161-р сар2018

Бүлэг: Зочны булан

№3 Зочин: Нацагдоржийн Энхжаргал

Нэвтрүүлгийн зочин: Нацагдоржийн Энхжаргал
Герман улсын Heidelberg хотод амьдардаг.
1990-23-р дунд сургууль төгссөн.
1990-1995-МУИС-ийн Олон Улсын Харилцааны Дээд Сургууль төгссөн.
1996-1999-Хэйдэлбэрг-ийн Их Сургуулийн Эдийн Засгийн ангийг суралцаж төгссөн. 2000 оноос Хэйдэлбэргийн Их Сургуульд Хөгжлийн Эдийн Засгийн чиглэлээр докторантурт сурч буй. Чөлөөт цагаараа www.gant-friends.com вэб сайтыг ажиллуулдаг. Энэ сайт нь Герман болон европын бусад улсуудад суралцаж буй монгол оюутнуудад мэдээлэл өгөх, тэдний бичсэн өгүүлэл, нийтлэлийг гаргах, зөвлөгөө өгөх зорилготой юм.

Ганбаяр
- Та өөрийнхөө ажиллуулдаг www.gant-friends.com вэб сайтаа монголчууддаа танилцуулахгүй юу?

Энхжаргал
- Бид нар 2001 оны 05 сард уулзалт хийсэн юм. Тэр уулзалтаар гадаадад сурч буй монгол оюутнууд цуглараад ер иймэрхүү уулзалт зохион байгуулж байх нь чухал байдаг юм байна. Хоорондоо холбоотой байдаг юм байх хүсэлтэй байдаг нь ерөнхийдөө тодорхой болсон. www.gant-friends.com вэб хуудсаа бол уулзалтаас өмнө ажиллуулж эхэлсэн л дээ. Анх ийм сайт ажиллуулах санааг Гантүшиг гэж залуу гаргасан, одоо манай сайтын ажиллагааг удирдан явуулдаг юм. Уулзалтын бэлтгэл ажил хийгдэж байх үеэр энэ тухай мэдээлэл, уулзалтанд оролцох нөхцөл, оролцох хүмүүсийн нэрс зэргийг сайт дээрээ байрлуулж байлаа. Уулзалтын дараагаас эхлээд хүмүүсийн манай сайт руу зочлох тоо нь нэмэгдсэн тул их урамшсан, тэгээд одоо ч сайтаа ажиллуулж байна. Гол нь энд сурч байгаа оюутнуудыг хооронд нь холбоотой байлгах, мэдээлэл солилцох зорилготой. Оюутнууд өөрсдөө сайтаа их сурталчилдаг. Урьд нь зүүн Германд зөндөө монгол оюутнууд сурч байсан. Хоёр Герман нийлснээс хойш ерөнхийдөө хоорондоо холбоогүй болчихсон байлаа. Одооноос эргээд хоорондоо холбоотой байхыг чухалчилж байгаа юм.

- Социализмын нийгмийн үеэс монголчууд германд маш ихээр суралцдаг байсан. Одоо ч Германд сурах монгол оюутнуудын тоо буурахгүй байгаа. Мөн монгол хүмүүс хараар амьдрах, хараар ажиллах гээд л энэ тоо ерөөсөө буурдаггүй. Тэгэхээр одоо Германд багцаагаар хэдэн монголчууд ажиллаж амьдарч, сурч байна вэ? Яг одоо Герман улсыг зорих гээд визээ хөөцөлдөж байгаа тэр залууст, тэр хүмүүст юуг анхааруулах вэ, юуг хэлэх вэ? Герман оронд онгоцноос буухад монголчуудыг хамгийн түрүүн ямар орчин хүлээж байгаа вэ?

- Ер нь бол Германд оюутнууд ирж суралцах сонирхол их байдаг. Энэ нь олон шалтгаантай. Яагаад вэ гэвэл дээд сургууль нь төлбөргүй. Тэгэхлээр Англи, Америк явахаасаа илүү Германд залуучуудыг ирж сураач ээ гэж би захимаар байна. Англи, Америкт бол сургууль нь үнэтэй, амьдрал нь үнэтэй, хар ажил хийгээд л бараг таардаг юм шиг байгаа юм. Манайд бол зөндөө стипендгүй оюутнууд байдаг. Хараад байхад ажлаа ч хийдэг, хичээлээ ч хийгээд болоод байдаг. Гол нь наашаа ирэхдээ юу анхаарах хэрэгтэй вэ гэхлээр, юуны түрүүнд ямарч л байсан хэлтэй байж ирнэ. Хэлгүй энд ирээд хэлний курст өчнөөн их мөнгө төлөөд сурна гэдэг бол маш хэцүү. Тэгэхлээр бүтэн жил Монголд Герман хэл сурч байж наашаа гарах хэрэгтэй. Хоёрт, дээд сургуульд орохдоо өөрийнхөө сонирхдог чиглэлээр сурсан нь дээр. Их сургууль үнэхээр хэцүү, Германы сургуулиуд шаардлага маш өндөртэй байдаг. Бүх юм нь герман хэл дээр, тэгэхээр яг сонирхсон, чаддаг чиглэлээрээ л сурах хэрэгтэй. Гуравт, монголд ямар нэгэн байдлаар зуучлаад, мөнгө аваад дээд сургуульд явуулдаг тийм байгууллагаар үйлчлүүлээд хэрэггүй. Манай вэб хуудсанд Герман улсын дээд сургуульд яаж орох вэ гэсэн сэдвээр 7 хоног бүр шинэ мэдээлэл гаргадаг. Тэр хуудаснаас бүх мэдээллээ хараад, өөрсдөө хөөцөлдөөд, Германд сургуульд ирэхэд бүх материалаа л бүрдүүлсэн байвал сургуульд орох бүрэн боломжтой. Ирсэн хойноо ажил хийгээд амьдрах боломжтой. Тийм ч учраас одоогоор албан ёсны биш тоогоор бараг 1000-аад оюутан дээд сургуульд байдаг. Нийтдээ одоо ажилладаг, сурдаг нийлээд 3000-4000 мянган монгол байдаг гэж тооцож байгаа. Ер нь жил ирэх тусам баруун Германы хотуудад монголчууд маш их болж байгаа. Энэ ч бас давуу талтай.

- Германчуудтай бид ямар салбарт хамтран ажиллавал их үр өгөөжтэй байх болоо. Ер нь Германчуудаас авах зан чанар нь таны бодлоор юу вэ?

- Авах чанар нь маш олон. Би дээр ярилцлага өгч байхдаа ярьж байсан. Манай уулзалт зохион байгуулж байсан оюутнууд өөрсдөө бас яг Герман хүний зан чанар гаргасан учир бидний уулзалт маш сайн зохион байгуулалттай болж өнгөрсөн. Германчууд бол ажилдаа маш яс байдаг. Нэг даалгавар авсан бол тэрийгээ заавал дуустал нь хийдэг. Чимээгүй алга болох, мартчихсан ч юмуу гэх юм байдаггүй. 2-т цаг барьдаг, 3-т хэрвээ хэн нэгэнд тусална гэсэн бол заавал хэлсэндээ хүрнэ. Бүр араас нь хөөцөлдөж байгаад амласан юмаа биелүүлдэг. Тийм сайхан зан чанар байдаг. Ямар нэгэн ажлаа хэзээ ч дутуу орхихгүй. Улам л ажлаа цаашдаа сайжруулж байхыг хүсч байдаг. Хамтарч ажиллах салбарын хувьд бол манайд зөндөө германы байгууллага орж ирсэн байгаа. Би өөрөө хоёр орны хооронд харилцааг нилээн гадарладаг учраас бодоод байхад яг том хэмжээний хөрөнгө оруулалт Германаас орж ирэхгүй байгаа. Энэ тал дээр бид нар анхаарах хэрэгтэй юм шиг санагдаг юм. Харин Англи, Америкаас том хөрөнгө оруулалт зөндөө орж ирдэг юм шиг байгаа юм. Гэтэл Германаас жижиг дунд үйлдвэрлэл зонхилоод байдаг. Yнэхээр их хэмжээний хөрөнгө оруулалт Германаас орж ирээгүй байгаа. Тэр тал дээр бид, ялангуяа энд сурч байгаа хүмүүс сайн анхаарах, ирээдүйн хөрөнгө оруулагчдыг олох, тэдэнтэй холбоотой байх нь чухал юмуу гэж би боддог.

- Та бид хоёрыг утсаар ярьж байхад үүнээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүссэн хүмүүс зөндөө байгаа. Таны ажиллуулдаг вэб хуудасны хаягийг манай радио сонсогч нарт дахин танилцуулахгүй юу?

- Би Монголын радиогоор ярилцлага өгч, өөрсдийнхөө вэб хуудсыг танилцуулж, ер нь германд байгаа оюутнуудынхаа өмнөөс ярьж байгаадаа их баяртай байна. Манай хуудас руу ороод та өөртөө хэрэгтэй мэдээллээ олж чадна гэдэгт найдаж байна. Манай сайтын үйлчилгээний тухай, Германд хэрхэн сургуульд орж болох тухай, ер нь Германд оюутнууд ямаршуухан байдаг гэхчлэн олон мэдээллийг манай вэб өгч чадна. Хаяг нь www.gant-friends.com. Манай вэбийн бас нэг үйлчилгээ байдаг. Энэ бол асуулт-харилут явуулах. Манай contact хаягаар бид нар Германд суралцахтай холбоотой, ер нь өөрсдийнхөө сонирхсон бүх асуултыг явуулбал бид нар өөрсдөө хариу өгдөг юм. Мөн хариултаа бид нар хуудсан дээрээ гаргадаг.

- За, танд маш их баярлалаа. Манай нэвтрүүлэгт оролцож, сонирхолтой сайхан ярилцлага өгсөнд баярлалаа. Ингээд яриагаа өндөрлөе.

- За та бүхэнд баярлалаа.

  • Бичсэн tamga
  • Үзсэн: 2406

Бүлэг: Зочны булан

№9 Зочин: Доржсvрэнгийн Баярсайхан

Нэвтрүүлгийн зочин: Доржсvрэнгийн Баярсайхан
Улаанбаатар хотод төрсөн. Эхнэр 2 хүүхдийнн хамт амьдардаг. Хуучин ЗХУ-д Холбооны инженер-эдийн засагч мэргэжил эзэмшсэн. 1990 оноос эрүүл мэндийн салбарт ажиллаж байна.
Хийсэн ажлууд: Ємнөд Солонгосын Samsung Корпорацитай хамтарсан нэг удаагийн зүү тариурын үйлдвэрийг байгуулсан. Монгол улсад Эрүүл мэндийн даатгалыг нэвтрүүлсэн. 1998 онд АНУ-н Бостоны Их Сургуульд суралцаж Нийгмийн Эрүүл Мэндийн Ухааны Мастер цол (Master of Public Health, MPH) хамгаалсан. 1999 оноос Philippine улсын нийслэл Manila хотод НYБ-н төрөлжсөн байгууллага болох Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын Номхон Далайн Баруун Эргийн Бүсэд (World Health Organization, Wetsern Pacific Regional Office) Эрүүл мэндийн эдийн засаг, санхүүжилтийн асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байна.


Ганбаяр:
-Сонсогч та бүхнийхээ энэ оройн амар амгаланг айлтгая. Бямба гариг бүрийн 21 цагаас Датаком компанийн Netphone картын тусламжтайгаар явагддаг «Над руу залга» нэвтрүүлэг маань энэ удаагийн дугаар буюу морин жилийн анхны дугаар маань ийнхүү эхэлж байна. Єнөөдрийг хүртэлх хугацаанд бид маш олон хүмүүстэй утсаар холбогдож дэлхийн өнцөг булан бүрт энэхүү Netphone картын тусламжтайгаар та бүхэнтэйгээ утсаар уулзуулж байсан билээ. Заншил ёсоор нэвтрүүлгийнхээ эхэнд бид Цахим өртөө сүлжээний гишүүдтэй утсаар холбогдож яриа өрнүүлдэг. Єнөөдрийн энэ нэвтрүүлэгтээ бид Доржсүрэнгийн Баярсайхан гэдэг хүнийг зочноор уриад байгаа. Тэгэхээр бид одоо удахгүй та бүхэнтэйгээ энэ хүнийг утсаар уулзуулах болно. Энэ нилээн сонирхолтой яриа болох болов уу. Яагаад гэхээр монголд нэг удаагийн зүү тариур гэдэг байгаагүй. Ардчилсан хувьсгалаас өмнө дандаа шилэн шиприц, зүүгээр олон удаа буцалгаж ариутгаж хэрэглэдэг байсныг бид мэднэ. Харин одоо бидний ярих гэж байгаа Баярсайхан маань Ємнөд Солонгосын Самсунг Корпорацитай хамтран нэг удаагийн зүү тариурыn үйлдвэрийг монголд байгуулж байсан юм байна. Түүнээс гадна бид эрүүл мэндийн даатгалыг сайн мэднэ. Эрүүл мэндийн даатгалд даатгуулаагүй бол өвдсөн бид нилээн хэцүү байдалд ордог шүү дээ. Энэхүү даатгалыг ч анх санаачлан Монголд нэвтрүүлсэн ийм хүн юм байна. Та бүхнийг одоо хөгжимдөө ойртон суухыг урьж байна...
Сайн байна уу? Би 107.5 радиогоос Ганбаяр ярьж байна.

Баярсайхан:
-Сайн байн уу? Би Баярсайхан байна.

-Та бид хоёрын яриа яг одоо Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын иргэд сонсож байгаа. Тэгэхээр та тэдэнтэй мэндчилэхгүй юу?

-За, юуны өмнө "Над руу залга" нэвтрүүлэгт орох завшаан тохиолдсонд баяртай байна. Ингээд 107.5 радиогийн сонсогчиддоо бүгдэд нь энэ оройн мэндийг хүргэе.

-Би нэвтрүүлгийн эхэнд таны тухай, эрхэлж байсан ажил бүтээлийн талаар сонсогчиддоо танилцуулсан. Асуултаа таны эрхэлдэг ажлын талаар яриагаа эхлэе. Та яг ямар ажил Манила-д эрхэлж байна?

-Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын Номхон далайн баруун эргийн бүсэд хамаардаг 36 орны эрүүл мэндийн салбарын эдийн засаг, санхүүжилтын асуудал хариуцан ажиллаж байна. Товчоор хэлбэл дээрх асуудлаар гишүүн орнуудын явуулж байгаа бодлогыг улам сайжруулах, бэрхшээлтэй асуудлыг шийдэхэд дэмжлэг, туслалцаа үзүүлэх ажлыг хариуцан зохион байгуулдаг. Мөн манай байгууллагаас эрүүл мэндийн санхүүжилтийн асуудлаар баримтлах бодлого, чиглэлийг тодорхойлох, хэрэгжүүлэхэд оролцдог.

-Манай улсын эрүүл мэндийн салбар дэлхийн бусад гишүүн байгууллагуудтай харьцуулахад ямар түвшинд байна вэ?

-ДЭМБ гишүүн орнуудынхаа эрүүл мэндийн гол үзүүлэлтийг жил бүр нэгтгэн гаргадаг. Энэ мэдээллээс манай улсын хүн амын эрүүл мэндийн байдал дэлхийн дундаж төвшинд байгааг харж болно. Гэхдээ хүн амын эрүүл мэндийн үзүүлэлтээр улс орнуудыг байр эзлүүлдэггүй. Харин эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааны үзүүлэлтийг үнэлж байр эзлүүлэх тийм шинэлэг оролдлого хийгдсэн. Yvнд зөвхөн эрүүл мэндийн үзүүлэлт биш мөн хүн амд үзүүлж байгаа тусламж, тэдгээрийг хүн ам нь яаж хүлээж авч байгаа, хүмүүсийн эрэлт хэрэгцээнд хэр нийцэж байгаа, түүнчлэн эрүүл мэндийн салбарын санхүүжилт хэр байна гэдэг цогц үзүүлэлтээр нэгтгэн үзэхэд Монгол 191 орноос 147-р байранд байгаа. Тэгэхээр энэ үзүүлэлт гарсны дараа шүүмжлэл ярилцлага их өрнөсөн л дөө. Нэгдүгээрт Франц, хоёрт Итали орсон, харин сүүлд нь Sierra Leone улс орooд байгаа. Эндээс харахад эрүүл мэндийн салбарынхаа үйл ажиллагаагаар Монгол улс дэлхийд бол дунджаас доoгуур төвшинд, харин бүс дотроо аваад үзэхэд дундаж төвшинд орж байгаа. Энэ бол анх удаагаа гаргасан шинэлэг үзүүлэлт бөгөөд хамгийн гол нь эрүүл мэндийн асуудал эрхэлсэн байгууллага үүнд үнэлэлт, дүгнэлт хийж яагаад бид ийм төвшинд байна, бид юун дээрээ алдаж онож байна гэдэг асуудлийг хөндөж, өргөн ярилцлага өрнүүлэхэд гол зорилго оршиж байгаа.

-Монголд анагаах ухааны их сургууль энэ эмч бэлтгэх боловсрол 6 жилийн сургалттай явагдаж байгаа. Манай эмч нарыг хэр төвшинд бэлтгэж гаргаж байгаа бол? Сургалтын системийн талаар ямар бодолтой явдаг вэ?

-Улс орон бүр эмч нараа бэлддэг өөр өөрийн сургалтын программтай. Хугацааны хувьд янз бүр л байдаг, 5, 6 жил гээд л хамгийн урт сургадаг газар бол 12 жил байдаг. Бодоход эмчийн мэргэжил их онцлогтой, бас их хариуцлагатай. Энэ утгаараа онол, дадлагыг бүрэн төгс эзэмшихэд хугацаа хэрэгтэй. Мөн хүнийг эмчлэх эрх авсан эмчид сургуульд сурсан мэдсэнээ практикт ашиглах боломж ямар байна, мөн энэ чиглэлээрээ цаашид илүү суралцах, дадлагажих, мэргэжих ямар сонирхол, бололцоо байна гэдэг эрүүл мэндийн сургалтын систем төдийгүй, салбарын зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбоотой цогц асуудал гэж боддог. Ингээд үзвэл oдоогийн манай сургалт, эрүүл мэндийн тогтолцоо төгс боловсронгуй хэлбэр бас хараахан биш болов уу гэж бодож байна. Иймд cургалтын системийг цааш нь улам сайжруулах, ялангуяа эмч болж гараад амьдрал дээр сурсан мэдсэнээ хэрэгжүүлэх, дадлагажуулах бололцоог илүү хангах хэрэгтэй юм болов уу гэсэн бодол байдаг.

-Єнөөдөр өвдөж зовсон хүмүүст даатгал гэдэг зүйл зарим тохиолдолд хүндрэлтэй асуудал болсон. Та монголд даатгалын систем нэвтрүүлсэн хүмүүсийн нэг. Энэ эрүүл мэндийн даатгалыг нэвтрүүлсэн тухайгаа бидэнд ярьж өгөхгүй юу, ер нь яагаад эрүүл мэндийн салбарыг даатгалд хамруулах шаардлагатай болсон юм бэ? Тухайн үед таны ойр тойрныхон ямаршуухан байдлаар хүлээж авсан бэ?

-Эрүүл мэндийн даатгал гэдэг цоо шинэ тогтолцоо манайд 1993 оноос үүсэн бий болсон. Тухайн үед зах зээлийн давалгаа ид өрнөж байсан үе л дээ. Тэр эрчээрээ бол эмнэлгийн үйлчилгээ бүгд төлбөртэй болж мөнгөтэй хүн л эмнэлгийн тусламж авдаг, мөнгөгүй бол түүний гадна үлддэг тийм байдалд амархан хүрэх үүд нээлттэй байсан. Ийм байдал руу ороход хүн амд энэ маань яаж тусах вэ? Эмнэлэгийн үйлчилгээ төлбөртэй болоод ирэхээр хїмїїс эмнэлэгийн тусламж, үйлчилгээг хэр авч чадах вэ? Засгийн Газраас санхүүжиж байсан энэ систем маань цаашид хэвээрэ явж чадах уу гэх мэт олон асуудлыг бодох, боловсруулах шаардлага гарсан. Мэдээж тухайн үед хүндрэлтэй зүйлүүд маш их байсан. Жишээ нь Засгийн Газрийн санхүүжилт хүндрээд ирсэн, эм тариа ч ховордсон, эмэнэлэгт хүн хандахаа бараг больсон, ийм л үе нэг хэсэг гарсан юм. Yvнд оновчтой ямар хариу арга хэмжээ авах вэ, ямар туршлага байна гэдгийг судалсаны үндсэн дээр нийгмийн эрүүл мэндийн даатгалыг нэвтрүүлэх нь зүйтэй юм гэсэн дүгнэлтэнд хүрч түүнийг Монголд нэвтрүүлсэн түүхтэй. Ингэснээрээ нэгдүгээрт нийт хүн амаа зах зээлийн нөлөөллөөс хамгаалж чадсан, хоёрдугаарт эрүүл мэндийн салбарийн санхүүжилтэд улсийн төсвөөс гадна эрүүл мэндийн даатгал гэсэн нэг шинэ эх үүсвэртэй болсон ийм л хоёр талын ач холбогдолтой юм дaa.

-Таныг би эрүүл мэндийн дэд сайдаар ажиллаж байсан гэж сонссон юмаа. Таны бодлоор дэд сайд байсан хүний хувьд ярихад монголын эрүүл мэндийн салбарыг дахиад нэг дараагийн шатанд дэвшүүлэхэд юу хийх хэрэгтэй вэ, хамгийн түрүүнд хөгжилд ямар зүйл хэрэгтэй байгааг хувь хүний хувьд та юу гэж бодож явна вэ?

-Эрүүл мэндийн салбар эдийн засгийн хувьд найдвартай, тогтвортой үйл ажиллагаа явуулах эх үүсвэрээ улам бэхжүүлэх, хүун амын эрүүл мэндэд одоо болон ирээдүйд хамгийн ихээр заналхийлэх өвчлөл, түүний шалтгааныг бууруулах, арилгах талаар эрчимтэй ажиллаж энэ хүрээнд чухам ямар үйлчилгээнд хөрөнгө илүү зарах вэ гэдэг хөгжлийн дараагийн шатны гол асуудал гэж бодож байна. Энэ дагуу эрүүл мэндийнхээ тогтолцоог эргэж харах, өвчлөөд ирж байгаа өвчтөн төдийгїй эрүүл байгаа хүнээ анхаарч тэднийг өвчлүүлэхгүй байх бодлого, үйл ажиллагааг илүү тод болгох шаардлага мэдээж гарна. Мөн хувь хүмүүсийн үүрэг, оролцоо маш их үүрэгтэй байх болно. Жишээ нь хүмүүс хоол хүнсээ зөв тохируулж биеийн жингээ хэт нэмэхгүй байхыг хичээх, тамхичин хүн бол өөрийгоо болон ойр дотны хүмүүсээ байнга хордуулж, эрүүл мэндийг нь сүйтгэж явдаг юм байна шүү гэдгээ ойлгох, цаашилбал архи дарс ихээр ууж хэрэглэхээс татгалзах тийм хүсэл эрмэлзлэлтэй болно гэдэг хүн өөрийнхоо төдийгүй ойр дотны хүмүүсийнхээ эрүүл мэндэд анхаарч хамгаалж байгаагийн тод жишээ болно. Бодит амьдрал дээр эдгээр 3 асуудалд хүн анхаарч чадвал хүн амын дунд маш их тохиолдож байгаа зүрхний өвчин, бидний эмчилгээгүй гэж ярьдаг хорт хавдраар өвчлөх эрсдэлийг 80% найдвартай бууруулж болохыг өнөөдөр нэгэнт тогтоочихсон байна. Иймд монголчууддаа, ялангуяа залуучууддаа хандаад бусдын алдааг битгий давтаарай гэж хүсмээр байна. Эрүүл мэндийг юутай ч зүйрлэхийн аргагүй гэдгийг манай их зохиолч Нацагдорж шүлэглэсэн байдаг даа.

-Танд маш их баярлалаа, та бид хоёрын ярилцах хугацаа үүгээр өндөрлөх гэж байна. Би Манилад арай очиж амжихгүй байх, Монголдоо дахин эргэн уулзаж энэ яриагаа үргэлжлүүлэе. Магадгүй та бид хоёрын ярьсан урьдчилан сэргийлэх, эрүүл хүмүүстэйгээ ажиллах энэ чиглэлд хамтран хамтран ажиллаж ч магадгүй юм. Ингээд Монголд уулзах ерөөл тавья.

-За их баярлалаа, ашдын билгээс амны билэг гэж уг байдаг, дараа дахин уулзаж, хамтран ажиллах боломж гарна байхаа гэж бодож байна.

-Яг одоо танай ах Гэрэлням, эгч Єлзийбаяр, Цэрмаа нар чинь сонсож байгаа. Ах дүү нар хамаатан садандаа юу гэж хэлэх вэ? Таны захиалсан сайхан дуу байгаа. Таны сэтгэлийн үгээр тань нэвтрүүлгээ өндөрлөе.

-Радио долгионоор эгч, ах нартайгаа уулзах завшаан тохиолдсонд үнэхээр их баярлаж байна. Бид бїгд сайн байгаа. Мөн Philippine улсад сурч, амьдарч байгаа 10 гаруй монголчууд байдаг юм. Тэднийхээ гэр бүл, ах дүү, найз нарт нь энэ оройн мэндийг хүргээд тэд нар маань бүгд ажил, сургуульдаа яваад сайн байгаа гэдгийг хэлэе. Эцэст нь монголын бүх эмэгтэйчүүд, бүсгүйчүүддээ удахгүй болох Мартын 8-ны баярын мэнд хүргээд дуучин Төмөрбаатарын дуулсан "Бүсгүй минь инээмсэглэж яваарай" гэдэг дууг хүргэхийг хүсэж байна. Монгол бүсгүйчүүд, эмэгтэйчүүд маань дандаа аз жаргалтай, эрүүл энх имээмсэглэж явахын ерөөлийг дэвшүүлэе.

-Танд маш их баярлалаа. Таны ажилд амжилт хүсэе.

-Их баярлалаа. Ганбаяртаа болон энэ нэвтрүүлгийг зохион байгуулсан бүх хүмүүст гүнээ талархаж байна. Баяртай.

  • Бичсэн tamga
  • Үзсэн: 1885

Цахим Өртөө Сүлжээнд элсэх

  • Өртөөний сүлжээнд элсэх

tsahim_urtuuХэрэв та Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээнд элсэхийг хүсвэл: http://groups.google.com/group/tsahim-urtuu-suljee хаягаар зочилж маш хялбархан бүртгүүлж болно. Та Гүүгл суурьт энэхүү сүлжээнд имэйлээ бүртгүүлснээр манай сүлжээний гишүүн болно.

 

Image Temp

Энэ хуудас нь Цахим Өртөө сүлжээний нийт гишүүдийн хамтын бүтээл байх бөгөөд ажил хэргийн санал болгоныг вэбийн хамтлаг тухай бүр нь тусган энэ хуудсанд оруулж байх болно. Хамтран ажиллаж буй, ажиллахаар зэхэж буй таньд баярлалаа.

Newsletter