161-р сар2018

№2 Зочин: Дашзэвэгийн Цэрэнбат

Нэвтрүүлгийн зочин: Дашзэвэгийн Цэрэнбат

Их Британийн Лондон хотноо амьдардаг. Математикч мэргэжилтэй. Эдийн засаг, бизнесийн үйл ажиллагааг урьдчилан төлөвлөх ухааны мастер зэрэгтэй. Монгол туургатны "Цахим өртөө" сүлжээг санаачлагч, зохион байгуулагч. Эхнэр хүүхдийн хамт амьдардаг.

Хөтлөгч Ганбаяар:
- Монголчуудын дунд интернэтийн "Цахим өртөө сүлжээ" гэж их яригдаад байгаа. Энэ сүлжээ маань хэзээ байгуулагдсан бэ? Мөн таныг анх байгуулалцсан гэж сонссон? Энэ талаар ярьж өгөхгүй юу?

Цэрэнбат:
- Таныг асуултаа эхлэхдээ "Цахим өртөө" сүлжээний тухай монголд их яригддаг гэж хэлэхийг сонсоод би эх оронд маань энэхүү сүлжээний утга учир, түүний түмэн олонд олгож буй боломж бололцоо үр өгөөжийг зөв зүйтэй ойлгож байгаа юм байна хэмээн итгэж, энэхүү сүлжээгээр овоглодог, түүнийг амилуулж байдаг хамт олныхоо өмнөөс сэтгэл нэн таатай байна. Сүлжээ 1999-05-31-нд үүдээ нээж үйл ажиллагаагаа эхэлж байсан. Тэр үед 7 оронд сууж байсан 27 монгол залуус энэ сүлжээг үүсгэн байгуулж байлаа. Yvсгэн байгуулагдсанаас хойш энэ хоёр жил хагасын хугацаанд сүлжээний гишүүдийн тоо тасралтгүй нэмэгдэж солилцох мэдээлэл, ярилцах зүйлс, хамтрах үйл хэргийн цар хүрээ тэлэхийн хэрээр түүний зорилго чиглэл өргөжин баяжиж бас илүү тодорхой болж байна уу даа гэж боддог юм. Сүлжээний гол зорилгыг товчоор хэлэх юм бол өнөө цагийн техник технологийн ололт дэвшлийн бидэнд хүртээж буй энэ үр өгөөжийг ашиглан хил хязгаар, улс орны харяаллыг огоорон монгол болоод монголч түмний оюунч сэтгэлгээний хувьд нэгтгэх, монгол орны хөгжил дэвшилийн төлөө хэмээсэн нэгэн зорилгын төлөө үйл хэргийг хамтран бүтээхсэн гэсэнд оршиж байна. Сүлжээг санаачилсан, үүсгэн байгуулалцсан хүний нэг нь би ч байгуулагдсан цагаасаа энэ сүлжээ, түүний гишүүд, хамт олны сэтгэлийн их дэм, гар бие оролцоогоор өдий хүрч өргөжин дэвжиж байгаа. Тэгэхээр гишүүд, хамт олондоо "Сүлжээг хэн санаачилсан гэдэг нь чухал бус, сүлжээ одоо хэр ажиллаж байна, түмэн олонд өөрийн хүргэж чадах үр өгөөжийг хэрхэн хүргэж байна, бид түүнийг илүү боловсронгуй болгоход яаж анхаарах вэ тэнд л бидний гол анхаарал төвлөрч, тэнд л бид идэвхи зүтгэлээ гарган дайчилж байгаасай. Ийм сэтгэлгээ манай сүлжээнд тогтоосой" гэж байнга хэлж байдаг л даа. Иймээс та хэрвээ манай сүлжээний гишүүн болоод сэтгэл зүтгэл гаргаад ажиллах юм бол таны гэсэн орон зай бий болж, та энэ сүлжээнд холбогдсон анд нөхдөөс өөрийн ажил хэргийн, амин хувийн анд нөхдөө олж нөхөрлөж, үйл хэргийг хамтран бүтээх тийм боломж бололцоо бүрэн бий шүү гэсэн ийм л хариуг таны эхний асуултанд өгье дөө.

- За баярлалаа. Цэрэнбат гуай. Одоо дэлхий даяар энэ сүлжээ хэдэн оронд, хэдэн гишүүдтэй вэ? Сүлжээгээр цацагдаж байгаа мэдээ мэдээлэл маань гишүүддээ хэр их өгөөжтэй байдаг вэ? Бусад гишүүн биш хүмүүс энэ сүлжээнээс мэдээлэл авч болох уу, эсвэл заавал гишүүн хүмүүс авах уу?

- Сүлжээний гишүүн гэдэг нь сүлжээнд хаягаа бүртгүүлсэн хүмүүсээ бид нэрлээд байгаа. Харин сүлжээний үйл ажиллагаа, солилцож байгаа мэдээ мэдээлэл, сүлжээний гишүүд юу хийж байгаа нь бүгд Интернэтээр нээлттэй учраас тэнд сүлжээнд хаягийн бүртгэлгүй хүн ч сүлжээний мэдээллийг унших бүрэн боломжтой. Сүлжээнд одоогоор бол дэлхийн 32 орноос 8 орны харьяаллын 710 гаруй хүний хаяг бүртгэгдсэн байгаа. Тухайлбал, Монгол, Япон, Турк, Унгар, Куба, АНУ, ОХУ, Хятад гэсэн нийт 9 орны иргэд бий. Гэхдээ энд ОХУ, АНУ, Хятадын харьяа гишүүд маань бүгд монгол үндэстнүүд. Бусад нь монголыг судлагчид, монголч түмэн гэдгийг юм. Сонирхсон хэн бүхэн хаягийн бүртгэлгүй ч гэсэн сүлжээний мэдээлэлтэй байнга харьцаж болно. Сүлжээний мэдээллийн гишүүддээ өгөх үр өгөөж гэдэг дээр би өөрийн товч санаагаа хэлэе. Сүлжээний мэдээлэл нь:
Тодорхой сэдвээр мэдээллийн шинжтэй ирүүлдэг бодит мэдээлэлүүд нь хүмүүсийн бодол сэтгэлгээг задрааж, бас ухаарахад нь шууд эерэг үр өгөөжтэй нөлөөлдөг л дөө. Мөн сүлжээгээр янз бүрийн мэдээлэл цацагдаж байдаг. Тэр бүгдээс гишүүдийн хүртэж байгаа үр өгөөж нь бол мэдээллийн энэ их урсгалын үед бид бүхэн мэдээлэлтэй харьцаж сурахад нь цахим өртөө сүлжээ гишүүддээ бас үр өгөөжөө өгч байгаа ойлгодог. Өөрөөр хэлбэл ямар мэдээллийг юу гэж ойлгох вэ, хүнд өөрийнхөө санаа бодлыг хүргэхийн тулд хэрхэн мэдээлэл бичиж сурах вэ гэх мэт энэ бүх үйл явцад Цахим өртөө сүлжээ гишүүдээ сургаж байгаа нь түүний гишүүддээ хүргэж байгаа бас нэг үр өгөөж гэж ойлгодог. Цаашилбал бид сүлжээний хамт олон гэсэн сэтгэлгээний нэгэн тийм нарийн холбоостой болж байгаа нь Цахим өртөө сүлжээний бас нэг магадгүй хамгийн чухал үр өгөөж. Єдөр болгон комьпютерийнхээ дэлгэцний араас сэтгэлийн холбоосоор Цахим өртөө сүлжээний гишүүд маань хэн хаанаас юу гэж бичсэн байна гэсэн хүсэл сонирхлоор мэдээллээ уншиж бие биенээ зургаа дахь мэдрэхүйгээрээ мэдэрч харилцаж байдаг. Хэдэн арван, магадгүй хэдэн зуун жилийн дараа бидний амьдран буй энэ цагийн залуусын бодол сэтгэлгээг, энэ Цахим өртөө сүлжээний мэдээлэл архиваас уншиж ойлгож, энэ цаг үед монголын залуус юуг ярьж, юуг хүсэж тэмүүлж, юун дээр бодол санаагаа хуваалцаж байсан бэ гэдгийг ирээдүй хойч маань ойлгоход ихээхэн хувь нэмэр оруулж буй гэж хэлж болох юм.

- Анлид байгаа монголчуудын талаар, мөн Англи орныг зорих гэж байгаа хүмүүс ямаршуухан бэлтгэл хангах вэ, Англид тэднийг ямаршуухан орчин хүлээж байгаа гэдэг талаар ярья. Тэнд хэдэн монголчууд байдаг вэ, тэнд ажиллаж, амьдарч, сурч байгаа монголчуудын байдал ямар байна вэ? Амьдралын төвшин хэр вэ? Хоорондоо холбоо харилцаа байдаг л байх, олон уулзалддаг уу?

- Англид яг хичнээн Монгол хүн байдгийг тодорхой тоо баримтаар хэлэхэд хэцүү. Яг визийн нарийн хяналт, бүртгэл энэ тэр байдаггүй юм шиг байна лээ, бидний ярьж таамаглаж байгаагаар 2000-3000 монгол байдаг байх. Би өөрийнхөө л байгаа мэдээлэл, бодол сэтгэлгээн дээрээ тулгуурлаж таны асуултад хариу хэлье. Миний бодлоор энд байгаа монголчуудын 10 гаруй хувь нь номын мөр хөөж эрдэм ном судалж байгаа. Yлдсэн нь ямар нэгэн байдлаар англи хэлний курс дамжаанд суралцахын хажуугаар амьдрал хөөж янз бүрээр л хоолоо олж идэж явах шиг санагддаг. Тэгэхээр бидний олонхи нь янз бүрийн ажил хийж, амьдралын хувьд бол энэ зүгийн газарт нэгэнт байгаа учраас энэ зүгийн амьдралын хэв маягаас суралцаж, аливаад яаж хандах хандлага зэргийг нь таньж л явна. Ер нь ямар нэгэн ажил хийж бага ч болтугай мөнгө олж эх нутагт байгаа хамаатан садан ах дүүсээ тэтгэн тэжээх ийм л үүрэг зорилго ихэнхд маань байдаг.Ихэнхи маань өглөө ажилдаа яваад, орой ирээд л гэхчлэн нэг иймэрхүү л жилд нухлуулсан амьдралын хэв маягтай. Нэгдмэл зохион байгуулалтай ажлын хувьд жилдээ элчин сайдын яамнаас маань шинэ жилээр болоод улс тунхагласны баяраар зохиодог арга хэмжээний үеэр бид тэнд хуран чуулж үзэж харсан тухайгаа ярьж, хөөрж суудаг л даа. Yйл хэргийг хамтран бүтээх гэдэг тал дээр бид нар одоохондоо тэр хэмжээний нэгдсэн байдлаар хараахан зохион байгуулагдаж амжаагүй байх шиг байна. 3-4 жилийн хугацаанд, монголчууд Англид их ирж байгаа учраас энэ нь тодорхой биетээр зохион байгуулагдахад бага хугацаа байж магадгїй. Бид ч гэсэн энэ тал дээр бас нэг хангалттай сайн ажиллаж чадахгүй ч байгаа тал бий байх. Ер монголчууд энд ажиллаж амьдарч энэ зүгийн соёл иргэншлээс суралцаж байна. Энэ бол алсдаа монгол түмэн маань дэлхийн соёл иргэншлээс суралцах нэг үүд хаалга нээж байгаа чухал л алхам гэж ойлгож байна.

- Яг одоо Улаанбаатарт Англи явах гээд визээ хүлээж байгаа хүмүүст та энэ богинохон хугацаанд нэг зөвлөгөө өгөөч, юуг илүү анхаарах хэрэгтэй вэ?

- Англи оронд ирэхэд энд юм болгон бэлэн зэлэн байдаг гэж ойлгож болохгїй. Монголдоо байгаа хэсгийн маань төсөөллөөр бол Англи бол өндөр хөгжсөн жаргалын орон гэж боддог юм шиг байгаа юм. Тийм байдаггүй. Энд чи яаж ажиллаж амьдарна, чамайг тийм амьдрал хүлээж байдаг амьдралын тогтолцоо энд байдаг учраас нэгдүгээрт хэлний маш сайн суурь дэвсгэртэй байвал ер нь амьдрахад чинь дөхөмтэй. Хамгийн эхлээд харьцах юм чинь хэл байдаг учраас наад захын хэлний мэдлэгтэй байгаасай, дараа нь янз бүрийн зүйл тохиолдоно, сэтгэлийн их хаттай байгаасай гэж хэлэх байна даа. Хүний нутаг шүү дээ.

Цахим Өртөө Сүлжээнд элсэх

  • Өртөөний сүлжээнд элсэх

tsahim_urtuuХэрэв та Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээнд элсэхийг хүсвэл: http://groups.google.com/group/tsahim-urtuu-suljee хаягаар зочилж маш хялбархан бүртгүүлж болно. Та Гүүгл суурьт энэхүү сүлжээнд имэйлээ бүртгүүлснээр манай сүлжээний гишүүн болно.

 

Image Temp

Энэ хуудас нь Цахим Өртөө сүлжээний нийт гишүүдийн хамтын бүтээл байх бөгөөд ажил хэргийн санал болгоныг вэбийн хамтлаг тухай бүр нь тусган энэ хуудсанд оруулж байх болно. Хамтран ажиллаж буй, ажиллахаар зэхэж буй таньд баярлалаа.

Newsletter