлийн сан”-гийн үйл ажиллагаа нь бэлэн мөнгө тараах хэлбэрээс салсан, тогтмол арвижин баяжиж байдаг, нийгмийн баялагыг тэгш хуваарилах арга механизмаа олсон байх,
- Нэгдмэл үндэстэн бүхий жижиг орнуудын хувьд нийгмийн бүтцэд 80-90 хувь нь дундчууд давамгайласан нийгмийн жигд тогтолцоог хангасан байх,
- Уул уурхайн болон ХАА, хүнсний эцсийн бүтээгдэхүүний экспортын чиг хандлагатай үйлдвэрлэлийн салбартай, үйлдвэрлэл болон аялал жуулчлалын салбартаа идэвхитэй үйлчилдэг, үр ашиг бүхий жижиг, дунд хувийн хэвшлийг хөгжүүлж чадсан байх,
- ХАА, аялал жуулчлалын “Ногоон бүс”, үйлдвэрлэл, уурхайн “ Техно бүс” гэх мэт бүсчилсэн хөгжил, түүндээ зохицсон байгаль, орчинд ээлтэй цогц дэд бүтэцтэй байх,
- Төр иргэндээ үйлчилэх зарчим жинхэнэ утгаараа хэрэгжихийн зэрэгцээ эдийн засгийн удирдлага, зохицуулалтад төрийн оролцоо нэмэгдэж, Засгийн газар болон нутгийн өөрөө удирдах байгууллагууд онцгой үүрэгтэй оролцдог болсон байх,

- Засаглалын төвлөрлийг сааруулж, нутгийн удирдлагад илүү анхаарал хандуулж, төсвийн зарцуулалт, нийгмийн хамгааллын тогтолцоонд орон нутгийн удирдлагын оролцоог шинэ шатанд гаргаж, нийгмийн үйлчилгээний салбарын хүрээнд төвлөрлийг жинхэнэ утгаар нь сааруулсан байх,
- Татварыг орлогын түвшингээс хамааралтайгаар ялгавартай тогтоож, татвар өндөр боловч, тэр хэмжээгээр хөдөлмөрийн хөлсийг өндөр байлгадаг байх,
- Бүх нийтэд хүртээмжтэй нийгмийн цогц хамгаалалтад тулгуурлан нийгмийн дундаж давхарга давамгайласан нийгмийн бүтцийг бүрдүүлж чадсан байх,
- Хот, суурин газарт бүх нийтийг орон сууцжуулах хөтөлбөр амжилттай хэрэгжиж, айл өрх бүр эрүүл, тохитой орчинд амьдрах эрх, боломжоор бүрэн хангагдсан байх,
- Дээд болон мэргэжлийн сургалтыг хослуулсан, үнэ төлбөргүй, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, Монгол онцлогтой орчин үеийн боловсролын тогтолцоо төлөвшсөн байх,
- Эрүүл мэнд болон нийгмийн хамгааллын тогтолцоо нь иргэн бүрт хангалттай түвшинд хүртээмжтэй болсон,
- Төр нийтийн түншлэл жинхэнэ утгаараа оршиж, иргэний нийгмийн төлөвшил зохистой түвшинд хүрсэн байх гэх мэт ерөнхий  дүр зураг харагдаж байгаа юм.

Энэ бүхэн бол нэгэн хүний бодлоос ургасан хөгжлийн загварын хамгийн бүдүүвч санаа төдий бөгөөд Монголын нийгэмд өнөөдөр бий болсон бодит байдлыг хий хоосон шүүмжлэх, бүхнийг огт үгүйсгэх, эсвэл сүйтгэн устгахыг номлох гэх мэтээр хэт хувьсгалчирхалгүйгээр засаж залруулах, өөрчлөн шинэчлэх санаа оноо бүхнийг Үндэсний хөгжлийн үзэл баримтлалтайгаа уялдуулан дэлгэрүүлэн хөгжүүлэхэд эрдэмтэд судлаачид, монгол хүн бүрийн оюун бодол, хичээл зүтгэлийг чиглүүлэхэд түлхэц болох оролдлого төдий зүйл юм.

Монголын төлөө цохилох зүрх бүхнийг чагнаж, нийгмийн оюун санааны үнэт зүйлсийн “ургац”-ыг хурааж, XXI Зуунд эх орондоо эрх тэгш, шударга нийгэм байгуулах арга замыг хамтын хүчээр зөв тодорхойлж чадваас ард түмэндээ жинхэнэ ёсоор үйлчилдэг төрийн шинэ нүүр царай энэ болохсон.


Цахим Өртөө Сүлжээнд элсэх

  • Өртөөний сүлжээнд элсэх

tsahim_urtuuХэрэв та Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээнд элсэхийг хүсвэл: http://groups.google.com/group/tsahim-urtuu-suljee хаягаар зочилж маш хялбархан бүртгүүлж болно. Та Гүүгл суурьт энэхүү сүлжээнд имэйлээ бүртгүүлснээр манай сүлжээний гишүүн болно.

 

Image Temp

Энэ хуудас нь Цахим Өртөө сүлжээний нийт гишүүдийн хамтын бүтээл байх бөгөөд ажил хэргийн санал болгоныг вэбийн хамтлаг тухай бүр нь тусган энэ хуудсанд оруулж байх болно. Хамтран ажиллаж буй, ажиллахаар зэхэж буй таньд баярлалаа.

Newsletter