232-р сар2018

Бүлэг: Уриалга

Ониука охиноо олимпод бэлдэцгээе!

 

 

Ониука охиноо олимпод бэлдэцгээе!

 

“…Би анх 2002 оноос эхлэн гулгаж эхэлсэн. Түүнээс хойш уран гулгалт миний сонирхдог зүйл болсон билээ. Азийн “Шинэ аваргуудын” тэмцээн, Хонконг, Тайваньд болсон “Сайн санааны тоглолтод” Монгол эх орноо төлөөлөн оролцсондоо би баяртай байдаг. Энэ бол Монголын тамирчин олон улсын уран гулгалтын тэмцээнд анх удаа оролцсон үйл явдал болсон юм. Би ур чадвараа дээшлүүлж, дэлхийн төвшинд хүрч,  тамирчин хүний мөрөөдлийн оргил болсон Олимпийн наадамд Монгол Улсаа төлөөлөн  оролцохыг туйлаас их хүсэж байна.

Та бүхнийг миний вэб сайтад (www.skatemongolia.com) зочилж, намайг уралдаан тэмцээнд оролцох, бэлтгэл хийхэд маань ивээн тэтгэгч болно гэдэгт гүнээ итгэж байна.

Мөрөөдлөө биелүүлэхэд минь тус дэм болох Таны чин сэтгэлийн дэмжлэгт тань маш их баярлалаа!”

Ониука Чинбат

 

14 настай Чинбатын Наранчагаа охин ийн бичжээ. Хүүхдийн гэгээн цагаан хүслээр та бидэнд хандан, итгэн бичиж. Тиймээ Ониука охин хүсэл мөрөөдлийнхөө төлөө тэмүүлж явна. Уран гулгалт хэмээх гайхамшигт сайхан спортоор хичээллэж, өөртөө өндөр зорилго тавиад зүтгэж байна, энэ бяцхан охин.  “Монгол Улсын уран гулгагч” хэмээн эх орноороо овоглон дуудуулан Олимпийн наадмын толь шиг мөсөн дээр гулгахыг хичнээн их хүсч байгаа бол.

 Энэ бол ганцхан Ониука охины, түүний аав, ээжийнх нь хүсэл мөрөөдөл биш ээ. Спортод хорхойтой хүн болгон л Монголынхоо уран гулгагчийг Олимпийн мөсөн дээр харахыг хүсэж байгаа.Тиймээс ч Ониука бэлтгэл сургуулилтаа улам эрчтэй хийж байна.

Уран гулгалтын спорт бол   тун өндөр өртөгтэй спорт. Өндөр зэрэглэлийн, дэлхийн хэмжээний багш хөлслөх, хувцас, хэрэгсэл, тэшүүр, бэлтгэл хийх заалны төлбөр  гээд л асар их мөнгө шаардагддаг нь ойлгомжтой. Энэ бүхнийг зохицуулж, охиныхоо хүсэл, мөрөөдөлдөө хүрэх нөхцөл бүрдүүлэхэд аав Чинбат, ээж Ариунболор нар нь ихээхэн анхаардаг ч тэдэнд “олны оломгүй тус дэм” үнэхээр хэрэгтэй байгаа нь мэдээж.

Ониука багштайгаа ярьж зөвлөөд дасгалаа Монгол ардын дуу “Судгын ногоо” –ны аянд хийх болсон нь эх орныхоо нэрийг гаргаж буй бас нэг алхам юм.

Сүүлийн жилүүдэд уран гулгалтад, ялангуяа эмэгтэй ганцаарчилсан төрөлд олимп, дэлхийн аваргын медалийг Ази охид, бүсгүйчүүд хамах болсон. Магадгүй монгол охин олимп, дэлхийн медалийн тавцанд зогсож байхыг хэн байг гэх вэ.

“Мөсөн дээрх монгол гүнж” –ээ, Ониука охиноо Олимпод оролцоход бэлтгэхэд нь хүн бүхэн сэтгэл гарган туслацгаая!

            “Таван цагариг” сонин, “Таванцагариг-Америкт” сэтгүүл “Ониука охиноо олимпод бэлдэцгээе!” уриалгыг Монголын спортод элэгтэй, спорт сонирхогч бүх хүмүүст хандан гаргаж, хөдөлгөөн өрнүүлэхээр шийдвэрлэсэн юм. Зөвхөн Монголд байгаа төдийгүй гадаадад ажиллаж, амьдарч, сурч буй бүх монголчууддаа уриалж байна. Ялангуяа Америкт буй монголчууд бидний дундаас анх олимпод оролцох тамирчнаа хамтдаа бэлдэцгээе!

            “Ониука охиноо олимпод бэлдэцгээе!” уриалга, хөдөлгөөнийг дэмжих, хамтран ажиллахаа зарим хувь, хүмүүс, “Замдаан” сэтгүүл, “Даяар Монгол” сонин, www.medeelel.com хэдийнэ мэдэгдээд байна. Бүгдээрээ хамтдаа Ониукагаа дэмжицгээе!

 

P.S. Та бүхэн Ониукад туслаж, дэмжихийг хүсвэл:

 

England Amateur Skating Foundation

P.O.Box 6881

New Providence,RI

02940

Хаягаар чекээ Onyuka Chinbat  NEASF” гэж илгээгээрэй! Эсвэл 406 599 5172, 415 596 2240 утсаар холбогдох мэдээллийг авна уу!

 

 

 

Мөсөн дээрх монгол гүнж

 

Монголчууд өвлийн олимпод цана, тэшүүрээр л оролцож ирснийг та бид мэднэ. Тэгвэл 2010 онд Канадын Ванкуверт   болох “Цагаан” олимпод манайхан бас спортын төрлөөр оролцох магадлал бий. Үзэгчдийн сэтгэлийг хамгийн ихээр татдаг уран гулгалтаар хичээллэж буй цорын ганц монгол тамирчин гэж Ониука охиныг хэлж болох юм. Ониука гэдэг нь аав,ээжийнх нь охиноо өхөөрдөн дууддаг нэр нь л дээ. Харин жинхэнэ нэрийг нь Чинбатын Наранчагаа гэнэ. Танил найз нөхдүүд, америкууд нь бол  “Princess” буюу гүнж хэмээн дуудна.

Ониукагийн гэр бүлийнхэн Америкийн Монтана мужийн Бүзмэн хотноо амьдардаг аж. Аав, ээж хоёрыгоо ажилдаа явсан хойгуур гэрийнхээ цонхоор өдөржин л мөсөн гулгуурын талбай дээр тоглож буй хүүхдүүдийг харж зогсдог байж. Тэгээд л урангулгалтаар хичээллэхээр шийдсэн бөгөөд энэ үед тэрбээр найман настай байсан гэнэ. Бүзмэний уран гулгалтын клубт , Б.Дэвис багшийн удирдлага доор хичээллэж байгаад анхны тэмцээндээ оржээ. Big sky classic  нэртэй мужийн тэмцээнээс Ониука хос алтан медаль хүртэж, багшийнхаа магнайг тэнийлгэж, аав,ээжийгээ зүйрлэшгүй ихээр баярлуулжээ.

Гараа сайн бол бариа сайн гэгчээр анхны тэр хос алтан медалиас хойш “Гүнж” маань бараг оролцсон тэмцээн болгоноосоо медаль, шагнал хамах болов. Ониука 2005 онд Хонконгт болсон Asian novice skating championship тэмцээнээс тусгай шагнал хүртэж, Тайванийн Тэйбэй хотноо болсон Азийн “Сайн санааны тоглолт”-д амжилттай оролцож, олон улсын тэмцээний гараагаа эхлэн Монголын уран гулгагч хэмээн дуудуулах болов. Мөн ондоо Колорадод Спрингс хотноо болсон АНУ-ын мужуудын хооронд болдог NationalStategame-ээс мөнгөн медаль зүүжээ.

2006 он “Гүнж”-ийн хувьд тун сайхан дурсамжаар дүүрэн өнгөрсөн. Ониука Америкт Big Sky Classic болон “Ирээдүйн аваргууд” цуврал тэмцээнд амжилттай оролцсоноос гадна Монгол Улсаа төлөөлөн Азийн аварга шалгаруулах тэмцээнд авьяасаа сорьсон билээ. Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон Монголын анхны уран гулгагч нь Ч.Наранчагаа охин болон түүхэнд үлдсэн нь тэр. Бяцхан Ониукагийн амьдралд тодоор дурсагдах бас нэг сайхан үйл явдал нь алдарт Опра Уайнфригийн шоунд гэр бүлийнхнийхээ хамт оролцсон нь. Ер нь Ониука уран гулгалтаас гадна юм бүжиглэх,  шүлэг, нийтлэл бичих хоббитой, яггүй нийтлэгч ажээ. Түүний бичсэн хэд хэдэн нийтлэл сонин хэвлэлд нийтлэгдсэн байна. Мөсөн дээрх монгол гүнж маань, алдарт уран гулгагч, дэлхийн олон удаагийн аварга Мишель Кванд хүртэл захидал бичиж байсан гэнэ.

Ониука “Мөсөн дээрх одод” шоуг үзэн М.Кван, С.Коэн, И.Слуцкая нарыг бишрэн харж байсан төдийгүй олимп, дэлхийн аварга, Канадын нэрт уран гулгагч Элвис Стойкотой “Christmas show”-д хамт оролцох аз тохиож байжээ. “Монгол гүнж"-ийн тэшүүр дээр Э.Стойко гарын үсгээ зурж өгсөн нь Ониукад хадгалаастай байгаа.

Ониука Миннесота мужийн “Shattuck St Mary’s” урлаг спортын дунд сургуульд хоёр дахь жилээ суралцаж байна. Одоо наймдугаар анги. Энэ сургуульд Америкийн 50 мужаас гадна, дэлхийн 22 орны авьяаслаг хүүхдүүд суралцдаг ажээ. Уран гулгалтын төрлөөр АНУ, Япон, Канад, Мексик, Монголын хүүхдүүд суралцдаг гэнэ.

Ониукаа ойрдоо тун завгүй байгаа. Саяхан Нью Йорк мужийн Лэйк Плэсид хотноо “Олимпийн бэлтгэлийн төв”-д багийнхантайгаа долоо хоногийн хамтарсан бэлтгэл хийсэн. 1980 оны Өвлийн олимп болсон “Ice Arena”-ийн гадна Монголын алтан соёмбот далбаа намирч буйг хараад сэтгэл нь ихэд хөдөлсөн гэнэлээ. Энэ өдрүүдэд Ониука маань Вермонт мужийн Бурлингтон хотноо “GreenMountainopen” тэмцээнд оролцож байгаа.

Ц.Энхтүвшин (“ТАВАН ЦАГАРИГ”)

 

 

 

 

ЧИНБАТЫН НАРАНЧАГАА

 

Төрсөн он сар өдөр: 1994 оны хоёрдугаар сарын 22

Төрсөн газар: Улаанбаатар

Сургууль:Shattuck StMary’s School,Faribault,MN,USA8-р анги

И-мэйл: Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.

Вэб хаяг: www.skatemongolia.com

Хичээллэдэг клуб: АНУ-ын Монтана мужийн Бозман хотын уран гулгалтын клуб

Хичээллэж буй хугацаа: 2002 оны хоёрдугаар сараас өнөөг хүртэл

Дасгалжуулагчид: Даиана Ронайн , Линда Кроли, Боб Кроли

 

Зорилго:

 

Тив, дэлхийн тэмцээнд амжилттай оролцож, 2010 онд Канадын Ванкувер хотноо болох өвлийн олимпид оролцож эх орныхоо нэрийг уран гулгалтын спортоор гаргах. Монгол хүүхдүүддээ үлгэр жишээ болж тэднийг спортод уриалан дуудах.

 

Спортын амжилт:

 

-2004 оны 12 дугаар сард Америкийн Монтана мужид болсон “Зул сарын мөсний шоу” тоглолтод багаараа Олимпийн хошой мөнгөн медальт, Дэлхийн 3, Канадын 7 удаагийн аварга Эйлвис Стойкотой хамтран оролцсон.

-2005 оны гуравдугаар сарын 29-30-нд Хонгконгд болсон уран гулгалтын Азийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнийн тусгай шагнал

-2005 оны гуравдугаар сарын 15-18-нд Америкийн Воёминг мужид болсон “Ирээдүйн аваргууд” цуврал тэмцээний алт, мөнгөн медаль

-2005 оны долдугаар сарын 28-31 АНУ-ын Колорадо мужийн Колорадо Спрингс хотноо болсон Америкийн мужуудын аварга шалгаруулах үндэсний тэмцээний мөнгөн медаль

-2005 оны аравдугаар сард Азийн “Сайн санааны тоглолт”-д оролцож 13 дугаар байрт орсон.

-2006 оны гуравдугаар сарын 10-13-нд Воёминг мужид болсон “Ирээдүйн аваргууд” цуврал тэмцээний алт, мөнгөн медаль

-2006 оны хоёрдугаар сард Монтана мужийн Биллинс хотод болсон тэмцээнээс алтан медаль

-2006 оны дөрөвдүгээр сарын 7-9-нд Монтана мужийн Боземан хотод болсон тэмцээнээс алт, мөнгөн медаль

-2007 оны аравдугаар сард Миннесота мужид болсон Их нууруудын бүсийн тэмцээнд 9 дүгээр байр

-2007 оны хоёрдугаар сард Миннесота мужид болсон тэмцээнд алт, мөнгө хүрэл медаль

-2008 оны хоёрдугаар сард Миннесота мужийн Рочестер хотноо болсон “Hiawathaland”- ийн нээлттэй тэмцээнд 1, 3, 4  дүгээр байр

 

Бусад шагнал:

 

-2006 оны наймдугаар сараас Миннесота мужийн Фарибаулт хотын Shattuck St Mary сургуульд уран гулгалтаар суралцахаар элсэн орсон. www.s-sm.org

 

-2006 оны тавдугаар сарын 26-29-нд Колорадо мужийн Телурайд хотод болсон Уулын сэдэвт кино фестивальд монгол бүжгээрээ оролцсон.

 

-2005 оны есдүгээр сарын 30-нд МБТСУХ-ноос “Спортын алдар” медиалаар шагнагдсан.

-2005 оны дөрөвдүгээр сард Монголын спортын сэтгүүлчдийн дунд явуулсан санал асуулгаар Сарын шилдэг тамирчны жагсаалтад буудлагын спортын гавьяат О. Гүндэгмаагийн дараа хоёрдугаарт бичигдсэн.

-2004 оны аравдугаар сард Монголын тэшүүрийн холбооны хүндэт өргөмжлөл

-2004 оны зургадугаар сард Вашингтоны Монголчуудын холбооноос зохион байгуулсан Монгол хүүхдийн урлагийн анхдугаар наадмаас “Биелэх хүслэн”, “Бид биелэнэ” бүжгүүдээр алтан цом

-2004 оны нэгдүгээр сард Монтана мужийн Бозман хотын оны “Энхийн төлөө” шагналд нэр дэвшсэн

-2004 онд  Бүх ард түмний үндэсний спартакиадын алтан медаль

-2004 оны нэгдүгээр сард Соёлын гавьяат зүтгэлтэн ерөөлч магтаалч Ц.Цэрэндоржийн удирдсан Ардын урлагийн хамтлагийн Америкт хийсэн тоглолтонд монгол бүжгээрээ оролцсон.

-2004-оны нэгдүгээр сарын 15-нд  АНУ-ын ток шоуны хатан хаан хэмээгддэг Опра Уинфрийн шоунд гэр бүлээрээ урилгаар оролцож дэлхийн олон улс оронд Монгол орноо сурталчилсан.

-2003 оны наймдугаар сард АНУ-ын Үндэсний газарзүйн нийгэмлэгээс зохион байгуулсан “Дэлхийн өнцөг буланд” гэдэг телевизийн цувралт нэвтрүүлэгт гэр бүлээрээ оролцож, Монгол орон, хөдөөгийн амьдрал ахуйгаа Америкийн “Үндэсний газарзүй” сувгаар сурталчилсан.

-2003 онд Монголд биеийн тамир спорт хөгжсөний 80 жилийн ойн дурсгалын медаль

-2003 онд Нийслэлийн хүүхдийн байгууллагын авъяас алтан медаль

-2001 оны тавдугаар сард “Эрудит” цогцолборын зохион байгуулсан “Уран жиргээ” шүлгийн уралдаанд ээжийн тухай шүлгээрээ тэргүүн байрын шагнал хүртсэн.

 

Сонирхол, чөлөөт цаг: Шүлэг бичих, усанд сэлэх, дугуй унах, явган аялах, монгол бүжиг сурах, балет, уран нугаралтаар хичээллэх дуртай.

 

Хэлний мэдлэг: монгол, англи, испани

 

 

 

 

 

  • Бичсэн sport
  • Үзсэн: 1685

Бүлэг: Уриалга

Монгол залуус нэгэн охины амьдралыг аврахаар нэгдэж байна

MN-25 TV-н “Танайд хонoё” нэвтрүүлгийн 26-р дугаараар саяхан гарсан хүнд өвчтэй Тунгалаг бүсгүйд Монголчууд маань туслаж, сайхан сэтгэлийн аян өрнүүлж байгаа тухай мэдээллийг та бүхэн Монголын мэдээллийн цахим хуудаснуудаас олж уншсан бизээ. Тэгвэл үүнтэй ижил төстэй бас нэгэн сайхан сэтгэлийн аянд Интэрнэт хэрэглэгч Монгол залуус маань нэгдэж байна. Энэ аяны гол зорилго нь хүнд өвчинд 4 жилийн турш нэрвэгдэн шаналж буй Б.Батзаяа охины эмчилгээнд туслах явдал билээ. Охины өвчин анх “хоолойны ангина үе мөчинд орсон” гэсэн оноштойгоор эхэлжээ. Эмчийн зааврийн дагуу эмчилгээгээ хийлгэж, эмээ уусаар явсан охины бие одоо хэд хэдэн газраа хэвтрээс үүссэн шархтай, цус нь өөрөө нөхөн төлжих чадваргүй, биений цусан хангамж 50 орчим хувьтай, бас антибиотик удаан хугацааны турш ууснаас мөөгөнцөр үүссэн зэрэг олон төрлийн зовиуртай байдалд байна. Энэ бүхэнд Монголын эмч, эмнэлгийн ажилтануудын хариуцлагагүй байдал бас тодорхой хэмжээгээр нөлөөлжээ. Та бүхэн охиний эгч Ариунаа бүсгүйн хөтөлдөг “Амидрах хуслэн” (http://lovelife.delhii.net) блог дээрээс охины тухай, түүнд зориулсан аяны тухай мэдээллийг олж авч болно. Тун удахгуй 20 насны босго алхах гэж буй Б.Батзаяа охинд та бид өвчин зовлонгүй амьдралыг нь буцаан өгч, түүнийг хөл дээр нь босгож чадна аа.

Та өөрийн хандиваа:

Зоос Банк
Баяраагийн Батзаяа
Дансны Дугаар: 2413197095 /төгрөг/
                       2413202777 /валют/ дансаар өгөөрөй.

Мөн та http://lovelife.delhii.net хуудасны Google adsense дээр дараад байвал Заяа охинд тусалж байна гэсэн үг гэдгийг юу эс андах вэ.

  • Бичсэн tamga
  • Үзсэн: 1438

Бүлэг: Уриалга

УЛИЛДАНА... УРИАЛДАНА....

Монгол овогт Д.Үүрцайх. Бонн хот, 25.10.2006.


Шар нохойтын аманд Энх баяных гээд тов хийсэн хэдэн малтай, дутах гачих зүйлгүй ч авах идэхийн дон туссан мэт хавийн тарвага зурмыг хядаад дуусаж байгаа нэгэн айл зусдаг юм. Бас ч гэж сүйхээтэй эр хот оронд "иргэншин" суудаг компанийн захирал найзтайгаа хоршоод арьс үсийг нь борлуулаад нилээд бэлжсэн гэж байгаа. Зарим хүмүүсийн ярих нь хоймрийнхоо хар авдранд яг ном шиг баринтаглаад хийчихсэн хоёр цүнх дүүрэн мөнгөтэй ч гэлцэх. Сайн санасан нэгэн нь Энх панзынх л гэнэ, саар санасан нэг нь Энх луйварчных гэнэ. Мань эр ч бас үнэндээ хавьтсан ойртсондоо хунчиргүй загнаж, өгч авахдаа хульхидчих гээд байдаг далд бодолтой, ёс муутай нөхөр л дөө.

Уг нь байгаа хэдэн малаа олигтойхон тордож өсгөөд сүү сааль, арьс үсийг нь зах зээлд борлуулчихвал ч заавал хавийн ан амьтдыг хядаж дуусгаад, мөрөөрөө яваа хээрийн чонын хоолыг нь булаан галзууруулаад байх шаардлагагүй л юм. Нэг өдөр өлссөн чононууд гэрт нь харайж ороод хоолойг нь тас мэрчихнэ дээ, аягүй бол. Байгаль ч нэг л хариугаа авдаг даа, ээ тэнгэр минь. Бүү үзэгд.

Нүгэлт хар гөрөөчин болохоор тэднийх олон нохой тэжээнэ. Єнөө хэд нь элдэв гөлөг цувуулаад салахгүй. Сүүлдээ тэжээж хүчирэхгүй болохоороо юмуу өвчин эмгэг тусаад хазгар доголон болохоор нь хол хээр аваачаад төөрүүлчихнэ. Нэг бол "цааш нь харуулаад" жалга судгаар нэг хаялчихна. Нөгөө төөрүүлсэн гөлөгнүүдээс нь амьд үлдсэн нь золбироод энд тэнд хонь хурга ноцсон л дуулддаг юм.

Баатарын бодол


Єнөө шөнө тэргэл сартай, одон тэнгэртэй, өдөр шиг гэрэлтэй зуны дулаахан шөнө. Ёстой л сэтгэл сэргэм, аниргүй сайхан. Хоттой хонь налайн яраглаж, хаад нэг үхэр зэлэн дээр шуухитнана. Баатар бол Энх баяныг анд ихэвчлэн дагалддаг бууных нь нохой. Шөнөдөө бол мэдээж бусдын л адил хотны манаач.

Гэтэл амгалан шөнийн анир үргээж баруун уулын хяр дээрээс гол зүсэм хүйтэн дуугаар чоно улих нь сонсогдов. Баатар өндийн харахнээ уулын толгой шүргэх бүтэн сарны гэрэлд хээрийн хөхийн сүүдэр зураг бүүргэлтэн харагдах нь түүнд айдас төрүүлэхээсээ илүү бахархал төрүүлнэ. Сэлүүн хонгор хээрийн салхинд эрх дураар яваа хээрийн хөхийн улиаг сонсоод Баатар "Би чинь угтаа бол чоно юм шүү дээ. Миний эцэг өвөг яг л энэ хээрийн хөх шиг эрэлхэг зоригтой, эрх чөлөөтэй явсан гэдэгсэн. Энд өгөр Энхийн гэрийн хаяанд үе үеээрээ, үр хүүхэдтэйгээ тогооны хусам, балга угаадас горьдож хэвтэхээр уг өвгийнхөө адилаар ийм сайхан эрх чөлөөтэй амьдрахсан. Ээ дээ, заяа нь хаясан ч амьтан бол доо чи" хэмээн бодох ч, бас тэрхүү эрх чөлөөт амьдралын төлөөс болох хоолтой хоолгүй хоног төөрүүлэх үе, ангуучлагдан зугатаж, тэмцэн зүтгэж амьдрах амьдралын хатуу хүтүүг нь дүрслэн бодохоор бэлэн угаадастай, бүгэх хэвтэртэй энэ дээ ч байвал дээр юм болов уу хэмээн тээнэгэлзэн бодох. Хажуудах жингэрийнхээ гэдсэнд наалдан унтаа гурван гөлөгөө хараад "Энэ муусайн маань бас над шиг эрх чөлөөгүй, дорой амьдралаар амьдрах ёсгүй. Зовлонгүй жаргал, гарзгүй олз гэж үгүй тул би эднийхээ төлөө өөрийн амар жаргалыг золиослох үүрэгтэй байлтай. Үгүй, тэгтэл хөх өвгийн минь түрэмгий дайсан болсон энэ хүний төрөлтний гэр ахуйн үнэрийг тээгээд очихоор тэд маань бас хазаж хэмлээд, хөөж туух болов уу. Яасан ч арга нь олддоггүй гачлантай хорвоо вэ дээ" хэмээн гансран хэвтэнэ.

Хэрцгий эзнийхээ хахир харамч авир араншиг нь тэвчилгүй эрх чөлөөт замыг сонгон одсон "Арслан" найзынхаа жаргалтай сайхан явааг нь бодохоор бас ч болох юм шиг санагдана.

"Єнөөдөр л гэхэд энэ муу балин хамарласан махан толгойт Энх өөрийнх нь дутуу буудсанаас болоод нүхэндээ орчихсон тарвагыг барьж авч амжсангүй хэмээн бууны бөгсөөр дэлсээд хавирга цөмлөчих шахсан. Ер нь ингэж хийсэн гэмгүй атлаа зодуулан нүдүүлэн байж хулгай, луйврийн аргаар олсон гэр хөрөнгийг нь хамгаалах гэж зүтгэж явахаар нэг мөсөн хээрийн хөхүүдтэй очиж нийлээд, үхдэг сэхдэгээ үзсэн нь ч дээр байх. Бас энэ Энхийн цаана жинхэнэ хэргийн эзэн, хамгийн занги нь хот орноос ирдэг хар шил зүүсэн, "хаммер" жип унасан бэлцгэр царайтай иргэн гаралтай нэг сагсуу шар нөхөр бий. Тэр муу "шидэл" нь дээр нэг ирж дурандаа чоно хөөж яваад машинаа эвдэлчихээд уурандаа толгой дээгүүр буудаж, сүнс зайлуулчих шахсан. Гэхдээ тэр мууг нь ирэхээс өмнө ууланд гараад сүрэгтэйгээ нийлчихвэл ч айх зүйлгүй л дээ. Ер нь хариу дуудаад, нэгдэх хүслээ хэлээд үзье" хэмээн бодоод чоно шиг улих гэж оролдов. Гэтэл Энх баяны хонины хүүдүүд болох "нам" Даржаа, "сүм" Жанцан нар хар гүйхээрээ гарч ирэн "Єө муу өгөр золбин амар унтуулахгүй харанхуй шөнө чонотой нийлж улиад, муу ёрын шаар вэ" хэмээн хараан зүхэж, суран чөдрөөр шавхчиж, арьсыг нь хуулахыг шахав. Ядахад хүзүүнээс хувхай гав гинж нь дүүжлээстэй, зугатая зугатаж болдоггүй, тэмцэе тэмцэж болдоггүй арай гэж амьд үлдэв. Тэрээр "Адилхан л айлын шавхруу горьдож хэвтэж, эдний эрэлхүү дээрэлхүү гэж бас нэг там. Хааяа аяга тараг, үмх хусмаа хасуулчихаараа "Аль муу ажлаа хийлгэчихээд хоосон хонууллаа" гээд л гоншигонож явдаг шүү дээ. За яахав чамайг нэг суларвал чинь харин ч ганцхан үсэрч хоолойг чинь мэрчихээд, урд уул руу гараад шогшчихоо мэдьеэ гайгүй" хэмээн өсрөн гаслана.

Гэвч хэд хоног уяаг нь богиносгоод, угаадсыг нь багасгаад өгөхөөр зулгарсан арьс нь эдгэрээд, зуусан эрүү нь тавьчих биз дээ, нохой юм чинь. Тэр цагт хөөрхий Баатар хэрхэн шийдэхийг хэн мэдэх вэ дээ.

Мэргэн саарал, Арслан хоёрын яриа.


Арслан бол Энх баян иргэншсэн найз "сагсуу шар"-ынхаа хамтаар ноднин жилийн хавар хажуу Хайрханы өвөрөөс суйлж, гурван сар орчим тэжээж байгаад алдчихсан хоёр бэлтрэгний нэг. Одоо бол бараг л нас бие гүйцсэн сайхан чоно болжээ. Тэрээр хар нялхаар нь эхээс нь салгаж, гав гинжинд хатааж тамласан өгөр Энх болон түүний хамсаатнуудыг үнэн голоосоо үзэн яддаг боловч нөгөө талаас эртэй сайндаа оргон гарч сүрэгтээ нийлсэндээ сэтгэл хангалуун, жаргалтай яваа нэгэн. Хэрэв дахиад хэдэн сараар Энхийн гадаа хэвтсэн бол сүр сүлд нь зайлаад, бараг нохой болоход ч ойрхон байсансан. Тэрээр сүргийнхээ ахлагч Мэргэн сааралд:
"Бидний төрөл нэгтнүүд болох эдгээр нохойнууд энэ хомхой Энхийн ан авад нь туслаад байдаггүйсэн бол бид ингэж өлсгөлөнд нэрвэгдэж, гуриатаж явахгүй байсансан. Энэ муу ер нь шивэртэй хөлөндөө хэдэн гутал, яртай биендээ хэдэн дээл, бөөстэй толгойдоо хэдэн малгай тавих гэсэн шаар вэ. Хавийн тарвагыг мөнгө болгож авдартаа дараад ямар аваад үхэх биш юугаа хийдэг байнаа. Энэ сайртай жалгын хэдэн оготныг л тэжээх гэж байгаа юм байхдаа." хэмээн өгүүлэхэд өвөг нь болсон Мэргэн саарал хариуд нь "Би ч хэдийгээр нас дээр гарч харайх хөлгүй, хазах шүдгүй болсон ч цаг түүхийн уртад, бартаат амьдралыг даван байж отох ухаантай, гэтэх аргатай болсон. Үүр шөнийн заагаар хоттой хониноос нь хэдийг ураад өгөхөөр энэ Энх эрх биш ойлгох биз" хэмээв.

Арслан үеийн нөхдөө цуглуулан эцэг өвгийнхөө үлдээсэн эрх чөлөө, орон зайгаа хамгаалан тэмцэж, Мэргэн саарлынхаа санааг гүйцэлдүүлэхээр өндөр Хайрханы орой дээрээс уриалан уриалан улиж эхлэв. Хэдийгээр амьдрал хөөн уул, талаар нэг таран одсон ч, цагийн эргэлтэнд бас ч "явсан нохой яс зууна" гэгчээр элдвийг үзэж, ихийг ухаарсан ид л эрч хүч нь оволзон буй үеийн нөхөд нь түүний уриалсан улиаг нь дуулаад хариу мэдэгдэн, хамтран тэмцэнэ гэдэгт нь эргэлзэх зүйлгүй болой.

Байгаль хоосролыг тэвчилгүй ямагт тэнцвэрийг эрэлхийлж байдаг тул энэ баяны тавилан ч бүрхэг боллоо доо. Чухам Энх баян тэр цагт энэ бүхэн өөрийнх нь хомхой сэтгэлээс болж байна гэдгийг ойлгох ухааны цараатай гэдэг нь л эргэлзээтэй дээ.

Миний бодол


Одоогоос 4 жилийн тэртээ номын анд О.Машбат "Цахим өртөө" хуудаснаа "Yмх мах эрэн гүйх зэвхий үргэлжид хувирах цагийн аясыг дагах өчүүхэн бэлтрэг" гэсэн нийтлэлдээ "Тал хээp, уул нуpуу, говь цөл, өвлийн хүйтэн, хавpын хавсpага, зуны халуун, намpын жихүүн. Таpиа уpгах хөpсгvй хувхай цагаан нутаг. Ой мод, ус гоpхи хvpтэл хомс . Ийм газаp амьдpах монгол хүн хонь байж болохгүй, гөpөөс байж болохгүй, адуу ч байж бас болохгүй, гагцхүү чоно л байх ёстой. Тиймээс ч тэд өөpсдийгөө чонын гаpалтай гэдэг" хэмээн бичсэн нь өөрийгөө чонын дайтай бодох, үгүй гэхэд чонын удам бэлтрэгийн дайтай байхыг хүсдэг, тэмүүлдэг миний сөсийг оргиож, зоригийг бадрааж байсансан.

Тиймээ, түүхэн сурвалжид тэмдэглэгдсэнчлэн монголчууд бид "Бөртэ чину" нэртийн удам гэдэгтээ итгэдэг нь хэдийгээр уг утгыг нь мэдэхийн цаагуур мэдэх ч, монгол түмний омог бахархал руу ус асгах даалгаварт Баабар, Шаабарханы "монголчууд өөрсдийгөө чоно, марал хоёрын дундаас үүдсэн гэж итгэдэг" хэмээн доромжилон бичсэн утгаар нь бус юм. Харин чоно шиг эрэмгий шулуун зоригтой, эр хар чадалтай, гал цогтой байхыг билэгдэн, чоныг бишрэн шүтдэг тул уг өвөгт минь өгөгдсөн нэр нь Монголын нууц товчоонд тэмдэглэгдсэнчлэн Бөртэ чину билээ.

Гэвч эдүүгээгийн монголын нийгэмд хоёр зуун жилийн манжийн дарлал, далан жилийн оросын дарлалын дараа чоно цөөрч, ноход олширсон бололтой. Чоно байгалиасаа сүрэглэн амьдарах зохицолтой ч бас ганцаараа тэмцэн амьдрах чадвартай амьтан. Єнөөдөр энд тэнд ийн тарж бутарсан, ижлээ хайн ганцаардсан чононууд хаад нэг харагдах болжээ. Дийлэнх нь нохойн дүрд хувилаад чимээгүйхэн шогшиж явах юм.

Лоохууз гуай 25-р телевизийн "Би" хэмээх нэгэн сайхан нэвтрүүлэгт оролцон ярилцлага өгөхдөө социалист тогтолцооны үед сул доройчууд нь дээдсийгээ тойглон байж тойрон хүррээлэгчдийг бүрдүүлдэг байсныг өгүүлж байлаа. Эдүгээ ч монголын төрийн тогтолцоог "гөлөгнүүдийн тогтолцоо" хэмээн нэрлэхэд хэтрүүлсэн болохгүй. Манай дээдэс өөрсдөө ч үүнийгээ ил тод хүлээдэг юм чинь. Ихэвчлэн сул дорой арчаагүй амьтад дээдэст долдойтож, амар хялбар амь зуухыг хүсдэг. Тэдэнд хийж бүтээх, сэтгэн бодох, танин мэдэх гэх мэт ямар ч хүсэл зорилго байхгүй. Гагцхүү авах идэх, азаргалан дээрэлхэх, амар жаргах л сонирхолтой.

Гэвч дээдэс нь дээд үзэлтэй, зөв бодолтойсон бол иймэрхүү адгийн шаарнууд монгол төрийг бузарлан орших бололцоогүй байх ёстойсон. Харамсалтай нь манай эдүгээгийн дээдэс гэгдэгч "дээрэмчид" нь хуучин тогтолцооны үед өөрсдөө долигонож, долдойтож байж эрх мэдэлд хүрсэн арчаагүй амьтад болохоор залуусыг ч бас тэр замаар нь л явахыг шаарддаг. Тэдэнд олон сайхан монгол залуусын мэдлэг чадварыг үнэлэх, ашиглах ухааны цар угаас үгүй билээ.

Хэрэв манай өнөөгийн дээдэсийн тогтолцоо гөлөгнүүдийн тогтолцоо юм бол ийм сул дорой арчаагүй амьтадаар удирдуулж байгаа бид бүр арчаагүй амьтад байж таарах уу?

Сайн үйл бүтээхэд муу үйл үйлдэхээс илүү их хүч ухаан шаардлагагүй. Учир нь муу үйл нь ямагт хэн нэгэнд хортой байдаг тул тэрхүү хохирогч этгээдийн эсэргүүцэл тэмцлийг даваж байж зорилгодоо хүрэхийн тулд сайн үйлд шаардагдахаас илүү их хүч ухаан гаргах хэрэгтэй болдог. Эцэст нь муу үйлийг үйлдсэн нь ч их хүч ухаан зарлагадаж хохироод, түүнд нь өртсөн хөөрхийс ч хор хөнөөлийг нь амсаж хохироод дуусдаг жамтай. Тиймээс муу үйлийг үйлдэж чадагчид нь үнэндээ сайн үйлийг бүтээж, нийтээрээ олз ашигтай, амар тайван амьдрахад хүрэлцэхүйц их хүч ухаантай байдаг билээ. Гагцхүү ганцаар илүү их авч идэх, гагцаар амар тайван байхыг эрмэлзсэн хүсэл шуналдаа идэгдээд бусдыгаа өөрийнхөө салшгүй нэг хэсэг гэдгийг болон нэг ашиг сонирхлоор нэгдсэнээ ч ойлгох сөгөөгүй болдог байна.

Тэд уг нь чонын угсаатай тул хурдан хөлтэй, хурц шүдтэй, хүчтэй зуулттай боловч хувь заяаныхаа эзэн болж, эрх чөлөөтэй амьдрахын оронд ганц нэгээрээ яваа чоныг олуул бөөрөлхөн боорлож, эзэндээ үнэнчээ харуулчихаад амар хялбар амьдарч байна гэж төсөөлдөг байна. Үнэндээ бол тэд илчит нарны гэрэл болоод дулааныг хүртэхээр товч замаар нисэж яваад модны мөчирт тосгуулан татсан аалзны торонд орооцолдчихоод гарч чадахгүй тарчилж байгаа өчүүхэн ялаа лугаа билээ. Дарга, дээдэст долигонож, элдэв хар муу зүйл хийж яваад авсан орон сууц, гадаад сургалтын тэтгэлэг, албан тушаал, эрх мэдэл зэрэг нь өөрийн чинь эрх чөлөөг хязгаарлаад байгаа тэр аалзны тор юм шүү дээ гэдгийг ухааран, аалз ирж өөрийг тань хэмлэхээс өмнө амиа аврах хэрэгтэй баймаар.

Ерээд оны ардчилсан хувьсгалын үеэр цуурайтаж асан хамгийн тод шүүмжлэл бол тойрон хүрээлэгчид, тусгай хангамжийн асуудал байсан. Эдүгээ коммунистууд нь ч тэр, ардчилагчид нь ч тэр социалист үеийн улс төрчдөөс хэд дахин илүү тойрон хүрээлэгсэд, хэд дахин илүү хангамж, тэтгэмжтэй болчихоод байгаа бус уу.

Манай дээдэс ч гэсэн өөрсдөө бас л "уяатай ноход" агаад үнэндээ тэд гөлөгнүүдийнхээ эзэн нь бус харин эцэг, эх нь, толгойлогч нь л юм биз дээ. Эцэст нь монголчууд бид эрх чөлөөтэй "чононууд" нь ч, эзэрхэн дээрэлхэгч "ноход" нь ч ялгаагүй бүгдээрээ нэг торонд хоригдсон "чононууд болоод чонын угсаатнууд" бөгөөд дэмий л "эзэд"-ийнхээ өгдөг үмх мах, хэмх ясыг булаалдан тэмцэлдэх болой. Тэрхүү тор нь авилгал, зээл тусламж, эдийн шунал бөгөөд торний эзэн нь монголыг залгих гэсэн их гүрнүүд. Манай төрийн авилгач түшээд бол аманд нь эзнийх нь өгсөн яс зангалайдчихаад дуугарвал уначих гээд байгаа эзэндээ үнэнч ноходууд. Уг нь гар хуруу нь бүтэн, ухаан мэдрэл нь эрүүл саруул юм бол амнаасаа гаргаж чулуудчихаад эрх чөлөөтэй элдэв зовлонгүй явах нь хувь дээр байлтай. Дэлхий даяар өрнөсөн ардчиллын гуравдагч давалгаа нь монгол түмэнд хэнээс ч бүрэн хамааралгүй харьцангуй тусгаар орших алтан боломжийг олгосон боловч бид урваач шарваач, нохой зант ноёдынхоо арчаагүй бодлогын улмаар чонын амнаас гараад барын аманд оров гэгчээр оросын нөлөөн дээр нэмээд хятадын нөлөөнд бас бараг бүрэн орчихоод байгааг энд нуух шаардлагагүй болов уу.

Чоно эрх дураар хээрийн бүрэг амьтан. Хээрээс нь салгаж, эрх чөлөөг нь хасвал тэжээгээд байсан ч сүнс сүлд нь унаад үхдэг гэдэг. Чонын сүлд ясанд нь байгаа хойно Монголчууд эрх чөлөөтэй л байвал эдийн засагаа сэргээж, улс төрөө байгуулж, эрх дураараа хөгжиж чадна. Идэх хоолтой, орох оронтой, нөмрөх хувцастай байхын тулд түүнийгээ худалдан авах мөнгө, хөрөнгөтэй байх, мөнгө хөрөнгөтэй байхын тулд ажил хөдөлмөр эрхлэх, ажил хөдөлмөр эрхлэхийн тулд хамгийн эхэнд эрх чөлөөтэй байх ёстой гэдгийг хэн хүнгүй ухаарах цаг нэгэнтээ болсон байлтай. Нам нэртэй навсгарууд тэжээсэн гөлөгнүүдээрээ, Энхбаяртангууд хахуульд барьцаалагдсан уяаны нохдоороо монголын ард түмнийг хэсэг хугацаанд хэмлэн мөлжиж байгаа ч, хөх монголын үр сад оюунлаг тул энэ бүхэн төдий л удаан үргэлжлэхгүй биз ээ.

Єөрөө биднээс ямар ч ялгаагүй "боолын заяа"-тай болчихсоноо умартсан эрхэм Ерөнхийлөгч Энхбаяр "Єнөөдрийн монгол" хэмээх сонинд саяхан өгсөн ярилцлагадаа "Эгц уул руу эзнээ аваад явж байгаа морь яасан үнэнээсээ зүтгэж байна вэ. Тэр морины зүтгэлийг нь унаж яваа хүн л хамгийн хурц тод мэдэрдэг биз ээ. Хүн мориноос их юм сурах ёстой юм шиг санагддаг даа." хэмээн өгүүлсэн нь надад бол энгийн ардыгаа адгууснаас дорд үзэж, монгол түмнийг энхрий хайрт Үндэсний удирдагчаа нуруундаа үүрээд уулын өндөр, газрын холд мал адгуус мэт зүтгэх хэрэгтэй хэмээсэнтэй утга нэгэн санагдаж, их л зэвүүцэл төрлөө. Дээдэх нь суудлаа олохгүй бол доодох нь гүйдлээ олохгүй гэдэг. Дээр нь суусан Энхбаяр гуай, өөрийнхөө сэтгэлийг мориндоо ойлгуулах гэж оролдохын оронд алсыг хараад, аятайхан замаар явбал морь эзэн хоёрт амар байсансан. "Уул нь өндөр боловч, урдуур нь гардаг замтай, хад нь өндөр боловч хажуугаар нь гардаг замтай" гэдэг. Даанч манай харалган төр ард түмнээ "хад асган" дээгүүр элгээр нь мөлхүүлээд, эсэргүүцсэн нэгнийх нь амыг бариад эхэлж байх шив дээ. Түүний өгүүлсэн тэрхүү "Хүн" гэдэг ойлголтод нь эрхэм Ерөнхийлөгч өөрөө бас багтсан л байх болтугай. Үгүй бөгөөс энэ ертөнцийн амьтан гэдгийг нь та бид дэндүү сайн мэдэх тул дээшээ нэг их төрөл ахиж алга болохгүй л болов уу. Харин энэ ертөнцийн ноёлогч амьтан болох хүмүүн бидний төрөлд эрхэм Ерөнхийлөгч өөрөө багтаагүй юм бол маниасаа дорд л төрлүүдээс өөрийн төрөл нэгтнээ хайх хэрэгтэй болох буй за.

Энэ мэтчилэнгийн төөрөгдөлд автсан манай дээдэс ардчилсан эрүүл тогтолцоонд амьдарч үзээгүй, тэр талаар уншиж сонсоогүй байдаг тул иргэний нийгмийн төлөөллийн үгийг сонсох нь байтугай албан ёсны сонгуулиар нийт сонгогчдын талыг шахуу төлөөлж байгаа сөрөг хүчнийгээ "жингэр хуцаж л байдаг, жингийн цуваа явж л байдаг" хэмээн ихэрхэн доромжилж, үл тоомсорлон "дэврэх" болжээ.

Нохойг бол хуцаж л байг гэдэг байх. Чоныг харин улиж л байг гэдэггүй юм шүү.

Нохой гэрийн тэжээмэл болсон амьтан тул байгальд амьдрах чадвар муутай болдог. Гэвч тэд эрх чөлөөг үнэн сэтгэлээс хүсэмжлэн, гинж дөнгөө тасар татан тэмцвээс зэрлэгшин эрх дураар амьдрах чадварыг чонон сүргээс суралцан нэгдэх боломж нь түүний уг чанарт нь байж л байдаг.

Тэжээлгэсэн чоно нохой шиг болж бас эр зориг, хурд хүч нь бууран, амьдрах чадваргүй болдог. Тэгэхээр нохой болохгүйн тулд эрч хүчтэйгээ, эрх чөлөөтэйгээ явахын тулд, энд тэнд ганц нэгээр тэмцэж яваа нэгнийгээ гөлөгнүүдэд хэмлүүлэн алдахгүйн тулд
Хээр талдаа хэрэн гүйсэн
Хэлтгий хөх заяанууд
Хэнээс ч юу ч горьдоогүй
Хэтэрхий чивч санаанууд
Эрч, идээнд элдүүр ханасан
Эр хар сурнууд
Энэлэл, зовлонг хатуужин хатсан
Эрэмгий шулуун зоригтнууд минь нэгдэн нийлж, хамтран зүтгэх цагийн өнгө нэгэнт тодорчээ.

Монголын оюунлагууд нэгдэн нийлж, хямралын гарцыг, дараагаар нь хөгжлийн гарцыг хамтран хайж, үр хойч, монгол түмнийхээ эрх, эрх чөлөөний төлөө хэлэлцэн мэтгэлцэх, хамтран бүтээх, бүхнийг мэдэгч "мэдэмхий" улс төрчдөөс салах цаг нэгэнтээ ирсэн тул шинжлэгч ухааныг дээдэлдэг мэдлэгт тулгуурласан нийгмийг хөгжүүлэхийн төлөө, Машбат андын бичсэнчлэн, үхсэн ч амь хайpангvй, аpьс махыг өвчиж шулвал, яс үсээрээ дайpч, яс үсийг нь хэмхчиж хаявал сүнс сүгээрээ довтолцгооё, андууд минь.

Тэнгэрийн зүг өөдөө!

  • Бичсэн tamga
  • Үзсэн: 1411

Бүлэг: Уриалга

ХДХВ (Хvний Дархлал Хомсдoлын Вирус)-ийн хоруу явцтай шинэ омог илэрлээ

Глобаль сангийн ДОХ, Сүрьеэгийн төсөл
Эрүүл мэндийн яам


2005 оны 2 сарын 11-нд Нью Йорк хотын эрүүл мэндийн газраас хэвлэлийн бага хурал хийж ретровирусийн эсрэг эмүүдэд тэсвэртэй, богино хугацаанд ДОХ (Дархлалын Олдмол Хомсдол)-д шилждэг ХДХВ-ийн ховор омог илэрснийг албан ёсоор мэдэгджээ.
Ретровирусийн эсрэг эм гарч дөрвөн бүлэг эм хослуулан хэрэглэдэг болсноос хойш ДОХ-той хүмүүсийн амьдрах хугацаа уртасч нас баралт эрс багассан билээ. Гэтэл вирусийн энэ шинэ омог нь эдгээр дөрвөн бүлэг эмийн гурван бүлэгт тэсвэртэй болсон байв. Үүнээс гадна шинээр илэрсэн омог нь маш богино хугацаанд буюу хоёр сарын дотор ДОХ болж хүндэрдэгээгээ онцлог юм. Єнөөг хүртэл хүн төрөлхтний мэддэг болоод буй 8-10 жилийн туршид хүний дархлалын тогтолцоог гэмтээлгүй далд хэлбэрт байдаг байсан омгуудтай харьцуулахад энэ шинэ омог нь нэн хоруу чанартай юм.
Хамгаалалтгүй бэлгийн хавьталд ордог 40 гаруй насны Нью Йорк хотын оршин суугч ижил хүйстэн залуугаас уг вирусийг илрүүлсэн байна. 2003 оны 5 сард хийлгэсэн ХДХВ илрүүлэх шинжилгээний хариу "сөрөг" буюу эрүүл байжээ. 2004 оны 10 дугаар сард олон хүнтэй хамгаалалтгүйгээр бэлгийн хавьталд орох явцад уг халдварыг авсан байж болзошгүй гэж шинжээчид үзэж байна. Єнгөрсөн оны 12 дугаар сард сайн дураараа ХДХВ-ийн шинжилгээ хийлгэж "эерэг" буюу халдвартай болох нь тогтоогджээ. Улмаар 2005 оны 1 дүгээр сард их хэмжээгээр жин алдаж, цусан дахь ХДХВ-ийн хэмжээ ихэссэн, дархлалын эсүүдийн тоо эрс цөөрсөн зэрэг шинжүүд илэрч ХДХВ нь ДОХ болж хүндэрсэн байна. Євчтөнг ретровирусийн эсрэг ганц бүлгийн эмээр эмчилж байгаа боловч ганц бүлгийн эмээр эмчлэх нь үр дүнгүй байдаг. Нью Йорк хотын Эрүүл мэндийн газраас түүний хавьтагчдыг илрүүлэх талаар арга хэмжээ авч байна.
Нью Йорк хотод ойролцоогоор 88,000 хүн ХДХВ/ДОХ-той амьдарч байгаа бөгөөд үүнээс гадна 20,000 хүн халдвартай гэдэгээ мэдэхгүй байгаа гэсэн барагцаалсан тооцоо тус хотын Эрүүл мэндийн газраас гаргажээ. 2003 оны судалгаагаар олон хавьтагчтай, эрсдэлт зан үйлтэй хүмүүсийн талаас илүү хувь нь сүүлийн 18 сард ХДХВ-ийн шинжилгээ хийлгээгүй байсан бөгөөд 40 хувь нь сүүлийн бэлгийн хавьтлын үед бэлгэвч хэрэглээгүй байжээ.
Манай орны хувьд 500 хүрэхгүй тооны хүн ХДХВ-ийн халдвар авсан байж болзошгүй гэсэн барагцаалсан тооцоог Эрүүл мэндийн яам, НҮБ-ын ДОХ-той тэмцэх нэгдсэн хөтөлбөр, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргаж байгаа билээ. Нийт хүн амын дунд тохиолдлын бэлгийн хавьталд орох, биеэ үнэлэх, бэлгэвч тогтмол хэрэглэхгүй байх, архи болон мансууруулах бодис хэрэглэх зэрэг эрсдэлт зан үйл ихсэж байгаа нь ХДХВ-ийн халдвар Монголчуудын дунд эрчимтэй тархах таатай нөхцлийг бүрдүүлж байна. Үүний илрэл нь бэлгийн замаар дамждаг бусад төрлийн халдварууд асар ихээр тархаж байгаа байдал юм. Иймээс эрсдэлт зан үйлээс татгалзах, бэлгэвч тогтмол хэрэглэж занших, сайн дураар ХДХВ илрүүлэх шинжилгээ хийлгэж хэвшихийг ард иргэд та бүхэндээ дахин анхааруулж байна.

  • Бичсэн tamga
  • Үзсэн: 1789

Бүлэг: Уриалга

УМБГ-аас Эрvvл Нийгэм Иргэний Хөдөлгөөнийхөнд хариугаа өглөө

УМБГ-аас 2-р сарын 11-нд Эрүүл Нийгэм Иргэний Хөдөлгөөнийхөнд хариугаа өглөө. Монголд нэг ч авилгалч албан тушаалтан байхгүй гэсэн маягтай хариу байлаа. УИХ-ийн дарга Энхбаярыг та нар гүтгэж нэр төрийг нь унагалаа, уучлал гуй хэмээн биднээс шаарджээ.

Энэхүү өргөдлийг гаргахдаа ийм хариу ирнэ, иймэрхүү маягаар энэ төр засгийн амьдрал үргэлжилж байгаа, цаашид ч үргэлжилнэ гэдгийг та бид сайтар гадарлаж байсан билээ. Иймд энэ хариуг аваад нэг их гайхсангуй. Гэхдээ их харамсаж байна. Цагдаагийн байгууллага ажлаа хийсэн шиг хийж чадахгүй байгаа гэдэг нь дахин нэг удаа батлагдсанд их харамсаж байна. Ард иргэдийн дэмжлэг ард нь байгаа шүү гэдгийг мэдсээр байтлаа дээрээс ирэх дарамтаас өөрсдийгөө чөлөөлж чадахгүй байгаад нь харамсаж байна.

Эрүүл саруул нийгэмд ард түмэн төр засгаасаа бус, төр засаг нь ард иргэдээсээ уучлал гуйдаг жамтай. Харин эрүүл бус нийгэмд төр засаг нь ард иргэдээ дарамтлан сөгдүүлдэг хэвшилтэй.

Улсын нөөцийн хөрөнгөөс МАХН-ын дарга нарт сонгуулийн дараа 132 сая төгрөгөөр байр авч өгсөнийгөө олон жил үр бүтээлтэй ажилласан ахмадуудаа урамшуулсан хэрэг гэж тэд тайлбарлаж байна.
1 тэрбум 200 сая төгрөгөөр хөгжим худалдан авч сонгуулийн сурталчилгаанд ашигласныгаа хөдөөгийн соёлийн салбарт сүүлийн 20 гаруй жилд анх удаа хийгдсэн томоохон хөрөнгө оруулалт гэж тэд vзжээ.
"Yнэн", "Зууны мэдээ" сонингуудад Улсын Нөөцийн сангаас гаргаж өгсөн санхүүжилтээ засгийн газрийнхаа үйл ажиллагааг олон түмэнд таниулах зорилгоор хийсэн төрийн ажил хэмээн тайлагнажээ.

Татвар төлөгчдийн хөрөнгийг Засгийн газрын тогтоолоор захиран зарцуулах ёстой байтал Ерөнхий сайдын захирамжаар дур мэдэн зарцуулснаа тэд тайлбарлаж чадахгүй булзаж байна.

Монгол улсын Төсвийн тухай хуулинд зааснаар төсвийн хөрөнгийг зөвхөн хуулиар зарцуулах ёстой. Харамсалтай нь өнөөдөр хуулиар бус (Санхүү Эдийн Засгийн) сайдын тушаалаар тэрбум тэрбумаар нь улс төрийн намуудын санхүүжилт, улс төрчдийн явцуу эрх ашгийг гүйцэлдүүлэх зорилгоор шамшигдуулж байгааг тэд мөн адил тайлбарлаж чадахгүй булзаж байна.

Монгол улсын Шуух, Цагдаагийн байгууллага нь авилгач түшмэдийнхээ ашиг сонирхолыг хуулиас дээгүүр тавьж ард түмнийг хохироож буйг бид юу гэж үзэх вэ? Улс төрийн дарангуйлалд байгаа шүүх, цагдаагийн байгууллагаас бид юу хулээх вэ?

Үндсэн хуулийн харуул хамгаалалт гэгддэг Үндсэн Хуулийн Цэц маань ч гэсэн өнөөдөр улс төрийн багаж зэвсэг болчихоод байна.

Хууль жирийн иргэнд үйлчилдэг шигээ албан тушаалтануудад үйлчлэх цаг ирнэ гэдэгт бид найдаж байна.

Иймээс 2005 оны 2 сарын 23-ныг Эрүүл Нийгэм - Иргэний Хөдөлгөөнөөс "Хариуцлага Тооцох Єдөр" болгон зарлаж байна.

Энэ өдөр Эрүүл Нийгэм - Иргэний Хөдөлгөөний нийт идэвхтэн дэмжигчид Эрх Чөлөөний талбайд хуран цугларах юм.

Ард иргэдээ басамжлан доромжилж өгсөн худал амлалт, хүлээсэн үүргээсээ буцаж буй улс төрчид, улс төрийн намуудт, үндсэн хуулиа зөрчиж байгуулагдсан төр засагтай хариуцлага тооцох иргэний нийгмийн тэмцлийг зохион байгуулж байна.

Нүүрлээд буй улс төр, эдийн засаг, нийгмийн системийн хямралаас гарах арга замын талаар, сонгосон төр засагтайгаа ард иргэд цаашид хэрхэн хамтарч ажиллах, хэрхэн хариуцлага тооцох талаар бид нээлттэй ярилцахаар төлөвлөж байна.

Эрүүл Нийгэм - Иргэний Хөдөлгөөн нь энэхүү системийн хямралаас гарах гарцыг гагцхүү иргэдийн шууд оролцоонд тулгуурласан "Иргэдийн Түр Их Хурал" байгуулах явдал мөн. Энэ нь үндсэн хууль болон бусад хуулийн хүрээнд тайван замаар хийх боломжтой бодит үйл ажиллагаа гэж үзэж байна.

Тус "Иргэдийн Түр Их Хурал"-д УИХ-ийн 76 гишүүнийг чуулганий чөлөөт цагаар албан ёсоор оролцуулах бөгөөд үндсэн хуулиар олгогдсон хууль санаачлах бүрэн эрхийг нь эдлүүлэх болно. Мөн "эрхэмсэг гишүүдээс" гадна төрийн бус байгууллагуудын болон орон нутгийн төлөөлөл бүхий 451 гишүүнтэй тус Иргэдийн Түр Их Хурлыг шууд байгуулахыг УИХ-аас бид шаардах болно.

Иргэдийн Түр Их Хурал нь 3 жилийн туршид ажиллах бөгөөд энэ хугацаанд дараах ажлуудыг хийж гүйцэтгэх болно:
• УИХ-ийн гишүүнийг буцааж татах эрхийг баталгаажуулах,
• ард түмэнд хууль санаачлах эрхийг олгох,
• Ундсэн Хуульд орсон дарангууллийн системийг улам бүр бэхжүүлсэн заалтуудыг өөрчлөх,
• иргэдийн эвлэлдэн нэгдэх, жагсаал цуглаан хийх эрхийг баталгаажуулах,
• авилгал хээл хахуультай нийгмээрээ тэмцэх тогтолцоог нэг мөр болгох,
• улс төрөөс хараат шуух, цагдаагийн байгууллагын биэ даасан байдлийг хангах,
• ард иргэдэд бус эрх мэдэлтнүүдэд үйлчилдэг татвар, гаалийн системийг шинэчлэх,
• ард түмний өмч болох газрын хэвлийн дэх баялагийг гадаадийнханд лицэнз нэрээр дамлан худалдаж байгаа эх оронч бус газрийн харилцааг өөрчлөх,
• хувьчлал нэрээр ард түмний хөрөнгийг хуйвалдан завшиж буй албан тушаалтан, цөөн тооний эрх мэдэлтнүүдийг өөгшүүлж буй хууль бус өмчлөлийн системийг халах,
• улс төрчид, эрх мэдэлтнүүдэд үйлчилж буй хэвлэл мэдээллийн тогтолцоог халах,
• улс төрийн намуудад үйлчилж буй сонгуулийн системийг өөрчлөх,
• дарангуйллийн системийг өөгшүүлж буй улс төрийн намуудын тухай хуулийг шинэчлэх

Эдгээр асуудлуудыг Иргэдийн Түр Их Хурлаар хэлэлцэж УИХ-аар батлуулж Засгийн газраар гүйцэтгүүлэхийг ард нийтээрээ шаардах болно.

Иргэдийн Түр Их Хурал нь Монгол улсын Үндсэн Хуулийн байгууламжийн хурээнд иргэд эвлэлдэн нэгдэж төр засгаасаа нийгмээ эрүүлжүүлэхийн төлөө хамтарч ажиллахийг шаардаж буй нэгэн хэлбэр юм.

• Єнөөдөр иргэд бид эрүүл саруул нийгмийг энэ төр засаг дангаараа байгуулахын төлөө ажиллана гэдэгт итгэхгүй байна.

• Єнөөдөр иргэд бид авилгал хээл хахуульд автсан төр засгийн албан тушаалтнууд өөрсдөө авилгал хээл хахуультай тэмцэж чадна гэдэгт эргэлзэж байна.

• Єнөөдөр иргэд бид хуйвалдаж байгуулагдсан хууль бус засгийн газарт итгэхгүй байна.

• Єнөөдөр иргэд бид МАХН-д дагаар орсон Ардчиллийн алтан хараацайнуудад итгэхгүй байна.

• Єнөөдөр иргэд бид амлалтаасаа ухарч ард түмнээ хуурч буй төр засагт итгэхгүй байна.

• Єнөөдөр иргэд бид зөвхөн өөрсөддөө л итгэж байна.



БИД НЭГДЭЖ ЧАДВАЛ ЮУГ Ч ЄЄРЧИЛЖ ЧАДНА!

  • Бичсэн tamga
  • Үзсэн: 1296

Цахим Өртөө Сүлжээнд элсэх

  • Өртөөний сүлжээнд элсэх

tsahim_urtuuХэрэв та Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээнд элсэхийг хүсвэл: http://groups.google.com/group/tsahim-urtuu-suljee хаягаар зочилж маш хялбархан бүртгүүлж болно. Та Гүүгл суурьт энэхүү сүлжээнд имэйлээ бүртгүүлснээр манай сүлжээний гишүүн болно.

 

Image Temp

Энэ хуудас нь Цахим Өртөө сүлжээний нийт гишүүдийн хамтын бүтээл байх бөгөөд ажил хэргийн санал болгоныг вэбийн хамтлаг тухай бүр нь тусган энэ хуудсанд оруулж байх болно. Хамтран ажиллаж буй, ажиллахаар зэхэж буй таньд баярлалаа.

Newsletter