181-р сар2018

Бүлэг: Мэдээ, мэдээлэл

Цахим Өртөөчид “Монгол дахь ажлын байрны нээлттэй өдөрлөг”–өө Солонгост амжилттай зохион байгууллаа

Монгол Улсын Засгийн газар 2011 оныг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгон  зарласантай холбогдуулан “Монгол дахь ажлын байрны нээллтэй өдөрлөг Солонгост-2011” арга хэмжээг “Эх орон тань таныг хүлээж байна” уриан доор Цахим Өртөө Холбоо ТББ санаачлан, Солонгосын Аж Үйлдвэр, Хүний Нөөцийн Хөгжлийн Хэрэг Эрхлэх Газар, Солонгос дахь Монгол Оюутаны Холбоо хамтран Ньюком групп, Хьюндай Моторс, Энержи Ресурс, MCS, UFC, Мобиком Корпораци, Монроуд, Апу, Баян Айраг, Гандирс групп, УБ даатгал, Шунхлай групп зэрэг компаниудын ивээн тэтгэлэг, Хилийн Чанадад Амьдарч буй Монгол Улсын Иргэдтэй Хамтран Ажиллах Зөвлөл, Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбоо, Монгол Улсын Хөдөлмөрийн Төв Бирж, НДЕГ, ХААН банк, зэрэг байгууллагуудын дэмжлэгээр 6 сарын 25-26-ны өдрүүдэд БНСУ-н Сөүл болон Бүсан хотуудад амжилттай зохион байгууллаа.

Энэхүү арга хэмжээний үеэр Сөүл хотноо 500 орчим, Бүсан хотноо 300 гаруй монгол мэргэжилтэн залуустай нүүр тулан уулзаж, тэдэнд цалин хангамж, нөхцөл сайтай ажилд орох, эх орондоо ирж амьдрах боломжийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж, тус өдөрлөгт оролцож буй Монголын топ компаниудын хүний нөөцийн удирдлага, мэргэжилтнүүдтэй уулзалт, ярилцлага хийх боломжийг бүрдүүлж өгснөөрөө чухал үр дүнтэй арга хэмжээ болж чадлаа.

Арга хэмжээнд Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин Сайдын яамны хөдөлмөрийн атташе Б.Нямдаваа болон БНСУ-ын Аж Үйлвэр Хүний Нөөцийн Хэрэг Эрхлэх Газрын Гадаад Ажиллах Хүчийг Хариуцсан Газрын ерөнхий захирал Лим Кюунг Сик болон Монгол улсын Хөдөлмөрийн Төв Биржийн Хөдөлмөр Зуучлал Үйлчилгээний газрын дарга Н.Намшир нар оролцож үг хэлэн, илтгэл тавив.

БНСУ нь гаднын 15 орноос ажиллах хүч авдаг бөгөөд тэр дундаас Монгол Улс анх удаа иргэдээ нутагтаа татан авах Ажлын байрны нээллтэй өдөрлөг зохион байгуулсан нь бусад улсуудад томоохон үлгэр дуурайлал болж байгааг Солонгосын тал онцлон тэмдэглэлээ. Мөн өдөрлөгийн үеэр Филиппин, Вьетнам болон Тайланд улсын төлөөлөгчид хүрэлцэн ирж, туршлага судалсан байна. Вьетнам улс мөн адил Ажлын байрны нээллтэй өдөрлөгийг БНСУ-д зохион байгуулах хүсэлтйиг Солонгосын Аж Үйлдвэр, Хүний Нөөцийн Хөгжлийн Хэрэг Эрхлэх Газарт санал хүсэлтээ тавьжээ.
Энэхүү өдөрлөгийн талаарх мэдээлэл KBS телевиз зэрэг Солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр олон нийтэд цацагдсан байна. МҮОНТВ болон Ийгл ТВ-ийн сэтгүүлч, зураглаачдын баг арга хэмжээг газар дээрээс нь сурвалжлан Монгол орон даяар мэдээллийг түгээсэн билээ.

Сөүл, Бүсан хотуудад болсон өдөрлөгийн үеэр иргэний шинэчилсэн бүртгэлд иргэдийг хамруулах ажил хийгдсэн нь арга хэмжээний цар хүрээ, ач холбогдлыг өсгөсөн үйл явдал болов.
                     
                “Цахим Өртөө Холбоо” ТББ
Хаяг: Мэдээллийн Технологийн Үндэсний Парк, 427 тоот
Бага тойруу 49, Улаанбаатар хот, Монгол улс
Утас/Факс: +976 (11) 312920, +976 99071169, +976 99188889
И-мэйл: Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй., Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.
Вэб: www.tsahimurtuu.mn

  • Бичсэн Цахим Өртөө Холбоо
  • Үзсэн: 1972

Бүлэг: Мэдээ, мэдээлэл

Эх орон таныг дуудаж байна!

Монгол дахь ажлын байрны нээлттэй өдөрлөг Солонгост-2011

Монгол Улсын Засгийн газраас 2011 оныг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгон зарласан бөгөөд ойрын хугацаанд уул уурхай, барилга, дэд бүтэц зэрэг салбарт нийт 70 мянган шинэ ажлын байр бий болох гэж байгаа ч мэргэжилтэй ажилчдын тоо 30 мянга хүрэхгүй байна.
Өнөөдөр уул уурхайн салбарын үсрэнгүй хөгжлийн нөлөөгөөр эдийн засгийн өсөлт хурдасч, үүнийг дагаад гадаад дотоодын хөрөнгө оруулалттай бүхий л компани, аж ахуйн нэгжид мэргэжлийн болон оюуны өндөр чадавхитай боловсон хүчин болон мэргэшсэн ажилчдын хэрэгцээ асар өндөр болов. Тэдгээр ажлын байруудын цалин хөлс, нэмэлт урамшууллын нөхцөл гадаад орнуудаас дутахааргүй, зарим тохиолдолд хэд дахин илүү байна. Монголын компаниуд ажилтнуудынхаа нийгмийн халамжийн талаарх бодлогод ихэд анхааран байр, унаа, хоолны мөнгө цалин дээр нэмж олгох, байрны хөнгөлөлттэй зээл олгох, төрөл бүрийн гадаад дотоодын мэргэжил, мэдлэг дээшлүүлэх сургалт, семинарт зардлыг нь дааж хамруулах зэрэг зэрэг олон арга хэмжээ авч ажилладаг болжээ.
Албан бус тоогоор 120 мянга орчим Монголчууд гаднын улс орнуудад ажиллаж буй нь манай улсын өндөр чадвартай боловсон хүчин, ажилчдын асар их нөөцгадаад улс оронд байгааг харуулж байгаа билээ. Үүнтэй холбогдуулан Цахим Өртөө Холбоо ТББ нь Монгол дахь ажлын байрны нээллтэй өдөрлөг Солонгост-2011 арга хэмжээг хувийн хэвшлийн компаниудын ивээн тэтгэлэг, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбоо зэрэг төрийн байгууллагуудын дэмжлэгээр 6 сарын 25-26-ны өдрүүдэд БНСУ-н Сөүл болон Бүсан хотуудад зохион байгуулах гэж байна.
Та энэхүү ажлын байрны өдөрлөгт оролцсоноор Монголын топ компаниудад буй нээлттэй ажлын байр, түүний цалин хөлс, бусад хангамж, ажлын байрны нөхцлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг авах, ажлын байр сонирхогчийн анкет бөглөж, ярилцлаганд орох, өөрийн сонирхсон ажилд орох боломжтой.
Уг өдөрлөгт оролцох компаниуд нь:
 

Өдөрлөг 6 сарын 25-нд Сөүл хотноо, 26-нд Бүсан хотноо зохион байгуулагдана. Өдөрлөг болох газрын мэдээллийг энэ вэб хуудсаар удахгүй зарлах бөгөөд бүртгүүлсэн хүмүүст имэйлээр мэдэгдэх болно.

Та “Монгол дахь ажлын байр Солонгост - 2011” өдөрлөгт оролцохоор бүртгүүлэхийг хүсч байгаа бол энд дарна уу.
 
“Цахим Өртөө Холбоо” ТББ
 
Хаяг: Мэдээллийн Технологийн Үндэсний Парк, 427 тоот
Бага тойруу 49, Улаанбаатар хот, Монгол улс
Утас/Факс: +976 (11) 312920, +976 99071169, +976 99188889
И-мэйл:Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.">Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй., Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.">Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.

 

  • Бичсэн Цахим Өртөө Холбоо
  • Үзсэн: 1606

Бүлэг: Мэдээ, мэдээлэл

Цахим Өртөөчид Солонгост Job Fair зохион байгуулна.

Алс хөдөөнөөс аймгийн төв, аймгийн төвөөс нийслэл, нийслэлээс гадаадын улс орнууд руу чиглэсэних нүүдэлМонгол Улсад түгээмэл үзэгдэл болоод даруй 20 жилийг үдлээ. Дэлхийн олон орны түүхэнд, тухайлбал 1960-1990-ээд онуудад Флиппин, БНХАУ, Япон, БНСУ зэрэг улсуудад энэ үзэгдэл давтагдаж байсан бөгөөд үүнээс үүдэж үндэсний эдийн засаг нь жил бүр олон тэрбум долларын алдагдал хүлээж байсныг UNDP-ийн судалгаа харуулдаг.
 
Тэгвэл мөн олон улс орон төрийн бодлогынхоо хүрээнд энэхүү миграцийг эсрэг зүгт чиглүүлэн буцааж, гадаадад мэргэшсэн мэргэжилтнүүдээ эх оронд нь эргэн татах бодит алхмууд хийж иржээ. Гадаадад нийт ажиллах хүчнийхээ 15 гаруй хувийг алдаад байгаа Монгол улс энэхүү асуудалд бодит алхам хийх түүхэн цаг үе нэгэнт тулж ирээд байна.Өнөөдөр албан бус тоогоор 200 000 орчим Монголчууд гаднын улс орнуудад ажиллаж буй нь нэг талаас brain drain / human capital flight буюу мэргэжлийн болон оюуны өндөр чадавхийн урсгалыг гадагш алдаж, улмаар нийгэмд өндөр чадвар бүхий мэргэжилтнүүдийн хомсдолыг бий болгох аюул үүсгэж байгаа билээ.
 
Гадаадад суугаа МонголчуудынЦахим Өртөө Холбоо ТББ нь эх орныхоо өмнө тулгамдаж буй дээрх асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулах үүднээс Монгол мэргэжилтнүүдийноюуныурсгал, ажиллах хүчний урсгал, миграцийн чиглэлийг эргүүлэн татах төслийг санаачлан хэрэгжүүлж эхлээд байна.
 
Төслийн эхлэл болгож Цахим Өртөө Холбоо ТББ нь АНУ-ын Вашингтон, Сан Франциско хотуудад БСШУЯ, МонАме, Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ, Америк дахь Монгол Залуу Мэргэжилтнүүдийн Нийгэмлэг, Бай Ариагийн Монголчуудын Холбоо, Вашингтон хот орчмын Монголчуудын Холбоо, Вашингтон хот орчмын Монгол Сургуультай хамтарч 2010.01.26 - 2010.02.03-ны өдрүүдэд Монгол дахь ажлын байрны нээллтэй өдөрлөг АНУ-д арга хэмжээг амжилттай зохион байгуулжээ. Уг арга хэмжээнд Петровис ХХК, Оюуны Ундраа ХХК, MCS, Юнител ХХК, Жи Мобайл ХХК, Хөтөлийн цемент шохой ХХК, Хас Банк, Капитал групп-ын хүний нөөцийн албаны мэргэжилтнүүд оролцож, Вашингтон хотод 200 орчим, Сан Франциско хотод 100 орчим монгол мэргэжилтэн залуустай нүүр тулан уулзаж, ажлын ярилцлага хийсэн. АНУ-д зохиогдсон хамгийн анхны өдөрлөгийн үр дүнд20 монгол мэргэжилтэн эх нутагтаа буцан ирж дээрхи компаниудад ажиллах гэрээ хийсэн явдал билээ.
 
Төслийн үргэлжлэл болох Монгол дахь ажлын байрны нээллтэй өдөрлөг Солонгост-2011 арга хэмжээг Ньюком Групп, Моннис групп, Хьюндай Моторс, Энержи Ресурс, MCS, UFC, QGX, МCPL, Мобиком Корпораци, Монроуд, Апу, Петровис зэрэг компаниудын ивээн тэтгэлэг, Солонгосын Аж Үйлдвэр, Хүний Нөөцийн Хөгжлийн Хэрэг Эрхлэх Газар, ХилийнЧанадад Амьдарч буй Монгол Улсын Иргэдтэй Хамтран Ажиллах Зөвлөл, Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбоо, МонголынУлсын Хөдөлмөрийн Төв Бирж, НДЕГ, ХААН банк зэрэг байгууллагуудын дэмжлэгээр 6 сарын 25-26-ны өдрүүдэд БНСУ-н Сөүл болон Бүсан хотуудад зохион байгуулах гэж байна.
 
Уг өдөрлөгийн онлайн мэдээллийн ивээн тэтгэгчээр biznetwork.mn, now.mn, gogo.mn, mglclub.com, labornet.mn, mnb.mn вэб сайтууд ажиллаж байна.
 
“Цахим Өртөө Холбоо” ТББ
 
Хаяг: Мэдээллийн Технологийн Үндэсний Парк, 427 тоот
Бага тойруу 49, Улаанбаатар хот, Монгол улс
Утас/Факс: +976 (11) 312920, +976 99071169, +976 99188889
И-мэйл:Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.">Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй., Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.
  • Бичсэн Цахим Өртөө Холбоо
  • Үзсэн: 2609

Бүлэг: Мэдээ, мэдээлэл

Жолоочийн даатгалын эргэн тойронд

Д.Гантулга, Актуарч, эрсдлийн мэргэжилтэн, Цахим Өртөө Холбооны гишүүн

Статистикийн мэдээ сөхвөл 2010 онд Монгол улсад нийт 36,885 зам тээврийн ослын дуудлага гарч, үүнээс улбаалан 320 хүн амь насаа алдаж 1000 орчим хүн эрүүл мэндээр хохирчээ. Замын Цагдаагийн Газар нь ослоор зөвхөн газар дээрээ нас барсан хүний тоог бүртгэх бололцоотой, гэтэл эмнэлэгт хүргэгдээд эсвэл ослоос шалтгаалж хожуу нас барагсдыг тооцвол энэ тоо дор хаяж 2 дахин өсөх нь дамжиггүй. Зам дээрх энэхүү “чимээгүй дайн”-ыг зохицуулахаар өргөн барьсан “Жолоочийн даатгалын тухай” хуулийн ач холбогдол болон үндэслэлийн талаар нурших нь илүүц биз ээ. Гагцхүү энэхүү чухал хуулийн талаар иргэдэд бодит мэдээлэл өгөх, хуулийг зөв зүйтэй боловсруулах, хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулах зорилгоор энэхүү шинжилгээ, саналыг хүргэж байна.

Өргөн барьсан хуулийн төслийн агуулга
УИХ-аар хэлэлцэж байгаа “Жолоочийн Даатгалын тухай” хуулийн төслийн үндсэн агуулгыг дараах байдлаар тоймлож болно. Монгол улсын нутаг дэвсгэр дээр авто тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож байгаа хүн бүр даатгалд заавал хамрагдана. Жолоочийн буруутай үйлдлээс бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учруулах хохирлын эрсдэлийг энэхүү даатгал даах бөгөөд даатгалын үнэлгээний доод хэмжээ нь 5 сая төгрөг байна. Үүнээс илүү үнэлгээтэй даатгал худалдан авах эсэхийг жолооч өөрөө сайн дурын үндсэн дээр шийднэ. Хэрэв жолооч 5 сая төгрөгийн үнэлгээ бүхий даатгалд хамрагдаад бусдад 10 сая төгрөгийн хохирол учруулбал эхний 5 саяыг даатгагч барагдуулж үлдэх 5 саяыг жолооч хувиасаа төлөх үүрэг хүлээнэ гэсэн үг. Энэхүү 5 саяын үнэлгээнд харгалзан төлөх даатгалын хураамжийн суурь хэмжээ нь тухайн жолоочийн жолооны үнэмлэхний ангиллаас хамаарч өөр өөр байна. Тухайлбал, B ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрх бүхий жолоочийн даатгалын суурь хураамж жилд 33.000 төгрөг байна. Энэ суурь дүнг тухайн жолоочийн оршин суугаа хаяг, нас, өмнөх жилүүдэд гаргасан ослын тоо гэх мэт үзүүлэлтүүдээс хамаарч тодорхой коэффициентээр нэмэгдүүлэн эсвэл хорогдуулан тухайн жолоочийн төлөх хураамжийн хэмжээг тооцно. Коэффициентийг Санхүүгийн Зохицуулах Хороо батална.

Энэ даатгалыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан “Даатгагчдын Нэгдсэн Холбоо” (Холбоо) болон “Жолоочийн Даатгалын Сан” (Сан) байгуулна. Холбоо нь Санг удирдан зохицуулна. Сангийн үндсэн зорилго нь даатгалд хамрагдаагүй жолооч хохирол гаргасан болон бусад шалтгаанаар хохирогч нөхөн төлбөр авах боломжгүй тохиолдолд хохирлыг барагдуулахад оршино. Сангийн үндсэн санхүүжилтыг даатгалын хураамжийн тодорхой хувь болон авто тээврийн хэрэгслийн албан татварын 10%-иар бүрдүүлнэ. Холбооны удирдах зөвлөлд даатгагч, даатгуулагч, СЗХ болон Сангийн Яамны төлөөлөл багтана. Түүнчлэн Холбоо нь ослыг баталгаажуулах Шуурхай алба болон жолоочдын ослын түүхийг агуулсан Мэдээллийн санг бүрдүүлэх ажлыг зохион байгуулна.
Жолоочийн хариуцлагын даатгалыг зөвхөн Санхүүгийн Зохицуулах Хорооноос тусгай зөвшөөрөл авсан даатгалын компани борлуулах эрхтэй байна.
Хуулийн төслийн үндсэн агуулга товчхондоо ийм байна. Хуулийн төслийн бүрэн эхийг УИХ-ын цахим хуудасны дараах хаягаар татаж авах боломжтой. http://www.parliament.mn/new/law/project

Хуулийн төслийг шинжлэх нь
Юуг даатгах вэ?
Хууль санаачлагчдын оруулсан хувилбараар даатгал нь жолоочийг дагах буюу тухайн жолооч даатгалд хамрагдсан тохиолдолд ижил ангиллын бусад тээврийн хэрэгслийг жолоодоход даатгал үйлчлэхээр тусгажээ. Гэтэл УИХ-ын анхан шатны хэлэлцүүлгийн явцад даатгал тээврийн хэрэгслээ дагах ёстой гэсэн санал давамгайлж байлаа. Өөрөөр хэлбэл, тухайн тээврийн хэрэгсэл даатгалд хамрагдсан бол хэн жолоодож яваагаас үл хамааран даатгал үйлчлэх ёстой гэсэн үг.
Дээрх хоёр хувилбар нь жолоочийн хариуцлагын даатгалын хэлбэрүүдийн 2 туйл гэж үзэж болно. Даатгал хөгжсөн ихэнх орнуудад тухайн тээврийн хэрэгслийг жолоодох жолооч бүрийг нэр заан даатгадаг. Хэдийгээр нэг тээврийн хэрэгсэл дээр дурын тооны жолоочийг нэр заахгүйгээр даатгалд хамрагдах сонголт (тухайлбал түрээсний машинууд) нээлттэй боловч энэ тохиолдолд хураамжийн хэмжээ харьцангуй өндөр байдаг. Энэ сонголт нь байгууллагуудад эсвэл хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд хамааралтай. Хэн жолоодож буйгаас үл хамааран тээврийн хэрэгслээ дагах дээрх хувилбар нь жолоочийг биш тээврийн хэрэгслийн бусдад учруулах хохирлыг даатгаж буй мэт логикгүй, хариуцлага хүлээх тодорхой эзэнгүй, хураамж өндөртэй байдаг сул талуудтай.
Нөгөө талаас миний дэмжиж буй тээврийн хэрэгсэл нэг бүр дээр жолооч нарыг нэр зааж даатгах хувилбар нь дараах үндсэн давуу талуудтай. Үүнд:

  1. Жолооч бүрийн ослын түүхийг бүртгэх, даатгалын хураамжийг өмнөх жилүүдийн ослын түүхээс хамааруулан бууруулж “урамшуулах” эсвэл өсгөж “шийтгэх” нөхцөл бүрдэнэ. Энэ нь жолооч нарыг замын хөдөлгөөнд дүрэм журмын дагуу, анхаарал болгоомжтой оролцох соёлд сургах эдийн засгийн үндсэн хөшүүрэг болно. Замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцдог, осол гаргадаггүй “сайн” жолооч нар анхаарал болгоомжгүй, дүрэм зөрчдөг, байнга осол гаргадаг “муу” жолоочтой адил хураамж төлөх нь шударга бус.
  2. Тухайн тээврийн хэрэгслийн үндсэн даатгуулагч дээр гэр бүлийн бусад гишүүд (тухайлбал эхнэр, нөхөр, хүүхэд, аав, ээж гэх мэт) нэмэгдэж даатгуулах тохиолдолд  хураамжийн хэмжээ нь дагаж өснө гэсэн үг биш. Тухайлбал, эхнэр нөхөр 2 нэг машин дээр даатгуулснаар хэн боломжтой нь (бага ядарсан нь, согтууруулах ундаа хэрэглээгүй нь гэх мэт) жолоо барих нөхцөл бүрдэх ба энэ нь ослын эрсдэлийг буурахад нөлөөлөх чухал хүчин зүйл болдог.
  3. Даатгагчид эрсдэлийг зөв үнэлэх, цаашилбал даатгуулагчийн эрсдэлд тохируулан ялгавартай хураамж тогтоодог шударга тогтолцоо үүссэнээр Монгол улсын даатгалын зах зээл эрүүлжих үйл явцад зохих хувь нэмэр оруулна.

“Даатгагчдын Нэгдсэн Холбоо”  байгуулах тухай
Хуулийн төсөлд тусгагдсан “Даатгагчдын Нэгдсэн Холбоо”-ны үндсэн үйл ажиллагаа нь жолоочийн даатгалын санг удирдахад чиглэж байна. 2004 онд байгуулагдсан “Монголын Даатгагчдын Холбоо” нь Монгол улсад даатгалын үйл ажиллагаа эрхэлдэг нийт 17 даатгалын компанийн үндсэн гишүүнчлэлтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Хуулинд тусгагдсан “Даатгагчдын Нэгдсэн Холбоо”-ны үйл ажиллагааг “Монголын Даатгагчдын Холбоо”-нд хамааруулан ажиллуулах нь зөв шийдэл болно. Ингэснээр Монгол улсын даатгалын мэргэжлийн албан ёсны байгууллагын үйл ажиллагаа сайжирч чадавхжих, олон улсын жишгийн дагуу ажиллаж хөгжих бодит нөхцөл бүрдэх болно. Энэ нь төрийн зарим ажил үүргийг төрийн бус байгууллагуудад шилжүүлэн гүйцэтгүүлэх төрийн бодлоготой нийцэх нь дамжиггүй. Хуулийн төсөлд заасан “албан журмын” Холбоог одоо үйл ажиллагаа явуулж “сайн дурын” Холбоотой зэрэгцүүлэн байгуулах нь үр ашиггүй, хардалт сэрдэлт төрүүлэхүйц алхам болж байна.

Даатгагчийг сонгон шалгаруулах тухай
Даатгалын багц дүрмийн хүрээнд даатгалын компаниуд нь даатгалын хэлбэр тус бүрээр  Санхүүгийн Зохицуулах Хорооноос тусгай зөвшөөрөл авч үйл ажиллагаа явуулдаг. Одоогийн байдлаар зах зээл дээр үйл ажиллагаа явуулж байгаа ердийн даатгалын бүх компаниуд авто тээврийн хэрэгслийн жолоочийн хариуцлагын даатгалын бүтээгдэхүүн борлуулах эрхтэй. Гэтэл нэмэлт тусгай зөвшөөрөл олгох замаар даатгагчдыг “ангилах” бодит шалтгаан байна уу гэх асуулт зүй ёсоор гарч байна. Сайн дурын хэлбэрээр тухайн даатгалын үйл ажиллагааг эрхлэх боломжтой байсан хэрнээ албан журмын даатгал эрхлэх боломжгүй, нэмэлт тусгай зөвшөөрөл авах шаардлага гарч байгаа нь тун ойлгомжгүй.
Ямартай ч энэ хууль батлагдаад хэрэгжиж эхлэх нь төрийн үндсэн үүргүүдийн нэг болох иргэдээ хамгаалах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулах нь дамжиггүй. Гагцхүү асуудлыг тодорхой бүлэг хүмүүсийн ашиг сонирхолд автуулахгүй, улс төрийн шоу болгохгүйгээр зөвөөр шийдэж гэмээнэ тус хуулийн үндсэн зорилго биелэх болов уу.

  • Бичсэн tserenbat_d
  • Үзсэн: 2497

Бүлэг: Мэдээ, мэдээлэл

Монгол орны хөгжилд VII чуулганы онцлогуудаас

Жил жилийн чуулган өмнөхөө баяжуулан дэлгэрүүлдэг басхүү өөрийн гэсэн өнгө төрхи онцлогтой байдаг. Энэ жилийн чуулганы онцлогуудаас дурдвал:

Эргэх холбоотой чуулган
Чуулганы бэлтгэл ажил болон үйл явцаас энэ чуулган эргэх холбоотой амьд тогтолцоо болон бүрдсэн нь ажиглагдаж байлаа. Урьдын чуулганд оролцогчид нь дараагийн чуулганаа хэрхэн дэмжиж тусалж чадах тухайгаа лавлаж, санхүүгийн тусламж үзүүлж, сэтгэлийн үгээ хэлсэн Мэндчилгээнүүд ирүүлж байв. http://chuulgan.blogspot.com хуудаснаас өмнөх чуулганд орлцогч хамтран ажиллагч нараас ирүүлсэн мэндчилгээнүүдтэй танилцаж болно. Энэ жилийн чуулганы хувьд Британи улсад элчин зөвлөх байхдаа анхдугаар чуулганыг дэмжин ажиллаж байсан өдгөө Монгол улсаас Шведийн Вант улсад суугаа элчин сайд Др.Б.Энхмандах бидний урилгыг хүлээн авч зочин илтгэгчээр оролцсон нь чуулганы нэр хүндийг  өргөсөн, эргэх холбоог бататгасан сайхан хэрэг байлаа. 

Төрийн дэмжлэг оролцоо нэмэгдсэн чуулган
Чуулганыг зохион байгуулагч Элчин Сайдын Яам, Британийн Монголчуудын Холбооноос энэхүү чуулганд төрийн дэмжлэг оролцоог бий болгохоор байнга хичээж ажиллаж ирсэн. Энэ жилийн чуулганд Засгийн Газрын Сайд, Хилийн Чанадад амьдарч буй Монгол улсын иргэдтэй хамтран ажиллах Зөвлөлийн дарга Ч.Хүрэлбаатар албан Mэндчилгээ ирүүлэн, зөвлөлөөс 2 сая төгрөгийн тусламж үзүүлж, зөвлөлийн ажлын албаны дарга Ч.Энх-эрдэнэ өөрийн биеэр хүрэлцэн ирж оролцсоноороо төрийн дэмжлэг оролцоо урьд урьдаас илүүтэй байв.
Зөвлөлийн ажлын албаны даргын айлчилалтай холбогдуулж энэ жилийн чуулган үдээс хойшхи хуралдаанаа Засгийн газрын төлөөлөгчийн үгийг сонсох, өөрсдийн санал бодлоо хүргэхэд чиглүүлсэн билээ. Ч.Энх-Эрдэнэ дарга Зөгийн Үүр хөтөлбөрийн хэрэгжилт явцын талаар танилцуулга хийж, чуулганд хүрэлцэн ирсэн гадаадад үйл ажиллагаагаа явуулдаг Монголчуудын холбоод бусад байгууллага хувь хүмүүс үйл ажиллагаагаа танилцуулж санал бодлоо нээлттэй солилцов. Иргэдийн зүгээс төр засгаас хилийн чанадад суугаа иргэддээ чиглэсэн бодлого хэрэгжилтийн удааширалтай байдал зэргийг шүүмжилсэн санал сэтгэгдэлүүдээ илэн далангүй хэлж байсны зэрэгцээ чуулганы ажиллагааг ойлгон анзаарч хөрөнгө санхүүгийн тусламж үзүүлж буй сайхан эхлэл байгааг онцолж, цаг сэтгэл гарган зорин ирж оролцож буй ажлын албаны дарга Ч.Энх-эрдэнэ-ийн айлчилалд талархаж буйгаа чуулганд оролцогчид илэрхийлсээн

Rio Tinto оройлон дэмжсэн чуулган
Чуулган жилээс жилд өргөжин тэлэхийн хэрээр санхүүгийн дэмжлэг туслалцаа улам бүр шаардагдах болсон. Энэ жилийн энэхүү хүнд ачааг маань хөнгөлж өгсөн гол дэмжигч нь Оюу Толгой ордын олборлолтын гол хөрөнгө оруулагч Rio Tinto компани. Чуулганы нээлтэд тус компанийн Хүний Нөөцийн Хэлтсийн Стратеги Төлөвлөлтийн Газрын менежер Jessica Fawell илтгэл тавин, байгууллагаа сурталчилах боловсон хүчний танталт хийхээр чуулганд оролцогчидтой ярилцаж бүх л өдрийг бидэнтэй хамт өнгөрөөсөн билээ. Тэдний оролцоо дэмжлэгийг бий болгоход сэтгэл гарган ажилласан Британийн Монголчуудын маань нэгэн төлөөлөгч Rio Tinto компанийн ажилтан Б.Ундрам анддаа баярлахгүй байхын аргагүй ээ.

Европийн Монголчуудын чуулган
Хилийн чанадад амьдарч буй Монголчуудтай хамтран ажиллах Зөвлөлийн ажлын хэсгийн дарга ирэх болсонтой холбогдуулан Европийн орнууд дах холбоодын удирдлагууд чуулганд  сайн дураараа хүрэлцэн ирж өргөнөөр оролцсон нь чуулганыг Европийн Монголчуудын хэмээн овоглолоход хүргэв. Хэдийгээр цаг хугацааны давчуу байдал, мэдээлэл солилцооны удааширалаас орон бүрийн Холбоод байгууллагаас хүрэлцэн ирж амжаагүй ч Голланд, Ирланд, Португали, Шведийн Монголчуудын Холбоодын удирдлагууд биечилэн, Белги болон Герман дах холбоодын удирдлагууд өөрсдийн саналаа уламжлах байдлаар оролцсон юм. Чуулганыг хойшид Европ дах Монголчуудын холбоод хамтын хүчээр хийж байх талаар ч зөвлөлдөн хэлцсэн билээ.

Хоёр гавъяаттай чуулган
Энэ жилийн чуулганд энгэртээ гавъяатын тэмдэг гялалзуулсан зочидтой байснаараа бас онцлог. Мэрэгжлийн боксийн дэлхийн аварга гавъяат тамирчин Ч.Цэвээнпүрэв, Монгол Улсын Гавъяат жүжигчин, дуучин Ч.Бат-Эрдэнэ нар чуулгандаа хүрэлцэн ирж өөрсдийн  дэмжлэг туслалцаагаа оруулсан.
Ярилцлага хэлэлцүүлгийн үеэр тамирчин гавъяат маань Монгол хүн эрүүл саруул байж эх орон хөгжиж дэвжихийн үндэс болохыг онцлон дурдаж зөв хооллох, дасгал сургууль байнга хийж хүн өөрийгөө эрүүл байлгахтай холбогдуулан Монгол түмэндээ зориулж бичсэн Эрүүл Мэндийн Зөвлөмж номоо танилцуулсан бол дуучин гавъяат маань оройн цэнгүүнд ая дуугаа өргөн алиа хошин яриа өрнүүлж хурсан олныг баясуулан цэнгүүлсэн билээ. Хийсэн бүтээсэн зүйлтэй, чаддаг бүтээдэг авяъастай байхын эрч хүчийг чуулганд оролцогч олон хоёр гавъяатаасаа авсаан.

Малчин түмэндээ тусламжийн гараа сунгасан чуулган
2001 оноос хойш Монголын Малчин түмэнд туслах ажлыг байнга хийж ирсэн CAMDA (Cambridge Mongolian Development Appeal) сайн санааны буяны байгууллагын үйл ажиллагааг дэмжиж хөрөнгө үүсгэхээр Лондон Парисийн хооронд дугуйгаар яалахаар шийдсэн Францийн иргэн, Монголын хүргэн Aymeric өөрийн санаачилгыг дэмжин туслахыг чуулганд орлоцогчдоос уриалсан юм. Британийн Монголчуудын Холбооны гишүүн Ч.Энхзаяа сайн дураараа CAMDA-г сурталчилсан ширээ ажиллуулж дэмжигч нарын дунд азын сугалаа ажиллуулснаар бид энэ өдөр £220 бүрдүүлж Aymeric-ийнхаа үйлсэд дэм өгч CAMDA-ийн үйл ажиллагааг дэмжин малчин түмэндээ тусламжийн гараа сунгалаа.

Британичуудын оролцоотой чуулган
Энэ жилийн чуулганд Британийн байгууллагууд оролцсон нь бас нэгэн онцлог байсан юм Ивээн тэтгэгч Rio Tinto-оос гадна дээр дурьдсан CAMDA мөн Британи Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын дарга John Grogan урилгаар оролцож өөрийн байгууллагаа танилцуулж хойшдын чуулганыг зохион байгуулахад хамтран ажиллахаа амлав.  Тэрээр Парлиаментийн гишүүн байхдаа Монгол Английн Парлиаментийн бүлгийн даргаар олон жил ажилласан, Монголчуудын үйл ажиллагааг ямагт туслан дэмжиж ирсэн нэгэн билээ.

Цахим Өртөөчдийн нүүр тулан танилцсан чуулган
Цахим Өртөө Холбоо чуулганыг байнга хамтран зохион байгуулж ирсэн билээ. Жил жилдээ цахим өртөөнийхөн энэ чуулганаар бас нүүр тулан уулздаг уламжлал бий болоод буй. Энэ уламжлал бас үргэлжилэн сүлжээний цөөнгүй андууд чуулганыг дэмжин оролцож Лондон хотноо анх удаа нуүр тулан танилцаж уулзацгаав.  Биесээ захидлаар нь таних тэд бишүүрхэж гэрэвшилгүй “чи нэг тийм захиа бичсэн билүү” “Би нэг тэгэж билээ” гэсээр уулзах нь цахим андуудын уулзалтын түгээмэл дүр. Цахим өртөө сүлжээний серверийг цөөнүй жил авч явсан өдгөө цахим ертөнцөд түүний бүтээсэн bolor-toli.com хуудсаар нь интернэт хэрэглэгч бүхэн анддаггүй, мэрэгжил нэгтнүүд дундаа open source-ийн хэмээгдэх С.Бадрал Германаас, ноднинхон Монголд очоод Цахиурт Хөндий байгуулах нь зүйтэй хэмээн илтгэл тавьж шуугиулж тэр эрчээрэ Цахим өртөөнд элсэж байсан   Б.Янжиндулам Голландаас, цахим өртөө сүлжээ үүссэн цагаас үнэнч зүтгэж мэдээлэл нийтлэлээрээ олны танил болсон сэтгүүлч Б.Жавхлан Португалиас, 5 6 жилийн өмнө Лондонд Японы нэгэн компанийн дейлэр байхдаа Цахим өртөөгөөр үе үе бичдэг байсан өдгөө Оросын Арилжааны томоохон банкний Үнэт Цаасны гүйлгээний албаны захирал М.Бат-Өлзий Оросоос, Цахим Өртөөнд элсээд жил гаруйхан болж буй Шведийн Монголчуудын Нэгдсэн Холбооны тэргүүн Номун-Эрдэнэ Шведээс, дээр нь Британийн суугуул Цахим Өртөөчид болх Цэрэнбат, Базаррагчаа, Өнөрмаа, Алтаннар гээд энэ л сүлжээний нэрийг өөр хоорондоо танилцах түлхүүр болгодог залуусийн ихэнхи нь энд анх нүүр хагарцгаалаа.

Лондонгийн өнгөтэй өөдтэй болгонд өрнөсөн чуулган
Чуулганы ажиллагаа зохиогдсон Limkokwing University of Creative Technology сургууль нь Британийн эртний дурсгалт барилгын жагсаалтад орсон (listed building гэдэг)  байгууламж  байдаг бол Чуулганы ихэнхи илтгэгч зочидын байрласан Renaissance London Chancery Court Hotel нь дэлхийд алдартай зочид буудлын Marriot сүлжээний нэгэн салбар 5 одтой буудал юм. Чуулганд оролцогчид илтгэгчдэд зориулсан оройн цэнгүүн зохиогдсон газар нь мөн л Лондонгийн түүх дурсгалт London Bridge, Tower of London-той хаяа дэрлэн орших 5 одтой GUOMAN TOWER HOTEL байлаа.

Мэдээллийг бэлтгэсэн Д.Цэрэнбат

  • Бичсэн tserenbat_d
  • Үзсэн: 1458

Цахим Өртөө Сүлжээнд элсэх

  • Өртөөний сүлжээнд элсэх

tsahim_urtuuХэрэв та Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээнд элсэхийг хүсвэл: http://groups.google.com/group/tsahim-urtuu-suljee хаягаар зочилж маш хялбархан бүртгүүлж болно. Та Гүүгл суурьт энэхүү сүлжээнд имэйлээ бүртгүүлснээр манай сүлжээний гишүүн болно.

 

Image Temp

Энэ хуудас нь Цахим Өртөө сүлжээний нийт гишүүдийн хамтын бүтээл байх бөгөөд ажил хэргийн санал болгоныг вэбийн хамтлаг тухай бүр нь тусган энэ хуудсанд оруулж байх болно. Хамтран ажиллаж буй, ажиллахаар зэхэж буй таньд баярлалаа.

Newsletter