161-р сар2018

№6 Зочин: Болдбаатарын Мөнхдэлгэр

Нэвтрүүлгийн зочин: Болдбаатарын Мөнхдэлгэр

28 настай. Сэтгүүлч мэргэжилтэй. 1991 онд 10 жилийн 51-р дунд сургууль, 1995 онд Отгонтэнгэр Их сургууль, 1998 онд Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн Сэтгүүл зүйн дээд курсыг төгссөн.
Англи, орос хэлтэй. Монголд байхдаа UNDP-ээс санхүүжүүлдэг ДОХ, БЗХЄвчний эсрэг "Амар Мэнд" үндэсний сэтгүүлийн ерөнхий редактораар ажиллаж байсан. 2000 оны 6 сард АНУ-д ирсэн. Одоо Техас мужийн Их Сургуульд (UTA-Universitv of Texas at Arlington) сэтгүүл зүйн мэргэжлээр 2 дахь жилдээ суралцаж байна.
2001 оны 8 сараас эхлэн "My Mongol" нэртэй Интернэт сонинг эрхлэн гаргаж байгаа бөгөөд одоогоор дэлхийн 42 оронд суугаа Монголчууддаа сониноороо дамжуулж мэдээ мэдээлэл хүргэж байна.

Ганбаяр
- Сайн байна уу? Би 107.5-аас ярьж байна. Ганбаяр байна. Хичээл ном сайн уу?

Мөнхдэлгэр
- Сайн. Сайн байна уу? Хичээл ном сайн.

- Танд юуны түрүүнд шинэ оны мэнд хүргэе.

- Баярлалаа. Танд ч гэсэн шинэ оны мэнд хүргэе.

- "Над руу залга" нэвтрүүлгийн энэ дугаарын зочин Мөнхдэлгэртэй бид холбогдоод байна. Нэвтрүүлгийн эхэнд бид уламжлал ёсоор "Цахим өртөө" сүлжээний гишүүдтэй холбогддог юм. Энэ удаад бидний урилгыг хүлээн авч нэвтрүүлэгт оролцож байгаад баярлалаа. Мөн танай гэр бүлийнхэн одоо радиогоо сонсож байгаа. Та Техас мужид хэзээ очсон бэ? Ямар мэргэжлээр сурч байна? Хэдэн жил болж байна?

- Би энд ирээд одоо жил хагас болж байна. АНУ-ын Техас мужийн Их сургуульд сэтгүүл зүйн мэргэжлээр сурч байна.

- Техас мужийн цаг агаар ямар байна? Эдийн засгийн хувьд ер нь ямаршуухан муж вэ?

- Энд цаг агаар нь их халуун, тийм болоод ч тэр үү Монголчууд их цөөхөн байдаг. Техас мужийн хэмжээгээр нэг 40-50 орчим Монголчууд байдаг болов уу. Эдийн засгийн хувьд их хөгжсөн, Америкийн хамгийн том мужуудын нэгд ордог.

- Барагцаагаар нэг тоо хэлэх гээд үзье л дээ, 1 кг мах, 1 талх ямар үнэтэй байдаг вэ?

- 1 талх 95 цент, 1 боодол мах (5 кг нь) 12 доллар байх зэргээр янз янз байдаг. Энд байгаа хүмүүсийн цалинтай харьцуулбал нэг их үнэтэйд орохгүй л дээ. Харин Монголчуудын хувьд нилээн үнэтэйд орох байх.

- Монголчууд маань Америкт очоод сурахын хажуугаар ажиллаж мөнгө олно гэж явдаг. Техаст ер нь хэр ажил хийж мөнгө олох боломжтой вэ? Ажил хэр олдох вэ?

- Энд ажил олох тал дээр санаа зовох зүйлгүй. Үйлдвэрүүд олон, ер нь их хөгжсөн муж учраас ажлын байр хангалттай. Оюутнууд сураад, ажил хийгээд, сайхан амьдраад явах бүрэн боломжтой. Нэг хэцүү зүйл нь их халуун. Одоо өвөл гэхэд чинь бид нар футболктойгоо л явж байна шүү дээ. Халуун учраас хүмүүс шантраад ирдэггҮй юм. Зун бол их хэцүү.

- За одоо гол яриандаа оръё. Таны эрхлэн гаргадаг "My Mongol" интернэт сонин байдаг гэж сонссон. Энэ сонинг яагаад гаргах болов оо? Гаргаад хэр хугацаа өнгөрч байна. Голчлон ямар мэдээлэл энэ сонин дээр гардаг вэ?

- "My Mongol" сонин бол ерөнхийдөө мэдээллийн сонин. Бид өдөр тутам мэдээгээ сольдог. Дэлхийн бусад улс орнуудад суугаа Монголчууддаа олон улсын болон Монголын тухай мэдээлэл хүргэж байх зорилгоор сониноо анх гаргасан юм. Єнгөрсөн оны 8 сараас хойш өнөөдрийг хүртэл дэлхийн 42 оронд суугаа уншигчдаасаа 58079 удаагийн хандалтыг бүртгээд байна.

- Сониноо та ганцаараа эрхлэн гаргадаг уу, эсвэл хамтран ажилладаг хүмүүс бий юу?

- Сониноо би ганцаараа гаргадаггүй. Надаас гадна гурав, дөрвөн хүн бий. Би өөрөө ерөнхий редакторын үүргийг гүйцэтгэдэг. Бүх мэдээгээ өөрөө хянана. Манай сонины дизайныг нь хийдэг вэбмастер бий. Мөн Монголоос мэдээ явуулдаг хоёр гурван хүн байдаг.

- Сүүлийн үед Америкчууд ямар мэдээлийг илүү их сонирхож байна вэ? Нэг хэсэг 9 сарын 11, Бин Ладены тухай мэдээлэл толгой цохиж байсан байх. Одоо ямаршуухан мэдээлэл илүү их сонирхож байна?

- Яг одоогийн байдлаар Америкийн "Enron" гэдэг эрчим хүч гаргадаг том компанийн дампуурлын талаар бүх хэвлэл мэдээллийн хэрэгслүүд шуугиж байна. Энэ компани санхүүгийн мэдээллээ худлаа гаргаж өгсөн. Гэтэл аудит хийсэн "Arthur Andersen"-ыхан худлаа гаргаж өгсөн мэдээллийг нь баталж өгсөн байна. "Arthur Andersen"-ыг Монголчууд сайн мэддэг шүү дээ. "Enron" компанийн дампуурлыг АНУ-ын Шүүх яам "гэмт хэргийн шинжтэй" гэж үзэж, Засгийн газраас нь хяналт, шалгалт явуулж байна. Энэ явдал хүн болгоны анхаарлын төвд байна.

- Монголчууд Америкийг зорихдоо маш сайхан диваажин байдаг гэж их гэгээлэгээр төсөөлж очдог л доо. Гэхдээ бас очингуут яг тийм орчин хүлээж авдаггүй юм шиг байгаа юм. Таны нүдээр анх Америк орон хэр харагдсан бэ? Америкчуудын амьдралын хэв маяг ямаршуухан байна?

- Тэр үнэн. Би анх Америкт ирэхдээ бас л их өөрөөр төсөөлж ирсэн. Тэгээд анх энд - Техаст буучихаад энэ Америкийн хөдөө нь юм болов уу гэж бодож байлаа. Ер нь их энгийн. Хотын төв - downtown руу нь очвол хэдэн өндөр байшинтай. Тэр төв рүү очиж хүмүүс амралтын өдрүүдээ өнгөрөөдөг. Бусад хэсгээрээ буюу төвөөсөө гадагшаа хойшлох тусам өндөр байшин ч байхгүй, их уйтгартай юм шиг харагддаг. Их нам жим. Ялангуяа манай энд бол хүмүүс гадуур явж байгаа нь ч харагддаггүй. БҮгд машинтай, машингүй бол амьдрах боломжгүй. Учир нь дэлгүүр хоршоо, банк, сургууль гээд бүх газрууд бие биенээсээ хол байрлалтай. Анх их гоёор төсөөлөөд ёстой л диваажин байдаг байх гэж санаад ирсэн. Тийм биш юм байна лээ. Ер нь хүн ажил хийхгүй л юм бол амьдарч чадахгүй газар. Америкчуудын амьдралын хэв маяг харьцангуй бусад улсуудаас, жишээ нь Монголчуудаас тэс өөр. Бүх юм нь бэлэн. Ажлаа хийгээд, цалингаа аваад, дундаж түвшинд амьдраад явцдаг. Ерөнхийдөө хүмүүсийнх нь амьдрал жигд дунд түвшиндээ орчихсон. Гэхдээ яг сайхан амьдаръя гэвэл боломжтой. Харин хууль бусаар ирсэн хүнд бол хэцүү. Бүх юм нь хаагдмал байдаг юм шиг байна лээ. Яг хууль ёсоороо сургуульдаа сураад, төгсөөд, ажлаа хийгээд, сайхан амьдаръя гэсэн хүмүүст боломжийн газар даа.

- Эх орноо хэр санаж байна? Очингуутаа ер нь хэрэггүй ч ирдэг байж үү дээ, буцдаг юм билүү гэж бодогдож байсан уу? Ер нь гэрээ их санаж байгаа юу?

- Гэрээ хамгийн их санаж байна. Хамгийн хэцүү юм маань тэр л байна даа.

- Одоо таныг сонсож байгаа гэрийнхэндээ та юу гэж хэлмээр байна?

- Шинэ оны мэнд хүргэе! Охин нь энд сайн байна. Бүх зүйл маань дажгүй. Санаа зовох зүйлгүй. Монголд өвөл их хүйтэн болж байгаа гэж дуулсан, дулаан хувцасаа өмсөөрэй!

- Нэг шинэ мэдээлэл хүргэхэд он гарсаар Монгол орон даяар их дулаахан болж байгаа. Тэгэхээр хүйтэн гэж санаа зовох зүйлгҮй ээ.

- Тийм үү. Тэр чинь их муу юм байгаа юм даа. Одоо цагаан сар болох гэж байхад бууз хөлдөхгүй.

- Тийм шүү. За, танд маш их баярлалаа. Манай нэвтрүүлэгт оролцож Техас мужийн талаар, мөн тэнд очвол амьдрал ямар байх талаар мэдээлэл өгсөнд баярлалаа. Мөн таны гэрийнхний өмнөөс хичээлээ сайн хийгээрэй. Биеэ бодоорой гэж хэлээд яриагаа өндөрлөе.

- За та бүхэнд баярлалаа.

Цахим Өртөө Сүлжээнд элсэх

  • Өртөөний сүлжээнд элсэх

tsahim_urtuuХэрэв та Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээнд элсэхийг хүсвэл: http://groups.google.com/group/tsahim-urtuu-suljee хаягаар зочилж маш хялбархан бүртгүүлж болно. Та Гүүгл суурьт энэхүү сүлжээнд имэйлээ бүртгүүлснээр манай сүлжээний гишүүн болно.

 

Image Temp

Энэ хуудас нь Цахим Өртөө сүлжээний нийт гишүүдийн хамтын бүтээл байх бөгөөд ажил хэргийн санал болгоныг вэбийн хамтлаг тухай бүр нь тусган энэ хуудсанд оруулж байх болно. Хамтран ажиллаж буй, ажиллахаар зэхэж буй таньд баярлалаа.

Newsletter