181-р сар2018

Бүлэг: Мэдээ, мэдээлэл

Мэдээлэл ба Философи

Нинжбатын Ууганбаатар, Стокгольмийн Эдийн Засгийн Сургууль, Sweden

Философи бол xүний аливаа зүйлсийн тухай бодох оюунлаг аxуйг бүрдүүлэгч нь юм. Иймд мэдээллийн гэгдэх эрин үетэй золгож буй хүн бүр, мэдээлэлтэй холбоотой философи санаануудыг сонирхон үзэх хэрэгтэй.

Энэхүү бүтээлийн эхний хэсэгт, өрнөдийн философи дахь мэдээлэлтэй холбоотой хоёр үндсэн салбар ухааныг (эпистемологи болон мэдээллийн философи) танилцуулахыг зорьсон юм. Эпистемологи (мэдлэг судлал) нь эртний Грек философчидийн сонирохсон анхны сэдвүүдийн нэг байсан бол, Мэдээллийн философи (information philosophy) нь ‘Мэдээллийн Технологийн дэвшилээс үүдсэн философи асуудлуудыг судлахаар’ 1980 аад оноос эхлэн бие даасан салбар ухаан болон хөгжиж байна.

Бүтээлийн хоёр дахь хэсэгт, мэдээллийн нийгэмд амьдрагч хүн бүрт тустай байж мэдэх, мэдээлэлд хандах нэлээд ерөнхий хандлагыг (ангилалыг) санал болгосон. Энд ‘мэдээллийн иймэрхүү ангилал нь эпистемологи суурьтай байх боломжтой’ гэсэн үнсэн санаа дэвшүүлэгдэж байгаа юм.

Төгсгөлийн хэсэгт, Монголчууд бидэнд хамааралтай, эпистемологи гаралтай гурван асуултанд

   1. Философи, бидний өнөөгийн амьдралд ямар хэрэгтэй вэ?
   2. Монголчууд бид оюунлаг ард түмэн мөн үү?
   3. Алим модноос унахыг Монгол хүн яагаад сонирхоогүй вэ?
тодорхой хариултуудыг өгөх юм.

Жич: Хэрэв танд энэхүү бутээл таалагдвал аль болох олон хүнтэй хуваалцахыг хичээгээрэй. Мөн бүтээлийн талаарх санал бодлоо хуваалцана байх гэж зохиогч найдаж байна.

Тус бүтээлийг эндээс татаж авна уу:
http://streamdp.hhs.se/LinkedStaffDocs/download.aspx?dl=01793_013

  • Бичсэн Цахим Өртөө Холбоо
  • Үзсэн: 2189

Бүлэг: Мэдээ, мэдээлэл

Ерөнхийлөгчийн мэргэн зарлиг буулаа

Шинэ Ерөнхийлөгч маань эрхэмсэг сэнтийдээ морилж, тамгаа түшиж, анхны зарлигаа буулгасанаас хойшхи өнгөрсөн нэг жилийн хугацаанд улс орон, ард түмний амь амьдрал, хувь заяа, ахуй орчинтой холбоотой олон зөв сайхан шийдвэр гаргасаар байгаа. Ихэнхи нь ард нийтийн олонхийн сэтгэлд нийцсэн айлтгал шийдвэр байсан байх. Ингэх ч учиртай.

Харин уржигдар чихэнд чимэгтэй, мэргэжлийн бидэнд их л ойр монгол түмэнд хэрэгтэй нэг сайн мэдээ чих мялаалаа. Энэ юу байсан гэвэл 2011 онд болох Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Үндэсний монгол бичгээ дэмжсэн, монгол бичгийн албан хэрэглээг нэмэгдүүлэх тухай зарлиг буулгажээ. Энэ бол монгол хэл, соёлоо гэдэг хүн бүхэнд үнэхээр сэтгэл сэргэж, урам ормоор сайхан мэдээ байлаа. 

Яг үнэнээ хэлэхэд би ерөнхийлөгчийг ийм зарлиг буулгана гэж үнэндээ бодож байсангүй. Учир нь манай төр засгийн удирдагч, дарга нар ихэнхи нь дэмждэггүй юм. Дэмжихгүй байгаагийн учир нь өөрсдөө мэддэггүйд л байдаг байх даа гэж боддог байлаа. Одоо хамгийн том шийдвэр гаргадаг улсын их хурал дотор гэхэд нэрээ бичиж чадахгүй нөхөд нэлээд бий дээ. Тэд хэзээ ч Монгол бичгийг төрийн бичиг болгохын төлөө гараа өргөхгүй нь лавтай. Үндэсний хэмжээний, дэлхийд гайхагдах соёлын нандин өвийг мэдэхгүйгээсээ ичиж дэмжихгүй байна гэдэг харамсалтай хэрэг билээ. Харин ч өмнөх ерөнхийлөгч Н.Энхбаяр гуай өөрөө соёлын хүн, нэлээд цагааширсан монгол бичигтэй болоод ч тэр үү гайгүй ч дэмжиж хэд хэдэн бодитой юм хийсэн гэхдээ л ийм олон нийтийг хамарсан мэргэн зарлиг гаргаж сэтгээгүй л санагдана. Мэдээж энэ зарлиг буулгахад мэргэжлийн байгууллага, төр, олон нийтийн хүсэл бодол, бодлого шаардлага олон зүйл байсан байх.

Энэ зарлиг ёсооор бол Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдээс гадаад улсын адилтгах төвшний албан тушаалтанд илгээх албан бичиг, захидлыг монгол бичгээр үйлдэж, орчуулгыг тухайн улсын эсвэл НҮБ-ын албан ёсны нэг хэлээр хавсарган илгээж байхаар тогтоожээ. Мөн иргэний төрсний болон гэрлэлтийн гэрчилгээ, бүх шатны боловсролын сургалтын байгууллагаас олгож байгаа үнэмлэх, диплом, гэрчилгээг крилл болон монгол бичгээр зэрэгцүүлсэн бичилт хийж байхаар зарлиг буулгажээ. 
Маш том алхам, мэргэн ухаан. Монгол бичгийг сэргээх Үндэсний хөтөлбөр гээд эхэндээ овоо хэрэгжиж байсан ч сүүлдээ нэг хоосон тунхаг болчих гээд байсан зүйлийг сэргэх, амь орох маш том боломж олголоо. Ашгүй тэр хөтөлбөрийг эргэж харж, салхи оруулж, хэрхэн хэрэгжиж байгааг үзэж дүгнэн, бүр эрчимжүүлж, хүч оруулахыг Засгийн газарт тухайлан Ерөнхий сайд С.Батболдод үүрэгдэж. Ингэмээр дээ. Овоо шүү, Ерөнхийлөгч маань. Мэргэжлийн бид баярлаж байна шүү, Ерөнхийлөгч өө!

Харин яаруу хүний эцэх нь түргэн гэдэг ч хэрэгжүүлж эхлэх хугацаа нь 2011 оны 7 сарын 11 гэдэг жаахан хол юм уу даа гэж санагдлаа. Сүүлийн хорь шахам жил бид сайн ч муу ч хүүхэд залуучууддаа монгол бичгээ хэрээрээ л зааж сургаж байгаа. Одоо монгол бичгээ хараад яанаа би мэдэхгүй гэх хүний тоо залуучуудын дунд лав үгүй болсон байх. Манай 25 хүртэл насны залуучуудын бараг 80 хувь нь уншиж чадна, 60 хувь нь бичиж чадна гэсэн тооцоо байдаг юм билээ.

Дээрх зарлигийг санаанд хүртэл биелүүлэх, гардан хийх чадварлаг сайн боловсон хүчин, техник технологийн боломж  ч манай МУИС, УБИС болон бусад их дээд сургуулиудаар хангалттай бэлтгэгдсэн гэж үзэж болно. Тийм учраас таны гаргасан айлдвар зарлиг сааталгүй сайн гүйцэлдэх байх гэж найдаж байна. Иймэрхүү мэргэн ухаанаар монгол бичиг, соёлоо  улам сайн дэмжиж өгөөрэй Ерөнхийлөгч минь хэмээн хэлэх байна.

Д-р, проф. Жанцангийн Бат-Ирээдүй
Монгол хэл, бичгийн багш нарын Үндэсний Холбооны тэргүүн
Токио Гадаад Судлалын Их Сургууль, Япон
2010 оны 7 дугаар сарын 7

  • Бичсэн batireedui
  • Үзсэн: 1535

Бүлэг: Мэдээ, мэдээлэл

Эн Эйч Кэй (NHK) нацу башё үзүүлэхгүй боллоо

Ж.Бат-Ирээдүй, Японоос

Японы телевизийн үндэсний томоохон агентлаг эн эйч кэй (NHK) нацу башё буюу зуны башёг шууд дамжуулан үзүүлэхгүйгээр  шийдсэнээ мэдэгдлээ. Энэ нь сумочдын бооцоо мөрийтэй тоглоом тоглосноос болсон гэж Эн Эйч Кэй-н тэргүүн Шигэо Фүкүчи мэдэгдлээ. Тэрбээр бид "энэ удаагийн сумо барилдааныг шууд дамжуулан үзүүлэхгүй, үүний оронд өөр зүйл үзүүлэхээр бэлтгэж байна. Харин радиогоор өдөр бүрийн дүнг танилцуулна. Энэхүү шийдвэр нь эртний уламжлалт  энэ спортынхоны скандал шуугиантай холбоотой юм. Сумогийн холбоо одоогийн нөхцөл байдлыг чухам хэрхэн шийдвэрлэх  нь хараахан мэдэгдэхгүй байна. Бид ойрын үед үзэгчдээс  маш их шүүмжлэл хүлээж авсан. Сумогийн холбоог шинэчлэл хийнэ гэдэгт итгэж байна" гэж тэр нэмж хэллээ.

Эн Эйч Кэй 1953 оноос хойш сумог тасралтгүй шууд дамжуулан үзүүлж ирсэн бөгөөд анх удаа шууд дамжуулан үзүүлэхгүй шийдвэрт хүрч  байгаа юм байна. Радиогоор бол 1928 оноос хойш тасралтгүй нэвтрүүлж эхлэсэн байна. Хэрэв эн эйч кэй шууд дамжуулахгүй бол манай монголын үзэгчид ч гэсэн сумо үзэж чадахгүйд хүрэх билээ.

Олон нийтийн дунд тарсан скандалын эцэст сумогийн холбоо өнгөрсөн бүтэн сайнд Озэки Котомицүки болон дэвжээний мастерыг түр хугацаагаар сумогоос гаргахаар шийдсэн билээ. Харин олон нийт зөвхөн үүгээр  сумогийн  унасан нэр хүнд эргэж  сэргэхгүй гэж үзэж байна. "Бид энэ хүнд үед бие биенээ түшиж даван туулахаас өөр арга байхгүй. Энэ бол сумогийн хувьд  нүүр царайгаа өөрчлөх сүүлийн боломж ч байж болох  юм" гэж Японы Боловсрол, спортын сайд Фүмио Кавабата Эн эйч кэй нэвтрүүлэхгүй гэж мэдэгдэхээс өмнөхөн Сумогийн холбооны удирдлагад анхааруулсан байна.

"Эн Эйч Кэй-ийн энэхүү шийдвэрийг  гүнээ хүндэтгэж хүлээж авч байна. Бид Нагаёо башог амжилттай зохион байгуулахын төлөө байна." гэж Японы Сумогийн Холбооны Тэргүүн Хироёоши Мураяама хэлжээ.

Ээн эйч кэй бидний барилдааныг дамжуулахгүй болсон нь харамсалтай байна гэж Ёокозуна Хакухо харамсаж байгаагаа илэрхийлж, гэсэн ч энэ барилдаанд бэлтгэлээ сайн базааж, амжилттай барилдахыг хичээнэ гэлээ. Тэрбээр сүүлийн хоёр  удаагийн барилдаанд дараалан 15 даваад байгаа  билээ. 

Эн эйч кэй бол уг спортыг дамжуулдаг ганц суваг бөгөөд  арилжааны телевизүүд спортын нэвтрүүлэг хөтөлбөртөө оруулсан ч үзэх хүний тоо буурсаар байна. Мөн сумогийн удирдлага дамжуулах эрх өгсний төлөө өндөр үнэ шаардах болсон байна.

Японы өдөр тутмын спортын хэвлэлүүдэд бичсэнээр 34 настай озэки Котомицүки мэргэжлийн бэйсболийн тэмцээнд мөрий тавьж, хуучин бөх Отакэн бооцоо  дор хаяж 5 сая орчим йэн хүрсэнийг Япон даяар шуугиж байна.  Хамгийн гол нь улсын мөнгөө буюу төсвийн мөнгөөр тоглосонд гол утга учир оршиж байгаа аж.  Одоогийн байдлаар Сумогийн холбооны  тоо баримтаар дор хаяж 65 сумоч хууль бусаар бооцоо тавьсан хэрэгт холбогдоод байгаа бөгөөд цагдаагийн байгууллага шалгаж байна. Хакухо болон дээд зиндааны бусад гадаадын тэргүүн бөхчүүд энэ хэрэгт холбогдоогүй нь тодорхой болжээ.

Ийнхүү  57 жилийн дараа эн эйч кэй анх удаа Японыхоо үндэсний спорт болох сумог дамжуулан үзүүлэх боломжгүй гэж шийджээ.

  • Бичсэн batireedui
  • Үзсэн: 1670

Бүлэг: Мэдээ, мэдээлэл

Далай лам Монголчуудад зориулсан ном айлдлаа.

Дээрхийн гэгээнтэн Далай Лам энэ сарын 17-28 ны өдрүүдэд 11 хоног Япон Улсад шашины зорилгоор зочилж байна. Тэрбээр энэ тухайгаа “Энэ удаагийн айлчлал бол ямар нэгэн улс төрийн зорилгогүй, би Японы засгийн газрын хүмүүстэй уулзахгүй, надад улс төрөөс гадна сүсэгтэн олон түмэн гэж бий, би тэдэнтэйгээ уулзаж номоо айлдах юм аа. Гэхдээ Төвдийн улс төрийн болоод оюун санааны ирээдүй нь ардчилсан маягаар л шийдэгдэхээс өөр аргагүй” хэмээн айлчлалын эхэнд зохион байгуулсан хэвлэлийн бага хурал дээрээ мэдэгдэж байлаа. 

Энэ удаад тэрбээр Японы Нагано, Каназава, Ёокохама хотуудад сүсэгтэн олонд зориулсан лекц уншсан юм. Нагано хотноо айлчлах үеэр Зэнкожи хэмээх Буддийн шашины Япон сүмд зочиллоо. Учир нь 2008 оны арван нэгдүгээр сард тус сүмд нэгэн бурханы баримал бэлэглэсэн бөгөөд тэр үеэр тус сүмийн урилга хүлээж авчээ.
Далай багшийг Токио хотноо морилох энэ сайхан завшаанд Тѳвд Монголын Буддын шашины соёлын тѳвийн Япон дахь салбараас  Япон Улсад суугаа сүсэгтэн олон монголчуудад зориулан тухайлан нэг өдрийг олж айлтгал хийлгэсэн нь тун чухал ажил боллоо. Тэрбээр энгийн амьдралын эгэл зүйлээс авахуулаад буддийн шашины гүн ухааны цогц ойлголтуудын талаар болон ерөөсөө хүний амьдралын мөн чанарын талаар дэлгэрэнгүй ярилаа.
Дээрхийн Гэгээн Арвандөрөвдүгээр Далай Лам Данзанжамц нь бурханы шашны мөн чанар болон амьдралын утга учир, үнэн мөнийг тунгааж гэгээрсэн бөгөөд аугаа их эерэг энергийн бодисадва билээ.  Түүний ариун сургааль, айлдварыг сонсох  нь энэ насанд тохиолдох нэгэн цагийн хувь ерѳѳл хэмээн сүслэм.  Далай багшаас Япон дахь Монголчуудад айлдах энхүү сургааль, айлдвар нь бид бүгдэд амьдралын утга учир, сайн сайхан, авах гээхийн ухааныг хэлж өгөх буяны болон сэтгэлийн ариун бэлэг боллоо.
Энэ ѳдрийн сургааль, айлдварыг Монгол Улсын Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт, Урлаг судлалын ухааны Доктор, Профессор Н.Жанцанноров нээн хөтлөж “Эрхэм та бүхний өдрийн амгаланг айлтгая. Дээрхийн гэгээн арван дөрөвдүгээр Далай лам дахин Японд морилж, Монгол үндэстэнүүддээ айлдвараа хайрлах ариун сайхан цаг дахин тохиолоо. Энэ сайхан цагийг хүндэтгэн  миний бие Монголын Анхдугаар Богд Өндөр Гэгээн Занабазарын дурсгалд зориулсан “Цагаан Суварга” гэдэг бүтээлээ Япон Улсад суралцаж байгаа шавь нарынхаа хамт  Гэгээн танд өргөн барья.” хэмээн  алдарт “Цагаан суварга”-гаа тоглоход Далай лам чих тавин, сэтгэл уяран сонсож баяр хүргэлээ. 
Тэрбээр айлтгалдаа “Монгол, Төвдийн ард түмний эртний холбоо сүлбээ, Бурханы шашин түгэн дэлгэрсэн түүх, Монгол Улсад морилж байсан түүх, Өвөр Монголчуудын тухай, монгол сайхан айргийн тухай,  Далай лам хэмээх алдарыг хүртсэн тухай, багш нарынхаа тухай, монгол хэл сурч байсан тухайгаа, Ардчилсан Монгол үндэстний бурхан шашны талаар явуулж буй бодлого, Энэтхэгт сурч буй монгол лам нарын тухай, Төвд орны талаар, оюутнуудын хичээнгүйлэн сурч боловсрох тухай, Чингис хаан, түүний залгамжлагчид, орчин үеийн Монголчуудын эрхэмлэх зүйлийн талаар, бусад шашны харилцан нөлөөлөлийн тухай зэрэг олон сэдвээр ярьж буддийн шашны лам нарыг Дармасалд очиж сурахыг уриаллаа.
Монголчуудад зориулсан энэ уулзалт Интерконтинентал Ёокохама Гранд Зочид Буудлын Дугуй танхимд болж 200 орчим монголчууд цугласан юм. Уулзалт айлтгалын төгсгөлд Н.Жанцанноров гуай Япон дах монголчуудыг төлөөлөн  “Гэгээнтэн тандаа маш их баяралалаа. Таны бие мах бод сэрүүн тунгалаг, оюун билэг ариун баян байх болтугай. Монголчууд, монгол үндэстэн бид энэ жил Монгол Улсад болсон Олон улсын морин хуурчдын чуулганы шилдэг гурван морин хуурын нэгийг Японд ажиллаж сурч, амидарч байгаа бүх монгол үндэстнүүдийнхээ өмнөөс өргөн барьж байна.”  гэж хэллээ.
Монголчууд асуулт тавьж, хариултыг сонсож зарим нь адис хүртэж, Далай багшийн цаг нэлээд шахуу болсон тул айлдварын дараа Далив хутагт Жамсранжавын хойд дүр Халимаг лам болон Гандан хийдийн бусад лам нар Далай багшийн улаан зангиа, маанийн үрэлийг багштаныг төлөөлөн түмэн олонд хүртээж, адис хүртээлээ.
Энэ айлтгалын өргөлийн хураамж 1500 иен буюу 22500 орчим төгрөгийн тасалбартай байлаа. Харин 26-нд Пасифик Ёкохамад зохиогдох арга хэмжээний тасалбарыг авсан хүнийг үнэгүй оруулж байв. 
Гандантэгчинлэн хийдийн лам С.Ганболд Далай багшийн яриаг төвд хэлнээс түүртэлгүй сайхан орчуулж түмэн олноо хүргэлээ.
Далай ламын айлчлалыг зохион байгуулах хорооноос Далай Ламын аюулгүй байдлыг хангахаар  хамгаалалт нарийн чанд, байж ороход биеийг нь шалгаж зургийн аппарат  сэлтийг хураан авч байсан хүн болгон утасаа асааж зураг дарлаа.
Далай Ламын монголчуудад зориулсан айлдварын бичлэгийг удахгүй Монгол Улсад “Монгол Телевиз”-ээр түмэн олонд хүргэх болно.

Бичлэг болон гэрэл зургийг Жанцангийн
БАТ-ИРЭЭДҮЙ

  • Бичсэн batireedui
  • Үзсэн: 1418

Бүлэг: Мэдээ, мэдээлэл

Гадаадад байгаа Монгол мэргэжилтнүүдийн Зуны лекц - 2010

2010 оны долдугаар сарын 23 • Улаанбаатар, Монгол Улс 

Мэдлэгт суурилсан нийгэм, мэдлэгт суурилсан сургалт, мэдлэгт суурилсан хөгжил, мэдлэгт суурилсан бизнес гэж өнөө үед зөвхөн Монголд ч бус хаа сайгүй ярьдаг болсноос гадна янз бүрийн онол ч гарчээ. Эх нутагт маань энэ талаар анхаарч, их дээд сургуулийн оюутан сурагчдад лекц уншиж, телевизээр ярилцлага өгч, сонинд нийтлэл гарч байгааг хилийн чанадад суугаа монголчууд нэн талархалтай хүлээн авч байдаг юм аа. Гэтэл чухам энэ онолыг боловсруулалцаж, барууныханд зааж, тэднийг хөгжүүлдэг гэж болохуйц мэргэжилтнүүдийн дотор мэргэжлээрээ олон жил дагнан ажилласан, хилийн чанадад тогтвор суурьшилтай ажил эрхэлдэг монголчууд олноороо байна. Тэдний хийдэг ажлаас эх орондоо хүргэж, нутагшуулах эхний алхмыг бий болгох, бусад олон ажилд хувь нэмэр болохоор энэхүү лекцийг явуулахаар шийдсэн билээ.

Мэдлэгийг аливаа тогтолцооны үндэс болох хамгийн чухал эд гэдэг. Мэдээлэл ч үүнтэй мөр зэрэгцэн, аль нь илүү жин дарахыг тогтооход бэрх байдаг. Мэдээлэл нь мэдлэгийг бий болгодог л гэнэ. Мэдлэг нь мэдээллийг цэгцэлдэг л гэнэ. Мэдлэг бол туршлага л гэнэ. Боловсрол бол мэдлэг л гэнэ, үгүй мэдлэг бол боловсрол л гэнэ. Энэ олон замын хаагуур нь явах вэ гэдэг шиг энэ олон тодорхойлолтын аль нь үнэн бэ гэх асуулттай олонтаа учирдаг. Хүн бүрд өөрийн тайлбар байх биз. Харин лекц уншихаар зорьсон бидний хувьд өөрсдийнхөө энэ мэдлэг, мэдээллээс эх нутагтаа хүргэе, та бүхэнтэй хуваалцъя хэмээн зорилоо.

Бид энэ барууны нийгмээс жаал суралцаад, эндээ амьдралаа аваад явчих ажил хөдөлмөр эрхлээд багагүй цаг хугацааг өнгөрөөлөө. Одоо тэгээд энд юу хийдэг, юу мэддэгээ өгүүлж ярих санаатай. Мэдлэг болгох уу, мэдээлэл байх уу гэдгийг сонсогч өөрөө шийдэж, авах гээхийн ухаанаар эрэгцүүлнэ биз ээ. Бид юу санаж, яаж ажиллаж, хэрхэн дүгнүүлдгээ л жишээлнэ. Түүнээс зааж сургаж, заавал хэрэгжүүл гэхгүй.

  • Хөрөнгө мөнгө их зарсан томоохон томилолтоор ирдэг төлөөлөгчдөөс дутахгүйг бид хэлж магад, учир нь бид энд тэдний хийдгийг л хийдэг, тэдний үнэлгээгээр л ажлаа дүгнүүлдэг, тиймэрхүү семинар, сургалтад ч багшилдаг.
  • Шийдвэр гаргах албаны нэгэнд бол хэрэг болох зүйл нэлээд байж магад, учир нь бидний хийдэг ажлын үр дүнгээр хийсэн шинжилгээ судалгаанаас л энд шийдвэр гардаг.
  • Оюутан залууст магад хэрэг болох биз, учир нь бид яг л та нар шиг сурах мэдэхийг хүссэн, та нар шиг л ирээдүйгээ мөрөөдөж зүтгэсэн.
  • Бизнес эрхлэгч, ажил албаа үр бүтээлтэй гүйцэтгэх нэгэнд хэрэгтэй яриа үүснэ, учир нь бид өдөр тутмын ажил амьдралаа л илүү дутуугүй хэлж ярьж, хөгжингүй нийгмийн амьдралын гүнээс нь олж хараад ойлгож хэрэгжүүлсэн зүйлээ өгүүлнэ.
  • Гадаадад боловсрол эзэмшээд гэрээ хөгжүүлэх гээд яаран буцсан нэгэнд хэрэг болох зүйл бий, учир нь бид та нарт олон зүйлийг сануулж сэргээх, зарим нэг зүйл тухайн үед яагаад болж бүтээгүйн учрыг ч таниулж болох.

Та бүхэн хүрэлцэн ирж, харилцан ярилцаарай. Бид ч гэсэн зөвхөн лекц унших биш ирсэн улсуудаас ихийг мэдэж, мэдлэг мэдээллээ чөлөөтэй солилцож, туршлага, чадвараа хуваалцах хүсэлтэй билээ.

Ингээд бүгдээрээ долдугаар сарын 23-ны Баасан гаригт уулзацгаая!

Лекц зохион байгуулах ажлын хэсгийнхэн

Дэлгэрэнгүй мэдээллийг http://summer.monamerchamber.org хуудаснаас орж авна уу

  • Бичсэн Цахим Өртөө Холбоо
  • Үзсэн: 1358

Цахим Өртөө Сүлжээнд элсэх

  • Өртөөний сүлжээнд элсэх

tsahim_urtuuХэрэв та Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээнд элсэхийг хүсвэл: http://groups.google.com/group/tsahim-urtuu-suljee хаягаар зочилж маш хялбархан бүртгүүлж болно. Та Гүүгл суурьт энэхүү сүлжээнд имэйлээ бүртгүүлснээр манай сүлжээний гишүүн болно.

 

Image Temp

Энэ хуудас нь Цахим Өртөө сүлжээний нийт гишүүдийн хамтын бүтээл байх бөгөөд ажил хэргийн санал болгоныг вэбийн хамтлаг тухай бүр нь тусган энэ хуудсанд оруулж байх болно. Хамтран ажиллаж буй, ажиллахаар зэхэж буй таньд баярлалаа.

Newsletter