161-р сар2018

Бүлэг: Нийтлэл

Тас цохих цаг бий!

Шударга хүн бусармаг нийгэмд дайсан олонтой болдог. Бусармаг нийгмийг бусармаг үйлдэлтэй хүмүүс буюу буруу удирдлага бий болгодог, манайх ч одоо бүр хувиа хичээгчид албан тушаалын наймаачдын бүхэл бүтэн сүлжээ, алт нүүрсийг хуваан иддэг олигархи бүлэглэлтэй болчихжээ. Тэдний хор хөнөөл улс эх орны хөгжилд саад болж нийгэм ард түмний эрх ашгийг хохироодог нь харамсалтай, үүнийг тас цохих цаг бий! Хайр найргүй ухаж завшсан эрдэнэс баялаг алт нүүрсээ харьд зөөж хэдхэн халтар зоосоор өөрийгөө бордож байгаа хүмүүстэй би эвлэрдэггүй!!!

  • Бичсэн Ц.Оюунбаатар
  • Үзсэн: 3030

Бүлэг: Нийтлэл

Бид яаж амьдрах ёстой вэ?

Хүн гэдэг амьтан богино настай,төвөг удаж удаж энэ хорвоод ирээд 100 ч хүрэхгүй насалж байна,энэ цөөхөн жилийг зөвхөн авах,идэх, баяжих сэтгэлээр бие биетэйгээ өрсөлдсөөр дуусгах нь даанч гэрэл гэгээгүй,даанч хайран.Зөвхөн энэ хайран гэдэг нь өөрөөрөө дуусдаг бол бас яахав хүний хувийн асуудал гэхсэн. Гэтэл муу явахын балаг эцэс хойдод үр хойчид хар мөрөө үлдээдэг, тэдний идэх, өмсөх, сурах, соёлжих эрхийг хязгаарлаж магадгүй амьдрах агаарыг нь хүртэл аваадявчихдаг гэж хэлж болно. Хүний шунал хүсэл цуст өрсөлдөөнөөс болж дэлхийн дайн дажингууд гарч, өвчин тахал дэгдэх явдал энүүхэнд. Одоо ч Таван толгойн нүүрсэнд шунасан гадна, дотныхон газрын хөрсийг эргүүлж, үнсэн шуурга үүсгэн амьтан ургамлыг нөхөн төлжих нөхцөлгүй болголоо. Ахуй орчлонгийн зовлон зүдгүүр нь алт баялагийн төлөө үхэн тэмцсээр шунал тачаалын улаан нүдээр хорвоог харж, нэг насаа харалган өнгөрөөж байгаа хүний богино бодлын бурангуй үйл ажиллагаанаас арвижиж байдаг. Үүний бэлэн жишээ нь эх болсон газар нутгийн алт эрдэнийг хүйтэн гараар ухаж ашиг хонжоо хайн харийнханд хямдаар зарж, овоо давааг тал болгож талыг ухсан нүх улаан шороо болгож байгаа өнөөгийн нөхцөл. Эрх дархаар түрүү барьсан хэдхэн хүн эх орны баялагийг зарж баяжаад, олон түмэн улам ядуураад байгаатай эвлэрч чадахгүй ээ.

  • Бичсэн Ц.Оюунбаатар
  • Үзсэн: 5705

Бүлэг: Нийтлэл

Харх

Эх газрын эрс тэс уур амьсгалтай, хахир хүйтэн Монгол нутагт харх гэгч амьтан угаасаа байгаагүй билээ. Ерээд оны үед Бээжин-Москвагийн галт тэргэнд нуугдан, хулгайгаар хил давж орж ирсэн нэгэн өнчин хархыг Улаанбаатарын вокзал дээр гүйлгэж алдчихаад хяналт шалгалтынхан барьж авах гэж хөөцөлдөн муур хулгана болж байсан цаг саяхан мэт санагдана.
Үхэр огдойны хирийн биетэй харх гэгч энэ амьтан  цадах ханахыг мэддэггүй тун хомхой идэмхий, богинохон хугацаанд асар хурдан үрждэг бөөдий бөгөөд халуун хүйтэн ямар ч орчинд дасах чадвараараа тэдэнтэй эн зэрэгцэх амьтан хорвоод үгүй бөлгөө. Талх тариа, өөх булчирхайнаас авахуулаад замаг хулс замдаа таарсан юм бүхнийг  ховх сордог тэд идэш тэжээл голно гэж ер үгүй. Тааралдсан бүхнээ бүхэл бүхлээр нь залгина, бүр их өлсвөл барилгын хана туурга, ган төмөр хоолойг ч хүртэл тас мэрж орхино.
 
Хөгшин Европынхон харх гэдэг үгийг сонсоод дагжин чичирдэгийн учир нь одоогоос хагас мянган жилийн өмнө буюу XV зууны үед энэ л амьтны тараасан хөнөөлт өвчнөөс болж, тэндхийн дөрвөн хүний нэг буюу 25 сая халуун амьт бие хэдхэн жилийн дотор хувхай араг яс болж байсных. Гэвч өнөөг хүртэл өнөөх хархууд Америк, Европын соёлт цагаан арьстнуудаар тогтохгүй, Ази, Африкийн хар шар хэн бүхэнтэй хамтран амьдрагч нь байсаар шинэ зуунтай залгаж байна. Харх бол аливаа ямар ч амьтнаас илүү байгаа орчиндоо дасан зохицож өсөж үрждэгээрээ тасархай чадвартай. Биднийг Оросод сурч байх 80-аад оны үед Москвагийн нэгэн метроны хонгилд харх олноор үржсэнийг мэрэгжлийн албад янзан бүрийн хороор утсан боловч үхэхгүй болохоор нь тусгайнхан АКА-даж байж цааш нь харуулсан доргоны дайтай бүдүүн хархнуудыг зурагтаар харуулж бүхний айдас хүйдсийг төрүүлж байж билээ. 
Өнөөдөр ХХI зуунд шинжлэх ухаан асар хурдацтай хөгжин, нар руу бараг хүн нисгэх нь холгүй ухаажсан мөртлөө хархны эсрэг хими, биологи, бактериологийн төрөл бүрийн хор өгөөш өчнөөн төчнөөнөөр нь хэрэглэлээ. Хүчин мөхөсдөж, аргаа барахаараа эрдэмтэн судлаачид хоёр гараа зэрэг өргөн энэ амьтан бол хүн үүсэхэд л анх байсан, одоо ч байна, алсдаа ч байх болно гэсэн дүгнэлт гаргажээ.
Тэгвэл өнөөдөр Монгол улсад маань хүн харх гэж айхтар босоо ороолонгууд дээр доргүй, энд тэндгүй үүрлэчихээд байна.Нарт дэлхийн оршин суугч хүмүүн хэмээх малаас ч дор арзгар шүдтэй араатанд хазаарлаж болдоггүй гурван зүйл буйг эртний Грекчүүд шашдир бичигтээ тун энгийнээр өгүүлсэн байдаг. Энэ нь шунал, тачаал, тэнэглэл гэх бөлгөө. Үнэхээр харахад өмнөх хоёр нь ардах нэгийгээ хяналт хязгаарлалтгүй бол амархаан төрүүлдэг гэх авч нөгөө талаас нь авч үзвэл ардах ганц нь мулгуй нэгний өнчин тархинд төрөхөөс нь үүрэлчихсэн бол өмнөх хоёроос өөр юм бодох орон зай тун бага байдаг юм байна.
Эрдэмтэн хүн даруу, их мөрөн дөлгөөн гэж өвөг дээдэс маань сургадаг. Ухаант мэргэд нь ийм жамаараа даруу дөлгөөн орших орчин цагийн энэ сиймхийд жинхэнэ монгол хархууд хүчээ аван догшрох орон зай нэгэнт бий болчихож. Хэн дээдүүлийнхээ бөгсийг долоож, худал чалчиж, чанга хашгирч, цээжээ дэлдэж чаднав түүний төрийн хойморт орж эзлэх байр суурь нь саадгүй шулуухан байх геополитикийн гайхамшигтай үзэл санаа нам гэх том нэртэй цөөн хүний эзэмшлийн ХХК-аар дамжин Монголд орон зайгаа эзэлжээ. Одоо бүр дэндэж увайгүй улаан голтой хархуудын нэг хэсэг нь зулзагалах боллоо. Энэ амь бөхтэй дархлагдсан хархуудын нуувчны туг сүлд, өнгө зүс, өмссөн хувцас нь л өөр болохоос үзэл санаа ганцхан зүгт чиглэнэ. Энэ нь ямар ч хамаагүй арга мэхээр хаанаас ч хамаагүй ахиухан хөрөнгө мөнгө цуглуулах. Намуудын нуувчинд орсон хархуудыг хүний өөрийн гэхгүй нэгтгээд “Өмчийн төлөө” ӨТ эсвээс албан тушаалын буюу АТ намын гишүүнд тооцож байваас зохилтой.
Европын хархууд цагтаа бетон төмөр хоолой мэрж байшин барилгыг нурааж байсан бол бидний сонгосон хүн хархууд  түүний дагуулууд Монгол түмний олон мянган жилийн турш  хөндөлгүй хадгалж ирсэн эрдэс баялагийг  асар богинохон хугацаанд хүйс тэмтрэх хүсэлтэй, өнөөх үлгэрт гардаг арван таван толгойтой атгаалжин хар мангасаас дор бодгалиуд санж.
Ийм хархууд идэх уух, олох олз омгийнхоо хэмжээгээрээ хоорондоо эвсэн нэгдэж, арчаа муутай олонхийнхоо хоол тэжээлийг дайран булаахдаа тун гарамгай. Хам хум тохирч тогтоосон тоглоомын дүрмээ ч хэн нэг нь хувиргаж өөрчилж, тэр ч бүү хэл үндсэн хуулийг маань хүртэл дотроос нь сэмхэн мэрчихсэнийг нь олонхи түмэн нь нилээд хожуу мэдэж байх жишээтэй.
Монголд идээшсэн ийм хархуудад ханана цадна гэж байдаггүй, бөгөөд өөрөөсөө бусдыг өрөвдөх хайрлах сэтгэл гэж огт үгүйбөлгөө. Цагтаа “Ху нам” гэж нэрлэгдэж байсан хувьцаат компаний толгойлох хархуудын ёроолгүй ховдог хомхой шунал хотын цэцэрлэгт хүрээлэн, гудамж, талбайг хоёр гуравхан жилийн дотор дайран эзэлсэн. Ашиг орлогын төлөөх энэ их дайн дажины явцад угаасаа суурь муутай байшин барилгуудынхаа хана туургыг нь хүртэл уралдан ухаж хөндийлснөөс түрүүч нь яажийж жайжийж, газар хөдөлсөн хөдлөөгүй өнөө маргаашгүй унах нурахад бэлэн болсон байна. Газрын энэ тулааны үр дүнд нийслэл хотын төв машин бүү хэл хоёр хүн ч зөрөхийн аргагүй болтол нь чигжирчихлээ. Энэ л хархуудын гайгаар бид утаатай, түгжрэлтэй, хогондоо дарагдсан, хордож бохирдсон хотод өнөөдөр бид амь зууцгааж байна.
Алт хөтөлбөр гэгчийг хархууд анх санаачлахдаа алсдаа өнөөдрийнх шиг байдалд орохыг тооцоогүй байсан байж магад. Гэхдээ л түүний угшилууд цадаж ханадаггүй ходоодондоо таарсан хууль дүрэм гаргаснаар  арваадхан жилийн дотор алт эрдэнэсээр баялаг   газруудыг маань сорчлон хувааж аваад гадны хархуудад зараад дуусгав. Алтны нунтаг ялтас хайсан жижиг хархууд уул толгодыг сарны гадаргуу шиг болтол нь нүхэлж сэндэчлэв. Хамгийн аймшигтай нь дээрээсээ дархлагдаж, хуяглагдсан жижиг дунд гарын хархуудын хятадаас оруулж ирж тараасан химийн хороор бидний цөөхөн хөх толботнуудын амь зуух, цаашдаа үр удам нь өв залгах орон гэр орд өргөө уул ус маань маань бузарлагдаж булингартсан.
Ийнхүү мянга мянган жилээр амар тайван аж төрж ирсэн малчин түмэнд маань хаана нүүж суухыг нь өнөөдөр гадна дотны гэдэс нь хувалз мэт гэрэлтэж цулайсан хархууд заахаар эрх нь нэгэнт баталгаажчихлаа. 50 тонн алтыг нь ухаж авчихаад татвараа төлөлгүй улс орныг маань олон улсын шүүхийн хаалга татуулчихаад бултдаг “Алтан Дорнодыг нь” больё л доо гэхэд Зaамрын хөндийгөөс ил далд олборлосон 100 шахам тонн алт хэний гараар ороод хаашаа алга болчихов гэдгийг мэдэх хүн өнөөдөр Монголд нэг ч үгүй. Харин үр дүнд нь Туул гол цэхийн булингартаж, тосон Заамар тоосон Заамар болсныг нүдтэй болгон нь харж байна.
Их эзэн Чингис Богд минь ийм хэдхэн хархуудад мэрүүлэхээр өргөн уудам нутгийг үлдээгээгүй нь лавтай. Монгол түмний маань үе удам дамжин мянга мянган жилээр сахин хамгаалж ирсэн тусгаар тогтнолын бүрэн бүтэн байдал дотроосоо алдагдаж, нутаг дэвсгэрийн бараг тэн хагас нь бидний нүүрэн дээр хайгуул болоод ашиглалтын лиценз нэрээр зуучлагдан гаднынхны тэр тусмаа эртнээс эх нутагт маань санаархаж байсан өмнөд хөршийн гарт аажим аажмаар гулсан орж байна. Дөч тавин жилийн дараа тэдний гараас төрөлх нутгаа бүрэн бүтэн салгаж авна ч гэж ёстой лөөлөө. Оросуудын орхиод явчихсан балгаснуудаас долоон дор сарны гадаргуу мэт том том ангал нүхнүүд, үхлийн хор агуулсан өмхий ногоон нуурууд л үлдэнэ.
Өнөөдөр далай мэт шуналын түймэртээшатаж шартсан  монгол хархууд төрд олноороо хүч түрэн гарах нөхцөл бүрдсэний гол буруутан нь бид өөрсдөө.
Дэлхийн II дайны төгсгөл буюу оросууд Берлин хотын зах руу орж ирж байх тэр агшинд фельдмаршал Адольф Хитлер дагалдагч нартайгаа салах ёс гүйцэтгэн амиа хорлох болсноо дуулгажээ. Цаадуул нь “Фюрер минь та хайртай ард түмнээ ингээд орхих гэж үү? Тэд нар чинь тэгээд таньгүйгээр цаашдаа яах билээ” хэмээн уйлагнацгааж. Тэгэхэд нь Хитлер “Тэд намайг сонгосон, тэр үйлээ цаашдаа өөрсдөө эдлэг” хэмээн уурсан хашгирсан гэдэг.
Хархуудын амьдрах үүрийг бэлдэж, замыг нь засаж өгсөн бид ч бас Хитлерийн хэлдгээр тэр үйл тамаа одоо ёстой нэг эдлэх шиг болж байна. Мөлжүүргүй яс чулуудсаных нь харамжинд хархууддаа амьдрах орон зайг нь өөрсдөө бүрдүүлж өгч   толгойн дээрээ зайдлуулчихаад одоо нийтээрээ яав даа даанч хэмээн духаа шааж байгаа нь худлаа биш гэж үү.
 Цадаж ханадаггүйн хэнхэг туссан ийм хархуудын тэвшнээс гадагшилсан ялгадасны үнэр танарт нь хүртэл хүн ард хэдэн зуугаараа хиарч эхэлсний эхний дохио Хонгор сум болсон юм. Аймаг, сумдын засаг дарга хэмээн сүржигнэлдэх дунд гарын хархуудыг далдуур тэжээдэг хоёр зуу гаруй хорны тээрмийн эзэд хужаа монголгүй хавсарч байгаад газар нутгийг маань орвонгоор нь хордуулж байсан, одоо ч байдал бахт байдгаараа үргэлжилсээр... Тэндээс ялгарах хороор  хүн малгүй амьсгалж, ундаалж,  хооллож амь зууж буйн лай ланчиг, гэм нүглийг алсдаа хэн үүрэх юм бол оо. Үр ач нар маань эрүүл төрж эсэн мэнд бойждог болов уу. Биднийг аврагч Бурхан гэж байна уу, та минь ээ.
 
                                      Ш. Пүрэвсүрэн         2011-12-25
  • Бичсэн Цахим Өртөө Холбоо
  • Үзсэн: 3706

Бүлэг: Нийтлэл

Австралийн үндэсний их сургуульд Монгол судлалын анхны төв нээгдлээ

Проф. Ж.Бат-Ирээдүй: Канберра-Улаанбаатар

Олон зуун жилийн тэртээгээс дэлхийн эдийн засаг, улс төр, нийгмийн талаар хүч нөлөөтэй гол гол улс орнуудад монголыг судлах төв, байгууллагууд үүсэж бий болж, хөгжиж бас ч зарим нь янз бүрийн учир шалтгааны улмаас  хумигдаж, зарим нь ч дахин сэргэж мандсаар баймой. Одоогоор хамгийн сүүлийн гэж хэлж болох нэгэн төв байгуулагдсан нь дэлхийн бөмбөрцгийн зүүн доод тив болох Австралид Австралийн Үндэсний Их Сургууль (АҮИС)-д энэ оны эхээр байгуулагдсан Монгол судлалын төв билээ. Тус төв нь АҮИС-ийн Ази, Номхон далайн коллежийн Түүх, соёл, хэлний сургуулийн харьяа бөгөөд тус төвийг байгуулахад тус сургуулийн захирал, профессор Кент Андерсон болон монгол судлаач Ли Нарангоо, Монгол Улсаас  Австрали Улсад суугаа анхны Элчин Сайд Цэрэндоржийн Жамбалдорж нар сэтгэл нийлэн санаачилж, хүч нийлүүлэн хичээнгүйлэн зүтгэжээ.

Сүүлийн жилүүдэд Монгол Австралийн харилцаа улс төр, бизнесийн чиглэлээр мэдэгдэхүйц идэвхижиж байгаа бөгөөд үүний дотор уул уурхайн чиглэлийн үндэсний томоохон компаниуд Монголд орж ирсэн нь хоёр орны харилцаа нийгэм, эдийн засаг, соёл зэрэг бүх талаар хөгжихөд хүчтэй нөлөө үзүүлж байна. Австрали Монголын боловсролын харилцаа ч улам өргөжиж, Монголын шинэ үеийн залуучууд Австралийн Их дээд сургуулиудад тус улсын хөрөнгө зардлаар олноороо сурч боловсорч байгаа нь Монголын ирээдүйд хийж байгаа томоохон “хөрөнгө оруулалт” болж байна.

Тус Монгол Судлалын Төв нь АҮИС-ийн болон Австрали дахь монгол судлаачид, монголыг сонирхогчдыг өөртөө татаж хөгжүүлэхийн төлөө байгаа бөгөөд одоогоор монголын түүх, соёл, хэл, археологи, антропологийн чиглэлийн эрдэмтэн, судлаачдыг нэгтгэж байна. Өнгөрсөн сарын 25 нд тус төв анхныхаа нээлттэй  эрдэм шинжилгээний олон улсын хурлыг хийсэн бөгөөд уг хуралд Австрали, Монгол, Япон, АНУ, Хонг Конгийн эрдэмтэд оролцож Монголын түүх, хэл, соёл, урлаг, антропологи, эдийн засаг, улс төр, боловсрол, нийгмийн антропологийн чиглэлээр хийсэн судалгааны үр дүн, илтгэлээ хэлэлцүүллээ.
Мөн тус хурлыг монголын орчин үеийн дипломат алба үүссэний 100 жилийн ойд зориулан Австралийн Үндэсний Их сургуулийн дэргэдэх Монгол судлалын төв, Монгол Улсаас Австрали Улсад суугаа Элчин сайдын яам хамтран зохион байгуулж, Австрали дахь Монгол судлалын төвийн албан ёсны нээлт болгон хийлээ.

“Дэлхийн бөмбөрцгийн доод хэсэгт, Австрали тив улсад монгол судлалын байгууллага ийнхүү албан ёсоор байгуулагдаж буй нь монголын түүх, хэл, соёлыг Австрали тивд төдийгүй Номхон далайн бүс нутагт түгээн сурталчлах их ирээдүйн эхлэлийг тавьж өгсөн чухал арга хэмжээ болж байна” хэмээн Монгол Улсаас Австрали Улсад суугаа Элчин сайд Ц.Жамбалдорж Монгол судлалын бага хурлыг албан ёсоор нээж хэлсэн үгэндээ онцлон тэмдэглэлээ. 

Тус хуралд зочилон ирж үг хэлсэн АҮИС-ийн хүндэт профессор, нэрт монголч эрдэмтэн, монголын нууц товчоо судлаач Игорь Дэ Рахевилз гуай “Миний олон жилийн өмнөөс АҮИС-д монгол судлалын төв байгуулах хүсэл мөрөөдөл өнөөдөр биелж, бидний анхны хурал маш өргөн хүрээнд болж байгаад сэтгэл нэн ханамжтай баярлаж байна” хэмээн мэдэгдлээ.

Бага хуралд дэлхийн нэрт монголч эрдэмтэн Игор де Рахевилц, Австрали дахь Монгол судлалын төвийн захирал профессор Ли Нарангоо, судлаач проф.Кент Андерсон, Роберт Криб, МУИС-ийн Антропологийн Тэнхимийн эрхлэгч, профессор Д.Түмэн, Монгол Судлалын Хүрээлэнгийн гүйцэтгэх захирал д-р Ж.Бат-Ирээдүй, ШУА-ийн ОУСХ-гийн профессор О.Батсйхан нарын зэрэг 30 гаруй эрдэмтэн судлаачид оролцож Монгол дахь монголын судлал , түүх, антропологийн судалгаа, эрэл хайгуул, олдоцын талаар илтгэл хэлэлцүүллээ. Мөн Австралийн Их Сургуулиудад ажиллаж, суралцаж байгаа Монголын залуу үеийн эрдэмтэн судлаачид олноор ирж илтгэл хэлэлцүүлсэн нь Монголын судлалын судалгаа шинжилгээний өргөн хүрээг хамарч, ирээдүйд АҮИС-д монгол судлалын хүчтэй төв бий болох итгэл найдвар байгааг харууллаа.

Мөн хурлын үеэр МУИС, АҮИС-ийн хооронд хамтын ажиллагааг идэвхижүүлэх талаар албаны хүмүүстэй санал солилцож, МУИС, АҮИС-ийн хамтын ажиллагааны үндсэн гэрээний хүрээнд хоёр их сургуулийн хооронд оюутан, багш, эрдэмтэн судлаач солилцох гэрээнд даруй гарын үсэг зурахаар тогтлоо. Мөн монгол судлалын чиглэлээр хамтын ажиллагааны төсөл хэрэгжүүлэх, МУИС, АҮИС, Индианагийн Их Сургуулийн монгол хэлний гурвалсан аудио сургалт явуулах, археологи, антропологийн хамтарсан судалгаа хийх, археологийн олдворт био анализ хийх зэргээр хамтран ажиллахаар тохиролцлоо.

Австралид зохион байгуулсан Монгол судлалын анхдугаар бага хурал нь Монголыг сонирхдог, судладаг эрдэмтэд, багш, оюутнуудыг хооронд нь уулзуулж, танилцуулж, улмаар санал бодол, мэдээлэл солилцох, ахмад болон шинэ үеийн монгол судлаачдын хэлхээ холбоог бэхжүүлэх аятай сайхан боломж олголоо. 

Монгол судлалын бага хурлыг олон нийтэд нээлттэй зохион байгуулсан нь Монгол Улс, Монгол судлалыг Австралид сурталчилсан чухал арга хэмжээ боллоо гэж албаны эх сурвалж мэдээлж байна.

  • Бичсэн batireedui
  • Үзсэн: 2518

Бүлэг: Нийтлэл

Баабар ахад

Миний хэлэх гэсэн зүйл бол сэтгэлд минь байдаг ардчиллын эхэн үеийн зурвасхан дурсамж болон Таны бичсэнийг 20 жилийн турш алгасалгүй уншсан, тодорхой хэмжээгээр хүндэлдэг хүний сэтгэгдэл төдий л юм.

1989 он гэхэд МУИС-ийн математикийн ангийн оюутнууд бид Д.Ламжав багшийн шууд нөлөөн дор ардчиллын үйл хэрэгт нэгэнт татагдан орлоо. Модон хөлтэй жижигхэн ханын самбар хийж, “Чөлөөт ярилцлага” гэж нэрлэн түүн дээрээ сургалтын агуулга, хөтөлбөр ялангуяа ЗХУКН-ын түүх зэрэг хичээлүүдийг шүүмжилсэн голдуу материал тавьж байсан юм. Д.Ламжав багш А.Сахаровын тухай, А.Ганбаатар Польшийн нийгмийн шинэчлэл, Баабар “Бүү март, мартвал сөнөнө” бүтээлийн хэсгээс тавьж байлаа. Ялангуяа Баабарын бүтээл тухайн үеийн нийгмийн байдал, түүнийг шинэчлэх санаагаараа оргил нь байсан билээ. Бид ч нууцаар гудамжны шонд, ялангуяа автобусны буудал орчимд их наасан даа. Ардчилал ялаад тун удалгүй энэ бүтээл ном болон хэвлэгдэж, нуух хаах айдасгүй болж хөдөө орон нутагт тарааж байхад нэгэн удаа онгоцонд хариугүй хоцордгийн даваан дээр Танд хэдэн боодол ном аваачиж өгч байсан минь санаанаас гардаггүй юм. Амжуулж хүргэж өгчихөөд их баярласан юм даг. Тиймээс энэ бичвэрээ би “Баабар ах” гэж нэрлэлээ. Түүнээс Та бидэнд ах дүүгийн холбоо хэлхээ огт байхгүй, ер нь намайг санах ч үгүй байх, хараад ч танихгүй л дээ. Бичвэрт буруу нэр өгсөн бол уучлаарай.

Өнгөрсөн 20 жилийн турш улс төр, түүх, гадаад харилцаа болон нийгмийн бүх л сэдвээр бичсэн Таны нийтлэлүүдийг амтархан уншиж ирлээ. ХХ зууны Монгол болон өмнөх нийгмийн талаар Б.Цэнддоо та хоёрын бүтээлийг уншиж элгээ хөштөл инээх үе ч байсан. Орчуулгын “Мао” ч бас янзтай. Монгол орноо улс шиг улс болгож, монгол хүнийг бусдын адил түвшинд аваачих гэсэн Таны их зүтгэлийг мөн өндөр үнэлж явдгаа бас хэлье.

Таны туурвисан бүтээл бүр ямар нэг шинэ болон оновчтой санааг дэвшүүлж, буруу зүйлийг шүүмжлэхийн хажуугаар тэдгээр нийтлэлүүдэд олон ч хүний тухай хувь хүн талаас нь дүгнэжээ. Мөн Та хувь хүний байгуулсан гавьяа, хийсэн нүглийг дүгнэн хэлэхэд олон түмэн шууд утгаар нь хүлээн авдаг болоод удаж байна.

Өнгөрснөөс Дамдины Сүхбаатарыг архичин, мөрийтэй тоглоомчин, улс төрд нэг их нөлөөгүй хүн байсныг би л лав өмнө нь огт сонсож байсангүй. Б.Цэрэндорж гуайг хятадын эрлийз гэж Та хэлээд байдаг. Манай албан ёсны түүхэнд Хэнтийд төрсөн халх хүн гэдэг. Нэгэн түүхч Таны номыг хуулбар, цуглуулга гэхэд түүхийг тэгээд зохиодог юм уу гэж жинхэнэ мад тавьж, хуучны нөхдийн үнэн нүүр царайг илчилж байсан даа.

Харин “Жамух” нийтлэлд одоо цагийн хүмүүсийн тухай, тухайлбал З.Энхболд реформын хамгийн том түүчээний нэг, М.Энхсайхан гарын арван хуруунд багтахуйц тоотой цөөхөн сэхээтний нэг, Н.Энхбаяр бол аугаа улс төрч гэхчлэн бичжээ. Гэхдээ тэд бүгд Жамух болсон гэсэн. Ний нуугүй хэлэхэд Таны санааг сайн ойлгоогүй байгаа, юу хэлэх гэснийг тань эргэцүүлсээр л явна даа. Магтах ч яахав магтуулж байгаа хүндээ хамгийн тааламжтай, бусад нь сонссон ч нэг их хортой биш. Оносон ч бай, оноогүй ч бай.

Харин Та зарим хүмүүсийг арай л дэндүү гэмээр хэлсэн байх юм. “... улаан хацарт, ярьдаг бөх, баян горхины далайн дээрэмчин, байгалийн гамшиг, балтуушир... Эдний хувьд юухан хээхэн илүү олоод долоочих санаатай болохоос, ямар элэнцгийнх нь эх орон ард түмэн бэ! Тогтоосон үсэг нь нийлээд нийлээд давхардсан тоогоор 35 хүрэх болов уу?” гэж ирээд л авч өгсөн байна. Таны бичсэнийг ихэд хүндэлдэг болохоор заримыг нь ойлгохгүй ч туйлын үнэн гэж автоматаар ойлгоод л байгаа. Үүгээр зогсохгүй “... Хамт яваа тэр лам, бөө, эрүүгийнхэн, өвчтэй эрүүл нь мэдэгдэхгүй онолч, зөнөг шаачихсан коммунист, хар дарж зүүдэлдэг гар, нам болгонд шаарлагдсан тэнүүлчид, рэкэтчин, луйварчин, одон медаль албан тушаалаа голсон хэнээтнүүд, больницоосоо хэзээ оргочихсон юм бол гэмээр өвчтөнүүд... аль ч нийгэмд байдаг ийм шавхруу” гэжээ. Мөн М.Энхсайханд хэлснээр “Энэ Батцэрэг, Батнасан энэтэр гээд хөөрхий дөө гэмээр умаахан амьтадыг чи яагаад дагуулаад тэнэгийг нь ашиглаад явдаг юм бэ?” гэснээс харахад олон жилийн өмнөөс Та хувь хүнийг судалж, дүгнэж ирсэн юм байна. Нээрэн сүүлд “Ялаа” гэсэн нийтлэлээ сануулсан шүү дээ, бидэнд.

Нийтлэлүүдээрээ дамжуулан Таны дэвшүүлдэг санаа оноо, шүүмжлэл, дүгнэлтийг тусгаж авч байснаас биш хувь хүнийг магтсан, дөвийлгөсөн бас гутаасан, доромжилсон хэсгийг нэг их онцолж үздэггүй байжээ. Эсвэл Та сүүлийн үед хувь хүний тухай арай түлхүү бичих болсон юм уу.

Та уншсан, сонссон байх. “Words to inspire” буюу “Ухааруулах үгс” гэдэг номонд нэг үг байна. “Great people talk about ideas. Average people talk about things. Small people talk about people.” Үүнийг “…Жижиг гарууд л хүмүүсийн тухай ярьдаг” гэж орчуулбал онох уу? Та зөвлөөрэй.

Энэ удаа Танд хандан бичсэнээрээ би бас сүүлчийн ангилалд орж байна. Гэхдээ миний нийгэмд эзлэх, нөлөөлөх байр суурь Таныхаас “жижиг” тул жижиг гар болоход санаа зовсонгүй. Нэгэнтээ Таныг “ах” хэмээн хүндэлж буй учир…

Хүндэтгэсэн, дүү Ч.Бат-Эрдэнэ
УБ хот, 2011.11.12

  • Бичсэн Baterdene
  • Үзсэн: 2482

Цахим Өртөө Сүлжээнд элсэх

  • Өртөөний сүлжээнд элсэх

tsahim_urtuuХэрэв та Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээнд элсэхийг хүсвэл: http://groups.google.com/group/tsahim-urtuu-suljee хаягаар зочилж маш хялбархан бүртгүүлж болно. Та Гүүгл суурьт энэхүү сүлжээнд имэйлээ бүртгүүлснээр манай сүлжээний гишүүн болно.

 

Image Temp

Энэ хуудас нь Цахим Өртөө сүлжээний нийт гишүүдийн хамтын бүтээл байх бөгөөд ажил хэргийн санал болгоныг вэбийн хамтлаг тухай бүр нь тусган энэ хуудсанд оруулж байх болно. Хамтран ажиллаж буй, ажиллахаар зэхэж буй таньд баярлалаа.

Newsletter