161-р сар2018

№5 Зочин: Төмөрийн Лхагвадорж

Нэвтрүүлгийн зочин: Төмөрийн Лхагвадорж

АНУ-ын Денвер хотод амьдардаг. Уул уурхайн баяжуулагч мэргэжилтэй. Гэр бүлтэй, 2 хүүхэдтэй.
1990-1995 онд Эрдэнэт үйлдвэрт ажиллаж байгаад АНУ-ын Колорадо мужийн Металлурги, бодисын инженерийн мэргэжлээр суралцаж бакалавр цол авсан. Одоо Уул Уурхайн инженерийн мэргэжлээр Шинжлэх Ухааны Мастер цол авахаар суралцаж байна. 2002 оны хавар төгсөх ба Монголдоо ирж амьдар хүсэлтэй. Алсын Америкт 6 жил болсон авч энэ хугацаанд нутагтаа ирж амжсангүй.

- Сайн байн уу? Танд энэ оройн мэндийг хүргэе. Та бид 2 одоо Улаанбаатар даяар шууд ярьж байна. ДатаКом компани болон Шинэ долгион FM107.5 –ийн нийт хамт олны өмнөөс танд энэ оройн мэнд хүргэе. Сурлага хөдөлмөр өндөр амжилттай л биз дээ?

- За баярлалаа, Намайг энэ нэвтрүүлгийн зочноор урьсан явдалд баяртай байна.

- Та америкт 6 жил сурч байгаа юм байна. Мастер цолоо аваад эх орондоо буцаж ирэх гэж буй хүн өөрийн туулсан замналынхаа талаар ярина уу.Тэнд ямар орчин байна?

- Зургаан жил гээд бодоход овоо хугацаа өнгөрчээ. Би Эрдэнэт үйлдвэрийн зардлаар анх энд ирж суралцаж эхэлсэн. Металлургийн инженерийн баклаврын зэргээ 1999 онд хамгаалаад одоо Уул Уурхайн инженерийн чиглэлээр мастерын зэрэг хамгаалаад төгсөх гэж байна. Ер нь энд ирээд их л юм сурлаа гэж бодож байна. Америкийн сургуулиудын сургалт нь чанга байдаг юм байна. Олон ч оюутнууд сүүлийн үед энд ирж сурж байна. Цаашдаа ч олон оюутнууд ирж сурах биз дээ. Зөвлөх зүйл гэвэл хүний нутгийн хууль ёсыг хамгийн түрүүнд хүндэтгэж явах нь хамгийн чухал болов уу. Гарын үсэг зурсан бичиг баримт гэдэг хамгийн чухал байдаг, тэрийг манай энд ирж байгаа хүмүүс маань нэгд нэгэнгүй ойлгож байж зурахгүй бол дараа нь эргээд эвгүй байдалд орох тохиолдол гардаг. Чухал анхаарах зүйлийн нэг. Хүний нутгийн ёс заншлийг сурах, мөн энд байгаа монголчуудтайгаа ойр харилцаатай байвал дараа нь нилээд хэрэг болдог юм. Мэдээлэл авч хүний нутагт яаж амьдрах вэ гэдэг талаар судлахын хажуугаар, олон орны хүмүүстэй танилцах нь хэлний мэдлэгээ дээшлүүлэх ертөнцийг үзэх үзэлдээ дөхөм үзүүлэхэд нилээн хэрэг болно. Би ноднин билүү, 2 жилийн өмнө билүү, америкт сурч байгаа гадаад оюутнуудад туслах зөвлөмж гэсэн гарын авлагыг орчуулж Цахим өртөөний вэб сайт дээр тавьсан юм. Тэрийг хүмүүс уншсан байх, мөн монголын ганц хоёр сонинд тавигдсан сураг байсан. Тэнд нилээд дэлгэрэнгүй зөвлөмжүүд байгаа.

- Ямар вэб сайт хаяг руу хандаж энэ талын мэдээлэл авах боломжтой вэ?

- Тэр Цахим өртөө вэб сайт бол монголоо гэсэн сэтгэлтэй гадаадад сурч байгаа оюутнууд, монголд байгаа хүмүүс нийлж гаргадаг вэб сайт. Хаяг нь: www.tsahimurtuu.mn энэ вэб сайт руу орж үзвэл нилээд мэдээлэл байгаа. Хоёр сар тутамд сэтгүүл гардаг. Тэр сэтгүүлд америкт суралцагчдад зориулсан зөвлөмж гэж бий. Ер нь сурахад гол анхаарах зүйл гэвэл бие дааж ажиллах чадвар. Номноос уншсан зүйлээ цааш нь ургуулаад, сэтгээд багшдаа ярих нь их чухал зүйл болдог. Гэрийн даалгаар их өгнө. Тэр нь улирлын дүнгийн тодорхой хэсэг нь болдог. Ганцхан шалгалтаар дүн шийдэгдэхгүй. Нэг хичээл нь дор хаяж 3 шалгалттай байдаг. Багш нар ойр дотно харилцдаг. Нэрэлхэлгүй ойлгохгүй юмаа асууж хариулт авж болдог. Хамгийн цээрлэх зүйл гэвэл америкийн дээд сургуулиудад хуулах, хүний бичсэн материалыг зөвшөөрөлгүй хэрэглэх асуудал юм. Тийм тохиолдол гарвал сургуулиас хөөгдөх ч асуудал гарч магадгүй.

- Таны байгаа хотод монголчууд хэр олон байдаг вэ. Хоорондоо уулзаж учирч байна уу?

- Ер нь манай Colorado мужийн Denver хот Монголтой их төстэй цаг ууртай, баруун талаараа уулархаг газар. Намайг ирж байхад арав хүрэхгүй монголчууд байсан. Одоо бол хэдэн зуугаараа ирсэн байгаа. Колорадо хотын их сургуульд 100 гаруй Монгол оюутнууд байна. Ихэнх нь Засгийн газрын гэрээгээр сурдаг юм. Ер нь гадаадад сурч байгаа нэг үндэстнүүд хоорондоо нэгдэлтэй, зохион байгуулалттай байвал амьдрах байдал нь сайн, нэг нэгэндээ янз бүрээр тус дэмтэй, хүний нутгийн ёс заншлыг сурахад тодорхой тус дөхөмтэй. Тийм учраас ганц хоёр жилийн өмнөөс монголоо гэсэн сэтгэлтэй хүмүүс нэгдэе, ер нь монголчуулынхаа дунд арга хэмжээ зохиох нь зүйтэй гэлцээд, ноднингоос эхэлж сагсан бөмбөгийн тэмцээн байнга явуулдаг болсон. Азийнхний дунд усан дотор завиар 20 хүний бүрэлдэхүүнтэй багаар уралдах тэмцээн зохиож, монголчууд хамгийн анхны цомыг нь авсан. Їүгээрээ бас нэлээд алдаршсан. Ер нь овоо хэдэн тэмцээн явууллаа. Ноднингоос эхлэн монгол хэл дээр сонин гаргаж, үнэгүй тараадаг болсон. Монголд болсон зуд, Америкт болсон эмгэнэлт үйл явдалд зориулж хандив цуглуулна. Євчтэй нэгэндээ хандив өгөх зэргийн зохион байгуулалттай болоод байгаа. Ер нь удахгүй өргөн холбоо тогтооно. Денвер хот саяхан Улаанбаатар хоттой эгч дүүгийн харьцаатай болсон. Тэрийг монголд хэр ярьсан юм бол, мэдэхгүй байна. Сая ерөнхий сайдын айлчлалын үеэр Улаанбаатар хотын захирагч Энхболд Денвер хотын захирагчтай холбоо тогтоох гэрээнд гарын үсэг зурсан. Энэ явдал манай хоёр орны харилцаанд нилээн сайнаар нөлөөлөх болов уу гэж бодож байна.

- Та нар Монголд болж байгаа үйл явдлын мэдээллийг хэр хурдан хүлээж авч байна даа?

- Одоо Интернет хөгжсөн үед бас овоо хэдэн сонингоосоо мэдээлэл аваад байх юмаа. Энд байгаа монголчууд утсаар яриад сонссон зүйлээ нэг нэгэндээ тараах зэргээр мэдээлэл солилцдог. Ер нь бол тэр дор нь хүлээж авдаггүй ч, нэг их хоцрохгүй, гайгүй хүлээж авна. Гэхдээ сонингийн мэдээллийг үнэн худлыг эргэж нягталж байж ойлгохгүй бол заримдаа буруу мэдээлэл авчихсан тохиолдол байдаг л юм.

- Таны мэргэжлийн талаар яриагаа эргээд сөхөе л дөө. Та уул уурхайн мэргэжлээр сурсан хүн. Энэ салбар Америкт хэр хөгжсөн харагдаж байна? Монголд юу юуг нь хэрэгжүүлж болмоор юм шиг санагдаж байна. Мэргэжлийн хүний хувьд сэтгэгдлээ ярих уу?

- Америк орон бол уул уурхайн салбараар өндөр хөгжилтэй. Єнгөрсөн зуунаас эхлээд баруун тал руугаа алтнаас авхуулаад янз бүрийн баялагийг хайж олон хүн ирсэн. Миний сурч байгаа уулын сургууль гэхэд хуучин алтны ордны дэргэд 125 жилийн өмнө байгуулагдсан. Ер нь алтны уурхайчин хүмүүс сурах юм их байна гэсэн зорилготой байгуулсан сургууль. Монгол ба Америкийн уурхайнуудын ялгаа гэвэл, манайд энд тэндгүй том жижиг уурхайнууд байгаль сүйдлээд байна гэж байгаа. Америкт 50, 100 жилийн өмнө баялгийг нь ухаад дуусгачихсан, газрыг нь сэндийлээд орхичихсон газрууд одоо хариуцах эзэнгүй, засгийн газар нь хөрөнгө гаргаж нөхөн сэргээлт явуулж байдаг. Ийм ажилд маш их хөрөнгө шаардагддаг гэж байгаа. Манайд төр засаг нилээн олон жилийн дараа тархиа бариад энэ газрыг яаж сэргээе дээ гэж мөнгө зарах хэрэг гарах вий дээ. Ер нь хөрсний доорхи баялагийн геологийн нарийн судалгаа хийгээд, нөөцийн тодорхойлоод, дараа нь эдийн засгийн ашигтай гэдгийг нь бүр нарийн судалж тооцоолох хэрэгтэй байдаг. Жишээлбэл, зэсийг аваад үзэхэд зах зээлийн үнэ нь янз бүрээр хэлбэлздэг. Тийм болохоор зэсийн уурхай ашиглалаа гэхэд хэдэн жил ашиглах вэ, тэр хугацаанд үнийн хэлбэлзэл нь ямар байх вэ гэдгийг нь нарийн тооцох хэрэгтэй. Хамгийн доод үнээр зарлаа гэхэд ашигтай ажиллаж чадах уу үгүй юу гэдгийг тооцоолоод, орд газрын аль хэсгийг нь ашиглах вэ, ашиглаад дууссаны дараа тэр байгаль орчны нөхөн сэргээлтэнд хэр зэрэг зардал гарах вэ гэхчлэн бүгдийг тооцоолоод, за ашигтай гарах нь гэсэн тохиолдолд нь ухаж эхлэх хэрэгтэй. Нэгэнт уурхайгаа ухаад, үйлдвэрээ байгуулаад эхэлчихсэний дараа зардлаа бууруулах боломж цаашлах тутам буураад байдаг. Тийм учраас эхнээс нь эхлээд нарийн тооцоо хийж ажиллах нь манай компаниудад чухал байгаа юм даа. Гаднын хөрөнгө оруулагч нартай хамтран ажиллах нь манайд мөнгөн орлого оруулахаас гадна манай хүн амд ашигтай юм. дараа нь байгаль орчноо хэр зэрэг хурдан нөхөн сэргээлгэх вэ гэдэг талаар манай засаг төр нилээн нухацтай бодож байж, ажилуулах нь зүйтэй болов уу. Ер нь техник технологийг америкийн компаниуд байнга сайжруулах, зардлаа байнга бууруулж, ашгаа яаж нэмэгдүүлэх вэ гэдэгт анхаарч, хөрөнгө гаргаж ажилладаг.Тэр талаар манайхан нилээн анхаарах хэрэгтэй байгаа юм. Харин сүүлийн үед Монголын компаниудаас энд болж байгаа олон улсын уулзалт цуглаанд овоо харагддаг болсон байна лээ. Тийм болохоор нилээн зүйл сурч байгаа биз дээ гэж бодож байна даа.

- Танай сургуулийн талаар эргээд ярья л даа. Сургуулийн төлбөр жилд хэд байдаг вэ? Манайхтай харьцуулбал ямар байх юм? Монгол оюутнууд хичээлдээ хэр байна? Манайханд багш нар нь ер нь гайгүй гэж түрүүн хэллээ ш дээ. Энэ талаар дэлгэрэнгүй ярина уу?

- Манай сургууль АНУ-ын улсын сургууль байгаа юм. Тэгэхдээ нилээн үнэтэйд тооцогддог. Уулын мэргэжлийн сургалтаараа дэлхийд эхний гуравт ордог. Тийм болохоор зардал нь нилээн өндөр. Нэг улиралд янз бүрийн татвартайгаа нийлээд 9000 шахаж байна уу даа. Би харин азтай, энэ сургуулиас стипенд аваад бүх зардлаа сургуулиараа даалгаад сурч байгаа. Манай оюутнууд энд нилээн нэр сайтай. Ямарч мэргэжлээр сурч байсан монгол оюутнууд ер нь хурдан сэтгэдэг, хичээлдээ ч их мэрийж ханддаг гээд бусад оюутнууд багш нарийнхаа дунд нэр хүнд сайтай. Тийм болохоор би бас баяртай явдаг. Ер нь их эвгүй болчихоод байгаа оюутан гэж сонсоогүй л байгаа

- Та эх орноосоо гараад зургаан жил боллоо. Энэ хугацаанд эх орноо мөн гэр бүлээ санаж л байгаа даа. Гэр бүлийнхээ талаар ярьж өгнө үү.

- Би ч залуугаараа гэрлэсэн. Энд эхнэр хүүхдийн хамт амьдардаг. 2 хүүхэдтэй, хүү маань 10 нас хүрч байна. Тав, зургаан жил болоод ирэхээр монгол хэлээ мартаад эхэлж байна. Англиар цэвэрхэн ярина. Харин өнгөрсөн зунаас эхлээд авгай бид хоёр хүүхдүүддээ монгол бичиг зааж байгаа. Овоо уншдаг болох юм шиг байна. Харин уншсан зүйлээ эргээд ойлгоход нилээн хэцүү байх юм. Yгийг нь мэдээд байгаа хэрнээ тэр нь юу гэж байгааг сайн мэдэхгүй болчихоод байх юм. Манай бага охин ч бас эндхийн цэцэрлэгт явдаг. Тийм болохоор гадаадад байгаа хүмүүс хүүхдүүдээ монгол хэлийг нь сайн давтуулж, болж өгвөл монгол дээр үлгэр энэ тэрийг уншиж өгөх хэрэгтэй юм байна. Ядаж монгол үлгэрээа англи хэл дээр уншиж байвал эх нутгийнхаа талаар мэдэж авна.

- За ингээд яриагаа өндөрлөх тийшээ хандая. Таныг одоо хамаатан, ах дүүс тань сонсож байгаа. Тэдэндээ шинэ оны мэнд дэвшүүлж, ая дууны мэндчилгээ явуулна уу гэж хүсэх байна.

- Манайхан сонсож байгаа биз дээ. Тэд нартаа бүгдэд нь аз жаргал сайн сайхан байх болтугай гэж ерөөе. Би чинь 6 жил Монгол руугаа яваагүй байгаа хүн. Тийм болохоор монгол дуу хуур сонсвол их сонин сайхан байдаг. Ээж маань их дуулдаг байсан "Yvрд хамт байгаач ээжээ" гэдэг дууг ээж болон аав мөн гадаадад байгаа монголчуудынхаа ээж аав нарт зориулая даа.

- Сонирхолтой, сайхан ярилцлага өгсөн танд цаашдын сурлага хөдөлмөрт тань амжилт хүсье.

Цахим Өртөө Сүлжээнд элсэх

  • Өртөөний сүлжээнд элсэх

tsahim_urtuuХэрэв та Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээнд элсэхийг хүсвэл: http://groups.google.com/group/tsahim-urtuu-suljee хаягаар зочилж маш хялбархан бүртгүүлж болно. Та Гүүгл суурьт энэхүү сүлжээнд имэйлээ бүртгүүлснээр манай сүлжээний гишүүн болно.

 

Image Temp

Энэ хуудас нь Цахим Өртөө сүлжээний нийт гишүүдийн хамтын бүтээл байх бөгөөд ажил хэргийн санал болгоныг вэбийн хамтлаг тухай бүр нь тусган энэ хуудсанд оруулж байх болно. Хамтран ажиллаж буй, ажиллахаар зэхэж буй таньд баярлалаа.

Newsletter