224-р сар2018

Бүлэг: Нийтлэл

Монголын хөгжлийн загварыг төсөөлөхүй

/Хөгжлийн загварын тухай цуврал №7/

Доктор /Ph.D./ Б.ЭНХМАНДАХ

Нийгэм, эдийн засгийн шилжилтийг хэрэгжүүлж буй манай орны хувьд цаашид хөгжлийн загвар, чиг хандлагаа эцэслэн тодорхойлж, түүндээ уялдуулан хөгжлийн бодлого, арга замаа сонгох нь нийгмийн тулгамдсан асуудал болно.

Эдийн засгийн шинэчлэлт, өсөлтийн өнөөгийн түвшинд тулгуурлан сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд нэгэнт дур зоргоор нь хөгжүүлчихсэн чөлөөт зах зээлийнхээ өрсөлдөөнт чанарыг улам бэхжүүлж, зөв зохистой ашиглах замаар харин Умардын загварын нийгмийн хамгааллын давуу тал дээр илүүтэй тулгуурласан, Азийн орнуудын төрийн зохицуулалтын давуу талаас зохистой суралцсан Монголд нутагшуулсан өөрийн орны хөгжлийн загварыг бий болгох ёстой болов уу гэж хувьдаа бодож явдаг.

Ингэхдээ Монголын хөгжлийн загварыг дараах байдлаар төсөөлж болохоор байгаа юм. Үүнд:

- Эдийн засгийн үсрэнгүй өсөлтөд тулгуурласан “Хүний хөгжлийн сан”-гийн үйл ажиллагаа нь бэлэн мөнгө тараах хэлбэрээс салсан, тогтмол арвижин баяжиж байдаг, нийгмийн баялагыг тэгш хуваарилах арга механизмаа олсон байх,
- Нэгдмэл үндэстэн бүхий жижиг орнуудын хувьд нийгмийн бүтцэд 80-90 хувь нь дундчууд давамгайласан нийгмийн жигд тогтолцоог хангасан байх,
- Уул уурхайн болон ХАА, хүнсний эцсийн бүтээгдэхүүний экспортын чиг хандлагатай үйлдвэрлэлийн салбартай, үйлдвэрлэл болон аялал жуулчлалын салбартаа идэвхитэй үйлчилдэг, үр ашиг бүхий жижиг, дунд хувийн хэвшлийг хөгжүүлж чадсан байх,
- ХАА, аялал жуулчлалын “Ногоон бүс”, үйлдвэрлэл, уурхайн “ Техно бүс” гэх мэт бүсчилсэн хөгжил, түүндээ зохицсон байгаль, орчинд ээлтэй цогц дэд бүтэцтэй байх,
- Төр иргэндээ үйлчилэх зарчим жинхэнэ утгаараа хэрэгжихийн зэрэгцээ эдийн засгийн удирдлага, зохицуулалтад төрийн оролцоо нэмэгдэж, Засгийн газар болон нутгийн өөрөө удирдах байгууллагууд онцгой үүрэгтэй оролцдог болсон байх,

- Засаглалын төвлөрлийг сааруулж, нутгийн удирдлагад илүү анхаарал хандуулж, төсвийн зарцуулалт, нийгмийн хамгааллын тогтолцоонд орон нутгийн удирдлагын оролцоог шинэ шатанд гаргаж, нийгмийн үйлчилгээний салбарын хүрээнд төвлөрлийг жинхэнэ утгаар нь сааруулсан байх,
- Татварыг орлогын түвшингээс хамааралтайгаар ялгавартай тогтоож, татвар өндөр боловч, тэр хэмжээгээр хөдөлмөрийн хөлсийг өндөр байлгадаг байх,
- Бүх нийтэд хүртээмжтэй нийгмийн цогц хамгаалалтад тулгуурлан нийгмийн дундаж давхарга давамгайласан нийгмийн бүтцийг бүрдүүлж чадсан байх,
- Хот, суурин газарт бүх нийтийг орон сууцжуулах хөтөлбөр амжилттай хэрэгжиж, айл өрх бүр эрүүл, тохитой орчинд амьдрах эрх, боломжоор бүрэн хангагдсан байх,
- Дээд болон мэргэжлийн сургалтыг хослуулсан, үнэ төлбөргүй, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, Монгол онцлогтой орчин үеийн боловсролын тогтолцоо төлөвшсөн байх,
- Эрүүл мэнд болон нийгмийн хамгааллын тогтолцоо нь иргэн бүрт хангалттай түвшинд хүртээмжтэй болсон,
- Төр нийтийн түншлэл жинхэнэ утгаараа оршиж, иргэний нийгмийн төлөвшил зохистой түвшинд хүрсэн байх гэх мэт ерөнхий  дүр зураг харагдаж байгаа юм.

Энэ бүхэн бол нэгэн хүний бодлоос ургасан хөгжлийн загварын хамгийн бүдүүвч санаа төдий бөгөөд Монголын нийгэмд өнөөдөр бий болсон бодит байдлыг хий хоосон шүүмжлэх, бүхнийг огт үгүйсгэх, эсвэл сүйтгэн устгахыг номлох гэх мэтээр хэт хувьсгалчирхалгүйгээр засаж залруулах, өөрчлөн шинэчлэх санаа оноо бүхнийг Үндэсний хөгжлийн үзэл баримтлалтайгаа уялдуулан дэлгэрүүлэн хөгжүүлэхэд эрдэмтэд судлаачид, монгол хүн бүрийн оюун бодол, хичээл зүтгэлийг чиглүүлэхэд түлхэц болох оролдлого төдий зүйл юм.

Монголын төлөө цохилох зүрх бүхнийг чагнаж, нийгмийн оюун санааны үнэт зүйлсийн “ургац”-ыг хурааж, XXI Зуунд эх орондоо эрх тэгш, шударга нийгэм байгуулах арга замыг хамтын хүчээр зөв тодорхойлж чадваас ард түмэндээ жинхэнэ ёсоор үйлчилдэг төрийн шинэ нүүр царай энэ болохсон.


  • Бичсэн Цахим Өртөө Холбоо
  • Үзсэн: 5320

Бүлэг: Нийтлэл

Европын нийгмийн загвар гэж юу вэ??

/Хөгжлийн загварын тухай цуврал №3/

Доктор /Ph.D./ Б. ЭНХМАНДАХ

Дээр бидний авч үзсэн Амьдралын Америк замаас эрс ялгаатай Европын нийгмийн загвар гэж юу байдаг талаар товч авч үзье.
Европын нийгмийн загвар /Europian social model/ гэдэг нь Европын олонхи оронд амьдралын өндөр стандарт, ажиллах сайн нөхцлийг эдийн засгийн өсөлттэй хослуулсан нийгмийг төлөвшүүлэх тухай нийтлэг төсөөллийг тодорхойлоход хэрэглэгддэг ойлголт юм.

Европын хувьд улс орон бүр өөр өөрийн гэсэн нийгмийн загварыг хэрэглэдэггүй бөгөөд Европд бүх нийтийн сайн сайхан нийгэм /welfare state/ байгуулах үйл явц нь түгээмэл хэд хэдэн шинжтэй байдаг байна. Бүх нийтийн засаглал, иргэн бүрийн нийгмийн оролцоо, нийгмийн хамгаалал болон ажлын байрны төгс хүрэлцээг хангах нь Европын улс орон бүрийн хувьд нийтлэг зорилт болсон байна. Тухайлбал, Европын Холбооны Гэрээнд ажлын байрыг хөхиүлэн дэмжих, амьдралын болон ажиллах нөхцлийг сайжруулах, удирдлага, ажиллагсдын хоорондын харилцан ойлголцлыг хангах, хүний нөөцийг хөгжүүлэх, нийгмийн хамгаалалыг төгөлдөржүүлэх  зэрэг нийгмийн зорилтуудыг тавьсан байдаг байна. Ингэхдээ Европын улс орон бүр хөгжлийн өөр өөр асуудалд илүүтэй анхаарч ирсэн байдаг аж.

Иймээс Европт Англо-Саксон, Их газрын, Газрын Дундад Тэнгисийн болон Умардын гэсэн нийгмийн 4 загвар байдаг гэж эрдэмтэд үздэг.

Ер нь Европын нийгмийн загвар нь Дайны дараах сэргэлттэй холбоотой гэж үздэг. Үүнд, судлаачид протекционизмын сулралт, төрөлт эрс нэмэгдсэн, хямд эрчим хүч, АНУ дахь сэтгэл ханамж бүхий амьдралын түвшинг гүйцэх хүсэл эрмэлзлэл зэрэг хүчин зүйлүүдийг нэрлэдэг байна. Европын нийгмийн загвар нь нөгөө талаар олон улсын эдийн засгийн интеграцид хамрагдаж амжаагүй Зөвлөлтийн эвсэл болон Хятад, Энэтхэгийн гадаад өрсөлдөх чадвар сул байснаар нөхцөлдөж байсан гэж үзэж болно.

Харин сүүлийн жилүүдэд даяаршил (globalisation), Европчлогдох үйл явц (Europeanisation) болон хүн амын өтлөлт (ageing population) зэргээс хамаарч, Европын нийгмийн загвар хэр тогтвортой бол гэсэн асуудал үүсч байгаа нь нууц биш ч хөгжлийн энэ загварыг судлах нь хөгжиж буй орнуудын хувьд ач холбогдолтой  хэвээрээ байна.

Хөгжлийн Европын загварын хувилбаруудыг тус бүрээр авч үзвэл:

Англо-Саксоны загвар

Их Британи, Ирландад хэрэглэгддэг Англо-саксоны загвар нь Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага /OECD/-ын өндөр орлоготой орнуудын дундаж түвшинд хамаарах, Умардын гэхээсээ илүүтэй Их газрын Европын загварт илүү дөхүү нийгмийн бүдүүн бараг загвар гэж хэлж болно. Европын бусад олонхи орныг бодох юм бол эдгээр орнууд хэдийгээр ДНБ-ний харьцангуй өндөр өсөлттэй, ажилгүйдлийн түвшин бага хэдий ч ядуурал, тэгш бус байдалд нэрвэгдсээр байдаг.  Баруун Европын ихэнхи орнуудыг бодвол нийгмийн хамгаалал сул тул ИБУИНВУ, Ирландад улсын орлогыг хуваарилж, амжиргааны доод түвшинг хангахуйц орлогыг баталгаажуулж, эмнэлэгийн үйлчилгээний хувийн төлбөрийг хөхиүлдэг байна.

Их газрын Европ загвар

Австри, Франц, Герман, Бельги болон Люксембургт хэрэглэгддэг энэхүү загвар нь ажлын байрыг хамгаалахад илүүтэй чиглэгдсэн байдгын зэрэгцээ аж үйлдвэрлэлийг нарийн зохицуулсан зохицуулалттай байдгаараа онцлогтой аж. Гэхдээ, хөдөлмөрийн зах зээл нь уян хатан бус тул даяаршилд удаан дасан зохицдог байна. Даатгалд тулгуурласан ажилгүйдлийн тэтгэмж, төрийн санхүүжилтэд тулгуурласан нийгмийн сайн хамгаалал нь ядуурлыг бууруулж, эмнэлэгийн үйлчилгээг чанартай байлгахад  түлхэц болдог байна. Энэ загварыг ерөнхийдөө Англи-саксон болон Нордик загваруудын дундын хувилбар гэж үздэг байна.

Газрын Дундад Тэнгисийн загвар
Итали, Испани, Грек, Португал зэрэг орнуудад хэрэглэгддэг Газрын Дундад Тэнгисийн загвар нь Их газрын загварын нэгэн адил улсын тэтгэвэрт тулгуурласан нийгмийн хамгаалалд төвлөрдөг байна. Хөдөлмөрийн зах зээл нь Их газрын нэгэн адил ажлын байрны хамгаалалтай зохицож өгдөггүйн зэрэгцээ нийгмийн халамжийг хамгийн доод түвшингээр тооцсон байдаг нь дутагдалтай гэнэ.

Харин Нордик буюу Умардын загварыг Европын нийгмийн загваруудын хамгийн шилдэг нь хэмээн үздэг байна. Энэ загварын талаар жич тодруулан авч үзэх болно.


 

  • Бичсэн Цахим Өртөө Холбоо
  • Үзсэн: 7103

Бүлэг: Нийтлэл

Азийн хөгжлийн загвараас бидэнд сурах зүйл бий юу?

/Хөгжлийн загварын тухай цуврал №2/

Доктор /Ph.D./ Б. ЭНХМАНДАХ

Сүүлийн 30 гаруй жилийн туршид дэлхийн эдийн засагт ноёрхох байр сууриа улам нэмэгдүүлсээр байгаа Зүүн Өмнөд болон Зүүн Хойт Азийн орнууд, тухайлбал, Япон, Өмнөд Солонгос, Тайван, Хонконг болон Сингапур улсууд нийгмийн баялагийн үйлдвэрлэл, экспортынхоо өсөлт хэмжээгээр төдийгүй нийгмийн халамжийн бодлого, хөгжлийн загвараараа багагүй анхаарал татах болов.

Эдийн засгийн үсрэнгүй хөгжилтэй орнуудын тоонд сүүлийн үед манай Их хөрш Хятад улсыг зүй ёсоор хамааруулан үзэх болсон байна.
Нийгмийн хамгааллын эсрэг, зах зээлийн үзэл сурталд илүүтэй тулгуурласан байдлаас нь үндэслэн Азийн үнэт зүйлс нь нийгмийн халамжийн бодлоготой зохицдоггүй гэж үздэг ч эдгээр орнуудад бүх нийтийн сайн сайхан нийгмийн сул төлөвшилт нь эдийн засгийн өндөр хөгжлөөрөө нөхцөлдөн улам сайжирч, жилээс жилд төлөвшлөө олсоор байна гэж үзэж болохоор байгаа юм.

Тухайлбал, “нэг улс хоёр тогтолцоо”-ны бодлого хэрэгжиж байгаа шинэ улс төрийн үндэстний хувьд Хонконгд нэг талаас, зах зээл нь төрийн идэвхитэй оролцоог үгүйсгэхийн зэрэгцээ, орон сууцны бодлого, боловсрол, эрүүл мэндийн салбар дахь ардчилсан тогтолцоог нийгмийн дундаж давхарга нь дэмжиж  байдаг байна.

Япон улсын хувьд өөрсдийн нийгмийн хэрэглээ, хэрэгцээг хангагч жижиг дунд үйлдвэрлэгчдийн ангитайгаараа онцлогтой бөгөөд аж үйлдвэржүүлэлтийн нөлөөн дор Күнзийн соёл, үзэл суртал, улс төрийн байгууламжаа хүртэл сулруулж, уламжлалт консерватизмаас шинэ либерализмд шилжиж, хүчтэй цэрэгжсэн төрийн бодлого нь улам бүр зах зээлийн зарчмыг хатуу баримтласан, бүх нийтийн сайн сайхан нийгмийн бодлогыг хумьсан шинжтэй байдаг хэдий ч эдгээр эсрэг тэсрэг асуудлуудыг нийгэм дэх эвлэрэл зохицлын зарчмаар ямх ямхаар шийдвэрлэсээр иржээ.

Тайван улсад нийгмийн халамж, тэтгэвэр болон эрүүл мэндийн даатгал нь Бисмаркийн загвар шиг төрөөс зохицуулагдсан хэлбэртэй байдаг бол Бүгд найрамдах Солонгос улс /Бидний ярьж хэвшсэнээр-Өмнөд Солонгос/-ын төрийн дарангуйлал нь иргэний нийгмээ дарамталж, ажилчин ангийн эсэргүүцлийг дарж, нийгмийн  сайн сайхны сонголтыг хязгаарлаж ирсэн хэдий ч улам боловсронгуй болсоор буй ардчилсан сонгуулийн үйл явц, түүний цаашдын өрнөлт нь бүх нийтийн сайн сайхан нийгмийн “үлдэгдлийн” чанартай бодлогыг “тогтолцооны бүрэлдэхүүн хэсэг” болгоход бага багаар хүргэсээр байна.
Харин Сингапурт эдийн засгийн улс төржсөн хандлагатай бодлогынхоо үр дүнд төвлөрлийн зарчмын тогтвортой орчин нь нийгмийн хамгааллын, түүний дотор даатгалын нэгдсэн тогтолцоог төлөвшүүлж чадсан байдаг онцлогтой аж.

Монгол орны хөгжлийн загварыг тодорхойлохын тулд эдгээр орны туршлагыг судлаж, Азийн нийгмийн хөгжлийн загвараас суралцахын тулд орон бүрийн онцлог, олон төрөлт байдал, хэтийн төлөвийг нарийвчилан авч үзэж, Барууны буюу Европын нийгмийн хөгжлийн загваруудтай харьцуулан үзэх шаардлага зүй ёсоор гарч ирж байна.
Судлаачид Азийн дээр нэр дурьдсан орнуудыг хөгжлийн загварынх нь хувьд ихэнхи тохиолдолд “Күнзийн бүх нийтийн сайн сайхан нийгмийн орнууд” /Confucian Welfare States/ гэж нэрлэж байна.

Эн тэргүүн Кунзын сургаалд тулгуурласан соёл, сэтгэлгээний ерөнхий түвшин,
хоёрдугаарт, эдийн засгийн хувьд хүчирхэг төр,
гуравдугаарт, төрийн захиргааны /төсвийн/ харьцангуй бага зардал,
дөрөвдүгээрт, төрийн үүргийг орлон гүйцэтгэх төр, хувийн хэвшлийн хослосон /PPP(Public private partnership)-Б.Э./ чадварлаг тогтолцоо,
тавдугаарт, эрх зүйн чадамжийн хувьд сул боловч төвлөрлийг сааруулсан тогтолцоо зэрэг нь эдгээр орнуудын түгээмэл шинж гэж хэлж болно.

Күнзийн үзэл санаа улс төрийн төдийгүй хувь хүн, гэр бүлийн сэтгэлгээний үндэс болсон эдгээр орнуудад хөдөлмөрийн хуваарь, нийгмийн хамгаалал, нийгмийн халамжийн асуудлууд ганцхан хариултаар хариулагдах, ганц шийдвэрээр хэрэгжих асуудлууд биш нь ойлгомжтой. Хувь хүн, нийгмийн бүлэг, тэр байтугай төрийн зүгээс аливаа асуудалд өөр өөрийн байр сууринаас хандах нь эдгээр оронд хэвийн үзэгдэл болно. Гэсэн хэдий ч хүн амын эрүүл мэндийн гол үзүүлэлтүүд болон нийгмийн хамгааллын ерөнхий тогтолцооны асуудлуудад нийгмийн олонхийн байр сууринаас хандах болсонд Азийн “бар”, “луу” гэгдэж буй эдгээр орны нийгмийн хөгжлийн загварын онцлог оршиж байх шиг байгаа юм.
Зүүн Азийн хөгжлийн загварыг эдийн засгийн хувьд ядуурал, хямралаар нөхцөлдсөн төрийн шууд хатуу хяналт, оролцоотой эдийн засгийн өсөлт дээр тулгуурласан, улс төрийн хувьд сөрөг хүчин болон иргэний нийгмийн сул хөгжлөөс хамаараад хүчирхэг дарангуйлагчтай, нийгмийн хувьд нийгмийн давхараажилт, хүйсийн ялгаварлал ихтэй орнуудын загвар гэж тайлбарладаг учир Барууны орнуудын нийгмийн хөгжлийн загваруудтай харьцуулахад “шохой, бяслаг” мэт хэт их ялгаатай гэж зарим судлаачдын хувьд үздэг тал бий.
Гэтэл үнэн хэрэг дээрээ Европийн ЭЗХХБ /OECD/-аас бүр 1994 онд дэвшүүлсэн а/ эдийн засаг, нийгмийн хөгжлийг хослуулах (интеграцичлах), б/ нийгмийн бодлогыг төсвийг хязгаарлах бодлоготой уялдуулах, в/ хүний хүчин зүйлийг нэмэгдүүлж, нийгмийн болон хувийн хариуцлагыг уялдуулан зохицуулах зэрэгт чиглэгдсэн улс төрийн шийдэл нь Зүүн Азийн нийгмийн хамгааллын тогтолцооны туршлагатай их ойрхон ажиглагдаж байгаа юм. Тиймээс “шохой, бяслаг”-тай харьцуулах бус харин ч “сүү, бяслаг” хэмээн зүйрлэж болох юм хэмээн нөгөө хэсэг эрдэмтэд үзэж байна.
Яагаад гэвэл, Күнзийн үзлээр тэтгэгдсэн Азийн  бүх нийтийн сайн сайхан нийгмийн эдгээр орнууд нийгмийн хөгжилд төрийн гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэх замаар эдийн засгийн өсөлтийг хангасан төдийгүй, төрөөс нийгмийн өмнө хүлээх хариуцлагыг нэмэгдүүлж чадсанаараа Барууны орнуудын нийгмийн хөгжлийн үзэл санаа, туршлагад хүчтэй өрсөлдөгчид болон тодорсоор байгаа юм. Хөгжиж буй олон орон, түүний дотор Африк, Өмнөд Америкийн орнууд сүүлийн үед эдгээр орны хөгжлийн загварыг сонирхох болсны учир шалтгаан ч үүнд оршино.
Хөгжлийн загвар болохын хувьд харьцангуй бага судлагдсан эдгээр орны хөгжлийн талаар монголчууд бас сонирхож, Монгол улс Азийн орон болохын хувьд тэдгээрийн хөгжлийн арга, замаас суралцах сонирхол, хандлага ажиглагдаж байгаа хэдий ч дорвитой судалж, үнэлэлт дүгнэлт өгсөн судалгаа, шинжилгээний бүтээл гараагүй л байна.
Даяаршилын шинэ эрин үед нийгмийн хөгжлийн загварыг заавал Бүс нутгийн загвараар тодорхойлох шаардлага багасч байгаа ч гэсэн хөгжлийн загварыг тодорхойлох хүрээнд улс орон бүрээс авах зүйл байсаар байна. Азийн хөгжлийн загварын тухайд хөгжиж буй нийт орнуудын хувьд чухал байж болохыг үгүйсгэж болохгүй. Ганцхан жишээгээр хэлэхэд “хөгжлийн төлөөх нийгмийн хамгааллын тогтолцоо”-г хэрхэн бүрэлдүүлэх вэ? гэдэгт тэр бүр бэлэн хариулт олддоггүй. Гэтэл нийгмийн даатгалын хөрөнгө буюу дотоодын хөрөнгийн нөөцийн ашиглалтыг сайжруулах замаар эдийн засгийн өсөлт, хөгжлөө нөхцөлдүүлж чадсан Өмнөд Солонгосын туршлагыг онцлон нэрлэж болохоор байгаа юм. Тэдний тэтгэвэрийн сангийн тогтолцоо 1988 онд үүсээд 10 хүрэхгүй жилийн дотор ДНБ-нийхээ 6 орчим хувьд хүрсэн нөөцтэй болсон юм билээ. Энэ мэт туршлагыг нэн түрүүн судлан нэвтрүүлж болохоор байна.
Мөн Сингапурын “Баялагын Төвлөрсөн сан”, орон сууцжуулалтын хөтөлбөр, Өмнөд Солонгосын тэтгэвэрийн сан болон Тайваны эрүүл мэндийн тогтолцоо, Японы ахуйн үйлчилгээ болон Хятад, Хонконгын нийгмийн хамгааллын  тогтолцоо гэх зэргээр ялгаварлан авч үзэж, туршлагыг нь гүнзгийрүүлэн судлууштай санагддаг.
Эцэст нь тэмдэглэхэд, даяаршил эдийн засаг, санхүүгийн хэлхээ холбоог хил хязгааргүй болгосноор бүх нийтийн сайн сайхан нийгмийн төлөвшилд саад бэрхшээл учруулах болсныг ч бид тооцон үзэх учиртай. Ганцхан жишээ хэлэхэд, “Төмөр хөшиг” нээгдсэн цагаас хойшхи ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний эмх замбраагүй байдал нь Европын орнуудын эрүүл мэнд, нийгмийн хамгааллын тогтсон тогтолцоонд хүндрэл, бэрхшээлүүдийг бий болгосоор байгаа билээ. Харин Азийн орнууд энэ талаар төрийн хатуу зохицуулалтыг илүүтэй хийж чадаж байгаа юм. Тиймээс даяаршил бол нийгмийн хөгжилд зарим талаар сөрөг үр дагавартай гэдгийг Азийн орнуудаас суралцаж, бид хөгжлийн загвараа тодорхойлохдоо анхаарах хэрэгтэй болов уу.
Бид Монгол орныхоо хөгжлийн зохистой загварыг олж авч, хэрэгжүүлэхийн тулд аливаа улс орны хөгжлийн загвар, арга замуудыг судлахдаа тэдгээрт бүтээлчээр хандаж, улс орон бүрийн түүх, соёл, улс төрийн тогтолцооны онцлогийг нь хөгжлийнх нь цаг хугацаа, гадаад нөхцөл байдалтай нь холбон авч үзэж, бүтээлчээр хандан, шинээр сэтгэж боловсронгуй болгох, шинэчлэн засварлаж авч ашиглах шаардлагатай болно.                    


 

  • Бичсэн Цахим Өртөө Холбоо
  • Үзсэн: 6028

Бүлэг: Нийтлэл

Амьдралын Америк зам хөгжлийн цорын ганц зөв зам мөн үү?

/Хөгжлийн загварын тухай цуврал №1/

Доктор /Ph.D./ Б. ЭНХМАНДАХ

Бид бүхний сайн мэдэх хөгжлийн загвар болох Амьдралын америк зам /American way of life/-ын талаар эхлээд авч үзье.
Энэ загвар нь нэг талаар дэлхий дахинаа чөлөөт хөгжлийн дээд үлгэр жишээ болж, Америк орныг ардчилал, зах зээлийн эдийн засгийн манлайлагч улс гүрэн болгоход хүргэсэн хөгжлийн нэг сонгодог загвар яах аргагүй мөн.

Амьдралын америк зам гэдэг ойлголт нь бүр 1776 онд Томас Жефферсоны бичсэн АНУ-ын Тусгаар тогтголын Тунхаглалын гол үзэл санаа болсон “Амьдрал, Эрх чөлөө ба Аз жаргалын төлөө тэмүүлэл” гэсэн Гурвал зарчмаас үүдэлтэй  бөгөөд өнөөдөр “Америк мөрөөдөл”, “Америкийн онцлог” зэрэг ойлголтуудаар баяжсан АНУ-ын иргэн бүрийн амьдралын хэв маяг болон төлөвшсөн амьдралын загвар гэж хэлж болно.
Вилл Хэрберг “Протестант, Католик, Еврей” номондоо “Амьдралын америк зам” гэдгийг улс төрийн хувьд “ардчилал, чөлөөт зах зээл” гэдэг шиг Америкийн нийгмийн хамгийн “нийтлэг шашин” гэж үзэх нь зүйтэй гэсэн байдаг.
Амьдралын Америк зам нь хувь хүний үнэлэмж, үнэт зүйлсийг дээдэлдэг хувийн шинж чанартай, хөгжил хөдөлгөөнтэй, прагматик шинжтэй төдийгүй бие даасан, нэр төртэй, бүхнийг шүүх ёс зүйг номолдог, хүмүүнлэг, үргэлж урагшаа харсан, өөдрөг үзэл гэж нэг талаас хэлж болно. Америкчууд өөрийгөө боловсруулах үйл явцад хэт итгэдэг учир боловсролын салбартаа хүртэл их фанатик байдлаар ханддаг. Ийм ч учраас Америк бол өөртөө итгэлтэй, нэр төрөө эрхэмлэсэн, бие даасан хүмүүсийн чөлөөт нийгэм. Энэ утгаар нь АНУ-ыг либертаричуудын “мөрөөдлийн эх орон” гэж хэлж болно.

Америкчууд их өгөөмөр, филантропик хүмүүс, тиймээс бусдын зовлон зүдгүүрийг эцэс төгсгөлгүй хуваалцахад бэлэн улс. Тиймээс “Бүх нийтийн сайн сайхны төлөө” бүхнээ зориулах ёс зүйг дээдэлсэн америкчуудыг нөгөө талаар идеалистууд ч гэж хэлж болно. Энэ ч утгаараа өнөөдөр АНУ-ыг дэлхий дээр “Ардчилалын өлгий нутаг”, “Ардчилалын эцэг” гэж нэрлэж байгаа нь хоосон зүйл бишээ.
Гэхдээ Амьдралын америк зам нь хөгжлийн загварын хувьд улс орон бүрт тохирох загвар мөн үү, биш үү? гэдэг нь өөр асуудал юм.
Дэлхийн номер нэг эдийн засаг бүхий Их гүрний хөгжлийн агуу том загвар жижиг, буурай хөгжилтэй улс орнуудад тэр бүр зохицохгүй гэж юуны өмнө хэлж болохоор байгаа юм.

Газар газраас аз жаргалыг хайн ирсэн олон сая хүн амтай, АНУ гэдэг нэгэн Их гүрнийг 200 гаруй жилийн өмнөөс өнөөг хүртэл төвхнүүлэхдээ хувь хүний эрх, эрх чөлөөний салшгүй хэсэг “амьдрал, эрх чөлөө ба аз жаргалын төлөө тэмүүлэл” зарчмыг тунхаглаж, хувь хүний өөрийн  болон бусдын өмнө хүлээх хариуцлагыг дээд зэргээр мэдрүүлсэн ч нөгөө талаар төрөөс хүний талаар авах бодлогыг хязгаарлаж өгснөөрөө Европын болон бусад нийгмийн баримжаат загваруудаас ялгагддаг нь тодорхой болсон зүйл.

“Уолл Стрийтийг эзлэ” хөдөлгөөнийхөн ардчиллын үнэт зүйлийг үгүй хийж буй үндэстэн дамнасан корпорациуд, нүсэр бүтэцтэй банкууд, АНУ-ын санхүүгийн олигархиудын эсрэг тэмцэж байгаа хэмээн өөрсдийгөө тодорхойлж буй бөгөөд нас, хүйс, арьс өнгө, улс төрийн үзэл баримтлалаараа өөр хоорондоо эрс ялгаатай эдгээр хүмүүс өөрсдийгөө хүн амын “99 хувь” хэмээн тодорхойлж, улстөрчдийг сайн, сайхан нийгмийг бүтээн байгуулахыг хүлээж, тэдэнд найдах хэрэггүй гэдгийг сануулах, ойлгуулах, баялаг бүтээдэг жирийн хүмүүсийг эрх мэдэлтэй болгохыг зорьж байна.

Ийнхүү өнөөдөр америкчуудын зарим нь өөрсдөө тогтолцооныхоо гажуудлыг олж хараад, хөдөлгөөн өрнүүлж байна. Чөлөөт зах зээлийн эдийн засаг нь эдийн засгийн үсрэнгүй өсөлтийг хангадаг ч, зөөлрүүлж хэлэх юм бол, түүний үр дүнг олон түмэнд мэдрүүлэх тал дээрээ дутагдалтай. Өөрөөр хэлбэл, аливаа зохицуулалтгүй, чөлөөт өрсөлдөөний дүнд нэг талд нийгмийн баялагийн ихэнхийг гартаа төвлөрүүлсэн монополиуд, нөгөө талд уг баялагаас хүртэх “хувьгүй” олонхи үүсдэг байна.

Манайд ч нийгмийн шилжилтийн үеийн төгсгөлд яг ийм дүр зураг харагдаж эхлээд байгаа.

Тиймээс Амьдралын америк зам нь өнөө цагт дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлогч ардчилал, эрх чөлөө, зах зээлийн нийгмийн амьдралын үлгэр дууриалал,  ерөнхий хэв хэмжээ болохоос биш улс орон бүрийн хөгжлийн тодорхой арга зам болоход үнэхээр “томдох” хөгжлийн загвар бололтой.


 

  • Бичсэн Цахим Өртөө Холбоо
  • Үзсэн: 3788

Бүлэг: Нийтлэл

Шудрага ёсыг ингээд тодорхойлчих уу

Шудрага ёсыг ингээд тодорхойлчих уу? Өнөөдөр монголын ард түмэн хаа сайгүй л шудрага ёс алдагдлаа, тэр идэж уулаа, ингэж ч завшлаа , тэгж ч идлээ гээд л 8 настай балчираас 80 настай буурай хүртэл ярих бөгөөд сүүлдээ нэн шудрага ёс гэдэг үгийн үнэ цэнэ ойлгогдохоо байжээ. Шудрага ёс гэдэг зүйлийг хэрхэн ойлгоод ингэж алдагдаад байгааг нь яриад байгаагаар нь шудрага ёс гэдэг зүйлийг тодорхойлох гэж оролдьё. Нийгмийн хандлагыг ажиглаад үзвэл тэр хүн тэгж идэж уусан, тэрийг илүү авсан, гэж ярих нь их бөгөөд эндээс үзвэл нийгмийн баялагыг хүртэж чадахгүй байгаагаасаа болж хүмүүс шудрага ёс гэдэг зүлй алдагджээ гэж үздэг байх нь. Нөгөө талаас иргэд төрийн үйлчилгээнд бас шудрага ёсыг их ярих бөгөөд төрийн үйлчилгээ маань бас ард иргэдэд ялгавартай хандах бөгөөд энд дахиал төрийн үйлчилгээг адил тэгш хүртэх зарчим алдагдсан болохоор иргэд шудрага ёсыг алдагдсан гэж ихэд бухимддаг нь харагдаж байна. Харин эрдэмтэн судлаачид шудрага ёсыг тодорхойлох гэж урт удаан хугацааны турш маргалдан мэтгэлцэж ирсэн бөгөөд Аристотель Платон зэргийн агуу сэтгэгчид ялгаатай ч хүмүүсийг аз жаргалтай амьдруулах тэр нийгэм л шудрага нийгэм гэж тодорхойлж байжээ. Харин хожуу үеийн сэтгэгчид хүмүүсийг аз жаргалтай амьдаруулах нийгмийн хамгийн сайн тогтолцоо нь ардчилсан буюу эрх чөлөөт нийгмийн тогтолцоо гэж тайлбарлажээ. Эндээс дүгнэвэл шудрага ёс гэдэг зүйл маань одоогоор хамгийн сайн засаглал гэж үнэлэгддэг эрх чөлөөт ардчилсан нийгмийн тогтолцоонд иргэд бүгд эрх тэгш байхыг гэнэ гэж энгийнээр тодорхойлж болох юм. Тэгвэл энэ тэгш байдал монгол улсад оршин тогтнож чадахгүй байгаа нь монгол улсын ард иргэдийн дургүйцэлийг төрүүлж, хөгжлийг хойш нь татаж байна. Дэлхийд алт нүүрсний нөөцөөрөө дээгүүрт бичигдэх Оюу Толгойн орд газрыг ашиглаж эхлээд байгаа бөгөөд үүнээс ард иргэд тэгш хүртэх ёстой байтал өнөөдөр бидний ядуу зүдүү өдрийн хоолныхоо төлөө амьдрал маань үргэлжилсээр.... Дээрийн тодорхойлсон ёсоор бүгдээрээ энэ ардчилсан нигймийн суурь үнэт зүйлүүдийг чанартай хэрэгжүүлдэг, эдэлдэг болохын төлөө, эх орныхоо баялагыг эрх тэгш хүртдэг болохын төлөө яг одоо нэгдэх хэрэгтэй! Ардчилсан нийгмийн суурь үнэт чанар болсон эрх чөлөөгөөрөө эх орныхоо эд баялагаас адил тэгш хүртэх боломжийг өөрсдөө бүрдүүлэхийн төлөө нэгдэцгээе Улс эх орон маань яаж сүйдэж, ард иргэд хэрхэн амьдарч байгааг мэддэггүй ганцхан өөрийгөө л боддог улс төрчдийг ариун төрөөс зайлуулахын төлөө нэгдэцгээе Энгийнээр тодорхойлсон шудрага ёсны төлөө хамтдаа дуугарч, хамтдаа зүтгээд амжилтанд хүрэхэд бүх хүн биш юм аа гэхэд нийт нийгэмд аз жаргалтай амьдарлын оч гялалзах нь эргэлзээгүй юм.

  • Бичсэн Монгол хүн таны төлөө
  • Үзсэн: 4637

Цахим Өртөө Сүлжээнд элсэх

  • Өртөөний сүлжээнд элсэх

tsahim_urtuuХэрэв та Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээнд элсэхийг хүсвэл: http://groups.google.com/group/tsahim-urtuu-suljee хаягаар зочилж маш хялбархан бүртгүүлж болно. Та Гүүгл суурьт энэхүү сүлжээнд имэйлээ бүртгүүлснээр манай сүлжээний гишүүн болно.

 

Image Temp

Энэ хуудас нь Цахим Өртөө сүлжээний нийт гишүүдийн хамтын бүтээл байх бөгөөд ажил хэргийн санал болгоныг вэбийн хамтлаг тухай бүр нь тусган энэ хуудсанд оруулж байх болно. Хамтран ажиллаж буй, ажиллахаар зэхэж буй таньд баярлалаа.

Newsletter