181-р сар2018

Цахим Өртөө Боловсролын Консорциум (Дээд Сургууль) дэлхийн хэмжээнд өрсөлдөх монгол мэргэжилтэнг төгсгөнө

Эх Сурвалж: Өдрийн сонин, 2011-08-30, №207 (3909)

Р.Бүжин
 
Олж авсан мэдээллээ онлайнаар сүлжээнийхэндээ түгээх ойлголт одоогийнх шиг өргөн дэлгэр болоогүй үед гадаадад сурч, ажилладаг монголчуудын үүсгэн байгуулсан “Цахим өртөө” сүлжээ тэр орон зайг төлөөлдөг байлаа. Бас тухайн цагтаа одоогийн мэдээллийн томоохон сайтуудын үүргийг ч гүйцэтгэдэг байсан гэхэд болно. Ямартай ч “Цахим өртөө холбоо” төрийн бус байгууллагыг хүмүүс мэддэг болсон. Тэгвэл “Цахим өртөө” дээд сургууль байгуулагдахаар болжээ. Энэ талаар “Цахим өртөө” төрийн бус байгууллагын Удирдах зөвлөлийн дарга Д.Сайнбаяр, “Цахим өртөө” дээд сургуулийн ерөнхийлөгч Ц.Буянцогтоо нартай ярилцлаа.

 

-“Цахим өртөө” сургуулийг байгуулж байгаа “Цахим өртөө концерциум”-д ямар, ямар байгууллагууд багтаж байгаа талаар сонирхуулахгүй юу?
 
Д.С: -Манай “Цахим өртөө” сүлжээ дэлхийн гаруй оронд 4000 гаруй гишүүнтэй. Харин энэ сүлжээний маань дэргэдэх төрийн бус байгууллага гэхэд 100 орчим гишүүнтэй. Үүний 36 нь доктор, 56 нь магистр цолтой хүмүүс бий. Дэлхийн олон оронд сурч, ажиллаж, амьдарч байгаа монголчуудын “Цахим өртөө” сүлжээний гишүүдээс гадна холбооны гишүүн байгууллага болох “USI”, “Саян” корпораци, “Бэкфорс Монгол”, “Гэрэгэ партнерс” зэрэг компаниуд хамтран уг корпорацийг байгуулсан юм. Манай сүлжээнийхэн өнгөрсөн он жилүүдэд үзэл бодлоо сүлжээгээрээ солилцон, мэдээлэл дамжуулж, тодорхой бодлого гарган, түүнийгээ хамтран үйл ажиллагаагаараа дэмжиж ирсэн. Харин бид одоо зөвхөн ярилцах бус тодорхой бодит алхмыг хийх цаг болсон гэж үзээд дээд сургууль байгуулах шийдэлд хүрч, үйл ажиллагаагаа эхлээд байна.

Ц.Б: -Монголд үйл ажиллагаа явуулж байгаа сургуулиуд олон л байна. Гэхдээ бид оюутнуудаас төлбөрийг нь аваад сургасан болгоод төгсгөдөг сургууль биш харин цөөн хэдэн мэргэжлээр гэхдээ бүхий л талаар өв тэгш хөгжсөн топ мэргэжилтэн бэлтгэх сургууль байгуулахаар зорьж ажиллаж байна.  Одоо инновацийн талаар хаа сайгүй ярьдаг болсон. Бид хоёр жилийн дараагаас инновац хөгжүүлэх судалгааны их сургууль болох зорилт тавин ажиллаж байгаа. Өөрөөр хэлбэл улс орныхоо эдийн засгийн хөгжлийн суурь платформ байх мэргэжлийн байгууллага болох зорилттой ажиллаж байна гэхэд болно.

 

-Танайхан яг ямар мэргэжлээр боловсон хүчин бэлтгэхээр элсэлтээ авч байгаа вэ?
 
-Бид мэдээллийн технологи, программ хангамж, компьютер техникийн инженер, сүлжээний инженер, олон улсын эдийн засаг, бизнесийн удирдлага, аялал жуулчлалын удирдлага гэсэн мэргэжлээр элсэлт авч байгаа. Цаашдаа биотехнологич, нанотехнологийн инженерийн ангиуд, мөн энэхүү өндөр технологийн салбарын бизнес удирдлагын чиглэлээр магистрын ангиудыг нээж сургалтаа явуулах болно.

 

-Манайхан төдийгүй дэлхийн бүхий л оронд барууны боловсролын тогтолцоо чанар чансаа нь хүлээн зөвшөөрөгдсөн. Танай сүлжээний гишүүд бүгд гадаадын өндөр чанартай сургуулиудыг төгссөн гэсэн нэгэнт тогтсон имижтэй. “Цахим өртөө” гэсэн нэр нь энэ сургуульд барууны сургалтын тогтсон хэв маягаар сурах нь гэсэн ойлголтыг өөрийн эрхгүй төрүүлээд байна л даа?
 
-Монголчууд л монголчуудыгаа дэлхийн түвшний мэдлэгтэй мэргэжилтэн болгож чадна шүү дээ. Манай “Цахим өртөө” ТББ-ын гишүүд бүгд баруунд мэргэжил олж, одоо мэргэжлээрээ “Microsoft”, Google,IBM, Allstate, Softbank, АНУ-ын төрийн департаментын сургуульд ажиллаж, Финланд, Их Британийн нэр хүндтэй их сургуулиудад багшилж байна. Тэд маань бүгд л барууны оронд ажиллаж, сурч амьдарч мэргэжил эзэмшсэн. Өөрсдөө алдаж, онож сурсан тэр туршлагадаа тулгуурлан Монголдоо дэлхийд жишиг болоод байгаа тэр сургалтын тогтолцоонд үндэслэн сургуулиа байгуулж байгаа. Барууны их дээд сургууль, мэдлэгийн компаниудад ажилладаг манай холбооны гишүүн эрдэмтэд маань энэ сургуульд багшлах юм. Энэ бол яах аргагүй манай сургуулийн давуу тал болно.
Сургалтын хэлбэрийн хувьд тэнхимийн сургалтыг онлайн сургалттай хослуулан явуулна. Оюутнуудыг эхний үед нь дараагийн жилүүддээ заалгах мэргэжлийн өндөр шаардлага бүхий хичээлийг хүлээж авах суурьтай болгоно. Ер нь манайдаа шинэ тутамд тооцогдох олон хичээл манай зайлшгүй судлах хичээлүүдийн тоонд багтаж байгаа л даа. Тухайлбал critical thinking гэж хичээл бий. Шүүн тунгаах чадвар эзэмшүүлэх мэргэжил л дээ. Бодох чадварыг хөгжүүлэх нь асуудал шийдэх, орчин тойронтойгоо зөвөөр зохицон орших, амьдралын зорилгоо тодорхойлох, бие болон оюуны тэнцвэрт хөгжлийг бүрдүүлэхийн зөв эхлэл болж байдаг. Зөв бодохын онолын үндэсүүд, филисофийн суурь ухагдахууныг бүтээлч хэлбэрээр зааж эзэмшүүлэх болно. Ер нь Монголын бүрэн дунд боловсролын тогтолцооны дутагдалтай талыг нөхөж ажиллах тал дээр манай багш эрдэмтэд анхааран хөтөлбөрөө боловсруулсан байгаа. Оюутны бие даах чадварыг хөгжүүлж, хэлний мэдлэг, мэдээллийн технологийн чадварыг нь эхний курсуудэд нь олгох нь цаашдаа мэргэшин сурахад нь амин чухал хэрэгцээтэй.

 

-Танай сургуульд гадаад хэлийг нэлээд өндөр түвшинд эзэмших байх гэсэн бодол төрж байна л даа?
 
Д.С: -Хэл, харилцааны боловсрол бол онцолж авч үзэх зүйл мөн. Гэхдээ бид гадаад хэлийг өндөр түвшинд заахаасаа гадна төрөлх хэлнийхээ боловсролыг орхих аргагүй. Тэгээд ч эх хэлээрээ зөв цэгцтэй сэтгэн бодож, дүрмээ мэдэж, логикийг нь ойлгон, уншиж бичиж хэлж ярьж сурсан хүн гадаад хэлийг хялбар сурдаг юм. Мэдээж англи хэл дэлхийн шинжлэх ухааны хэл учраас заавал эзэмших хэл байх болно. Бид монгол, англи хэлийг харьцуулан судалж, монгол хүнд сурахад дөхөмтэйгээр боловсруулан гаргасан тусгай хөтөлбөр ашиглах юм.

 

-Танайхыг төгсч байгаа хүн англи хэлийг ямар хэмжээнд сураад төгсөх бол?
 
-Манай оюутнууд хоёрдугаар дамжаандаа л англи хэлээр мэргэжлийн ном сурах бичиг чөлөөтэй ашигладаг болно. Лекц мөн англи хэлээр явагдана. TOEFL-ийн 550 онооны түвшинд англи хэлийг сурсан байх шаардлагыг бид хоёрдугаар курс төгсч байгаа оюутнууддаа хатуу тавина. Өнөөгийн явж байгаа боловсролын хөтөлбөр сургалтаар яваад ирсэн хүүхэд залуустаа өндөр шаардлага тавиад ажиллахад амаргүй л байх байх. Гэхдээ дэлхийн хэмжээний боловсролтой, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн боловсон хүчин бэлтгэхийн тулд одооноос хатуу шаардлага тавьж эхлэхээс аргагүй. Амаргүй байх ч тав, арван жилийн дараа нийгэмд үр өгөөжөө өгөөд эхэлнэ гэдэгт бид итгэлтэй байна.

 

-Хувийн сургуулиудыг төгсч байгаа залуус олон л байна. Гэхдээ төгсөн гарч байгаа тэд ажлын байраа олж чаддаг эсэх нь эргэлзээтэй. Танай сургуулийг төгсөгчид ажлын байраар хэр хангагдах бол?
 
-Сайн мэргэжилтэн хэдийд ч ажлын байртай байдаг. Харамсалтай нь өнөөдөр төгсч ирж байгаа боловсон хүчин чанарын шаардлага хангаж байна уу гэвэл бас л асуудал. Сайн мэргэжилтнийг өндөр цалингаар авна гэсэн газрууд зөндөө байгаа ч шаардлага хангаж байгаа нь ховор байна.
Тэгэхээр сургуулиуд ч бэлтгэн гаргаж байгаа боловсон хүчин нь зах зээлд борлогдохгүй байгааг анхаарах ёстой. Бид одооноо сургуулийнхаа дэргэд career service нээн ажиллуулна. Дотоодынхоо шилдэг компаниудтай гэрээ байгуулж, төгсөгчдөө захиалгын дагуу ажлын байртай болгоно. Энэ бол зах зээлээ мэдэрч, мэргэжилтнээ бэлтгэж байгаа хэрэг. Өнөөдөр сургууль төгсөгчдийн 30 хувь нь л ажлын байртай болж байгаа тухай судалгаа байдаг. Гэтэл ажилтан авна гэсэн зар сонины зараар дүүрэн. Энэ бол эрэлт, нийлүүлт нь нийцэхгүй байгаагийнх. Харин манай career service дотоодынхоо шилдэг компаниудтай хамтран ажилласнаар Монголын боловсон хүчний зах зээлийг мэдэрч, бас төгсөгчдөө сургуулиа төгсөхдөө ажлын байртай болоод гарах боломжийг нээнэ. Бид төгсөгчдөө Монгол төдийгүй дэлхийн хаана ч очоод ажилласан гологдохгүй тийм түвшинд хүргэхийг зорьж ажиллана. Монголчууд сурах чадвар өндөртэй хүмүүс. Хэлний болон технологийн мэдлэгийг манай залуус төвөггүй эзэмшихнэ. Ерөнхий хандлага, үнэлэмж, ажлын ёс зүй, мөн хүмүүнлэгийн боловсролын тал дээр дутагдаад байдаг. Тэр сул талыг нь сургалтын хөтөлбөрөөрөө нөхөөд өгөх бүрэн боломжтой.
Боловсрол-бизнесийн холбоог маш сайн хангасан загварыг бид үүсгэх болно.

 

-Төлбөр мөнгөний хувьд хэр их байх бол?

Ц.Б: -Сургалтын төлбөр нь 1,5-2 сая төгрөг. Элсэлттэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг www.tsahimurtuu.edu.mn сайтаас авч болно. Хүүхэд залуучууд тэдний эцэг, эхчүүд олноороо ирж “Цахим өртөө” сургуульд маань бүртгүүлж байна. Энэ нь манайх шиг сургуулийн бодлого дутаж байжээ гэдгийг нэг талаас харуулж байна. Нөгөө талаас бидэнд маш том хариуцлага ирж байна. Гэхдээ бид дэлхийн хэмжээнд ажиллах шинэ үеийн монгол хүнийг бүтээх замдаа эргэлт буцалтгүй нэгэн гарчихсан.

Цахим Өртөө Сүлжээнд элсэх

  • Өртөөний сүлжээнд элсэх

tsahim_urtuuХэрэв та Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээнд элсэхийг хүсвэл: http://groups.google.com/group/tsahim-urtuu-suljee хаягаар зочилж маш хялбархан бүртгүүлж болно. Та Гүүгл суурьт энэхүү сүлжээнд имэйлээ бүртгүүлснээр манай сүлжээний гишүүн болно.

 

Image Temp

Энэ хуудас нь Цахим Өртөө сүлжээний нийт гишүүдийн хамтын бүтээл байх бөгөөд ажил хэргийн санал болгоныг вэбийн хамтлаг тухай бүр нь тусган энэ хуудсанд оруулж байх болно. Хамтран ажиллаж буй, ажиллахаар зэхэж буй таньд баярлалаа.

Newsletter