282-р сар2017

Бүлэг: Талархал

Гадаадад суугаа Монгол Улсын иргэдийн Сонгуулийн эрх хуульчлан баталгаажлаа!

Гадаадад суугаа Монголчуудын Цахим Өртөө Холбоо ТББ-ын гишүүд, дэмжигчид нь гадаадын улс орнуудад оршин суугаа Монголчуудынхаа Үндсэн хуулиар олгогдсон Сонгуулийн Эрхийг эдлүүлэхийн төлөө сүүлийн 9 жилийн турш тасралтгүй ажиллаж, Ерөнхийлөгч, улс төрийн намууд, Засгийн Газар, УИХ, Сонгуулийн Ерөнхий Хороо, улс төрийн бүхий л намуудад олонтоо хандаж, санал бодлоо илэрхийлэн, тууштай тэмцэж ирсэн билээ.
Гадаад улс орнуудад суугаа 120,000 гаруй буюу нийт сонгогчдын 10 гаруй хувийг бүрдүүлж буй Монгол иргэддээ сонгох, сонгогдох эрхийг эдлүүлэх нь ардчиллын тулгуур зарчимд нийцэж, улс төрийн эрүүл, ил тод, нээлттэй байдалыг баталгаажуулах ач холбогдолтой билээ. Монголын нийгмийн томоохон давхарга болсон эдгээр иргэдийн үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхийг хүндэтгэн үзэж Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийн 6-р зүйлийн 6.8-д “Гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдийг сонгуульд оролцуулахтай холбогдсон журмыг Сонгуулийн ерөнхий хороо, гадаад харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран баталж, мөрдүүлнэ” гэж хуульчлан баталсныг Өртөөчид бид талархан хүлээн авч байна.
Цахим Өртөө Холбоо ТББ болон гадаадад суугаа иргэд, холбоодтой гадаад улсуудад оршин суугаа Монгол улсын иргэдийн сонгуулийн эрхийг хуульчлан баталгаажуулахын төлөө анхнаас нь дэмжиж, хамтран ажилласан МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дэд дарга Н.Энхболд, Иргэний Зориг-Ногоон Намын дарга, УИХ-ын гишүүн Д.Энхбат, тус намын тэргүүн дэд дарга, УИХ-ын гишүүн С.Оюун, УИХ-ын гишүүн З.Энхболд , Су.Батболд, Э.Бат-Үүл, Ц.Мөнх-Оргил, Ч.Сайханбилэг, Ж.Сүхбаатар нарт болон дэмжиж санал өгсөн нийт гишүүдэд гүн талархал илэрхийлье.
 
Цахим Өртөө Холбоо ТББ
Мэдээллийн Технологийн Үндэсний Парк, 427 тоот
Бага тойруу 49, Улаанбаатар хот, Монгол улс
Утас/Факс: +976 (11) 312920
Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.
www.tsahimurtuu.mn
  • Бичсэн Цахим Өртөө Холбоо
  • Үзсэн: 3017

Бүлэг: Талархал

Монгол Раллигийн оролцогч багуудаас Хазара Оюутны Нэрэмжит Тэтгэлэгт Хөтөлбөрт 10’250’000 төгрөгийг хандивлалаа.

Хорьхон настай хоёр хөвгүүн, нэг охин хэдэн зууны тэртээх агуу их түүхийн эзэд болох эцэг өвгөдийнхөө нутагт хүсэл мөрөөдөл дүүрэн сэтгэл итгэлээ өвөрлөн ирж, газар шороонд нь хөл тавьж байсан намрын налгар өдрөөс хойш даруй хоёр бүтэн жил нүд ирмэхийн зуурт өнгөрчээ. Тэд биднээсхэл яриа өөр ч цус нэгт Хазар Монгол ахан дүүс Мэгдад Салехи, Захра Хуссейн Бахш, Гулам Аббас нар.
 
2008 онд Mонголын хамгийн анхны вэб порталын нэг Монгол Туургатны “Цахим Өртөө Сүлжээ” үүсгэн байгуулагдсаны 10 жилийн ойн хүрээнд Цахим Өртөөний нэрэмжит оюутны тэтгэлэгт хөтөлбөрийн ялагчид болсон Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсын иргэн, Хазара угсааны эдгээр залуус билээ. Тэд маань өнөөдөр МУИС-д антропологи, бизнесийн удирдлагын мэргэжлээр 2 дахь жилдээ амжилттай суралцаж байна. Мөн монгол хэлээр ярьж суранмонгол ахуйд идээшжээ. Захра Монголд шинээр хөгжүүлж буй үүрэн телефоны технологид суурилсан санхүүгийн үйлчилгээний талаарх маркетингийн судалгааг Мобифинанс ББСБ дээр энэ зуны амралтаараа хийсэн бол Мегдад маань Оюу толгойд хэрэгжүүлж буй эрчим хүчний төсөлд дадлагын ажил хийжээ. Тэрээр хоёр сарговьд амьдарсан  маань гайхалтай амралт болсон гэж тооцдог юм билээ.Аббас харин Монголын түүхийн судалгааг араб хэл дээрх эх сурвалжуудыг ашиглан хийж эхлээд буй.

Эдгээр Хазар Монгол оюутныг Монгол Улсад амжилттай суралцан дээд боловсрол эзэмших нөхцөл бололцоог Цахим Өртөө сүлжээний гадаад дотоод дахь гишүүд, Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яам,  МУИС, “Хөгжлийн төлөө адал явдал” ТББ, оюутны My Club зэрэг олон хувь хүн, аж ахуйн нэгж, байгууллагуудын дэмжлэг тусламж,өргөсөн хандиваар амжилттай бүрдүүлж байна. Тэднийг монголд дээд боловсрол эзэмшихэд нь нийт 52000 ам.доллартай тэнцэх хэмжээний санхүүжилт шаардлагатай. Өнөөдрийн байдлаар 72 хувь хүн, аж ахуйн нэгж, олон нийтийн байгууллагуудаас нийт 16000 ам.долларын хандив цугларчээ. Хандивын маань ихэнхийг нь буюу 10250000 төгрөг /ойролцоогоор 7680 ам. доллар/-ийг Англиас Улаанбаатар хүрэх авто машины 10’000 милийн аялал болох Монгол Раллигийн оролцогч багуудаас буюу “Хөгжлийн Төлөө Адал Явдал” ТББ-аас хандивласан билээ.Мөн МУИС, БСШУЯ-ны хамт олон болоод сайд Ё.Отгонбаяр Төрийн сангаар суралцах эрхийг олгон нийт 17’800 ам. доллар дүйцэхүүц дэмжлэг үзүүлээд байна.

Зуу зуун жилийн түүхийн нугачаанд хэлмэгдэж зовсон элэг нэгт Хазар Монголчуудын төлөөлөл болсон эдгээр залуусыг эцэг өвгөдийнхөө нутагт ирж эрдэм өвөрлөн буцах их үйлсийг бүтээх хийгээд Монгол-Афганистан хоёр улсын хоорондын харилцаа холбоог бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулах хүсэл эрмэлзлийг дэмжин тусалж, хандив өргөсөн та бүхэндээ нийт Хазарчууд, Цахим Өртөө Сүлжээний бүх гишүүдийн өмнөөс гүн талархал илэрхийлж буйг хүлээн авна уу.
 
Цахим Өртөө Холбоо ТББ
Улаанбаатар хот, Монгол улс
2011 оны 11 сарын 2
 
Цахим Өртөөний нэрэмжит Хазара Оюутны тэтгэлэгийн сан
Банкны нэр: Худалдаа Хөгжлийн Банк
Дансны дугаар: 499136189 (төгрөг), 499136190 (валют)
  • Бичсэн Цахим Өртөө Холбоо
  • Үзсэн: 3753

Бүлэг: Талархал

Чин сэтгэлийн талархал

Бидний хайрт хүн, халамжит хань, аав, өвөө Р.Доржбат минь удтал хүндээр өвчилж байгаад энэ оны 8 сарын 30-нд ертөнцийн мөнх бусыг үзүүлж бидэнд нөхөж баршгүй хүнд гарз учирсан билээ.

Энэ хүнд үед бидэнд сэтгэл санааны болон эд материалын дэмжлэг туслалцаа үзүүлж зовлон цөхрөлийг минь хуваалцсан, одоо ч хуваалцсаар байгаа найз нөхөд, байгууллага хамт олон, худ ураг, ах дуус, төрөл төрөгсөд та нартаа бид чин сэтгэлийн угаас баярлан талархаж байгаагаа тэр минь Бурханы оронд одсоны 49 дэх хоног тохиож буй энэ өдөр дурсан санаж , гүнээ талархал илэрхийлж байгааг минь хүлээн авна уу.

Та нар минь байгаагүйсэн бол бид хэрхэн энэ хүнд үеийг даван туулахсан билээ. Хүний амьдралын утга учир, мөн чанар гэдэг энэ буй заа.

Та нар минь эрүүл мэнддээ байнга анхаарал тавьж яваарай. “Эрүүл энх түмэн ЖАРГАЛАН” хэмээх их зохиолчийн шүлэглэсэн юутай үнэн.

Та бүхнийгээ гүнээ хүндэтгэсэн,
Талийгаачийн хань Т.Оюунчимэг, үр хүүхдүүд нь

  • Бичсэн Цахим Өртөө Холбоо
  • Үзсэн: 3249

Бүлэг: Талархал

Та бүхэндээ талархая

Төр нийгмийн зүтгэлтэн, Монголын Радио Телевизийн нэвтрүүлэгч, жүжигчин, сэтгүүлч, Соёлын тэргүүний ажилтан Р.Доржбат, Лондон хот, Англи улс

Яруу найрагч О.Дашбалбарын “Хүмүүсээ амьддаа бие биенээ хайрла” хэмээх үг, “Ядарсан цагт нөхрийн чанар танигдана”  гэсэн Монгол ардын гайхамшигт үг хэллэгүүдийг сонсоогүй нэгээхэн Монгол  хүн үгүй буй заа.
Уушигны хорт хавдарын эцсийн шатандаа орсон хэмээх оноштой миний хувьд энэ эрхэм үгсийг яг энэ цаг мөчид зүрхэндээ онцгой ойрхноор хүлээж авч байна.

Өнгөрсөн өвөл эхнэр бид Монголдоо очиж өвөлжих хугацаанд хэд хэдэн  удаа ханиад  хүрч, өөрийн мэдэх ойр зуурын эм ууж  хагас дутуу  эдгээснээс,  хотынхоо гашуун утааг  уушиглан, дээр нь өөрөө  сайн  дураараа хавдрын эмнэлэгт очиж  уушгаа ухуулж  төнхүүлж буруу  дурандуулснаас болов уу  яг  түүний дараах мөчөөс эхлэн  завсар зайгүй хахаж цацан ханиалгаад байх болсон юм.

Үүнийхээ дараа  Англи улсад буцан ирж төрөл бүрийн шинжилгээнд орж, эмнэлэгт үзүүлэх дарааллаа  хүлээж  цаг хугацааг их алдснаас уушигний хорт хавдрын бүр эцсийн  шатандаа орсон   хариуг сонсоод би гэдэг хүн  хэсэг хугацаанд гүн  шоконд орсонсон. Одоо эмч нарын дүгнэлтээр химийн тарианд ороод эмчлүүлж байна.

Ийм хэцүү үед эмнэлэгт болон гэрээр эргэж, холын зарим нь  утсаар ярьж надад сэтгэл санааны байнгын дэмжлэг туслалцаа үзүүлсээр байгаа  доорхи, танил дотно, надаас дүү найз нөхөд  нартаа цаашдых нь ажил хөдөлмөр сурлаганд нь өндөр амжилтыг хүсэхийн хамт, үүнийг унших  хүмүүст  юуны түрүүнд эрүүл мэнддээ онцгойлон анхаарч элдэв эмгэг согог мэдэгдвэл хэн нэгний зөвөлгөөгөөр биш  ёс номоор нь эмнэлэгээр цаг алдахгүй явж бүрэн дүүрэн эмчлүүлж байгаарай гэж захия аа.
         
 ИБУИВУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Алтангэрэл, Элчин сайдын яамны  дипломат ажилтнууд Энхбаяр, Даажамба, Чинүүхэй, Мандахцэцэг, жолооч Наранбаяр Эрдэнэтийн төлөөлөгч асан Батбаяр, Монгол банкны төлөөлөгч Энхжаргал, Santomos эмнэлэгийн сувилагч  Долгион түүний охин,  Монголчуудын Холбооны тэргүүн Цэрэнбат, Тэргүүлэгч гишүүд  болох -Lingua Global  компанийн  захирал Өнөрмаа, Simon Cashmere-ийн Сэмжидмаа,  Ц.Базаррагцаа, Оюунтогтох, Алтанхуяг, түүний эхнэр Пүрэвсүрэн, охин Золзаяа, Монголчуудын соёлын төвийн  тэргүүн Марта түүний нөхөр Түвшин, ЭСЯ-ны жолооч байсан Дашдондов, Даведийн гэргий Оюунаа, биллярдын Гомбоо, Хөлбөмбөгийн спортын мастер Буман-Учрал, Теннисний спортын мастер Малыш,  Болдбаяр түүний эхнэр, Циркийн Сувдаа, Өнөрөө,  Лака Батбаяр, түүний гэргий Туул, түүний ах Сүхбаатар, Орчуулагч Баярсайхан түүний гэргий Ганди, Хосоо, Гимнастикийн спортын мастер үсчин Сараа, МоАХ-ны Баатар, морин хуурч Лхагваа, түүний хүргэн ах Галсаа, түүний найз залуу Оогийгийн эгч Алимаа, Чехийн Сайнбаяр түүний гэргий Нараа, Бодьбилдэнгийн мастер Бат-Эрдэнэ, Эрдэнэтуяагийн охин Сараа, түүний эгч Эрдэнэцэцэг, Монгол пабны Батбаяр, Mon Charity-ийн эзэн Одонгэрэл, Зохиолч Ундраа, Life Coaching-ийн эзэн Мөнгөнтуяа, Toм,  түүний эхнэр Туул,  Амарбаясгалан, түүний гэргий  Оюунтуяа , Заяамандахын эхнэр Байгаль , ГХЯ-ны Жаргалсайхны эхнэр Сараа, Чикагогоос УГЖ.Батцэцэг түүний нөхөр найруулагч  Машбат, дээхнэ үед Соёлын Яамны орлогч сайд байсан Нарантуяа, Лондонд ЭСЯ-ны жолооч байсан Батнасан түүний эхнэр Нарантуяа, Монголоос сэтгүүлч Б.Ганчимэг түүний нөхөр Амгалан, өнгөрсөн жил  эхнэр бид хоёрыг  Америкийн Нью-Йорк хотноо урьж,  хамтдаа Чикаго, Вашингтоноор аялсан СТА-тан Үржинбадам, түүний нөхөр Гончиг, Англиас надтай хамтран нэвтрүүлэг бэлдэн Монгол руугаа 25 ТВ-рүү явуулдаг байсан Бороо/Баттөмөр/ СГЗ-тэн Монгол Телевизийн  нэвтрүүлэгч Цоодол,  нэвтрүүлэгч Бямбацогт, Шведэд суугаа Элчин сайд Энхмандах  түүний гэргий  Оюун, охин Энхлүүн  нартаа чин сэтгэлээсээ талархаж байна.

Мөн Англи улсад маш богинохон хугацаатай ирсэн ч Сумогийн их аварга Дагвадорж маань төлөвлөгдсөн ажилаа хойш тавин зорин ирж уулзсанд гүнээ талаpхая. Аварга маань өөрийнх нь талаар баримтат кино хийж буй 7 Япон хүнтэйгээ, биднийг холбож өгсөн орчуулагч Өнөрмаагийн хамт манайд нэгэн оройг өнгөрөөсөн юм. Түүний  хүүхдэрхүү, эвдрээгүй хөөрхөн зан ааш,  алиа хошин хөгжилтэй яриа нь сэтгэлийг минь сэргээсан юм. Аварга маань намайг  байн байн тэврэн  үнсэж,  бүтэн сар хэвтэрт байсан  надад  сэтгэлийн их тэнхээ өгч халуун дулаан энергээрээ босгосон ачтан хүү билээ. Мэнд амар байваас 1О-р сард эхнэр бид хоёрыг Японд үс авах найрандаа урьсанд нь оролцоно доо. Би Монгол Телевизийн нэвтрүүлэгчээс гадна бүх төрлийн уралдаан тэмцээнд шүүгч нэвтрүүлэгч хийж байсан бөгөөд аваргын аав Долгорсүрэн заан, аваргын ах  аварга Сумъяабазарын амжилт бүтээл цолыг нь олонтоо дуудаж явсан хүн юм. 

Аваргыг ирсэн өдрөөс хойш  өнөөдрийг хүртэл эргэж хэвтэртээ оролгүй, тэр байтугай Боксын аварга Цэвээнпүрэвийн тэмцээнийг Элчин сайдын яамныхны урилгаар хамт үзэж  боксчин   маань ч  гайхамшигтай  бахдам амжилт гаргаж, бас дахиад сэтгэлийн их тэнхээг авсаан.

Ингээд 6 сарын 28-нд  дахин химийн тарианд орж байна. Та нарынхаа  хайр халамжинд байгаа би энэ эмчилгээг  давж гарч ирж чадах байхаа гэдэгтээ эргэлзэхгүй байна.

Та  бүхэндээ хязгааргүй их баярлаж талархснаа дахин дахин  илэрхийлье.

  • Бичсэн Цахим Өртөө Холбоо
  • Үзсэн: 3163

Бүлэг: Талархал

“МООДУН” уран сайхны кино зохиол олон улсын түвшинд батлагдлаа.

2010 оны 05 сарын 21-27-ны хооронд “МООДУН” уран сайхны кино төслийн ерөнхий найруулагч Г.Бадамрагчаа, Продюсер Б.Батнасан, А.Мөнхболд, орчуулагч Ц.Ариунболд нар Азербажайн улсын нийслэл Баку хотод Оскарын шагналт, нэрт кино зохиолч Рустам Ибрагимбековтой хамтрах ажиллах гэрээ байгуулах ажлын айлчлалыг 2010 оны 05 сарын 20-28 хооронд амжилттай гүйцэтгэн эх орондоо ирлээ. “Моодун” уран сайхны кино зохиолыг Рустам Ибрагимбеков болон Г.Бадамрагчаа нар хамтран найруулан зохиож дуусгалаа. Уг кино зохиол нь 140 минут үргэлжлэх хугацаатай үйл явдлын өрнөл, тайлал нь олон улсын жишигт нийцэх PG-13 ангилалд багтах Голливуудын схемээр бичигдсэн нь дэлхийн нэрт кино жүжигчдийн анхаарлыг татаж байна. Мөн “Моодун” уран сайхны кино зохиол болон цаашид кино төсөл дээр хамтран ажиллах талаар нэрт кино зохиолч Рустам Ибрагимбековтай тохиролцон манай кино төслийн уран сайхны удирдагчаар хамтран ажиллах талаар гэрээ байгуулав. “Их Хүн Гүрэн” байгуулагдсаны 2220 жилийн ойд зориулан бүтээгдэж байгаа уг уран сайхны киног Хүннү угсааны үр сад болох Төв болон Зүүн Европын ард түмнүүд ихэд талархан хүлээж байна. Манай кино төслийн кино зохиол батлагдсан явдалд Азербажайны төрийн болон кино уран бүтээлчид ихэд сонирхон цаашид дэмжин хамтран ажиллахаа санал болгоод байна. Уг уран сайхны кино нь олон улсын хамтын бүтээл байх бөгөөд уг киноны ихэнх зураг авалт Монгол улсын нутаг дэвсгэрт явагдах ба киноны бэлтгэл ажлууд ид явагдаж байна. Тун удахгүй орон нутаг даяар "Моодун" уран сайханы кинонд тоглох жүжигчдийн дүрийн сонголт буюу кастингийн үйл ажиллагаа эхлэнэ. “Моодун” уран сайхны кино бүтээгдсэнээр ойролцоогоор 1000 гаруй ажлын байр бий болгон, улсад 1,5 тэрбум төгрөгийн татвар төлөгдөхөөр төсөөлөгдөж байна. Үүнээс гадна биет мөнгөөр илэрхийлэгдэхгүй ач холбогдол бол уг кино дэлхийн кино зах зээлд гаргасанаар эх орноо сурталчлах, улмаар нүүдэлчдийн соёл, урлаг болон гадаад харилцаанд Монгол хүний үнэлэмжийг өсгөх шинэ хуудас нээнэ гэдэгт итгэлтэй байна. Дэлхийн оюуны сан хөмрөгт шинээр түрэн гарч ирэх Монголын кино урлагийн дээжсийн нэг болох уг уран бүтээлд хувь хүмүүс, бизнес эрхлэгчид идэвхтэй туслан дэмжиж байгаад талархал илэрхийлье.

  • Бичсэн Nasaa
  • Үзсэн: 3797

Цахим Өртөө Сүлжээнд элсэх

  • Өртөөний сүлжээнд элсэх

tsahim_urtuuХэрэв та Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээнд элсэхийг хүсвэл: http://groups.google.com/group/tsahim-urtuu-suljee хаягаар зочилж маш хялбархан бүртгүүлж болно. Та Гүүгл суурьт энэхүү сүлжээнд имэйлээ бүртгүүлснээр манай сүлжээний гишүүн болно.

 

Image Temp

Энэ хуудас нь Цахим Өртөө сүлжээний нийт гишүүдийн хамтын бүтээл байх бөгөөд ажил хэргийн санал болгоныг вэбийн хамтлаг тухай бүр нь тусган энэ хуудсанд оруулж байх болно. Хамтран ажиллаж буй, ажиллахаар зэхэж буй таньд баярлалаа.

Newsletter