161-р сар2018

№15 Зочин: Ч.Отгочулуу

Зочин: Ч.Отгочулуу

Улаанбаатар хотод төрсөн. Суралцаж, төгссөн сургууль курс:
1999 онд "Монгол Бизнес" дээд сургуулийн менежментийн ангийг төгссөн. Баклавр.
Дипломын сэдэв: "Удирдлагын сэтгэлзүй"
1999 оноос Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Дрезден хотын Их Сургуульд эдийн засгийн чиглэлээр суралцаж байна.

Ганбаяр: - Байна уу

Отгочулуу: - Байна.

- Би 107.5 радиогоос ярьж байна. Сайн байна уу?

- Сайн сайн байна уу?

- Юуны өмнө танд өдрийн мэнд хүргэе. Одоо яг Германд өдөр болж байгаа байх.

- Одоо Германд 2 цаг 10 минут болж байна. Монголд хэд болж байна?

- Монголд одоо 21 цаг 10 минут болж байна.

- За тэгэхээр та бүхэнд оройн мэнд хүргэе.

- Таны сурлага хөдөлмөр давгүй юу? Хичээл ер нь хэр их байна?

- Германд хичээл нь 4 сард эхэлдэг. Хичээл эхэлчихээд жаахан тэвдүүхэн л байна. Тэгэхдээ гайгүй ээ. 7 сард нилээн хэдэн шалгалттай. Шалгалтаа өгчихөөд намраас Монголд очих санаатай. Монголд очилгүй бараг 3 жил боллоо.

- Нутгаа хэр их санаж байна?

- Ер нь их санана шүү. Єдөр нь бодоод, шөнө нь зүүдлээд л. Хааяа гудамжаар явж байгаад Монголтой адилхан гудамж таарвал Монголд оччихсон юм шиг сэтгэгдэл төрнө шүү. Монголд гадаадад сурч буй оюутнуудын чуулга уулзалт болно шүү дээ. Түүгээр л очих санаатай.

- За тэр уулзалтан дээр хоёул уулзах болно оо.

- За. Энэ уулзалтанд эдийн засгийн хэсгийг манай залуу эдийн засагч клуб хамтран зохион байгуулна. Нодлин Германд сурдаг Монгол оюутнууд нийлээд уулзсан л даа. Тэгээд цаашдаа уулзалт зохион байгуулъя гэж шийдсэн. Манай клубынхэн тэнд л хоорондоо нийлж, бүрдэж олон сайхан санал гаргаж байсан. Германд дээд сургууль төгсөж байгаа хүмүүс пүүс компани байгууллагуудтай холбоо байгуулах зорилгоор маш их уулзалт зохион байгуулдаг. Түүгээр 2 талууд уулзаад ирээдүйд хаана ажиллахаа тогтчихдог, ер нь практикт их хэрэгтэй. Ийм уулзалтыг Монголд зохиоё гэж яриад байсан юм. Тэгтэл Японд сурдаг доктарант оюутнууд "Эрдэм" хэмээх эрдэм шинжилгээний симпозиум зохион байгуулъя гэсэн. Ингээд 2 талаасаа яриад бүр гадаадад сурдаг Монгол оюутнуудын чуулга уулзалт хийе гэж бодсон юм. Одоо ингээд бэлтгэл ажилдаа ороод явж байна.

- Энэ уулзалтыг зохион байгуулахын ач холбогдол юу вэ? Энэ нь Монголд байгаа оюутан залуучуудад хэр хүртээлтэй вэ?

- Хамгийн гол нь мэдээлэл солилцоно. Зарим оюутнууд гадаад гэхээр хэтэрхий диваажин гэж боддог, зарим нь хэтэрхий хэцүү гэж боддог их өрөөсгөл ойлголттой байдаг юм шиг байгаа юм. Яг газар дээр нь сурч байгаа оюутнуудтай уулзаж болно. Түүнээс гадна гадаадад сурч байгаа оюутнууд хамгийн сүүлийн үеийн судалгааны ажил дээр ажиллаж байдаг. Монголд очоод түүнийгээ байгууллагууд төсөл хэлбэрээр ч юм уу тийм хэлбэрээр ажиллаж болно.

- Германд сурч буй оюутнууд иймэрхүү уулзалтыг хэр зэрэг зохиодог вэ?

- Германд жилд 2 удаа зохион байгуулдаг. Зарим сургууль бүр семестрийн эхэнд, эцэст гэсэн үеүүдэд зохиодог. Нэг талаас төгсөх оюутнууд, нөгөө талаас байгууллагууд оролцоно. Энд байгууллагууд ажлын байрны талаарх мэдээлэл, манай байгууллагад дипломын ийм ажил хийж болно, мөн бид зах зээлд ийм шинэ бараа гаргах гэж байна, ийм мэдлэгтэй хүн хэрэгтэй байна гэх зэргээр оюутнуудад хэлдэг. Оюутнууд ч мөн адил танай байгууллагад тийм цалинтай ажилд орох хүсэлтэй байна, би ийм ийм зүйл чадна гэж хоорондоо уулздаг. Эрдэм шинжилгээний хурал байнга болдог, гол нь оюутнууд өөрсдөө зохион байгуулаад ивээн тэтгэгчүүдээ олдог юм шиг санагдсан. Эд нар иймэрхүү зүйлээ хийгээд сурчихсан сайхан уламжлалтай улс. Ер нь оюутнууд хүнээр зохион байгуулах биш өөрсдөө зохион байгуулаад, өөртөө хэрэгтэй, улсдаа хэрэгтэй зүйл хийчихье, мэдээж ганцаараа хийж чадахгүй тул хүмүүстэй уулзаад хамтраад юм хийвэл өөрт нь их үр дүнтэй үлдэх юм шиг байна лээ. Би тэр Герман дахь уулзалтад оролцоод их олон зүйл сурсан, олон найз нөхөдтэй болсон. Жишээлбэл Даймлер Крайслер корпорацийн Дрезден дэх салбарт 2 сар дадлага хийхэд их зүйл сурч авсан. Миний сурсан зүйл Монголын байгууллагад бага ч болов гэсэн хэрэг болох болов уу. Мэдээж хэдхэн хүн Монголоо гээд хөгжүүлье гээд л хөгжихгүй л дээ, чадах ч үгүй гэхдээ олон хүн ингэж бодож байвал биелэлгүй яахав. Баруун Германыг аваад үзэхэд нээг их нэгдсэн сүртэй бодлого байхгүй хувь хүмүүс л хөгжүүлсэн байх жишээтэй. Герман улс сайн үндсэн хуультайдаа, сайн бодлоготойдоо гол нь биш зөвхөн хувь хүмүүс санаачлагатай, чөлөөтэй, өөрсдийгөө хөгжүүлэх гэсэн хүсэл нь л хөгжилд хүргэсэн.
Нэг асуудал гарлаа гэхэд өөрсдөө шийдэхийг боддог, дээшээ хараад байдаггүй тийм л хүмүүс байдаг.

- Тэгэхээр та бүхэнтэй Интернэтээр ямар вэб хаягаар холбогдож болох вэ?

- Бид нар клубынхаа вэбийг хийсэн. Цахим өртөөний www.tsahimurtuu.mn хаягаар дамжаад ороод ирж болно. Манай mail listэнд бүртгүүлснээр Монголд эдийн засгаар чиглэлээр сурч байгаа оюутнууд гадаадад сурч байгаа оюутнуудтайгаа илүү дотно харилцах боломжтой. Бид нарт Монголын талаар мэдээлэл хэрэгтэй байдаг. Тэгэхээр Монголд ямар бэрхшээл байгааг Монголд байгаа оюутнууд бид нарт хэлээд байж болох юм. Бид нар баруунд тэр бэрхшээлийг яаж шийдсэн, шийдэх гэж байна гэдгийг мэдээд эргээд холбоо барих байдлаар аль аль талдаа ашигтай байдлаар ажиллаж болно.
Бид гэдгээ тодруулж ярья л даа. Манай клуб 100 гаруй гишүүдтэй Гишүүдийн тал хувь нь энэ Европоос байгаа. 25 % нь Америкаас, үлдэх 30 аад % нь Япон, Монгол зэрэг улсаас байгаа. Нэткарт компанид манай 2 ч гишүүн байдаг. Бид Монголд байгаа оюутнууд, байгууллагуудтай илүү сайн харьцаа тогтоомоор байна. Энэ тал дээр та бүхэн бидэнд тусалбал бид их баярлах болно.

- Таны дадлага хийсэн Мерседес Бенз-ийн талаар, тэнд дадлага хийж байх үеийн сэтгэгдэл зэргийг сонирхох гэсэн юм. Монголд Мерседес Бенз ийн салбар байгуулагдсан ч гэсэн нийтэд үйл ажиллагаа нь тийм ил байдаггүй. Монголчууд ер нь Мерседес Бенз машиныг унах их дуртай тийм болохоор энэ үйлдвэрийн талаар танилцуулахгүй юу?

- Мерседес Бенз гэдэг нь бол яг Германд үүссэн компани нь. Америкийн Крайслертай нэгдэж Даймлер-Крайслер корпораци гэж ерөнхий нэртэй болсон. Герман дахь төв нь Баруун Германы Штуттгарт хотод байдаг. Дрезденд саяхан 1995 оноос худалдааны салбараа нээсэн. Саяхан нээсэн гэхэд Германдаа 2-т орохоор их том худалдааны төв болсон. Тэнд ажиллаж байх хугацаандаа :-Би Монгол оюутан, Монголд Мерседес Бензийг их унадаг гэж хэлсэн л дээ. Гэтэл тэд ихэнхи борлуулалтаа Германд хийж тэндээсээ ашиг олдог учир нэг их тоохгүй байна билээ. Хуучирсан машинаа Орос руу зардаг гэсэн. Би: манай Монголчууд Мерседес Бенз худалдаж аваад эндээс унаад Оросоор дайрч 8000 км замыг туулж хүрдэг гэсэн чинь тэд итгэж өгөхгүй байна билээ. Энд ирсэн Монголчуудаас манайд салбараа нээсэн гэж дуулсан л даа, гэхдээ тэд жаахан ам муутай байна уу даа гэмээр байна билээ. Ажилчид нь хойрго удаан ч гэл үү ярьж байна лээ. Би өөрөө очиж үзээгүй болохоор мэдэхгүй юм. Яг Мерседес Бензийн менежментэд орж чадаагүй л юм болов уу..
Гэхдээ Мерседес Бензийн нэг захирал ярьж байсан, Монголын эдийн засаг хүнд байх үед ч гэсэн бид лимузин маркын машинаа арван хэдийг зарсан энэ бол амжилт гэж хэлж байсан. Би бас энд ажиллаж байхдаа нэг вэб (http://www.mongolbenz.de.vu/)хийсэн юм. Энд зарагдаж байгаа хуучин машиныг хүмүүс сонирхож магадгүй гэж бодсон. Гэтэл хүмүүс нэг их сонирхохгүй байна лээ. Учир нь эндэхийн хуучин машин нь ч гэсэн их үнэтэй л дээ. Тиймээс манайхан ирэхээрээ зах дээрээс Туркуудээс ч юмуу өөр хүмүүсээс их хуучин машин авдаг юм шиг байна лээ. Яг баталгаатай газраас машин авахад үнэтэй.

Цахим Өртөө Сүлжээнд элсэх

  • Өртөөний сүлжээнд элсэх

tsahim_urtuuХэрэв та Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээнд элсэхийг хүсвэл: http://groups.google.com/group/tsahim-urtuu-suljee хаягаар зочилж маш хялбархан бүртгүүлж болно. Та Гүүгл суурьт энэхүү сүлжээнд имэйлээ бүртгүүлснээр манай сүлжээний гишүүн болно.

 

Image Temp

Энэ хуудас нь Цахим Өртөө сүлжээний нийт гишүүдийн хамтын бүтээл байх бөгөөд ажил хэргийн санал болгоныг вэбийн хамтлаг тухай бүр нь тусган энэ хуудсанд оруулж байх болно. Хамтран ажиллаж буй, ажиллахаар зэхэж буй таньд баярлалаа.

Newsletter