214-р сар2018

Хүүрнэл

Хуучийг хүүрнэсэн Дэндэвийн Пүрэвдорж,
хугаслаж товчилсон Ж.Ирээдүй

Жинхэнэ хүмүүсийн амьд түүх намтрыг өөрийн нүдээр үзэж харсан гэрчээс сонсож дуулах, унших юм уу эсвэл өөрийнх нь амнаас сонсох шиг баттай юм гэж үгүй. Уншигч таны амралтанд зориулан бидний мэдэх алдартай хүмүүсийн алиа марзан, амьд домгуудаас цуглуулж байгаагаасаа сийрүүлэн найруулж, та бүхэнд хүргэж байна. Энэ хэсэгт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Дэндэвийн Пүрэвдорж агсан бээр өөрийнхөө буюу урлаг, утга зохиолын алтан үеийнхний  сонирхолтой явдал, түүх намтрыг  “Бор гэрийн богд”, “Улаан гэрийн хоригдол”-доо бичиж үлдээсэнээс сонгон сонордуулсу.


БУДААЧИНХҮҮ
Монголын зохиолчдын хоёрдугаар их хурлын дараа гадаадын төлөөлөгчдийн зоог болж. Түүнд оролцсон Бямбын Ринчен бээр Өвөр Монголын зохиолч Малчинхүүгээс - Та зохиолоо ямар хэлээр бичдэг вэ гэхэд нөгөөх нь хятад хэлээр бичдэг гэж гайхуулахад, - Тэгвэл та чинь Малчинхүү биш Будаачин хүү юм байна гэжээ.

ДАРГА ДААСАН НЬ
Зах зээлийн үерээс хулширч үлдсэн манай зохиолчдын хорооны буурин дээр Долгорын Нямаа нь дарга, Бадарч нь уран бүтээл эрхэлсэн зөвлөх гэх боловч орлогч дарга гэж оодогонох дуртай байж л дээ. Дашдооров, Долгорын Нямаа хоёр хэн нэгэн хар юмтай зоогийн газарт буу халж байтал Бадарч ороод очиж гэнэ. Дашдооров, - Яасан сайн юм, танилц. Буриадын зохиолчдын хорооны орлогч дарга Борис Хинганов. Чамтай нэг зиндааны дарга гээд сахалтай ч билүү, нөгөө хар юмыг зааж гэнэ. Бадарч "хоёр улсын хорооны удирдлага" хэмээн ихсийн  зэрэгт шадарлаж халаасаа эргүүлж гөвөөд халамцсандаа нөгөө хар юмны нүүрийг дэлэн болтол үлгээд маргааш өглөө нь ажил дээрээ хүлээн авахаар юм болоод найр таржээ. Бадарч өглөө нь хүндэт зочноо хүлээж авах санаатай улаан самаар цагаан хялгасаа мяндаслаад л суугаад байж гэнэ. Гэтэл нөгөө Хинганов нь ирсэнгүй. Дашдооров гуайгаас асуувал, хэ хэ тэр чинь жолооч л доо, Нямаа бид хоёрыг дааж байсан чинь чи урдуур нь ороод төлчих чинь билээ гэжээ. (Д.Пүрэвдорж гуайн хууч)

ДИВААЖИНГИЙН ТУХАЙ
Зохиолчид диваажингийн тухай маргаж. Чойжалын Чимэд, - Би ч диваажинд очихгүй яах юм бэ? Хамаг сайхан хүүхнүүд хилэнцээ дагаад тамд л байгаа, тэнд очино гэхэд, Дэндэвийн Пүрэвдорж, - "Диваажинд очихгүй" гэх шүлгийн санаагаа шүүрч, харин Ц.Гайтав, - Би очино оо, гарилтаад шар тайлъя гэж бодоход л ширээн дээр Жанлав буюу шар айраг, Чогдол буюу цагаан архи хоёр ярайгаад л гэхэд, Б.Явуухулан, - Боль доо хонгор минь, тэнд чинь бидний уудаг юм байхгүй мэдэв үү гэвэл Ц.Гайтав дурамжхан, - Тэгвэл тэр бүдүүлэг газар байна, би болилоо гэж инээдийг нь  баржээ.

ДООРОВЫН УС
Арми сурталчлах ажлаар Дашдооров, Батын Нямаа, Бадарч нар цэргийн чуулгын болон армийн томчуудтай Алтайд очжээ. Очсон оройгоо зуух яндан угсарцгааж, өглөө хөдөө сум руу явах гэтэл Дооровын яндан хөрөөгүй байсан тул орхиод явжээ. Хөдөөнөөс буцаж иртэл, зочид буудлын жижүүр "Нямаа, Бадарч нарт Бигэр, Чулуунаас" гэсэн зурвас бүхий тус бүр нэжгээд гожин юм өгч гэнэ. Бигэрийн Чулуун бол алдартай нэгдлийн дарга, хөдөлмөрийн баатар хүн. Тэднийхэн хармаг нэрж архи, шарз, хорз аль эсийг хийхэв, бас зохиолчдын их анд байсан болохоор хишиг хүртээж хэмээн баярлахаас яахав. Үдэш нь Бадарч чуулгынхаа ганц нэг бүсгүйг "Бигэрийн Чулууны хишиг амс" хэмээн өрөөндөө сэм уриад лац ломбоо ховхолж аягалаад амсвал ус байж. "Араараа модтой Биндэряа" романы эзэн Батын Нямаагийнх ч бас ус байж. Орхиод явсаны хариу авахын тул Дооров ажил тарин тарин аймгийн хүнсний  үйлдвэрээр ус савлуулж, лацдуулсан юмсанжээ. (Д.Пүрэвдорж гуайн хууч)

ДӨШ, ЛАНТУУ ХОЁР
Улс төрийн товчоо нэг удаа зохиолчдыг хүлээн авч. Энэ уулзалт дээр Ц.Дамдинсүрэн гуай, - Зохиолчид гэдэг дөш л юм даа, дөш учраас дээрээсээ давтуулж байх учир тавилантай байдаг гэхэд Б.Ринчен гуай - Зохиолчдыг дөш гэж Дамдинсүрэн гуай онож хэллээ. Тэгвэл дөшний дээрээс цохидог лантуу байж таарна аа даа. Тэр лантуу нь хаана байна гээд товчоо руу долоовор хуруугаараа заачихаад зогсоод байж.

ЗӨРҮҮД ЛУВСАНЦЭВЭЭН
Зохиолч Ц.Гайтав, Д.Пүрэвдорж, Ж.Лодой нар анх Өвөрхангай, Баянхонгор, Өмнөговь, Дундговь дамнасан утга зохиолын их аянд зөрүүд жолооч Лувсанцэвээний хамт тэдний нэрлэснээр "дөрвөлжин жавар" хэмээх ГАЗ 67 тэргээр гарч өгч.
Зөрүүдийн туйл болсон тэр эрийг мэдэх тэр гурав эрт хөдөлмөөр бол "маргааш жаал амарч аваад тайван айван хөдлөе" гэж хэлэх, үүнд нөхөр жолооч "унтаад яахав, ус халаад явахгүй эртхэн хөдлөх минь" гэх, жаахан амарч байгаад оройхон хөдлөхөөр бол "өглөө эртхэн газар дөхөе" гэх. Үүний хариуд "яараад яахав, ямар нохойд хөөгдсөн биш" гэсэн хариу авах.
Харин нэг удаа тэр гурав алдаа хийж Өмнөговиос гараад давхих замдаа “бензин л үнэртээд байна даа” гээд хэлээд тавчихсан чинь, "Үнэртэлгүй яадаг юм, бензинээр явдаг юм чинь" гээд тоосонгүй давхисаар Бух долоогийн буудалд бууж хамраа сөхөж үзэээд "-Ээ туучий, хамаг бензин харбириатараар гоожичихож гэж халагласан гэнэ. Уг нь бензин үнэртэхгүй байх чинь гэж хэлэх ёстой байсан юм байна л даа зайлуул.

МАРШАЛЫН ЧӨДӨР
Чойжалын Чимид орос арван жилийн сургуулийн аравдугаар ангиа төгсөөд хойшоо Орост явж сурах санаатай байж. Аав нь маршалын комиссар байсан болохоор баттай дэмжинэ ч гэж бодож байж. Нэг өдөр Туулын хөвөөнд зусланд гарсан Маршалынд аавыгаа дагаад очиж. Сургуулиа сайн төгссөн, хойшоо сургуульд явах санаатай гэж аав нь хуучлахад Маршал түүнд чөдөр авч өгөөд алга, сум, чагт гурав аль вэ монголоор нэрлэ гэжээ. Мань эр алга, сум, чагт гурвын алийг нь ч мэдэхгүй таг сууж.
Маршал, - За хөө чамайг болбол гадаадад болбол явуулахгүй, чи орос хэлээ сайн сурсан гэсэн, монгол хэлээ сураагүй юм байна, Улсын их сургуульд ор гэжээ.

ОДОО БИ ДАРГА БОЛМООР БАЙНА
Цэндийн Дамдинсүрэн гуай нэг өдөр Дэндэвийн Пүрэвдоржоос "Би чамаас нэг юм асуух гэж явна. Урьд би дарга болох дургүй байлаа. Тэгсэн чинь төв хороо дуудаад дарга болгоод л, донгодож халаад л байдаг байлаа. Би чинь "Үйлдвэрчний төв зөвлөлийн дарга, үнэн сонины эрхлэгч, шинжлэх ухааны хүрээлэнгийн дарга, зохиолчдын хорооны дарга гэж явлаа. Бүгдээс нь донготой халагдсан. Одоо би харин дарга болмоор байх юм. Гэтэл намайг дарга болох уу гэж асуухаа боличихлоо. Энэ ямар учиртай юм бэ гэж жуумалзжээ. Д.Пүрэвдорж гуай хариуд нь үүний учир өөрт нь байгааг ойлгож, - Харин л дээ, би учрыг нь олохгүй юм гэхэд, - Тийм ээ, харин одоо цагт дарга болох хүн олон болчихсон юм биш байгаа... гэжээ.

ӨВЧҮҮНИЙ БҮДЭРХИЙНИЙ ХЭРЭГ
Маршалын комиссар Чимидийн аав Чойжил гуай нэг удаа ээлжтэй  шөнө орой  гэдэс нь жаахан өлсөөд хөргөгч нээсэн чинь нэг өвчүүний бүдэрхий байхаар нь аваад цохичихож. Маргааш нь ажлаас бууж хариад байтал маршал дууджээ. Цаг цөвүүн байсан болохоор айсгээд очтол, Маршал их л ууртай, - Хөргөгчинд байсан өвчүүний бүдэрхий яасан бэ хө? гэв. - Маршал аа, би ... гээд шилээ маажтал, - Улсын болбол маршал хүн өвчүүний бүдэрхий тавьж хоноод өглөө болбол идэж болохгүй юу... гэж баахан муухай харснаа дахиад тэгвэл үү... сайхан мэдээрэй, яв" гэжээ.

ТӨРӨХГҮЙ БАЙЖ БОЛНО
Дэндэвийн Пүрэвдорж нагац Бандигайгаасаа асууж,
-    Үнэн юм гэж ер байдаг уу?
-    Үхэх л лав үнэн юм даг.
-    Үхэх, төрөх гэдэг биш бил үү?
-    Төрөхгүй байж болно. Үхэхгүй байж болохгүй.
-    Тэгвэл эрлэг номун хаан л хамгийн шударга болох нээ?
-    Уг нь нуруутай л гэлцдэг юм. Уулзан байж л мэдэж дээ. За тэгээд хуучин хааныг нь феодал гэж нухчихаад оронд нь Гандаахай Дамба (тэрбээр Чойбалсанг ийн хэлдэг байж) ч суучихсан юм бил үү, хэн мэдлээ. гэжээ.

ТӨСӨВ БАТЛУУЛАХ АРГА
Ардын жүжигчин Эрдэнэбатын Оюун гуай төсөв батлуулахаар алаг нүдэн Цогзолмааг Сангийн яам руу явуулдаг байж. Хоёр сайхан алаг нүдээ эргэлдүүлж, албан түшмэлийг гэгээн мишээлээр гэрэл цацруулж байгаад, "бидний хувь заяа таны гарт байна, хэдэн муусайн жүжигчид эзэнгүй, бурхан минь тэгж хэлж яаж болох вэ, нам засаг та нар минь байхад, өөрийн гэрээ барих санаатай, өрхний минь оосрыг татаж өгөөч гэж л явна, манайхан урлагтаа хайртай юм болохоор туслаж байнаа, энэ жаахан төслийг батлаад өгчих гэх мэтээр эрхэлсхийж, хатуурхмаар бол нулимс цийлэгнүүлж, Оюун багшийнхаа нүүрийг яаж харах вэ, аяга хоолноосоо сална ш тээ, аргагүй намайг өрөвдөөч" гэсээр байгаад батлуулаад ирдэг байжээ. Одоо ч ийм арга байсаар байгаа байх шүү.

УЛААН ТУГ
Алдарт зохиолч Гайтав гуай хүүхнүүдэд сээтэгнэх дургүй, түг таг гэсэн яриатай, тэр утгаараа гэдэг шиг бараг хайрын шүлэг хийгээгүй нэгэн аж. Хөгжмийн зохиолч Лувсаншарав гуайтай харин "Амрагийн болзоо"-ны тухай нэгэн дуу хийхээр болж л дээ. Гэтэл дуун дээр нь хоёр залуу уулзаж, учраад байх авч, цаана нь нэг улаан туг заавал хийсээд болдоггүй гэнэ. Лувсаншарав гуай "Чи наад улаан тугаа авчих л даа, тэгвэл аятайхан болох гээд байна гэхэд, "-Үгүй, тэгвэл би чамтай дуу хийхгүй" гэж уурлаж гэнэ.

ХАМАГ МОНГОЛЫН ХААН
Бавуугийн Лхагвасүрэн нэг өглөө сэрэхнээ Хамаг Монголын хаан болчихсон байх юм гэнэ. Мэргэн түшмэл Дармын Батбаяр бараалхаж , - Хаантаан, юунаас эхлэх вэ? гэвэл  “Аян дайн, аян дайн” гэхэд нь чих хатуу Батбаяр аяндаа гэж андуу сонсоод “аяндаа болно, гениально” гэж байна гэнэ Хаан хилэгнэж, “битгий дүлийдээ найдаж унга”, хэмээн зандраад ховын сайд Ш.Цогтыг дууд гэжээ. Хаан Цогтод
-    Салхи хаанаас байна вэ?
-    Мэдэхгүй.
-    Тэр конус хараад ир.
-    Юу байдаг юм бол, хаантаан?
-    Тэр онгоцны буудал дээр байдаг кондоом.
Салхины чиг мэдсэн хаантан, “урагшаа малууд аа, зөвхөн урагшаа” хэмээн чичирснээ,
-    Тэнгэр тэтгэлээ, хөдлөе. Миний хойно их хатан Баасан явна. Жороо цоохор гүү унуул. Түүний араас алтан сондор шиг сүйхнүүд хэлхээд өг, мал аа. Олон тусмаа сайн. Эхний сүйхэнд Чимэдцэеэг зал. Хатан хувцастай шүү. Бусдад нь нөгөөдүүлийг нэг нэгээр нь шургуул. Бүгд нүцгэн байг. Хөшгий нь битгий тат. Хөхний нь товч харагдаж байг. Араас нь цэргүүд. Бүх цэргийн жанжин Шандын Гөлөгдэй баатар (Ш.Гүрбазар), аа тийм нөгөө сэгсчүү бөө (Ц.Чимэддорж) урд нь яваг. Миний баруун гарт мэргэн түшмэл Д.Урианхай, Д.Батбаяр хоёр явна.
Шандын Гөлөгдэй баатар,
-    Хаашаа явах вэ, хаантаан?
-    Битгий талчиганаад бай, би мэдэж байна. Богд уулын зүүн сугаар урагшаа бороо шиг асгарч, шороо шиг бос.
-    Тэгээд хаантаан?
-    Эхлээд Дайдууг эзлэнэ, дараа нь Шанхайг дайлна.
-    Тэнд яахсан бол?
-    Алаад өгнө, дэлхийн эмсийн хүрээлэн байгуулна. Ийнхүү цэрэглэн  мордож, Хоолтын даваан дээр гартал Хятадын усан ваймлий буу панхийж хаантан тэнгэрт нисэн одов гэнэ. Удсангүй тэнгэрээс туг хар үс, савхин хүрэм, америк жийнсэн өмдний тасархай бууж ирэхэд Шандын Гөлөгдэй баатарын самсаа шархирчээ. ... Ийнхүү Их, бага хаадаас хойших адаг хаадын үлгэр төгсөж амар сайхандаа жаргаж гэнэ. (Дэндэвийн Пүрэвдоржийн хууч)

ХӨӨРГӨӨ АРАЙ ГЭЖ АВСАН НЬ

Хөдөлмөрийн баатар Дэндэвийн Пүрэвдорж, Чойжалын Чимид, Бэгзийн Явуухулан гурав тухайн үеийн Орос Улсад болсон Монголын соёлын өдрүүдэд оролцохоор явж. Зохиолчдын ордонд болсон уулзалтын өмнө Явуухулан гуай хөөргөө гаргаж, Лев Ошанин багштайгаа тамхилахад цаадах нь "Энэ юу гэдэг тоглоом бэ, их баярлалаа" гээд аваад халаасандаа хийчихэж. Явуухулан гуай хөөргөө авч чаддаггүй, Чойжалын Чимидээс "миний хөөргийг аваад өг л дөө" гэж гуйж. - Чамайг хэн оросуудтай тамхил гэсэн юм бэ? гэж нэлээд зовоож, нөгөө орост нь монгол ёс заншилыг тайлбарлан байж арай гэж салгаж авч өгчээ. Түүнээс хойш тэрбээр хөөргөө нэг ч гаргаагүй буцаж ирсэн аж.

ХҮНИЙ ЮМ ЯАЖ ЗҮГЭЭР УУХ ВЭ ДЭЭ
Ванган гуай, Гэндэн гуай хоёрыг Москвагийн театрын дээд сургуульд сурч байхад машинаар хил гараад галт тэргэнд суудаг байж. Хойно борлуулж мөнгө олох юм гэвэл Ванган нь ганц костюмны даавуутай. Галт тэргэнд Ванган нь дээд орон дээр унтаж явж л дээ. Нэг шөнө Вангаан гэж татаад шилэн аягатай юм өгөхөөр нь цаадах нь ч хүртчихээд л унтаад л, дахиад дуудахад дахиж хүртээд л яваад байж. Олон л хүн байх шиг байж. Өглөө сэрээд юу болсоныг асуувал галт тэрэгний багийнхантай зад аваад гэжээ. Тэд Новосибирскээс Москва орох билет авах тул, нөгөө даавууг тэнд мөнгө болгох ёстой байж. Ванган муу модон хайрцагаа ухтал, нөгөө даавуу нь байдаггүй гэнэ. Геня, - нөгөө даавуу харав уу гэтэл, - Яаж хүний юм зүгээр уух вэ дээ, өвгөн чинь урд шөнө галт тэрэгний даргад бэлэглэчихсэн гэж хэнэггүй царайлжээ.

ЭРИЙН МЭХ
Далай гүний хүрээг балгас болгож багийн байран гэх үед, Дэндэвийн Пүрэвдоржийг бага байхад суртлын бригад ирж кино гаргах зар дуулаад явах гэтэл эцэг эх нь явуулаагүй аж. Эрийн муугийн эцсийн мэх гохдож нулимсаараа айлгах санаатай үзээд бараагүй гэдэг. Адаг сүүлд нь аврагч “Чойбалсаан эднийгээ хараач ээ”  гэж ухархайгаа ширгэтэл уйлж дуудаад ч нэмэр болоогүйд голоо харлатал гомдож тэрнээс болсон уу нас элэхэд нь нулимс гараагүй гэж хуучилдаг амой.

ЯЛГАДАС САЙД
Тавиад оны үед Бямбын Ринчен гуай руу хөдөө аж ахуйн яамнаас хэн нэгэн утасдаж, - Бид орос хэлнээс мал эмнэлгийн сурах орчуулж байгаа юм аа, гэтэл малын баас гэх нь жаахан бүдүүлэг санагдаад байна, ялгадас гэвэл ямар уу гэж асууж зөвлөжээ. Хариуд нь Ринчен гуай,
- Танай яаманд Бааст гэдэг дэд сайд бий байх аа?
- Бий, бий.
- Тэгвэл тэр сайдыгаа Ялгадас сайд л гэх болж дээ гэжээ.

ЯМАА БИШ ХҮН БАЙНА, БОЛДОГ Л БАЙГАА ДАА
Дэндэвийн Пүрэвдорж гуай тэргүүний малчдын хурлын үеэр Баянхонгорын Баянлиг сумын Улаан чих Аюур гэгчээс яриа авч туршлага судлаж, найруулал бичихээр өрөөндөө уриад сууж байтал Гончигсумлаа гуай орж ирж гэнэ. Энэ хүн танай нутгийн ламын гэгээний Гончигсумлаа гэдэг хөгжмийн зохиолч гэж танилцуулахад, Аюур гуай, Гончигсумлаа гэж дуулдаад байдаг юм, чи чинь орос эхнэртэй гэл үү, гэхэд тиймээ орос эхнэртэй гэвэл, - За яахав дээ ямаа биш хүн юм байна болдог л байх даа гэж авчээ. Тэгэхэд Гончигсумлаа гуай - Пөөх алдаг өвгөн юм байна, алж байна гэхээс өөр юм хэлж чадаагүй гарсан аж.

Цахим Өртөө Сүлжээнд элсэх

  • Өртөөний сүлжээнд элсэх

tsahim_urtuuХэрэв та Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээнд элсэхийг хүсвэл: http://groups.google.com/group/tsahim-urtuu-suljee хаягаар зочилж маш хялбархан бүртгүүлж болно. Та Гүүгл суурьт энэхүү сүлжээнд имэйлээ бүртгүүлснээр манай сүлжээний гишүүн болно.

 

Image Temp

Энэ хуудас нь Цахим Өртөө сүлжээний нийт гишүүдийн хамтын бүтээл байх бөгөөд ажил хэргийн санал болгоныг вэбийн хамтлаг тухай бүр нь тусган энэ хуудсанд оруулж байх болно. Хамтран ажиллаж буй, ажиллахаар зэхэж буй таньд баярлалаа.

Newsletter