161-р сар2018

Бүлэг: Нийтлэл

Аюултай хог хаягдлаа яах вэ, дарга нар аа???

Др. Ш.Пүрэвсүрэн.  Цахим Өртөө Холбооны гишүүн
2011 оны 7 дугаар сар 31

Сүүлийн жилүүдэд хот суурин газрууд өргөжин тэлж, хүн амын төвлөрөл ихэссэний улмаас орчны агаар, ус, хөрс их хэмжээгээр бохирдож байгаагийн дотор  хүрээлэн орчныг бохирдуулж буй гол хүчин зүйл нь хог хаягдал болоод байна.

Өнөөгийн байдлаар дэлхийд 10 сая гаруй нэр төрлийн химийн бодис бүртгэгдсэний 70 мянга орчим нь бидний амьдралд өдөр тутам ашиглагдаж байна. Олон улсын зах зээлд жил тутам 1000 нэр төрлийн химийн бодис шинээр гардаг ба жилд 100 орчим мянган нэр төрлийн 400 сая гаруй тонн химийн бодис үйлдвэрлэдгээс үүдэн 400 гаруй сая тонн аюултай хаягдал гарч байна.

Бидний ахуй амьдралдаа хэрэглэж буй энэ олон нэр төрлийн химийн бодис нь хүн, амьтны биед ямар нэг байдлаар сөрөг нөлөө үзүүлж, эдгээрээс одоогийн байдлаар 200 гаруй нь хорт хавдар, өмөн үүн эх үүсвэр болдог нь нэгэнт батлагдаад байна. Ийнхүү шинжлэх ухаан улам нарийсан хөгжихийн хирээр өнгөрсөн зууны 60-70-аад оны үед хүмүүсийн өөрсдийнх нь зохиомлоор гаргаж авсан химийн гаралтай бүтээгдэхүүнүүд  ахуй амьдралд нь ямар хор хөнөөлтэй болохыг харуулсан баримт нотолгоо  улам бүр олширсоор байгаа билээ.

Манай улсад химийн хорт бодисын ашиглалт, хамгаалалтын байдалд гурван жилийн өмнө явуулсан улсын үзлэгийн дүнгээс харахад 8000 нэр төрлийн 10000 орчим тонн химийн бодис уул уурхай болон бусад салбаруудын хэрэгцээнд импортлогдож, тэдгээрээс агаарт 100, ус болоод хөрсөнд 1000 гаруй нэр төрлийн химийн бодис ялгаран хаягдаж байгаа нь  тогтоогдсон байдаг.

Ганцхан жишээ дурьдахад  арьс шир боловсруулах зориулалтаар урьдаас орж ирж байгаа  химийн бодисонд зургаан валенттай хром байгаа нь Туул голын дагуу оршин амьдардаг  хүн малын эрүүл мэндэд асар хортой нөлөө үзүүлж байна. Энэ бодис нь хүн амьтны ходоод шархлуулахаас гадна цус багадалт үүсгэж, мөн  эрчүүдийг үргүй болгодгоос гадна хүн малын уушгины хавдар үүсгэдэг аюултай. Мөн зургаан валенттай хромын нөлөөгөөр хүн малаас гаж үр төл гарсан удаа цөөнгүй.

Манай улсын хэмжээнд өнөөдөр бүрэн бус тоогоор 3000 гаруй га талбай бүхий 450 цэгт хог хаягдлыг ил задгай хаяж байна. Хот аймаг сумын төвийн орчин, дээр нь уул уурхайнхны бохирдуулсан газрыг оролцуулбал 10 мянга гаруй га газар хог хаягдлаар, 4000 га газар химийн бодис, нефтийн бүтээгдэхүүнээр бохирджээ. Огт цэвэрлээгүй 80000 шоо метр, дутуу хагас цэвэрлэсэн 360000 шоо метр бохир ус жил бүр гол горхиор дамжин байгаль орчныг бохирдуулж байна.

Улаанбаатар хотоос  жилд хагас сая гаруй тонн хуурай хог хаягдал гарч, энэ их хогийг зөөх тээвэрлэхэд асар их зардал гарч байна. Хотын дарга нар энэ талаар олон жил ярьж, төлөвлөж, бичиг цаас шидэлцэж, гадна дотнын төслийн хөрөнгийг баруун солгойгүй зарсан боловч байдал огт дээшилсэнгүй.  Энэ их хогон дунд умбан өсөж байгаа ялангуяа гэр хорооллынхны хүүхэд багачуудын эрүүл мэнд чухамхүү хутганы ирэн байгаа гэхэд нэг их хилсдэхгүй. Энэ их хогон дотор хүний эрүүл мэндэд ноцтой хортой гэгдэх аюултай хог хаягдал алхам тутамд хөглөрч байгаа юи. Хэд хэдэн жишээ дурдья.

1.Элдэв төрлийн том жижиг зай, аккумуляторын батерей болоод зарим төрлийн керамик эдлэлээс гадна хямд төсөр будгийн найрлаганд ордог хартугалга хүн малын эрүүл мэндэд ноцтой сөрөг нөлөөтэй. Иймээс ч өнөөдөр дэлхийн ихэнх улс орнуудын будаганд тавих стандартын шаардлаганд хар тугалганы агууламж байгаа эсэхэд онцгой анхаарал тавих болсон байна. Учир нь амьсгалын болоод хүнсний зүйлээр дамжин биед орсон хар тугалга хүний бараг бүх эд эрхтэнг гэмтээх, өвчлүүлэх аюултайг эрдэмтэд өнгөрсөн зууны сүүлээр олж тогтоожээ. Ялангуяа бага насны хүүхдийн мэдрэлийн  системийн үйл ажиллагаанд хортой нөлөө үзүүлнэ, хорт хавдар үүсгэнэ. Жирэмсэн эхчүүд хар тугалга ихтэй зүйл хүнсэндээ хэрэглэбэл эсвэл хар тугалгатай саванд хоол хүнс хадгалбал дутуу жинтэй, оюуны хомсдолтой хүүхэд төрөх гээд үр удамд нь эдгэршгүй ул мөр үлдээнэ. Залуучууд цус багадалт, ахимаг насны хүмүүсийн хувьд цусны даралт өөрчлөгдөх, тархи болоод бөөрний үйл ажиллагаанд хар тугалга сөрөг нөлөөтэй. Жирэмсэн эхчүүд үр зулбах, эрчүүдийн үржлийн эрхтэнд сөргөөр нөлөөлөх гээд хар тугалганы хорыг тоочоод байвал дуусахгүй. Өнөөдөр Монголын тал нутгийн хаа л бол хаана хөглөрч байгаа зүйлийн нэг бол автомашин, мотоцикл, нарны зайн хуучирч муудсан батарей, гар чийдэн, радио бусад төрлийн дууссан зайн хураагуурууд. Эдгээрт агуулагддаг хартугалга, кадми зэрэг элементүүд нь мянган жил болсон ч устаж алга болдоггүй хорт бодисууд болохыг хүмүүс тэр бүр анзаардаггүй байх.

2. Барилгын дулаалганд ашигладаг шилэн хөвөн нь эрүүл мэндэд ноцтой хохирол учруулдаг эд. Хүний үснээс хэдэн мянга дахин нарийн, нүдэнд үл харагдахаар хөвөнгийн жижиг тооцонцор хэсгүүд агаарт бужигнаж, амьсгалаар уушгинд орж уушгины өмөн үү үүсгэдгийг эрдэмтэд судалж тогтоож барууны бүх оронд шилэн хөвөнтэй материалыг барилгын дулаалганд ашиглахыг хязгаарлаж хорьсон байдаг. Өнөөдөр хааяагүй хөглөрөх сая сая тонн барилгын хог хаягдал дотор бужигнах шилэн хөвөн, хар тугалгатай будгийг анхаарах хүн үнэндээ алга.

3. Сүүлийн 50 жилд  хөхний хорт хавдар 26%, чөмөгний хорт хавдар болоод  тунгалгийн зангилгааны  хорт хавдар гурав дахин, хүүхдийн хорт хавдар 13%-иар өссөнийг эрдэмтэд удаан задардаг органик бодистой холбоотой гэж үздэг ба Монгол Улс “Удаан задардаг органик бохирдуулагчийн тухай” Стокгольмын конвенцид  2004 онд нэгдэн орсон юм.  Хүрээлэн орчинд өргөн тархсан дээрх бодисын төрөл болох диоксин, фуран хэмээх органик бодисууд нь  уурын болон дулааны цахилгаан станцууд, гэр хорооллын зуух, хог хаягдал түүний дотор эмнэлгийн хог хаягдлыг зориулалтын бус аргаар шатаах, ахуйн болон үйлдвэрийн бохир ус цэвэрлэх байгууламжийн лаг, автомашин засварын газрууд, бүх төрлийн хуванцар болон хаягдал боловсруулах үйлдвэрүүд, тоосго, цемент, шохой, арьс шир, ноос ноолуур  боловсруулах үйлдвэрүүд зэрэг эх үүсвэрүүдээс их хэмжээгээр ялгарч байна.

Бидний өдөр тутам хэрэглэж буй ихэнх хоол хүнсний хуванцар сав суулга нь PVC буюу поливинил хлорид, бисфенол А болон поликарбонатыг тодорхой хэмжээгээр агуулсан байдаг. Эдгээр бодисууд нь дотор нь хадгалж буй шингэн зүйлийг шүлтлэг болгодгийн дээр хүний биеийн дотоод шүүрлийн эрхтэн системд муугаар нөлөөлдөг нь нэгэнт батлагдсан аж.  Өнөөдөр дэлхий даяар гурван сая тонн Бисфенол А хэмээх химийн бодис агуулсан хуванцар сав үйлдвэрлэгдэн хэрэглэгчийн гар дээр очиж байна. Гэтэл ийм төрлийн бодистой хуванцар лонх, савыг ахуйд байнга хэрэглэснээс эмэгтэйчүүд хөхний хорт хавдраар өвчлөх, үр зулбах, гаж согогтой хүүхэд төрүүлэх, эрчүүд үргүйдэх тохиолдол ихсэж байгааг эрдэмтэд хатуу сануулж байна.  Эдгээр бодис нь хүний биед өчүүхэн бага хэмжээгээр орсон нь бол цаашдаа задарч биенээс зайлуулагдаггүй хуримтлал үүсч  аажмаар хордуулдгаараа  онцгой аюултай.   Иймээс хөгжингүй орнууд ийм бодис бүхий гялгар уут, хуванцар савыг үйлдвэрлэлийг багасгах, хасахад анхаарч ялангуяа Европын Холбооны улсууд энэ чиглэлээр идэвхтэй санаачлага гаргаж ажиллаж байгаа аж. Төрөл бүрийн хуванцар сав, хүүхдийн угж, тоглоомонд байдаг нэг төрлийн хортой бодис бол поливинил хлорид буюу товчоор  РVC гэсэн тэмдэглэгээтэй бүтээгдэхүүнүүд. Иймээс хүнсний зүйлийг хуванцар саванд удаан хадгалахгүй байхыг зөвлөж байна. Мөн хуучрах тусам агуулагдсан химийн бодис ихээр ялгардаг учир эцэг эхчүүд нярай хүүхдэдээ хоёр жилээс дээш хугацаагаар хэрэглэсэн угж, хуванцар хүүхэлдэй, эвдэрч цуурсан тоглоом  хэрэглүүлэхгүй байхад анхаарах нь зүйтэй.

Манай улсад нийлэг материалтай уутыг хүнсний бүтээгдэхvvн савлах зорилгоор голдуу гаднаас оруулж ирдэг байсан бол одоо хөрш зэргэлдээх орнуудаас шахагдсан ийм төрлийн уутны үйлдвэрийг сүүлийн жилүүдэд олноор оруулж ирсэн нь хэнд ч нууц биш. Ийм төрлийн уут нь савласан бүтээгдэхүүнтэйтэйгээ урвалд орж органик уусгагч бодис үүсгээд хүний элэг ходоодыг шархлуулж, улмаар улаан хоолойн үрэвсэл, хорт хавдар үүсгэдэг. Иймээс өөхтэй мах, бялуу гэх мэт тос их агуулсан хүнсний бүтээгдэхүүнийг зориулалтын бус гялгар нийлэг уутанд хадгалах, хүнсний ямар ч бүтээгдэхүүнийг ийм уутанд хийж цахилгаан зууханд халаах нь эрүүл мэндэд маш хортой. Гялгар уут нь задрахгүйгээр 400-500 жил хөрсөнд байж, байгаль орчныг бохирдуулж хордуулдаг, шатахдаа хүний биед хортой хий ялгаруулдаг учраас  2010 оноос нимгэн нийлэг уутыг үйлдвэрлэх, худалдаанд хэрэглэхийг хориглосон хууль УИХ баталсан ч амьдралд огт хэрэгжүүлж чадсангүй.

4. Дэлхийн ихэнх  оронд 1990-ээд оны эхэн хүртэл полихлорт бифенил /ПХБ/-ийг  үйлдвэрлэн өргөнөөр хэрэглэж ирсэн бөгөөд манайд 2005 оны байдлаар 5500 тонн тос агуулсан 13 мянга гаруй тоног төхөөрөмж ашиглагдаж байгаагийн  90 гаруй хувь нь  ОХУ-д 1990 оноос өмнө үйлдвэрлэгдсэн байдаг.  ПХБ-г их хэмжээгээр ашигладаг томоохон уул уурхай болон бусад байгууллагуудтай хамтран ажиллах, тэдгээрийн  ашиглалтад хяналт тавих, хүрээлэн орчныг бохирдуулахаас урьдчилан сэргийлэх, байгаль орчинд халгүй ээлтэй дэвшилтэт технологи нэвтрүүлэх, арга ажиллагааг олон нийтэд сурталчлах, ПХБ-ийн талаар ард иргэдийн мэдлэгийг дээшлүүлэх, Стокгольмын болон Базелийн конвенцийн н/б дарга нарын газар, бүсийн асуудал хариуцсан газартай хамтран ажиллах чиглэлээр БОАЖЯам дорвитой ажил зохион байгуулах энэ ажилдаа мэрэгжлийн ТББ, компаниудыг татан оролцуулах хэрэгтэй байна.

Дээрх аюултай хог хаягдлуудыг энгийн хог хаягдлаас тусгаарлан устгаж булах хог хаягдлын устгалын тусгай цэг улсын хэмжээнд одоо хүртэл байхгүй байгаа нь хэн бүхний санаа зовоох асуудал болоод байна. “Аюултай хог хаягдлыг хадгалах, хил дамжуулан тээвэрлэхэд хяналт тавих тухай Базелийн Конвенц”-д манай улс 1997онд нэгдэн орсон юм. Иймд Конвенциор хүлээсэн үүргийнхээ дагуу аюултай хог хаягдлыг устгах зайлуулах асуудалд ул суурьтай хандах цаг нэгэнт болжээ.

  • Бичсэн Цахим Өртөө Холбоо
  • Үзсэн: 3874

Бүлэг: Нийтлэл

Хөөмийн наадмаас хийсэн тэмдэглэл - I

Д.Цэрэнбат, Цахим Өртөө сүлжээний гишүүн, Surrey, England

Жил гаруйн өмнө хөөмийг БНХАУ-ын соёлын өв болгон бүртгэгдсэн тухай мэдээллийг Лондонд суудаг зураач, уран бүтээлч Ц.Отгонбаяр анх амонг болон Цахим Өртөө сүлжээгээр бичиж олны сонорт хүргэснээр, газар газар суугаа Монголчууд,  хөөмийг судлагч гадаадын иргэд өөрсдийн санал шаардлагуудаа UNESCO-ийн холбогдох албанд илгээж эхэлсэн билээ. Үүнээс хойш олон зүйл өрнөж өдгөө бид хөөмийгөө Монгол улсынхаа нэрийн дор бүртгүүлж чадав. 
Цахим Өртөөгөөр дамжин өрнөсөн энэхүү хөдөлгөөнд  идэвхитэйгээр  манлайлан оролцож байсан Лондон дах Lingua Global-Art Café –ийн захирал, Цахим Өртөө Холбооны гишүүн, хадагтай Ж.Өнөрмаа, түүний хамтран ажиллагч Англи улсын иргэн хөөмийч, хөөмий судлаач Michael Ormiston нар Монгол Хөөмийн наадам хийх ажлыг санаачилан хөтөлбөрийг боловсруулж, ИБУИНВУ дах Монгол улсын элчин сайдын яамны дэмжлэг, хамтын оролцоо, бусад цөөнгүй байгууллагуудын тусламжтайгаар 7 сарын 19, 20-ны өдрүүдэд Лондон хотноо энэхүү арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.

School of Oriental and African Studies, University of London-ийн хурлын танхимд 19-ны өдөр болсон Монгол хөөмий сэдэвт бага хуралд гадаад дотоодын 5  орны нийт 30 гаруй хөөмийч, хөөмийг судлаач болон сонирхогчид оролцсон юм. Ингээд хөөмий эгшиглэсэн энэхүү бага хурал, наадмын сониноос уншигч тантай хуваалцая.

Хүн эрдэнэ - living treasure

Монголын улсын соёлын гавъяат зүтгэлтэн, нэрт хөөмийч,  хөөмий судлаач, сурган хүмүүжүүлэгч Д.Цэрэндавааг Кембриджийн их сургуулийн ардын хөгжим судлаач Dr Carole Pegg ийнхүү тодорхойлсон.  Хүндэт зочин Д.Цэрэндаваа гуай Ховд нутгаасаа холын аянд гарч хоног сааталгүй явсаар хөөмийн наадмын урд өдөр Лондонд дөрөө мултлан Бага Хуралд "Монгол хөөмийн үүсэл гарал, түүх, ардын хувьсгалаас өмнө, хойно монголчуудын дунд хэрхэн хэрэглэгдэж байсан болон хөөмийн өв уламжлал” сэдвийн дор Монгол хөөмийн үүсэл түүх, судлагдаж ирсэн байдал, төрөл хэлбэр, цаашдийн чиг хандлагын талаар сонирхолтой илтгэл сонсгож хэлэлцүүлсэн юм.  Түүний хөөмийн талаархи олон жилийн судалгаа, өргөн мэдлэг,  байгалиас заяасан авъяасаа “хүн эрдэнэ” хэмээн танигдан нэрлэгдэх болтлоо хөгжүүлэн гаргаж ирсэн нөр их хөдөлмөрийг шагшин бишрэлтэй.

Эл наадмын үеэр үзүүлсэн МУ-ын Соёлын Гавъяат зүтгэлтэн Ж.Бадраа агсаны 1988 онд бүтээл, олон улсын кино наадмын Гран При шагналт “Монгол Хөөмий” баримтат кинонд Д.Цэрэндаваа гуай цэл залуу 28 настайдаа нутаг орондоо хэдий нь танигдсан хөөмийч болоод зогсохгүй,  хөөмийн талаар бие даан судлан шинжилж, төрөлжүүлэн нэрлэж, тэр бүгдээс хөөмийлөн үзүүлж байв. Байгаль ахуйд, гэрийн нөхцөлд хөөмийг сурч дэлхийн тавцанд таниулахад тэрээр өөрийн авъяас билэг, сэтгэл зүрх, ухаан бодлоо зарцуулан явааг түүний хийж бүтээсэн судалгааны ажилууд, амилуулж хөөмийлсөн ая эгшигүүд, багшилж сургасан шавь нараас нь харж болно.

Тэрээр бусдын асуултад “ Би та бүхний асуултад  бүгдийг мэдэгч болон хариулж чадахгүй. Би одоо ч бусдаас суралцаж өөрийнхөө үзэж туулсантай харьцуулж шинжилж явдаг хүн” хэмээн өгүүлээд сонирхолтой хариултууд өгч байсныг тогтоон авснаараа заримыг нь буулгая.
 
“... Хүн бүр дуу авиа гаргадаг л болохоор тэр хэмжээгээр өөрт зохицсон хөөмийн авиа гаргах боломж хүн бүрт байдаг гэж би итгэдэг. Тиймээс ч хөөмий сурая гэсэн хэн ч хичээл зүтгэлээрээ өөрийн тохирсон хэмжээнд хөөмийлж сурах боломжтой юм. Харин авъяас бол цаанаасаа байдаг юм аа...

...Хүн олон янзын авиа гаргадаг, Хэн нэгэн хашигарахад хүн цочдог бол харин хөөмийлөөд эхлэхээр чих тавин нүүрэнд нь инээсэглэл тодрон сонсож эхэлдэг. Энэ нь хөөмий хүний сэтгэл зүрхийг хэрхэн хөгөлж эерэг эрчийг өгч буйн нолтолгоо гэж итгэдэг...

... Нэгэнтээ би 300 хүүхдэд гэрийн аргаар хөөмий заагаад тэд нарынхаа нэгэн зэрэг хөөмийдөхийг сонсоход тэр аялгуунаас асар их эрч хүчийг аван үсний цагаан арилж, духны үрчлээ цөөрөх шиг болж билээ..

... хөөмийлдөхөд амьсгаагаа түгжин аль болох удаан хадгалж ямар хөөмийн аргаасаа хамааран хоолой багалзуур цээж гэдэснээсээ  гадагш шахах тул холбогдох булчингууд ажиллаж, цусны эргэлт түргэсч, хөлс чийхарч түүгээр дамжин биеийн элдэв муу зүйл гадагшилж байдгаараа хөөмий нь биеийн тамирын дасгал болж, хөөмийч хүмүүс эрүүл саруул байх нөхцөл болдог...

... Ховд аймаг байгуулагдсаны ойгоор 7 сарын 29-д Ховд хотод 250 хөөмийчний коцерт болох гэж байгаа нь хамгийн олон хөөмийч орлцсон тоглолт болох юм...” гэх зэрэг олон сонирхолтой сайхан зүйлсийг оролцогч нарын асуултад хариулах явцдаа өгүүлж байлаа.

Түүний цэгц яриа, цэцэн үг, донжтой төрх, сонсголонтой хөөмий, сүрлэг өмсгөл нь эрхгүй хамтаар зохицон нийцэх аж.

Тэрээр 8 хүүхэдтэй бөгөөд нэг охин нь хуримаа 7 сарын 24-д Ховд аймгийн Чандмань сумандаа хийх тул бага хурлын нөгөөдөр л нутгийн зүг яаран буцсан.

Арга байхгүй л монгол ахуйгаас төрж тодорсон хайрлан хамгаалууштай бидэнд ховорхон заяасан “хүн эрдэнэ” юм даа хэмээн эрхгүй бодогдож байлаа.

Үргэлжлэл бий

  • Бичсэн tserenbat_d
  • Үзсэн: 3056

Бүлэг: Нийтлэл

“Зөгийн үүр-2011” цахим уулзалт зөвлөлгөөнд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын хэлсэн үг

Эрхэм хүндэт уулзалт зөвлөлгөөний оролцогчид оо, Монгол Улсын Засгийн газар   2011 оныг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгон  зарлаж, ажлын байр бий болгох, иргэдийнхээ хөдөлмөр эрхлэх нөхцөлийг  бүрдүүлэх  чиглэлээр авч хэрэгжүүлж буй олон талт  арга хэмжээний нэг хэлбэр нь  “Зөгийн үүр”  хөтөлбөрөөс зохион байгуулагдаж байгаа гадаадад амьдарч буй  иргэдтэйгээ уулзаж буй  энэхүү цахим уулзалт зөвлөлгөөн юм. Гадаадад ажиллаж, амьдарч байгаа иргэдийнхээ давуу тал, амжилтыг улс орны хөгжлийн тогтвортой байдлыг хангахад чиглүүлэх,  тэргүүний арга туршлага, ноу-хау-г нэвтрүүлэх, гадаадад байгаа иргэддээ түшиглэн улс орны хөгжлийг эрчимжүүлэх , иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, гадаад улс оронтой эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхэд  анхаарч байна.

Төр үүргийнхээ дагуу нэгдсэн бүртгэлийг төгөлдөржүүлэн, гадаадад амьдарч байгаа иргэдээ бүртгэх ажлыг эрчимжүүлж, өнөөгийн нөхцөл байдлаа тодорхойлон цаашид гадаадад байгаа иргэдэд чиглэсэн төрийн бодлогын тэргүүлэх чиглэлийг тодорхойлохоор төлөвлөн ажиллаж байна.
Гадаадад амьдарч буй иргэдээ иргэний шинэчилсэн бүртгэлд бүртгэх ажлыг зохион байгуулах ажлын хэсэг  байгуулж,  бүртгэлийн нээлтийн үйл ажиллагааг БНСУ-аас  2011 оны 3 дугаар сарын 23-нд  эхлүүлэн  бүсчилсэн хуваарь хийж Америк, Герман, Франц, Орос, Казакстан, Тайланд, Египет, Энэтхэг, Хятад зэрэг улсад  сургалт зохион байгуулж, шинэчилсэн бүртгэлийн ажил  35  оронд суугаа  ЭСЯ-нд  явагдаж байна.
Судалгаагаар манай 120 мянга орчим иргэн хилийн чанадад ажиллаж, сурч амьдарч байгаагаас өнөөдрийн байдлаар иргэний шинэчилсэн бүртгэлд бүртгүүлсэн 6274 иргэний цахим мэдээл ирж,  5545 иргэнд иргэний бүртгэлийн дугаар олгогдоод байна .
Монгол Улсын Хүний хөгжил сангийн тухай хууль,  «Хүний хөгжил сангаас Монгол Улсын иргэнд 2010 онд хишиг, хувь хэмжээг тогтоох тухай» , «Иргэний шинэчилсэн бүртгэл явуулах тухай» , «Иргэнд хишиг, хувь хүртээхтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай тогтоолын дагуу эх орны хувь хишиг болон УИХ-ын 2010 оны 39 дүгээр тогтоол, Засгийн газрын 350  дугаар  тогтоолоор ”Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 10 хувийн хувьцааг  иргэний шинэчилсэн бүртгэлд бүртгүүлсэн  иргэдэд нэрийн данс нээж эзэмшүүлэхээр боллоо.
Хилийн чанадад эрх ашиг нь хөндөгдсөн, гачигдал зовлон учирсан иргэдэд санхүүгийн тусламж үзүүлэх тогтолцоо бүрдүүлэх зорилгоор “Иргэдэд туслах сан”-г байгуулан ГХЯ  дээр ажиллуулж байна. Бид дээрх сангийн зохицуулалтыг улам боловсронгуй болгох зорилтыг ч ойрын хугацаанд хэрэгжүүлэх болно.

Засгийн газраас гадаадад хөдөлмөр эрхэлж байгаа Монгол Улсын иргэдийг нийгмийн даатгалд хамруулах ажилд анхаарлаа хандуулж Солонгос, Унгар Улсад  ажиллаж, амьдарч байгаа иргэд  нийгмийн даатгалд хамрагдах боломж бүрдсэн. Цаашид  Европын холбооны хэд хэдэн улстай Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамнаас гэрээ хэлэлцээр хийх ажлыг эрчимжүүлэн судалгаа, хэлэлцээр хийж эхлээд байна.
Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр байгуулагдсан Хөдөлмөрийн төв бирж үйл ажиллагаагаа 2011 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн явуулж, хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийг цуглуулж, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх, мэдээллийг боловсруулах, түгээх үйлчилгээг эрхлэж www.labornet.mn вэб портал нээж, та бүхний мэдээллийг хүлээн авч ажил олгогчид, мөн ажлын байрны болон ажил олгогчийн тухай мэдээллийг цуглуулах, онлайн мэдээлэл, зуучлалын үйлчилгээ явуулах боломжийг бүрдүүллээ.

Хилийн чанадад суугаа иргэдтэй хамтран ажиллах Зөвлөлөөс Төрийн болон хувийн хэвшлийн томоохон аж ахуйн нэгж  байгууллагуудаас 2011-2012 онд дотоодын хөдөлмөрийн зах зээлээс  нөхөгдөх боломжгүй  байгаа нарийн мэргэжил, өндөр ур  чадвар шаардсан ажлын байрны хэрэгцээ шаардлагын талаар авсан судалгааны дүнгээс үзэхэд Дэд бүтэц, барилгын салбарт- 6235,  уул уурхай эрчим хүчний салбарт -165,  эрүүл мэндийн салбарт-131, хөнгөн үйлдвэрийн салбарт – 125,  Хууль  эрх зүй салбарт-61 ажлын байрны  бодит хэрэгцээ байна.

Мөн судалгаанаас үзэхэд манай улсад  нарийн мэрэгжлийн  тухайлбал агаарын хөлгийн ашиглалтын инженер, уурхайн засвар үйлчилгээний инженер, биотехнологич, лабораторын эмч, эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер, арьс боловсруулагч технологич инженер, банк, санхүү бизнес, маркетинг, программ хангамжийн инженер зэрэг  өндөр боловсрол, ур чадвар шаардсан  ажлын байрны хэрэгцээ их байна.
Иймд  гадаадад ажиллаж амьдарч байгаа монголчуудынхаа  хүч, бололцоо, хувь нэмрийг улс  орныхоо бүтээн байгуулалтад  оролцуулах, эх орондоо эргэж ирээд ажил хөдөлмөр эрхлэх бололцоо, нөхцлийг бүрдүүлэх  зорилгоор  Монгол Улсын  Засгийн газар тусгайлсан хөтөлбөр батлан хэрэгжүүлж байгаа нь Та бүхний анхаарлын төвд аль хэдийнээ орсон гэдэгт эргэлзэхгүй байна.

Энэхүү “Зөгийн үүр”  хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Хилийн чанадад байгаа иргэдийн  боловсрол, чадавхи, ажлын туршлагын талаар  судалгаа хийж,   ажил олгогч байгууллагуудыг гадаадад байгаа монгол иргэдийн талаарх мэдээллээр хангах, хамтран ажиллах механизмыг бүрдүүлэхэд гол анхаарлаа хандуулан ажиллаж байна.
Түүнчлэн гадаадад байгаа иргэдтэйгээ биечлэн болон  онлайнаар уулзаж, санал бодлыг сонсох, эрэлт хэрэгцээг  бодитоор тодорхойлох, төр засгийн бодлого шийдвэр,  улс оронд болж буй үйл явдлын талаарх  мэдээллийг үнэн зөв хүргэхэд   анхаарч байна.

Хилийн чанадад үндэснийхээ уламжлал,  хэл соёл, ёс, заншлаа хадгалах, хамгаалах, түгээн дэлгэрүүлэх  сурталчилгаа хийж  төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулж,  улс орны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа Монгол Улсын иргэд, монголчуудын холбоодын үйл ажиллагаанд Засгийн газар гүн талархал илэрхийлэхийн зэрэгцээ цаашдын үйл ажиллагааг бүхий л талаар  дэмжиж ажиллана.

Та бүхэнд илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгч, санал бодлоо солилцохоор холбогдох төр, хувийн хэвшлийн төлөөлөл өргөн бүрэлдхүүнээрээ  уулзалтад оролцож байна. Харилцан чөлөөтэй  мэдээлэл, санал бодлоо хуваалцаж, ярилцаж зөвлөлдөхийг урьж байна.
Монгол Улсын Ерөнхий сайдын  хувьд уулзалт зөвлөгөөнөөс  гарах үр дүнг анхаарч, төр засгийн цаашдын бодлого шийдвэрт тусгаж, хамтран ажиллах болно.

Анхаарал тавьсанд баярлалаа.

  • Бичсэн tserenbat_d
  • Үзсэн: 1829

Бүлэг: Нийтлэл

Бид амьдралд хайртайдаа тэмцэж байгаа юм.

/ГАНЦ ХУДГИЙН УРЬДЧИЛАН ХОРИХ ТӨВ БОЛОН НИЙСЛЭЛИЙН БАРИВЧЛАХ БАЙРАНД ХОРИГДОЖ БАЙГАА “ГАЛ ҮНДЭСТЭН” ХОЛБООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДЭЭС НИЙТ МОНГОЛЧУУДДАА ХҮРГЭХ ЗАХИДАЛ/

Магадгүй зарим хүн биднийг “Хэтэрхий давраад байсан юм. Шоронд нь хатаа!” хэмээн тавлах нь байгаа л байх. Гэхдээ бид хулгай хийж, бусдыг дээрэмдэж, хэн нэгнийг залилж, гэмгүй иргэдийг зодож, амь насыг нь хохироогоогүй. Бид бас төсвийн хөрөнгө идэж, авилга авч, газар нутгаа зарж, хорт бодисоор ус байгалиа хордуулаагүй. Банкнаас их хэмжээний зээл авч, казинод тоглож банк дампууруулаагүй, хилээр хууль бус бараа оруулж, эсвэл хар тамхи борлуулж, хүний наймаа эрхлээгүй ээ! Тендер будлиантуулж, гадаадын хаягдлыг хямд авчирч улсын байгууллагад өндөр үнээр шахаагүй. Эрх мэдэлд хүрэхийн тулд олон нийтэд худал амлаж, албан тушаалын суудлыг худалдаж аваагүй. 

Ердөө л амьдралд хайртайдаа, амьдралын сайн сайхан бүхнийг устгаж байгааг зогсоох гэж л оролдсон.

Ард иргэд үй олноороо ажилгүйдэж, өдрөөс өдөрт ядуурал нэмэгдэж, юмны үнэ өсөж байхад тэр бүхнийг өөрчилж ард иргэдээ ядуурлаас гаргаж болох асар их хөрөнгийг цөөн хэдэн хүн зориуд нийгэмд ямар ч ашиггүйгээр үгүй хийж, амьдрах нөхцөл боломж бүхнийг устгаж байгааг зүгээр хараад сууж чадсангүй.

Наад захын жишээ нь Монгол уран барималчийн “мөрөөрөө” байсан бүтээл Сүхбаатарын хөшөөг БНХАУ-д хүрлээр цутгуулан өөрчилж, элдэв хөшөө энд тэнд босгож, нийслэлийн төв хэсгийн хэвээрээ байгаа явган замуудын хавтанг жил бүр хуулан хаяж, өмнөд хөршөөс замын хавтан хашлагын чулуу худалдан авчирч голдуу хятад ажилчдаар хийлгэж, гудамжны самбар, гэрлийн шон, хашлага хайсийг байн байн сольж, сонгуулийн саналын цахим тоолуур, хүний хөгжлийн сангийн дэвтэр, иргэний “ухаалаг” үнэмлэх гэх мэт ард түмний амьдралд ямар ч үр өгөөжгүй зуу зуун тэрбумаар тоологдох хөрөнгө барах зарлагуудыг бодож олж, татварын хөрөнгийг үр ашиггүй гарын салаагаараа урсгасаар байгаа! 

Зөвхөн өөрсдөө зугаалах, иргэдээ эх орноос нь шахан зайлуулж, гадаадад золбин тэнүүлчлүүлэх, боолын хөдөлмөрт “экспортлох”-од л нөлөөлөхөөс өөр өчүүхэн ч ач холбогдол гарахгүй консул, төлөөлөгчийн олон газрыг Америк, ази европын хотуудад, арабын улсуудад нээж байгаа нь албан тушаалын бэлэг гэгч албан ёсны шинэ авлига төдийгүй, захиргааны зардлыг л асар их нэмэгдүүлж, татварын хөрөнгийг үргүй зарах, ард түмний өмч баялгийг гадагшлуулах нэг үүд хаалга болох нь ч тодорхой билээ. 

Гэвч энэ бол эрх баригчдын хувьд өчүүхэн асуудал. Тэд улс орныг өндийн босохгүй болтол асар их өр зээлийг ямар ч ашиггүй, үр өгөөжгүй элдэв төсөл хэрэгжүүлэх нэрээр гаднаас авч, Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн газрын хэвлий дэх баялгийг бүгдийг зэрэг зэрэг онгичин цөлмөж, ургамал бэлчээр, уух усыг нь ч нэлэнхүйд нь устгахаар улайран дайрч байгааг та бид бүгдээрээ харж байгаа.
Чухам тэгэж улайрч байгаа уул уурхайн амьдрал нь Зөвхөн Борнуурт гэхэд л “арав гаруй жилийн турш тэсрэх дэлбэрэх бодисыг хууль бусаар ашиглаж, химийн хорт бодист хордож, сүүлийн хэдхэн жилийн хугацаанд арав гаруй хүн Сүжигт ууланд амь насаа алдаж, 6 хүн уушигны хорт хавдар тусч, олон иргэн тэсрэх бодист гэмтэн нүд, гаргүй болон бэртэж гэмтэн эрүүл мэндээрээ хохирсон” үр дүнг үзүүлжээ.
Гэтэл үүнээс ч аюултай үр дагавар нь аль хэдийн илэрч Хонгор, Заамар, Өмнөговь гэх зэрэг олон газарт бохирдсон хөрс, ус, агаарын нөлөөгөөр эрэмдэг зэрэмдэг ураг төрөх болж, мал амьтны үр төлд ч энэ үзэгдэл түгээмэл болсон.
Өнөөдөр Монгол улс 100 мянган хүнд ногдох хорт хавдраас үүдсэн нас баралтын тоогоор дэлхийн 192 орноос 2-т бичигдэж Элэг, улаан хоолойн хавдраар дэлхийд 1-д, ходоодны хавдраар 2-т тэргүүлж явна. 
Гэтэл эрх баригчдад энэ бүхэн чамлалттай санагдаж төрийн айлчлалын нэр барин Монголын газар нутагт цөмийн хорт хаягдал булшлахаар газар бүр санал тавин доншуучилж байгаа нь ч ил боллоо.
Сүүлийн 20 жилд өмнөх байсныг нь л устгаж дуусгаснаас биш ганц ч боловсруулах үйлдвэр байгуулж чадаагүй эрх баригчид гэнэтхэн цөмийн эрчим хүчний тухай ярих болж цөмийн эрчим хүчний гэх нэр хаяг бүхий төрийн байгууллагын бүтцийг ч байгуулж, Гадаад харилцааны яаманд ч энэ асуудлыг хариуцсан элчин сайд тохоон томилсон нь цөмийн хаягдал булшлах бэлтгэл ажлаа хангаж эхэлсний бодит баримт билээ.
Тэртэй тэргүй явуулж буй бодлого үйл ажиллагааных нь үр дүнд монгол газар нутагтаа эзэн болох монгол хүн үлдэхгүй гэж ч тооцоолсон уу, газар нутгаасаа зарж эхлэж байгааг ч Солонгосчууд Монгол Улсаас 30.000 га үржил шимтэй нутгийг нь худалдан авч байгаагаа сайрхан мэдээлж нотлолоо.
Харийн иргэд монгол хүнийг эх оронд нь машинаар санаатайгаар дайрч хөнөөн уур омгоо харуулж, монгол цагдааг нь ч тахир дутуу болтол нь зодож танхайрч байхад ч алуурчид, танхайрагчдыг өмгөөлөн хамгаалж байсан эрх баригчид, тэдний дуулгавартай гүйцэтгэгчид нь болсон хуулийн байгууллагынхан /энд зөвхөн эрх мэдэлтнүүдэд ая тал засагч дуулгавартай гүйцэтгэгч хэсгийг нь л хамруулж байгаа хэрэг юм шүү/ харин биднийг уух ус, байгаль нутаг орноо хамгаалахыг оролдлоо хэмээн гэмт хэрэгтэн болгон зарлаж, зусардан бялдуучлагч хань хамсаатнууд нь “даврагсадыг...” хэмээн занаж байна.
Эрх баригчид мөр зэрэгцэн нөхөрлөж явсан /Зоригоос эхлэн АТГ-ын дарга Дангаасүрэн гэх мэт/ нөхдөө ч зэрлэгээр хөнөөж балмад жудаггүй авирлаж, хулгайлж, луйвардаж, хуулийг улан дороо гишгэлэхийг нийгэмд үлгэрлэснээр Монгол хүнийг оюун сэтгэхүйн хувьд хэрхэн зэрэмдэглэн, араатнаас ч дор аминчхан бэртэгчид болгосныг Монгол Улсын хэмжээнд сvvлийн 20 жилийн хугацаанд 200 мянган гэмт хэрэг бүртгэгдэж, гэмт хэргийн улмаас 17 мянган хvн нас барж, 70 мянган хvн хĄнгĄн болон хvндэвтэр гэмтэл авсныг, хоногт улсын хэмжээнд дунджаар 56 гэмт хэрэг vйлдэгдэж, таван хvн нас барж, 20 хvн гэмтдэг статистик тоо мэдээ илэрхийлнэ.
Энэ бүхнийг хараад бид зүгээр сууж болсонгүй ээ!
Ард иргэд маань бүгдээрээ ажилтай, орлоготой, хийж бүтээснээрээ бахархаж, бахархуулж, эрүүл саруул, сайн сайхан амьдрахсан гэхдээ бид тэмцсэн.
Ураг удам маань эрэмдэг зэрэмдэг бүү төрөөсэй гэхдээ, хойч ирээдүй маань уух устай, идэх хоолтой, гишгэх ариун газар шороотой, айх аюулгүй байгаасай гэхдээ бид тэмцсэн.
Сүйтгэж, ширгээсэн гол нуурыг өнөөгийн УИХ-ын зарим гишүүн, сайд, дарга нарын хэлж байгаа шиг буцаагаад бий болгодог нөхөн сэргээлт гэж байхгүй билээ. Тийм ч учраас монголчууд голын эхний ширхэг чулууг ч хөнддөггүй явж ирсэн уламжлалтай. 
Үүний л тулд гуйж учирлаж, хүсэж шаардаж, өдий төдий албан бичиг өгч, жагсаж, цуглаж, уйлж дуулж ч үзсэн.
Хариуцах төр нь хайхарч үзээгүй, хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хууль дүрмийг хэрэгжүүлээгүй учраас эцэст нь аргагүйн эрхэнд бид өөрсдийн хүчээр хууль зөрчигчдийн гэмт хэргийг таслан зогсоох ажиллагаанд орсон.
Өнөөдөр Монголд хэн нь илүү даварч, хэн нь гэмт хэрэг үйлдэж байгааг ард түмэн минь шүүн тунгаацгаа!
Тиймээ бид амьдралд хайртайдаа, амьдралаа, улс орноо аврахын тулд тэмцэж байгаа юм. Энэ бол эх орныхоо төлөө иргэн бүрийн гүйцэтгэх ёстой ариун үүрэг, нэр төрийн хэрэг мөн.
Хэрэв уух ус, газар нутаг, улс орноо аврахыг зорьсон бидний тэмцлийн арга буруу байсан юм бол зөв аргыг мэдэж байгаа хүмүүс яагаад тэр аргаа хэрэглээд эх орноо аврахгүй юуг хүлээгээв?!
Бид өөрсдийн үйлдлээрээ монголын нийт ард түмэндээ өнөөгийн сүйрэл мөхлийг мартаж уймрахгүйгээр тодоор сануулан хэлэхийг зорьсон юм.

ГАНЦ ХУДГИЙН УРЬДЧИЛАН ХОРИХ ТӨВ БОЛОН НИЙСЛЭЛИЙН
БАРИВЧЛАХ БАЙРАНД ХОРИГДОЖ БАЙГАА “ГАЛ ҮНДЭСТЭН”
ХОЛБООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮД

  • Бичсэн tserenbat_d
  • Үзсэн: 1650

Бүлэг: Нийтлэл

МАХН-ын журмын нөхөддөө хандсан ил захидал

УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр

Өнөөдөр Монгол үндэстэн орших уу, эс орших уу гэсэн түүхэн цаг мөчтэй тулгараад байна.

Монгол үндэстэн өөрийн эрх чөлөөний төлөө тэмцэж, түүнийгээ баталгаажуулж, тусгаар тогтносон, бүрэн эрхт Монгол Улсыг байгуулсан явдал нь Монгол үндэстэний түүхэнд түүхийн дэвшил болсон төдийгүй хүн төрөлхтөний хөгжилд Монгол үндэстэний оруулсан 20-р зууны агуу ололт юм.

Хэрэв Монгол хүн байхгүй гэвэл Монгол Улс гэдгийн утга алдагдаж, Монголын төр ч мөн утгаа алдана. Зах зээлийн эдийн засагт шилжиж, эрх чөлөөт нийгмийг цогцлоон байгуулах гэсэн өнгөрсөн 20 жилийн түүхэнд, Монгол хүн эх орондоо хэн ч биш болж, өнөөгийн Монгол төр нь Монгол хүнийг мартаж, Монгол гэх хүн Монголын төлөө бус харийнхны төлөө үйлчилж, Монголын гэх бүх зүйл харийнхны мэдэлд орж байна.

Монгол Улсын Үндсэн хуулинд заасан газрын хэвлий доорх баялаг Монголын ард түмний өмч гэсэн заалт огт байхгүй мэт болж, гадаадынхан дур зоргоороо эзэмшиж, ашигладаг болжээ. Монгол хүний эрх ашиг хөлөн дор дэвсэгдэж, гадаадынхны эрх ашиг орой дээр шүтэгдэж буйн нэг тод жишээ бол Оюутолгой гэгч гэрээ юм. Байгалийн баялагийн орд газрыг эзэмших лиценз гэгч төөрөгдөл хийгээд мансуурлаар Монгол орны тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын үндэс болсон газар нутгаа харийнханд өгсөн явдал бас нэгэн том завхрал юм.

Монгол төдийгүй, дэлхийн бүх тусгаар тогтносон улсууд “нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал” гэдгээр тусгаар тогтнол, бүрэн эрхээ баталгаажуулдаг.Гэтэл өнөөдөрийн Монгол Улсын эрх баригчид Халх голын сав газрыг тасдан, гадаадынханд худалдаж, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхэд халдсан явдал нь Монгол Үндэстэний тусгаар тогтнол, бүрэн эрхийг юуны ч чинээ бодоогүй доромжилсон явдал юм.

Дэлхийн аливаа хүн төрөлхтөн “амьдрах” эрхтэй болохоос биш зөвхөн “амьд” л байх  эрхтэй биш гэдгийг баталгаажуулсан баримт бичиг бол Хүний эрхийн түгээмэл тунхаг билээ. Гэтэл Монголд Монгол хүн, хүн шиг “амьдрах” байтугай “амьд” явах баталгаа ч алдагдсан нь том эмгэнэл юм. Монгол хүн өнөөдөр орох орон байхгүй, идэх хоол баталгаагүй, өмсөх дулаан хувцас баталгаагүй, амьсгалах агаар баталгаагүй болж байгаа нь төрийн эрх мэдэл авсан олигархиудын тарьсан гай гэхээс биш, өөр зүйл рүү чихэх учиргүй. 

Монгол үндэстэн орших, эс орших хүндхэн сорилт тулгараад байгаа энэ үед Монголын ард түмний улстөр дээр дурдсан завхралыг таслан зогсоож, Монгол хүн эх орондоо тун удахгүй эзэн шиг амьдрах болно гэдэгт би итгэлтэй байна.

Тиймээс би УИХ-ын гишүүний хувьд, Монголын ард түмэнтэйгээ хамт, алдсан Монгол орноо эргүүлэн авахын төлөө, үзэл бодол итгэл үнэмшил нэгтэй, эх оронч, үй олон Монголчуудтайгаа хамтран ажиллахаас өөр замгүй гэдгийг ухамсарлаж дараах шийдвэрийг гаргаж байна.

Би МАХН-ын улстөрийн үйл ажиллагааг тасалдуулахгүй байхын тулд МАХН-ын дэд дарга гэсэн сонгуульт ажлаа журмын нөхөддөө хүлээлгэн өгч буйгаа энэ ил захидлаар мэдэгдэж байна.

Монголын ард түмний тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа олж авч, орчин үеийн үндэстэн болоход гар бие оролцож явсан нөхөрсөг найрамдалт орнууд болон бусад улс орнуудтай эрх тэгш, харилцан ашигтай харилцааг цаашид хөгжүүлэхэд түлхүү анхаарахыг хүсэж би ард түмний улс төрийн үйл ажиллагаандаа шилжин орж буйгаа мэдэгдэе.

Монголын сайн сайханы төлөө ихийг хийж бүтээнэ гэдэгтээ би бүрэн итгэж бас найдаж байна.

Улаанбаатар хот
2011 оны 6 дугаар сар 29.

  • Бичсэн tserenbat_d
  • Үзсэн: 1723

Цахим Өртөө Сүлжээнд элсэх

  • Өртөөний сүлжээнд элсэх

tsahim_urtuuХэрэв та Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээнд элсэхийг хүсвэл: http://groups.google.com/group/tsahim-urtuu-suljee хаягаар зочилж маш хялбархан бүртгүүлж болно. Та Гүүгл суурьт энэхүү сүлжээнд имэйлээ бүртгүүлснээр манай сүлжээний гишүүн болно.

 

Image Temp

Энэ хуудас нь Цахим Өртөө сүлжээний нийт гишүүдийн хамтын бүтээл байх бөгөөд ажил хэргийн санал болгоныг вэбийн хамтлаг тухай бүр нь тусган энэ хуудсанд оруулж байх болно. Хамтран ажиллаж буй, ажиллахаар зэхэж буй таньд баярлалаа.

Newsletter