224-р сар2018

Богдын эрдэнэсийн сангаас

Түүхийн шинжлэх ухааны доктор О.Батсайхан

Гадаад, дотоодын төр, шашин, соёл, аялал жуулчлалын өндөр дээд хэмжээний зочид, төлөөлөгчид, мөргөлчид бурханы ариун дагшин газар болох Хүрээнд ирж, Амьд бурхан хэмээгдэж байсан Богд гэгээнтэн лугаа уулзаж, түүнд ертөнцийн сонин хачин элдэв зүйлсийг өргөж байсан нь Богдын олон ордоны өрөө тасалгаануудад хадгалагдан байжээ.

Тэдгээрийг бүгдийг тоочиход цаас хүрэхээргүй, энгийн хүний ой тоонд амар буухгүй мэт санагдах тул заримаас цухас дурьдяа. Хятадын шижир алтан гулдмай, Камчаткийн хар булга, солонгосын хүн орхоодой, хойд мөсөн далайн 124 лан хув, якутын очир алмааз, энэтхэгийн эрдэнийн чулуу, алтан утсаар нэхсэн хүүдий дүүрэн сувд бадмаараг шигтгээтэй ээмэг, бөгж, писүү, гартаам, мана, шүрэн эрдэнийн чулуун хөөрөгнүүд, алт, мөнгө, хүрэл, ган, зааны ясаар бүтээсэн бурхад, цагаан, хүрэн зандан үнэт модоор хийсэн бурханы ширээ, сандал, үнэт мод, чулуу ухаж алтаар өнгөлсөн бурханы гуу гэх мэт үнэт зүйлс олон байжээ.

Богдын ордоныг үзээд Польшийн аялагч Ф.Оссендовский мэл гайхаж, алмайран бичихдээ: “Европийн музейнүүдэд ч байхгүй ховор үзмэр байна” гээд “Богдын ордоныг  үзвэл европийнхоны нүүр улаймаар юм”  хэмээн бичсэн байдаг.

Ф.Оссендовски Богдын ордон, эрдэнэсийн санг нь үзээд: “Үнэт эрдэнэс, баялагийн тийм гайхам цуглуулгыг би өмнө нь огт үзээгүй агаад зүйрлэвээс Европын аль ч музей атаархах буй за”  хэмээн дуу алдан өгүүлснээ тэмдэглэсэн бол Богдын эрдэнэсийн сангийн талаар дараах байдалтай бичсэн байна.

Богдын шанзав Бадамдорж нэгэн авдарны мөнгөн цоожийг түлхүүрдэх зуураа: “Энэ авдарт Бей Кумаас ирүүлсэн цул шижир алтнууд, тэрэнд Кемчугийн хар булгануудыг хадгалдаг юм. За тэгээд энэ бол анагаах ухааны увидастай бугын эвэрүүд. Харин тэр бол хүн орхоодойн үндэс, үнэр сайт заар хийсэн хайрцаг байгаа юм. Бас энд Хөлдүү тэнгисийн эргээс ирүүлсэн хув байгаа. 120 лан хүнд эд дээ. Энэтхэгийн үнэт эрдэнэсийн чулуунууд, Хятадаас авчирсан зааны ясан сийлбэрүүдийг бас хар даа хэмээгээд өөр ч бас олон олон зүйлийг сэтгэл хангалуунаар үзүүлсэн бүлгээ”  хэмээн тэмдэглэжээ.

Ф.Оссендовски “Богдын цуглуулганы хөмрөг үнэнхүү дуу алдан шагширмаар байсаныг дахин хэлэх нь зүйтэй. Цагаан минж, хар булга, цав цагаан, хөв хөх, хав хар үнэг, хар ирвэсний өдий төдий арьснууд. Яст мэлхийн хуягаар хийсэн өчүүхэн хайрцган дотор 10-15 ярд урттай, аалзны шүлс адил нарийхан, хөнгөхөн энэтхэг торгон хадгийг хадгалжээ. Цувимал алтаар нэхсэн  хүүдий дүүрэн далайн сувдыг энэтхэг бярман нар бэлэглэжээ. Цааш сонирхвоос Энэтхэг, Хятадаас ирүүлсэн бадмаараг, индраанил шигтгээтэй асар үнэтэй бөгжнүүд, засаагүй биндэрьяанууд, алт, мөнгөн хатгамалтай жасар жанхав дээлнүүд, алт сувдан шигтгээтэй зааны соёон сийлбэрүүд, Берингийн тэнгисийн эрэг хавийн эртний урчууд далайн морины соёон дээр урласан сийлбэрүүд гээд тэнд буй бүхний тоочьё хэмээвээс цаг хугацаа хаанаас олдож ажээ. Өөр бас нэгэн өрөөнд алт, мөнгө, хүрэл, зааны яс, тана болон үнэт ховор модоор хийсэн үй олон жижигхэн Будда бурхан байх амой” хэмээн нүдээр үзэж, чихээр сонссоноо ийнхүү бичжээ. Энэ бол үнэндээ Богд хааны эрдэнэсийн сангийн зах зух төдий гэвэл эдүгээ үнэмших хүн цөөн болов уу. Гэвч үнэн гэвэл байдаг билээ. Тэр тусмаа Богд гэгээнтэний цуглуулсан эрдэнэсийн сан, амьтдын хүрээлэн гээд энэ ертөнцийн үнэт бүхнийг цуглуулсан бүхнийг үзсэн хүмүүс нэг бус байсаныг энд хэлэхэд илүүдэх юун.

Тэгвэл Богдын талаар таагүй мэдээ нэг бус удаа амнаасаа унагаж байсан Оросын эрдэмтэн П.Козлов түүнийг таалал болсоны дараахан Богдын ордонд очоод ёстой л мэл гайхаж, цэл хөхөрснөө өөрийн тэмдэглэлдээ нуугаагүй байдаг. Өөртэй нь нэг ч удаа уулзаагүй хүний амаар Богдын талаар элдэв юм сонсож, буруу ойлголттой явснаа эрх биш ухаарсан болов уу. Оросын эрдэмтэн Козлов тэмдэглэлдээ: “Хїмїїсийн яриагаар бол Богд гэгээн хивсээр гоёсон баян тансаг гэрт бараг їргэлж амьдардаг байна. Байшин нь музейн байдалтай байдаг. Байшинд музей ч биш юмдаа,  музейн ховор їнэт эд зїйлсээр дїїрсэн эрдэнэс байдаг байна. Хааны хєрєнгє нь зуунаар цугларсан маш их алтны нєєцтэй бєгєєд тїїнийг нь ордоны гадуур тоолж болдоггїй байна. Энэ баялаг Богд гэгээний хууль ёсны баялаг хэмээн одоохондоо хїлээн зєвшєєрєгдєж байна. Тїїнийг Богд гэгээн авдаггїй юм байна”  хэмээн бичсэн буй. Эрдэмтэн, аялагч Козлов Маршалл, Бадамжав нарын хамт 1924 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр анх удаа Богдын ордон оржээ. “Тэнд үнэхээр сонин зүйлс үзсэн” гэж эл өдрийн тэмдэглэлээ эхлээд “юуны өмнө, хятад маягаар барьсан хийдийн олон барилгууд намайг гайхшрууллаа. Тэнд цэцэрлэгт хүрээлэн, мод тарьсан байдал гээд бүхэлдээ монголын байгалийн сайханыг илтгэн харуулсан хүрээлэн зэрэг нь надад үнэхээр таалагдаж байв.

Богдын ордоны цонхоор харагдах ой шугуй таныг өөртөө татахын зэрэгцээ цонхоор ургамлын сайхан хийгээд янгир ямаа, буга согоо зэрэг олон амьтдыг дурангаар харан баясаж болно. Ариун дагшин газрын цэвэр цэмцгэр онгон байдал хэний ч болов хязгааргүй ихээр нүдийг баясгаж, сэтгэл татах авай. Боронзоор алтадсан Долон нуур хийцийн олон бурхадыг түвэд болон энэтхэгийн алийнхийг болохыг ялгахад бэрх. Үүний тулд магадгүй долоо хоног, сар ч хэрэгтэй байж магад. Би энд анх удуу шүрэн Амитаюс бурхан (урт удаан наслахын бурхан –О.Б), ногоон нефритон хөөрөгнүүдийн дунд шүрэн хөөрөг, ганц бишээ, бүхэл бүтэн цуглуулга шүрэн хөөрөг харлаа. Бас ногоон, цагаан, цайвар ногоон бүр нарийвчлан хэлбэл ногоон судалтай бас сүүн цагаан өнгөтэй хөөрөгнүүд байлаа. Чухамдаа бол дүрслэн хэлэх боломжгүй тийм зүйлс байлаа. Хув шар өнгөтэй төрөл бүрийн чулуун болон шилэн, ханз үсэгтэй улаан, хөх сайн чанарыг хөөрөгнүүд байв. Орос маягийн их ордон модон шалтай, уурын халаалттай, цахилгаан гэрэлтүүлэгтэй бөгөөд эл ордонд европ, хятад, монголын төрөл бүрийн уран сайханы болон үнэт эдлэлүүд дүүрэн байлаа. Өөрийн эрхгүй кунсткамер (ховор эдлэлийн цуглуулга музейг –германд ингэж хэлдэг байна. Орост бас өөрийн Кунтскамер байгуулсаныг санасан байж магад –О.Б)  хэмээн хэлж байлаа. Уран зураг, хаад, ноёдын хөргүүд хичнээн төрлийн байгааг хэлэхэд ч бэрх. Тоолж баршгүй. Нэгэн тасалгаанд хөгжилтэй итали эрийн хөрөг зургийн хажууд Английн хаан Эдуардийн өнгө ялгаруулан зурсан хөрөг өлгөөтэй байв. Николай хоёрын олон төрлийн хөрөг байв. Богд гэгээний өөрийнх нь болон эхнэрийнх нь хөрөг байлаа. Төрөл бүрийн цаг, эр, эмийн дүрслэл бүхий гэрэл зургийн альбомууд. Хятад, оросын шаазан эдлэлүүд гэх зэрэг маш олон эд өлгийн зүйлс байв. Буу зэвсэг бас байсан. Гэгээний унтлагын өрөө нь тун тохьтой бөгөөд бараг онцгой ордон бүрд өөрийн унтлагын өрөө байв. Дуран, толь, хөгжмийн зэмсэг байлаа. Би орон нутгийн бөөрөнхий зэмсэг авав. Ан амьтан, шувуу гээд төрөл бүрийн хэвлийгээр явагчдын чихмэл цөөнгүй байв. Тэр чигээрээ агуу том музей. Халуун орны төрөл бүрийн амьтдын чихмэл хүртэл байв. Төрөл бүрийн үнэт зүйлсийг хараад нүд ядарч байв. Миний хувьд хоёр хэсэг бүхнээс илүү таалгадав. Энэ бол буддын бурханууд ба нефритийн агуу их цуглуулга юм. Гялалзсан тунгалаг ямар цайны аяганууд байсан гэж санана. Хөөрөгний цугуулга хүртэл гайхалтай байв. Одоо амьтадын тухайд. Газар сайгүй төрөл бүрийн гаралтай ноход, тагтаанууд байв. Тэдэнд зориулсан тусгай газартай юм. Үүнээс гадна, тусгай газруудад гурав, дөрвөн баавгай, хоёр чоно, сармагчин, асар том заан (сайн асаргаатай байсан), махчин шувуу, талын залуу бүргэд зэрэг миний хувийн ажиглалтаар л гэхэд ийм байв. Энд зэрлэг муурын тухайд дурьдсангүй гэж нэмэж бичсэн байв. Монголчуудын хийсэн асар том цаг байрлуулсан өрөө сонирхолтой байв. Энэ бол Богд болон бүх монголчуудын бахархал. Төрөл бүрийн барилга, гэр, эрдэнэсийн сан, гаражууд бүгд хоорондоо холбоотой байхаас гадна эдгээр үзмэрүүдийн эмх цэгцтэй байдал, уран сайхан нь үзэгчийг бас гайхшруулж байлаа”  хэмээн дүрслэн бичжээ.

Тэгвэл Козлов 1926 оны 1 сарын 14-ны өдөр Никифоровын тэргүүлсэн хүмүүсийн хамтаар Богдын ордонд дахин очжээ. Эл өдрийн тэмдэглэлдээ: “Богд гэгээний ордонд бурхадаас гадна цөөн тооны шаазан ваар, хэнд ч хэрэггүй зүйлсээс өөр юу ч үгүй болжээ. Нэгэн дулаан гэрт бичиг хэрэг, бүртгэлийн газар байгуулжээ. Энд байсан хөрөнгийн ихэнх чанартай хэсгүүд хүмүүсийн гараар оржээ. Багахан хэсгийг эрдэнэсийн хайрцаганд хийж, ломбодсон байна. Цагаан өнгөн дээр алтан луу дүрсэлсэн шаазан хос ваарыг 100 мянган мексик долларын өртөгтэй үнэт эдлэл хэмээн бидэнд үзүүлж байв. Ерөнхийдөө бид ямар ч сонин зүйлс олж аваагүйн дээр ерөөсөө ч харсангүй. Цаг, нефритэн эдлэлүүдийг ч бид энэ удаа харсангүй. Нөгөө олон амьтадаас одоо ердөө л хоёр чоно, нэг хар баавгай л үлджээ. Үүгээр Богдын ордоныг үзэх аялал өндөрлөв”  хэмээжээ.

Түүнээс өмнө болон хожим ч байгуулж чадаагүй тийм амьтаны хүрээлэнг Богд гэгээн өөрийн биеэр Монголд байгуулсан байдаг. Богдын амьтаны хүрээлэнд халуун орны барс, Алтайн ирвэс дүүлж, Гималайн баавгай хүрхрэлдэж, Энэтхэгийн могой мушгиралдан, том жижиг сармагчингууд дүүлж, Шотланд одой морьд янцгааж, Африк судалтай тахь уралдаж, Энэтхэгийн заан бүжиглэж, Монголын зээр, аргал, янгир, хар сүүлт, чоно, алтан гургалдай, тайгын нохой хүртэл эгэлгүй олон амьтан тааваараа идээшин байсан тухай домог мэт зүйлсийг үзсэн дотоод, гадаадын хүмүүс тэмдэглэлдээ бичиж үлдээжээ. 1912-1913 онд Монголд 9 сар өнгөрүүлсэн Оросын нэрт дипломатч И.Я.Коростовец Богд хаантай гурвантаа уулзаж, түүнийг монголчуудын нэгэн адил “эзэн хаан” хэмээн дуудаж байв. Түүний өдрийн тэмдэглэлд Богдын ордоны тухай маш тодорхой дүрслэн харуулсан байдаг бөгөөд “Богдын цуглуулгад амьтаны чихмэл, түмэн бодис, одон орны судлалын хэрэглэл, хүний биеийн бүтцээс эхлээд ер нь санаанд оромгүй үзмэрүүд буй” гэжээ. “Богд гэгээнтэн автомашин, пягтруул, хөгжим, уран зураг, сүрчиг, хөгжмийн зэмсэг болон заан, сармагчин, Гималайн баавгай, Энэтхэгийн могой, тоть гээд ховор араатан жигүүртэн бүхнийг шохоорхон” авсан байсаныг Ф.Оссендовски тэмдэглэсэн буй. Ер нь “мөргөлчдийн, тэднийг дагаад бэлэг сэлтийн урсгал Буддын шажинт ертөнцөөс Өргөө рүү цутгах нь үл тасрах ажээ” хэмээн бичсэн нь үнэнийг өгүүлсэн гэлтэй.

Монголчуудыг тєдийгїй гадаадынханыг бишрїїлсэн Богд гэгээнтэний тэр их баялаг, алт эрдэнэс хаачсан бол оо. Эл тухай Монголын сүүлчийн эзэн хаан Богд Жавзандамба хутагт: амьдрал ба домог номноос мэдэж болно.

Цахим Өртөө Сүлжээнд элсэх

  • Өртөөний сүлжээнд элсэх

tsahim_urtuuХэрэв та Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээнд элсэхийг хүсвэл: http://groups.google.com/group/tsahim-urtuu-suljee хаягаар зочилж маш хялбархан бүртгүүлж болно. Та Гүүгл суурьт энэхүү сүлжээнд имэйлээ бүртгүүлснээр манай сүлжээний гишүүн болно.

 

Image Temp

Энэ хуудас нь Цахим Өртөө сүлжээний нийт гишүүдийн хамтын бүтээл байх бөгөөд ажил хэргийн санал болгоныг вэбийн хамтлаг тухай бүр нь тусган энэ хуудсанд оруулж байх болно. Хамтран ажиллаж буй, ажиллахаар зэхэж буй таньд баярлалаа.

Newsletter