224-р сар2018

Шинэ ном: МОНГОЛЫН СҮҮЛЧИЙН ЭЗЭН ХААН VIII БОГД ЖАВЗАНДАМБА ХУТАГТ

Цахим Өртөөгөөр сүүлийн жил гаран өөрийн бүтээлээсээ толилуулж олны мэдлэг оюуныг мялааж буй түүхийн ухааны доктор О.Батсайхан анд маань саяхан МОНГОЛЫН СҮҮЛЧИЙН ЭЗЭН ХААН VIII БОГД ЖАВЗАНДАМБА ХУТАГТ  нэртэй шинэ номоо гаргасантай нь холбогдуулан хоромхон хөөрснөө  Номын танилцуулгынх нь хамт та бүхэнд толилуулая



Ta Монголын түүхийн аль үеээр  хэдэн жил судалгаа хийж байна даа

Би 1985 оноос хойш ХХ зууны Монголын түүхийн асуудлаар, тодруулбал, ХХ зууны эхэн үе, Монголын тусгаар тогтнолын асуудлыг илүү сонирхон судалгаа хийж байгаа. 

Энэ ном таны хэд дэх ном бэ? Уншигчдад хүргэх Номын гол санаа нь юу байв

Би “Монголын тусгаар тогтнол ба Хятад, Орос, Монгол гурван улсын Хиагтын гэрээ” гэсэн сэдвээр 2002 онд түүхийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан юмаа, эл сэдвийг судалж байх явцад, 1990 ээд оны дунд үеэс эхлэн Богд хааны тухай материал цуглуулж эхэлсэн, за тэгээд явсаар энэ жил ном хэвлэгдэн гарлаа. Богд хаан бол монголчууд төдийгүй монгол овогтон, бурханы шашинтаны азийн олон хүмүүсийн шүтээн нь байсан төдийгүй Монгол  Улсын эзэн хаанаар гурван залагдсан эгэлгүй төрийн тэргүүн байсан билээ. Гэтэл бид ийм шүтээнээ гутаан доромжилж, түүхнээсээ арчих нь холгүй болгожээ. Иймээс Монголын түүхэнд, Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцэлд эл хүний оруулсан хувь нэмрийг Монгол, Орос, Япон зэрэг орны архивын эх сурвалжид түшиглэн аль болох бодитойгоор тодруулахыг хичээсэн болно.

Бичсэн номоо хэвлүүлэх санхүүгийн эх үүсвэр олох томоохон асуудал байдаг.  Энэ удаа хэрхэн шийдэв дээ

Мэдээжийн хэрэг энэ бол түүх судлаач бидэнд, магадгүй Монголын шинжлэх ухааныханд хамгийн хэцүү асуудлын нэг байхаа. Өнөө цагийн байдлыг харвал, судалгааны зохиолыг хэвлүүлэхэд тусалж дэмждэг хүмүүсийн тоо цөөн, мөн судалгааны зохиолыг уншдаг хүмүүс бага байна. Миний зохиолуудын нилээдийг гадаадын судлаачид монголч эрдэмтэд түлхүү авдаг юмаа. Энэ удаад оюутан цагийн анд минь хэдэн хувийг нь даасан, бусдыг нь зээлээр хэвлүүлсэн байгаа. Мэдээжийн хэрэг надад итгээд удаа дараа зээлээр хэвлэж өгдөг Адмон компаний захирал Р.Энхбатдаа онцгой талархаж байгаа.

Хөөрөлдсөн : Д.Цэрэнбат

 


 

НОМЫН ТУХАЙ

Нэр: МОНГОЛЫН СҮҮЛЧИЙН ЭЗЭН ХААН VIII БОГД ЖАВЗАНДАМБА ХУТАГТ
 
Зохиогч: Түүхийн шинжлэх ухааны доктор О.Батсайхан (ШУА-ийн Олон Улс судлалын хүрээлэн) Ном 408 хуудастай, хэмжээ В5
 
Энэхүү судалгааны зохиолд Монгол, Орос, Япон зэрэг улсуудын архивын эх сурвалжууд хийгээд 1911 оны үндэсний хувьсгалын үйл хэрэгт оролцогчид, уг үйл явдлыг нүдээр үзсэн гадаад, дотоодын хүмүүсийн бичиж үлдээсэн материалууд, тухайлбал, Магсар хурц, манжич Л.Дэндэв, Г.Навааннамжил нарын зэрэг хүмүүсийн дурсамж, яриа, мэдээнд түшиглэн Монгол улсын сүүлчийн эзэн хаан VIII Богд Жавзандамба хутагтын Монголын үндэсний тусгаар тогтнолын төлөө тэмцэлд оруулсан хувь нэмрийг тодруулахыг хичээсэн болно.
1911 оны 12 дугаар сарын 29-ны өдөр Монголчууд Манж гүрнээс салж, бие даан тусгаар тогтносноо дэлхий дахинд албан ёсоор зарлаж, Богд Жавзандамба хутагтыг Монгол Улсын эзэн хаанаар өргөмжилсөн билээ.
 
Эл түүхэн үйл явдлыг санаачлан, оройлон зохион байгуулсан, удирдагч нь болох VIII Богд Жавзандамба хутагтыг эдүгээ Монголчууд бараг мартах шахжээ. Түүний тухай социализмын үед феодал, сохор энэ тэр гээд бүхий л талаар нь муучлан доромжилж байв. Бүр түүнийг амьсгалаа хураан хураатал монголын тусгаар тогтнолын дайсан байсан хэмээн бичихэд хүрч байлаа. Эзэн хаанаа ингэж гутаасан улс орон, үндэстэн биднээс өөр олон бус болов уу хэмээн санамой.
 
Монголчууд Богдын удирдлагаар дөнгөж тусгаар тогтнолоо олоод байсаны дараахан Хүрээнд сууж байсан Оросын ерөнхий консул В.Ф.Люба бичихдээ: “Монголыг эдүгээ эрх чөлөөтэй залгуулсан, энэ үйл хэргийг манлайлсан хүн нь яах аргагүй Хутагт мөн” гэж тэмдэглэсэн нь чухам үнэнийг илэрхийлсэн ажээ.
Богд хаан бол монголчуудын шашны тэргүүн, 1911 оноос төр, шашныг хослон барьсан эгэлгүй нэгэн удирдагч, үндэсний хувьсгалын эцэг байсаныг мартаж яахин болно.

Эл номонд Богд хаан, эх дагина Дондогдулам болон энэ үеийн Монголын үндэсний эх орончдын тухай, Далай лам ба Богд гэгээн, Манж амбан Сандоо ба Богд, Богдын хувийн болон улс төрийн амьдрал, түүний дэлхийг бишрүүлсэн үнэт эрдэнэсийн сан зэрэг онц сонирхолтой зүйлсийн талаар өгүүлэх ба тэдний зураг, холбогдох баримтуудын оригиналаас авсан хуулбар орсон болно.
 
Хэрэв та Монголтой ямар нэгэн шижимээр холбоотой бол Монголын түүхийн дайрч гутаасан, тойрч зугтаасан эл хуудсуудыг заавал уншаарай.  Та энэ номноос: 

  • Богд хаан бол Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцлийн удирдагч нь байсан,
  • Далай лам ба Богд гэгээний харилцаа,
  • Монгол цустай Манж амбан Сандоо ба Түвд цустай Богд Жавзандамба хутагт нарын харилцаа,
  • Хүрээнд сууж байсан Оросын консул ба Богд гэгээн нарын харилцааны талаар цоо шинэ мэдээ, мэдээлэл олж авахаас гадна найман Богдоос ганцаараа гавьж цол хамгаалсан VIII Богд монголчуудын шүтээн, Монгол Улсын эзэн хаан болж чадсаныг мэдэж авах болно.

Зохиогчтой харилцах  имайл хаяг: Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.

Цахим Өртөө Сүлжээнд элсэх

  • Өртөөний сүлжээнд элсэх

tsahim_urtuuХэрэв та Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээнд элсэхийг хүсвэл: http://groups.google.com/group/tsahim-urtuu-suljee хаягаар зочилж маш хялбархан бүртгүүлж болно. Та Гүүгл суурьт энэхүү сүлжээнд имэйлээ бүртгүүлснээр манай сүлжээний гишүүн болно.

 

Image Temp

Энэ хуудас нь Цахим Өртөө сүлжээний нийт гишүүдийн хамтын бүтээл байх бөгөөд ажил хэргийн санал болгоныг вэбийн хамтлаг тухай бүр нь тусган энэ хуудсанд оруулж байх болно. Хамтран ажиллаж буй, ажиллахаар зэхэж буй таньд баярлалаа.

Newsletter