161-р сар2018

Бүлэг: Нийтлэл

Салхи болон Нарны эрчим хүчийг ашиглах Хятад улсын төлөвлөгөө

Салхин болон Нарны хүчийг ашиглах Хятад улсын төлөвлөгөө Дэлхийн эдийн засгийг тэргүүлэгч улсын байгальд ээлтэй цахилгаан эх үүсвэрийн төлөвлөгөө хэрхэн хэрэглэгчидэд бодит байдал болон очих вэ? Салхины эрчим хүчний ойролцоогоор 30 гаруй хувийг хэрэглэхгүй байгаа нь дамжуулах шугамын дутмагаас болж байна. Хятад улсын ирэх 5 жилийн төлөвлөгөөнд нарны эрчим хүчийг таван Гигватт өсгөх ашиглах талаар хэлэлцэж байгаа ч энэ нь агаарын бохирдолын нүүрстөрөгчийг багасгахад тийм ч доривтой өөрчилөлт болж чадахгүй гэжээ. Германы Гүнболд их сургуулийн зөвлөлийн гишүүн, их хурлын төлөөлөгч Цу Жунхуа ардын их хуралд 20 Гигаваттаар өсгөж болох талаар мэдэгджээ. Хамгийн нэн тэргүүнд усан цахилгаан станцын эрчим хүч үйлдвэрлэлтийг 2015 он гэхэд 120 Гигаваттаар өсгөхөөс гадна салхины эрчим хүч үйлдвэрлэлтийг ч мөн нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй байна. Өнөөгийн байдлаар 8,3 хувьтай байгаа сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлтийг 2020 гэхэд 15 хувь болгоно гэж Бээжин мэдээлж байна. Мөн нүүрсний жилийн хэрэглээ 3 Миллиард тоннд хүрснээс гадна 2010 онд газрын тосны импорт 230 сая тонн болжээ ингэснээр нийт эрчим хүчний хэрглээг 55 хувь газрын тосноос хамааралтай болгож байгаа ажээ. Атомын эрчим хүчний 13 Реактор нь цахилгаан үйлдвэрлэлтийг 10,8 Гигават хүргэж үүгээр зөвхөн нийт цахилгаан хэрэглээний 1,1 хувийг л хангаж байна. 2015 онийг хүртэл ийм маягаар явах бөгөөд 2020 он гэхэд Атомын цахилгаан станцыг хэрэглээнээс гаргах төлөвлөгөөтэй байна. Японд болсон цөмийн сүйрлээс үүдэн Атомын цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх төлөвлөгөөг жагсаалтаас гаргаж байна гэж Хятадын Бизнес Мэдээнд дурьджээ.Ерөнхий сайд Вэн Жибао одоогоор зөвшөөрөгдөөгүй төлөвлөж байсан 140 атомын станцыг хойшлуулж уг асуудлыг царцанг байдалд оруулж яг одоогоор барихаар төлөвлөсөн далан долоог нь зохицуултад оруулж аюулгүй ажиллагааны шалгалт хийжээ. Атомын цахилгаан станцаас татгалзсанаар нарны эрчим хүч ашиглалтыг 2010 оны 10 Гигаваттыг 2020 он гэхэд 50 Гигаватт болгох шаардлагатай болж, мөн салхины эрчим хүч үйлдвэрлэлтийг нэмэгдүүлж 2015 он гэхэд 100 Гигаватт эрчим хүч үйлдвэрлэх хэмжээгээр өсгөн 2020 он гэхэд энэ тоог 2дахин нэмэгдүүлэх гэнэ. Шанхайн ардын их хурлын төлөөлөгч Цу Жинбао Бээжингээс ийм арга хэмжээ авч нарны эрчим хүчийг 2015 он гэхэд 2 дахин нэмэгдүүлнэ гэж байгаад их л сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлжээ. Ийнхүү Хятад улс нөхөн сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэхэд ихээхэн санаа тавьж хөрөнгө оруулалтыг өмнөх жилийнхээс 39 хувь буюу 54,4 Миллиард доллар болгон нэмэгдүүлжээ. Өнөөдөр дэлхий дахинд үйлдвэрлэж байгаа салхины эрчим хүчний Турбиний талыг хийж байгаа Хятад улс Герман болон АНУ ийн өмнө нэгдүгээр байрт бичигдэх болжээ. Анх 2005 оноос Хятад улс энэ салбарт ихээхэн анхаарал тавих болсон ба, тэр үед Хятадын хэрэглэж байсан салхин сэнсний Турбины гуравны хоёр нь Европоос нийлүүлэгдэж байжээ. 2010 оны эцэс гэхэд 34485 салхин сэнсийг суурьлуулсан байна. Үүнээс гарч байгаа эрчим хүчний бараг талыг нь ашиглаж чадаагүй гэсэн шүүмжлэлд өртөөд байгаа аж. Энэ талаар Хятадын өдөр тутмын сонинд дурьджээ. Өнөөдөр нарны эрчим хүч гаргах төхөөрөмжийнхөө 90 гаруй хувийг экспортод гаргадаг. 2015 он гэхэд салхин сэнсний эрчим хүчийг хэрэглэхийн тулд одооны цахилгаан дамжуулах сүлжээг шинэ нөхцөл байдалд тохируулан өөрчилөх хэрэгтэй болоод байгаа бөгөөд шинэ стандартыг тогтоох шаардлагатай. Сүүлийн жилүүдэд 18,9 Гигаватт салхины эрчим хүчийг шинээр үйлдвэрлэсэн нь бараг Европын одоо хэрэглэж байгаагаас хоёр дахин их болох юм. Муж бүрт салхины эрчим хүч ашиглах салхин сэнсүүдийг байршуулах ба бага оврынхоос 49,5 Гигаватт хүртлэх салхин сэнсний Парк байгуулна. Усан цахилгаан станцуудыг барьсанаар нүүрс, болон газрын тосны хэрэглээг орлуулах бодолтой байгаа ба жил бүр 20 Гигаваттаар нэмэгдүүлсээр 2015 он гэхэд 300 Гигаватт болгохоор төлөвлөж байна. Гэвч энэ нь олон түмний эсэргүүцэлтэй их тулгарч байгаа билээ. Тэнд суурьшсан хүн амыг нүүлгэх, ихээхэн газар нутгийг хамарч усанд автуулдаг тул ан амьтан байгальд сөрөг нөлөөтэй хэмээн байнга шүүмжлэлд өртдөг юм. Гэвч ингэснээр нүүрсхүчилийн хийг ихээхэн хорогдуулна гэдэгт найдвар тавьж байна. Салхины эрчим хүч нарны эрчим хүчийг ашиглах боломжит газрууд нь Монголын тал хээр, Төвдийн өндөрлөг, зүүн эргийн дагуух арлууд ажээ. Хятадын баруун хойд муж болох Нингсианд жилийн туршид 2250 аас 3000 цаг нар шардаг гэнэ. Ийнхүү хятад улс ойрын таван жил болон арван жилийн төлөвлөгөөгөө гаргасан ба энэхүү хөгжлийн төлөвлөгөө нь “Чуйпэнг цури” буюу Салхи болон Нарны эрчим хүчийг ангуучилах гэсэн уриатай гэнэ. Ингэж Хятад улс нэн түрүүн дутагдаад байгаа эрчим хүчийг үйлдвэрлэх бүтээн байгуулалтадаа шинэ бодлого барьж ихээхэн хөрөнгө хүчээ түүнд төлөвлөөд байгаа юм. Үсрэнгүй хөгжиж буй улс болон хөгжингүй орнуудад цөмийн энергээс татгалзаж эхэлсэн нь ирээдүйд нөхөн сэргээгдэх нарны болон салхины эрчим хүчийг ашиглах зүгт урин дуудаж байна. Бидний Монгол улс маань харин зөвхөн өнөөдөр мөнгө олж байвал болоо гэж мөчидхөн бодоод ирээдүйд биднийг залгамжлах Монголын сая сая иргэд байгааг мартагнаад байна уу, санаж байгаа ч үл тоомсорлоод байна уу? Эсвэл үнэхээр аль учираа олохоо байчихаад байна уу? Ядаж бусдын зөв зүйлийг нь дууриаж сурахсан.

  • Бичсэн Shagj
  • Үзсэн: 3252

Бүлэг: Нийтлэл

Төрийн сүлд ба бэлгэдэл

Төрийн Сүлд ба бэлгэдэл Монгол Улсын Үндсэн хуульд: "Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг бол Төрийн сүлд, туг, далбаа, тамга, дуулал мөн" гэж заажээ. Энд нэгэн зүйл оруулалгүй орхисон мэт бодогдоно. Үүнд Монгол улсын хил хязгаарыг харуулсан Монгол улсын газрын зураг юу юунаас илүүтэй тусгаар улсын бүрэн эрхтийг, бидэнд төдийгүй дэлхийн улс орнуудад тунхагласан бэлгэ тэмдэг мөн болов уу хэмээн мунхаглана. Монгол улсын төрийн бэлгэ тэмдгийг үндсэн хуульд тодорхойлсоноор: "Төрийн сүлд нь ариун цагаан өнгийн бадам цэцэг суурьтай, төгсгөлгүй үргэлжлэн дэлгэрэх түмэн насан хээгээр хөвөөлсөн, мөнх тэнгэрийг бэлгэдсэн дугариг хөх дэвсгэртэй байна. Сүлдний төв хэсэгт Монгол улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, цог хийморийг илтгэсэн алтан соёмбо, эрдэнийн хүлгийг хослуулан дүрсэлсэн байна. Сүлдний хүрээний магнайн хэсэгт эрт, эдүгээ, ирээдүй гурван цагийг бэлгэдсэн хүслийг хангагч чандмань эрдэнэ, доод хэсэгт эх газрыг төлөөлсөн ногоон өнгийн уулан хээ, ашид дэвжихийн өлзий хутаг оршсон хүрдийг тус тус дүрсэлнэ. Хүрдийг хадгаар дээдлэн сүлжсэн байна" гэжээ. Төрийн сүлдийг өнгө ялгах буюу ялгахгүйгээр дүрсэлж болно хэмээн заажээ. Ийнхүү 1992 онд төр солигдож Монгол улсын төрийн сүлдийг 60 оныхоос эрс ялган бүтээсэн билээ. Төрийн сүлд гэхээсээ илүүтэй шашны сүлд болсон нь өнгө дүрслэлээс бүрнээ харж болох юм. Бурхан багш амьдралын дөрвөн үнэнийг олсон бөгөөд Нэгд: Амьдрал бол зовлон гэдэг нь үнэн, хүн төрснөөс эхлэн зовлонг эдлэнэ. Хоёрт : Энэ зовлон нь шалтгаантай нь үнэн, хүн байгаагаасаа ямагт илүүг хүсэн шунан зовлонг буй болгодог. Гуравт: Зовлонг гэтлэх нь үнэн. Сансрын хүрднээс гарвал зовлонгоос ангижрана. Үүнийг Нирван болох буюу үхсэний дараа зовлонт ертөнцөд ахиж төрөхгүй байх гэсэн үг юм. Дөрөвт : Зовлонг гэтлэх арга зам буй нь үнэн. Найман зөв арга зам байх ба үүнийг найман хэгээст хүрдээр бэлгэдсэн байдаг билээ 1. Зөв үзэл 2. Зөв санаа 3. Зөв үг 4. Зөв үйл хэрэг 5. Амьдралын зөв хэлбэр 6. Зөв тэмүүлэл 7. Зөв ухаан 8. Зөв бясалгал Аливаа зүйл дэндүү утгачилаад ирэхээрээ бүр ч утгаа алддаг гэдэг нь яав ч үнэний ортой шиг санагдана. Гэхдээ юмны учир сумны гичир, амны билгээр ашидын билэг гэх Монгол хүний амны уншлага, зүйр үг байдгийг санаад энэ бүх бэлгэдэл юу өгүүлэхийг хийсвэрлэн хамаатуулж бодоод үзье. Төрийн гэхээс илүүтэй, шашны сүлдэд дүрсэлсэн бүхэн биеллээ олжээ. Хаа сайгүй сүм хийд, зам гудас шавар суварга баригдсан байх ба хог новш цугладаг газар болж хувирчээ. Хүрд ороосон хадаг: Хот хөдөөгүй мод чулуу, хөшөө, овоо, гүүрийн хашлага гэх мэтээр хадаг уяагүй газар олоход ч бэрх. Хүнгүй морины дүрслэлээр, хүн нь биш мал нь урьд байгаагүйгээр өсжээ. Мөн хаана хэзээ ч Монгол нутагт ургаж байгаагүй Бадам буюу Лянхуа цэцгэн суурьтай. Цагаан Бадам цэцэг нь оюун ухаан төгөлдөр ариуссан бодийг илэрхийлнэ. Энэ цэцэг нь булингартай намгийн шавар ёроолоос маш сайн ургаж өөрт наалдсан хир тоосыг тогтоолгүй, борооны усанд угаагдан цэвэрлэгдэж гоо үзэсгэлэнтэйгээр оршин байдаг болохоор зовлонт хорвоод амьдравч хүсэл шуналаас ангид цэвэр ариун дээд гэгээрэлд хүрэх хүмүүний бэлгэдэл болсоор иржээ. Мөн өөр нэгэн түүх сөхье. Айхгүй ч аягүй гэгчээр үүнийг сонсоод тийм ч таатай санагдахгүй байх. Бадам буюу Лянхуа цэцгийн хөл Хятад улсад эмэгтэйчүүдийн хөлийг нь баглаж боодог заншил тэртээ Ли Хоузу хааны Тан улсын үе болох 975 оноос тоологдох аж. Хааны тушаалаар Удвал буюу Лянхуа цэцгийн хэлбэртэй тайз засаж, хөлийг нь торгоор ороосон бүжигчдийг бүжиглүүлдэг байжээ. 17 дугаар зууны үед амьдарч байсан Юү Хуай хэмээх түүхч, эмэгтэйчүүдийн хөлийг нь баглаж ороох болсон шалтгааныг судлаж үзээд ийм дүгнэлтэд хүрчээ. Өмнөд тан улсын хаан Ли Хоузугийн үйлчилэгч зарц хүүхэн Юуа Нианг ихэд царайлаг агаад бүжиглэх авьяасаараа олонд нэртэй ажгуу. Юуа Нианг ордны гол танхимын төвд байрлуулсан Лянхуа цэцгийн хэлбэртэй элдэв янзын үнэт чулуу, эдлэлээр чимсэн алтан тайзан дээр гарч торгоор ороож багалсан хөлөө алтан цэцгээс салгалгүй дун хорхой адил гулсан бүжиглэнэ. Түүний энэ бүжиглэж байгаа нь хааны сэтгэлийг ихэд хөдлөгдөг байжээ. Ийнхүү Юуа Нианг зарц бүсгүйн хөлөө торгоор ороож бүжиглэж эхэлснээр эмэгтэй хүний хөлийг торгоор ороох загвар үүсчээ. Гэхдээ энэ үед тийм чангаар боодоггүй байж. Неоконфузийн үед эмэгтэйчүүдийн эрх, боломжууд хязгаарлагдаж иржээ. Ингээд Сун улсын үеэс охидыг бага наснаас нь хөлийг нь боох явдал хэвийн үзэгдэл болсон байна. Тэр үеэс охидыг 5 аас 8 наснаас нь ээж болон эмэг эх нь хөлийг нь эмийн ургамалтай шингэн, амьтаны цусаар шавшиж иллэг хийхээс гадна хумсыг ургах болон элдэв халдвараас хамгаалж аль болох боломжоор нь богинсгож хумсыг нь авдаг байжээ. Дараа нь хөлнийхөнө ясыг чулуугаар цохиж хугалаад ороолтоор чангалан бооно. Зарим тохиолдолд эрхий хуруунаас бусад хурууг хугалаад хөлний улан доогуур хийж нугална. Залуухан хүүхнүүд охидууд хоёр хоног бүрт нойтон даавуугаар хуруунуудаа ороож хөлийн улан доогуур хийж чангалан боодог байжээ. Ингэснээр ороолт нь хатахдаа улам чангарах ба хуруунууд улам нарийн, хөлийн улан доор барьж чангалан боосноор улам нимгэн болдог байжээ. Ийм гажиг хэлбэртэй болсон хөлтэй охид цаашид хол явж чаддагүй байна. Хөлний уртын хэмжээ нь арван сантиметр байвал тун гайхалтай сайханд тооцогдоно. Гэхдээ ийм хөлтэй хүүхнүүд тун цөөхөн бөгөөд ихэнхдээ 13-14 см байдаг байна. Амдьрал эцэслэх хүрлээ өвдөж зовохыг хүлээн зөвшөөрөхөөс арга үгүй. Ийм хөлтэй залуу охидууд эрчүүдэд нь тун ч их таалагддаг байжээ. Ингэж жижигрүүлж гажиг болгосон хөлийг Бадам цэцгийн хөл буюу Лянхуа цэцгийн хөл хэмээн нэрийддэг. Олонд зөвхөн жижиг хөлтэй хүүхнүүд сайхан гэдэг ойлголт байдаг байсан болохоор гэрлэж байгаа эрчүүд эхнэр болох хүнийхээ царайг харахаас илүүтэй хөлийг нь шинждэг байжээ. Эцэг эхчүүд нь охин хүүхдээ ийм болгосноор охиныхоо хойшдын хувь заяанд хамгийн сайн сайхныг хийсэн гэж үздэг байна. Орондоо орж унтахдаа хүртэл хөлийн ороолт гутлаасаа салдаггүй, энэ нь хөлийг өсөж томорхоос сэргийлж байгаа хэрэг. Ойр ойрхон гишгэлэх эдгээр хүүхнүүдийн тухай тэр цагын яруу найрагчид урин тачаангуйн бахдал хэмээн шүлэглэж байжээ. Тухайн цаг үедээ эмэгтэй хүний хөл нь гоо сайхны оргил хэмээгдэх ба хичнээн жижиг хөлтэй байна төдий чинээ сайхан гэгдэнэ. Бусдын тусламжгүйгээр явж чадахгүй эдгээр хүүхнүүд нь эр хүний бусдыг хамгаалах гэсэн байгалийн зөн совин сэрлийг өдөөдөг байж. 20 дугаар зууны эхэн хүртэл энэ зан үйл олон зууныг дамжин хэрэглэгдсээр байсан. Ингээд 1911 оноос үүнийг хорьсон бөгөөд 30 аад оныг хүртэл багассаар энэ аймшигт зан үйл замхарах тийшээ ханджээ. 1949 онд Мао Зэдун эмэгтэйчүүдийн хөлийг эрэмдэглэж боохыг албан ёсоор хориглож, эмэгтэйчүүдийн тэгш эрхийг тунхагласан нь хойшид үйлдвэржилтэд хэрэгтэй ажиллах хүчийг буй болгох зорилготой байсан гэнэ. Лянхуа цэцгийн хөлтэй хүүхнүүдэд зориулсан гутлыг үйлдвэрлэхээ больсоор хамгийн сүүлд 1988 онд сүүлчийн үйлдвэр хаагдсан байна. Өөрсдөө бие дааж төдийлөн явж чаддаггүй тул, бусдын дэмээр дамнуурганд өргүүлэх, үүрүүлэх зэргээр явдаг тул тухайн цаг үедээ бусдад их тансаг мэт санагдаж байсан учир ихэнхдээ баян айлын охид ийнхүү зэрэмдэглүүлдэг. Ядуу тариачны охид ногооны талбай дээр ажиллах хэрэгтэй тул энэ нь хөлөө баглуулж боолгохгүй онцгой тохиолдол болдог байжээ. Үүнээс үүдэн ариун цагаан, хиргүй тунгалаг төгс гэгээрлийг бэлгэдсэн Бадам цэцгийн бэлгэдэл яаж тус болж байгаа нь даанч эргэлзээтэй. Харин өөрсдийн хүчээр бус бусдаар ажлаа хийлгэж бусдын үгээр явсан маань өмнөх нийгмээсээ бараг л салбар бүрт хувь илүү ч болсон байж мэдэх юм. Сүлдний голд дүрсэлсэн “эрднийн хүлгийг” эдүгээг хүртэл олон түмэн, хүүхдийн модон морь, тасархай морь, бөглөө мултлагч, болдоггүй бор өвгөний нисдэг бор морь хэмээн их л дурамжхан хүлээн авдаг билээ. Үнэхээр л өдийг хүртэл Монголчуудын сэтгэлд гүн гүнзгий буугаагүйг олны амнаас илэрхий сонссоор өдийг хүрэв. Урьд нутгийн хөгшидийн хэлдэг төрийн минь сүлд өршөө гэдэг үгийг лав олон жил сонссонгүй. Заавал коммунизм өөд давхиж яваа гэлгүйгээр гэрэлт ирээдүй өөд тэмүүлэн давхиж яваа Монгол хүн яагаад байж болохгүй билээ. Эдүгээ даяаршлалын эрин зуун эхэлж байгаатай холбогдон дэлхий дээрх нүүдэлчин улсуудаас өөрсдийн зан заншил, ахуй байдлаа хадгалж үлдсэн цор ганц нүүдэлчин улс гэгдэж байгаа Монгол эх орон маань энэ их түрлэгнээс яавч зайлж үл чадах бөгөөд дэлхийн хөгжилтэй хөл нийлэн алхах нь дамжиггүй. Энэ дэлхий дээр албан ёсоор 193 улс орон оршин тогтнодог ба дээр нь албан ёсоор улс гэж зарлагдаагүй 12 улстай нийлээд 205 улс байдаг байна. Эдгээрийн доторх нүүдэлчдийг 3 хувааж үздэг. Нэгд : Нүүдэлчин буюу бүрэн нүүдэлчид Хоёрт: Хагас нүүдэлчин Гуравт: Оторлогч буюу шинэ бэлчээрт тодорхой хугацаанд орох маллагаа Эдгээрээс бүрэн нүүдэлчин гэгдэж байгаа улс орон Монголоос өөр байхгүй. Зарим нэг Африкийн нүүдэлчин улс Тундрийн Ненцы гэгдэх цаатангуудыг багтааж хэлэх үе байдаг ч, нийт улс даяарыг хамардаггүй болохоор, бүрэн нүүдэлчин улс гэхэд учир дутагдалтай. Ингэж үзвэл 192 улс нэг талд= нөгөө талд Монгол улс 1 гэсэн харьцаа гарч ирнэ. Даяршлалын үед улс хоорондын бие биедээ нөлөөлөх нөлөө улам ихсэнэ. Үүнд зөвхөн Монголоороо байж үлдэнэ гэдэг нэн тэргүүний чухал асуудал юм. Монголын нүүдлийн амьдрал нь Монголын төдийгүй дэлхийн үнэт зүйлд багтдаг өв юм. Хэдхэн жилийн өмнө уурга чирсэн морьтой залуучууд давхидаг байсан бол өнөөдөр хятад мотоцикль унасан залуус хүүхнүүд хонь, ямаа үхрийнхээ хөлийг дайруулан тууж, гүүнийхээ зэлрүү адуугаа хурааж явна. Энийг эс тоолоо гэхэд хэдэн арван жилийн дараа Монгол маань, нүүдэлчин улс гэдэг утгаа алдаж эхлэх нь зайлшгүй. Ер нь ч энэ мэт нүүдэлчин ардын сайхан явсан үе ард үлдэж тэгж байж билээ гэж дурсан санагалзаж суух нь хаяанд тулсан байна. Морьтон Монгол гэж ярих болов ч, морийг амьдаар нь хараагүй охид залуус тун их болж байгааг яалтай. Гэвч үүнийг чухалд үзэхгүй байлаа гэхэд хожмоо өөрсөд дундаасаа жинхэнэ нүүдэлчин ардыг хайж олоход ч бэрх болсон үе ирнэ гэдгийг бодууштай. Биднийг үхэхэд Монгол үлдэнэ, цаашдын зуу зуун жилийн дараа ямар байж болохыг ардын ухаан шинжлэх ухаан хоёроор нэг шүүрдэж үзээд хойшид яахав ийхэв гэдгээ нэг мөр шийдэхсэн. Хялгасан хошлон гэдэг нүдний гэм, суран чөдөр, жолоо цулбуур ч үеэ өнгөрөөж , ямар нэгэн мяндас, нийлэг эдэн оосроор хийсэн чөдөр жолоо цулбуур хэрэглэж , өөрсдөө сураар бэлдэж хийдэг зүйлсээ ч хийж чадахаа байж, дээл хувцсаа хүртэл өөрт тааруулж хийсэн биш зах дээрээс авсан нэлбэгэр унжсан урт дээл өмсөх нь даанч харамсалтай. Тэр мөртөө хөлд ороолдсон хувцас гэж голохыг сонсох бүр ч харуусалтай. Энэ мэтээр олон зан заншил, Монгол амьдралын хэв маягаасаа салж байна. Монгол хэдийвээр хувь заяатай, баян орон боловч, хязгааргүй зүйл гэж байдгүйг мэдэхгүй хүн гэж баймааргүй. Өнөөдөр болоод байна гэж бодож байвч маргаашийн бидний ирээдүй яах болж байна даа. Морь бол Монгол хүнтэй салшгүй холбоотой. Бидний их өвгөд морио унаж дэлхийн хагасыг эзэлж, дэлхийн түүхийг хэдэн зуун жил голлон бичилцэж гайхамшигтай соёл, түүх, зан заншил, эрдмийг өвлүүлж ирсэн билээ. Хорвоо дээр хүн болж төрнө гэдэг туйлын их хувь заяа, түүн дундаа Монгол газар шороон дээр мэндэлж эх орноо гэж дуудах бүр ч эрхэм билээ. Өвгөд маань морьтойгоо хамт энэ газар шороог бидэнд өвлүүлсэн, морьгүй байсан бол энэ их өргөн уудам тал нутгийг эзэгнэн суух байсан гэж үү. Чингис хаан нэгэн удаа хүү Цагаадайгаас асууж гэнэ. Хорвоо дээр тэмдэглэвэл зохих хамгийн дээд баяр юу вэ гэж. Хүү: Шинэ он шилжирэн ирж хуучин он хулжиран одож буй тэр өдрийг тэмдэглэн баярлавал хамгийн дээд баяр байх болно гэсэнд . Чингис хаан : Хэрвээ чи эцгээс үүдэж эхээс төрөөгүй, хорвоогийн гэрэл гэгээгээс үзэж нярайгаас салж нэрийг эс олсон бол хэний шинийг шинэлэх билээ, үүнээс хойш энэ өдрийг мэдэж байх аваас эцэг эхэд хүндлэл үзүүлэн тэмдэглэн баярлавал зохино хэмээжээ. Монгол хүн гэдэг эх орны минь нэгэн баялаг мөн. Монгол хүн,бидний өвөг дээдэс морин дэл дээгүүр хийсэж, гэрийг гээж амийг эс хайхран дайснаа дарж эх орон тусгаар улсыг хойчийн бидэнд өвлүүлсэн нь маргашгүй үнэн. Хойшид ч бүрэн бүтэн байхын бэлгэдэлийг бодож эх орныхоо газар нутгийг дүрслэн, эрт эдүгээ ирээдүйд ч морь унасан Монгол хүн эх орныхоо өглөө бүрийн нарыг угтаж гэрэлт ирээдүйн сайн сайхны өөд тэмүүлэн явааг сүлдлэн тахихад юу нь буруу байх вэ. Тэгвэл хэдэн зуун жилийн дараа энэ хэвээрээ очиж Монгол гэсэн бахархал цог хийморийг илтгэж, өв уламжлал зан заншилыг өдөөн сэрээж байх ганц сүлд бол, морь унан ургах нарны зүг гэрэлт ирээдүйг чиглэн давхих гол дүрслэлийг хэвээр үлдээж, эх орныхоо газар шороог дээдэлсэн сүлд байж болох юм. Хуучины сүлдэнд засвар хийж эдүгээ болон ирээдүйд зохилдох утга учиртайгаар дээдлэн залвал ямар вэ ? Уг сүлд нь 1940 онд анхлан бүтээгдэж 1955 онд Монгол бичгээр Бүгд Найрамдах Монгол Ард Улс гэснийг, Кирилл бичгээр солиж 1960 онд ахин шинэчлэгдэж 1990 ээд оны ардчилсан хувьсгалын дараагаас 1992 онд бүрэн солигдож одоогийн сүлдийг хэрэглэх болсон билээ. Эдүгээ төрийн энэхүү сүлдийг хүндэтгэлтэйгээр буулгаж, шинэчлэх цаг болсон болов уу хэмээн мунхаглан бодно. Нэгийг мэдэж ойлгосон ч, хоёрыг ухаараагүйн балгаар болох болохгүйг дурьдсан бол мэргэн ард та болгоох бизээ.

  • Бичсэн Shagj
  • Үзсэн: 15106

Бүлэг: Нийтлэл

Гадаадаас сонгуульд оролцоно гэдэг тийм боломжгүй зүйл үү?

Монгол Соёлын Төвийн УЗ-ийн гишүүн Содномын Энхцэцэг, “Цахим Өртөө” ТББ-ын УЗ-ийн гишүүн Мягмарын Саруул-Эрдэнэ

Нэг. Дэлхийн олон улсын хаана нь явна вэ, бид?

Гадаад дахь иргэдийнхээ сонгуулийн саналыг авдаг туршлагаар нь харьцуулбал

Монгол улс ардчилалд цус урсгалгүй орсноороо бахархдаг. Бүс нутагтаа, Төв Азидаа, ерөөс Ази тивд ардчиллын үлгэр дуурайл болсон орон гэж бид өөрсдийгөө дөвийлгөх дуртай. Гэтэл ардчиллын хамгийн чухал зарчмын нэг болсон “оролцоо” гээчийг манай улс хэр анхаарч байгаа билээ?

“Цахим Өртөө” ТББ-аас саяхан мэдээлснээр “Гадаадад оршин суугаа Монголчууд нь 2008 оны УИХ-ын сонгуулийн өмнө бүртгэгдсэн 1,542,617 сонгогчдын ойролцоогоор 10 хувь болох бөгөөд өнөөдөр Монгол иргэдийн 10 хүний нэгнийх нь эрх зөрчигдөж байгаа гэсэн үг” гэжээ .  Бүтэн арван хувийн оролцоог орхигдуулсан тийм ардчилал гэж байх уу?

Цувралаар хүргэх мэдээлэл маягийн өгүүллийнхээ эхний дугаараар бид та бүхэнд гадаад дахь иргэдийнхээ сонгуулийн саналыг авах байдал дэлхий дахинд ямар байдалтай байгаа, Монгол улс чухам хаана нь явна вэ гэдгийг тайлагнан үзүүлэхээр шийдэв.

Амьдрах орчин, авилга, эдийн засгийн болоод улс төрийн эрх чөлөө зэрэг нийгмийн гол гол асуудлаар олон улсын байгууллагууд өөр өөрийн индексийг гаргасан байдаг. Бид тэр бүхнийг харан өөрсдөдөө дүгнэлт хийж, энэ ертөнцийн олон улсын дунд ямар байр суурьтайгаа мэдэж, ухаарч явдаг билээ. Тухайлбал, 2011 оны Эдийн засгийн эрх чөлөөг дүгнэсэн индексээр 183 орноос 94-т жагссан  бол сүүлийн жилүүдэд авилгын асуудал улам хурцдаж байгааг Авилгын индексийн үзүүлэлтүүдээс мэдэж болно. Ямар ч байсан 200 гаруй улс оролцуулсан аль ч индекст манай улс 100-аас доош бууж байгаагүй, заримдаа бүр нэлээд өндөр хөгжилтэй улсуудын өмнө гишгэж, тавь, жар хүртэл урагшилсан тохиолдол буй билээ.

Тэгвэл одоо гадаад дахь иргэдээ сонгуульд оролцуулдаг тал дээр бид хэддүгээр байранд яваагаа тодорхойлох гээд үзье. Үүний тул хэд хэдэн олон улсын байгууллага, хүрээлэн, мөн хувь хүмүүсийн судалгаан дээр ажиллав.

Хэдэн улс гадаад дахь иргэдээ сонгуульд оролцуулдаг вэ?

Олон Улсын Ардчилал, Сонгуулийн Дэмжлэгийн Хүрээлэн буюу International IDEA хэмээх байгууллагаас дэлхийн 214 улсын сонгуулийг ажиглаж үзэхэд 2007 оны 5 сарын байдлаар 115 улс ямар нэг байдлаар гадаад дахь иргэдээ сонгуульд хамруулдаг, дор хаяж сонгуульд оролцохыг нь баталгаажуулсан хууль эрхзүйн заалттай байжээ. Үлдсэн 99 улс нь гадаад дахь иргэдээ үл хайхардаг бөгөөд тэдний нэг нь Монгол улс юм. Тиймээс байр эзлүүлбэл, 99 улсын хамт 116-р байранд гэж хэлж болно, эс бөгөөс 99 улсын хамт хамгийн сүүлчийн буюу 214-р байранд явна гэж үзэж бас болох юм.

Гадаад дахь иргэдийн сонгууль хэмээн ярихад манай удирдагчид ихэвчлэн хөрөнгө мөнгөний бололцоо муу учир хэцүү гэдэг бол тэрхүү 115 улсын дотор манайхаас дорой хөгжилтэй, ядуу улсууд, нийгэм эдийн засагийн байдал нь манайхаас ч тогтворгүй, дайн дажинтай улсууд жишээлбэл, Руанда, Хондурас, Афганистан байгаа нь хачирхалтай.

Ингээд өмнө дурдсан байгууллагын зарим судалгаа, статистикаас дурдвал:

Дэлхийд гадаад дахь иргэдээ сонгуульд оролцуулдаг

  • Алжир, Ангол, Бенин тэргүүтэй Африкийн 28
  • Аргентин, Боливи, Панама тэргүүтэй Америкийн 16
  • Афганистан, Бангладеш, Лаос тэргүүтэй Азийн 20
  • Австри, Азербайжан, Беларус тэргүүтэй Европын 41
  • Фижи, Шинэ Зеланд, Микронези тэргүүтэй Номхон далайн 10 улс, нийт 115 улс байдаг ажээ.

Эдгээр улсын дотор хэдийгээр гадаад дахь иргэдээ сонгуульд оролцуулах хууль эрхийн актыг нь бүрдүүлж өгсөн боловч хараахан бодит байдал болгож чадаагүй цөөн орон бас байна.

Тухайлбал:

Ангол

1992 оны сонгуулийн хуулиндаа гадаад дахь иргэдээ сонгуульд оролцож болохыг, ингэхдээ оршин сугаа газрынхаа дипломат төлөөлөгчийн газарт бүртгүүлж, биеэр саналаа өгөхийг хуульчилсан байна. Мөн гадаад дахь иргэдээ сонгуулийн тойрог болгож, Үндэсний Хуралдаан буюу парламентдаа гурван төлөөлөгч сонгон оруулахыг ч заажээ. Гагцхүү ажил хэрэг болгохыг нь Үндэсний Сонгуулийн Хороо нь хариуцаж, хэрэгтэй материал сэлтийг бэлдэх ёстой бөгөөд энэ ажил нь харин удаашралтай байгаа аж.

Боливи

1991 онд гадаад улсад амьдарч буй Боливи иргэд Ерөнхийлөгч болон Дэд Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох эрхтэй, чухам хэрхэн оролцохыг нь тусгай хуулиар зохицуулна хэмээжээ. Тэрхүү тусгай хууль нь 2005 оны 12 сард Парламентийн доод танхимаар нь батлагдсан боловч дээд танхимаараа баталгаажиж хараахан чадаагүй байна.

Үүний дээр Грек, Никарагуа, Панама улсууд хуулиндаа заалтаа оруулсан, гагцхүү нарийн дүрэм журмаа баталж чадаагүй байгаа бол бусад 110 улс аль хэдүйн гадаад дахь иргэдээсээ саналыг нь авдаг болчихсон байна.

Гадаад дахь иргэд улсынхаа ямар ямар сонгуульд оролцож болдог вэ?

Өмнө дурдсан Олон Улсын Ардчилал, Сонгуулийн Дэмжлэгийн Хүрээлэнгийн судалгаагаар улс орнууд гадаад дахь иргэдээ доорх дөрвөн төрлийн сонгуульд оролцуулж болдог нь тогтоогджээ. Үүнд:

  1. Хууль тогтоох байгууллагын сонгууль
  2. Ерөнхийлөгчийн сонгууль
  3. Бүх нийтийн санал хураалт
  4. Орон нутгийн сонгууль

Харин эдгээр сонгуульд бүгдээрэнд нь оруулдаг эсэх, заримд нь оруулдаг бол ямар ямар комбинациар хамруулдгаараа тус 115 улс ялгарч байна. Тухайлбал:

Австрали, Азербайжан, Бангладеш зэрэг 31 улс зөвхөн хууль тогтоох дээд байгууллагынхаа сонгуульд

Афганистан, Мексик, Бразил зэрэг 14 улс зөвхөн Ерөнхийлөгчийнхөө сонгуульд  гадаад дахь иргэдээ оролцуулдаг бол

Аргентина, Болгар, Мозамбик гэх мэт 20 улс Ерөнхийлөгчийн болон Хууль тогтоох байгууллагынхаа сонгуулийн аль алинд нь оролцуулдаг байна.

Үүнээс гадна бусад хослолууд байгаагаас сонирхуулбал:

Канад, Эстон, Унгар зэрэг долоон улс хууль тогтох байгууллага болон бүх нийтийн санал хураалтад,

Франц, Габон, Киргиз зэрэг долоон улсад Ерөнхийлөгчийн сонгууль болон Бүх нийтийн санал хураалтад,

Австри, Колумб, Молдав зэрэг 11 улсад Ерөнхийлөгчийн болон Хууль тогтоох байгууллагын сонгууль дээрээ Бүх нийтийн санал хураалтад гадаад дахь иргэдээ оролцуулдаг уламжлалтай ажээ.

Мөн Дани, Финланд, Малайз зэрэг өөр 19 улс орон нутгийн сонгуульдаа дээрх гурван сонгуулийн аль нэгэнтэй нь хамт оролцуулдаг бол гадаад дахь иргэдээ бүхий л сонгуульд, өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн, Хууль тогтоох байгууллагын, Орон нутгийн сонгууль болон Бүх нийтийн санал хураалтад бүгдэд нь оролцуулдаг зургаан улс байдаг нь бусад улсдаа энэ чиглэлээр үлгэр дуурайл болж байна. Эдгээр зургаан улс бол:

АНУ, Алжир, Беларус, Ирланд, ОХУ, Того болно.

Того улс дөрвийн дөрвөн сонгуульд, бүр орон нутгийн сонгуульд хүртэл гадаад дахь иргэдээ оролцуулж чадаад байхад Монгол улс ганц ч сонгуульд оролцуулж чадахгүй байгаа нь харамсалтай.

Мөн эдгээр 115 улс гадаад дахь иргэдээ сонгуульд оролцуулахдаа ямар нэг байдлаар ялгадаг, болзол тавьдаг эсэх нь сонирхолтой асуудал юм. Судалгаанаас харахад ердөө 14 улсад тусгайлан заасан хүмүүсийг гадаадаас сонгуульд оролцуулдаг бол бусад 101 улс бүхий л иргэдээ хамруулдаг байна. Жишээ нь, Бангладеш зөвхөн төрийн албаныхнаа, Гана зөвхөн дипломатуудаа, Энэтхэг зөвхөн цэргийнхэн болон төрийн албатнуудаа гэх мэтээр ялган заадаг бол зарим улс гадаад улсад тодорхой хугацаанаас илүүгүй суусан байх болзол тавьдаг аж.

Мэдээж санхүүгийн асуудал гарах нь зүй хэрэг. Тэгвэл манайтай төстэй, санхүүгийн хувьд дэлхийд дээгүүр орохооргүй улсууд гадаад дахь иргэдийнхээ саналыг хэрхэн авснаас жишээ дурдъя. Доминикан улс жишээлбэл түүхэндээ анх удаа 2004 онд Ерөнхийлөгчийнхөө сонгуульд гадаад дахь иргэдээ оролцуулсан байна. Тэдний хувьд дэлхийн тэр олон улсад сонгуулийн баг ажиллуулж чадахааргүй байсан тул эхний ээлжинд Доминикан иргэд хамгийн ихээр суурьшсан таван улсыг, тухайлбал, Канад, Испани, Пуэрто-Рико, АНУ, Вэнэсуэл тав, тэр дотроо тодорхой хотуудыг сонгон ажилласан байна. Мозамбик улс мөн л манайхаас түрүүлсэн бөгөөд анх 2004 оны парламентийнхаа сонгуульд Африкийн тав, Европын хоёр улсад суугаа элэг нэгтнээ хамруулж чаджээ.

Гадаад дахь иргэдээсээ санал авах талаар ийнхүү Монгол улс дэлхийд хамгийн сүүлчийн байранд орж байгаа нь манай ардчиллын олон амжилттай харшлахуйц үзүүлэлт юм. Дараагийн цуврал нийтлэлүүдээрээ бид гадаад дахь иргэдээсээ санал авах арга хэлбэр, мөн тэдний зөвхөн саналыг нь аваад зогсохгүй төлөөлөгчийг нь хууль тогтоох байгууллагадаа оруулдаг улсуудын туршлага, зарим тодорхой улс орны түүх, алдаа оноо зэргийн талаар өгүүлэх болно.


Endnotes

1. Цахим өртөө ТББ-ын вэб хуудас, Гадаадад суугаа 200000 иргэдийн эрх ашиг зөрчигдсөөр байна, http://www.tsahimurtuu.mn/24tsag/2011/05/06/1965

2. The Heritage Foundation, Эдийн засгийн эрх чөлөөг дүгнэсэн индекс, http://www.heritage.org/index/ranking

3. Administration and Cost of Elections (ACE), Comparative Review of Voting from Abroad, http://aceproject.org/ace-en/topics/va/comparative-review

  • Бичсэн tserenbat_d
  • Үзсэн: 2518

Бүлэг: Нийтлэл

Тогтдоггүй тогтолцоогоор тогтворжих уу?

Монгол овогт Дашдондогийн Үүрцайх

Бонн хот, 17.5.2011
 
Монголын ард түмэн ардчилсан тогтолцоог сонгосоноос хойш 6 удаа, шинэ "эрх чөлөөт, ардчилсан" Үндсэн хуулиа батласнаас хойш 5 удаа төрөө сонгон байгуулахдаа сонгуулийнхаа тогтолцоог 4 удаа өөрчилж, 3 янзын сонгуулийн тогтолцоог хэрэглэжээ.
1990 оны анхны ардчилсан сонгуульд АИХ-ыг үнэмлэхүй олонхийн тогтолцоогоор, түүнтэй зэрэгцүүлэн УБХ-ыг хувь тэнцүүлсэн тогтолцоогоор намуудын нэрээр санал хурааж, түүнд нь үндэслэн АИХ-аас сонгон байгуулсан байна. УБХ-ыг яг ард түмэн хувь тэнцүүлсэн тогтолцоогоор, ардчилсан сонгуулиар байгуулсан гэж үзэх нь бас учир дутагдалтай. Нэг тийм хагас, хуурамч юм болсон байдаг. Үүнээс хойш 1992 онд УИХ-ын сонгуулийн хуулийг батлахдаа сонгуулийн олонхийн тогтолцооны хамгийн муу хувилбар болох олон мандаттай тойргууд дахь харьцангуй (Баабар саяханы нэг нийтлэлдээ үнэмлэхүй олонхитой сольж будилсан байна билээ.)олонхийн тогтолцоог хуульчилсан. Энэ сонгууль нилээдмаргаан дагуулсан, сонгогчдын ихэнх хувийн саналыг үнэгүйдүүлж, савалгаа үүсгэсэн гэсэн шалтгаанаар өөрчилж, 1996, 2000, 2004 оны УИХ-ын сонгуулиудыг нэг мандаттай тойргууд дахь харьцангуй олонхийн тогтолцоогоор явуулсан. Энэ маань бас л сонгогчдийн ихээхэн саналыг хөсөрдүүлж, төрийн тогтворгүй байдлыг үүсгэж байна хэмээн сонгуулийн хуулийг 2005 онд өөрчлөхдөө харин ч дордуулж, хуучин монголын нөхцөлд тохиромжгүй гээд хаясан 1992 оныхоо олон мандаттай тойргууд дахь харьцангуй олонхийн тогтолцоог авсан. Энэ тогтолцоогоор 2008 онд УИХ-ын сонгууль явагдаж, үр дүнд нь 7 сарын 1-ний үйл явдал болж, өнөөгийн "шүүхийн шийдвэрээр хууль бус гэдэг нь нотлогдсон" УИХ бүрдсэн. Одоо дахиад сонгуулийн хуулийн өөрчлөлт, түүний дотор сонгуулийн тогтолцооны өөрчлөлт ид яригдаж байна
Эргээд харахад өнөөг хүртэл монголын төр ч тогтворгүй, байнгын хямралтай, сүүлдээ бүр Үндсэн хуулийн бус хэлбэрт орж, сонгуулийн тогтолцоо ч байнгын өөрчлөлттэй тогтворгүй явж иржээ. Чухам шууд, дан ганц сонгуулийн тогтолцооноос болоод улс төрийн тогтворгүй байдалтай байна гэвэл мэдээж хэтрүүлсэн хэрэг болох ч, сонгуулийн тогтолцооны буруу сонголт голлох үүрэг гүйцэтгэснийг яагаад ч үгүйсгэх аргагүй юм.

Яагаад тогтолцоо чухал вэ?
Сонгуулийн тогтолцоо нь бусад олон нийгэм, улс төрийн нөхцөл байдлуудтай уялдан ардчилсан төрийг байгуулах суурь үйл ажиллагаа болох сонгуулийн үр дүнд, түүгээр дамжин илрэх бүрэн эрхтэн болох ард түмний хүсэл зоригийн бодит илэрхийлэлд хүчтэй шууд нөлөө үзүүлдэг юм. Цаашлаад тухайн нийгмийн улс төрийн тогтолцоо, улс төрийн намуудын төлөвшил, ардчилсан ёс, парламентын үйл ажиллагааны чадамж, иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөний бодитой, үр нөлөөтэй хэрэгжилт зэрэг ардчилсан, эрх зүйт төр, парламентат ёсны үндэс суурийг шууд хөндөн нөлөөлж байдаг учир яах аргагүй амин чухал юм. Нөгөөтэйгүүр сонгуулийн эрхийн асуудал нь шууд утгаараа хэн засгийн эрхийг авах вэ гэдгийг шйидвэрлэх асуудал байдаг тул улс төрийн оролцогчдын анхаарлыг хамгийн ихээр таддаг. Мөн ямар тогтолцоог сонгосоноос шалтгаалаад сонгуулийн эрхийн бусад зохицуулалтуудын агуулга ямар байхыг хууль тогтоогч тодорхойлох боломж сая бүрддэг.

Ямар тогтолцоо тохиромжтой вэ?
Монгол улсын Үндсэн хуулинд УИХ-ын сонгуулийг ямар тогтолцоогоор явуулахыг тухайлан зааж өгөөгүй бөгөөд сонгуулийн тогтолцоог ердийн хуулиар сонгон тодорхойлох эрхийг Үндсэн хуулийн Хориннэгдүгээр зүйлийн 4 дэх хэсгээр хууль тогтоогчид олгосон юм. Эдүгээгийн эрх мэдлээ хадгалж үлдэх гэсэн орон нутгийн феодал болчихсон, тойргууддаа улсын төсвийн олон тэрбумыг өөрсдийн нэрээр тараан хахуульдчихсан, өөрсдийн "зохиосон" Үндсэн хуулийн зөрчлөөр далайлган хувь тэнцүүлсэн тогтолцоог үгүйсгэх гэсэн далд зорилгтой улс төрчдийн эдүгээ мэдэн будилж "УИХ-ын гишүүнийг шууд сонгоно гэдэг нь хүнийг соногоно" гэсэн агуулгаар Үндсэн хуулийг тогтоогч хуулчилсан хэмээн сурталдаад байгаа нь огт ор үндэсгүй юм. Нэгд, Үндсэн хуулийг хэлэлцсэн УБХ-ын болон АИХ-ын хуралдааны тэмдэглэлүүдээс ийм агуулгаар санал хурааж батласан ямар ч баримт олддоггүй. Хэрэв тийм баримт байдаг бол гаргаад, миний энэ үндэслэлийг няцаагаад бичээрэй. Хоёрт, "Үндсэн хуулийн эх баригч" Б.Чимид номондоо сонгуулийн шууд байх зарчмийг сонгогч төрөө ямар нэг төлөөлөлгүйгээр, шат дамжлагагүйгээр сонгохыг хэлнэ хэмээн тодорхой өгүүлсэн байдаг. Гуравт, дэлхий нийтийн улс төрийн болон эрхийн шинжлэх ухаанд хүлээн зөвшөөрөгдсөн, хэвшсэн ойлголтоор бол ардчилсан сонгуулийн шууд зарчмийг сонгогчийн санал, сонгуулийн үр дүн хоёр дундаа ямар нэг байгууллага, этгээдэр дамжаагүй, шууд холбогдсон байхыг л ойлгодог. Тэгэхээр хууль тогтоогчид ямар ч сонгуулийн тогтолцоог сонгон хуульчлах боломж нь нээлттэй гэсэн үг.
Сонгуулийн тогтолцооны өөрчлөлтийн тухай хэлэлцүүлэг өрнөх бүрт эрдэмтэн, судлаачид ч, улс төрчид ч байнга хувь тэнцүүлсэн эсвэл холимог тогтолцоонуудын хувилбаруудыг санал болгосон байдаг. 2005 оны өөрчлөлтийн төслийг боловсруулсан олон намын төлөөлөлтэй УИХ-ын ажлын хэсэг мөн 38:38 гэсэн холимог тогтолцоог санал болгосон. 2008 оны сонгуулийн өмнөхөн С.Баяр "сонгуулийн төгөлдөршил" гэгчдээ мөн хувь тэнцүүлсэн тогтолцоог шаардлагатай хэмээн үзсэнээр улс төрийн хүчнүүдийн дунд үндсэндээ нэгдсэн байр суурь бүрэлдсэн. 2008 оны сонгуулийн өмнө З.Энхболд нарын хэсэг гишүүд цэвэр хувь тэнцүүлсэн тогтолцоотой сонгуулийн хуулийн өөрчлөлтийг УИХ-д оруулж байсан нь сонгуулийн тогтолцоог өөрчилчихөе гэсэндээ биш олон нийтийн ийм сонирхлыг нь ашиглан, ёстой "хошхируулсан" явдал болсон юм. Тэдний үнэн зорилго нь тогтолцооны өөрчлөлт гэсэн нэрээр гул барьж, 2005 онд гэнэ алдан оруулсан эмэгтэй нэр дэвшигчдийн 30 хувийн квот (энэ нь бодитой Үндсэн хуулийн зөрчлийг агуулж байсан учраас ) болон гадаадад суугаа монголчуудын сонгуулийн эрхийг (нэгд, эрх баригчид гадаадад суугаа боловсролтой хэсгийнхний саналаас айсан, хоёрт, тэдэнд энэ заалтаа хэрэгжүүлэх мэдлэг чадвар дутсан) хасах явдал байсан болов уу. Энэ зорилго нь ч тогтолцоог өөрчлөлгүй хэвээр үлдээснээр илэрдэг. 2008 оны сонгуулийн дараа байгуулагдсан Д.Лүндээжанцан тэргүүтэй ажлын хэсгийнхэн чөлөөт намын нэрсийн жагсаалттай нэг тойрог дахь цэвэр хувь тэнцүүлсэн тогтолцоог, Лу.Болт тэргүүтэй гишүүд олон мандаттай тойргууд дахь хувь тэнцүүлсэн тогтолцоог санал болгожээ. Энэ хоёр төслийг нэгтгэх үүрэгтэй байгуулагдсан Н.Энхболд гишүүнээр ахлуулсан УИХ-ын ажлын хэсгийнхэн энэ байр суурьнаас жаахан ухраад 26 гишүүн нь тойргуудаас харьцангуй олонхиор сонгогдох, 50 гишүүн улс даяарх нэг тойргоос хувь тэнцүүлсэн тогтолцоогоор сонгогдох гэсэн намуудын ерөнхий зөвшилцөлд үндэслэсэн холимог тогтолцоог тусгасан төсөл боловсруулжээ. Гэтэл МАХН нэрээ сольж МАН болсноос хойш энэ зөвшлийн байр сууриасаа илт буцах болж, аль болох олонхийн тогтолцоог хадгалж үлдэх, үгүйдээ холимог тогтолцоонд олонхийн элементийг ахиу хадгалж үлдэхийг хичээх болжээ. Энэ бүх хэлэлцүүлэг, зөвшлийн дараа шууд хуучин нэг мандаттай харьцангуй олонхийн тогтолцоогоо авна гэхэд ичмээр байгаа бололтой сүүлдээ аргаа ядаад Су.Батболдоор "52 гишүүн нь харьцангуй олонхиор тойргуудаас, 24 гишүүн нь хувь тэнцүүлсэн тогтолцоогоор сонгогддог байвал зүгээр байна" гэсэн "бор шувуу" нисгэж сууна. Ичсэн хүн хүн ална гэж ийм л юмыг хэлдэг байх даа.
Тэгвэл өнөөг хүртэл хэрэглэж ирсэн харьцангуй олонхийн тогтолцооны юу нь болохгүй байгаа тухай асуулт хариу нэхэх нь ойгомжтой. Хэдийгээр энэ тухай хангалттай бичигдсэн боловч би дахиад нэг нуршин сануулая.
- Тодорхой нөхцөлд сонгогчдын саналын бараг тал хувь нь УИХ-д төлөөлөлгүй гээгдэн үлддэг.
- Эрх мэдлийн савалгаа маш хүчтэй явагдаж, сөрөг хүчингүй, хяналтгүй үнэмлэхүй олонхийг ихэвчлэн бүрдүүлдэг.
- УИХ-ын гишүүд нь тойргоосоо хэт хамааралтай тул нэгд, намууд зөвхөн тухайн орон нутагтаа нэр нөлөөтэй, тойргуудыг худалдаад авчих, өөрсдийн аж ахуйн ашиг сонирхлыг хэрэгжүүлэх, улсын төсвөөс хулгай хийх гэсэн бэл бэнчинтэй, популист нөхдүүдийг нэр дэвшүүлдэгээс, мэдлэг чадвартай, зүтгэлтэй, мэргэшсэн улс төрчид, залуучууд, эмэгтэйчүүд тоглоомын гадна үлддэг. Хоёрт, сонгуулийн үеэр зөвхөн тойрогтоо хандсан, УИХ-ын гишүүний бүрэн эрхтэй нийцэхгүй популист амлалтууд өгч, сонгогдсоныхоо дараа улсын төсвийн хөрөнгө оруулалтуудыг ийш тийш нь зулгаалдаж, үрэн таран хийдэг. Сүүлдээ тэрбумаар нь тараан цацаж, өөрсдийн сонгуулийн сурталчилгаа болгож, Үндсэн хуулиар хамгаалагдсан сонгогдох эрхийн тэгш байдлыг илтэд зөрчдөг гажиг тогтолцоог үүсгэсэн. Энэ байдал нь улсын хэмжээний том хөрөнгө оруулалтыг бараг боломжгүй болгож, УИХ-ын болон Засгийн газрын үйл ажиллагааны чадавхийг алдагдуулж, алсаараа улсын эдийн засгийн хөгжлийг сааруулж байна. Гуравт, улс төрийн авилгыг хөөрөгдөж, сонгуулийг улс төрийн үзэл баримтлал, бодлогоор бус илтээр сонгогчдын саналыг худалдаж авах, сонгогчдыг хахуульдах гэх мэтийн хууль бус мөнгөний хүчин зүйлээр шийддэг болтол хөгжсөн.
- Харьцангуй олонхийн тогтолцоо нь хүчтэй хоёр намын систем бүрэлдэхэд хүргэдэг учраас улс төрийн намуудын төлөвшлийг сааруулж, судлаач С.Тамирийн онож тодорхойлсноор Монголд МАН ба бусад гэсэн 1,5 намын тогтолцоо бүрэлдэхэд хүргэсэн. Эрх баригчдын тунхаглах дуртай МАН, АН ба бусад гэсэн 2,5 намын тогтолцоо гэгч нь үнэндээ бүрэлдэж чадаагүй бөгөөд эдүгээ МАНАН гэх нэршил болон АН доторхи түншилдээн нь үүний тодорхой баталгаа болно. Ардчилалд шилжих үед МАХН-ыг тараалгүй авч үлдэхэд би их хувь нэмэр оруулсан гэх ардчиллын "Баатарын" баатарлал нь олон намын тогтолцоо жинхэнэ ёсоор нийгмийнхээ сонирхлын бүлгүүдийн зөрчлийн шугамуудаар (social cleavages)үүсэн бүрэлдэх үйл явцыг үр хөврөлийнх нь шатанд устгаж, гарааны тэгш бус байдлыг үүсгэсэн бөгөөд дарангуй нийгмийн үед хуримтлуулсан хөрөнгө, нийгмийн бүх шатанд бэхжүүлсэн номенклатурын бүтэц, нөлөөгөө хадгалан үлдсэн МАХН нь бусад эрх чөлөөт, ардчилсан тогтолцоог хүссэн улс төрийн хүчнүүдийн хувьд давагдашгүй хатуу хүч хэвээр үлдсэн байна. МАХН-ы доторхи олон ардчилсан үзэлтнүүд ч өдийг хүртэл ардчилсан хувьсгалын ялалтад итгээгүй тул айдастаа хүлэгдэн, хэлээ хазсаар үлдсэн. Тэдний энэ алхам зөв байсан нь одоогийн феодалын дарангуй нийгэм тогтсон байдлаас тодорхой харагдаж байна. Ингээд ардчилсан гэгдэх намууд үзэл баримтлалаа харгалзалгүйгээр, энэ их хүчнийг даван гарахын тулд зохиомол төвлөрлийг үүсгэн хүчээр нэгдэцгээсэн ба өнөөдөр ч нэгдсээр байна. Ийнхүү нэгдсэн намууд нь тогтвортой, суурьтай улс төрийн хүчин болж чадахгүй, хавсрага байдлаар оршиж байна. Арай том гэгдэх АН-ын хүчийг эртнээс шургалуулсан "Алтан гудасаараа" бусниулан сарниах ажиллагааг ч МАН эдүгээ амжилттай хэрэгжүүлж байна. Жижиг намууд сонгуулийн харьцангуй олонхийн тогтолцооны үед парламентад орж ирэх боломжгүй болдог тул гудамжны улс төр, жагсаал цуглаан, улс төрийн тогтворгүй байдал үүсэхэд хүргэж байна. Харин жижиг улс төрийн намуудтай зэрэгцэн "Нутгийн зөвлөлүүд" гэгдэх улс төрийн авилга, төрөл садан,тойрон хүрээлэгчдийн эдийн засагт тулгуурласан тэднээс хавгүй илүү хүч нөлөөтэй, хорт "улс төрийн хүчнүүдийг" энэ сонгуулийн тогтолцоо үүсгэжээ.
- Ийнхүү монголд олон намын тогтолцоо хараахан бүрэлдэж чадаагүй явдал болон ардчилсан хүчнүүдийн зохиомол төвлөрлөөс шалтгаалан Монголын парламентын түүхэнд Засгийн эрхийг МАН де факто ямар ч сөрөг хүчингүйгээр тасралтгүй барьсаар иржээ гэж дүгнэж болно. 1996 онд Ардчилсан хүчин сонгуульд ялсан боловч тэдний дотоод зөрчил, хуулин дахь чуулганы ирцийн квотоор дамжуулан хэрэг дээрээ МАХН засгийг барьж байсан гэдгийг ардчилсан хүчнийхэн ч үгүйсгэдэггүй. 2004 онд сонгуулийн үр дүнгээр, 2008 оноос Үндсэн хуулийн бус, зохиомол их эвслийн Засгийн газрууд байгуулагдаж байсан тул парламентад эрх баригчдийг хянах олигтой сөрөг хүчин үлдээгүй. Эдгээр их эвслийн Засгийн газруудаа манай эрх баригчид Германы 2005 оны их эвслийн Засгийн газрыг жишээ татаж ирээд л зөвтгөдөг юм. Гэвч сонгуулийн тогтолцооныхоо ачаар Бундеатаг 5 намын парламент болсон бөгөөд энэ их эвслийн засгийн газрын үед парламентын бүлэг байгуулах хэмжээний гурван ч нам хангалттай хүчтэй сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж байсныг харин ярьдаггүй юм. Ийм ч учраас Германд улс төрийн тогтвортой байдалтай, эрүүл улс төрийн тогтолцоотой, эдийн засгийн хөгжилтэй байгаа билээ.
- Тэртэй тэргүй саналыг нь худалдаад эсвэл айлгаад авчихдаг, элдэв булхай хэрэглэн саналын дүнг нь луйвардчихдаг, луйварыг нь гардан гүйцэтгэгчид нь хариуцлага хүлээхийн оронд албан тушаал ахиад, эд мөнгөөр цалгиад явдаг, сонгогчдын хүсэл зоригийг огоорон сонгуулийн үр дүнгээр бус "стандарт бус" гэгдэх Засгийн газар байгуулчихдаг болохоор энэ сонгуулийн тогтолцооны олон нийтэд хүлээн зөвшөөрөгдөх шинж нь алдагдсан байна. Үүний нэг нотолгоо нь 95,6 хувиас сонгууль бүрт буурсаар 76,4 хувьд хүрсэн иргэдийн сонгуулийн оролцооны дүн юм. Энэ бол харин монголын ардчилалд учирч буй хамгийн том хохирол болно. Мөн энэ гудамжнаас санаатай шинээр төрж болзошгүй улс төрийн хүчийг саринулах гэсэндээ болон аргагүйдсэндээ "төрийн эрхийг хүчээр булаан авна", "хүчтэй ерөнхийлөгчийн засаглал хэрэгтэй" хэмээн мэдэгдэх болсон улс төрийн хүчнүүд, иргэдийн дуу хоолой ч нэг талаар энэ тогтолцооны үр дагавар.
- Энэ тогтолцоог парламентат ёсны уламжлал нь дундад зууны феодалын нийгмээс эхлэлтэй, парламентыг орчин цагийн ардчиллын онол лугаа "ард түмний хүсэл зоригийн бүрдэл" гэж үздэггүй харин "үйл ажиллагааны бүрдэл" гэж үздэг англи маягийн парламент, тус улсын колони байсан орнуудын парламентуудыг бүрдүүлэхэд хэрэглэдэг байна. Гэвч сүүлийн үед Англи улсад болон түүний колони байсан орнуудад ч хувь тэнцүүлсэн тогтолцоог хэрэгжүүлэх тухай хэлэлцүүлэг өрнөдөг болжээ. Үүний нэг жишээ нь Шинэ Зеланд улс холимог тогтолцоотой болсон явдал юм. Нөгөө талаар эдүгээ ардчилсан нийгмийн шилжилтээ амжилттай хийж, улс төрийн тогтолцооны хувьд тогтворжин төлөвшсөн хуучин социалист ситемийн орнууд дандаа нэг бол хувь тэнцүүлсэн эсвэл холимог тогтолцоог авч хэрэглэсэн байдаг.
Тэгэхээр харьцангуй олонхийн тогтолцоо ардчиласан парламентат ёсыг төлөвшүүлэх гэж буй монголийн нийгмийн нөхцөлд тун тохиромжгүй байгаа юм.
Германы энэ салбарын тэргүүлэх эрдэмтэн Дийтэр Ноолен гэдэг профессорыг урьж судалгааны дүгнэлт гаргуулахад тэрбээр хоёр янзын холимог тогтолцоог, тэгэхдээ харьцангуй олонхиор сонгогдох мандатын тоо нь 38-аас хэтрэхгүй байхыг зөвлөсөн байна. Мөн Австрали, АНУ-ын тэргүүлэх эрдэмтэн, профессор Бенжамин РайлиНҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн санхүүжилттэй төслийн хүрээнд гаргасан зөвлөмждөө мөн л Лу.Болд нарын төслийг зохих өөрчлөлттэйгөөр дэмжээд, 26 мажоритараар сонгогдох, 50 пропорционалаар сонгогдах мандаттай холимог тогтолцоог санал болгосон байна. Монголын эрдэмтэд, судалгааны байгууллагууд ч мөн холимог тогтолцоог, тэр дундаа 38:38 гэсэн тогтолцоог санал болгосон байдаг.
Адгийн судлаач би хувьдаа мөн энэ 38:38 гэсэн тогтолцоог дэмждэг билээ. Учир нь цэвэр пропорционал тогтолцоо нь улс төрийн намууд төлөвшөөгүй, улс төрийн тогтолцоо тогтворгүй, сонгогчдын улс төр, эрх зүйн боловсрол ч зохих түвшиндээ хүрч соёл болон хөгжөөгүй, сонгогчид нь төрийг хүнчлэн төсөөлдөг уламжлалт ойлголттой, этатист хандлагатай өнөөгийн нөхцөлд хэт олон жижиг намууд, ёстой нөгөө нутгийн зөвлөлүүд, компаний захирлын гэгдэх намууд парламентад орж ирснээр парламентын олонхийн дэмжлэгтэй Засгийн газар байгуулах боломж хомсдож, төрийн үйл ажиллагааны чадавхи сулрах, цаашилбал үндэсний эв нэгдэл, аюулгүй байдалд ч хор хүргэж болзошгүй юм. Тэгэхээр энэ хоёр тогтолцооны аль альных нь давуу талуудыг тусгадагаар нь холимог тогтолцоог, гэхдээ улс төрийн намуудынхаа төлөвшлийг дэмжих, гудамжны улс төрөө парламентдаа оруулж ирэхийн тулд аль болох хувь тэнцүүлсэн элемент нь давамгайлсан тогтолцоо л тохиромжтой байна.

Ямар тогтолцоог сонгох бол?
Энэ асуултын хариу ерөнхйи дөө тодорхой болж байх шиг байна. МАН нэрээ сольж, Энхбаяртангууд МАХН байгуулахаар оролдож эхэлснээр болон МАНАН-гийн засгийн үрээр энэ хоёр "том" гэгдэх намууд хэрэг дээрээ нэг ашиг сонирхолтой юм байна гэсэн олон нийтийн ойлголтод тулгуурласан эрх баригчдын (гол нь МАН) нэр хүндийн огцом уналт, улс төрийн гуравдагч хүчнүүдийн нэр хүндийн өсөлт, парламентад шинэ намууд орж ирэх боломжийн нэмэгдэлт зэргийг ажигласан эрх баригчид маань хулгаж, буцаж, "хөгөө хөлдөө чирч" байна.
Дээр өгүүлсэнчлэн болвол хуучин жижиг 76 тойрогтой харьцангуй олонхийн тогтолцоо руугаа орох, үгүйдээ л мажоритарын элементүүдийг холимог тогтолцоонд ахиу оруулж, нэр төдий өөрчлөлт хийхийг эрх баригч МАН туйлаас хүсэж, олон олон муу зальнууд хэрэглэж байна.
Заль №1: МАН-ын голдуу гишүүд тогтолцоогоо тохироогүй байгаа тул хуулийнхаа хэлэлцүүлэгийг түргэвчлэхийн тулд эхлээд сонгууль явуулах журам гэх мэт бусад заалтуудаа хэлэлцээд дуусгаж байгаад энэ хооронд тогтолцоон дээрээ саналаа нэгтгээд хэлэлцэе хэмээн урьдийн залиа гаргав. Гэтэл ямар сонгуулийн тогтолцоо сонгосоноос шалтгаалаад сонгох, сонгогдох эрхийг хангах бусад эрхийн баталгаа, зохицуулалт нь ямар байхыг тодорхойлдог. Ингэж хөлөөрөө толгой хийж болохгүй юм.
Заль №2: Энэ бол дээр тодорхой өгүүлсэн Үндсэн хуульд "УИХ-ын гишүүнийг...шууд... сонгоно" гэсэн заалтыг Үндсэн хууль тогтоогч хүнийг сонгоно гэсэн агуулгаар оруулсан хэмээн гөрддөг заль юм. Германы Үндсэн хууль дээр ч гэсэн Бундестагийн гишүүнийг сонгоно л гэсэн байдаг юм. Гэвч Германд бас л холимог тогтолцоогоор сонгууль явуулдаг. Сонгуулийн шууд байх зарчмийг манай улс төрчдийн гөрдсөн мулгуу агуулгаар ойлгох юм бол холимог болон пропорционал тогтолцоотой улсууд бүгд ардчилсан бус, Үндсэн хуулийн бус төртэй болж таарах нь. Эндээс дараагийн зал ургана.
Заль №3: Д.Лүндээжанцан нарын төсөлд цэвэр пропорционал тогтолцоог санал болгосон боловч тухайн намын нэрсийн жагсаалтаас нэг хүний нэрийг дугуйлахаар оруулж ирсэн байдаг. Үүнийгээ дээрх "зохиомол" Үндсэн хуулийнхаа зөрчлөөр хаацайлаж, аргагүйдлээ хэмээн "бурхны" царай гаргана. Одоо холимог дээр олон нийтийн шахалтаар тогтох байдал руу оронгуут пропорционалаар сонгогдох хэсэг дээр намын жагсаалтаас мөн дэмжсэн нэр дэвшигчийг сонгогчид тэмдэглээд, тэр нь намд өгсөн санал болохоор хуульчлахыг шаардаж эхэлсэн. Энэ бол парламентад олон жил суусан "хашир бурхи"-нуудын нэр хүндээрээ гарч ирэх, болвол намаа чирээд гараад ирэх гэсэн л эрх мэдлийн дон шүглэсэн санаа болохоос улс эх орны эрх ашигт нийцэхгүй асуудал юм. Ийм тогтолцоогоор санал хураасан тохиолдолд, нэгд, их нэр алдартай нэр дэвшигчгүй боловч хөгжлийн зөв үзэл баримтлалтай, хөтөлбөртэй шинэ залуу, жижгэвтэр намууд шахагдана, хоёрт, намууд нэрсийн жагсаалтаараа залуучуудын оролцоо, эмэгтэй нэр дэвшигчдээ гаргаж ирэх боломж хаагдана, гуравт, намуудын сахилга бат, төлөвшил саармагжина.
Заль №4: Дараагийн заль нь "дасгаж байгаад мурих" мэх. Эхлээд холимог дээр тогтсон боловч тоогоо тогтоогүй байна гэснээ 26 мажоритар, 50 пропорционалаасаа ухарч тал тал болгосноо сүүлийн өдрүүдэд 50 мажоритар, 26 пропорционал ч биш бүр 52 мажоритар, 24 пропорционалаар сонгогдох мандаттай байх хэлэлцүүлэг өрнүүлж эхлэсэн. Ингэж хувь тэнцүүлсэн элементийг бага багаар утгасаар нэр төдий болгох явдал юм. Ингэснээр тойрогтоо олон тэрбумын хөрөнгө оруулсан гэх нэрээрээ дахин сонгогдож, дахиад 4 жил найрлах санаатай юм.
Заль №5: Үхэхдээ үхэр буугаа тавьна гэгчээр одоо сонгуулийн хуулийн хэлэлцүүлгийг аль болох "уяж" байгаад, "хоёр танхимтай парламенттай болно", сайдыг огцруулна гэх мэт ямар ч утгагүй, хэрэгжих боломжгүй хуурамч хэлэлцүүлэгээр олон нийтийн анхаарлыг сарниулсаар байгаад оны төгсгөл буюу сонгуулийн хуулийг өөрчилж болохгүй хуулийн хугацаанд тулгаж байгаад "одоо өөрчлөөд дэмий байх, энэ удаа үүгээрээ саналаа өгцгөөе, дараагийн парламентын үед л ёстой нэг сайхан сонгуулийн хуультай болоё" гэж олон түмнийг "хамраар нь газар хатгуулах" мэхээ хэрэглэх байх.
Тэгэхээр засгийн эрхийг, АН-ын эрхтэй хамтад нь барьж байгаа МАН нэгэнтээ эргэж буцаж байгаа болохоор нэг бол нэр төдий холимог тогтолцоотой, үгүй бол жижиг 76 тойрогтой харьцангуй олонхийн тогтолцоотой болох юм шиг байна.

Одоо тэгвэл яаж тогтворжих вэ?
Хэрэв энэ удаад монголын парламент сонгуулийн тогтолцоогоо зөв сонгохгүй бол, сонгуулийн хууль тогтоомжоо хийдэлгүй батлахгүй бол 2012 од дараагийн цуст мөргөлдөөн, бослого тэмцэл гарахыг үгүйсгэх аргагүй юм. Одоо эрх баригчдын зүгээс "хадна мангаа" болгон харагдуулах гээд байгаа Энхбаяртан мэтийн "хутган үймүүлэгчид" чинь тэр үед бухимдсан, аргагүйдсэн олон түмнийг тосон авч хүчирхэгжээд жинхэнэ цуст халдлага, Үндсэн хуулийн бусаар төрийн эрх мэдлийг авах зорилгоо хэрэгжүүлж, Монгол улс иргэний дайн, баялгийн хараал хоёртоо живж, ертөнцийн хөрснөөс үүр арчигдаж ч болзошгүй юм. Амны билэгээс ашдын билэг гэдэг болохоор арай ч ийм зүйл болохгүй байлгүй хэмээн Зориг агсны адилаар "Монгол хүний саруул ухаанд л найдая".
Ямар ч сонгуулийн тогтолцоог сонголоо гэсэн сонгуулийг маргаан зөрчилгүй, шудрагаар явуулах бусад заалтууд нь хийдэлгүй, үр нөлөөтэй байхуйц батлагдахгүй бол бас ямар ч хэрэггүй.
Тиймээс олон түмэн минь эдүгээ сонгуулийн хуулийг хэлэлцэж байгаа үед эрх баригчдыг шахан шаардаж, хянан анхаарч, эргэж буцахааргүй сонгуулийн хуультай болох хэрэгтэй байна. УИХ-дахь эрүүл үзэл бодолтой гишүүдийг ч уриалан гуйя.
Ингээд болохгүй бол эцсийн найдвар болгож сонгогчид л яагаад ч луйвардаж чадахааргүйгээр саналаа маш тодорхой, тогтолцоонд нь, гаргаж буй заль мэхэнд нь тааруулан өгч, "мэхтийг мэхээр нь" унаган зайлуулах хэрэгтэй юм.
  • Бичсэн Цахим Өртөө Холбоо
  • Үзсэн: 12543

Бүлэг: Нийтлэл

"Монгол орны хөгжилд" VII чуулганы мэдээ

Британийн Монголчуудын зохион байгуулдаг уламжлалт “Монгол орны хөгжилд” VII чуулга уулзалт Мэдлэгт суурилсан хөгжил нэрийн дор Limkokwing University of Creative Technology –ийн байранд 5 сарын 7-нд амжилттай болж өнгөрлөө.

Чуулганыг элчин сайд Б.Алтангэрэл нээж үг хэлэн чуулганы ажиллагаанд амжилт хүссэний дараа Монгол Улсын Засгийн газрын сайд, Хилийн чанадад амьдарч буй Монгол улсын иргэдтэй хамтран ажиллах Зөвлөлийн дарга Ч.Хүрэлбаатарын чуулганд зориулж ирүүлсэн Мэндчилгээг элчин сайдын яамны 2-р нарийн бичгийн дарга Х.Мандахцэцэг уншиж танилцуулав.

Улмаар чуулганы гол ивээн тэтгэгч Rio Tinto  компанийн Зэсийн Группийн Хүний Нөөцийн Хэлтэсийн Стратеги Төлөвлөлтийн Албаны менежэр Jessica Farwell чуулганд амжилт хүсэхийн зэрэгцээ өөрийн Компанийн талаар, тэр дундаа Оюу Толгойн ордыг ашиглаж буйтай холбоотой танилцуулга илтгэл тавиж Монголын мэрэгжилтнүүдийг эх орондоо очиж хамтран ажиллахыг уриаллаа.

Чуулганы зочин илтгэгч Монгол улсаас Шведийн Вант улсад суугаа элчин сайд Др. Б.Энхмандах нэгдсэн хуралдаан дээр Монголын нийгмийн хөгжлийн загварын онол, арга зүйн зарим асуудал сэдвээр илтгэл тавив.  Сайд илтгэлдээ хөгжлийн загваруудын талаар танилцуулан харьцуулалт хийж,  тэдгээрээс умардын орнуудын хэмээн нэрлэгддэг Нордик загвар Монголын хөгжилд илүүтэй тохирох талаар өөрийн судалгаа шинжилгээнд тулгуурласан дүгнэлт саналаа илэрхийлсан юм.

Зочин илтгэлийн дараа чуулган  “Хөгжлийн тухай саналууд”, “Санхүү Эдийн засаг - Мэдээллийн Технологи” гэсэн  2 салбараар тусдаа хуралдав. 

Хөгжлийн тухай саналууд салбар хуралдаан
Салбар хуралдааныг Британийн Монголчуудын Холбоо, Цахим Өртөө Холбооны тэргүүн Д.Цэрэнбат хөтлөн явуулав.

Инженерийн болон философийн ухааны доктор С.Молор-Эрдэнэ "Мэдлэг ба хувийн санаа" цахим илтгэлээрээ уг салбарын хуралдааныг Монголоос нээв.  Илтгэгч өдгөө Монгол оронд маань мэдлэгийг түгээх ёстой газрууд нь элдэв шашин, бөөгийн ухаан, түүнчилэн багш нар хувийн үзэл санаагaa зааж сургаж, мэдлэг гэдэг зүйлийг ойлгож хүндлэх явдал үгүй болж байна. Үүнээс үүдэн заасан багшинхаа хувийн үзэл бодлыг мэдлэг гэж андуурч ярих маргах явдал газар авч энэ нь нийгэмд ч эв нэгдэлийг үгүй болгож хөгжлийг зогсоож буй хэмээн шүүмжлээд,  мэдлэгийн талаархи философийн ойлголтуудыг тайлбарлаж, мэдлэг болон хувийн үзэл санааны ялгааг цохон дурдав. Тэрээр мэдлэгийг жинхэнэ утгаар нь эзэмшвээс, хүндэлвээс түүнийг дагаад эв нэгдэл үүснэ улмаар хөгжил явагдана, иймд мэдлэгийг жинхэнэ утгаар нь эзэмшихийг чуулганд оролцогч залууст захисан юм.

Улс төр хөгжлийн ухааны магистр Ж.Өнөрмаа "Иргэдийн оролцоонд тулгуурласан нийгмийн дэвшил: Нийтийн мэдээллийн сүлжээг бодлого боловсруулалтад үр өгөөжтэй ашиглах нь" сэдвийн дор өнөө цагийн нийтээр хэрэглэж буй нийтийн мэдээллийн сүлжээний олон аргуудыг (facebook, twitter, biznetwork, цахим өртөө сүлжээ болон бусад группууд)  бодлого боловсруулагчид хэрхэн үр өгөөжтэй ашиглаж болох талаар илтгэлээ.

Польш улсаас хүрэлцэн ирсэн Монголын уламжлалт анагаах ухааны их эмч Др. Проф, Н.Жамсран өөрийн  "Эрүүл мэнд - үндэсний аюулгүй байдал" илтгэлээрээ Монгол орны өнөөгийн эрүүл мэнд, эмнэлэгийн тогтолцооны гаж байдал, хүнсний эрүүл мэндийн хяналт шалгалт алдагдсан байгаа зэргийг баримт жишээгээр дэлгэн тайлбарлаж энэхүү тогтолцооны гажуудлаас гарахын тулд нийгмийн эрс шинэтгэл өөрчилөлт хийхээс аргагүй болжээ хэмээн дүгнээд чуулганд оролцогч залуусыг улс төрийн сонгуульд оролцож өөрсдийн төлөөлөгчидөө сонгуулиар гаргаж тавих хэрэгтэй хэмээн уриалав.

ИБУИНВУ-д суугаа Монгол Улсын ЭСЯ-ны нэгдүгээр нарийн бичгийн дарга, Хөгжил судлалын магистр, Б.Чинүүхэй "Хөгжлийн хэмжүүр: Амьдралын чанар" сэдэвт илтгэлээрээ хөгжлийг олон хэмжүүрээр хэмждэг бөгөөд Монгол орны хувьд зарим  хэмжүүрээр хөгжлийн ахиц гарсан мэт харагдаж буй ч хамгийн гол иргэн бүрийн сайн сайхан амьдралын хэмжүүр гэж үзэж болох амьдралын чанараар авч үзвэл бидний хувьд хөгжил хийгдсэн гэхэд бэрх байгааг онцлон дурдаад цаашид эрх баригч хүчнүүд хөгжлийн энэхүү хэмжүүрийг гол болгон улс орныг удирдах нь чухал юм хэмээн дүгнэв

Манчестерийн Их Сургуулийн магистрант, А.Долгион "Бодлого боловсруулах үйл явцад бодлогын шилжүүлгийн талаарх мэдлэгийн гүйцэтгэх үүрэг" илтгэлээрээ аливаа улс орон хөгжлийн шинэ төлөв байдалд шилжихдээ гаднаас ямар нэгэн бодлогыг тодорхой хэлбэрээр авч хэрэглэдэг буюу бодлогын шилжүүлэг хийдэг тухай дурдьдаад тэдгээрийн төрлүүд, Монгол орны хувьд бид ардчилсан нийгэмд шилжихдээ бодлогын ямар төрлийн шилжүүлэг ашигласан, тэр нь ямар үр дүнд хүргэсэн цаашид юунд анхаарах талаар өгүүллээ.

Ирландийн Дублингийн Их Сургуулийн магистрант, А.Наранбаатар "Монголын Мал аж ахуй, түүнд мэдээллийн технологийг хэрэглэх хэрэгцээ шаардлага, нэвтрүүлэх боломжууд"  илтгэлээрээ Монгол орны Мал аж ахуйн салбарын өнөөдрийн тулгамдсан асуудал болоод байгаа малын халдварт өвчнүүд, тэр дундаа малаас хүнд халдварладаг өвчнийг таслан зогсоож, эрүүл ахуйн шаардлага хангасан малын гаралтай бүтээгдэхүүнийг дотоодын болон гадааддын зах зээлд нийлүүлэхэд малын бүртгэл нь зайлшгүй, бүртгэлийг хийхдээ мэдээлэлийн технологийг ашиглах нь мөн зайлшгүй болохыг өөрийн орны онцлог болоод бусад орнуудад хэрэгжүүлж буй малын бүртгэлийн аргуудтай харьцуулан шинжилжээ.

Санхүү Эдийн засаг - Мэдээллийн Технологи салбар хуралдаан
Салбар хуралдааныг Монгол банкны Лондон дах төлөөлөлгч Б.Энхжаргал, Британийн Монголчуудын Холбооны УЗ-ийн гишүүн, Цахим Өртөө Холбооны гишүүн Др Ц.Базаррагчаа нар хөтлөн явуулав.

Оросын Холбооны Улсын Хөрөнгө Оруулалт Корпораци Хөгжлийн банкны Үнэт цаасны гүйлгээний хэлтсийн дарга Др.М.Бат-Өлзий “Монголын эдийн засагт  илэрч бүй 'Голланд өвчиний' шинж тэмдэгүүд” сэдвийн хүрээнд Монголын эдийн засгийн хөгжлийн ерөнхий дүр төрөхийг илтгэн харуулдаг  макро эдийн засгийн үзүүлэлт дээр тулгуурлан Монголд «Голланд евчин»-ний гол шинж тэмдэг болох эрдэс баялагийн экспортын орлого хэт нэмэгдэх, эрдэс баялагийн экспортын өсөлтөөс хамаарч валютын орлого нэмэгдэх, импорт нэмэгдэх, мөнгөний нийлүүлэлт өсч, инфляц өсөх, төгрөгийн нэрлэсэн болон бодит ханш чангарах  зэрэг үзэгдлүүд илэрч байгааг үзүүлэн тайлбарлав.

Лондонгийн Санхүү Бизнесийн Их Сургуулийн оюутан Б.Зулбаяр “Европын хөрөнгө оруулагчдыг хэрхэн монгол руу татах вэ?” сэдэвт илтгэлээрээ Монгол улс улс төр, хүмүүнлэг, соёл урлаг гээд олон талаар Европын орнуудтай харилцаа эрчимтэй хөгжүүлж байгаа шигээ хөрөнгө оруулалт, эдийн засгийн тал дээр хэрхэн ахиц гаргаж болох үүнд Европт сууж байгаа монголчууд юу хийж чадах болон  цаашид үйл ажиллагаандаа анхаарах, хамтарч ажиллах боломжийн талаар өөрийн санал бодлоо хуваалцав

Лийдсийн Их Сургуулийн Магситрант, Э.ЭнэрэлтМонголын хадгаламж эзэмшигчдийн мэдлэг ба санхүүгийн сахилга бат”  илтгэлээрээ санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангахад хөрөнгө оруулагч, хадгаламж эзэмшигчдийн үүрэг, нөлөөний чухал байдлыг онцлон дурдаад Монголын хувьд хадгаламж эзэмшигчдийн банкны талаар нийтэд цацагдсан мэдээллийг хүлээн авч, хэрхэн хариу үзүүлж байгааг болон зах зээлийн сахилга бат Монгол улсад ямар түвшинд байгааг эконометрик тестийн аргаар тодорхойлж, ижил, төстэй судалгаа хийгдсэн орнуудтай харьцуулсан үр дүнгээ тайлбарлав.

Нидерланд улсын Aйндховены Технологийн их Сургуулийн докторант судлаач, Монгол-Нидерландын Холбооны тэргүүн, Др. Д.Янжиндулам "Монгол улсад мэдээллийн технологийн кластерыг хөгжүүлэх загвар" илтгэлдээ өндөр технологид суурилсан эдийн засгийн өрсөлдөх чадвар, бүтээмж өндөр, зах зээлд шингэж мөнгө хүн ардад тэгш хүртээмжтэй хуваарилагдахын дээр эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангаж байдаг давуу талуудтайг дурдаад “Монгол улсын өнөөгийн бодит нөхцөлд үүнийг хэрхэн амжилттай хэрэгжүүлэх вэ?” гэдэг асуултад Олон Улсын Өрсөлдөөний илтгэлийн статистик болон өндөр технологийн аж үйлдвэртэй улсуудын туршлагуудыг судалж анализ хийсэн ажил дээрээ үндэслэн өөрийн хариултаа гаргаж тавьсан байна. Тэрээр энэхүү илтгэлээрээ Монгол банкны нэрэмжит уламжлалт шагналыг хүртсэн билээ.

Герман улсын International Marine Certification Insitute-ийн ахлах програм зохиогч, Bolorsoft-ийн архитектор болон зөвлөх С.Бадрал “Монголын програм хангамжийн салбарыг хөгжүүлэх илүү арга зам” илтгэлдээ Монголын програм хангамжийн салбар уналтад орсон шалтгааныг өөрийн зүгээс тогтоож уг салбарыг хөгжүүлж, тогтвортой авч явах бидэнд тохирох нэгэн арга замыг засгийн бодлогоос нь сурагчийн бодлого хүртэл нь загварчилн шинжилснээ танилцууллаа.

Үдээс хойшхи хуралдаанд Хилийн чанадад амьдран буй Монгол Улсын иргэдтэй хамтран ажиллах Зөвлөлийн ажлын албаны  дарга Ч.Энх-Эрдэнэ  "Хилийн чанадад суугаа иргэдийн талаархи Засгийн газрын бодлого, Зөгийн үүр хөтөлбөрийн хэрэгжилт явц"-ын талаар танилцуулга илтгэл тавилаа. Улмаар чуулганд оролцож буй Британийн Монголчуудын Холбоо, Лондон дах Монгол Соёлын Төв, MON Charity, LinguaGlobal, Голландийн Монголчуудын Өлзий Холбоо,  Шведийн Монголчуудын Нэгдсэн Холбоо, Ирландийн Монголчуудын Холбоо, Португалийн Монголчуудын холбооний тэргүүлэгч гишүүд өөр өөрсдийн байгууллагын талаар танилцуулга хийж эдгээр зохион байгуулах багаас Холбоодын зүгээс хамтран Зөвлөлд хандан гаргаж буй санал хүсэлтийг нэгтгэн танилцууллаа. Мөн МУГТамирчин мэрэгжлийн боксийн дэлхийн аварга Ч.Цэвээнпүрэв сэтгэлийн үгээ хэлж улс орны тусгаар тогтнолын үндсэн баталгаа болсон иргэдийн эрүүл мэндийн асуудлаар санаа зовниж явдгаа өгүүлж зөв хооллож байнгын дасгал сургууль хийж байхыг зөвлөсөн өөрийн  Эрүүл Амьдрах Зөвлөмж номоо танилцуулсан юм.

Чуулганы оройн цэнгүүн Лондонгийн түүхэн дурсгалт Лондон Гүүрийн дэргэдэх 5 одтой GUOMAN TOWER Hotel-ийн хүлээн авалтын танхимд зохиогдож МУГЖ, дуучин Ч. Бат-Эрдэнэ ая дууны мэндчилгээгээ өргөж чуулганы илтгэгч зочидоо шөнө дундыг өнгөртөл баясган цэнгүүллээ.

Талархал
Чуулганыг байр танхимаар хангасан Limkokwing University of Creative Technology, хөрөнгө мөнгөөр ивээн тэтгэж, хамтран ажилласан Хилийн чанадад суугаа Монгол улсын иргэдтэй хамтран ажиллах зөвлөл, ИБУИВУ-д суугаа Элчин сайдын яам,  Rio Tinto, Британийн Монголчуудын холбоо, Цахим Өртөө Холбоо, Британи дах Монгол Оюутны Холбоо, Moнгол банк, Монгол Соёлын төв, Ирландийн Монголчуудын холбоо, Монгол Бридж компани, Британид ажиллаж амьдарч байсан Монголчуудын Улаанбаатар хотод суугаа төлөөлөл, Насны Зам Компанийн гадаад Харилцааны алба, Gerege Partners Ltd, socialnet - CCCP Co., Ltd,  USI inc компани, хувиасаа ивээн тэтгэсэн Барилга Ассоциацийн Гадаад Харилцаа хариуцсан захирал Н.Амарбат, Др.Базаррагчаа, Л.Дуламзул, Б Алтанхуяг, Renaissance London Chancery Court Hotel-ийн санхүүгийн албаны ажилтан Д.Нандинцэцэг, чуулганы цэнгүүнийг хөтлөн явуулсан МУГЖ Ч.Бат-Эрдэнэ болон чуулганыг зохион байгуулах багийн нийт гишүүдэд чин сэтгэлийн талархал илэрхийлэе.

Чуулганд илтгэлээрээ оролцогч эрдэмт мэргэн та бүхний судалж мэрэгшсэн тань эх Монголынхоо хөрсөнд тааран зохицож цэцэглэн дэлгэрэг.

Б.Марал, Б Жавхлан нарын авсан зургуудыг ашиглав. Илтгэгч нарын дэлгэрэнгүй илтгэлүүд болон чуулганы талаархи бусад мэдээллүүд http://chuulgan.blogspot.com хуудаснаа гарах болно.

Бэлтгэсэн Д.Цэрэнбат

  • Бичсэн tserenbat_d
  • Үзсэн: 4502

Цахим Өртөө Сүлжээнд элсэх

  • Өртөөний сүлжээнд элсэх

tsahim_urtuuХэрэв та Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээнд элсэхийг хүсвэл: http://groups.google.com/group/tsahim-urtuu-suljee хаягаар зочилж маш хялбархан бүртгүүлж болно. Та Гүүгл суурьт энэхүү сүлжээнд имэйлээ бүртгүүлснээр манай сүлжээний гишүүн болно.

 

Image Temp

Энэ хуудас нь Цахим Өртөө сүлжээний нийт гишүүдийн хамтын бүтээл байх бөгөөд ажил хэргийн санал болгоныг вэбийн хамтлаг тухай бүр нь тусган энэ хуудсанд оруулж байх болно. Хамтран ажиллаж буй, ажиллахаар зэхэж буй таньд баярлалаа.

Newsletter