191-р сар2018

"Ричистан: 21-р зууны баячуудын ертөнц" - Ирэх долоо хоногоос номын худалдаанд!

Уолл Стрийт Жоьрнэл-ийн сурвалжлагч Роберт Франкийн бичсэн Нью Йорк Таймс-ын бэстселлэр "Ричистан: 21-р зууны баячуудын ертөнц" ном Монгол хэлнээ хөрвүүлэгдэн гарлаа.

Өөр хэн ч биш зөвхөн саятнууд л амьдардаг улс орон байна гээд төсөөл дөө. Түүнийг чинь Ричистан гэж нэрлэе!                          

Баячуудыг хүмүүс хамгийн их таньдаг боловч тэдний амьдрал хамгийн далд, нууц, оньсого шиг байдаг билээ. Уолл Стрийт Жоьрнэл-ийн сурвалжлагч Роберт Франк баячуудын амьдралыг бүтэн жил сурвалжилсныхаа дараа энэхүү сонирхолтой номоо бичжээ.          

Хэрвээ та жинхэнэ баячууд, саятнууд, тэрбумтнууд гэж хэн болох, тэд хөрөнгө мөнгөө хэрхэн арвижуулдаг, ямар амьдралын хэв загварыг эрхэмлэдэг, эд баялаг, нийгмийн зиндаа, нэр хүндээрээ хэрхэн өрсөлддөг, юу бодож явдаг, улмаар тэд нийгмийн бусад хэсгийнхний амьдралд төдийгүй улс төр, нийгмийн амьдралд нэрхэн нөлөөлдгийг мэдье гэвэл Нью Йорк Таймс-ын бэстселлэр болсон энэхүү номыг унш! 

Жинхэнэ баячууд ямар сууцанд амьдардаг, ямар машин унадаг, ямар онгоц, яахт хөлөглөдөг, ямар цаг зүүдэг, жилд хэдий хэмжээний мөнгийг ямар зүйлд зарцуулдаг зэрэг нарийн ширийнийг нь ч та мэдэх болно.

                     АГУУЛГА

 

Удиртгал     
Шинэ үндэстэн
СӨНЧИЙН ЗУСЛАН                            
Шинэ баячуудын гэрийн сургалт
ГУРАВДАХЬ ДАВАЛГАА                        
Гялс баяжигчдын эрин үе
ОЛОХУЙ НЬ                              
Керамик тосгоны хаантан   Эд Бэйзинэт
ЗАРАХУЙ НЬ                             
Тим Бликсэт
АЛДАХУЙ НЬ                            
Пийт Массэр
БҮЖГИЙН ТАНХИМ ДАХЬ БҮДҮҮЛЭГҮҮД                
Шинэ ба Хуучин мөнгө
ХЭМЖЭЭ ЗААНАА ГЭЖ                       
“Миний завь чинийхээс том шүү“
ХҮМҮҮНЛЭГИЙН БҮТЭЭЛЧ ҮЙЛС                 
Үр дүнгийн төлөө өгөхүй нь
ЗАЙЛЖ ҮЗ, ХРИСТОСЫН ЭВСЭЛ                  
Улстөрийн шинэ нууц ноёд
БАЯЧУУДЫН ЗОВЛОН                       
Мөнгөтэйн зовлон
ЯЗГУУРТАН ЖААЛУУД                      
Парис үргэлж л байх болно
БАЯЛАГИЙН АНГАЛ, РИЧИСТАНЫ ИРЭЭДҮЙ

ТАЙЛБАР   

 

УДИРТГАЛ

ШИНЭ ҮНДЭСТЭН
Нэгэн ер бусын статистик мэдээний нээлтээр энэ ном эхэлсэн түүхтэй.
2003 онд Уолл Стрийтийн бонусын (шагналт цалин) талаар өдөр тутмын нэгэн нийтлэл тэрлэх явцдаа Холбооны Нөөцийн Зөвлөлөөс гаргасан нэгэн хүснэгттэй таарсан юм. Тэр хүснэгт саятан өрхийн тоо 1995 оноос хойш хоёр илүү дахин өсч, найман сая гаран болсныг харуулдаг юм даа. Мэдээж, сая доллар өмнө байсан утгаа ч алдсан л даа. Гэхдээ баялагийн шатлалаар хичнээн дээш ахиулан, тухайлбал 10 сая, 20 сая, 50 сая долларын хөрөнгөтэй өрхүүдийг харсан ч, бүгд л хоёр дахин нэмэгдэж байлаа.
Хамгийн гайхалтай нь Нэгдсэн Улс хай-текийн (өндөр технологийн үйлдвэрлэл) уналт, эдийн засгийн зогсонгишил болон 2001 оны террорист халдлагын дараа ч гэсэн саятануудыг цутгасаар байсан явдал юм. Баялагийн бүүм (цэцэглэлт) Силикон Валлей дахь 20 гаран доткомчууд болон Нью Йорк дахь Уолл Стрийтчүүдээс хол давсаныг уг тоо харуулав. Баяжилт орон даяар, насны бүх бүлэг, улмаар бизнесийн бараг бүх л салбарыг хамарч байв. Өмнө нь хэзээ ч ийм олон Америкчууд ийм богино хугацаанд ингэж баяжиж байсангүй. Бусад салбарын үйлдвэрлэлээр Хятад, Энэтхэгээс хоцорж байгаа ч саятан үйлдвэрлэх тал дээр эдүгээ Нэгдсэн Улс дэлхийд тэргүүлж байна. Түүхэндээ анх удаа бид Европоос ч олон саятантай болжээ.

САЯТАН ӨРХ
2004 оны доллар (саяар) дээр тулгуурлав

  1 сая 5 сая 10 сая 25 сая
1995 3.77 .55 .23 .05
1998 5.43 .86 .30 .06
2004 9.05 1.44 .53 .11

Холбооны гаргасан тоог үзсэнийхээ дараа би эдгээр баян хүмүүсийн тухай эргэцүүлж эхэллээ. Тэд хэн юм бол? Тэд хэрхэн баяжив? Мөнгө тэдний амьдралыг хэрхэн өөрчилж байгаа бол? Хамгийн чухал нь, тэд жирийн бидний амьдралыг хэрхэн өөрчилж байна вэ? Яагаад, телевизийн “саятан” реалити шоу, баялагт шунахын эрин үед, нийгмийн эл бүлгийг яг үнэндээ ямархуу бүлэг болох талаар бид тун ч өчүүхэн мэдлэгтэй байдаг билээ?
Эдгээр асуултанд хариулахын тулд зоримог туршилт хийхийг манай сонины эрхлэгчид дэмжсэн юм. Ингээд миний бие 2003 онд Уолл Стрийт Жьорнэл-д шинэ баячуудын амьдрал ахуйг дагнан мэдээлэх анхны сурвалжлагч боловоо. Яахтын зогсоолоор эргэлдэж, өглөгийн цэнгүүнээр сэлгүүцэж, Ферраригийн борлуулагчдаар доншиучилж, Сотэби болон Кристигийн дуудлага худалдаагаар өлөлзөж би баячуудын ертөнцөд умбалаа. Трастын хууль, үнэт хөрөнгө оруулалт болон буяны өглөгийн сүүлийн үеийн хандлагыг хүртэл судлахад хүрэв. Дээд зэрэглэлийн тансаг эдлэн борлуулагч, нисэх онгоц зуучлагч, үдэшлэг зохион байгуулагч, резортын менежерүүдийг хүртэл эрүүдлээ. Ихэвчлэн баян хүмүүст төвөг удаж байв. Тэднээс хар мянган асуулт шалгааж, амьдрал, мөнгөнийх нь талаар аль болох л нээлттэй яриулахыг хичээж байлаа. Гайхалтай нь олон хүн ч тэгж ярьж байсан юм. Энэ бүхний үрээр баячуудын шинэ соёлын тухай өгүүлсэн нийтлэлүүдийг минь уншигчид ихэд таашаан хүлээж авсан билээ.
Ном маань ингэж л дээрх сурвалжлагуудаар эхэлсэн түүхтэй. Харин баячуудын орны тухай санаа хожим нэгэн яахтын клуб дээр болсон санамсаргүй ярианаас үүдсэн юм. 2004 онд жил тутмын яахтын цуглааны үеэр би Форт Лоодэрдэйлийн Бахиа Мар зогсоолын тавцан дээр явж байгаад Техасын нэгэн завьны эзэнтэй таарлаа. Тавцангийн дагуу эгнэн зогсох, жимсний дүрстэй Карибийн тэнгисийн далбаатай, ихэвчлэн 150 фийт буюу түүнээс урт зуу зуун аврага яахтыг ширтэх зуураа тэрээр над руу эргэн “Чи энэ завьнуудыг хараад энэ хүмүүс ч асар их мөнгө хийж байна даа гэж бодож байгаа байх. Энд яг өөр оронд байгаа юм шиг л санагдаж байгаа байх” гэсэн юм.
Тэр үгс миний ой тойнд хадагдах шиг болсон. Өнөөгийн баячууд үнэндээ өөрсдийн гэсэн улс орныг бий болгосон байна. Үнэндээ ч тэд ихэнх улс орнуудаас баян. 2004 он гэхэд Америкчуудын хамгийн баян 1 хувь гэхэд л 1.35 триллион буюу Франц, Итали, эсвэл Канадын үндэсний нийт орлогоос их орлого олж байлаа. Улмаар тэд их мөнгөнийхөө хүчээр өөрсдийн эрүүлийг хамгаалах систем (бэлэн дуудлагын эмч), аялалын сүлжээ (хувийн нисэх онгоц, гишүүнчлэлтэй клубууд), эдийн засаг (хоёр оронтой орлогын ашигтай, хоёр оронтой инфляцитай), хэл (“Танай өрхийн менежер хэн бэ?” гэх мэт) бүхий тусдаа ертөнцийг байгуулсан ажээ. Тэд зүгээр нэг цэцэрлэгчдийн багийг бус харин “хувийн ойчдыг” хөлсөлдөг гээд л бод. Баячууд зүгээр нэг баяжиж байсангүй. Харин тэд санхүүгийн хувьд гадаадынхан болж, улс орон дотор улс орон, нийгэм дотор нийгэм, эдийн засаг дотор эдийн засаг байгуулсаар байлаа. Тэд баячуудын орон Ричистаныг бий болгож байлаа.
Би эрхбиш гадаад сурвалжлагч хийж байсны хэрэг юу билээ энэхүү шинэ орныг судлахаар гарч өгнө биз. 12 сар энд тэндгүй хэрж, 10 сая доллараас дээш хөрөнгөтэй хамгийн сонирхолтой л гэсэн Ричистанчуудтай уулзаж ярилцлаа. Өнөөгийн баячуудын олонх нь нийгмээс хөндий, чимээгүйхэн байхыг эрхэмлэдэг болсон тул миний уулзсан баячуудын талаар та өмнө нь хэзээ ч сонсож байгаагүй байх. Тэд Доналд Трамп, Билл Гэйтс, Уоррен Баффэт болон нэгэнтээ танил болсон Форбсийн алдарт 400 супер одуудаас өөр.
Аялах зуураа хуучны мөнгөтнүүдийнхээс асар өөр баячуудын шинэ соёлыг ч илрүүллээ. Тоглоомын жижигхэн керамик тосгод гэх мэт огт мэдэхгүй шахам юмнуудаар асар их мөнгө хийсэн Ричистанчуудтай ч таарч байлаа. Улмаар ертөнц даяар цалиглах асар их мөнгөний улмаас хүмүүсийн баяжих арга зам өөрчлөгдөж буйг ч ухаарлаа.
“Ажлын донтой баячуудын” шинэ үүлдрийн төлөөлөл болсон дуу зохиогч, жэт-сэттэр (онгоцоор аялагч) мод бэлтгэлийн барон Тим Бликсэт гэгч тэрбумтан болсон хойноо ч ханаж цадахаа больсон эртэй ч уулзаж байлаа. Мөн бүхэл бүтэн тэрбум долларын хөрөнгөө хөрөнгийн зах зээл дээр тэр чигээр нь тавиад туучихсан хэдий ч дахин босохоор зүтгэж буй Пийт Мюссэр гэгч азаа үзэх дуртай эртэй ч уулзаж байлаа.
Палм Бийчэд усан сангийн тоглоомын нэгэн онгиргон магнат хөх-цустны Нийгмийн оргилд хүрэх гэж мацаж байгаад Доналд Трампын бүжгийн өрөөний шалан дээр нуран унаж (шууд утгаар), хөгөө хөлдөө чирэхэд хүрсэн хар-зангианы үдэшлэгт хүртэл оролцож байлаа. Мөнгөний зовлонгоосоо болж тусламж авахад хүрсэн саятнуудад зориулсан шинэ төрлийн эмчилгээний терапи болох баячуудын бүлгийн уулзалтанд ажиглагчаар сууж ч үзлээ. Шинэхэн мөнгөн халбагатнууд мөд өвлөн авах мөнгөө хэрхэн зарцуулах талаар суралцдаг Баян Хүүхдийн Зусланд ч нэг өнжиж үзлээ.
Ричистанчууд тансаг хэрэглээ гэгчийг хэрхэн хөөрөгдөж буйг харахын тулд өнөө үеийн хамгийн том яахтуудад ч хүртэл сууж үзлээ. Түүнчлэн тэдний зарлага бусад Америкчууд дээр сайн ч бай муу ч бай хэрхэн “шиврэн буухыг” ч харлаа. Этиофи дахь ядууралтай тэмцэхэд зориулан хөрөнгөнийхөө тэн хагасыг өгч, шинэ маягийн өглөгчийн биелэл болсон Жүүдийн шашинт Ирланд эртэй ч учирч байлаа. Түүнчлэн муж улсынхаа хууль тогтоох хурлыг Ардчилсан намынхан хяналтандаа авахад нь санхүүгээр туслаж, улмаар шинэ маягийн, дэвшилтэт баячуудын улстөрийг эхлүүлсэн дөрвөн чинээлэг Колорадочуудын Дөрвөн Дээрэмчин гэгч бүлгийн үйл ажиллагаагаар дамжуулан Ричистаны улстөрийг ч судаллаа.
Мэдээж эдгээр баячуудын талаарх Америкчуудын байр суурь зөрчилтэй. Нэг талаасаа, Ричистанчууд Америкийн эдийн засгийн бүх л агуу тал болон хэн ч, хаана ч баяжиж болох чадварыг төлөөлж байгаа нь үнэн. Гэвч Ричистан нь баячууд болон бусдын хооронд үүссэн асар том ангалыг ч мөн харуулж байгаа юм. Хэдийгээр баячууд асар олон болсон ч, тэд санхүү болон соёлын хувьд бусад Америкчуудаас тун ч хол тасарсан ажээ. Үнэндээ Ричистаны амжилт нь Америкийн дунд ангийнхны ялагдлыг тод томруун харуулж байгаа юм.
Гэхдээ миний аялалын зорилго энэхүү маргааны аль нэг талд орох биш л дээ. Би баячуудыг буруушаах ч гээгүй, мөн тэднийг баатар болгох ч гээгүй. Шилдэг гадаад сурвалжлагчид уншигчдаа тухайн улс оронд аваачих, тэндэхийн хүн ам, газар орныг судлаж, тэднийг бусад ертөнцөд тайлбарлахыг оролддог билээ. Ричистаны хувьд би ийм л зорилготой.
Эдийн засагч Жон Кеннэт Гэлбрэйт “Бүх ангийн дотроос баячууд хамгийн их анзаарагддаг мөртлөө хамгийн бага судлагдсан нь” гэж нэгэнтээ бичсэн нь бий. Энэ үг өнөөдрийнх шиг үнэн байсан үе байхгүй л болов уу. Тэгш бус байдлыг ойлгохын тулд бид юуны түрүүнд Ричистан болон тэнд амьдардаг хүмүүсийг ойлгох хэрэгтэй.
За аялалаа бяцхан тоймоор эхлэе.

Шинэхэн орны гурван давхраа
1980-аад оны сүүл үе хүртэл баячууд цомхон, нам гүм, тусгаарлагдмал орчинд амьдардаг байв. Тэд ижилхэн сургуульд сурч, ижилхэн клубд явж, ижил төстэй үнэт зүйлс баримтлахын дээр байнга л өөр хоорондоо гэрлэдэг байлаа. Тэр орчин нь улс орон шиг биш харин тосгон шиг л юм байлаа. Үржил, үр сад нь банкны данс шиг нь л ач холбогдолтой байв. Тиймээс ихэнх Ричистанчууд мөнгөн дээр төрдөг байсан бөгөөд тэдний мөнгө голчлон газрын тос, химийн үйлдвэрлэл, ган, үл хөдлөх хөрөнгө, арилжаанаас гаралтай байв.
Эдийн засгийн ашиг орлого Ричистанаас хол давахын зэрэгцээ тухайн үед давамгайлж байсан соёл, улстөр хэр хэмжээнээсээ хэтэрсэн баялгийг хазаарлаж байсан учир шинэ баячууд төрөн гарах нь тун ховор байлаа. 1982 онд Форбсийн 400-гийн анхны жагсаалт сонины мухлагт хүрэхэд хамгийн баян эр нь 2 тэрбумийн хөрөнгөтэй тээвэр зуучийн хямгач магнат Даниел Ладвиг гэгч байлаа. Түүний араас зууны зааг үеийн хөх-цустнууд болох Рокэфеллэр, Хант, Гетти, Фиппс, Дю Понт нарын нэрс жагсаалтанд удаалж байлаа.
Харин 1980-аад оны сүүлээс баячууд өөрчлөгдөж эхэлсэн юм. Хөөрөн гарч ирсэн санхүүгийн зах зээл Уолл Стрийтчүүд, корпораци цөлмөгчид, хай-текийн пионерүүдийн шинэ бүлгийг төрүүлэв. Тэрбумтнуудын тоо 1982 онд 13 байснаа 1987 онд 67 хүрч огцом өсчээ. 2000 он гэхэд бүрэн хүчээ авсан бухын зах зээлийн үрээр баяжилтын цунами бууж, саятан хүн амын тоо найман саяд хүрч гурав илүү нугарч, Швед эсвэл Австрийн хүн амаас ч илүү болжээ.
Баячууд Ричистанчууд буюу баячуудын шинэ онцгой үеийнхний гишүүн болжээ. Ричистанчууд хөрөнгөө өвлөж аваагүй. Тэд харин баялгаа өөрсдөө бүтээж, дунд эсвэл дундаас дээд ангийнхны эгнээнээс босож ирсэн юм. Парис Хилтоныг орхивол өнөөгийн олон саятнуудын дөнгөж 3-хан хувь нь цуутнууд бөгөөд тэдний 10 хүрэхгүй хувь нь мөнгөө залгамжилсан байна. Өмнөх үеийн баячуудыг бодвол тэд хамаагүй залуухан. “1990-ээд оноос өмнө миний мэддэг байсан баячууд ихэвчлэн тэтгэвэрт гарсан, жар далаад насныхан байдаг байлаа” гэж баячуудын хөрөнгийн менежмент хийдэг Ю.Эс. Траст пүүсийн гүйцэтгэх захирал Питер Скатурро ярилаа. “Одоо бол ихэвчлэн гуч дөчтнүүд. Тэдэнд цаашдаа туулах зам их байна шүү.”
Мөн Ричистан нь гүн гүнзгий хуваагдалтай орон л доо. Хуучны мөнгөтний харьцангуй нийтлэг соёл тэдний дотуур байртай сургууль, клуб, соёлын байгууллага, сүртэй нэр хочныхоо хамт замхран алга болжээ. Эдүгээ Ричистанчууд нас, арьс өнгө, хүйс, газар зүйн байрлалын хувьд маш эрээвэр хураавар. Түүнчлэн залуухан чинээлэг либералуудын шинээр гарч ирсэн үеийнхэн хуучинсаг Бүгд Найрамдахчуудын эсрэг хөндөлдөөд л тэд ер нь улстөрийн хувьд ч ихээхэн хагаралтай.
Гэхдээ Ричистан дахь хамгийн гайхалтай хуваагдал нь тэдний баялагийн төвшин. Ричистан болон эгэл Америкийн хооронд баялагийн тэнцвэргүй байдал өссөн шиг Ричистанд ч гэсэн энэ тэнцвэргүй байдал өсч, дээд ангийнханы дунд “хөрөнгөтэйчүүд” болон “илүү их хөрөнгөтэйчүүдийн” хооронд шинэ маягийн дайныг дэгдээсэн байх юм. Үнэндээ, Ричистанууд дор хаяхад гурван үндсэн ангид хуваагдаж байна.

Доод Ричистан
Хүн ам нь долоон сая гаран өрхтэй болтлоо үржсэн Доод Ричистан нь Ричистаны улам өргөжин тэлж буй захын хороолол нь. Доод Ричистанчууд Макманшнд (том шинэ байшин) амьдарч, Эс-Ю-Ви унаж, өндөр үнэтэй каталогоос худалдаж авсан цэцэрлэгийн тавилга дээрээ налайж байдаг. Тэдний ихэнх нь корпорацын захирал, доктор, хуульч, банкир, дизайнер, шинжээч, санхүүгийн менежер гэх мэт сайн боловсролтой, өдөр тутмын ажил эрхэлдэг мэргэжлийнхэн. Тэдний баялагийн ихэнх нь цалингаас нь бүрддэг бол үлдсэн гуравны нэг нь хөрөнгө оруулалтын ашигаас бүрэлдэж байдаг. Хай-тек, санхүүгийн баримжаатай улам бүр глобалчлагдаж буй буй эдийн засагт өндөр боловсролтой ажилчдын эрэлт өсөн нэмэгдсэний болон өндөр цалингийн үр шимийг Доод Ричистанчууд хүртэж байгаа ажээ.
Улстөрийн хувьд доод Ричистанчууд нь консерватив. 2004 оны сонгуулиар тэдний ихэнх нь Жорж Бушын төлөө санал өгсөн бөгөөд санхүүгийнхээ нөхцөл байдлыг сайжруулахад нь Буш хамгийн шилдэг сонголт байсан гэж тэд тайлбарлаж байлаа. Түүнчлэн тэдний ихэнх нь өртдөг тул тэд хөрөнгө өвлөлтийн татварыг устгах саналыг хамгийн хүчтэй зүтгүүлэгчид.
Мөн саяхан хүрсэн амжилтын ард байнгын санаа зовнил нуугдаж байдаг. Доод Ричистанчууд Америкчуудын 95 хувиас илүү их мөнгөтэй хэдий ч тэд бусад Ричистанчуудтайгаа харьцуулбал ядуурсаар байгаа аж. Хамгийн ядуу Ричистан ба хамгийн баян Ричистаны хоорондох эдийн засгийн зай өнгөрсөн арван жилд бараг хоёр дахин нэмэгдсэн байна. 1990-ээс 2004 оны хооронд хамгийн дээд орлоготой 1 хувийнханы дундаж орлого 57 хувиар өссөн байхад тэрхүү 1 хувийн хамгийн баян арван хувийнханы орлого 85 хувиар өссөн байна.
Коктейл үдэшлэг юмуу хүүхдийнхээ хөл бөмбөгийн тэмцээнд очихдоо Доод Ричистанчууд илүү хөрөнгөлөг хүмүүсийн дунд орох болдог. Ингээд нэрээ хичээж, баян ах дүү нартайгаа адилхан загнахын тулд Доод Ричистанчууд маш их үрж, асар ихийг зээлэхэд хүрдэг байна. 2004 онд Ричистаны инфляци 6 хувьд хүрсэн нь Нэгдсэн Улсын ерөнхий инфляцийн төвшингөөс даруй хоёр дахин их байв. Инфляци нь тэдгээр баячууд бүгдээрээ л ижилхэн хувийн сургууль, хүүхэд асрагч, БМВ, Жимми Чүгийн гутал, бийч дээр сууц худалдаж авах гэж хошуурснаас болсон юм. Өнгөрсөн арван жил Доод Ричистанчууд тэрбум тэрбум долларын өр хуримтлуулж амжжээ. 2004 он гэхэд Доод Ричистанчуудын 20 орчим хувь нь бүх орлогоо буюу түүнээс ихийг ч зарлагадсан байх юм.
Доод Ричистанчуудыг тэд манай улсын хүмүүс биш гэх Ричистанчууд зөндөө байх юм. Тэд Доодсыгоо “за яахав дээ тэд “чинээлэг” юм биз дээ” гэх нь Ричистаны туйлын доромжлол аж. Ричистаны их тэргүүн Андрю Карнегийн үгээр бол Доод Ричистанчууд “баян бус харин чадвартай” ажээ.
За жаахан дээшээ өгсөөдхөе.

Дунд Ричистан
Дунд Ричистаны гэр бүлүүд 10-аас 100 сая долларын хөрөнгөтэй. Эндэхийн хүн ам аль хэдийн 1.4 сая хүрчээ. Мэдээж амьдрал энд арай л тухтай л даа. Хаусууд нь том, урлагийн бүтээлүүд нь илүү сайхны дээр оршин суугчдын ихэнх нь амралтын хаустай аж. Эндэхийн ихэнх Ричистанчууд цалин, жижиг бизнес, хөрөнгө оруулалтаар мөнгө хийнэ. Ер нь Доод Ричистанаас Дээд Ричистан руу шилжих тутам бизнес эрхлэгчид болон бизнесийн эздийн тоо нэмэгдэж эхлэнэ. Дунд Ричистанд Доод Ричистанаас даруй хоёр дахин олон бизнес эрхлэгчид байна. Энэ нь асар баяжих баттай зам бол өөрийн компани байгуулж, борлуулалтаа эхлэх явдал гэдгийг харуулж байгаа юм.
Түүнчлэн Дунд Ричистанчууд Доодчуудыг бодвол илүү либерал. Хувийн санхүүгээ бодвол ноён Буш илүү ашигтай байсан ч өнгөрсөн сонгуульд дийлэнх Дунд Ричистанчууд Жон Керригийн төлөө саналаа өгсөн юм. Дунд Ричистанчууд боловсрол, хүрээлэн байгаа орчин болон технологийн бодлогод илүү их ач холбогдол өгдөг ажээ.
Гэхдээ л Дунд Ричистанд амьдрах нь өөрийн гэсэн өртөгтэй. 2004 онд л гэхэд 30-аас дээш саяын хөрөнгөтэй Ричистанчуудын инфляци 11 хувь буюу үндэсний инфляцийн төвшингөөс бараг 3 дахин их байв. Гэхдээ Дунд Ричистанчууд болон тэднээс чинээлэг хамаатнууд нь Доод Ричистанчуудаас хавьгүй хурдацтайгаар баяжиж байгаа учир тэд их үрдэг ч мөнгөгүй болчихно гэж санаа зовох юм бараг байхгүй л дээ.

Дээд Ричистан
Дээд Ричистанчуудын пэнтхаус нь 100 сая ба түүнээс дээш долларын хөрөнгөтэй гэр бүлүүдээс дүүрдэг. Тодорхой гаргасан тоо байхгүй ч Дээд Ричистаны хүн ам нь мянга мянгаар тоологдоно. Тэдний ихэнх нь өөрсдийн компаниа байгуулж, борлуулалт хийж мөнгөтэй болсон боловч сүүлийн үед гүйцэтгэх захирал, мөнгөний менежерүүд (ялангуяа хөрөнгө оруулалтынхан) тэдний эгнээнд хурдацтай түрэн орж ирж байгаа.
Дээд Ричистаныханы амьдрал итгэмээргүй төвөгтэй болсон аж. Амьдрахын тулд, тэд “гэр бүлийн алба” буюу өөрөөр хэлбэл гэр бүлийнхээ өдөр тутмын хэрэгцээг, тухайлбал хөрөнгө оруулалт, хууль, бичиг цаасны ажил, аялал төлөвлөлт, гэрийн үйлчилгээний ажилчид авах зэрэгт үйлчлэх том компаниудыг бий болгоход хүрчээ. Шуудангаа нээх эсвэл төлбөр тооцоогоо хийх зэргийг Дээд Ричистанчууд өөрсдөө бараг хийдэггүй. Чухам тийм ч учраас Дээд Ричистанханы халуун рашааны жилийн дундаж төлбөр 107000 доллар гардаг байх.
Хэрвээ та Дээд Ричистанд амьдарвал мөнгөний талаарх таны бүх философи өөрчлөгдөнө. Амьд яваа насандаа бүх баялагаа, эсвэл түүнийхээ зарим хэсгийг нь ч зарцуулаад барахгүй гэдгээ та ухаарах болно. Түүгээр ч барахгүй та хичнээн их үрсэн ч таны мөнгө өсөж л байна гэдгийг ухаарах болно. Тиймээс Дээд Ричистанчууд санхүүгээ ирэх зуун жилээр төлөвлөдөг. Тэд хувьцаа бус харин мод бэлтгэлийн ой, газрын тосны цамхаг, оффисийн барилгууд худалдаж авдаг.
Гэсэн хэдий ч Дээд Ричистанчуудад хааяа нэг дорд орох мэдрэмж төрнө. Яагаад гэвэл тэрбумтны виллад оршин суугчид тэднийг халхалчихдаг юм л даа.

Тэрбумтны Вилла
1985 онд тэрбумтаны вилла дөнгөж 13 оршин суугчтай байж. Харин 2006 он гэхэд Форбсийн мэдээгээр 400 гаран болжээ. Баячуудыг бүртгэдэг Нью Йоркт байрлах Рич Лист Ко-гийн захирал Лесли Манделийн жагсаалтаар бол Нэгдсэн Улсад 1000 гаруй тэрбумтан байдаг авч ихэнх нь олон нийтийн радарт өртөлгүй үлджээ.
Тэрбумтнуудын хувийн амьдрал яг л компани гэсэн үг. Тэдний гэр орон нь яг л зочид буудал шиг. Өөрөөр хэлбэл, тус тусын логотой, төсөвтэй, үйлчилгээний ажилтны арми бүхий нүсэр кампусууд л гэсэн үг. Хэн нэгэн тэрбумтнаас банкных нь мэдүүлгийг асуугаад үзээрэй. Тэгвэл харилцан уялдсан охин компани, холдинг компани, хөрөнгө оруулалтын фонд, сангуудын таван төвшин бүхий диаграмыг та хүлээн авна гээд л бод.
Өнгөрсөн арван жил тэрбумтнуудад тун өлзийтэй байсан аж. Форбсийн 400-гийн нийт хөрөнгө нь 1995 онд 439 тэрбум байснаа өнөөдөр 1 триллион гаран болж 2 илүү дахин нэмэгджээ. Хэдий тийм боловч тэрбумтнууд ердийн л нэг байдаг үзэгдэл болж эхлээд байна. Резортын эзэн, мод бэлтгэлийн барон, тэрбумтан Тим Бликсэт нэгэн олон тэрбумын хөрөнгөтэй эр тэдний хувийн гольфын талбайтай эдлэнд морилсон тухай өгүүлсэн юм. 18 нүх тоглосныхоо дараа зочин нь энэ газар надад их таалагдлаа, худалдаж авья гэсэн гэнэ. Саналаа бичсэн жижигхэн цаас Тимийн гарт атгуулсан нь 400 сая доллар гэсэн байж. Тим саналыг хүлээж аваагүй ч чухам юу түүнийг тэгэж гэнэтийн наймаа хийхэд хүргэснийг гайхсаар үлджээ. “За тэр нөхөр ч харин баян эр байсан шүү” гэж Бликсэт хэлсийм даа.
Энэ номонд Ричистанаар аялсан аялалаа зөвхөн АНУ-аар хязгаарлалаа. Гэвч Ричистан нь мөн чанараараа глобал шинжтэй төдийгүй учир холбогдол нь ч Америкийн хилийг хол давсан үзэгдэл юм. АНУ-д шинэ баячуудыг төрүүлсэн глобалчлал, технологи, санхүүгийн зах зээл өргөжин тэлж буй нь дэлхий даяар асар олон шинэ баячуудыг төрүүлсээр байна.
КапЖеминай болон Мэррилл Линчийн мэдээгээр дэлхийн санхүүгийн саятнуудын (1 сая долларын гүйлгээний хөрөнгөтнүүд) хүн ам 2005 онд л гэхэд 8.7 сая хүнээр бую 6.5%-иар өссөн байна. Хэдийгээр АНУ хамгийн олон шинэ баячуудтай боловч бусад орнууд АНУ-аас хавьгүй хурдацтай байна. Саятан хүн амын тоо Нэгдсэн Вант улсад 7%, Австралид 8.5%, Бразилд 11%, Хятадад 7%, тэр ч байтугай Энэтхэгт 19%, Орост 17%-иар өссөн байна.
Форбсийн дэлхийн тэрбумтнуудын жагсаалт яг л баячуудын Нэгдсэн Үндэсний Байгууллага болон хувирчээ. 2007 оны жагсаалтаар топ 20 тэрбумтаны дөнгөж тав нь л АНУ-ынх байсан бол бусад нь Мексик, Британи, Франц, Испани, Хонг Конг болон Энэтхэгийнх байлаа. Өөрөөр хэлбэл, Ричистан бол иргэд нь дэлхий даяар тархан суурьшсан хил хязгааргүй орон болжээ.
Ялангуяа, Нэгдсэн Вант улс Ричистанчууд цэцэглэн дэлгэрч байгаа газар. Эдийн засаг, Бизнесийн Судалгааны Төвийн судалгаагаар 2020 он гэхэд Нэгдсэн Вант улс дахь саятнуудын тоо 4 дахин нэмэгдэж, 376 000-аас 1.7 сая болох гэнэ. Өндөр үнэтэй орон сууцнууд, түүний дотор ялангуяа Мэйфэйр, Кенсингтоных эрэлт маш ихтэй байгаа бөгөөд 2006 онд ихэвчлэн 20 сая доллар давсан үнээр зарагдаж байлаа. 2007 онд зах зээл дээр байсан хамгийн үнэтэй сууцны нэг нь Саррэйгийн Уйндлешэм гэдэг тусгай тосгонд байрлах 60 000 хавтгай дөрвөлжин фийт орон зайтай, 103 өрөөтэй, 58 акр газартай Апдаун Корт хэмээх эдлэн байлаа.
Баян түншүүддээ тропикийн арал түрээслүүлэх, 250 фүүтийн урттай яахт чартерлах, Кипрт төрсөн өдрийн үдэшлэг зохион байгуулах зэргийг зохицуулдаг Британий зуучлалын үйлчилгээ цэцэглэн хөгжиж байна. Британий хөлбөмбөгийн багууд нь ч гэсэн Челсийн эзэн Орос Роман Абрамович, Ливерпүүлийг худалдаж авсан Америк Жорж Жиллэт, Том Хикс зэрэг дэлхийн баячуудын хорхойсдог үзүүлбэр болоод байна. Лондонгийн тансаг авто машины дийлерүүд Бентлей, Роллс-Ройс, Астон Мартин-ыг рэкорд тоогоор гүйлгэсээр байна. Эдгээр машин жинхэнэ “Бритиш” байхаа больсон л доо.
Баячууд нь ч гэсэн Бритиш биш л дээ. Британий хамгийн баян оршин суугчид нь Энэтхэгийн төмөрлөгийн магнатууд, Сауди Арабийн шейхүүд, Оросын олигархууд зэрэг өндөр үнэтэй түүхий эдээр баялагаа босгосон гадаадынхан юм. Тэд Британий соёл болон татварын өгөөмөр хуулинд татагдан иржээ. Вант Улсын шинэчүүдийн эгнээг Топ-шоп-ийн үндэслэгч Ноён Филип Грийн, мэдээллийн технологийн суутан Хатагтай Стефани Ширлей зэргийн бизнес эрхлэгчид, Би-Пи-гийн гүйцэтгэх захирал асан Жон Браун, Кадбери Швэпсийн Ноён Жон Сандэрланд зэрэг өндөр цалинтай гүйцэтгэх захиралууд тэлж байна. Хэж-фонд менежерүүд, хувийн хувьцааны эзэд, банкирууд, хуульчид Лондонд бөөгнөрч буй глобал капиталын нүсэр баялаг руу тэмүүлэх болсноор Британий баячуудын том хөтлөгч нь санхүүгийн бизнес болжээ. Хөрөнгө оруулалтын глобал уралдаанд Лондон Уолл Стрийтийг ч орхино гэж зарим хүмүүс таамаглаж буй бөгөөд тэр нь зөндөө олон баян Бритончуудыг төрүүлэх нь ойлгомжтой.
Британий Ричистанчууд АНУ-ын Ричистанчуудын нэгэн адил Хуучин, Шинэ Мөнгөтөн болон “хөрөнгөтэйчүүд” болон “илүү их хөрөнгөтэйчүүдийн” хооронд шинэ зөрчлийг ч үүсгэсэн аж. Тэд тэгш бус байдлын талаар шинэ зовнил бий болгож байна.
За одоо АНУ-д эргэн очиж баячуудын ертөнц хэрхэн өөрчлөгдсөнийг тэдэнд үйлчилдэг хүмүүсийн нүдээр харая.

Цахим Өртөө Сүлжээнд элсэх

  • Өртөөний сүлжээнд элсэх

tsahim_urtuuХэрэв та Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээнд элсэхийг хүсвэл: http://groups.google.com/group/tsahim-urtuu-suljee хаягаар зочилж маш хялбархан бүртгүүлж болно. Та Гүүгл суурьт энэхүү сүлжээнд имэйлээ бүртгүүлснээр манай сүлжээний гишүүн болно.

 

Image Temp

Энэ хуудас нь Цахим Өртөө сүлжээний нийт гишүүдийн хамтын бүтээл байх бөгөөд ажил хэргийн санал болгоныг вэбийн хамтлаг тухай бүр нь тусган энэ хуудсанд оруулж байх болно. Хамтран ажиллаж буй, ажиллахаар зэхэж буй таньд баярлалаа.

Newsletter