282-р сар2017

Бүлэг: Өгүүлэл

"Ричистан: 21-р зууны баячуудын ертөнц" - Ирэх долоо хоногоос номын худалдаанд!

Уолл Стрийт Жоьрнэл-ийн сурвалжлагч Роберт Франкийн бичсэн Нью Йорк Таймс-ын бэстселлэр "Ричистан: 21-р зууны баячуудын ертөнц" ном Монгол хэлнээ хөрвүүлэгдэн гарлаа.

Өөр хэн ч биш зөвхөн саятнууд л амьдардаг улс орон байна гээд төсөөл дөө. Түүнийг чинь Ричистан гэж нэрлэе!                          

Баячуудыг хүмүүс хамгийн их таньдаг боловч тэдний амьдрал хамгийн далд, нууц, оньсого шиг байдаг билээ. Уолл Стрийт Жоьрнэл-ийн сурвалжлагч Роберт Франк баячуудын амьдралыг бүтэн жил сурвалжилсныхаа дараа энэхүү сонирхолтой номоо бичжээ.          

Хэрвээ та жинхэнэ баячууд, саятнууд, тэрбумтнууд гэж хэн болох, тэд хөрөнгө мөнгөө хэрхэн арвижуулдаг, ямар амьдралын хэв загварыг эрхэмлэдэг, эд баялаг, нийгмийн зиндаа, нэр хүндээрээ хэрхэн өрсөлддөг, юу бодож явдаг, улмаар тэд нийгмийн бусад хэсгийнхний амьдралд төдийгүй улс төр, нийгмийн амьдралд нэрхэн нөлөөлдгийг мэдье гэвэл Нью Йорк Таймс-ын бэстселлэр болсон энэхүү номыг унш! 

Жинхэнэ баячууд ямар сууцанд амьдардаг, ямар машин унадаг, ямар онгоц, яахт хөлөглөдөг, ямар цаг зүүдэг, жилд хэдий хэмжээний мөнгийг ямар зүйлд зарцуулдаг зэрэг нарийн ширийнийг нь ч та мэдэх болно.

                     АГУУЛГА

 

Удиртгал     
Шинэ үндэстэн
СӨНЧИЙН ЗУСЛАН                            
Шинэ баячуудын гэрийн сургалт
ГУРАВДАХЬ ДАВАЛГАА                        
Гялс баяжигчдын эрин үе
ОЛОХУЙ НЬ                              
Керамик тосгоны хаантан   Эд Бэйзинэт
ЗАРАХУЙ НЬ                             
Тим Бликсэт
АЛДАХУЙ НЬ                            
Пийт Массэр
БҮЖГИЙН ТАНХИМ ДАХЬ БҮДҮҮЛЭГҮҮД                
Шинэ ба Хуучин мөнгө
ХЭМЖЭЭ ЗААНАА ГЭЖ                       
“Миний завь чинийхээс том шүү“
ХҮМҮҮНЛЭГИЙН БҮТЭЭЛЧ ҮЙЛС                 
Үр дүнгийн төлөө өгөхүй нь
ЗАЙЛЖ ҮЗ, ХРИСТОСЫН ЭВСЭЛ                  
Улстөрийн шинэ нууц ноёд
БАЯЧУУДЫН ЗОВЛОН                       
Мөнгөтэйн зовлон
ЯЗГУУРТАН ЖААЛУУД                      
Парис үргэлж л байх болно
БАЯЛАГИЙН АНГАЛ, РИЧИСТАНЫ ИРЭЭДҮЙ

ТАЙЛБАР   

 

УДИРТГАЛ

ШИНЭ ҮНДЭСТЭН
Нэгэн ер бусын статистик мэдээний нээлтээр энэ ном эхэлсэн түүхтэй.
2003 онд Уолл Стрийтийн бонусын (шагналт цалин) талаар өдөр тутмын нэгэн нийтлэл тэрлэх явцдаа Холбооны Нөөцийн Зөвлөлөөс гаргасан нэгэн хүснэгттэй таарсан юм. Тэр хүснэгт саятан өрхийн тоо 1995 оноос хойш хоёр илүү дахин өсч, найман сая гаран болсныг харуулдаг юм даа. Мэдээж, сая доллар өмнө байсан утгаа ч алдсан л даа. Гэхдээ баялагийн шатлалаар хичнээн дээш ахиулан, тухайлбал 10 сая, 20 сая, 50 сая долларын хөрөнгөтэй өрхүүдийг харсан ч, бүгд л хоёр дахин нэмэгдэж байлаа.
Хамгийн гайхалтай нь Нэгдсэн Улс хай-текийн (өндөр технологийн үйлдвэрлэл) уналт, эдийн засгийн зогсонгишил болон 2001 оны террорист халдлагын дараа ч гэсэн саятануудыг цутгасаар байсан явдал юм. Баялагийн бүүм (цэцэглэлт) Силикон Валлей дахь 20 гаран доткомчууд болон Нью Йорк дахь Уолл Стрийтчүүдээс хол давсаныг уг тоо харуулав. Баяжилт орон даяар, насны бүх бүлэг, улмаар бизнесийн бараг бүх л салбарыг хамарч байв. Өмнө нь хэзээ ч ийм олон Америкчууд ийм богино хугацаанд ингэж баяжиж байсангүй. Бусад салбарын үйлдвэрлэлээр Хятад, Энэтхэгээс хоцорж байгаа ч саятан үйлдвэрлэх тал дээр эдүгээ Нэгдсэн Улс дэлхийд тэргүүлж байна. Түүхэндээ анх удаа бид Европоос ч олон саятантай болжээ.

САЯТАН ӨРХ
2004 оны доллар (саяар) дээр тулгуурлав

  1 сая 5 сая 10 сая 25 сая
1995 3.77 .55 .23 .05
1998 5.43 .86 .30 .06
2004 9.05 1.44 .53 .11

Холбооны гаргасан тоог үзсэнийхээ дараа би эдгээр баян хүмүүсийн тухай эргэцүүлж эхэллээ. Тэд хэн юм бол? Тэд хэрхэн баяжив? Мөнгө тэдний амьдралыг хэрхэн өөрчилж байгаа бол? Хамгийн чухал нь, тэд жирийн бидний амьдралыг хэрхэн өөрчилж байна вэ? Яагаад, телевизийн “саятан” реалити шоу, баялагт шунахын эрин үед, нийгмийн эл бүлгийг яг үнэндээ ямархуу бүлэг болох талаар бид тун ч өчүүхэн мэдлэгтэй байдаг билээ?
Эдгээр асуултанд хариулахын тулд зоримог туршилт хийхийг манай сонины эрхлэгчид дэмжсэн юм. Ингээд миний бие 2003 онд Уолл Стрийт Жьорнэл-д шинэ баячуудын амьдрал ахуйг дагнан мэдээлэх анхны сурвалжлагч боловоо. Яахтын зогсоолоор эргэлдэж, өглөгийн цэнгүүнээр сэлгүүцэж, Ферраригийн борлуулагчдаар доншиучилж, Сотэби болон Кристигийн дуудлага худалдаагаар өлөлзөж би баячуудын ертөнцөд умбалаа. Трастын хууль, үнэт хөрөнгө оруулалт болон буяны өглөгийн сүүлийн үеийн хандлагыг хүртэл судлахад хүрэв. Дээд зэрэглэлийн тансаг эдлэн борлуулагч, нисэх онгоц зуучлагч, үдэшлэг зохион байгуулагч, резортын менежерүүдийг хүртэл эрүүдлээ. Ихэвчлэн баян хүмүүст төвөг удаж байв. Тэднээс хар мянган асуулт шалгааж, амьдрал, мөнгөнийх нь талаар аль болох л нээлттэй яриулахыг хичээж байлаа. Гайхалтай нь олон хүн ч тэгж ярьж байсан юм. Энэ бүхний үрээр баячуудын шинэ соёлын тухай өгүүлсэн нийтлэлүүдийг минь уншигчид ихэд таашаан хүлээж авсан билээ.
Ном маань ингэж л дээрх сурвалжлагуудаар эхэлсэн түүхтэй. Харин баячуудын орны тухай санаа хожим нэгэн яахтын клуб дээр болсон санамсаргүй ярианаас үүдсэн юм. 2004 онд жил тутмын яахтын цуглааны үеэр би Форт Лоодэрдэйлийн Бахиа Мар зогсоолын тавцан дээр явж байгаад Техасын нэгэн завьны эзэнтэй таарлаа. Тавцангийн дагуу эгнэн зогсох, жимсний дүрстэй Карибийн тэнгисийн далбаатай, ихэвчлэн 150 фийт буюу түүнээс урт зуу зуун аврага яахтыг ширтэх зуураа тэрээр над руу эргэн “Чи энэ завьнуудыг хараад энэ хүмүүс ч асар их мөнгө хийж байна даа гэж бодож байгаа байх. Энд яг өөр оронд байгаа юм шиг л санагдаж байгаа байх” гэсэн юм.
Тэр үгс миний ой тойнд хадагдах шиг болсон. Өнөөгийн баячууд үнэндээ өөрсдийн гэсэн улс орныг бий болгосон байна. Үнэндээ ч тэд ихэнх улс орнуудаас баян. 2004 он гэхэд Америкчуудын хамгийн баян 1 хувь гэхэд л 1.35 триллион буюу Франц, Итали, эсвэл Канадын үндэсний нийт орлогоос их орлого олж байлаа. Улмаар тэд их мөнгөнийхөө хүчээр өөрсдийн эрүүлийг хамгаалах систем (бэлэн дуудлагын эмч), аялалын сүлжээ (хувийн нисэх онгоц, гишүүнчлэлтэй клубууд), эдийн засаг (хоёр оронтой орлогын ашигтай, хоёр оронтой инфляцитай), хэл (“Танай өрхийн менежер хэн бэ?” гэх мэт) бүхий тусдаа ертөнцийг байгуулсан ажээ. Тэд зүгээр нэг цэцэрлэгчдийн багийг бус харин “хувийн ойчдыг” хөлсөлдөг гээд л бод. Баячууд зүгээр нэг баяжиж байсангүй. Харин тэд санхүүгийн хувьд гадаадынхан болж, улс орон дотор улс орон, нийгэм дотор нийгэм, эдийн засаг дотор эдийн засаг байгуулсаар байлаа. Тэд баячуудын орон Ричистаныг бий болгож байлаа.
Би эрхбиш гадаад сурвалжлагч хийж байсны хэрэг юу билээ энэхүү шинэ орныг судлахаар гарч өгнө биз. 12 сар энд тэндгүй хэрж, 10 сая доллараас дээш хөрөнгөтэй хамгийн сонирхолтой л гэсэн Ричистанчуудтай уулзаж ярилцлаа. Өнөөгийн баячуудын олонх нь нийгмээс хөндий, чимээгүйхэн байхыг эрхэмлэдэг болсон тул миний уулзсан баячуудын талаар та өмнө нь хэзээ ч сонсож байгаагүй байх. Тэд Доналд Трамп, Билл Гэйтс, Уоррен Баффэт болон нэгэнтээ танил болсон Форбсийн алдарт 400 супер одуудаас өөр.
Аялах зуураа хуучны мөнгөтнүүдийнхээс асар өөр баячуудын шинэ соёлыг ч илрүүллээ. Тоглоомын жижигхэн керамик тосгод гэх мэт огт мэдэхгүй шахам юмнуудаар асар их мөнгө хийсэн Ричистанчуудтай ч таарч байлаа. Улмаар ертөнц даяар цалиглах асар их мөнгөний улмаас хүмүүсийн баяжих арга зам өөрчлөгдөж буйг ч ухаарлаа.
“Ажлын донтой баячуудын” шинэ үүлдрийн төлөөлөл болсон дуу зохиогч, жэт-сэттэр (онгоцоор аялагч) мод бэлтгэлийн барон Тим Бликсэт гэгч тэрбумтан болсон хойноо ч ханаж цадахаа больсон эртэй ч уулзаж байлаа. Мөн бүхэл бүтэн тэрбум долларын хөрөнгөө хөрөнгийн зах зээл дээр тэр чигээр нь тавиад туучихсан хэдий ч дахин босохоор зүтгэж буй Пийт Мюссэр гэгч азаа үзэх дуртай эртэй ч уулзаж байлаа.
Палм Бийчэд усан сангийн тоглоомын нэгэн онгиргон магнат хөх-цустны Нийгмийн оргилд хүрэх гэж мацаж байгаад Доналд Трампын бүжгийн өрөөний шалан дээр нуран унаж (шууд утгаар), хөгөө хөлдөө чирэхэд хүрсэн хар-зангианы үдэшлэгт хүртэл оролцож байлаа. Мөнгөний зовлонгоосоо болж тусламж авахад хүрсэн саятнуудад зориулсан шинэ төрлийн эмчилгээний терапи болох баячуудын бүлгийн уулзалтанд ажиглагчаар сууж ч үзлээ. Шинэхэн мөнгөн халбагатнууд мөд өвлөн авах мөнгөө хэрхэн зарцуулах талаар суралцдаг Баян Хүүхдийн Зусланд ч нэг өнжиж үзлээ.
Ричистанчууд тансаг хэрэглээ гэгчийг хэрхэн хөөрөгдөж буйг харахын тулд өнөө үеийн хамгийн том яахтуудад ч хүртэл сууж үзлээ. Түүнчлэн тэдний зарлага бусад Америкчууд дээр сайн ч бай муу ч бай хэрхэн “шиврэн буухыг” ч харлаа. Этиофи дахь ядууралтай тэмцэхэд зориулан хөрөнгөнийхөө тэн хагасыг өгч, шинэ маягийн өглөгчийн биелэл болсон Жүүдийн шашинт Ирланд эртэй ч учирч байлаа. Түүнчлэн муж улсынхаа хууль тогтоох хурлыг Ардчилсан намынхан хяналтандаа авахад нь санхүүгээр туслаж, улмаар шинэ маягийн, дэвшилтэт баячуудын улстөрийг эхлүүлсэн дөрвөн чинээлэг Колорадочуудын Дөрвөн Дээрэмчин гэгч бүлгийн үйл ажиллагаагаар дамжуулан Ричистаны улстөрийг ч судаллаа.
Мэдээж эдгээр баячуудын талаарх Америкчуудын байр суурь зөрчилтэй. Нэг талаасаа, Ричистанчууд Америкийн эдийн засгийн бүх л агуу тал болон хэн ч, хаана ч баяжиж болох чадварыг төлөөлж байгаа нь үнэн. Гэвч Ричистан нь баячууд болон бусдын хооронд үүссэн асар том ангалыг ч мөн харуулж байгаа юм. Хэдийгээр баячууд асар олон болсон ч, тэд санхүү болон соёлын хувьд бусад Америкчуудаас тун ч хол тасарсан ажээ. Үнэндээ Ричистаны амжилт нь Америкийн дунд ангийнхны ялагдлыг тод томруун харуулж байгаа юм.
Гэхдээ миний аялалын зорилго энэхүү маргааны аль нэг талд орох биш л дээ. Би баячуудыг буруушаах ч гээгүй, мөн тэднийг баатар болгох ч гээгүй. Шилдэг гадаад сурвалжлагчид уншигчдаа тухайн улс оронд аваачих, тэндэхийн хүн ам, газар орныг судлаж, тэднийг бусад ертөнцөд тайлбарлахыг оролддог билээ. Ричистаны хувьд би ийм л зорилготой.
Эдийн засагч Жон Кеннэт Гэлбрэйт “Бүх ангийн дотроос баячууд хамгийн их анзаарагддаг мөртлөө хамгийн бага судлагдсан нь” гэж нэгэнтээ бичсэн нь бий. Энэ үг өнөөдрийнх шиг үнэн байсан үе байхгүй л болов уу. Тэгш бус байдлыг ойлгохын тулд бид юуны түрүүнд Ричистан болон тэнд амьдардаг хүмүүсийг ойлгох хэрэгтэй.
За аялалаа бяцхан тоймоор эхлэе.

Шинэхэн орны гурван давхраа
1980-аад оны сүүл үе хүртэл баячууд цомхон, нам гүм, тусгаарлагдмал орчинд амьдардаг байв. Тэд ижилхэн сургуульд сурч, ижилхэн клубд явж, ижил төстэй үнэт зүйлс баримтлахын дээр байнга л өөр хоорондоо гэрлэдэг байлаа. Тэр орчин нь улс орон шиг биш харин тосгон шиг л юм байлаа. Үржил, үр сад нь банкны данс шиг нь л ач холбогдолтой байв. Тиймээс ихэнх Ричистанчууд мөнгөн дээр төрдөг байсан бөгөөд тэдний мөнгө голчлон газрын тос, химийн үйлдвэрлэл, ган, үл хөдлөх хөрөнгө, арилжаанаас гаралтай байв.
Эдийн засгийн ашиг орлого Ричистанаас хол давахын зэрэгцээ тухайн үед давамгайлж байсан соёл, улстөр хэр хэмжээнээсээ хэтэрсэн баялгийг хазаарлаж байсан учир шинэ баячууд төрөн гарах нь тун ховор байлаа. 1982 онд Форбсийн 400-гийн анхны жагсаалт сонины мухлагт хүрэхэд хамгийн баян эр нь 2 тэрбумийн хөрөнгөтэй тээвэр зуучийн хямгач магнат Даниел Ладвиг гэгч байлаа. Түүний араас зууны зааг үеийн хөх-цустнууд болох Рокэфеллэр, Хант, Гетти, Фиппс, Дю Понт нарын нэрс жагсаалтанд удаалж байлаа.
Харин 1980-аад оны сүүлээс баячууд өөрчлөгдөж эхэлсэн юм. Хөөрөн гарч ирсэн санхүүгийн зах зээл Уолл Стрийтчүүд, корпораци цөлмөгчид, хай-текийн пионерүүдийн шинэ бүлгийг төрүүлэв. Тэрбумтнуудын тоо 1982 онд 13 байснаа 1987 онд 67 хүрч огцом өсчээ. 2000 он гэхэд бүрэн хүчээ авсан бухын зах зээлийн үрээр баяжилтын цунами бууж, саятан хүн амын тоо найман саяд хүрч гурав илүү нугарч, Швед эсвэл Австрийн хүн амаас ч илүү болжээ.
Баячууд Ричистанчууд буюу баячуудын шинэ онцгой үеийнхний гишүүн болжээ. Ричистанчууд хөрөнгөө өвлөж аваагүй. Тэд харин баялгаа өөрсдөө бүтээж, дунд эсвэл дундаас дээд ангийнхны эгнээнээс босож ирсэн юм. Парис Хилтоныг орхивол өнөөгийн олон саятнуудын дөнгөж 3-хан хувь нь цуутнууд бөгөөд тэдний 10 хүрэхгүй хувь нь мөнгөө залгамжилсан байна. Өмнөх үеийн баячуудыг бодвол тэд хамаагүй залуухан. “1990-ээд оноос өмнө миний мэддэг байсан баячууд ихэвчлэн тэтгэвэрт гарсан, жар далаад насныхан байдаг байлаа” гэж баячуудын хөрөнгийн менежмент хийдэг Ю.Эс. Траст пүүсийн гүйцэтгэх захирал Питер Скатурро ярилаа. “Одоо бол ихэвчлэн гуч дөчтнүүд. Тэдэнд цаашдаа туулах зам их байна шүү.”
Мөн Ричистан нь гүн гүнзгий хуваагдалтай орон л доо. Хуучны мөнгөтний харьцангуй нийтлэг соёл тэдний дотуур байртай сургууль, клуб, соёлын байгууллага, сүртэй нэр хочныхоо хамт замхран алга болжээ. Эдүгээ Ричистанчууд нас, арьс өнгө, хүйс, газар зүйн байрлалын хувьд маш эрээвэр хураавар. Түүнчлэн залуухан чинээлэг либералуудын шинээр гарч ирсэн үеийнхэн хуучинсаг Бүгд Найрамдахчуудын эсрэг хөндөлдөөд л тэд ер нь улстөрийн хувьд ч ихээхэн хагаралтай.
Гэхдээ Ричистан дахь хамгийн гайхалтай хуваагдал нь тэдний баялагийн төвшин. Ричистан болон эгэл Америкийн хооронд баялагийн тэнцвэргүй байдал өссөн шиг Ричистанд ч гэсэн энэ тэнцвэргүй байдал өсч, дээд ангийнханы дунд “хөрөнгөтэйчүүд” болон “илүү их хөрөнгөтэйчүүдийн” хооронд шинэ маягийн дайныг дэгдээсэн байх юм. Үнэндээ, Ричистанууд дор хаяхад гурван үндсэн ангид хуваагдаж байна.

Доод Ричистан
Хүн ам нь долоон сая гаран өрхтэй болтлоо үржсэн Доод Ричистан нь Ричистаны улам өргөжин тэлж буй захын хороолол нь. Доод Ричистанчууд Макманшнд (том шинэ байшин) амьдарч, Эс-Ю-Ви унаж, өндөр үнэтэй каталогоос худалдаж авсан цэцэрлэгийн тавилга дээрээ налайж байдаг. Тэдний ихэнх нь корпорацын захирал, доктор, хуульч, банкир, дизайнер, шинжээч, санхүүгийн менежер гэх мэт сайн боловсролтой, өдөр тутмын ажил эрхэлдэг мэргэжлийнхэн. Тэдний баялагийн ихэнх нь цалингаас нь бүрддэг бол үлдсэн гуравны нэг нь хөрөнгө оруулалтын ашигаас бүрэлдэж байдаг. Хай-тек, санхүүгийн баримжаатай улам бүр глобалчлагдаж буй буй эдийн засагт өндөр боловсролтой ажилчдын эрэлт өсөн нэмэгдсэний болон өндөр цалингийн үр шимийг Доод Ричистанчууд хүртэж байгаа ажээ.
Улстөрийн хувьд доод Ричистанчууд нь консерватив. 2004 оны сонгуулиар тэдний ихэнх нь Жорж Бушын төлөө санал өгсөн бөгөөд санхүүгийнхээ нөхцөл байдлыг сайжруулахад нь Буш хамгийн шилдэг сонголт байсан гэж тэд тайлбарлаж байлаа. Түүнчлэн тэдний ихэнх нь өртдөг тул тэд хөрөнгө өвлөлтийн татварыг устгах саналыг хамгийн хүчтэй зүтгүүлэгчид.
Мөн саяхан хүрсэн амжилтын ард байнгын санаа зовнил нуугдаж байдаг. Доод Ричистанчууд Америкчуудын 95 хувиас илүү их мөнгөтэй хэдий ч тэд бусад Ричистанчуудтайгаа харьцуулбал ядуурсаар байгаа аж. Хамгийн ядуу Ричистан ба хамгийн баян Ричистаны хоорондох эдийн засгийн зай өнгөрсөн арван жилд бараг хоёр дахин нэмэгдсэн байна. 1990-ээс 2004 оны хооронд хамгийн дээд орлоготой 1 хувийнханы дундаж орлого 57 хувиар өссөн байхад тэрхүү 1 хувийн хамгийн баян арван хувийнханы орлого 85 хувиар өссөн байна.
Коктейл үдэшлэг юмуу хүүхдийнхээ хөл бөмбөгийн тэмцээнд очихдоо Доод Ричистанчууд илүү хөрөнгөлөг хүмүүсийн дунд орох болдог. Ингээд нэрээ хичээж, баян ах дүү нартайгаа адилхан загнахын тулд Доод Ричистанчууд маш их үрж, асар ихийг зээлэхэд хүрдэг байна. 2004 онд Ричистаны инфляци 6 хувьд хүрсэн нь Нэгдсэн Улсын ерөнхий инфляцийн төвшингөөс даруй хоёр дахин их байв. Инфляци нь тэдгээр баячууд бүгдээрээ л ижилхэн хувийн сургууль, хүүхэд асрагч, БМВ, Жимми Чүгийн гутал, бийч дээр сууц худалдаж авах гэж хошуурснаас болсон юм. Өнгөрсөн арван жил Доод Ричистанчууд тэрбум тэрбум долларын өр хуримтлуулж амжжээ. 2004 он гэхэд Доод Ричистанчуудын 20 орчим хувь нь бүх орлогоо буюу түүнээс ихийг ч зарлагадсан байх юм.
Доод Ричистанчуудыг тэд манай улсын хүмүүс биш гэх Ричистанчууд зөндөө байх юм. Тэд Доодсыгоо “за яахав дээ тэд “чинээлэг” юм биз дээ” гэх нь Ричистаны туйлын доромжлол аж. Ричистаны их тэргүүн Андрю Карнегийн үгээр бол Доод Ричистанчууд “баян бус харин чадвартай” ажээ.
За жаахан дээшээ өгсөөдхөе.

Дунд Ричистан
Дунд Ричистаны гэр бүлүүд 10-аас 100 сая долларын хөрөнгөтэй. Эндэхийн хүн ам аль хэдийн 1.4 сая хүрчээ. Мэдээж амьдрал энд арай л тухтай л даа. Хаусууд нь том, урлагийн бүтээлүүд нь илүү сайхны дээр оршин суугчдын ихэнх нь амралтын хаустай аж. Эндэхийн ихэнх Ричистанчууд цалин, жижиг бизнес, хөрөнгө оруулалтаар мөнгө хийнэ. Ер нь Доод Ричистанаас Дээд Ричистан руу шилжих тутам бизнес эрхлэгчид болон бизнесийн эздийн тоо нэмэгдэж эхлэнэ. Дунд Ричистанд Доод Ричистанаас даруй хоёр дахин олон бизнес эрхлэгчид байна. Энэ нь асар баяжих баттай зам бол өөрийн компани байгуулж, борлуулалтаа эхлэх явдал гэдгийг харуулж байгаа юм.
Түүнчлэн Дунд Ричистанчууд Доодчуудыг бодвол илүү либерал. Хувийн санхүүгээ бодвол ноён Буш илүү ашигтай байсан ч өнгөрсөн сонгуульд дийлэнх Дунд Ричистанчууд Жон Керригийн төлөө саналаа өгсөн юм. Дунд Ричистанчууд боловсрол, хүрээлэн байгаа орчин болон технологийн бодлогод илүү их ач холбогдол өгдөг ажээ.
Гэхдээ л Дунд Ричистанд амьдрах нь өөрийн гэсэн өртөгтэй. 2004 онд л гэхэд 30-аас дээш саяын хөрөнгөтэй Ричистанчуудын инфляци 11 хувь буюу үндэсний инфляцийн төвшингөөс бараг 3 дахин их байв. Гэхдээ Дунд Ричистанчууд болон тэднээс чинээлэг хамаатнууд нь Доод Ричистанчуудаас хавьгүй хурдацтайгаар баяжиж байгаа учир тэд их үрдэг ч мөнгөгүй болчихно гэж санаа зовох юм бараг байхгүй л дээ.

Дээд Ричистан
Дээд Ричистанчуудын пэнтхаус нь 100 сая ба түүнээс дээш долларын хөрөнгөтэй гэр бүлүүдээс дүүрдэг. Тодорхой гаргасан тоо байхгүй ч Дээд Ричистаны хүн ам нь мянга мянгаар тоологдоно. Тэдний ихэнх нь өөрсдийн компаниа байгуулж, борлуулалт хийж мөнгөтэй болсон боловч сүүлийн үед гүйцэтгэх захирал, мөнгөний менежерүүд (ялангуяа хөрөнгө оруулалтынхан) тэдний эгнээнд хурдацтай түрэн орж ирж байгаа.
Дээд Ричистаныханы амьдрал итгэмээргүй төвөгтэй болсон аж. Амьдрахын тулд, тэд “гэр бүлийн алба” буюу өөрөөр хэлбэл гэр бүлийнхээ өдөр тутмын хэрэгцээг, тухайлбал хөрөнгө оруулалт, хууль, бичиг цаасны ажил, аялал төлөвлөлт, гэрийн үйлчилгээний ажилчид авах зэрэгт үйлчлэх том компаниудыг бий болгоход хүрчээ. Шуудангаа нээх эсвэл төлбөр тооцоогоо хийх зэргийг Дээд Ричистанчууд өөрсдөө бараг хийдэггүй. Чухам тийм ч учраас Дээд Ричистанханы халуун рашааны жилийн дундаж төлбөр 107000 доллар гардаг байх.
Хэрвээ та Дээд Ричистанд амьдарвал мөнгөний талаарх таны бүх философи өөрчлөгдөнө. Амьд яваа насандаа бүх баялагаа, эсвэл түүнийхээ зарим хэсгийг нь ч зарцуулаад барахгүй гэдгээ та ухаарах болно. Түүгээр ч барахгүй та хичнээн их үрсэн ч таны мөнгө өсөж л байна гэдгийг ухаарах болно. Тиймээс Дээд Ричистанчууд санхүүгээ ирэх зуун жилээр төлөвлөдөг. Тэд хувьцаа бус харин мод бэлтгэлийн ой, газрын тосны цамхаг, оффисийн барилгууд худалдаж авдаг.
Гэсэн хэдий ч Дээд Ричистанчуудад хааяа нэг дорд орох мэдрэмж төрнө. Яагаад гэвэл тэрбумтны виллад оршин суугчид тэднийг халхалчихдаг юм л даа.

Тэрбумтны Вилла
1985 онд тэрбумтаны вилла дөнгөж 13 оршин суугчтай байж. Харин 2006 он гэхэд Форбсийн мэдээгээр 400 гаран болжээ. Баячуудыг бүртгэдэг Нью Йоркт байрлах Рич Лист Ко-гийн захирал Лесли Манделийн жагсаалтаар бол Нэгдсэн Улсад 1000 гаруй тэрбумтан байдаг авч ихэнх нь олон нийтийн радарт өртөлгүй үлджээ.
Тэрбумтнуудын хувийн амьдрал яг л компани гэсэн үг. Тэдний гэр орон нь яг л зочид буудал шиг. Өөрөөр хэлбэл, тус тусын логотой, төсөвтэй, үйлчилгээний ажилтны арми бүхий нүсэр кампусууд л гэсэн үг. Хэн нэгэн тэрбумтнаас банкных нь мэдүүлгийг асуугаад үзээрэй. Тэгвэл харилцан уялдсан охин компани, холдинг компани, хөрөнгө оруулалтын фонд, сангуудын таван төвшин бүхий диаграмыг та хүлээн авна гээд л бод.
Өнгөрсөн арван жил тэрбумтнуудад тун өлзийтэй байсан аж. Форбсийн 400-гийн нийт хөрөнгө нь 1995 онд 439 тэрбум байснаа өнөөдөр 1 триллион гаран болж 2 илүү дахин нэмэгджээ. Хэдий тийм боловч тэрбумтнууд ердийн л нэг байдаг үзэгдэл болж эхлээд байна. Резортын эзэн, мод бэлтгэлийн барон, тэрбумтан Тим Бликсэт нэгэн олон тэрбумын хөрөнгөтэй эр тэдний хувийн гольфын талбайтай эдлэнд морилсон тухай өгүүлсэн юм. 18 нүх тоглосныхоо дараа зочин нь энэ газар надад их таалагдлаа, худалдаж авья гэсэн гэнэ. Саналаа бичсэн жижигхэн цаас Тимийн гарт атгуулсан нь 400 сая доллар гэсэн байж. Тим саналыг хүлээж аваагүй ч чухам юу түүнийг тэгэж гэнэтийн наймаа хийхэд хүргэснийг гайхсаар үлджээ. “За тэр нөхөр ч харин баян эр байсан шүү” гэж Бликсэт хэлсийм даа.
Энэ номонд Ричистанаар аялсан аялалаа зөвхөн АНУ-аар хязгаарлалаа. Гэвч Ричистан нь мөн чанараараа глобал шинжтэй төдийгүй учир холбогдол нь ч Америкийн хилийг хол давсан үзэгдэл юм. АНУ-д шинэ баячуудыг төрүүлсэн глобалчлал, технологи, санхүүгийн зах зээл өргөжин тэлж буй нь дэлхий даяар асар олон шинэ баячуудыг төрүүлсээр байна.
КапЖеминай болон Мэррилл Линчийн мэдээгээр дэлхийн санхүүгийн саятнуудын (1 сая долларын гүйлгээний хөрөнгөтнүүд) хүн ам 2005 онд л гэхэд 8.7 сая хүнээр бую 6.5%-иар өссөн байна. Хэдийгээр АНУ хамгийн олон шинэ баячуудтай боловч бусад орнууд АНУ-аас хавьгүй хурдацтай байна. Саятан хүн амын тоо Нэгдсэн Вант улсад 7%, Австралид 8.5%, Бразилд 11%, Хятадад 7%, тэр ч байтугай Энэтхэгт 19%, Орост 17%-иар өссөн байна.
Форбсийн дэлхийн тэрбумтнуудын жагсаалт яг л баячуудын Нэгдсэн Үндэсний Байгууллага болон хувирчээ. 2007 оны жагсаалтаар топ 20 тэрбумтаны дөнгөж тав нь л АНУ-ынх байсан бол бусад нь Мексик, Британи, Франц, Испани, Хонг Конг болон Энэтхэгийнх байлаа. Өөрөөр хэлбэл, Ричистан бол иргэд нь дэлхий даяар тархан суурьшсан хил хязгааргүй орон болжээ.
Ялангуяа, Нэгдсэн Вант улс Ричистанчууд цэцэглэн дэлгэрч байгаа газар. Эдийн засаг, Бизнесийн Судалгааны Төвийн судалгаагаар 2020 он гэхэд Нэгдсэн Вант улс дахь саятнуудын тоо 4 дахин нэмэгдэж, 376 000-аас 1.7 сая болох гэнэ. Өндөр үнэтэй орон сууцнууд, түүний дотор ялангуяа Мэйфэйр, Кенсингтоных эрэлт маш ихтэй байгаа бөгөөд 2006 онд ихэвчлэн 20 сая доллар давсан үнээр зарагдаж байлаа. 2007 онд зах зээл дээр байсан хамгийн үнэтэй сууцны нэг нь Саррэйгийн Уйндлешэм гэдэг тусгай тосгонд байрлах 60 000 хавтгай дөрвөлжин фийт орон зайтай, 103 өрөөтэй, 58 акр газартай Апдаун Корт хэмээх эдлэн байлаа.
Баян түншүүддээ тропикийн арал түрээслүүлэх, 250 фүүтийн урттай яахт чартерлах, Кипрт төрсөн өдрийн үдэшлэг зохион байгуулах зэргийг зохицуулдаг Британий зуучлалын үйлчилгээ цэцэглэн хөгжиж байна. Британий хөлбөмбөгийн багууд нь ч гэсэн Челсийн эзэн Орос Роман Абрамович, Ливерпүүлийг худалдаж авсан Америк Жорж Жиллэт, Том Хикс зэрэг дэлхийн баячуудын хорхойсдог үзүүлбэр болоод байна. Лондонгийн тансаг авто машины дийлерүүд Бентлей, Роллс-Ройс, Астон Мартин-ыг рэкорд тоогоор гүйлгэсээр байна. Эдгээр машин жинхэнэ “Бритиш” байхаа больсон л доо.
Баячууд нь ч гэсэн Бритиш биш л дээ. Британий хамгийн баян оршин суугчид нь Энэтхэгийн төмөрлөгийн магнатууд, Сауди Арабийн шейхүүд, Оросын олигархууд зэрэг өндөр үнэтэй түүхий эдээр баялагаа босгосон гадаадынхан юм. Тэд Британий соёл болон татварын өгөөмөр хуулинд татагдан иржээ. Вант Улсын шинэчүүдийн эгнээг Топ-шоп-ийн үндэслэгч Ноён Филип Грийн, мэдээллийн технологийн суутан Хатагтай Стефани Ширлей зэргийн бизнес эрхлэгчид, Би-Пи-гийн гүйцэтгэх захирал асан Жон Браун, Кадбери Швэпсийн Ноён Жон Сандэрланд зэрэг өндөр цалинтай гүйцэтгэх захиралууд тэлж байна. Хэж-фонд менежерүүд, хувийн хувьцааны эзэд, банкирууд, хуульчид Лондонд бөөгнөрч буй глобал капиталын нүсэр баялаг руу тэмүүлэх болсноор Британий баячуудын том хөтлөгч нь санхүүгийн бизнес болжээ. Хөрөнгө оруулалтын глобал уралдаанд Лондон Уолл Стрийтийг ч орхино гэж зарим хүмүүс таамаглаж буй бөгөөд тэр нь зөндөө олон баян Бритончуудыг төрүүлэх нь ойлгомжтой.
Британий Ричистанчууд АНУ-ын Ричистанчуудын нэгэн адил Хуучин, Шинэ Мөнгөтөн болон “хөрөнгөтэйчүүд” болон “илүү их хөрөнгөтэйчүүдийн” хооронд шинэ зөрчлийг ч үүсгэсэн аж. Тэд тэгш бус байдлын талаар шинэ зовнил бий болгож байна.
За одоо АНУ-д эргэн очиж баячуудын ертөнц хэрхэн өөрчлөгдсөнийг тэдэнд үйлчилдэг хүмүүсийн нүдээр харая.

  • Бичсэн tserenbat_d
  • Үзсэн: 3788

Бүлэг: Өгүүлэл

В.Люба: Монголыг өнөөгийн эрх чөлөөнд хүргэсэн энэ үйл явдлын тэргүүн зэргийн ролль ямар ч эргэлзээгүйгээр хутагтад оногдоно.

1911 оны Монголын үндэсний хувьсгал, түүний үйл явц, Богд хааны тухай маш тодорхой өгүүлсэн эл баримт бичгийг ОХУ-ын архиваас хуулбарлан хүргүүллээ.

Эл баримт бичигт ямар нэгэн тайлбар шаардлагагүй гэж санана. Монголчууд 1911 оны 12 дугаар сарын 29-ны өдөр тусгаар тогтнолоо тунхаглан зарлаж, Наймдугаар Богд Жавзандамба хутагтыг Монгол Улсын эзэн хаанаар өргөмжилсөн билээ. Мөн өдөр Богд хааны зарлигаар Монгол Улсын Засгийн газраа таван яамтай байгуулсан билээ. Эл үйл явдлаас ердөө хорин хоногийн дараа Нийслэл Хүрээнд сууж байсан Оросын ерөнхий консул Любагийн өөрийн Гадаад яамнаа явуулсан энэ илгээлт Богд хааны тухай нэгийг өгүүлж буй тул болгоон сонирхоно уу. Оросын консулын мэдээнд Манж Чин улсыг ихэнхдээ Хятад хэмээн бичсэнийг анхаарах буй за.

Түүхийн шинжлэх ухааны доктор О.Батсайхан

ЭРХЭМ НОЁН Г.А.КОЗАКОВ ТАНАА 

ХААНЫ ШИРЭЭНД НОЁДООС СОНГОН ӨРГӨМЖЛӨГДСӨН, ЭРГЭЛТИЙН ГОЛ ЗҮРХ, ГОЛ ЗҮТГЭЛТЭН ХУТАГТЫН ТУХАЙ

1912 оны 1 дүгээр сарын 18        No 109

Орчин үеийн Монголын улс төрийн нөхцөл байдал ба зүтгэлтнүүдийн тухай

1911 оны арван нэгдүгээр сарын түүхэн өдрүүдэд болсон үйл явдал Оросын нөмөр, нөөлөг, тусламжинд итгэл найдвар өвөрлөсөн (монголын –О.Б) ард түмний чин сэтгэл итгэлээр ялсан эргэлтийн гол зүтгэлнүүдийг тайзнаа төрүүлэн гаргалаа.

Монголыг өнөөгийн эрх чөлөөнд хүргэсэн энэ үйл явдлын тэргүүн зэргийн роль ямар ч эргэлзээгүйгээр Хутагтад оногдоно. Хэзээ нэгэн цагт Монголын сүүлчийн жилүүдийн түүхийг бичих болбол түүхнээ хамгийн аймшиггүй ухаантан ч энэ тухай бодохыг зүрхлээгүй тийм зүйлийг хэрэгжүүлэгч VIII Богд гэгээний зоригтой, шийдвэртэй санаачилгыг талархалтайгаар тэмдэглэх болно. Монголыг эдүгээ эрх чөлөөтэй залгуулсан энэ үйл хэргийг манлайлсан хүн нь яах аргагүй Хутагт мөн

Цаашдын үйл явдал хэрхэхээс үл хамааран Улс орны хийгээд түүний болон ойр орчмынх нь хүмүүсийн эрх ашиг аюулд учирч болзошгүй үед сүүлчийн мөч хүртэл юунд ч үл дийлдэм хүчтэй мэт санагдаж байсан Хятадын (Манжийн –О.Б) засгийн газартай тэмцэж, эртний монголын хаадын хаан ширээнд ноёдын нэгдсэн саналаар өргөмжлөгдсөн Жавзандамба хутагтын эрэлхэг, аймшиггүй зоригтой чадвар ард түмний ач санасан ой ухаанд үлдэх учиртай.
 
Энд одоогийн Богд гэгээн байгаагүй бол Хятад Монголыг аль хэдийн залгиж, түүнийг Хятадын нэг муж болгох байсан нь эргэлзээгүй.

Тус орныг бүрэн боолчлох шийдвэртэй алхам хийхэд нь Хятадын (Манжийн –О.Б) засгийн газарт гол төлөв Хутагтын хүчтэй, хатуу эр зоригт түшиглэсэн ноёдын эсэргүүцэл саад болж байв.
    Гялалзсан мэт идэвхтэй эхэлсэн үйл ажиллагаа нь гутамшигтай төгссөн Манжийн амбан байсан Сандоогийн илтгэл, мэдээнд үндэслэн Бээжингээс авч хэрэгжүүлсэн сүүлчийн арга хэмжээнүүд нь монголын автономийг устгахад чиглэж байсан бөгөөд энэ нь монголын ард түмний үнэхээр зовлон туулсан тэвчээрийг барав. Ийм түүхэн мөчид Хутагт ард түмнийхээ санаа бодлыг соргогоор мэдэрч, өөртөө бүхий л хариуцлагыг итгэл төгс үүрч, Монголын хувьд хэзээ нэгэн цагт догшин эзэрхэгч нь байсан Хятадаас (Манжаас –О.Б) салж, давагдашгүй аймшигт дарлалаас хагацахын тулд Их Оросоос тусламж эрэхээр шийдвэрлэсэн юм.

Хан, ноёдыг Петербургт илгээх санаачилгыг Хутагт өөрийн ард түмэндээ барив. Түүгээр үл барам, элч төлөөлөгчдийг Оюун санааны удирдагчийн нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн эрэлхэг, хатан зоригоор дэмжээгүй бол тэдний тусламж эрэх ажил хэрэгжихгүй байсан гэдэгт өчүүхэн ч эргэлзэхгүй байна.
Хятадад толгой эргэм хурдан өрнөсөн цаашдын үйл явдлууд өнөөгийн династийг бүрэн мөхөлд хүргэж, энэ нь эхний шийдвэртэй алхамаа хийгээд байсан Орос улсаас тусламж эрэх ноёд, лам нарын төлөөлөгчдийн илгээлтийг зүй зохисын дагуу болгов.
Сүүлчийн мөч хүртэл ихэнх ноёдын үлбэгэр, эргэлзсэн байдлыг Богд гэгээний эрэлхэг зориг, тууштай шийдэмгий байдал арилгаж, тэдэнд дэмжлэг болсон юм.
Түүнийг хаан ширээнд өргөмжилсөн нь улс орноо харийн дарлалаас чөлөөлөх үйл хэрэгт Жавзандамба хутагтын оруулсан агуу гавьяаг ноёдууд хүлээн зөвшөөрсөний хүндлэл байлаа.

Гэгээний түүхэн гавьяа нь эхний шийдвэртэй дайралтаар сүнсээ хагартал айж, балмагдсан Манжийн сүүлчийн амбан Сандоогийн аймхай, хулчгар занг таньсан явдал юм.

Сандоо өөрийгөө өмгөөлөхийн тулд одоо юу ч хэлж болно, тухайлбал монголчуудын талд цэргүүд нь уравсан, цэргүүдийн дунд хувьсгалт үзэл санаа түгсэн, эсвэл монгол цэргүүдийн гэнэтийн татлага болсон, монголын удирдагчдыг гаднаас нууцаар дэмжсэн гэх мэт.

Үнэн хэрэг дээрээ эргэлтийн үед Өргөөд ямар ч монгол цэргүүд байгаагүй, Хутагт Өргөөд цугларсан ердөө зуун монголыг өөрийн нөөцөөс зэвсэг өгч зэвсэглэсэн, Сандоо болон түүний түшмэд, хятад, манж цэргүүд рүү ямар ч монголчуудын зэвсэгт зохион байгуулалттай дайралт болсон тухай яриа гарах үндэсгүй гэдэг нь тодорхой юм.
Түүнээс гадна, Манж амбан шийдвэрлэх мөчид сандарч аймхай зан гаргалгүй, өөрийн цэргээсээ 50 хүнийг өөртөө татаж, бэхжүүлж чадсан бол монголын түүх өөр болох байсан гэж бодох үндэслэл бий.

Болсон үйл явдлыг мэдэх хүмүүсийн хүлээн зөвшөөрч буйгаар ноёд болон Хутагтад ойр хүмүүсийн дунд Манжийн амбанг эндээс хөөн зайлуулах талаар бүрэн нэгдмэл санаа байгаагүй төдийгүй харин ч шийдвэрлэх мөчид эргэлзэх, шийдэмгий бус байх, хүнд үр дагавараас болгоомжлох явдал ажиглагдаж байсаныг зайлшгүй тэмдэглэх хэрэгтэй. Монгол дахь Манж амбангийн хүч, түүний цэргийн гарнизоны хүчин чадлыг сүүлчийн мөч хүртэл хэтрүүлэн үнэлж байсан хүмүүсийн дотор Хүрээнд байсан монгол амбан Пунцагцэрэн, Хутагтын хуучин шанзодба нар багтаж байв. Тэд хоёул Гэгээнд ойр байсан хүмүүс бөгөөд одоо сүүлчийн мөчид аймхай, хэт болгоомжлол гаргаснаараа Гэгээний итгэлийг алдав.

Зөвхөн энэ сүүлийн үед бүхий л хариуцлагыг өөртөө авч, бидний өмнө буй болсон Хутагтын талаарх үгээ өндөрлөхийн тулд, Монголын түүхэн эргэлтийн гол буруутан, товойн гарсан эл Гэгээний ухамсарт амьдралынх нь эхэн үе (одоо тэрээр 43 настай) түүнд зугаалах, үрэлгэн байхад дуртай байсаныг таах ямарч үндэслэл өгөхгүй байсаныг дурсахгүй байж болохгүй.
  
Хүрээнд 10,15,20 жилийн өмнө амьдарч байсан олон хүмүүс Хутагтын ордонд наргиан болж, заримдаа задгайрдаг байсаныг санаж буй. Тэр үеийн Богд гэгээний төрхгүй ааш Өргөөд удаан ярих сэдэв болж байв.

Хутагтын зарлигаар худалдаж авсан орос эмэгтэй платье, цамцыг Хутагтын ойрын лам нарт өмсүүлж, өөрөө болон тойрон хүрээлэгч ноёдын зугаа болгож байсан тохиолдол буй.
Хутагтын үрэлгэн байдал Хятадын засгийн газрын манж амбан Гуй бингийн үед Гэгээнийг өөрийг нь болон сан хөрөнгийг нь хяналтандаа авах шахсан юм.

Хутагтын аливаа шинэ зүйлд дуртайг нь ашиглан оросын худалдаачид Өргөөд их мөнгө хийж байсан бөгөөд үүний үр дүнд Хутагтын ордонд хэнд ч хэрэггүй, удаан хугацаагаар хадгалсанаас шороо тоосонд дарагдсан материалын агуулах бий болсон нь тодорхойгүй биш юм.

Цирк, амьтаны хүрээлэнгийнхэн энд ан, амьтадыг ухаан алдмаар их үнээр зарж, дараа нь тэднийг хэрхэн тэжээхийг хэн ч мэдэхгүй байх явдал байв. Европийн соёлын хамгийн сүүлийн үеийн шинэ бараанууд, тухайлбал мотоцикл, машинуудыг дуулаагүй үнээр авчран борлуулж байсан ба тэр нь анхны явалтаараа жолоодож чадахгүйн улмаас эвдэрч байв.

Хутагтын ордонд Монгол ноён Хөвчийн жонон бэйсийн эхнэр байсан эмэгтэй ирж, улмаар монголчуудын дунд Цагаан Дара эх хэмээн ихээр нэрд гарсан, харин одоо бол Богд хааны хатаны хувиар хаан ширээнд өргөмжлөгдсөн хүн бий болсоноос хойш түүний дадал болон гадаад төрх байдалд зарим нэгэн өөрчлөлт гарах болсон юм.
Цагаан Дара Эх хэмээн монголчууд ихээр шүтдэг түүнийг Монголын ард түмний оюун санааны тэргүүний зоригжуулагч, хамгийн ойрын хүний хувьд хятадуудаас улс орноо чөлөөлөх хэрэгт их гавьяа оруулсан хэмээн ард олон үздэг байна.

Ордонд Цагаан Дара Эхийг бий болсоноор Хутагт зарлагандаа маш их хэмнэмтгий болж, үрэлгэн байдлаа хаяж, зарим талаар нарийн болсон хэмээн зарим нь буруутгах нь бий.
 
Ингэхэд Хутагтын ордонд наргиан багасаагүйгээр барахгүй, харин эргэлтийн дараа дамжуулж байгаагаар бол нэмэгдсэн байна: оросуудаас хайрцагаар нь төрөл бүрийн дарс, шампанск, архи авдаг гэнэ. Богд гэгээний ордон болон Богд хааны Туулын эрэг дэх ордонд шөнө дөл болтол үргэлжилдэг хэмээн ярих нь бий.
Гэвч сүүлийн үед түүний ойр орчмынхон сүүлийн саруудад түүнийг эрс өөрчлөгдөж, дүнсгэр, дуугүй болсоныг ажиглажээ. Үүнийг өнгөрсөн зунаас нүдний өвчин нь хурцдаж, заримдаа хүний нүүр ялгахгүй болсонтой холбон тайлбарлаж байна.
Өөртөө бүх Халхыг татаж, нэгтгэж чадсан, ирээдүйд магадгүй бүх Монголыг нэгтгэж чадах, өөрийн түвд гарал үүсэлтэйгээс үл хамааран, монголын хаадын эртний хаан ширээнд сууж чадсан товойн гарсан VIII Гэгээний тухай товчхон өгүүлэхэд ийм буюу.

Ерөнхий консул В.Люба

  • Бичсэн Цахим Өртөө Холбоо
  • Үзсэн: 3117

Бүлэг: Өгүүлэл

Богдын эрдэнэсийн сангаас

Түүхийн шинжлэх ухааны доктор О.Батсайхан

Гадаад, дотоодын төр, шашин, соёл, аялал жуулчлалын өндөр дээд хэмжээний зочид, төлөөлөгчид, мөргөлчид бурханы ариун дагшин газар болох Хүрээнд ирж, Амьд бурхан хэмээгдэж байсан Богд гэгээнтэн лугаа уулзаж, түүнд ертөнцийн сонин хачин элдэв зүйлсийг өргөж байсан нь Богдын олон ордоны өрөө тасалгаануудад хадгалагдан байжээ.

Тэдгээрийг бүгдийг тоочиход цаас хүрэхээргүй, энгийн хүний ой тоонд амар буухгүй мэт санагдах тул заримаас цухас дурьдяа. Хятадын шижир алтан гулдмай, Камчаткийн хар булга, солонгосын хүн орхоодой, хойд мөсөн далайн 124 лан хув, якутын очир алмааз, энэтхэгийн эрдэнийн чулуу, алтан утсаар нэхсэн хүүдий дүүрэн сувд бадмаараг шигтгээтэй ээмэг, бөгж, писүү, гартаам, мана, шүрэн эрдэнийн чулуун хөөрөгнүүд, алт, мөнгө, хүрэл, ган, зааны ясаар бүтээсэн бурхад, цагаан, хүрэн зандан үнэт модоор хийсэн бурханы ширээ, сандал, үнэт мод, чулуу ухаж алтаар өнгөлсөн бурханы гуу гэх мэт үнэт зүйлс олон байжээ.

Богдын ордоныг үзээд Польшийн аялагч Ф.Оссендовский мэл гайхаж, алмайран бичихдээ: “Европийн музейнүүдэд ч байхгүй ховор үзмэр байна” гээд “Богдын ордоныг  үзвэл европийнхоны нүүр улаймаар юм”  хэмээн бичсэн байдаг.

Ф.Оссендовски Богдын ордон, эрдэнэсийн санг нь үзээд: “Үнэт эрдэнэс, баялагийн тийм гайхам цуглуулгыг би өмнө нь огт үзээгүй агаад зүйрлэвээс Европын аль ч музей атаархах буй за”  хэмээн дуу алдан өгүүлснээ тэмдэглэсэн бол Богдын эрдэнэсийн сангийн талаар дараах байдалтай бичсэн байна.

Богдын шанзав Бадамдорж нэгэн авдарны мөнгөн цоожийг түлхүүрдэх зуураа: “Энэ авдарт Бей Кумаас ирүүлсэн цул шижир алтнууд, тэрэнд Кемчугийн хар булгануудыг хадгалдаг юм. За тэгээд энэ бол анагаах ухааны увидастай бугын эвэрүүд. Харин тэр бол хүн орхоодойн үндэс, үнэр сайт заар хийсэн хайрцаг байгаа юм. Бас энд Хөлдүү тэнгисийн эргээс ирүүлсэн хув байгаа. 120 лан хүнд эд дээ. Энэтхэгийн үнэт эрдэнэсийн чулуунууд, Хятадаас авчирсан зааны ясан сийлбэрүүдийг бас хар даа хэмээгээд өөр ч бас олон олон зүйлийг сэтгэл хангалуунаар үзүүлсэн бүлгээ”  хэмээн тэмдэглэжээ.

Ф.Оссендовски “Богдын цуглуулганы хөмрөг үнэнхүү дуу алдан шагширмаар байсаныг дахин хэлэх нь зүйтэй. Цагаан минж, хар булга, цав цагаан, хөв хөх, хав хар үнэг, хар ирвэсний өдий төдий арьснууд. Яст мэлхийн хуягаар хийсэн өчүүхэн хайрцган дотор 10-15 ярд урттай, аалзны шүлс адил нарийхан, хөнгөхөн энэтхэг торгон хадгийг хадгалжээ. Цувимал алтаар нэхсэн  хүүдий дүүрэн далайн сувдыг энэтхэг бярман нар бэлэглэжээ. Цааш сонирхвоос Энэтхэг, Хятадаас ирүүлсэн бадмаараг, индраанил шигтгээтэй асар үнэтэй бөгжнүүд, засаагүй биндэрьяанууд, алт, мөнгөн хатгамалтай жасар жанхав дээлнүүд, алт сувдан шигтгээтэй зааны соёон сийлбэрүүд, Берингийн тэнгисийн эрэг хавийн эртний урчууд далайн морины соёон дээр урласан сийлбэрүүд гээд тэнд буй бүхний тоочьё хэмээвээс цаг хугацаа хаанаас олдож ажээ. Өөр бас нэгэн өрөөнд алт, мөнгө, хүрэл, зааны яс, тана болон үнэт ховор модоор хийсэн үй олон жижигхэн Будда бурхан байх амой” хэмээн нүдээр үзэж, чихээр сонссоноо ийнхүү бичжээ. Энэ бол үнэндээ Богд хааны эрдэнэсийн сангийн зах зух төдий гэвэл эдүгээ үнэмших хүн цөөн болов уу. Гэвч үнэн гэвэл байдаг билээ. Тэр тусмаа Богд гэгээнтэний цуглуулсан эрдэнэсийн сан, амьтдын хүрээлэн гээд энэ ертөнцийн үнэт бүхнийг цуглуулсан бүхнийг үзсэн хүмүүс нэг бус байсаныг энд хэлэхэд илүүдэх юун.

Тэгвэл Богдын талаар таагүй мэдээ нэг бус удаа амнаасаа унагаж байсан Оросын эрдэмтэн П.Козлов түүнийг таалал болсоны дараахан Богдын ордонд очоод ёстой л мэл гайхаж, цэл хөхөрснөө өөрийн тэмдэглэлдээ нуугаагүй байдаг. Өөртэй нь нэг ч удаа уулзаагүй хүний амаар Богдын талаар элдэв юм сонсож, буруу ойлголттой явснаа эрх биш ухаарсан болов уу. Оросын эрдэмтэн Козлов тэмдэглэлдээ: “Хїмїїсийн яриагаар бол Богд гэгээн хивсээр гоёсон баян тансаг гэрт бараг їргэлж амьдардаг байна. Байшин нь музейн байдалтай байдаг. Байшинд музей ч биш юмдаа,  музейн ховор їнэт эд зїйлсээр дїїрсэн эрдэнэс байдаг байна. Хааны хєрєнгє нь зуунаар цугларсан маш их алтны нєєцтэй бєгєєд тїїнийг нь ордоны гадуур тоолж болдоггїй байна. Энэ баялаг Богд гэгээний хууль ёсны баялаг хэмээн одоохондоо хїлээн зєвшєєрєгдєж байна. Тїїнийг Богд гэгээн авдаггїй юм байна”  хэмээн бичсэн буй. Эрдэмтэн, аялагч Козлов Маршалл, Бадамжав нарын хамт 1924 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр анх удаа Богдын ордон оржээ. “Тэнд үнэхээр сонин зүйлс үзсэн” гэж эл өдрийн тэмдэглэлээ эхлээд “юуны өмнө, хятад маягаар барьсан хийдийн олон барилгууд намайг гайхшрууллаа. Тэнд цэцэрлэгт хүрээлэн, мод тарьсан байдал гээд бүхэлдээ монголын байгалийн сайханыг илтгэн харуулсан хүрээлэн зэрэг нь надад үнэхээр таалагдаж байв.

Богдын ордоны цонхоор харагдах ой шугуй таныг өөртөө татахын зэрэгцээ цонхоор ургамлын сайхан хийгээд янгир ямаа, буга согоо зэрэг олон амьтдыг дурангаар харан баясаж болно. Ариун дагшин газрын цэвэр цэмцгэр онгон байдал хэний ч болов хязгааргүй ихээр нүдийг баясгаж, сэтгэл татах авай. Боронзоор алтадсан Долон нуур хийцийн олон бурхадыг түвэд болон энэтхэгийн алийнхийг болохыг ялгахад бэрх. Үүний тулд магадгүй долоо хоног, сар ч хэрэгтэй байж магад. Би энд анх удуу шүрэн Амитаюс бурхан (урт удаан наслахын бурхан –О.Б), ногоон нефритон хөөрөгнүүдийн дунд шүрэн хөөрөг, ганц бишээ, бүхэл бүтэн цуглуулга шүрэн хөөрөг харлаа. Бас ногоон, цагаан, цайвар ногоон бүр нарийвчлан хэлбэл ногоон судалтай бас сүүн цагаан өнгөтэй хөөрөгнүүд байлаа. Чухамдаа бол дүрслэн хэлэх боломжгүй тийм зүйлс байлаа. Хув шар өнгөтэй төрөл бүрийн чулуун болон шилэн, ханз үсэгтэй улаан, хөх сайн чанарыг хөөрөгнүүд байв. Орос маягийн их ордон модон шалтай, уурын халаалттай, цахилгаан гэрэлтүүлэгтэй бөгөөд эл ордонд европ, хятад, монголын төрөл бүрийн уран сайханы болон үнэт эдлэлүүд дүүрэн байлаа. Өөрийн эрхгүй кунсткамер (ховор эдлэлийн цуглуулга музейг –германд ингэж хэлдэг байна. Орост бас өөрийн Кунтскамер байгуулсаныг санасан байж магад –О.Б)  хэмээн хэлж байлаа. Уран зураг, хаад, ноёдын хөргүүд хичнээн төрлийн байгааг хэлэхэд ч бэрх. Тоолж баршгүй. Нэгэн тасалгаанд хөгжилтэй итали эрийн хөрөг зургийн хажууд Английн хаан Эдуардийн өнгө ялгаруулан зурсан хөрөг өлгөөтэй байв. Николай хоёрын олон төрлийн хөрөг байв. Богд гэгээний өөрийнх нь болон эхнэрийнх нь хөрөг байлаа. Төрөл бүрийн цаг, эр, эмийн дүрслэл бүхий гэрэл зургийн альбомууд. Хятад, оросын шаазан эдлэлүүд гэх зэрэг маш олон эд өлгийн зүйлс байв. Буу зэвсэг бас байсан. Гэгээний унтлагын өрөө нь тун тохьтой бөгөөд бараг онцгой ордон бүрд өөрийн унтлагын өрөө байв. Дуран, толь, хөгжмийн зэмсэг байлаа. Би орон нутгийн бөөрөнхий зэмсэг авав. Ан амьтан, шувуу гээд төрөл бүрийн хэвлийгээр явагчдын чихмэл цөөнгүй байв. Тэр чигээрээ агуу том музей. Халуун орны төрөл бүрийн амьтдын чихмэл хүртэл байв. Төрөл бүрийн үнэт зүйлсийг хараад нүд ядарч байв. Миний хувьд хоёр хэсэг бүхнээс илүү таалгадав. Энэ бол буддын бурханууд ба нефритийн агуу их цуглуулга юм. Гялалзсан тунгалаг ямар цайны аяганууд байсан гэж санана. Хөөрөгний цугуулга хүртэл гайхалтай байв. Одоо амьтадын тухайд. Газар сайгүй төрөл бүрийн гаралтай ноход, тагтаанууд байв. Тэдэнд зориулсан тусгай газартай юм. Үүнээс гадна, тусгай газруудад гурав, дөрвөн баавгай, хоёр чоно, сармагчин, асар том заан (сайн асаргаатай байсан), махчин шувуу, талын залуу бүргэд зэрэг миний хувийн ажиглалтаар л гэхэд ийм байв. Энд зэрлэг муурын тухайд дурьдсангүй гэж нэмэж бичсэн байв. Монголчуудын хийсэн асар том цаг байрлуулсан өрөө сонирхолтой байв. Энэ бол Богд болон бүх монголчуудын бахархал. Төрөл бүрийн барилга, гэр, эрдэнэсийн сан, гаражууд бүгд хоорондоо холбоотой байхаас гадна эдгээр үзмэрүүдийн эмх цэгцтэй байдал, уран сайхан нь үзэгчийг бас гайхшруулж байлаа”  хэмээн дүрслэн бичжээ.

Тэгвэл Козлов 1926 оны 1 сарын 14-ны өдөр Никифоровын тэргүүлсэн хүмүүсийн хамтаар Богдын ордонд дахин очжээ. Эл өдрийн тэмдэглэлдээ: “Богд гэгээний ордонд бурхадаас гадна цөөн тооны шаазан ваар, хэнд ч хэрэггүй зүйлсээс өөр юу ч үгүй болжээ. Нэгэн дулаан гэрт бичиг хэрэг, бүртгэлийн газар байгуулжээ. Энд байсан хөрөнгийн ихэнх чанартай хэсгүүд хүмүүсийн гараар оржээ. Багахан хэсгийг эрдэнэсийн хайрцаганд хийж, ломбодсон байна. Цагаан өнгөн дээр алтан луу дүрсэлсэн шаазан хос ваарыг 100 мянган мексик долларын өртөгтэй үнэт эдлэл хэмээн бидэнд үзүүлж байв. Ерөнхийдөө бид ямар ч сонин зүйлс олж аваагүйн дээр ерөөсөө ч харсангүй. Цаг, нефритэн эдлэлүүдийг ч бид энэ удаа харсангүй. Нөгөө олон амьтадаас одоо ердөө л хоёр чоно, нэг хар баавгай л үлджээ. Үүгээр Богдын ордоныг үзэх аялал өндөрлөв”  хэмээжээ.

Түүнээс өмнө болон хожим ч байгуулж чадаагүй тийм амьтаны хүрээлэнг Богд гэгээн өөрийн биеэр Монголд байгуулсан байдаг. Богдын амьтаны хүрээлэнд халуун орны барс, Алтайн ирвэс дүүлж, Гималайн баавгай хүрхрэлдэж, Энэтхэгийн могой мушгиралдан, том жижиг сармагчингууд дүүлж, Шотланд одой морьд янцгааж, Африк судалтай тахь уралдаж, Энэтхэгийн заан бүжиглэж, Монголын зээр, аргал, янгир, хар сүүлт, чоно, алтан гургалдай, тайгын нохой хүртэл эгэлгүй олон амьтан тааваараа идээшин байсан тухай домог мэт зүйлсийг үзсэн дотоод, гадаадын хүмүүс тэмдэглэлдээ бичиж үлдээжээ. 1912-1913 онд Монголд 9 сар өнгөрүүлсэн Оросын нэрт дипломатч И.Я.Коростовец Богд хаантай гурвантаа уулзаж, түүнийг монголчуудын нэгэн адил “эзэн хаан” хэмээн дуудаж байв. Түүний өдрийн тэмдэглэлд Богдын ордоны тухай маш тодорхой дүрслэн харуулсан байдаг бөгөөд “Богдын цуглуулгад амьтаны чихмэл, түмэн бодис, одон орны судлалын хэрэглэл, хүний биеийн бүтцээс эхлээд ер нь санаанд оромгүй үзмэрүүд буй” гэжээ. “Богд гэгээнтэн автомашин, пягтруул, хөгжим, уран зураг, сүрчиг, хөгжмийн зэмсэг болон заан, сармагчин, Гималайн баавгай, Энэтхэгийн могой, тоть гээд ховор араатан жигүүртэн бүхнийг шохоорхон” авсан байсаныг Ф.Оссендовски тэмдэглэсэн буй. Ер нь “мөргөлчдийн, тэднийг дагаад бэлэг сэлтийн урсгал Буддын шажинт ертөнцөөс Өргөө рүү цутгах нь үл тасрах ажээ” хэмээн бичсэн нь үнэнийг өгүүлсэн гэлтэй.

Монголчуудыг тєдийгїй гадаадынханыг бишрїїлсэн Богд гэгээнтэний тэр их баялаг, алт эрдэнэс хаачсан бол оо. Эл тухай Монголын сүүлчийн эзэн хаан Богд Жавзандамба хутагт: амьдрал ба домог номноос мэдэж болно.

  • Бичсэн Цахим Өртөө Холбоо
  • Үзсэн: 4234

Бүлэг: Өгүүлэл

Хүүрнэл

Хуучийг хүүрнэсэн Дэндэвийн Пүрэвдорж,
хугаслаж товчилсон Ж.Ирээдүй

Жинхэнэ хүмүүсийн амьд түүх намтрыг өөрийн нүдээр үзэж харсан гэрчээс сонсож дуулах, унших юм уу эсвэл өөрийнх нь амнаас сонсох шиг баттай юм гэж үгүй. Уншигч таны амралтанд зориулан бидний мэдэх алдартай хүмүүсийн алиа марзан, амьд домгуудаас цуглуулж байгаагаасаа сийрүүлэн найруулж, та бүхэнд хүргэж байна. Энэ хэсэгт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Дэндэвийн Пүрэвдорж агсан бээр өөрийнхөө буюу урлаг, утга зохиолын алтан үеийнхний  сонирхолтой явдал, түүх намтрыг  “Бор гэрийн богд”, “Улаан гэрийн хоригдол”-доо бичиж үлдээсэнээс сонгон сонордуулсу.


БУДААЧИНХҮҮ
Монголын зохиолчдын хоёрдугаар их хурлын дараа гадаадын төлөөлөгчдийн зоог болж. Түүнд оролцсон Бямбын Ринчен бээр Өвөр Монголын зохиолч Малчинхүүгээс - Та зохиолоо ямар хэлээр бичдэг вэ гэхэд нөгөөх нь хятад хэлээр бичдэг гэж гайхуулахад, - Тэгвэл та чинь Малчинхүү биш Будаачин хүү юм байна гэжээ.

ДАРГА ДААСАН НЬ
Зах зээлийн үерээс хулширч үлдсэн манай зохиолчдын хорооны буурин дээр Долгорын Нямаа нь дарга, Бадарч нь уран бүтээл эрхэлсэн зөвлөх гэх боловч орлогч дарга гэж оодогонох дуртай байж л дээ. Дашдооров, Долгорын Нямаа хоёр хэн нэгэн хар юмтай зоогийн газарт буу халж байтал Бадарч ороод очиж гэнэ. Дашдооров, - Яасан сайн юм, танилц. Буриадын зохиолчдын хорооны орлогч дарга Борис Хинганов. Чамтай нэг зиндааны дарга гээд сахалтай ч билүү, нөгөө хар юмыг зааж гэнэ. Бадарч "хоёр улсын хорооны удирдлага" хэмээн ихсийн  зэрэгт шадарлаж халаасаа эргүүлж гөвөөд халамцсандаа нөгөө хар юмны нүүрийг дэлэн болтол үлгээд маргааш өглөө нь ажил дээрээ хүлээн авахаар юм болоод найр таржээ. Бадарч өглөө нь хүндэт зочноо хүлээж авах санаатай улаан самаар цагаан хялгасаа мяндаслаад л суугаад байж гэнэ. Гэтэл нөгөө Хинганов нь ирсэнгүй. Дашдооров гуайгаас асуувал, хэ хэ тэр чинь жолооч л доо, Нямаа бид хоёрыг дааж байсан чинь чи урдуур нь ороод төлчих чинь билээ гэжээ. (Д.Пүрэвдорж гуайн хууч)

ДИВААЖИНГИЙН ТУХАЙ
Зохиолчид диваажингийн тухай маргаж. Чойжалын Чимэд, - Би ч диваажинд очихгүй яах юм бэ? Хамаг сайхан хүүхнүүд хилэнцээ дагаад тамд л байгаа, тэнд очино гэхэд, Дэндэвийн Пүрэвдорж, - "Диваажинд очихгүй" гэх шүлгийн санаагаа шүүрч, харин Ц.Гайтав, - Би очино оо, гарилтаад шар тайлъя гэж бодоход л ширээн дээр Жанлав буюу шар айраг, Чогдол буюу цагаан архи хоёр ярайгаад л гэхэд, Б.Явуухулан, - Боль доо хонгор минь, тэнд чинь бидний уудаг юм байхгүй мэдэв үү гэвэл Ц.Гайтав дурамжхан, - Тэгвэл тэр бүдүүлэг газар байна, би болилоо гэж инээдийг нь  баржээ.

ДООРОВЫН УС
Арми сурталчлах ажлаар Дашдооров, Батын Нямаа, Бадарч нар цэргийн чуулгын болон армийн томчуудтай Алтайд очжээ. Очсон оройгоо зуух яндан угсарцгааж, өглөө хөдөө сум руу явах гэтэл Дооровын яндан хөрөөгүй байсан тул орхиод явжээ. Хөдөөнөөс буцаж иртэл, зочид буудлын жижүүр "Нямаа, Бадарч нарт Бигэр, Чулуунаас" гэсэн зурвас бүхий тус бүр нэжгээд гожин юм өгч гэнэ. Бигэрийн Чулуун бол алдартай нэгдлийн дарга, хөдөлмөрийн баатар хүн. Тэднийхэн хармаг нэрж архи, шарз, хорз аль эсийг хийхэв, бас зохиолчдын их анд байсан болохоор хишиг хүртээж хэмээн баярлахаас яахав. Үдэш нь Бадарч чуулгынхаа ганц нэг бүсгүйг "Бигэрийн Чулууны хишиг амс" хэмээн өрөөндөө сэм уриад лац ломбоо ховхолж аягалаад амсвал ус байж. "Араараа модтой Биндэряа" романы эзэн Батын Нямаагийнх ч бас ус байж. Орхиод явсаны хариу авахын тул Дооров ажил тарин тарин аймгийн хүнсний  үйлдвэрээр ус савлуулж, лацдуулсан юмсанжээ. (Д.Пүрэвдорж гуайн хууч)

ДӨШ, ЛАНТУУ ХОЁР
Улс төрийн товчоо нэг удаа зохиолчдыг хүлээн авч. Энэ уулзалт дээр Ц.Дамдинсүрэн гуай, - Зохиолчид гэдэг дөш л юм даа, дөш учраас дээрээсээ давтуулж байх учир тавилантай байдаг гэхэд Б.Ринчен гуай - Зохиолчдыг дөш гэж Дамдинсүрэн гуай онож хэллээ. Тэгвэл дөшний дээрээс цохидог лантуу байж таарна аа даа. Тэр лантуу нь хаана байна гээд товчоо руу долоовор хуруугаараа заачихаад зогсоод байж.

ЗӨРҮҮД ЛУВСАНЦЭВЭЭН
Зохиолч Ц.Гайтав, Д.Пүрэвдорж, Ж.Лодой нар анх Өвөрхангай, Баянхонгор, Өмнөговь, Дундговь дамнасан утга зохиолын их аянд зөрүүд жолооч Лувсанцэвээний хамт тэдний нэрлэснээр "дөрвөлжин жавар" хэмээх ГАЗ 67 тэргээр гарч өгч.
Зөрүүдийн туйл болсон тэр эрийг мэдэх тэр гурав эрт хөдөлмөөр бол "маргааш жаал амарч аваад тайван айван хөдлөе" гэж хэлэх, үүнд нөхөр жолооч "унтаад яахав, ус халаад явахгүй эртхэн хөдлөх минь" гэх, жаахан амарч байгаад оройхон хөдлөхөөр бол "өглөө эртхэн газар дөхөе" гэх. Үүний хариуд "яараад яахав, ямар нохойд хөөгдсөн биш" гэсэн хариу авах.
Харин нэг удаа тэр гурав алдаа хийж Өмнөговиос гараад давхих замдаа “бензин л үнэртээд байна даа” гээд хэлээд тавчихсан чинь, "Үнэртэлгүй яадаг юм, бензинээр явдаг юм чинь" гээд тоосонгүй давхисаар Бух долоогийн буудалд бууж хамраа сөхөж үзэээд "-Ээ туучий, хамаг бензин харбириатараар гоожичихож гэж халагласан гэнэ. Уг нь бензин үнэртэхгүй байх чинь гэж хэлэх ёстой байсан юм байна л даа зайлуул.

МАРШАЛЫН ЧӨДӨР
Чойжалын Чимид орос арван жилийн сургуулийн аравдугаар ангиа төгсөөд хойшоо Орост явж сурах санаатай байж. Аав нь маршалын комиссар байсан болохоор баттай дэмжинэ ч гэж бодож байж. Нэг өдөр Туулын хөвөөнд зусланд гарсан Маршалынд аавыгаа дагаад очиж. Сургуулиа сайн төгссөн, хойшоо сургуульд явах санаатай гэж аав нь хуучлахад Маршал түүнд чөдөр авч өгөөд алга, сум, чагт гурав аль вэ монголоор нэрлэ гэжээ. Мань эр алга, сум, чагт гурвын алийг нь ч мэдэхгүй таг сууж.
Маршал, - За хөө чамайг болбол гадаадад болбол явуулахгүй, чи орос хэлээ сайн сурсан гэсэн, монгол хэлээ сураагүй юм байна, Улсын их сургуульд ор гэжээ.

ОДОО БИ ДАРГА БОЛМООР БАЙНА
Цэндийн Дамдинсүрэн гуай нэг өдөр Дэндэвийн Пүрэвдоржоос "Би чамаас нэг юм асуух гэж явна. Урьд би дарга болох дургүй байлаа. Тэгсэн чинь төв хороо дуудаад дарга болгоод л, донгодож халаад л байдаг байлаа. Би чинь "Үйлдвэрчний төв зөвлөлийн дарга, үнэн сонины эрхлэгч, шинжлэх ухааны хүрээлэнгийн дарга, зохиолчдын хорооны дарга гэж явлаа. Бүгдээс нь донготой халагдсан. Одоо би харин дарга болмоор байх юм. Гэтэл намайг дарга болох уу гэж асуухаа боличихлоо. Энэ ямар учиртай юм бэ гэж жуумалзжээ. Д.Пүрэвдорж гуай хариуд нь үүний учир өөрт нь байгааг ойлгож, - Харин л дээ, би учрыг нь олохгүй юм гэхэд, - Тийм ээ, харин одоо цагт дарга болох хүн олон болчихсон юм биш байгаа... гэжээ.

ӨВЧҮҮНИЙ БҮДЭРХИЙНИЙ ХЭРЭГ
Маршалын комиссар Чимидийн аав Чойжил гуай нэг удаа ээлжтэй  шөнө орой  гэдэс нь жаахан өлсөөд хөргөгч нээсэн чинь нэг өвчүүний бүдэрхий байхаар нь аваад цохичихож. Маргааш нь ажлаас бууж хариад байтал маршал дууджээ. Цаг цөвүүн байсан болохоор айсгээд очтол, Маршал их л ууртай, - Хөргөгчинд байсан өвчүүний бүдэрхий яасан бэ хө? гэв. - Маршал аа, би ... гээд шилээ маажтал, - Улсын болбол маршал хүн өвчүүний бүдэрхий тавьж хоноод өглөө болбол идэж болохгүй юу... гэж баахан муухай харснаа дахиад тэгвэл үү... сайхан мэдээрэй, яв" гэжээ.

ТӨРӨХГҮЙ БАЙЖ БОЛНО
Дэндэвийн Пүрэвдорж нагац Бандигайгаасаа асууж,
-    Үнэн юм гэж ер байдаг уу?
-    Үхэх л лав үнэн юм даг.
-    Үхэх, төрөх гэдэг биш бил үү?
-    Төрөхгүй байж болно. Үхэхгүй байж болохгүй.
-    Тэгвэл эрлэг номун хаан л хамгийн шударга болох нээ?
-    Уг нь нуруутай л гэлцдэг юм. Уулзан байж л мэдэж дээ. За тэгээд хуучин хааныг нь феодал гэж нухчихаад оронд нь Гандаахай Дамба (тэрбээр Чойбалсанг ийн хэлдэг байж) ч суучихсан юм бил үү, хэн мэдлээ. гэжээ.

ТӨСӨВ БАТЛУУЛАХ АРГА
Ардын жүжигчин Эрдэнэбатын Оюун гуай төсөв батлуулахаар алаг нүдэн Цогзолмааг Сангийн яам руу явуулдаг байж. Хоёр сайхан алаг нүдээ эргэлдүүлж, албан түшмэлийг гэгээн мишээлээр гэрэл цацруулж байгаад, "бидний хувь заяа таны гарт байна, хэдэн муусайн жүжигчид эзэнгүй, бурхан минь тэгж хэлж яаж болох вэ, нам засаг та нар минь байхад, өөрийн гэрээ барих санаатай, өрхний минь оосрыг татаж өгөөч гэж л явна, манайхан урлагтаа хайртай юм болохоор туслаж байнаа, энэ жаахан төслийг батлаад өгчих гэх мэтээр эрхэлсхийж, хатуурхмаар бол нулимс цийлэгнүүлж, Оюун багшийнхаа нүүрийг яаж харах вэ, аяга хоолноосоо сална ш тээ, аргагүй намайг өрөвдөөч" гэсээр байгаад батлуулаад ирдэг байжээ. Одоо ч ийм арга байсаар байгаа байх шүү.

УЛААН ТУГ
Алдарт зохиолч Гайтав гуай хүүхнүүдэд сээтэгнэх дургүй, түг таг гэсэн яриатай, тэр утгаараа гэдэг шиг бараг хайрын шүлэг хийгээгүй нэгэн аж. Хөгжмийн зохиолч Лувсаншарав гуайтай харин "Амрагийн болзоо"-ны тухай нэгэн дуу хийхээр болж л дээ. Гэтэл дуун дээр нь хоёр залуу уулзаж, учраад байх авч, цаана нь нэг улаан туг заавал хийсээд болдоггүй гэнэ. Лувсаншарав гуай "Чи наад улаан тугаа авчих л даа, тэгвэл аятайхан болох гээд байна гэхэд, "-Үгүй, тэгвэл би чамтай дуу хийхгүй" гэж уурлаж гэнэ.

ХАМАГ МОНГОЛЫН ХААН
Бавуугийн Лхагвасүрэн нэг өглөө сэрэхнээ Хамаг Монголын хаан болчихсон байх юм гэнэ. Мэргэн түшмэл Дармын Батбаяр бараалхаж , - Хаантаан, юунаас эхлэх вэ? гэвэл  “Аян дайн, аян дайн” гэхэд нь чих хатуу Батбаяр аяндаа гэж андуу сонсоод “аяндаа болно, гениально” гэж байна гэнэ Хаан хилэгнэж, “битгий дүлийдээ найдаж унга”, хэмээн зандраад ховын сайд Ш.Цогтыг дууд гэжээ. Хаан Цогтод
-    Салхи хаанаас байна вэ?
-    Мэдэхгүй.
-    Тэр конус хараад ир.
-    Юу байдаг юм бол, хаантаан?
-    Тэр онгоцны буудал дээр байдаг кондоом.
Салхины чиг мэдсэн хаантан, “урагшаа малууд аа, зөвхөн урагшаа” хэмээн чичирснээ,
-    Тэнгэр тэтгэлээ, хөдлөе. Миний хойно их хатан Баасан явна. Жороо цоохор гүү унуул. Түүний араас алтан сондор шиг сүйхнүүд хэлхээд өг, мал аа. Олон тусмаа сайн. Эхний сүйхэнд Чимэдцэеэг зал. Хатан хувцастай шүү. Бусдад нь нөгөөдүүлийг нэг нэгээр нь шургуул. Бүгд нүцгэн байг. Хөшгий нь битгий тат. Хөхний нь товч харагдаж байг. Араас нь цэргүүд. Бүх цэргийн жанжин Шандын Гөлөгдэй баатар (Ш.Гүрбазар), аа тийм нөгөө сэгсчүү бөө (Ц.Чимэддорж) урд нь яваг. Миний баруун гарт мэргэн түшмэл Д.Урианхай, Д.Батбаяр хоёр явна.
Шандын Гөлөгдэй баатар,
-    Хаашаа явах вэ, хаантаан?
-    Битгий талчиганаад бай, би мэдэж байна. Богд уулын зүүн сугаар урагшаа бороо шиг асгарч, шороо шиг бос.
-    Тэгээд хаантаан?
-    Эхлээд Дайдууг эзлэнэ, дараа нь Шанхайг дайлна.
-    Тэнд яахсан бол?
-    Алаад өгнө, дэлхийн эмсийн хүрээлэн байгуулна. Ийнхүү цэрэглэн  мордож, Хоолтын даваан дээр гартал Хятадын усан ваймлий буу панхийж хаантан тэнгэрт нисэн одов гэнэ. Удсангүй тэнгэрээс туг хар үс, савхин хүрэм, америк жийнсэн өмдний тасархай бууж ирэхэд Шандын Гөлөгдэй баатарын самсаа шархирчээ. ... Ийнхүү Их, бага хаадаас хойших адаг хаадын үлгэр төгсөж амар сайхандаа жаргаж гэнэ. (Дэндэвийн Пүрэвдоржийн хууч)

ХӨӨРГӨӨ АРАЙ ГЭЖ АВСАН НЬ

Хөдөлмөрийн баатар Дэндэвийн Пүрэвдорж, Чойжалын Чимид, Бэгзийн Явуухулан гурав тухайн үеийн Орос Улсад болсон Монголын соёлын өдрүүдэд оролцохоор явж. Зохиолчдын ордонд болсон уулзалтын өмнө Явуухулан гуай хөөргөө гаргаж, Лев Ошанин багштайгаа тамхилахад цаадах нь "Энэ юу гэдэг тоглоом бэ, их баярлалаа" гээд аваад халаасандаа хийчихэж. Явуухулан гуай хөөргөө авч чаддаггүй, Чойжалын Чимидээс "миний хөөргийг аваад өг л дөө" гэж гуйж. - Чамайг хэн оросуудтай тамхил гэсэн юм бэ? гэж нэлээд зовоож, нөгөө орост нь монгол ёс заншилыг тайлбарлан байж арай гэж салгаж авч өгчээ. Түүнээс хойш тэрбээр хөөргөө нэг ч гаргаагүй буцаж ирсэн аж.

ХҮНИЙ ЮМ ЯАЖ ЗҮГЭЭР УУХ ВЭ ДЭЭ
Ванган гуай, Гэндэн гуай хоёрыг Москвагийн театрын дээд сургуульд сурч байхад машинаар хил гараад галт тэргэнд суудаг байж. Хойно борлуулж мөнгө олох юм гэвэл Ванган нь ганц костюмны даавуутай. Галт тэргэнд Ванган нь дээд орон дээр унтаж явж л дээ. Нэг шөнө Вангаан гэж татаад шилэн аягатай юм өгөхөөр нь цаадах нь ч хүртчихээд л унтаад л, дахиад дуудахад дахиж хүртээд л яваад байж. Олон л хүн байх шиг байж. Өглөө сэрээд юу болсоныг асуувал галт тэрэгний багийнхантай зад аваад гэжээ. Тэд Новосибирскээс Москва орох билет авах тул, нөгөө даавууг тэнд мөнгө болгох ёстой байж. Ванган муу модон хайрцагаа ухтал, нөгөө даавуу нь байдаггүй гэнэ. Геня, - нөгөө даавуу харав уу гэтэл, - Яаж хүний юм зүгээр уух вэ дээ, өвгөн чинь урд шөнө галт тэрэгний даргад бэлэглэчихсэн гэж хэнэггүй царайлжээ.

ЭРИЙН МЭХ
Далай гүний хүрээг балгас болгож багийн байран гэх үед, Дэндэвийн Пүрэвдоржийг бага байхад суртлын бригад ирж кино гаргах зар дуулаад явах гэтэл эцэг эх нь явуулаагүй аж. Эрийн муугийн эцсийн мэх гохдож нулимсаараа айлгах санаатай үзээд бараагүй гэдэг. Адаг сүүлд нь аврагч “Чойбалсаан эднийгээ хараач ээ”  гэж ухархайгаа ширгэтэл уйлж дуудаад ч нэмэр болоогүйд голоо харлатал гомдож тэрнээс болсон уу нас элэхэд нь нулимс гараагүй гэж хуучилдаг амой.

ЯЛГАДАС САЙД
Тавиад оны үед Бямбын Ринчен гуай руу хөдөө аж ахуйн яамнаас хэн нэгэн утасдаж, - Бид орос хэлнээс мал эмнэлгийн сурах орчуулж байгаа юм аа, гэтэл малын баас гэх нь жаахан бүдүүлэг санагдаад байна, ялгадас гэвэл ямар уу гэж асууж зөвлөжээ. Хариуд нь Ринчен гуай,
- Танай яаманд Бааст гэдэг дэд сайд бий байх аа?
- Бий, бий.
- Тэгвэл тэр сайдыгаа Ялгадас сайд л гэх болж дээ гэжээ.

ЯМАА БИШ ХҮН БАЙНА, БОЛДОГ Л БАЙГАА ДАА
Дэндэвийн Пүрэвдорж гуай тэргүүний малчдын хурлын үеэр Баянхонгорын Баянлиг сумын Улаан чих Аюур гэгчээс яриа авч туршлага судлаж, найруулал бичихээр өрөөндөө уриад сууж байтал Гончигсумлаа гуай орж ирж гэнэ. Энэ хүн танай нутгийн ламын гэгээний Гончигсумлаа гэдэг хөгжмийн зохиолч гэж танилцуулахад, Аюур гуай, Гончигсумлаа гэж дуулдаад байдаг юм, чи чинь орос эхнэртэй гэл үү, гэхэд тиймээ орос эхнэртэй гэвэл, - За яахав дээ ямаа биш хүн юм байна болдог л байх даа гэж авчээ. Тэгэхэд Гончигсумлаа гуай - Пөөх алдаг өвгөн юм байна, алж байна гэхээс өөр юм хэлж чадаагүй гарсан аж.

  • Бичсэн batireedui
  • Үзсэн: 3398

Бүлэг: Өгүүлэл

Эзнээ хүлээсэн байшин

Эзнээ хүлээсэн байшин Газрын болон үл хөдлөх хөрөнгийн зуучлагч Аорон Хакэрийн ажлийн газрын үүдэнд Нью-Йоркийн дугаартай нэгэн машин ирж зогслоо. Аорон энэ машины эзнийг эндхийх биш гэдгийг, машиных нь дугаарын шар хүрээг ч харалгүй мэдэж байлаа. Улиас моддоор сүүдэрлэгдсэн Ивү Корнерсийн нэгэн гудамжинд ирж зогссон, энэ улаан өнгийн Кавриолеттэй ижил машин хавь ойрд үгүй билээ. Тэр эр машинаасаа бууж ирэхэд Аорон, ажлийн өрөөндөх цорын ганц бичгийн ширээний ард мөрөөдөлдөө автан бохь зажилан суугаа хүүхнийг Салли хэмээн дуудав. Бичгийн машин дээрээ ном тавиад уйтгарлан суусан хүүхэн за ноён Хакер гэж хариу өчлөө. Үйлчлүүлэгч ирж байх шиг байна, бид ямар нэг зүйл хийх хэрэгтэй биш үү гэж , гуйсан маягтай асуухад, одоохон ноён Хакэр гээд нүүрэндээ инээмсэглэл тодруулан, өнөөх номоо хойш тавиад нэг хоосон цаас аваад бичгийн машиндаа хийж,” Тэгээд юу бичих вэ гэж асуув. Хамаагүй ээ- хамаагүй ! гэж Аорон хяламхийв. Баруун гартаа сонин хуйлж барьсан тэр эр шилэн хаалганд дөхөж ирэх нь үнэхээр л үйлчлүүлэгч мөн ажээ . Аорон, түүнийг биеэр том хүн байна гэж харж байтал, угтаа мань хүн зүгээр л нэг бүдүүн эр байв. Тэрээр маш хөнгөн материалаар хийсэн их чанартай өнгө даруу хүрэм өмсжээ. Харин түүний суган доогуур дугуйран харласныг харахад, хөлрөх гэж урсгадаг нөхөр аж. Тэр эр ойролцоогоор тавь эргэм настай, буржгар хар үстэй, нүүр нь халуунд улайсан байв, харин жартгар нүд нь хурц хүйтэн харцтай юм. Тэрээр хаалгаар орж ирүүтээ, бичгийн машины товчлуур дуугарах зүгрүү нүдний булангаар хараад, дараа нь Аороныг үзээд толгой мэхийв. Эрхэм Хакэр ? За ноёнтоон, таньд би юугаар туслах вэ? гээд Аорон инээмсэглэв Бүдүүн эр хуйлж барьсан сонингоо савчин “Би таны нэрийг Рубрукын үл хөдлөх хөрөнгийн худалдааны зараас олсон юм” Тийм ээ, бид долоо хоног бүр сонинд зар тавьдаг юм, заримдаа “Цаг үе” сэтгүүлд ч гаргадаг. Том хотод амьдардаг маш олон хүн манайх шиг ийм хотыг сонирходог шүү дээ. Бүдүүн эр өөрийгөө Ватэрбари гэж танилцуулаад алчуур гаргаж нүүрээ арчив. “Халуун байна шүү” Тиймээ дэндүү халуун байна, уг нь манай энд ингэж их халдаггүй л юм, хажуухандаа нууртай болохоор зундаа дунджаар целсийн 25 хэмийн л халуун болдог, тиймээ Салли? Хүүхэн үүнийг сонсох ч завгүй ажиллаж байв. За за, та суухгүй юу ноён Ватэрбари ? Баярлалаа. Бүдүүн эр заасан сандал дээр суугаад уртаар амьсгаа авав. Би энд ирэхээсээ өмнө ойр орчимоор явж юун түрүүн эхлээд эргэн тойрноо харж авахыг хүссэн юм, жижигхэн тааламжтай хот байна. “Тийм шүү, бидэнд бас таалагддаг юм. Тамхи татах уу?” гээд Хакэр ширээн дээрх навчин тамхины жижиг хайрцагыг онгойлгов. “ Үгүй дээ баярлалаа, Эрхэм Хакэр би жаахан яаруухан явж байна. Одоо шууд ингээд ажил хэрэгтээ орвол ямар вэ ? “Тэгэлгүй яахав ноён Ватэрбари.” Тэрээр бичгийн машин товших зүгрүү хөмсөг атрилдуулан харж, Салли ? “ За ноён Хакэр” Та наад нэг юмаа товшихоо болиод өгөхгүй юу ? Одоохон ноён Хакэр. Бүсгүй бичгийн машинаар хамаа намаагүй бичсэн утга учиргүй үсгийн цуглуулгаруугаа гөлрөн суулаа. За ноён Ватэрбари таны сонирхолыг татсан ямар нэг онцгой газар байгаа юм уу гэж Аорон асуув. “ Хэрвээ та үнэхээр мэдэхийг хүсэж байгаа бол, тийм гэмээр байна. Энэ бол хотын захад орших хуучин байшингийн яг эсрэг талд байгаа нэгэн байшин юм. Яг юун байшин гэдгийг нь сайн мэдэхгүй юм, хоосон бололтой юм билээ. “Сэрүүн байшин” гэж Аорон хэлээд. Магадгүй миний бодосноос өөр ч байж мэдэх юм, тэр байшин чинь баганатай байна уу. -Тиймээ мөн байна, Миний санаж байгаагаар худалдана гэсэн самбар өлгөөтэй байсан шиг санагдах юм, гэхдээ би сайн итгэлтэй биш байна, энэ талаар та мэдэх үү ? Аорон толгой сэгсрэн шүүрс алдаад, “Тиймээ тийм, таны зөв” гэж хэлээд хавтсалсан баримт бичгээ дэлгэж бичгийн машинаар цохсон нэгэн хуудас гаргаж ирээд, Удаан хугацааны туршид хэн ч үүнийг асуугаагүй шүү, бүр ганц ч хүн асуугаагүй. -Яагаад хэн ч асуудгүй билээ ? -Та өөрөө уншаад үзэлдээ гээд Аорон түүнд бичгийг өгөв. Бүдүүн эр бичгийг авч үзэхэд. Эртний сэргэн мандалын үеийн байшин, 8 өрөөтэй, 2 угаалгын өрөө, автомат тосон халаагууртай, цэвэрхэн засаж янзалсан мод буттай, дэлгүүр болон сургуульд ойр Үнэ 75000 доллар гэсэн байв. -Та үүнийг сонирхосон хэвээр л байна уу ? Бүдүүн эр нэг л тайван бус сандал дээрээ займчиж “ Яагаад болохгүй гэж , ямар нэг болохгүй буруу зүйл байгаа юм уу ? Аорон толгойгоо маажин, Үгүй ээ яахав дээ ноён Ватэрбари, хэрвээ таны санаанд манай хот үнэхээр таалагдаад , энд үлдэхийг хүсэж байвал, би таньд яг таарах өчнөөн олон байшин санал болгож болно шүү. -Байзаарай, энэ чинь юу гэсэн үг билээ, би таньд энэ хуучны байшинг гэж тодорхой хэлсэн биздээ, та тэгээд үүнийг худалдах юм уу үгүй юу ? гэж бүдүүн гэнэт хачин муухай ааш гарган асуув. Аорон ээрч мууран, тиймээ тийм би зарна гэж таньд хэлсэн шүү дээ, эрхэм хүн гуай, энэ байшинг зарчихаад нэрийг нь дарчихвал надад ч гэсэн амар байхсан, гэхдээ сүүлийн таван жил энэ байшингийн баримт над дээр байсаар байна, өдийг хүртэл надад үүнийг зарчих аз таараагүй. -Та тэгээд үүгээрээ юу хэлэх гээд байгаа юм бэ дээ ? -Би юу гэх гээд байгаа юм бэ гэхээр, та ч бас үүнийг худалдаж авахгүй, ийм л байна. Үүнийг худалдах даалгаварыг би хөгшин Садие Гримэсээс хүлээн авсан юм, тэрнээс биш энүүний төлөө би ганц хуудас цаас ч гарздахгүй байх байсан. Ямар ч эргэлзээгүй шүү. -Би таныг ердөө ч ойлгосонгүй. -За тэгвэл таньд би тайлбарлаад өгье л дөө. Тэрээр хайрцагнаас ороомог навчин тамхи гаргаж ирээд хуруугаараа эргүүлэн имэрч , таван жилийн өмнө тэр хүүгээ нас эцсэлсний дараагаас энэ байшинг зарахаар шийдсэн . Ингээд энэ үүргийг надад даатгасан юм, гэхдээ би энэ даалгаварыг авахыг үнэхээр хүсээгүй ээ, тэр ч бүү хэл чадахгүй гэдгээ улаан нүүрэн дээр нь хэлсэн. Энэ байшин нь түүний зарахыг хүссэн үнэнд хэзээч хүрэхгүй нэг муу хуучин амбаар. Та надад итгээрэй, энэ байшин арван мянга ч хүрэхгүй үнэтэй. -Бүдүүн эрийн нүүр улайж, арван мянга ч хүрэхгүй гэнээ ? тэгээд 75000-р зарахыг хүсээд байгаа юм биздээ ? -Тиймээ, гэхдээ та надаас яагаад гэж битгий асуугаарай. Энэ байшин маш их хуучин, бусад байшингуудтай харьцуулах ч юм биш. Зүгээр л үеэ өнгөрөөсөн эд. Хуучирч муудахын эсрэг ямар ч арга хэрэглээгүй, хэдэн жилийн дараагаас дээрээсээ хөндлөн дамнуургууд нь унаж ирэх биз. Зоорь нь аль хэзээний усанд автчихсан, нэг давхарынхан нэг хэсэгт 20 сантиметр хэртэй хазайчихсан, эзэмшил газар нь гэхэд хүний гар хүрээгүй цэвэрлээгүй ой гэж болно. -Тэгээд яагаад ингэж өндөр үнээр зарах гээд байгаа юм бол ?. -Аорон мөрөө хавчин, үүнийг надаас асуугаад яахав дээ, магадгүй мөрөөдөл нь ч юм билүү. Хувьсгалын дараагаас энэ байшин гэр бүлийн эзэмшилд ирсэн юм билээ, шалтгаан нь энэ ч байж мэдэх юм. Бүдүүн эр бодол болон шал ширтэн суув.. Энэ ч муу байна шүү, маш муу байна гэж хэлээд толгойгоо өргөн Аороныг харж ямар нэг зүйл сансан юм шиг инээмсэглээд, гэлээ ч надад таалагдаж байна, юу гэж тайлбарлахаа би сайн мэдэхгүй нь, ямар ч байсан яг миний хайж явсан байшин мөн байна. -Би таныг юу гэж бодож байгааг ойлгож байна, жинхэнэ хуучны эд шүү, тэгээд арван мянгад багтаагаад авчихвал ч сайн наймаа болно доо. Гэхдээ 75000 гээд байдаг. Гэж хэлээд инээв. Гэхдээ би Садиег яагаад ингээд байгаагын шалтгааныг гадарлаж байна, мөнгө төгрөг гэхээр юм түүнд байхгүй, хүү нь амьд сэрүүндээ хотод ажил төрөл хийж хөдөлмөрөөрөө ээжийгээ тэжээж байсан юм. Тэгээд хүүгээ өнгөрсөнөөс хойш, байшингаа зарсан нь дээр юм гэж бодсон байх. Гэхдээ бас дасаж сурсан хуучин байшингаасаа амархан салахыг бодохгүй л байгаа, тийм болоод ч хэн нэгэн хүнд үүнийг худалдаж авах санаа төрөхөөргүй болтол өндөр үнэ хэлсэн биз. Харин таны санал түүний сэтгэлийг амраах байлгүй, гээд санаа зовсон маягтай толгой сэгсэрч, гайхалтай сонин хачинаар дүүрэн хорвоо ертөнц юмдаа, тийм ээ ? -Тийм шүү гээд Ватэрбари их л дөлгөөн хариу хэлээд босов. Эрхэм Хакэр би таньд нэг зүйл хэлье, би Гримэс авхайнд очих бодолтой байна, бас үнийн талаарч ярихыг оролдоё. -Ноён Ватэрбари та тэгэх хэрэггүй дээ, яг таван жилийн өмнөөс өдийг хүртэл би бас тэгэхийг оролдсон юм. -Гэхдээ огт танихгүй гадны хүн тэр талаар яривал яахыг хэн мэдэх билээ. -Аорон Хакэр гараа алдлан, магадгүй таны зөв ч биз,бид чинь гайхалтай хорвоо ертөнц дээр амьдарч байгаа хүмүүс, та санаагаа гүйцэлдүүлэх гэж ингэж оролдлоготой байгаа болохоор би ч бас таны талд чадах чинээгээрээ туслах болноо. -Сайн байна би тэгвэл одоо ингээд тийшээ явья... -Гайхалтай, гэхдээ би Садие Гримэс авхайд таныг очиж байгаа гэдгийг утсаар хэлсэн нь дээр байх.” Ватэрбари, машины хөдөлгөөн багатай замаар аярхан явж байна. Түүний Кабриолетт машины моторын дуу намуухан нүргэлэх учир гадаа жиргэх шувуудын дууг хүртэл сонсож болохоор байна, машины хамар дээр замын хажуугаар ургасан моддын сүүдэр эрээлжилэн тусна. Садие Гримэсийн байшин хүртэл ганц ч машин түүнтэй таарсангүй. Тэрээр байшингийн өмнө ирж зогсоход хэмхэрч унсан модон хашаа нь яг л, эмх замбараагүй эгнүүлэн барьсан хамгаалалтын хэрэм шиг харагдана. Хашаагаар нэг, зэрлэг ургамал, хээрийн өвс дүүрчээ. Бас байшингийн нүүрний өндөр багануудыг мөлхөө ургамал битүү хучсан байна. Тэрээр модон хаалганд бэхэлсэн товшлуураар хоёр ч удаа тогшиж чимээ өглөө. Хаалга онгойлгосон авгай, их л жижиг биетэй навтгар хүн аж. Түүний бууралтсан цагаан үс нь бага зэрэг ягаан туяатай, жижигхэн ээтгэр эрүүтэй, үрчлээтсэн нүүрнийхэн арьс унжсан харагдана. Хэдий их халуун байгаа ч, зузаан ноосон хүрэм өмсчээ. -Таныг Ватэрбари гэдэг үү? Аорон Хакэр таныг ирж яваа гэдгийг хэлсэн юм Бүдүүн эр инээмсэглэн тийм ээ би байна, таны бие сайн уу хатагтай Гримэс ? -Надад их таатай байна, та орохгүй юу ? -Гадаа ч мөн их халуун байнаа, хэмээн бүдүүн эр инээмсэглэв. За та орооч дээ, би хөргөгчинд хүйтэн жүржийн шүүс хийгээд тавьчихсан байгаа. Ноён Ватэрбари, харин та надтай наймаалцах гээд хэрэггүй шүү, би тиймэрхүү хүмүүсийг сонсохыг ч хүсдэггүй юм. -Тийм гэж мэдрэгдэж байна шүү гэж хэлээд, авгайг дагаж байшинд орлоо. Байшинд ороход харанхуй бас хүйтэн байлаа. Цонхны хаалтаа буулгасан байх бөгөөд ямарч гэрэл нэвчих завсаргүй ажээ. Хуучирсан хүнд тавилгатай, хананд өлгөсөн зүйлс нь ямар ч эмх цэгцгүй, энэ өрөөний ганц өнгө оруулж байгаа зүйл нь хүйтэн шалан дээр дэвссэн хивс л байв. Настай авгай шууд явсаар түшлэгтэй савлуур сандал дээр суугаад атрилдсан гараа тэнийлгэх гэж их л хүч гаргаад, ямар ч юм ярилгүй хэсэг байснаа, За ноён Ватэрбари хэрвээ та ямар нэг зүйл хэлэхийг хүсэж байгаа бол одоо ингээд эхэлсэн нь дээр биздээ. Бүдүүн эр эв хавгүйхэн, -Хатагтай Гримэс, саяхан би таны үл хөдлөх хөрөнгийн зуучлагчтай ярилцаад... -Тэрийг чинь би мэдэж байна аа, гээд яриаг нь таслан, Аорон бол ухаан муутай тэнэг амьтан, тийм болоод ч таныг нааш нь миний бодлыг өөрчлүүлэх гэж явуулаа биздээ, гэхдээ миний нас хэтэрхий өндөр болсон болохоор тэр талаар яримааргүй байна шүү ноён Ватэрбари. -Би .. би ер нь таныг, миний тухай юу гэж бодож байгааг мэдэхгүй юм. Хатагтай Гримэс би таньтай зүгээр л, жаахан ярилцах гэж ирсэн юм. Авгай гэдрэг налан суугаад, дүүжин сандлаа хөдөлгөн, та ярих гэснээ зовох зүйлгүй чөлөөтэй ярьж болноо. -За, ... гээд бүдүүн эр нүүрээ алчуураар арчаад, алчуураа буцааж хийхдээ хайш яашхан хагасыг нь унжуулан хармаандаа шургуулав. Хатагтай Гримэс би таньд өөрийнхөө тухай бага зэрэг танилцуулья. Би бол худалдаачин хүн, олон жил ажилласаны эцэст бага зэрэг хөрөнгө хуримтлуулж авсан юм. Харин одоо би нэг тайван газар амар жимэр амьдармаар байна. Ивү Корнерс надад их таалагдсан юм. Хэдэн жилийн өмнө би Албанируу явж байхдаа энүүгээр дайраад гарсан , тэр үед л би өөрөө өөртөө энд л ирж амьдрах юм шүү гэж хэлж байлаа -Тэгээд ? -Тэгээд өнөөдөр би хотоор явж байгаад танай энэ байшинг хараад , яг л миний хайж явсан байшин мөн байсанд их сэтгэл хөдөллөө. -Надад ч бас маш их таалагддаг юм. Тийм ч учраас би тохирсон үнэ санал болгоод байгаа юм шүү дээ ноён Ватэрбари. Ватэрбарийн нүд гялтганан, тохирсон үнэ гэнээ ? Гэхдээ хатагтай Гримэс, та мэдэж байгаа, өнөө цагт иймэрхүү байшин нэг их ... -Больж үз, би таньд өмнө нь хэлсэн шүү дээ, энэ талаар бид ярих хэрэггүй гэж бодож байна, хэрвээ та энэ үнийг төлж чадахгүй л юм бол таньтай энд суугаад өдөржин дэмий чалчих хүсэл надад алга. -Гэхдээ хатагтай Гримэс та... -Баяртай ноён Ватэрбари ! гээд авгай бослоо. Энэ нь түүнийг ч бас дуурайн босохыг сануулсан мэт байлаа. Гэвч тэр боссонгүй, “ жаахан хүлээгээрэй хатагтай Гримэс, ганц хором хүлээхгүй юу, миний хэлж байгаа зүйл солиотой сонсогдох байх л даа, гэхдээ би таны энэ хүсээд байгаа мөнгийг төлье, би зөвшөөрч байна. Авгай түүнийг хэсэг зуур хөдөлгөөнгүй ширтлээ. Та маш сайн бодож үзсэн биз ноён Ватэрбари ? -Тэгсээн би сайн бодсон, мөнгө ч над хангалттай бий. Хэрвээ та хүссэн зүйлээ авах гэж яарч байгаа бол, би түүнийг чинь өгье . Настай авгай нүүрэндээ инээмсэглэл тодруулан -Жүржийн Шүүс ч одоо хөрч болоо биз, би таньд шилэн аяга аваад ирье, тэгээд би таньд энэ байшингийн талаар ярьж өгнө өө. Түүнийг том шилэн аяга барьсаар буцаж ирэхэд, бүдүүн эр духныхаа хөлсийг арчиж суув. Шар өнгөтэй, шүд хага ташим хүйтэн шингэнийг аяганд халин мэлтэн дүүргэж өгөв. Настан авгай сандалдаа буцаж тухлан суугаад, энэ байшин 1802 оноос манай гэр бүлийн өмч болж ирсэн юм, ойролцоогоор үүнээс 50 жилийн өмнө баригдсан гэдэг. Миний хүү Михаилаас бусад бүх гэр бүлийн гишүүд дээд давхарын унталгын өрөөнд мэндэлцгээсэн юм. Харин энэ уламжлалыг эвдсэн ганц хүн нь би, тэгэхэд миний толгойд эмнэлэгт төрнө гэхээс өөр зүйл бодогдоогүй юм, гэж ярихдаа нүд нь гялалзаж байлаа. Би энэ байшинг Ивү Корнерсийн бусад чанар сайтай байшинтай харьцуулах арга үгүй гэдгийг мэдэж байна. Михаилыг төрүүлчихээд гэртээ гарч ирэхэд, доод зоорины өрөө усанд автчихсан байсан, түүнээс хойш нэг ч удаа хуурай байхыг үзсэнгүй. Аороны бодож байгаа хорхой шавьжийг л би ямартай ч өдий хүртэл хараагүй. Тэгээд ч би энэ байшиндаа хайртай, та ойлгож байна уу ? -Тэгэлгүй яахав гэж, Ватэрбари хариу өчив. -Михаилыг есөн настай байхад аав нь өнгөрсөн юм. Тэр үед бидэнд маш хэцүү байж билээ, би гэрийнхээ ойр ажиллах болсон, харин миний аав надад тэтгэвэрийнхээ хэдийг цуглуулж үлдээснээр, одоо ч гэсэн би түүгээр нь яаж ийгээд амьдарлаа болгоод байгаа юм, их биш ч болж л байна. Михаил аавыгаа их үгүйлдэг, магадгүй миний санаж үгүйлж байснаас ч илүү байсан болов уу. Цаг хугацаа өнгөрөх тусам, түүний ганц хэлдэг үг нь их л зэвүүцэнгүйгээр, “бурхан гээд байгаа биз” гэдэг байсан. Бүдүүн эр яриаг их л шимтэн сонсож, аяархан шогширлоо. -Ахлах ангиа төгсөж шалгалтаа өгчихөөд, тэр маань надаас зөрсөөр байгаад Ивү Корнерсоос явж хот орсон. Тэр минь яг бусад залуусын адил өөрийнхөөрөө зүтгэдэг байсан, ямарч зорилго үгүй байсандаа ч хамаагүй. Анх хотод очоод түүнийгээ яаж амьдарч байсныг би мэдэхгүй ээ. Гэхдээ л хүү маань үргэлж надад мөнгө явуулж байсан болохоор, ямарч байсан ажил нь амжилттай байсан байх. Түүний нүд их л гунигтай болж “ хүү маань ёсөн жилийн туршид ганц ч удаа ирээгүй “ гэхэд. -Бүдүүн эр “Өө, өө” гэж их өрөвдөнгүй дуугарав. -Тиймээ, гэхдээ л хүү минь нэг л өдөр ямар нэг хэцүү асуудал тулгарсан байдалтай буцаж ирсэн нь, олон жил түүнийгээ хүлээж байснаас ч илүү надад хэцүү байсан юм. -Хөөх ? -Тэр асуудал нь хэр их хэцүү болохыг би төсөөлөх ч үгүй байлаа. Шөнө дундын үед, миний бодож санаж байснаас шал өөр, их тураж ядарсан амьтан гэнэт л хүрээд ирсэн. Ямар ч ачаа бараагүй, зөвхөн хар өнгөтэй ганц гар цүнхтэй л байсан. Би, тэр цүнхнээс нь барих гэхэд, намайг бараг л цохиод авсан даа. Намайг шүү дээ, есийн есөн жил уулзаагүй хайртай ээжийгээ. Тэгээд л би хүүгээ, шууд унтлагныхан өрөөнд хүргэж өгсөн, яг л бага байхад нь яаж оронд нь аваачиж хэвтүүлдэг байсан шиг. Тэр шөнө би түүний уйлахыг бүхэл шөнжингөө сонссон юм. Маргааш өдөр нь хүү маань намайг, хэсэг зуур гадуур яв гэлээ. Хүү маань ямар нэг зүйл хийх хэрэгтэй байна гэсэн, харин юу хийх гэж байгаагаа надад хэлээгүй. Оройхон гэртээ буцаж ирээд, би тэр жижиг цүнх байхгүй болсоныг анзаарсан юм гэхэд. Жүржтэй шилэн аягаа өөд нь барьсан бүдүүн эрийн нүд шилэн аяганы дээгүүр их л том болж харагдана, “ Энэ чинь юу гэсэн үг вэ ?” гэж асуув. -“Тэр үед би юу болоод байгааг мэдээгүй ээ, гэхдээ нэг их удалгүй бүх хэргийн учиг тайлагдсан юм. Даанч дэндүү хурдан учир нь олдсондоо. Тэр шөнө нэг хүн манайд ирсэн, харин яаж байшинд орсоныг нь ердөө ч мэдээгүй юм. Михаилын өрөөнөөс хүний дуу гарахыг сонсоод л, гадны хүн орж ирсэнийг анзаарсан . Би сэмхэн алхасаар хаалганыхана дэргэд ирээд яриаг нь сонсож, хүү минь ямар хэцүү асуудалтай байгааг олж мэдэх гэж оролдлоо. “Гэтэл хашгичих, сүрдүүлэх дуун гарч байснаа гэнэт”, гээд настай авгай дуугаа намсган мөрөө унжуулан сууснаа, “гэнэт буун дуу гарсан”. Тэр даруй би өрөөнд орж ирэхэд, унтлаганы өрөөний цонх дэлгэгдчихсэн, үл таних хүн аль хэзээний алга болсон байлаа. Харин Михаил шалан дээр хэвтэж байсан,-- тэр амьсгал хураачихсан байсан”. Сандал чихарч сонсогдлоо. -“Энэ бүхэн таван жилийн өмнө болж өнгөрсөн, бүхэл бүтэн таван жил өнгөрлөө. Хэсэг хугацааны дараа би цагдаа нараас юу болсоныг бүгдийг нь сонсож мэдсэн юм. Михаил бас өнөөх үл таних хүн хамтдаа, нилээд том дээрэм хийсэн байж. Өчнөөн мянган доллар хулгайлаад Михаил тэр мөнгийг нь аваад зугтаасан байна. Гэхдээ тэр, бүгдийг нь өөрөө авахыг хүсэж байж, тэгээд л бүх мөнгөө энэ байшин дотор нуусан хэрэг. Харин тэр мөнгө энэ байшингийн яг хаана байгааг би одоо ч мэдэхгүй . Дараа нь өнөөх үл таних хүн өөрийнхөө хувийг авах гэж хүү дээр маань ирсэн байна. Тэгээд бүх мөнгө алга болсоныг мэдээд хүүг минь алсан”, гэж хэлээд харцаа дээшлүүлэн, “тийм учраас л би энэ байшингаа 75000 доллараар худалдахаар зар өгсөн юм. Миний хүүг алсан алуурчин хэзээ нэгэн цагт энд иргэж ирээд ямар ч үнээр хамаагүй энэ байшинг худалдаж авна гэдгийг би мэдэж байсан юм. Тэр цүнх энд хаа нэгтэй байгааг зөвхөн тэр хүн бид хоёр л мэднэ. Харин би, над шиг хөгшин авгай дээр ирээд маш их мөнгө төлөх хүнийг хүлээхээс өөр юу ч хийж чадахгүй байлаа”. Гэж хэлээд сандлаа аяархан савлууллаа. Ватэрбари, хоосолсон шилэн аягаа ширээн дээр тавиад, уруулаа тамшаалан долоов. Гэнэт түүний нүд бүрэлзэн өөрийн мэдэлгүй толгой нь дайвалзан хөдлөв. -Пөөх хэмээн бүдүүн эр дуу алдав. Түүний аманд ер бусын гашуун зүйл амтагдаж байлаа.

  • Бичсэн Shagj
  • Үзсэн: 2846

Цахим Өртөө Сүлжээнд элсэх

  • Өртөөний сүлжээнд элсэх

tsahim_urtuuХэрэв та Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээнд элсэхийг хүсвэл: http://groups.google.com/group/tsahim-urtuu-suljee хаягаар зочилж маш хялбархан бүртгүүлж болно. Та Гүүгл суурьт энэхүү сүлжээнд имэйлээ бүртгүүлснээр манай сүлжээний гишүүн болно.

 

Image Temp

Энэ хуудас нь Цахим Өртөө сүлжээний нийт гишүүдийн хамтын бүтээл байх бөгөөд ажил хэргийн санал болгоныг вэбийн хамтлаг тухай бүр нь тусган энэ хуудсанд оруулж байх болно. Хамтран ажиллаж буй, ажиллахаар зэхэж буй таньд баярлалаа.

Newsletter