232-р сар2018

Бүлэг: Уриалга

Төсөл хөтөлбөрийн цаана буюу төрийн албаны цомхотгол...

Б.Эрдэнэбаяр. Парис хот

Сангийн яам нь санаачлаад төрийн албан хаагчдыг олноор нь цөөрүүлж төсвийн мөнгийг хэмнэх юм гэнээ. Тэгтэл тэр нь нөгөө л 2000 оны Улсын Их Хурлын сонгуулийн дараагаар бий болгосон дэд сайд нар, учир утгагүй олон дэд дарга нарын талаар л яриа болж байх шиг байна. Тэгээд баахан мөнгө хэмнээд байгаа юм байх. Уул нь ажил бодож гаргаж ирсэн албан тушаалууд ч биш л дээ.
Түүнээс биш төрийн алба, засаглалын талаар онц гойд шинэчлэл, менежментийн дорвитой шийдлээр гаргасан ажил л лав биш болж таарч байна.

Төрийн албыг цөөрүүлж болноо болно. Тавин хүнтэй төрийн яамаар улс орны алс хэтийн бодлогыг тодорхойлж, хэрэгжүүлэх чиг баримжааг тодорхойлох гэж яаж үйлээ үздэгийг тэнд ажиллаж ирсэн тэр албан хаагчид л ойлгоно. Төрийн яам ч гэж дээ, үхрээр бол “ортоом” үүлдэр шиг “ор тойм” төдий л бүтцүүд байгаа юм ш дээ.
За тэгээд тэр тавин хүнээс нь дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, газрын дарга, орлогч, хэлтсийн дарга гэсээр байгаад бодлого, хөтөлбөрийг тэрлэж суудаг нь гарын таван хуруунд ч хүрэхгүй ажиллах хүчин үлддэг юм. Хүн байж л ажил хийгдэх ёстой. Хийгддэг ч юм. Хийсэн шиг хийвэл шүү дээ. Түүнээс биш ортоомдоод байвал ч өөр л дөө.

Өнөөдөр төрийн үйл ажиллагаа доголдоод, ажлаа хүрч хийж чадахгүйгээс ортоомдоод байгаа учраас гадаадын байгууллагууд түүнийг нь дүүргэж нөхөн хийж ирлээ. Гадаадын төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, гадаад улсын тусламжийн байгууллага ажиллах гэсэн үгэнд бид хэт назгай хандсаар ирсэн. Гэхдээ ерөнхийдөө л гадаадынхан хөтөлбөр хэрэгжүүлэх нэрээр мөнгөө өөрсдөө иддэг, буцаагаад аваад явдаг гэсэн нэр хоч зүүсээр дасчээ.

Харин энэ алдарт нэр хоч бол бидний, тухайлбал, гадаадынхнаас авилгын мөнгө нэхээд өгөхгүй болохоор нь муулсан, ашиг сонирхлоо гүйцэлдүүлж чадаагүй өлөн ховдог нэгний хийсэн ажил гэхэд үндсэндээ болно.
Гадаад улсаас манай улсад тусламж өгөхдөө энэ мэт муу бодол тээгээгүй нь мэдээж хэрэг. Тэгж бодсон байлаа ч хөтөлбөр хэрэгжүүлэгчийг авилгаар баяжих, хөтөлбөр, төслийн мөнгийг буцаагаад улсдаа аваад ирээрэй гэж захиагүй нь тодорхой. Арай алсыг харсан нүүдэл бодсон байж таарна.
За тэгээд ямар байлаа ч гэсэн гал алдсан залхаг айлын хэдэн хүүхдийг хараад зүгээр сууж чадалгүй тус хүргэж байгаа өгөөмөр нэгний дүр зургийг л бид харж байна. Залхуугийн гадаа түлшгүй, залгидгийн тогоо хоолгүй гэгчээр манай улсын байдал тэгж л гадаад улсын нүдэнд харагдаж байгаа юм чинь.
Гудамжны хүүхэд, газар доор амьдрагсад, алт нүүрс ухагсад, сургуулийн хүүхдийн үдийн хоол, гамшигтай тэмцэх чадавхи, сайн засаглал, хүйсийн тэгш байдал, сургуулийн өргөтгөл гээд ер нь л нийгмийн бүхий л асуудлаа шийдвэрлэж чадахгүй байгаа улсын Засгийн газрын ажлыг үүрээд явж байх юм.

Харин хийх ёстой бид болсон хойно сонгуулиа луйвардаж хийх, нийгмийн хөрөнгөнөөс хулгайлах талаар л хэд хэдэн дээд боловсролыг эзэмшсэн хүмүүс л болж төлөвшиж байх. Нөгөө Итгэлт баяны хэлдэгчлэн, “олигтойхон цогчин дуган барьж чадахгүй байж луйвардахдаа уургын морь шиг” болсон улс төрч хэмээгсдийн байгаа байдал тэр байна.
Гадаад улсын төрийн бус байгууллага ТББ-ын хийж байгаа ажлууд бол яахын ч аргагүй болсон зүйл уул нь биш байгаа юм. Нэгэнт асуудлыг хариуцсан төрийн байгууллага байгуулаад татвар төлөгсдийн мөнгөөр санхүүжүүлж байгаа тохиолдолд эргүүлээд хариулагыг нь, хийсэн ажилтай нь нэхэх ёстой. Гэхдээ үүнд бас нэг маш буруу тогтолцоо бий болоод түүгээр төрийн байгууллагын нийтлэг жишгийг тогтоогоод байна.

Жишээлбэл, өнөөдрийг хүртэл төрийн байгууллагуудад бүтцийн өөрчлөлт, албан хаагчдын цомхотгол гэдэг нэр томъёо хэрэглээнд орсоор удлаа. Бараг шинээр ирсэн дарга болгоны хийдэг ажил болсон. Бүүр “цомхон, чадварлаг” гэдэг халхавчийн хэллэг хүртэл гаргасан. Үүнийг хийх болсон шалтгаан нь оновчтой бус, хэт олон албан хаагчтай үр дүн багатай гэх мэт түмэн шалтагтай.
Үнэндээ үр дүн гараагүй юу гэвэл гараагүй байгаа нь ойлгомжтой. Учир нь өнөөдөр манай улсын нийгмийн урагшлах, бүтээлч байдал алдагдсан юм чинь. Тэгэхээр ажил хийдэггүй бүтцийг өөрчилнөө гээд л дайрчихна. Давхар санаа бий бас. Эцэстээ энэ бол шалтгаан биш.
Шалтгаан нь манай улсад хийх ажлын санхүүжүүлдэггүйд байгаа юм. Аливаа ажлын төлөвлөгөө дандаа мөрөөдлийн жагсаалт байдаг. Бодитой ажил бичнэ гэхээр байгаа хүн хүч, төсөв мөнгө нь хүрдэггүй. Тэгэхээр л мөнгөгүй ажил хэрэгжинэ гэж байхгүй.

Ямар мөнгө өгөөгүй учраас ажил хийсэнгүй гэх биш, бүтэц нь оновчгүй байсны улмаас л ажил урагшилсангүй гэх.
Үнэндээ мөнгөгүй, ажиллах хүн нь хангалттай биш учраас ямар ч байгууллага хариуцвал зохих ажлуудыг ор тас орхилгүй яахав. Үүнээс л дээрх олон ТББ-ууд гарч ирээд л ажлыг нь хийж өгөх, санаа авахуулах гээд л зүтгээд байна. Сүүлдээ энэ буруугаар эргээд мөнгө идэх, луйвардах арга самбаа нь болж хувирна.

Ингэхээр энэ буруу арга барилыг өөрчлөхгүйгээр бид цааш урагштай ажиллаж чадахгүй. Энэ удаагийн төрийн албаны цомхотгол тэр олон сайдуудыг цомхотгож төсвөө гөргөж авч байвал болох байх. Харин тэртээ тэргүй цөөхөн албан хаагч руу орвол ч төрийн ажил явахгүй ээ. Ер нь бол тэр УИХ-ын далан зургаан орон тооноос өөр олон хүнтэй байгууллага байж болохгүй гэж л бодоогүй бол ингэж байн байн пижигнүүлээд байхаасаа татгалзмаар юм. Тэр мөнгө нь хүрэхгүй байгаа бол тэр далан зургаан тэрбумаа л луйварлахаа болих хэрэгтэй. Тэрийгээ авч хэрэглэхгүй юу.

Асуудлыг эзэнгүйдүүлж, ажлыг сааруулахын гол үүд хаалга болдог төрийн албаны цомхотголыг эрс өөрчилж, үр дүн , хариуцлага шаардсан төрийн албаны өргөжилтөөр бодлогоо өөрчлөх цаг болсон шүү таминь ээ.

  • Бичсэн erdenebayar
  • Үзсэн: 2617

Бүлэг: Уриалга

ДОХ-оос сэргийлэх дэлхийн өдөрт

Өнөөдөр 12 сарын 1—Дэлхийн ДОХ-оос сэргийлэх өдөр.

Дэлхийн даяар ДОХ-ын аюулаас сэргийлэх хөдөлгөөн өрнөж байна.

Гадаад улс орнуудад, амраг хань алаг үрээсээ хол суугаа та бид тэднийхээ итгэл хайрыг тээж явдаг. Ганц буруу үйлдэлээсээ болж гэр бүлийн баяр жаргалаа бөхөөх аюул дэргэд бий.

ДОХ-ын талаар мэдлэгтэй мэдээлэлтэй сэрэмжтэй байцгаая!


 
Статистик мэдээ:
 
Дэлхий дээр
Монголд
 
33.4 сая хүн ХДХВ-ын халдвар авсан
61 хүн ХДХВ халдвар авсан
 2 сая хүн нас барсан
8 хүн нас барсан
 
ХДХВ/ДОХ-оос сэргийлэх бүрэн боломжтой
 
Дамжих замууд:
 
  1. Бэлгийн замаар (үтрээ, анус, аман сех)
 
  1. Цус, цусан бүтээгдэхүүн сэлбүүлэх, бохирлогдсон зүү шприц
 
  1. Эхээс урагт
Сэргийлэх аргууд:
 
-   Тохиолдлын бэлгийг хавьтлыг тэвчих
 
-   Үнэнч нэг бэлгийн хавьтагчтай байх
 
-   Тохиолдлын бэлгийн хавьталд орох бүрдээ бэлгэвч хэрэглэх
 
-   Судсаар хар тамхи хэрэглэгчид зүү, шприц дамжуулахгүй байх
 
 
www.mongolchuud.co.uk руу орж МЭДЭЭ => ЭРҮҮЛ МЭНД =>ДОХ/БЗДХ-аас СЭРГИЙЛЭХ ТӨСӨЛ
 
Бэлтгэсэн Др. Ц.Базаррагчаа, Лондон хот
  • Бичсэн Цахим Өртөө Холбоо
  • Үзсэн: 2776

Бүлэг: Уриалга

Гадаадад суугаа Монголчууд бид эх орон нэгтнүүддээ уриалах нь

Элэг нэгт Монгол ахан дүүсээ! Гадаадад суугаа Монголчууд бидний өвөө эмээ, аав ээж, ах эгч, эрхэм дүү, анд найз нар аа! 20 жилийн тэртээх Цагаан морин жил Сүхбаатарын талбайд Санжаасүрэнгийн Зориг, Цахиагийн Элбэгдорж, Эрдэнийн Бат-Үүл тэргүүтэй монголын түүчээ болсон залуус Ардчиллын далбааг намируулж, С.Цогтсайхан агсан Хонхны дуугаа эгшиглүүлсэн билээ! Ардчилсан хувьсгалын ачаар Монголыг дэлхийгээс заагласан төмөр хана нурж, Монголчууд бид барууны ертөнцөд сурч, ажиллаж, боловсрох үүд хаалга нээгдсэн. 20 жилийн дараа эргэн харахад өнөөдөр дэлхийн өнцөг булан бүрт нэг зуун тавин мянга гаруй монголчууд сурч, ажиллаж, амьдарч байна. Нийт сонгогчдын 10-15%-ыг бүрдүүлж буй эдгээр иргэд жилд 250 сая доллар эх орондоо илгээж, харийн нутагт хүнд хүчир ажил хийж, боловсрол, соёл, шинжлэх ухаан, эдийн засаг, нийгмийн бүхий л салбарт үнэлж баршгүй хувь нэмрээ оруулж ирлээ.

Харин ард суугаа ах дүү, хамаатан саднаа тэтгэж, тэжээж ирсэн гадаадад суугаа бидний монголчууд Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхээ эдэлж чадаж байгаа бил үү?

Сайн мэдээ гэвэл Ардчилсан намын удирдлага гадаадад суугаа монголчуудын Цахим Өртөө Холбоо ТББ-ын зүгээс гаргасан идэвхи санаачлагыг дэмжиж Монголын нийт сонгогчдын 10-15% болсон нийгмийн идэвхитэй, оюунлаг, сэхээтний давхаргын жинтэй төлөөлөл болсон гадаадад суугаа Монгол улсын сонгуулийн эрх бүхий иргэдийн сонгууль өгөх эрхийг баталгаажуулах үүднээс хууль эрх зүйн орчинг бүрдүүлж, сонгууль өгүүлэх оновчтой процедур, аргачлалыг амьдралд хэрэгжүүлж, 2012 он гэхэд гадаадад суугаа Монголчууд гадаадын улс орноос сонгуульд шууд оролцох боломжийг бүрдүүлэхийн төлөө идэвхи санаачлагатай ажиллах тухай хоёр талын хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурж батламжилжээ. Ийнхүү анх удаагаа Монголын нам эвслийн зүгээс гадаадад суугаа биднийхээ дуу хоолойг сонсож, бидний төлөө, бидний эрхийг хамгаалахын төлөө тууштай ажиллахаа илэрхийлж, дэмжсэнд бид бүхэн баяртай байна.

Бид аль нэг нам эвслийн гишүүн бус, Монгол эх орноо хэмээсэн сэтгэлийн дуудлагад хөтлөгдөн ажиллаж амьдрагсад билээ. Харамсалтай нь Монголдоо эргэж ирсэн бидний зарим нөхдийн эх орондоо ажиллаж амьдарч байх үедээ маш тодорхой ойлгож харж, дүгнэж буй зүйл бол Монголд шударга юм гэж үгүй болжээ.

Авилгал хэнээгээ алдаж, нийгмийн баялгийн шударга бус хуваарилалт эрээ цээрээ барж, шударга шүүх засаглал устаж, цөөн олигархи бүгдэд ноёрхлоо тогтоож, олон зуун мянган иргэдээ золигт гаргасан ийм л орон болсныг бид цаг мөч тутамд мэдэрч тэр орчинд амьдарч байна. Энэ бүх гаж тогтолцоо Н.Энхбаярын засаг төрийн эрхийг барих он жилүүдэд бүрэлдэн тогтжээ. Бүгдэд Н.Энхбаяр ганцаараа буруугүй нь тодорхой ч энэ бүхнийг бий болгоход манлайлан оролцогсдын нэг болох нь хамгийн сүүлд болж өнгөрсөн 7 сарын 1-ний эмгэнэлт явдал гэрчилнэ. Иймд Н.Энхбаяр нь Монгол улсын ерөнхийлөгчөөр дахин сонгогдох ёс зүйн шалгуурыг давсан ерөнхийлөгч биш гэж бид үзэж байна.

Тайзны тоглолтыг үзэгчийн суудлаас үзэх бус, өөр өөрсдийн үүрэг, хариуцлагыг ухамсарлан, хувь заяагаа гартаа авах ёстой шинэ эринд бид амьдарч байна. Яагаад гэвэл энэ бол ямар нэгэн үзвэр биш, харин та бидний амьдрал, Монгол улсын маань ирээдүй. Тийм ээ, гадаадад буй Монголчууд бид энэ удаа дуугүй сууж төвдсөнгүй ээ. Бид хэдий энэ удаад сонгууль өгч чадахгүй ч хагас сайн өдрүүдэд оршин суугаа хот суурингууддаа цуглацгааж, дуу хоолойгоо нэгтгэж, бидний өмнөөс сонголт хийх эрхэм үүрэг хүлээсэн Та бүхэндээ хандаж гарын үсэг, мөнгөн хандив цуглуулж, ярьж, бичиж, хэлэлцэж, видео бичлэг хийн илгээж байна.

Иргэний ардчилсан нийгэмд бие даасан, тэгш эрхт иргэд нь засаг, төрөө сонгох үйл явцад сайн дурын үндсэн дээр өргөнөөр, ухамсартайгаар оролцож баймааж ардчиллын үнэт зүйлсийг амьд байлгаж, жинхэнэ ардчилсан нийгмийг төгөлдөр утгаар нь бүтээн байгуулахад хувь нэмэр оруулдаг билээ. Иймд элэг нэгт Монголчууд Та бүхнийг гадаадад суугаа биднийхээ дуу хоолойг цэгнэн үзэж, сонгуульд идэвхитэй, хариуцлагатайгаар оролцохыг уриалж байна!

Вашингтон, Сан-Франциско, Чикаго, Токио, Лондон, Сидней, Берлин, Торонто, Прага, Будапештэд суугаа бид, гадаадад суугаа бид, Allstate, Softbank, Sony, Yahoo корпораци болон дэлхийн нэр хүндтэй эрдэм шинжилгээний институудэд ажиллагч, их дээд сургуульд суралцагч бид, Итали гуанзанд аяга угааж, төмрийн үйлдвэрт ган хайлуулагч бид: Монгол улсын шинэ ерөнхийлөгчид Ардчилсан намаас нэр дэвшиж буй Цахиагийн Элбэгдоржийг дэмжиж байна. Бид өөрчлөлтийг хүсч байна. Бид шударга ёсыг хүсч байна. Бид жинхэнэ ардчилсан нийгмийг хүсч байна. Бид шударга сонгууль явуулдаг төрийг хүсч байна. Бид шударга шүүхийг хүсч байна!

Монгол эх орондоо суугаа өвөө эмээ, аав ээж, ах эгч, эрхэм дүү, найз нөхөд, эх орон нэгтнүүд ээ! Та бүхнийг хувь заяаны эрхээр эрдэм, эрдэнэ өвөрлөхөөр харь нутагт яваа бид, Монгол улсын ерөнхийлөгчид ардчиллын бамбарыг анхнаас нь асаасан Цахиагийн Элбэгдоржийн төлөө саналаа өгөхийг уриалж байна!

2012 онд бид хаана амьдран суугаагаасаа үл хамааран сонгуулийн эрхээ эдлэх болно гэдэгт итгэж байна!

Дэмжигч сайтууд:

Дэлхийн Монголчууд
tsahimurtuu.mn (Mонгол туургатны Цахим Өртөө Сүлжээ)

АНУ
orloo.info (Дэлхийгээр тархан суугаа Монголчуудын зар мэдээ мэдээллийн нэгдсэн төв - Washington D.C)
zamdaan.com (Aмерикийн Монголчуудын сэтгүүл - San Francisco, CA)
news.tsahim.tv (Online TV & Radio Broadcasting - Ohio)
nomundalai.mn (Online bookstore - Chicago, London, Tokyo, Seoul, Sydney, Ulaanbaatar)
dayarmongol.com (Америкийн Монголчуудын онлайн сонин - Washington D.C, Bloomington, Indiana)
mongolmedee.net (Денверийн Монгол Мэдээ сэтгүүл - Denver, CO)
medeelel.com - Чикагогийн Монголчуудын вэб портал, Чикаго, АНУ
imoshi.net - Монголын хамгийн анхны Apple суурьт программ бичигчдийн вэб
www.mongoltolbo.com - Денверт амьдардаг фото зурагчин залуугийн фотоблог
www.colo-mongols.org - Колорадо мужийн монголчуудын холбоо

Австрали
mglaus.com (Mongolian Community in Australia - Sydney)

Их Британи
mongolchuud.co.uk (Их Британийн Монголчуудын холбооны вэб - London)

Канад
mongoltoronto.com (Ontario дахь Монголчуудын холбооны вэб - Тоronto)

Унгар
origo.mn (Мэдээ мэдээллийн нэгдсэн портал - Budapest)

Чех
mglcz.com (Чехийн Монголчуудын вэб портал)

Япон
vimomn.net (VIMO - Виртуал Монгол - Монголын анхны SNS сайт - Tokyo)

Эрхэм андууд аа! Энэхүү уриалгад нэгдэх хувь хүн, блог, вэбүүд коммент үлдээж вэб хаягаа үлдээгээрэй., http://www.elbegdorj.mn/static/840.shtml - хуудаснаас баннераа сонгож вэбдээ тавиарай! Дэмжигчдийн жагсаалт: http://www.elbegdorj.mn/static/841.shtml

  • Бичсэн sainbayar
  • Үзсэн: 1878

Бүлэг: Уриалга

Гадаад дахь Монголчууд бичиж байна: Японоос 1000 иен сонгуульд хандивлахуйн учир

Гадаадад оршин суугаа Монгол улсын сонгуулийн насны иргэдийн сонгуульд саналаа гадаадаас өгөх эрхийг баталгаажуулах, хэрэгжүүлэх тал дээр Цахим Өртөө Холбоо ТББ-с уйгагүй ажилсны үр дүнд хуульчлагдан баталгаажаад байсан боловч энэхүү хуулийн заалт 2007 оны сүүлчээр хүчингүй болсон юм. Ийнхүү гадаадад суугаа Монгол улсын иргэн миний Үндсэн хуулиар олгогдсон сонгууль өгөх эрх маань Сонгуулийн хууль хэмээх “илүү” хуулиар хориглогдсон юм. Ийм учраас өөрийн саналыг илэрхийлэх үүднээс 1000 иены хандивыг энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуульд нэг дэвшигч Ц.Элбэгдоржид хандивлалаа. Дэмжиж буй нэр дэвшигчийг энэхүү хандиваас үүдэлтэй хутган гуйвуулсан ПР-суртал ухуулга гаргахгүй байх үүднээс хандивын зорилгын талаар тайлбарлан дор сийрүүлэв.

1000 иены өнөөдрийн ханш Монголд 14.920 төгрөг байна. Японд энэ мөнгөөр нэг удаа дундаж үнэтэй үдийн хоолонд орж болно. Эсвэл хямдханаас нь 1кг мах, 5 кг гурил, 5 кг элсэн чихэр, 3кг цагаан будаа, 60 зүсэм талх, 65 ширхэг өндөг, 6 литр сүү, 9 литр бензин, 15 ширхэг алим, 1 тарвас зэргээс аль нэгнийг нь сонгон худалдан авах боломжтой мөнгө. Монголд энэхүү мөнгөөр ямаршуу хэрэгцээ хангах нь хэн бүхэнд ойлгомжтой. Энэ мөнгө Японд бол ерөнхийдөө үнэ цэнэ нь бүх иргэдэд ижил бол өнөөгийн Монголын нийгэмд баячуудад өчүүхэнээс өчүүхэн, харин үгээгүй ядууст нь асар их мөнгө болж, нийгмийн тэнцвэр хэт алдагдаж буйг яруу тод илтгэнэ. Монголд 14.000 төгрөгийн хэрэг үйлдсэн иргэндээ 14.000.000.000 төрөгийн хэрэг үйлдсэн иргэнээс илүү хүнд ял оногдуулдаг хуульт ёстой болжээ. Монголчууд ийм нийгэм байгуулах гэж 1990 онд хувьсгал хийгээгүй!

Гэхдээ ингэж хандив өргөх болсон гол шалтгаан нь өнгөрсөн 2008 оны УИХ-н ээлжит сонгуульд олон луйвар орсны нэг нь гадаадад оршин суугаа Монголчуудын сонгуулийн эрхийг хааж, тэдний нэрийн өмнөөс санал тоолуулсан явдал гэж үзэж байгаа юм. Иймээс өөрийн саналыг нэгэнт өгөх боломжгүй хэвээр байгаа тул мөнгөн хандиваар саналаа илэрхийлж, өөрийн нэрийг сонгуульд оролцсон эсэхэд давхар хяналт тавихыг зорьж байгаа юм. Иймэрхүү арга замаар гадаадад оршин суугаа Монголын сонгогч олон нэгдэн тэмцвээс бодьтойгоор өөрсдийн сонгууль өгөх эрхийг сэргээн хэрэгжүүлэх, сонгуулийг үнэн зөв явуулахад хяналт тавих нэгэн хөшүүрэг болж чадах нь гарцаагүй. Энэ удаагийн сонгуульд гадаадад суугаа Монголчууд дор хаяж өөрсдийн нэрийг сонгуульд оролцсон эсэхийг хянах боломжийг сонгуулийн хорооноос шаардах, ар гэрээрээ дамжуулан хянуулах хэрэгтэй юм. Хэрэв энэхүү оролдлого нь цөөхөн хэдэн хүнээс хэтрэхгүй байх аваас гадаадаас сонгуулийн санал хураах нь өнөөхөндөө Монголын нийгэм, улс төрийн хувьд ач холбогдолгүй, харин эдийн засгийн хувьд алдагдалтай болж, сонгуулийн эрхийг гадаадаас хэрэгжүүлэхийг хориглосон нь оносон шийдвэр болох буй за!

Нэр дэвшигч Ц.Элбэгдорж болон нэрт нийтлэлч, манай үеийн соён гийгүүлэгчдийн нэг Баабар хоёр гадаадад суугаа надад ахын ёсоор хандан бичсэнийг интернетээс уншлаа. Зөвхөн надад бус, миний ижил гадаадад сурч, ажиллаж, амьдарч байгаа 200.000 гаруй сонгуулийн насны Монголчууддаа энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуулийн асуудлаар ханджээ. Тиймээ, бидний байгуулах гэж зорин буй тэрхүү нийгэм дотор нь орсон Монголчууд л энэхүү хөгжингүй улсуудын нийгмийн төрт ёс, шашин шүтлэг, боловсрол, эрүүл мэнд, даатгал, уул уурхай, үйлдвэр худалдаа, хөдөө аж ахуй, зам тээвэр, шүүх цагдаа, хуульт ёсны мөн чанар, харилцан уялдаа, хөгжлийн чиг хандлага болоод Монголын өнөөгийн нийгмийн талаар харьцуулсан үнэн зөв мэдээлэлийг ар гэр, амраг садан, найз нөхөддөө хамгийн энгийн болоод дотноор өгч, хоёр нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөр, ПР-суртал ухуулганд тусгагдаад байгаа амлалт бидний хүсэл болсон нийгэмд маань хүргэх нэгэн шат мөн эсэхэд бодьтой үнэлгээ өгөхөд туслах нь юутай үнэн. Гадаадад оршин суугаа Монгол улсын иргэдээ! Монголын ирээдүйн нийгмийн зөв төлөвшлийн төлөөх дуу хоолойгоо Хөх Монголын хот хөдөөгийн өргөн уудам нутаг уруу “утсан харилцаагаар” хүргэж, өөрсдийн эрхийн төлөө нэгдэн тэмцэцгээе!

Эцэст нь нийт сонгуулийн эрхтэй иргэддээ хандан хэлэхэд, хоёр нэр дэвшигчийн хэн нь ч таны таалах сайн хүн биш байж болно. Гэхдээ ирэх 4-н жилийн хувьд аль аюул багатайг нь сонгохоор сонгуульд заавал оролцох нь 4-н жилээр хэмжигдэхгүй иргэний нийгмийн хэтийн төлөвшилд хувь нэмэр болохоос гадна таны хувийн амьдралд их бага ямар нэг хэмжээгээр нөлөөлөх нь дамжиггүй тул сонгогч бүр сонгуульдаа хатуу хяналт тавьж, идэвхитэй оролцохыг уриалж байна!!!

Б.Энхжаргал
Изүмо хот, Япон улс
2009 оны 5 дугаар сар 13

  • Бичсэн tamga
  • Үзсэн: 1674

Бүлэг: Уриалга

Тэвчээр барагдлаа

Монголын ардчилсан хувьсгалын пионеруудын нэг, нэрт нийтлэлч Баабар гадаадад суугаа Монголчууддаа хандаж ил захидал бичсэнийг та бүхэнд хүргэж байна. - Цахим Өртөө Сүлжээ

ТЭВЧЭЭР БАРАГДЛАА /Гадаадад суугаа Монголчууддаа хүргэх ил захидал/

   Би Танд хүүгийн хувиар хандаж байна. Наслалт харьцангуй өндөрссөн өнөө үед аав ээжийн минь насны олон мянган өтгөс амьд сэрүүн яваа.
   Би Танд дүүгийн хувиар хандаж байна.
   Би чамд өвөөгийн хувиар хандаж байна. Би хэдий өвөө болж амжаагүй ч миний үеийнхний ихэнх нь ач зээтэй болсон.
   Би чамд эцгийн хувиар хандаж байна. Би насанд хүрч буй хоёр хүүхэдтэй хүн.
   Би чамд ахын хувиар хандаж байна. Нас минь тавийн босго алхжээ.
   Би та бүхэнд монгол хүний хувьд, Монгол улсын иргэний хувьд хандаж байна.

Тэвчээр минь барагдсандаа хандаж байна. Миний эх орон ямар их бузар булай, хулгай луйвар, хууран мэхлэлд баригдаа вэ. Тиймээ, хорин жилийн өмнө болсон нийгмийн их өөрчлөлтөд оройлон оролцож байсан хүний нэг би мөөн. 1996 онд эхэлсэн эдийн засгийн их реформд бас гар бие оролцож байсан.

Энэ бол зайлшгүй шилжилт байлаа. Үүнийг манай ард түмэн нийтээр дэмжсэн. Бидэнтэй 40 орон шилжилт хийсэн, хийгээгүй үлдсэн нь хойд Солонгос л байх шив. Бид алдсанаасаа олсон нь илүүтэй эхний арван жилийг үдэж бусдаас тасарч түрүүлээгүй ч сүүл мушгиагүй. Хүмүүс эрх чөлөөтэй, хувийн өмчтэй болж, сэтгэлгээнд нь хувьсгалт өөрчлөлт гарлаа. Монголд өнөөдөр 400 мянган автомашин хөлхөлдөж, нэг сая долоон зуун мянган гар утас ажиллаж, 165 мянган оюутан суралцаж, 43 сая мал сүрэг багширч, хувийн хэвшлийн 40 мянга шахам аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж, жилд 600 мянган иргэн хилийн дээс алхаж, 150 мянган иргэд маань хилийн чанадад ажиллаж сурч амьдарч байна. Хорин жилийн өмнө нийтээрээ ганц сая хүрэхгүй долларын хадгаламжтай байсан иргэд маань өдгөө зөвхөн дотооддоо бараг хоёр тэрбум долларын хадгаламжтай болжээ.

Бид чөлөөт нийгэмд шилжсэнээр хүмүүст урьд нь хэзээ ч байгаагүй өргөн боломжийг нээж өгсөн боловч хууль төгөлдөржөөгүй, ёс суртахуун төлөвшөөгүй, сайн муугийн үнэлэмж тогтворжоогүйн гайгаар луйварчин хулгайч дээрэмчин нарт бүр ч том болгомж гаргаж өгчээ. Ардчилал, зах зээлийн тогтолцооны сул болон суларсан цэг болгоныг тэд ашиглан манай нийгмийг ашиг завшаан олж увайгүйгээр улайм цайм идэж уух зэвсэг багажаа болгосон байна. Тэд энэ орны эрх мэдэл эд хөрөнгөнд эзэн сууж ард түмнийг цөлмөн тонож, тонох мөрөөрөө тонохгүй үүнээ ид бах болгон дээр нь нийтийг доромжилж суух боллоо. Ардчилал бүрэн төлөвшөөгүй газар нийгмийн хамгийн адаг шаарууд нь дээр нь авиран гарч зайдлан суудаг учрыг нэрт эрдэмтэн Хаек “Боолчлол руу чиглэсэн зам” зохиолдоо яруу тод илтгэсэн. Манай нийгэм яг тэр замаар явж байна. Бид өөрснөө боолчлол руу дөртэй үхэр шиг хөтлөгдөн явж байна.      

Сонгуулийн кампанийн хүрээнд УИХ-ын гишүүн Ч.Улаан Ховд хотод оччихсон ярьж байнаа. Тогтвортой байдлын гэрээг Элбэгдорж буруу хийснээс болоод Монгол улс их хохирч байгаа гэнэ. Хэдийгээр тухайн үед үйлчилж байсан хуулийн хүрээнд гэрээ хийгдсэн боловч, за яахав буруу болсон юм байж. Гэтэл тэр гэрээгээр буй болсон Сүхбаатар аймагт буй цайрын ордыг яахаараа хуулийн заалт болгоныг нь зөрчин байж, эрүүгийн аргаар Сангийн сайд Улаан хувьдаа иддэг байнаа? Тэр үүнээс гадна өнгөрсөн 10 жилд цадахаа мэдэхгүй их луйвар хулгай хийсэн хүн. Зөвхөн ганцхан жишээ хэлэхэд Японы Иточу пүүсийн авлагын асуудалтай холбогдуулан улсын төсөвт тусган байж гурван тэрбум төгрөг хулуусан этгээд. 100 саяын Гансүхийн хэрэг гэж дуулиантай явдал гарч байв. Түүнд шүүхээс 7 жилийн хорих ял өгч байсан. Гэтэл зөвхөн энэ хэрэгтээ Гансүхээс 30 дахин их мөнгө хулгай хийсэн Улаан 210 жилийн ял авах ёстой юм биш үү? Өөрийнх нь хулгайн асуудал ярихаар урьдаас нь баахан гүтгэлэг явуулж адилхан хулгайч мэтээр асуудлыг замхруулах гэж ширэн нүүрлэж буй хэрэг. Улааны хэргийн материал хангалттай бий. Хэрэв би хүн гүтгэсэн бол ямар ч өчиггүй зохих ялаа эдлэхэд бэлэн байна. Энэ бол сонгуулийн өдөөн хатгалага биш. Тиймээс энэ хэргийг шүүх цагдаад өгч олны нүдэн дээр нэг талд нь гаргая л даа. Гомдлоо гаргаач? 

Улаан бол манай нийгмийг бүрхсэн торны эзэн аалзнуудын зөвхөн нэг нь. Хамгийн том нь ч бас биш. Зарим нэгний тооцоолсноор аалзнууд энэ орны хөрөнгөнөөс сүүлийн арван жилд гурван тэрбум доллар хулгайлжээ. Энэ ямар их мөнгө болохыг мэдэх үү? Төгрөгт шилжүүлбэл арван гурван оронтой тоо гарч байна. Бид ийм л тогтолцоонд амьдарч байна. Эдэнд тонуулсан ард түмний олонхи нь өдрийн хоолоо арай ядан түүж олж байхад эд ганц удаагийн луйврын үйлдлийнхээ хахуулинд 400 мянган долларын араб азрага бэлэглүүлж зугаацаж сууна. Эдэнд зайдлуулсан эмгэд хөгшид эмний мөнгөгүй, жаахан үрс талхны үртэсгүй чичирч суухад эд ганц удаагийн зугаагаа гаргах гэж Сөүл нисэн казинод тоглож өдөрт нь хэдэн зуун мянган доллараа алдаж наргиж байна. Нийгмийн шинэ бололцоог ашиглан арга ухаан хөдөлмөр зүтгэлээрээ хөлжин хөл дээрээ дөнгөж өндийж буй манай анхны хөрөнгөтнүүд өөрөөс нь хавьгүй тэнэг, хавьгүй залхуу, хавьгүй увайгүй эдгээр шуналын тулам болсон төрийн тэрбумтнуудыг царайчлан амьдарч байна. Айдаст баригдсан нийгэм маань адгийн шаар болсон эднийг тойлж амь зуухаас өөр аргагүй болжээ. Нийгэм маань улам ялзарч, улам жихүүдэс хүрэм болж, улам мухардаж байна. Ийм нийгэм байгуулах гэж монголчууд хорин жилийн өмнө Сүхбаатарын талбай дээр зуун мянгуулаа цуглан жагссан юм гэж үү? Хувьсгалыг ухаантнууд бодож олдог, зоригтнууд хийдэг, адаг шаарууд үр дүнг нь хүртдэг гэсэн Бисмаркын үг юутай үнэн.

“Энхбаяртай бол учраа олж болно, хэдийгээр тэр араас хутга шаадаг, найз нөхрөө худалддаг ч гэлээ олхиогүй тэр амьтантай наана цаанаа гарч байгаад ярьж болно, харин Элбэгдоржтой бол юу ч ярих аргагүй, тэр бүх юм ухаж биднийг шорон руу бөөнөөр нь явуулна” гэж төрөөс төрсөн тэрбумтнууд ярьж байна. Тиймээс тэд Энхбаярт хичнээн чадуулж байсан ч гэсэн түүний төлөө үхэхээ мэдэхгүй зүтгэн, зүсэн зүйлээр үзэж юу ч хийхээс буцахгүй улайрч байна. Доромжлогдсон үрс нь авилгын загалмайлсан эцгээ хамгаалан тэмцэнэ. Түүний төлөө биш өөрийнхөө төлөө. Иймээс тэд сонгууль болгоныг юунаас ч айхгүй улаан цагаангүй луйварддаг нь цаанаа аргагүй ойлгож болохуйц учир шалтгаантай юм. Тэдний хувьд сонгуульд ялагдах эсэх нь үхэл амьдрал шийдэж байгаа маш чухал амь дүйсэн хэрэг. Луйвар хийх хэдэн зуун арга тэдэнд бий, үүндээ бүр гаршсан. Гадаад явсан, нас барсан, сонгуульд ордоггүй бүх хүмүүсийн бүртгэл тэдэнд бий. Үүнийг нь цуглуулж тэдэнд зардаг доод үйлчилгээний мэргэшсэн албатууд бэлэн байгаа. Энэ сүлжээнд төрийн тэрбумтнууд мөнгө хайрладаггүй юм. Мэдээллийн хэрэгслэлээр явах суртчилгаа бол задгай мөнгөндөө хийж буй үзүүлбэр нь. Бид итгэж найдаж буй хүнээ дөрвөн жилийн хугацаагаар сонгох гэж байгаа бол тэд бүхий л амьдралынхаа үхэл сэхлийг сонгож байгаа юм. Иймээс сонгууль бидэнд гэхээсээ тэдэнд илүү ач холбогдолтой.

Би энд Ардчилсан нам нь сайн, МАХН нь муу гэж яриагүй. Аль алин нь зуу зуун мянган гишүүнтэй, аль алин нь улс орны хөгжил цэцэглэлийн төлөө яваа манай нийгмийн голлох хоёр улс төрийн хүчин. Аль алин нь эгнээндээ эх оронч хөвүүд охидоо ч багтаасан, адаг шааруудыг ч хавчуулсан. Манай нийгэм энэ хоёр намд хуваагдан талцдаг байсан нялхсын үеийн өвчнөө нэгэнт өнгөрөөжээ. Одоо тонуулчид нэг талдаа гарч тоногдогсод нь нөгөө талдаа ялгарч байна. Торны аалзнууд нэг талдаа гарч торонд орооцолдон баригдаж идэгдэж байгаанууд нь нөгөө талдаа гарчээ. Гэвч идсэн эрүү хувхайрч идэгдсэн дов ногоордог юм шүү.

Тэвчээр барагдлаа. Энэ торыг зад татацгаая. Би Элбэгдоржид найдаж байна. Түүнийг би эх орноо эгшин зуур хөгжүүлж шууд л цэнгэлийн манлайд аваачина гэж итгэж байгаа юм бишээ. Тэр хоёр удаа Ерөнхий сайдаар томилогдсон авч эхнийхэд нь Эрдэнэтийг ухлаа гэж, дараагийнхад нь авилгачдыг илрүүлж эхэллээ гэж аалзнууд нийлж байгаад түлхэн унагасан юм. Тэр одоо аалзнуудаар томилогдох биш ард түмнээр сонгогдоод гараад ирвэл манай нийгмийг боймлон ороосон торноос чөлөөлж өгөх болов уу л гэж горьдож байна. Магадгүй миний сүүлчийн горьдлого. Энхбаяр сонгогдвол манай орон маргааш нь сөнөчихөнө гээд байгаа юм бишээ. Энэ байтугай зовлон гамшиг туулсан ард түмэн байна эрхбиш тэсээд гарах биз. Ямар ч булхай луйваргүйгээр манай ард түмний хүсэл эрмэлзлэлээр тэрээр сонгогдвол тэр л биз. Бид үнэхээр өөрснөө хүсэж байгаа бол энэ нь ард түмний л сонголт. Элбэгдоржид найдаж байгаа нь миний л хэрэг, Энхбаярт талтай байгаа нь таны л хэрэг. Гагцхүү манай ард түмний сонголт үнэн мөнөөрөө тодрох ёстой. 2004 оны сонгуулийг хэрхэн луйвардаж байсныг бүгдээрээ харсан. Юм хэлээгүй. Өнгөрсөн жил бас л луйвардсан. Хатагтай Бурмаа гурван шатын шүүхээр явж бодитой баримт гаргаж чадсаны хүчинд 2008 оны сонгууль луйвар болсныг нотлон шүүхийн бүх шатанд ялж, шүүхээр үүнийг хүлээн зөвшөөрүүлсэн. Луйварт дургүйцсэн иргэд хэдэн арван мянгаараа талбайд бөөгнөрөхөд тэднийг Америкийн империалистуудын өдөөн тухиралтаар өнгөт хувьсгал хийхийг санаархагчид гэж нэрлэсэн. Бидэнд өнгөт хувьсгал биш, зүгээр л үнэн дүн хэрэгтэй байна.

Ачдаа, хүүхэддээ, ахдаа, дүүдээ, найздаа, эх орон нэгтнүүддээ хандахын учир: таны саналыг луйвардаад байгаа учраас та үүндээ хяналт тавиачээ. Өөрийнхөө төлөө, үр хүүхдийнхээ төлөө, эх орныхоо төлөө ганц удаа ч гэсэн санаа тавь л даа. Дөрвөн ханатай умгар гэрээс дөчин долоон хүн санал өгсөн баримт илэрсэн шүү дээ. Талийгчийн ясыг өндөлзүүлж хаа газрын нэгмуу луйварчин танай бүрлээчийн өмнөөс санал өгч байгааг зогсоолгооч. Гадаадад байгаа хэдэн зуун мянгаар тоологдох иргэд та бүхэн энд байгаа гэр орон руугаа бичиж өөрийн чинь өмнөөс адгийн нэг новш санал өгөөд байгааг болиулаач. Үнэн шудрагаараа бол манай улсын ерөнхийлөгч хэн болсон ч яадаг юм, ард түмний л сонголт юм чинь. Луйвар булхайгаар бол бурхан өөрөө сонгогдсон ч эрхээ ашиглуулж дээрэмдүүлсэн бид эрс эсэргүүцэн тэмцэх ёстой. Болбол бүгдээрээ сонгуульд оролцооч, төрийн эрхийг барихаар олгогдсон дөрвөн жилд нэг олддог ганцхан минут чинь шүү дээ. Хэрэв чи сонгуульд ороод саналаа өгөөд явдаг байсан бол өнөөдөр манай орны нүүр царай хувь тавьлан хавьгүй өөр байх байсан ч юм бил үү? Боолчлол руу чиглэсэн зам дагаад чи өөрөө алхаад байна шүү дээ. Одоо болоо, сэхээрч үз ах минь, эгч минь, дүү минь, хүү минь, найз минь. Уул нь бидний хувь заяа бидний л гарт байгаа юм шүү дээ, үүнийгээ олж хараач.           

2009 оны 5 дугаар сар 10
БААБАР

 

  • Бичсэн sainbayar
  • Үзсэн: 1824

Цахим Өртөө Сүлжээнд элсэх

  • Өртөөний сүлжээнд элсэх

tsahim_urtuuХэрэв та Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээнд элсэхийг хүсвэл: http://groups.google.com/group/tsahim-urtuu-suljee хаягаар зочилж маш хялбархан бүртгүүлж болно. Та Гүүгл суурьт энэхүү сүлжээнд имэйлээ бүртгүүлснээр манай сүлжээний гишүүн болно.

 

Image Temp

Энэ хуудас нь Цахим Өртөө сүлжээний нийт гишүүдийн хамтын бүтээл байх бөгөөд ажил хэргийн санал болгоныг вэбийн хамтлаг тухай бүр нь тусган энэ хуудсанд оруулж байх болно. Хамтран ажиллаж буй, ажиллахаар зэхэж буй таньд баярлалаа.

Newsletter