181-р сар2018

Бүлэг: Мэдээ, мэдээлэл

"Цахим Өртөө Холбоо" ТББ "Иргэний Зориг - Ногоон Нам"-тай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.

 Өнөөдрийн байдлаар гадаадад сонгуулийн насны 120 мянга орчим монгол иргэд суралцаж, ажиллаж амьдарч байна гэсэн тоо байдаг. Гэтэл эдгээр иргэд Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхээ эдэлж чадахгүй байсаар байна. Тэднийг улс төрийн сонгуульд оролцож, сонгуулийн эрхээ эдлэх эрх зүйн орчныг баталгаажуулах тал дээр Иргэний Зориг–Ногоон Нам  байр сууриа илэрхийлсээр ирсэн юм. Үүний нэг илэрхийлэл болгож Иргэний Зориг-Ногоон Нам, “Цахим Өртөө Холбоо” ТББ-ууд гадаадад суугаа Монгол Улсын иргэдийн сонгуулийн эрхийг хуульчлан баталгаажуулахын төлөө хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурж байна.

Иргэний Зориг–Ногоон Нам нь Монгол Улсын Их Хуралд суудалтай улс төрийн хүчний хувьд гадаадад суугаа Монголчуудын сонгуулийн эрхийг хуульчлан баталгаажуулахын төлөө ажиллах ба “Цахим Өртөө Холбоо” ТББ нь гадаадад суугаа Монголчуудын сонгуулийн эрхийг баталгаажуулах аливаа үйл ажиллагааг дэмжин ажиллана.
Энэхүү хамтын ажиллагааны гэрээг 1 жилийн хугацаатайгаар байгуулж байгаа бөгөөд гэрээ нь Иргэний Зориг–Ногоон Намаас УИХ-д сонгогдсон гишүүдийн бүрэн эрхийн хугацаа дуустал хүчин төгөлдөр байхаар заасан болно.
 Хамтын ажиллагааны гэрээнд Иргэний Зориг-Ногоон Намыг төлөөлж Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Ганхүү, “Цахим Өртөө Холбоо” ТББ-ыг төлөөлж Удирдах Зөвлөлийн дарга Д.Сайнбаяр нар гарын үсэг зурлаа.
 
 Иргэний Зориг-Ногоон Намын Хэвлэл Мэдээллийн алба
2011.05.09
  • Бичсэн Цахим Өртөө Холбоо
  • Үзсэн: 1845

Бүлэг: Мэдээ, мэдээлэл

Гадаадад оршин суугаа 200,000 иргэдийн эрх зөрчигдсөөр байна.

Сонгуулийн зарчим хэлэлцэж буй энэ өдрүүдэд гадаадад оршин суугаа 200,000 гаруй монгол иргэдийн томоохон төлөөлөл болох “Цахим Өртөө” холбооноос хэвлэлийн бага хурал хийж, эдгээр иргэдийн сонгуульд санал өгөх эрх зөрчигдөж байгаа талаар мэдэгдэл хийлээ. 

Хурлын үеээр “Цахим Өртөө” холбооноос “Дэлхий ертөнц даярчлагдаж, 1990 онд гадаад паспорт эзэмших болсон Монголчууд дэлхийн олон улс оронд сурч, ажиллаж амьдрах бололцоо нээгдсэнээс  хойш Монгол хүмүүсийн гадагшаа чиглэсэн нүүдэл хүчтэй идэвхжиж ирлээ. Өнөөдөр албан бус тоогоор 200 000 орчим Монголчууд гадны улс орнуудад амьдарч, ажиллаж, сурч байна.”

“Эдгээр Монгол иргэдийн Үндсэн хуулиар олгогдсон эрх нь зөрчигдсөөр байна. Тухайлбал Монгол Улсын Үндсэн хуулийн 3-р зүйлийн 3.1 дэх “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” гэсэн заалт, Монгол Улсын иргэн бүрийн баталгаатай эдлэх үндсэн эрх, эрх чөлөөний талаар тусгасан 2-р бүлгийн 16-р зүйлийн 16.9-д “Шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй” гэх заалт, 21- р зүйлийн 21.2-т заагдсан “Улсын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, дөрвөн жилийн хугацаагаар сонгоно” гэсэн заалтууд хэрэгжихгүй байна."

“Гадаадад оршин суугаа Монголчууд 2008 оны УИХ-ын сонгуулийн өмнө бүртгэгдсэн 1,542,617 сонгогчдын ойролцоогоор 10 хувь болох бөгөөд өнөөдөр Монгол иргэдийн 10 хүний нэгнийх нь эрх зөрчигдөж байгаа гэсэн үг” гэж мэдэгдэв.

Холбооны гишүүд мөн 2005 оны 12 сарын 29-ний өдрийн “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай” хуулийн 6-р зүйлийн 6.3, 13-р зүйлийн 13.3-т заасан гадаад улсад оршин сууж байгаа Монгол улсын иргэдийн сонгох эрхийг баталгаажуулсан заалтыг Улсын Их хурлаас 2007 оны 12 сарын 26-ны өдөр батлан гаргасан “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хуулийн 4-р зүйлийн 4.1 дэх заалтаар хүчингүй болгосоныг эсэргүүцэж байгаагаа илэрхийллээ.

Хурлын төгсгөлд “Цахим Өртөө” холбооноос Ерөнхийлөгч, улс төрийн намууд, Засгийн Газар, Сонгуулийн хороонд хандаж ид хэлэлцэж буй Сонгуулийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа гадаадад суугаа монголчуудын эрхийг баталгажуулах тодорхой заалт оруулахыг уриалав.

  • Бичсэн Цахим Өртөө Холбоо
  • Үзсэн: 3277

Бүлэг: Мэдээ, мэдээлэл

Гадаадын үзэгчдэд хүрсэн шагнал - 2010

Их Британий Монголчуудын Холбоо, Лингуа Глобал компанаас Монгол Улсын баялаг соёлын өвийг гадаадад сурталчилахад үнэтэй хувь нэмэр оруулсан уран бүтээлчдийг жил бүр шагнахаар ‘Гадаадын үзэгчдэд хүрсэн шагнал’-ыг бий болгон зарлаж байнa. Энэ шагналын 2010 оны эздээр доорхи уран бүтээлчид шалгарсаныг Лондоны Монголчуудын шинэ жил тэмдэглэх үеэр зарласан юм:

1. Алтан Ураг хамтлаг
Монголдоо СД нь байнга хит болж байдаг, одоогоор зургаан цомог гаргаад буй, фолк рок хамтлаг Алтан Ураг нь дэлхийг тойрон аялж, өөрсдийнхээ брэнд болсон содон aялгуут хөгжмийг Ази, Европ, Умард Америкийн үзэгчдэд хүргээд байгаа. Тэднийг гадаадын олон мянган фэнтэй хамтлаг гэдгийг вэбсайтаар нь зочилсон 200,000 хит баталж байна. Алтан Урагийн хөгжмийн онцлог нь, тус хамтлагынхан Монгол хөгжмийн зэмсэг дээр ардын урлагыг өөрсдийнхээ онцгой содон рок аялгуутай найруулан тоглодог явдал юм.

Шагналыг Цахим Өртөө Хoлбооны Удирдах зөвлөлийн дарга Д.Сайнбаяр Улаанбаатар хотноо гардуулсан байна.

2. Даржаагийн Батбилэг
Монгол зураач Д. Батбилэгийн хамгийн сүүлд гаргасан өндөр амжилт нь, тэрээр Британий рок хамтлаг Кувийний сэдвээр хийсэн дөрвөн цуврал тосон будaгын уран бүтээл юм. Энэ бүтээлийг Кувийн хамтлаг байгуулагдсаны 40 жилийн ойд зориулан 2011 онд Лондон хотноо болох үзэсгэлэнд тавихаар урьсан байгаа. Батбилэгийн уг үзэсгэлэнг мөн жил бүр Швейцарийн Монтро хотноо зохиогддог Фреди Меркюригийн дурсгалын хүндэтгэн тэмдэглэх өдрийн үеэр Монтро хотын нэр хүндтэй En Beauregard уран зургын галлерейд 2011 оны 9 дүгээр сард дэлгэн үзүүлэхээр урьсан байна.

Шагналыг Лингуа Глобал компаний захирал Ж. Өнөрмаа гардуулсан байна.

3. Майкл Ормистон

Майкл Ормистон нь Британий тэргүүний хөөмийч билээ. Түүний хөөмийн аялгууг The Golden Compass’, ‘We Were Soldiers’ зэрэг Холливудын кино болон ББС-ийн ‘Planet Earth’ цувралд ашигласан байдаг.

Майкл 1988 оноос хойш хэд хэдэн удаа Монголд очиж, Монголын шилдэг хөөмийчдээр заалган хөөмийлэх арга барилд суралцсан юм. Тэрээр одоо Монгол хөөмийг сурталчилан, хөөмийлэх арга барил заах лекц, семинар, ганцаарчилсан сургалт зохион байгуулсаар байдаг юм.

Шагналыг Монгол Улсаас Их Британид суугаа Элчин сайдын яамны Соёлын атташе Х.Мандахцэцэг гардуулсан байна.

Монгол соёлыг дэлхийн үзэгчдэд түгээж яваа шагналын эзэддээ уран бүтээлийн өндөр амжилт хүсэж байна.

БРИТАНИЙН МОНГОЛЧУУДЫН ХОЛБОО
ЛИНГУА ГЛОБАЛ КОМПАНИ
ЛОНДОН ХОТ 2011

  • Бичсэн tserenbat_d
  • Үзсэн: 2357

Бүлэг: Мэдээ, мэдээлэл

"ХДХВ/ДОХ-ын эсрэг хамтдаа" сэдэвт АСК-ийн тэмцээн амжилттай болж өндөрлөлөө.

!--[if gte mso 9]>Эрүүл мэндийн салбарт мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулийн оюутнуудын дунд зохиогдсон "ХДХВ/ДОХ-ын эсрэг хамтдаа" сэдэвт 2 шаттай АСК-ын тэмцээн 2010 оны 11-р сарын 20-ноос 12-р сарын 1-ний хооронд амжилттай болж өндөрлөлөө. Уг АСК-ийг НҮБ-ын Хүүхдийн Сангаас санхүүжүүлсэн бөгөөд Цахим Өртөө Холбоо маань Эрүүл Мэндийг Дэмжигч Клуб хэмээх оюутнуудын сайн дурын клубтэй хамтран ерөнхий зохион байгуулагчаар ажилласан билээ. Тус тэмцээний 1-р шат нь 11 сарын 20-ны өдөр явагдсан бөгөөд ХДХВ/ДОХ-ын сэдвээр урьдчилж бэлдсэн 50 асуулттай тестэнд хариулах байсан юм. 1-р шатанд 7 сургуулийн нийт 198 оюутан оролцсоноос 90 нь 2-р шатанд орох эрхээ авсан болно.

АСК-ийн тэмцээний 2-р шат нь 12 сарын 1-нд буюу ДОХ-ын эсрэг өдөр болсон. 2-р шатны тэмцээн нь дотроо 3 үе шаттай байсан бөгөөд 1-р шат нь урлагийн номер, 2-р шат нь ханын самбар, 3-р шат нь асуулт хариулт гэсэн хэсгүүдтэй байв. Эцсийн шалгаруулалтаар 1-р байрыг ЭМШУИС-ийн "Оюутан хөгжил" баг, 2-р байрыг ЭМШУИС-ийн "MISC" баг, 3-р байрыг Оточ-Манрамба АУДС-ийн "Light for rights" баг тус тус эзэллээ. ">

1-р байр эзэлсэн багийн бэлтгэсэн урлагийн номер

2-р байр эзэлсэн багийн бэлтгэсэн урлагийн номер

3-р байр эзэлсэн багийн бэлтгэсэн урлагийн номер

 

  • Бичсэн Цахим Өртөө Холбоо
  • Үзсэн: 3024

Бүлэг: Мэдээ, мэдээлэл

Им Ёнжа: Монгол эх орныг сэтгэл догдлон хайрладаг.

“Өдрийн сонин”-ы Сөүлд суугаа тусгай сурвалжлагч Б.Хажидмаагийн бичсэнийг хүргэж байна.

“Би солонгос хүн учраас өөрийн эх орондоо хайртай. Бас энэ хайр шигээр Монгол эх орныг сэтгэл догдлон хайрладаг” гэж Сөүлд болсон “Монгол-Солонгосын эдийн засгийн хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт” сэдэвт Бага хурлын нээлтэд хатагтай Им Ёнжа хэлж байлаа. Монгол Солонгосын харилцааг дэмжих нийгэмлэгийн (KOMEX) тэргүүн түүний санаачилга, Төрийн бус байгууллагын нь нэр дор зохиогдсон ажил их.

УИХ-ын сүүлчийн сонгуулийн дараах долдугаар сарын 1-ний үйл явдлын үеэр шархадсан хүүхдүүдийг хөл дээр нь босгохын тулд хөрөнгө хүчээ зарж, БНСУ-д эмчлүүлсэн иргэний үйлс гээд Монголын төр, засгийн өндөр албан тушаалтнуудтай хамтарч хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөр барагдахгүй гэвэл давуудуулсан болохгүй байх. Түүний үг шиг л “Монголд хайртай...” гэх халуунаас халуунхан хандлага БНСУ-ын төр, засгийн өндөр дээд түвшиндээ ихээс иххэн байсан ч эрдэс баялгийн ашиглалтыг дагасан хоёр орны харилцааны тухай чимээ сураг элдэвээр хэлэгдэх болоод багагүй хугацаа өнгөрч байна. Ерөнхийлөгч И Мён Багийн Монгол Улсад айлчлах эсэх тов өндийн босч, цуцлагдах нь ч эдийн засгийн сонирхол хийгээд ашигт малтмалын салбартай хамгийн их холбоотой. БНСУ дэлхийд тэргүүлэгч гангийн үйлдвэртээ зориулан Монголын “Таван толгой”-д санаархах. Үнэндээ мөнгөтэй улс орнуудын хэзээ ч өөрсдөдөө өрсөлдөгч бэлдэхгүйн тул хэзээ ч Монгол Улсад боловсруулах үйлдвэр байгуулахгүй үнэнийг гуйвуулан “Удахгүй үүцээ задална...” гэхчилэн ард түмнээ хошгируулах төр, засагт БНСУ хичнээхэн найдах билээ гэмээр. Ядахад, “Монголд боловсруулах үйлдвэр бариад үзээрэй...” гэж БНСУ-ыг сүрдүүлэх Хятад “ах”-ын Өвөр Монголын нутгаас коксжсон нүүрсний ордууд дуу дуугаа аван нээгдээд байхад. Хятад “ах”-ын өөдөөс цөстэйхэн загнавал хэдхэн хоногийн өмнөх аюултай буудалцааны талбар Ёнпён арлын үлгэрийг үзэх БНСУ-д адаглаад хичнээн монголчууд сурч, ажиллаж амьдарч байгаа билээ дээ. Ганцхан Монголд л коксжсон нүүрс байдаг юм шиг бодох юм гэж зандармаар ийм л цаг үеийн салхитай өнөө жил Монгол Улс БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ой тохиосон билээ. Монголын ардчилсан хувьсгал эрийн цээнд хүрсэн тэгш онтой нас жацуу дипломат харилцаа тогтсоны “төрсөн өдөр” буюу 2010 он.

Дипломат харилцааны тэмдэглэлт ойн жил шувтарч байгаа энэ үед БНСУ-д суралцаж буй залуу докторант, магистрантууд судалгааны салбарынхаа оролцоогоор хоёр улсын хамтын хөгжлийн шийдэл хэрхэн буйг хайсан Бага хурал Сөүл хотноо болсон юм. Тус улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд Д.Гэрэлийн шууд дэмжлэг болон Сөүл, Пусан хотноо суугаа Монгол Улсын Өргөмжит Консулын газартай хамтран зохион байгуулсан Бага хурлын илтгэлүүдийг харвал аль ч чиглэлийн хэнбэгуай ч ашигт малтмалын салбарыг онцлолгүй өнгөрсөнгүй. Англи, солонгос хэлнээ өрнөсөн Бага хуралд “Гүүгл Кореа корпорацийн совтвер инженер Б.Баттулга, GES компанид инженер А.Одгэрэл, Шинхан банкны төлөвлөлтийн хэлтэст ажиллаж буй П.Батжаргал, БНСУ-ын Хөрөнгийн биржид ажиллаж буй Р.Жавхлант, Солонгосын үндэсний судалгааны санд ажиллаж буй Э.Норов, Солонгосын шүүхийн орчуулагч С.Отгонбаяр, СМОХ-ны тэргүүн Сөүлийн үндэсний их сургуульд докторант С.Сүх-Очир болон Ёнсей, Күүгмин их сургуулийн магистрант Д.Отгонбаатар, Х.Бадамлянхуа нарын тус бүрийн судалж, суралцаж буй чиглэлээрээ илтгэснээс харахад эрдэс баялгийн ашиглалт нь Монгол Улсын ирээдүйг бүтээх аль ч салбарын хөгжлийн чигтэй хамгийн их хамаатай байлаа. Бага хурлыг нээсэн Элчин сайд Д.Гэрэл “Дипломат харилцаа тогтсоноос хойш хоёр улсын худалдаа, эдийн засгийн салбар болон хамтын ажиллагааны хөгжлийн үндэс болсон ойлголцол, итгэлцэл улам бүр гүнзгийрсэн цаг хугацаа байлаа. Улс орны сүр хүчийг хүн амын их бага, газар нутгийн том жижиг биш эрдэм, ухаан тодорхойлох болсон. Итгэл тээх, хөгжилд хөтлөх эрдэм чадлын төлөө мэрийхийг залуучууддаа хүсэх байна...” хэмээн хоёр улсын хамтын ажиллагааны талаар зарим нэг статистик баримтуудыг танилцуулсан юм.
Р.Жавхлантын илтгэлд “Дараагийн таван жилд уул уурхайн томоохон төслүүдийг хэрэгжүүлэхийн тулд 26 тэрбум ам.доллар босгох шаардлагаа хангахын тулд Монголын Засгийн газар худалдан авагчын гэрээгээр барьцаалан хөрөнгийн зах зээлээс хөрөнгө босгох төслүүдийг санхүүжүүлэхээр төлөвлөж байна. Иймд төслийн санхүүжүүлэлтийн нэг хэсэг дотоод, гадаадын бирж дээр давхар бүртгэлтэйгээр хөрөнгө босгох магадлал өндөртэй болж байна...” гэж дурдаж байв. С.Сүх-Очирийн илтгэлд “Ашигт малтмалын томоохон сав газар болох Монгол Улсад 5000 гаруй хайгуул, ашиглалтын лиценз олгогдоод байгаа бол 3000 нь Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, хэсгүүдэд харъяалагдаж байна. Хятадаас улсын хэмжээний томоохон төсөл хөтөлбөрөөс гадна хувь хүмүүс ч олон зуун мянган ам.долларыг ашигт малтмалын хайгуул, олборлолтод зориулж нэг орны хэт давамгайлсан эрүүл бус хандлага байгаа нь бодьтой болоод удлаа. Монгол Улс дахь гадаадын хөрөнгө оруулалтын дотор БНСУ бага хувь эзэлж байгааг өөрчилж, эдний томоохон корпораци, улсын байгууллагуудын олон зуун сая ам.долларыг татах хэрэгтэй...” гэхчилэн дүгнэлтээ баримтуудад үндэслэн танилцуулав. С.Отгонбаяр, Д.Отгонбаатар нарын илтгэлд БНСУ Засгийн газрын тэтгэлэг олгох хөтөлбөрөөрөө олон орны залуусыг шилдэг их сургуулиуддаа суралцуулж байгаа болон Ерөнхийлөгч Ну Мү Хёны айлчлалын дараа Засгийн газрын тэтгэлэг хүртэх Монгол оюутны тоо жилд тав байсан дүн 20 хүртэл өссөн баримтыг дурдаад “Монгол Улс газрын баялгаараа асар их нөөц ирээдүйтэй болон товойн гарч ирж байгаа ч гагцхүү ийм гадаад нөөц бололцооноос илүү чухал нь тэрхүү баялгыг ашиглаж, бүр их үнэ цэнийг үйлдвэрлэлд бий болгох чадварлаг боловсон хүчин бэлтгэх буюу хүний нөөцийн сүлжээ үүсгэх явдал тулгамдаж байна. Өдгөө УИХ-ын гишүүд ОХУ-д 30, Германд тав, Англи, Японд дөрөв, Америкт гурав бусад эх орондоо боловсрол эзэмшжээ. Дээр дурдсанчлан БНСУ-аас Монголын боловсролын салбарт дэмжлэг үзүүлж байгаа нь харьцангуй залуу хэдий ч Монгол Улсын нийгэмд гүн гүнзгий харилцаа бий болгох боловсон хүчний сүлжээг бий болгох талд илүү анхаарах нь чухал байгаа юм...” гэж байлаа. А.Одгэрэл, Б.Баттулга нар илтгэлээрээ “БНСУ-ын Самсунг, Элжи, Хёндэй группууд ирэх 20 жилийн төлөвлөгөөндөө байгаль орчинд ээлтэй нар, саохи, цөмийн эрчим хүчний үүсгүүр, цахилгаан хөдөлгүүрт автомашин, эмнэлгийн оношлогооны багаж төхөөрөмж зэрэгт хөрөнгө оруулах, судалгаа шинжилгээ хийхийгээ хэдийнэ зарласан. Энэ бүтээн байгуулалтад хэрэгцээт газрын ховор элементийн хангалтын тул БНСУ нь өөрийн техник технологийг ашиглан судалгааны түвшинд тусгай гэрээ байгуулан олборлолт явуулж, цаашилбал энэ салбарын эрдэм шинжилгээний хүрээлэнг Монгол Улсад байгуулан шинэ технологи бүтээгдэхүүнээ зах зээлд гаргах нь чухал байна” гэлээ.
Бага хурлын нээлтэд л БНСУ-ын Үндэсний ассемблейн Эдийн засгийн байнгын хорооны дарга, БНСУ Монголын парламентын холбооны дарга Жон Жан Сонь “Монголын залуу докторант, магистрантуудын зохион байгуулж байгаа ажил цаг үеээ оллоо. Ийм арга хэмжээ зохион байгуулах санаа миний бодолд байсан хэдий ч ажил хэрэг болгож чадахгүй явсаныг мэдсэн мэт бодит үйл хэрэг болгосонд баяртай байна. Цаашид уламжлуулан явуулах талд дэмжлэг, чиглэл тавих үүрэг надад үлдсэн шиг байна...” гэж хэлсэн. Тийн үнэлсэн Үндэсний ассемблейн гишүүн ноён Жон Жан Соньд баярлалаа. Төрөлх эх орныхоо ирээдүйг өдгөө “хоолноос нь хороон” байж суралцаж буй улсын эдийн засаг, соёл, хөгжилтэй уялдуулан хурдан урагшлуулах гарц, шийдлээ илтгэсэн залуу эрдэмтэдийн санаачилга уламжлан үргэлжилвэл далайд дусал дүйх дамжиггүй.
  • Бичсэн Цахим Өртөө Холбоо
  • Үзсэн: 1746

Цахим Өртөө Сүлжээнд элсэх

  • Өртөөний сүлжээнд элсэх

tsahim_urtuuХэрэв та Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээнд элсэхийг хүсвэл: http://groups.google.com/group/tsahim-urtuu-suljee хаягаар зочилж маш хялбархан бүртгүүлж болно. Та Гүүгл суурьт энэхүү сүлжээнд имэйлээ бүртгүүлснээр манай сүлжээний гишүүн болно.

 

Image Temp

Энэ хуудас нь Цахим Өртөө сүлжээний нийт гишүүдийн хамтын бүтээл байх бөгөөд ажил хэргийн санал болгоныг вэбийн хамтлаг тухай бүр нь тусган энэ хуудсанд оруулж байх болно. Хамтран ажиллаж буй, ажиллахаар зэхэж буй таньд баярлалаа.

Newsletter