171-р сар2017

Бүлэг: Зөвлөмж

xdxb

ДОХ өвчний талаар таны мэдэж байвал зохих зүйлс

ХДХВ-ийн халдвар биед хэрхэн нөлөөлдөг вэ?

Та ХДХВ-ийн халдвар авсан боловч, биед орсон гадны нянг таны биеийн дархлалын тогтолцоо хянаж, удирдан зохицуулах чадвар хангалттай байгаа тохиолдолд та өвдөхгүй. Энэ үеийг шинж тэмдэггүй үе гэж нэрлэдэг. Нэгэнт таны биеийн дархлаа муудаж биед орсон гадны биеийг хянан зохицуулж чадахгүй хямралтын түвшинд хүрэхэд Та өвдөж эхлэх бөгөөд энэ үеийг шинж тэмдэг илрэх үе гэж нэрлэдэг.

Биеийн дархлал хомсдсоны улмаас дагалдах халдварууд /зураг 6/ үүснэ. Дагалдах халдварууд нь ихэвчлэн эмчлэгддэг ба ихэнхээс нь урьдчилан сэргийлж болно.

  • Бичсэн tamga
  • Үзсэн: 5202

Бүлэг: Зөвлөмж

Бэлгийн замаар дамжих (бусад) халдварууд

Бэлгийн замаар дамжих халдвар (БЗДХ) гэж юу вэ?

Хүнээс хүнд, ямар нэг замаар дамжин халдварладаг өвчнүүдийг ерөнхийд нь “Халдварт өвчин” гэж нэрлэдэг. Зарим халдварт өвчний үүсгэгч хамгаалалтгүй буюу бэлгэвчгүйгээр бэлгийн хавьталд орох үед эрэгтэй хүний үрийн шингэн, эмэгтэй хүний үтрээний шүүрлээр дамжин халдварлана. Ийм замаар тархдаг өвчнүүдийг Бэлгийн Замаар Дамжих Халдварууд /БЗДХ/ гэж нэрлэдэг.

БЗДХ-т хэн ч өртөж болох учир хүн бүр, өөрийн бэлгийн амьдралдаа хариуцлагатай хандаж , эрүүл мэнддээ эрсдэлгүй шийдвэр гаргаж сурах нь өөрийгөө болон хайртай хүнээ өвчин эмгэг, сэтгэл санааны хямрал, ирээдүйн амьдралд гарч болох таагүй үр дагаваруудаас хамгаалах боломж олгоно.

  • Бичсэн tamga
  • Үзсэн: 5562

Бүлэг: Зөвлөмж

Зүүд үүсэх онолын үндэс

1-р хэсэг Оршил
Нойр-амьд эсийн амин чухал хэрэгцээ. Нойргүйгээр амьд биет удаан орших нөхцөлгүй юм. Амьд биед хоол тэжээл зайлшгүй хэрэгтэйн адил нойр ч хэрэгцээт зүйлийн нэг. Харин нойр гэж чухам юу болохыг тэр бүрий хүн мэддэггүй билээ. Олон эрдэмтэд нойрны тухай янз бүрийн үзэл бодол баримталж судалгаа шинжилгээ явуулж ирсэн бөгөөд ихэнх эрдэмтэд, нойр бол төв мэдрэлийн тогтолцоог ядралаас хамгаалах үйл явц гэдэг үзэлд санал нэгтэй байдаг.
Их эрдэмтэн И.П.Павлов-Нойр нь тархины гадар түүний доод төвийн эсүүдийн үйл ажиллагааны саатал мөн гэж тодорхойлжээ. Мөн дотоод саатал үүсгэгч цочруулаар үйлчилснээс болзолт хэвшил (рефлекс) үүсэх явцад зүй ёсоор нойрсолт болдгийг анхаарч нарийвчлан судалсан байхад, П.К.Анохин-Нойр бол тархины гадар ба гадрын доод чухал бүтэц, (тухайлбал харааны доод төвгөр, торлог байгууламж)-ийн хоорондын харилцаанд гарсан тодорхой тойрог өөрчлөлтийн үр дүн юм гэж үзжээ. Г.Морруци, Х.Мегун нар-Нойрсох ба сэрүүн байх явдал нь торлог байгууламжийн сэрэл саатлийн үйл явцтай холбоотойг туршагаар баталжээ. Н.И.Грашенков, В.Гесс нар- нойрны төв нь харааны доод төвгөрийн орчимд буюу тархины 3-р ховдолын ёроолд байдаг гэж таамаглажээ. Мөн сүүлийн үеийн сурах бичигт (физиология человека-Ткаченко 1995)-Унтах үед захын мэдрэлийн мэдрэхүй алдагдсанаас болж тархины харааны төвгөр (таламус)-ын орчимд өгсөх мэдрэхүйд саатал үүсэж тархины төв хэсгийн сэрэл багасаж үүнээс шалтгаалан тархины гадраас торлог байгууламжид үзүүлэх нөлөө буурч цаашилбал төвөөс зугатах замуудын үйл ажиллагаа багасаж, зарим хэсгүүдийн саатал болдог гэж бичигдсэн байна. Эдгээр үзэл баримтлал онолуудаас үзвэл нойр гэдэг нь мэдрэлийн эсийн саатал мөн гэдэгт санал нэгтэй байна.

2-р хэсэг-Судалгааны зорилго
-Мэдрэлийн эс яагаад саатдаг
-Тархи мэдрэлийн аль хэсэгт саатал үүссэнээс нойр үүсдэг болох
-Саатах үйл явц ямар дараалалтайгаар ямар үе шаттайгаар явагддаг
-Хүн яагаад зүүдэлдэг, зүүдлэх үед мэдрэлийн тэр хэсэгт яагаад сааталүүсдэггүй болох
-Хүн яагаад янз янзаар зүүдэлдэгболох зэрэг асуудлуудад хариулт өгөхийн тулд дээрхи үзэл баримтлал онолуудыг гүнзгийрүүлэн судлах шаардлагатай байна.

3-р хэсэг
Судалгааг явуулахын тулд тархи мэдрэлийн тогтолцоог хэд хэдэн хэсэгт хуваан авч үзье.
Хүний тархи мэдрэлийн тогтолцоо нь тархины гадар, гадарын доод төв, хөдөлгөөн мэдрэхүйн олон замуудаас бүрддэг. Тархины гадар нь: Аливаа цочролыг хүлээн авч задлан шинжилж, ялган салгаад хариу үйлдэл хийх чиглэлийг өгдөг. Хүн аливаа зүйлийг мэдэж, мэдэрч байна гэдэг нь тархины гадар задлан шинжилсэний үр дүн юм.
-Тархины гадрын доод төв нь болсон аливаа үйлдэл, үйл явцыг хадгалах (тархины гадрын оролцоотойгоор хадгалсанаа санах үйл) мөн хэв шинжит (рефлекст) үйлдлүүдийг тархины гадрын оролцоогүйгээр гүйцэтгэхэд оролцох ба тархины гадрын оролцоотойгоор ухамсарт үйлдэлд оролцоно.
-Мэдрэхүйн замууд нь: гаднаас ирсэн цочролыг гадрын доод төвөөр дамжуулан тархины гадарт хүргэнэ.
-Гадраас задлан шинжлэгдсэн цочролын хариуд хөдөлгөөний замаар дамжуулан ухамсарт үйлдэл хийнэ. Хөдөлгөөний зам нь тархины гадарт задлан шинжлэгдсэн цочролын хариуг тухайн эрхтэнд хүргэж шаардагдах хөдөлгөөн буюу ухамсарт үйлдэл хийнэ.
Мэдрэлийн замуудыг дотор нь:
-Мэдрэхүйн 1-р зам (Мэдрэх эрхтнээс газрын доод төв хүртэлх зам-М1)
-Мэдрэхүйн 2-р зам (Гадрын доод төвөөс гадар хүртэлх зам-М2)
-Хөдөлгөөний 1-р зам (Гадраас гадрын доод төв хүртэлх зам-Х1)
-Хөдөлгөөний 2-р зам (Гадрын доод төвөөс мэдрэх эрхтэн хүртэлх зам-Х2) гэж ялган авч үзье.
Г-Гадар (Их тархи)
ГДТ-Гадрын доод төв (Тархилаг бие)
МЭ-Мэдрэх эрхтэн
Эдгээр замууд нь тус бүртээ үүрэгтэй. Жишээ нь: Гадрын доод төвд хадгалагдаж байсан сэрлийг санахад зөвхөн мэдрэхүйн 2-р зам М2 цочроно. Мөн гаднаас цочрол авахгүйгээр ухамсарт үйлдэл хийхэд хөдөлгөөний замууд (Х1, Х2) цочроно.
4-р хэсэг-Мэдрэлийн эсийн саатал буюу нойр үүсэх-онолын үндэс
Бие махбодид дотоод шүүрлийн булчирхайнаас янз бүрийн дааврууд ялгарч байдаг. Эдгээр даавруудын ялгаралт нь тодорхой хэмжээний үечлэлтэйгээр (6-7 цагийн үечлэлтэй) ихсэж багасаж байдаг. Үүнтэй холбоотойгоор биемахбодид хү чилтөрөгчийг зөөвөрлөх үйл ажиллагаа тодорхой хугацааны үечлэлтэй ихсэж багасаж байдаг байна. Эд эсэд хү чилтөрөгч ихсэж багассанаар эсийн ханаар нэвтэрч байдаг нэмэх хасах цэнэгтэй ионуудын шилжилт зөөвөрлөлтийг хангаж байдаг илчлэг (Е)-ийн үүсэх задрах үйл явц мөн үечлэлтэйгээр өөрчлөгдөж ихсэж багасаж байна. Хэрэв илчлэгийн хэмжээ багасвал эсийн ханаар нэвтрэх нэмэх хасах цэнэгт ионы шилжилтийг багасгаж, эсийн хананы 2 талд тодорхой нэгэн төрлийн цэнэгт ионы бөөгнөрлийг бий болгоно. Өөрөөр хэлбэл эсийн хананы хоёр талд нэмэх хасах цэнэгт ионуудын туйлшралыг бий болгоно. Ингэснээр эд эсэд сэрэл дамжих үйл явцыг удаашруулж эсийг сааталд оруулна. Энэ үйл явцыг нойр гэнэ.

Дүгнэлт:1.
Нойр гэдэг нь эд эсэд илчлэг(Е) дутагдсанаас мэдрэлийн эс дэхь цэнэгт ионуудын туйлшрал бий болж, түүний улмаас мэдрэлийн эсийн үйл ажиллагаа саатахыг хэлнэ.

5-р хэсэг-Саатлын хамрах хүрээ
Саатах үйл явц нь мэдрэлийн эсүүдийг бүхэлд нь хамарч, цочрол хүлээн авахгүй болсноор нойрыг үүсгэнэ.
Мэдрэлийн эсийн саатал нь тархины гадрыг эхлэн хамарч, улмаар тархины гадар, гадрын доод төвийн хоорондох өгсөх уруудах замуудыг хамарч тархины гадраас тархины гадрын доод төвд үзүүлэх нөлөөлөл багасна. Улмаар тархины гадрын доод төв болон түүнээс захын мэдрэл хүртэлх өгсөх уруудах замуудыг сааталд хамруулснаар нойрыг үүсгэнэ.
-Нойрны үе шат
Нойр нь 4-н үе шаттай байна.
1. Дугхийх нойр. (1-2 минут)
Саатах үйл явц нь зөвхөн тархины гадар болон түүний доод замуудыг хамарснаас өөрт мэдрэгдэх мэдрэмж алдагдана. Энэ үед нүүрний булчин, нүд, хөл гарын хуруу хөдлөх гэх мэт хэвшилтэт жижиг хөдөлгөөн хийнэ. Энэ үед хүн цочиж сэрэхдээ амар байна.
2. Гүн нойр. (8-10 минут)
Саатах үйл явц тархины гадар, гадрын доод төв болон өгсөх уруудах бүх замуудыг хамарснаар гүн нойр үүснэ. Энэ үед орчноо мэдрэхгүй болж, бие хөдөлгөөнгүй болж бараг саажилтын байдалтай болно.
3. Зүүдлэх үе.
Тархи мэдрэлийн зарим хэсэг саатлаас гарч зүүдлэх үйл явц бий болно.
4. Сэрэх үе.
Саатал хамарсан дарааллаараа эд эс саатлаас гарч хүн нойрноос сэрнэ.

4-р хэсэг
Нойр нь ингэж биемахбодийн дотоод хүчин зүйл болох дааврын ялгаралттай холбоотойгоор үечлэлтэйгээр үүсэхээс гадна гадаад хүчин зүйлийн нөлөөгөөр хэдийд ч нойр үүсч болно. Гадаад хүчин зүйл нь хү чний чанга сулаас үл хамааран, зөвхөн хүчний хэлбэлзэл багатай, өөрөөр хэлбэл нэгэн хэвийн үечлэлтэй байвал нойрыг үүсгэнэ. Харин гадаад хү чин зүйл нь огцом хэлбэлзэлтэй байвал нойрыг үүсгэхгүй, харин сэрээнэ. Энэ хүчний хэлбэлзэл багатай, нэгэн хэвийн үйлчлэлтэй цочруулаар биемахбодид үйлчлэхэд эсийн ханаар нэвтрэх нэмэх хасах цэнэгт ионы шилжилтийг ихэсгэн, эсийг цочролын байдалтайгаар эсийн ханын хоёр талд цэнэгт ионы бөөгнөрөлийг бий болгож, улмаар ионы шилжилтийг хангах илчлэгийн харьцангуй дутагдалд оруулж, эсийн үйл ажиллагааг саатуулдаг. Ингэснээр нойр үүснэ. Гадны хү чин зүйлээр үүсгэгдэж байгаа нойрны үед саатах үйл явц нь эхлээд (Захын мэдрэл буюу хөдөлгөөний доод зам Х2), гадрын доод төвийг хамарч, улмаар дараа нь гадар түүний доод замуудыг хамарч нойр үүсгэдэгээрээ дотоод хүчин зүйлийн нөлөөллөөр үүссэн нойрноос ялгаатай.
Нойрны үе шат нь мөн 4 үе шаттай.
1. Дугхийх үе. (3-5 секунд)
Саатах үйл явц нь захын мэдрэл, гадрын доод төвийг эхэлж хамрах тул хүн гадны цочролыг мэдрэхгүй, хөдөлгөөн хийхгүй боловч, тархины гадар сүүлд ирсэн цочролд үргэлжлүүлэн дүн шинжилгээ хийсээр байдаг. (жишээ нь: лекц сонсож байгаад дуг хийхэд ярьж байгаа зүйлийг үргэлжлүүлэн сонссоор байдаг.)
Бусад 2,3,4-р үеүдэд үе шат нь ижил байна. Харин эд эс дэхь цочролын байдалтайгаар туйлширсан нэмэх хасах цэнэгт ионы туйлшрал нь гүн нойрны үед буцаж хэвийн байдалд орсноор цаашид эсийн туйлшралын дотоод хү чин зүйлийн нөлөөллөөр үүссэн нойрны үе дэхь туйлшралтай ижлээр явагдана.

7-р хэсэг-Нойрны төрөл
Нойрыг дотор нь физиологийн, ховс, наркозын, эмгэг нойр гэж ангилна.
Физиологийн нойр: Туйлшралын үйл явц мэдрэлийн тогтолцооны хэсгүүдийг аяндаа (зориуд биш) хамарсан тохиолдолд үүсэж байгаа
нойрыг физиологийн нойр гэнэ.
Ховс (гипонозын) нойр:
Үгэн цочруул итгэл үнэмшлээр төв мэдрэлийн тогтолцоонд нөлөөлөн үүсгэж буй нойрыг ховс нойр гэнэ. Ховсч хүн хүчний хэлбэлзэл багатай, нэгэн хэвийн яриагаар итгэл үнэмшил төрүүлэн төв мэдрэлийн тогтолцоонд нөлөөлөн сааталд оруулдаг байна. Нойрсогч хүн зөвхөн гадны цочролыг л мэдэрнэ.
Наркозын нойр:
Төв мэдрэлийн тогтолцоонд хү чтэй нөлөөлөх бодисын нөлөөгөөр эсийн үйл ажиллагааг дарангуйлах замаар үүсгэж байгаа нойрыг наркозын нойр гэнэ.
Эмгэг нойр: Биемахбодын эсийн туйлшралын үйлчлэлийн хугацаа уртассанаас үүсч буй нойрыг эмгэг нойр гэнэ. Энэ үед эс туйлшралд урт удаан хугацаагаар байх тул хүн сэрэхгүйгээр удаан унтдаг. Энэ нойр нь илчлэгийн үүсэл задралын хэвийн үйл ажиллагаа алдагсан (биемахбодид ялгарч байгаа дааврын хэвийн үйл ажиллагаа алдагдсан)-аас үүснэ.

8-р Хэсэг-Нойрны ач холбогдол
Эсийн туйлшралын үр дүнд мэдрэлийн тогтолцоонд хуримтлагдсан хорт бодисыг биеэс ялгаруулах, илчлэгийг нөхөн сэргээх замаар биемахбодыг ядралаас хамгаалахад нойрны ач холбогдол оршино.

9-р хэсэг- Нойрны эсрэг хариу урвал
Мэдрэлийн эс туйлшралд орж эхэлж байгааг илтгэх, эсийн туйлшралын эсрэг биемахбодын хариу урвал бол эвшээлт юм. (Энэ нь мэдрэхүйн 5 эрхтэнг бүгдийг нь цочрооно.) Эд эсэд хүчилтөрөгчийн хангамж багассанаас амьсгалын төв цочирч улмаар хүн эвшээх үйлдлийг хийдэг.
Эвшээхэд уушиг тэлэгдэж, хүчилтөрөгчийн зөөвөрлөлтийг ихэсгэхийн зэрэгцээ цээж нүүрний булчин агшиж улмаар нулимсны хүүдий шахагдан нулимсаар нүдийг угааж цочрооно. Мөн хамар дунд чихний хоорондох нүх (ostium tubae auditive) чичирхийлэн сонсголын эрхтэнг цочроодог. Ингэснээр түр хугацаагаар биемахбодийг сэргээнэ.

10-рхэсэг-Зүүдний тухай ойлголт
Зүүд үүсэх нь:
Мэдрэлийн тогтолцооны хэсгүүд нь цочролд харилцан адилгүй өртдөг. Мэдрэлийн тогтолцооны бусад хэсгүүдээсээ илүүтэйгээр байнга цочролд өртөж буй мэдрэлийн тогтолцооны тухайн хэсэгт хүчилтөрөгч ба илчлэгийн дутагдал бусад хэсгээсээ харьцангуй ихээр бий болж, улмаар агааргүй (анаэроб) исэлдэлт явагдсанаас тухайн мэдрэлийн эд эсэд сүүний хүчил ихээр үүсэж хуримтлагдана. Ингэж сүүний хүчил ихээр хуримтлагдсан мэдрэлийн тогтолцооны тухайн хэсгийн эс ихэд цочромтгой болно. Үүнийг мэдрэлийн эсийн ядралт гэнэ. Ингэж эсийн ядралтанд орсон тухайн хэсэг нь мэдрэлийн эс тогтолцоо сааталд орсны дараа гадаад дотоод янз бүрийн цочруулд амархан өртөж цочирдгоос саатлаас амархан гардаг байна. Өөрөөр хэлбэл тухайн мэдрэлийн эсийн туйлшрал гүйцэд явагддаггүй байна. Ингэснээр тархи мэдрэлийн саатлын үед мэдрэлийн тогтолцооны зарим нэг хэсэг саатаагүйгээс үүссэн үйл явц бий болно. Энэ үйл явцыг зүүд гэнэ. Мэдрэлийн тогтолцооны бусдаасаа илүүтэйгээр цочролд өртөж эд эсэд нь агааргүй (анаэроб) исэлдэлт явагдаж, түүний үр дүнд сүүний хүчлийн бөөгнөрөлт бий болж, эд эс нь цочромтгой болж болох хамгийн их магадлалтай хэсэг нь тархины гадар ба гадрын доод төв юм. Иимээс тархины гадар ба гадрын доод төв нь ихэнхдээ нойр үүссэний дараа саатлаас амархан гарч цочролд өртөнө. Өөрөөр хэлбэл гадар ба гадрын доод төв нь барагтай л бол сааталд удаан хугацаагаар гүн хамрагдаж чадахгүй юм. Мөн мэдрэлийн болон хөдөлгөөний замуудаас тухайн биемахбодид аль зам нь илүүтэй ажилласнаас шалтгаалан тухайн замд сүүний хүчил илүүтэй хуримтлагдаж эсийг цочромтгой, ядралын байдалтай болгоно. Эдгээр цочромтгой болсон мэдрэлийн тогтолцооны хэсгүүд цочролд (гадаад ба дотоод) өртсөнөөр зүүдийг үүсгэнэ.

Дүгнэлт 2: Ядралд орсон мэдрэлийн тогтолцооны зарим хэсгүүд саатлаас гарч сэрэл дамжуулж байгаа үйл явцыг зүүд гэнэ.

11-р хэсэг-Зүүдний төрөл
Мэдрэлийн тогтолцооны ямар хэсэг ядралд орж, сэрэл дамжуулснаас шалтгаалан зүүд нь олон төрөл байна.
Жич: Тархины гадар, гадрын доод төв нь хамгийн ихээр ядралд өртдөг хэсэг
учир барагтай л бол сааталд удаан хугацаагаар гүн орохгүй саатлаас гарч үйл ажиллагаанд оролцоно. Иимээс зүүдний олон төрөл байх явдал нь хөдөлгөөн мэдрэхүйн замуудын сэрэл сааталтай холбоотой.
1. Маш удаан хугацаагаар юм бодох, сэтгэх үед М2 зам ихээр цочрох тул ядралд орсноос саатлаас гарч цочролд өртөнө. Бусад замууд сааталтай байна. Энэ үед жирийн зүүд зүүдлэнэ. Өөрөөр хэлбэл болж өнгөрсөн явдлаа зүүдлэнэ.
2. Гаднаас байнга цочрол авч ирсэн цочролын тухай байнга бодож сэтгэсэн үед М1, М2 Замууд ядралд орж Х1, Х2 замууд саатна. Энэ үед гадны цочролыг өөртөө агуулах зүүд зүүдлэнэ. Жишээ нь: Хүн аав ээжийнхээ тухай урьдын явдлыг зүүдлэж байлаа гэж бодъё. Энэ үед борооны дусал нүүрэн дээр нь дусвал уг хүн аав ээжтэйгээ холбон уйлж байна гэж зүүдлэнэ. Энэ үзэгдэл нь ховс нойрны үед ч илэрч болно.
3. Ухамсарт байдлаар биеийн хүчний хүнд хүчир ажил байнга хийсэн үед хөдөлгөөний (Х1,Х2) замууд илүү их цочроно. Иймээс Х1,Х2 замууд саатлаас гарч М1,М2 замууд сааталд үлдэнэ. Энэ үед хүн ухамсарт зүүд зүүдлэнэ. Жишээ нь: Зарим хүн унтаж байснаа гэнэт босож хувцаслан өрөөн дотуур юм эрэх мэт сэлгүүцдэг. Энэ үед хөндлөнгийн хүн түүнээс нам дуугаар учрыг асуувал хариу дуугардаггүй байна. Эцэстээ унтаад өглөө сэрсний дараа уг болсон явдлыг өөрөө мэдээгүй санахгүй байдаг.
4. Алив зүйлээс хүн айж цочирдсон, сэтгэл хямарсан үед гадрын доод төвд аймшигт сэрэл хадгалагдаж, бусад цочролоос илүүтэйгээр тархины гадрыг цочроож , тэр цочролын хариуд мөн хүчтэй урвал үзүүлдэг. Эсвэл вегетатив мэдрэлийг цочролд оруулснаар М2,Х1 замуудыг өнгөц ядралд оруулдаг. Иимээс М2,Х1 замууд саатлаас гарч М1,Х2 замууд сааталтай үлдэнэ. Энэ үед хүн хар дарж зүүдэлнэ. Энэ үед саатах үйл явц нь өнгөцхөн байдаг. Иймээс гадны өчүүхэн цочролд замуудын саатал арилж хүн цочин сэрдэг. Энэ үед гадрын доод төвд үлдсэн аймшигт сэрэл нь гадрыг цочрооход тархины гадар задлан шинжилгээ хийгээд хариу өгдөг. Үүний дагуу үйлдэл хийх ёстой
боловч М1,Х2 зам сааталтай тул үйлдэл хийдэггүй. Өөрөөр хэлбэл ямар үйлдэл хийхээ мэдэрч байвч хийж чаддаггүй.
5. Бодож сэтгэх үйлдэл шаардахгүйгээр нэгэн төрлийн ажлыг удаан хугацаагаар өөрийн хэвшлээр хийсэн тохиолдолд М1, Х2 замууд илүү цочирдог. Иймээс М1,Х2 замууд саатахгүй. М2,Х1 замууд саатна. Энэ үед хүн дуулгаварт зүүд зүүдлэнэ. Өөрөөр хэлбэл уг нойрсогч хүн өөрөө мэдэхгүйгээр, гадны бага хүчтэй цочролд хариу үйлдэл үзүүлдэг байна. Жишээ нь: нойрондоо хүнтэй ярих, хөндлөнгийн хүний хэлснээр байраа солих зэрэг үйлдлүүд хийнэ. Энэ нь ихэвчлэн бага насны хүүхдэд тохиолдоно.
6. хэрвээ эдгээр замууд жигд ойролцоо хэмжээгээр цочирсон бол, тухайн үед давамгайлан цочирсон зам саатахгүйгээс үүссэн зүүд зүүдлэх буюу эсвэл өөр өөр төрлийн зүүдлүүд хамтарч, зүүд ээлжлэн зүүдлэнэ.

12-р хэсэг-Ерөнхий дүгнэлт
1. Мэдрэлийн эсэд хүчилтөрөгч ба илчлэгийн хэмжээ багассанаас шалтгаалан эсийн туйлшрал буй болсноор нойр үүснэ.
2. Нойрны үед саатах үйл явц нь төв мэдрэлийн тогтолцооны бүх хэсгийг хамарна.
3. Тухайн тохиолдолд хэт ажилласан мэдрэлийн тогтолцооны хэсэгт сүүний хүчлийн хуримтлал бий болсноор эсийг цочромтгой болгож , нойрссоны дараа уг хэсэг саатлаас гарч янз бүрийн зүүдийг үүсгэнэ.
4. Эд эсэд явагдаж байгаа туйлшралын үйл явц нь биемахбод дахь дааврын ихсэлт багасалттай холбоотойгоор 6-7 цагийн үечлэлтэй байна.
5. Эсийн туйлшралын үечлэл нь гадны хүчин зүйлийн нөлөөгөөр өөрчлөгдөж болно. Үечлэлийг өөрчлөгч хүчин зүйл нь огцом биш, нэгэн хэвийн давтамжтай байна.

13-р хэсэг-Судалгааны ач холбогдол
1. Тархи мэдрэлийн эмгэгийн үед үүсэх нойрыг оношлон эмгэгийг эмчлэх эмчилгээний шинэ арга сэдэж болно.
2. Тархи мэдрэлийн тогтолцооны хэт ядралаас урьдчилан сэргийлэх арга сэдэж болно.
3. Мэдрэл сэтгэхүйн өөрчлөлтийг тайлбарлахад ашиглаж болно.

  • Бичсэн Shaavai Tumuriin Peljee
  • Үзсэн: 11426

Бүлэг: Зөвлөмж

Монгол жуулчин (2-р хэсэг)

3.Батболд,  Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.

Хятадын аялал, жуулчлалын байгууллагын гаргасан статистик дүнгээр 2006 онд давхардсан тоогоор Монгол улсын 630 мянган иргэн БНХАУ-д зорчсон нь тус улсад ирсэн нийт гадаадынхны дотор эхний наймд орох үзүүлэлт болжээ. Мэдээж эдгээрийн дотор сар бүр Эрээн явж наймаа хийдэг хүмүүсийн тоо голлох хувийг эзэлж байгаа. Харин аялал, жуулчлал гэсэн ангиллаар зорчигсдын тоо 30 мянгад хүрчээ.

Саяхан 8-р сард болж өнгөрсөн Бээжингийн олимпийг үзэхээр олон монголчууд урд хөршийг зорилоо. Тэд ямар ч байсан Англи, Италийн хөл бөмбөгийн фэнүүдээс илүү сахилгатайгаар сонирхсон тэмцээнээ үзээд, баяраа тэмдэглэн буцаж ирцгээсэн. Энэ нь манай иргэд гадаад оронд хариуцлагатайгаар зорчиж чаддагийн зөвхөн нэг жишээ юм. Тиймд Монголын төр засаг иргэддээ гадаад орнуудад илүү чөлөөтэй аялах боломжийг бүрдүүлэх цаг нэгэнт болжээ.            

Монгол паспорт

Сонгууль болохоор л Ардчилсан намынхан “Бид “Е” паспорт авч өгснөөр та нар гадаадад чөлөөтэй зорчих болсон” гэж өөрсдийгөө сурталчилдаг. Гэтэл нөгөө “Е” паспортоор нь гадаадад явах гэхээр ихэнх орнууд виз нэхээд байх юм. Зөвхөн аялах зорилгоор виз хүсэхээр “Монголын иргэн гадаадад жуулчилдаг юмуу?” гэж басамжилсан ч гэмээр асуулт тавьдаг ЭСЯ-д цөөнгүй байна. Хэдийгээр ном журмынх нь дагуу хандвал виз авах нь тийм ч хэцүү зүйл биш ч, хэрэгтэй хэрэггүй бичиг цаас цуглуулах, мөнгө цаасаа үрэх, виз гарахыг хэд хоногоор хүлээх зэргээр багагүй чирэгдэл учирдаг. Зарим улсын ЭСЯ Монголыг Бээжингээс хавсардаг нь виз авахад бүр илүү ажиллагаа шаарддаг.  

Одоогоор Монгол улсын иргэд энгийн гадаад “Е” гэсэн улаан паспортоор хориодхон оронд л визгүй зорчиж байна. Харин төрийн албан хаагчид, дарга, түшмэд албаны болон дипломат гэсэн ногоон, цэнхэр паспортоор илүү олон оронд визгүйгээр зорчих эрхтэй байдаг. Хэдийгээр ерээд оны эхэн үеэс олгож эхэлсэн “Е” паспорт социализмын үетэй харьцуулахад монголчуудад хавьгүй илүү аялах эрх чөлөө олгосон ч, XXI зуун гарчихсан өнөө цагт бидний хэрэгцээ, шаардлагаас хол хоцрогдсон бичиг баримт болжээ.

Аливаа улсын иргэд гадаадад визгүй зорчиход нөлөөлөх гол хүчин зүйл нь тухайн улсад олноороо “харлахгүй” байх явдал юм. Нэг талаас, Монгол нь Хятад, Энэтхэг, Мексик, Вьетнам зэрэг иргэд нь гадаадад олноороо “харладаг” орнуудыг бодвол хамаагүй цөөн хүн амтай. Нөгөө талаас, монголчуудын зарим хэсэг нь л өндөр хөгжилтэй цөөн тооны оронд “харлахаас” биш очсон газар бүртээ бөөнөөрөө үлдээд байдаггүй. Тэгэхээр иргэддээ гадаадын ихэнх оронд визгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх талаар манай Гадаад яам ойрын хэдэн жилд идэвхтэй ажиллах шаардлагатай байна.

Монгол улсын иргэд одоохондоо АНУ, Канад, Шенгений орнууд, Их Британи, Ирланд, Швейцарь, Япон, Өмнөд Солонгос, Австрали, Шинэ Зеландаас бусад дэлхийн бүх оронд визгүй зорчих боломжтой юм. Цаашдаа иргэдийн орлого нэмэгдэхийн хирээр эдгээр улсуудад ч визгүй зорчих асуудлыг хөндөж тавих хэрэгтэй. Мөн зарим шаардлага хангасан улсын иргэдийг Монголд визгүй зорчуулах нь дотоодын аялал, жуулчлалын салбарт томоохон дэмжлэг болно. “Монголд аялах жил”-ийг тохиолдуулан Японы иргэдийг хэсэг хугацаанд визгүй зорчуулж байсан нь манайд ирдэг жуулчдын тоог нэмэгдүүлж байлаа.  

Дашрамд өгүүлэхэд, олон жил яригдаж буй гадаадад оршин суугаа иргэдийн сонгуулийн эрх, давхар иргэншил, гэмт хэрэгтэн харилцан шилжүүлэх гэрээ байгуулах зэрэг иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах чиглэлд Гадаад яам илүү санаачлага гарган ажиллах хэрэгтэй болжээ. Эс бөгөөс зөвхөн дарга, сайд нарын гадаад айлчлалыг зохион байгуулах ложистик үйлчилгээ үзүүлдэг байгууллага гэж олон хүмүүст ойлгогддог болсон байна.       

МИАТ

Сүүлийн жилүүдэд Персийн буланд оршдог, газрын тос олборлогч жижиг улсуудын Emirates, Qatar Airways зэрэг компаниуд Европ, Ойрхи Дорнод, Зүүн Өмнөд Ази болон Африк тивийн уулзвар дээр оршдог газарзүйн байрлалаа ашиглан дэлхийн агаарын тээврийн зах зээлд хүчтэй түрэн орж ирлээ. Мөн энэ нь газрын тосны олборлолтоос хэт хамааралтай байсан эдгээр улсуудын эдийн засгаа төрөлжүүлэн, өрсөлдөх чадвартай болгох бодлогын үр дүн юм.

Монгол улс Европ, Төв Ази, Зүүн Хойд Азийн уулзвар цэг дээр оршдог. Дэлхийн улс орнуудыг холбосон агаарын тээврийн олон шугам Монголыг дайран өнгөрдөг. Мөн бидэнд тогтвортой хөгжихийн тулд уул уурхайгаас хэт хамааралтай эдийн засгаа төрөлжүүлэн, өрсөлдөх чадвартай болгох шаардлага тулгараад байгаа.

Монголын үндэсний агаарын тээврийн компани болох (англиар national flag-carrier гэдэг) МИАТ нь Персийн булангийн улсуудынх шиг хурдацтай өргөжин тэлж, өндөр ашигтай болох бүрэн боломжтой компани юм. Харин өнөөдөр МИАТ-ын талаар санхүүгийн зөрчил илэрлээ, өрөө төлж чадахаа болилоо, ашиггүй гэрээ хэлцэл хийжээ, захирлуудыг нь авилгын хэрэгт холбогдуулан шалгаж байна, Эрдэнэт, төмөр замын адил эрх баригчдын “саалийн үнээ” боллоо гэхчлэн таагүй мэдээлэл гарах нь элбэг болжээ. Энэ бүхний эцэст дотооддоо нислэг үйлдэхээ бараг больж, гадаад талдаа зорчигчдоо Кореан Эйр, Аэрофлотод алдсаар байна. Төр бол хамгийн муу менежер гэдэг нь МИАТ-ын хувьд ямар ч байсан үнэн үг болж байна.   

МИАТ-ыг санхүүгийн хувьд бэхжүүлж, дэлхийн түвшинд өрсөлдөх чадвартай болгоё гэвэл одоогийнхоосоо бүр дордохоос нь өмнө хувьчлалын асуудлыг нь нэг тийш нь шийдэх хэрэгтэй болов уу. Саяхан МИАТ Лондон хот руу нислэг үйлдэхээр төлөвлөж буйгаа мэдээллээ. Уг нь иргэд бид Лондон гэлтгүй Парис, Сингапур, Лос Анжелос руу боломжийн үнээр Монголд бүртгэлтэй, Монголд татвараа төлдөг, монгол мэргэжилтнүүд ажилладаг үндэсний агаарын тээврийн компаниараа нисдэг болмоор байна. 

Төгсгөл


Монгол улс олон тулгуурт гадаад бодлоготой гэж бид тунхагладаг. Харин бодит амьдрал дээр манайхтай идэвхтэй харилцаа, хамтын ажиллагаатай улсуудыг тоолбол хойд, урд хоёр хөрш, АНУ, Япон, Өмнөд Солонгос, Япон, дээр нь Герман гээд л үндсэндээ зогсоно. Дэлхийн хоёр зуу гаруй улстай харилцах ажлыг бүхэлд нь Гадаад яам дангаараа хэрэгжүүлэхэд хүндрэлтэй. Худалдаа бизнес, шинжлэх ухаан, соёл урлаг, спорт, хүмүүнлэгийн харилцаа иргэдээр л дамжин хөгжинө. Тиймээс Монгол улсын иргэд гадаадын ихэнх оронд визгүй зорчдог болох нь олон тулгуурт гадаад бодлогоо бодитойгоор хэрэгжүүлэх чухал хөшүүрэг болно. Үндэсний агаарын тээврийн компани маань дэлхийн түвшинд өрсөлдөх чадвартай болбол энэ зорилго илүү сайн биелэх нь ойлгомжтой. Чөлөөтэй аялна гэдэг нь угаасаа аливаа хувь хүний эдлэх ёстой жам ёсны эрх чөлөө юм. 

  • Бичсэн tamga
  • Үзсэн: 4341

Бүлэг: Зөвлөмж

Монгол жуулчин (1-р хэсэг)

3.Батболд, Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.

Сүүлийн жилүүдэд “Монголоос” гэж өөрсдийгөө танилцуулсан ганц хоёроороо болон хэсэг, бүлгээрээ явж буй жуулчид гадныханд улам илүү танил болж байна. Монголчууд зөвхөн Бээжин-Утай Гүмбэн гэлтгүй Хайнань, Чэжү арал, Хонконг, Сингапур, Тайланд, бүр цаашлаад Итали, Франц, АНУ, Япон зэрэг улсад очин амарч, жуулчилдаг болжээ. Дэлхийн аялал жуулчлалын зах зээлд “Монгол жуулчин” гэсэн ойлголт шинээр орж ирж байна.

Танил хүмүүс, найз нөхдийн зүгээс гадаадад зорчихтой холбоотой сүүлийн нэг, хоёр жилд гарсан зарим өөрчлөлтийг үл анзаарснаас болж цаг хугацаа, сэтгэл санаа, мөнгө хөрөнгөөрөө хохирох асуудал цөөнгүй гарч байна. Монголын жуулчдад зориулан тусгайлан гаргасан ном товхимол болон сонин, сэтгүүл, вэбсайтын мэдээлэл ч одоогоор ховор байна. Иймд виз, даатгал, нислэг, мөнгө, зочид буудал, харилцаа холбоо зэрэг асуудлаар өөрийнхөө аялалын туршлагаас та бүхэнтэй хуваалцахыг хүслээ. Хэн нэгэнд хэрэг болж юуны магад.        

Виз. Шенгений гэрээнд 2008 оноос Польш, Чех, Словак, Унгар, Латви, Литва, Эстони, Словен, Мальта  улсууд шинээр нэгдэн орсон. Өөрөөр хэлбэл, та нэгэнт Шенгений виз авсан бол өмнө нь зорчих эрхтэй байсан улсууд дээр нэмэгдээд эдгээр есөн улсад  тусгайлан виз авалгүй чөлөөтэй зорчих боломжтой. Мөн энгийн “Е” паспорттай Монгол улсын иргэд Тайланд, Турк улсуудад визгүй зорчдог болсон. Гадаад яамны албан ёсны вэбсайтын “Визийн нөхцөлүүд” гэсэн 2007 оны 8-р сард шинэчлэгдсэн хуудсанд Турк улс руу энгийн паспорттай иргэд визгүй зорчдог болсон мэдээлэл ороогүй байна. Уг нь төрийн яамны албан ёсны вебсайтад иргэдийг төөрөгдүүлэх мэдээлэл байх ёсгүй юм.

Даатгал. Герман зэрэг зарим улсын ЭСЯ виз хүссэн монгол иргэдээс даатгалд заавал хамрагдсан байхыг шаарддаг. Одоогоор Монголын даатгалын ихэнх компаниуд гадаадад зорчигсдын даатгал хийж байна. Гэхдээ таныг гадаадад зорчиж байх үед даатгалын гэрээнд тусгагдсан аливаа хүндрэл үүссэн бол дараа нь нөхөн төлбөрөө олж авах нь бараг бүтэшгүй зүйл юм. Надад нэгэн удаа ийм тохиолдол гарсан ч ямарваа нэгэн хэлбэрээр нөхөн төлбөрөө авч чадаагүй. Ер нь Монголд даатгалын салбар сул хөгжсөн нь даатгуулагчид нөхөн төлбөрөө чирэгдэл багатайгаар, бүрэн гүйцэд авч чаддаггүйтэй холбоотой юм.  

Нислэг. Монголоос гадаад руу чиглэсэн иргэний агаарын тээврийн зах зээлд үндсэндээ МИАТ, Кореан Эйр, Аэрофлот компаниуд ноёлж байна. МИАТ-ын хувьд Монголын иргэдэд тийзний үнэ нь харьцангуй хямд тусдаг ч, ялангуяа аялал жуулчлалын улирал эхэлсэн үед олдохоо больдог. Мөн нислэг үйлддэг чиглэл цөөн, өөр компанийн онгоцонд дамжин суух байдлаар тийзээ авах боломж хомс. Ийм учраас Монголоос зүүн тийшээ аялах зорчигчдын ихэнхийг Кореан Эйр, баруун тийшээ аялах зорчигчдын ихэнхийг Аэрофлот компани тээвэрлэж байна. Кореан Эйр-ээр нисэхэд ерөнхийдөө боломжийн үйлчилгээтэй, Инчоны нисэх буудлаар дамжин өнгөрөхөд ая тухтай байдаг.

Харин та Аэрофлотоор нисэхээр шийдсэн бол цөөнгүй асуудалтай тулгарахад бэлэн байх ёстой. Юуны өмнө, та онгоцны тийзээ хямд ангиллаар худалдан авсан бол дараа нь түүнийгээ ямар нэгэн шалтгаанаар өөрчлөх шаардлага гарвал энэ жилээс 150 еврогийн төлбөр төлөх болжээ. Өмнө нь зөвхөн тийзний цаасны үнэ гээд таван доллар аваад л сольдог байсан. Ер нь хэдэн жилийн өмнө Аэрофлотын тийзний үнэ харьцангуй хямд байсан бол одоо нилээн үнэтэй болсон байна. Тийзээ авсны дараа та суудлууд нь хоорондоо хэтэрхий ойрхон онгоцонд шпрот шиг шахагдан явсаар Москва хүрнэ. Ялангуяа өндөр нуруутай, урт чацтай хүмүүст бол бүр хэцүү. Харин Аэрофлотын онгоцны үйлчлэгчид нь хэдэн жилийн өмнөхөө бодвол зан ааш нь арай л дээрдсэн юм шиг байна.

Шеремьетово онгоцны буудал дээр Орос орны өнөөгийн дүр төрхтэй танилцаж болно. Суух сандал олдохгүй, тохь тухгүй, duty-free дэлгүүрүүдээр дүүрсэн буудал. Энд яагаад ч юм Улаанбаатараас Европ руу явж буй монголчуудын паспортыг Оросын хилийн шалганыхан болон цааш нисэх компанийн төлөөлөгч оросууд нарийвчлан шалгана. Ялих шалихгүй зүйлээр өө сэв хайж, асуудал үүсгэх нь цөөнгүй. Харин Европоос буцаж Улаанбаатар руу нисэх үед таныг бараг хэн ч шалгахгүй.

Үүгээр бүх асуудал дуусахгүй. Европт юмуу, Монголдоо ирээд буухад ачаанд өгсөн чемодан, цүнхийг чинь Шеремьетово буудлын ачигчид эвдэлж ураад, дотор нь байсан архи, виски, вино болон бусад үнэ цэнэтэй бэлэг дурсгалын зүйлсийг хулгайлсан байх магадлал тун өндөр. Энэ тохиолдолд та ачаагаа хүлээж авсан даруйдаа тухайн компанийн төлөөлөгчид бүртгүүлэн, хохирлоо төлүүлэх хэрэгтэй. Ер нь та Аэрофлотын онгоцоор Шеремьетово онгоцны буудлаар дамжин нисэхээр бол ачаанд эд зүйлсээ өгөх нь тун эрсдэлтэй үйлдэл юм.                           

Онгоцоор нисэхэд анхаарахад илүүдэхгүй бас хэдэн зүйл бий. Гар тээшинд шингэн зүйл авч явах хориотой болсон тул гааль, хамгаалалтын албаныхан хурааж авна. Харин duty-free дэлгүүрээс шингэн зүйл худалдан авсан бол зориулалтын лацтай уутанд хийлгэх хэрэгтэй. Кореан Эйр, Аэрофлотоор дамжин нисэхээр бол нэг хотод буугаад өөр хотоос буцан ирэхээр тийзээ авах боломжтой бөгөөд ингэж явахад үнийн зөрүү бараг гардаггүй. Мөн та эдгээр компаниар байнга үйлчлүүлдэг бол бонус картыг нь авчихсан байхад илүүдэхгүй. Бонус карт ашигласнаар нислэгийн зайнаас хамаарсан оноо цуглуулан төрөл бүрийн хөнгөлөлт эдлэх боломжтой болдог.

Мөнгө. Сүүлийн жилүүдэд Монголд Visa, Master зэрэг картын хэрэглээ их болсон. Тиймээс таньд гадаадад явахдаа банкны картаа хэрэглэхийг зөвлөж байна. Ингэснээр та бэлэн мөнгө авч явах эрсдэлээс хамгаалагдана, мөнгөө солиулахын тулд заавал exchange оффис хайж явах шаардлагагүй болно, мөн олон төрлийн үйлчилгээ авахад барьцааны үүрэг гүйцэтгэдэг. Үүнээс гадна, та Монголоос гарахын өмнө болон хойно гадаадын улс, орнуудын хооронд зорчих онгоц, галт тэрэг, автобусны тийзийг интернэтээр хямд худалдан авахад банкны карт хэрэг болно. 

Зочид буудал. Та гадаад улсад очихдоо зочид буудалд байрлах шаардлагатай бол банкны кредит картын дугаараа өгөн захиалгаа интернэтээр урьдчилан өгвөл зүгээр. Ихэнх зочид буудлаас таны захиалгыг баталгаажуулсан и-мэйл ирдэг. Хэрэв та гадаадад байнга хувийн зардлаар зорчдог бол өөрт таалагдсан аливаа нэг зочид буудлын сүлжээнд гишүүнээр элсэн буудаллавал зарим төрлийн хөнгөлөлт эдлэх боломжтой болдог. Өрөөндөө орсны дараа тухайн буудлын үйлчилгээний танилцуулгыг унших хэрэгтэй. Танилцуулгаас буудалд ямар үйлчилгээ авч болох, тэдгээр нь ямар үнэ хөлстэй, ямар үйлчилгээ нь зочид буудлын өрөөний үнэнд багтсан зэрэгтэй танилцаж болно. Азийн орнуудын буудлын өрөөнд саван, сойз, сам, үнэртэй ус, нүүрний тос зэрэг гоо сайхны нэн шаардлагатай хэрэглээний зүйлс бэлэн байдаг бол, Европын буудлуудад эдгээр зүйлс тэр болгон байдаггүй.        

Харилцаа, холбоо. “Дэлхий дээр хамгийн ашигтай бизнес бол зочид буудлын өрөөнөөс гадаад руу утсаар яриулах” гэсэн хошин яриа аялагчдын дунд  байдаг. Гадаадад явж байхад боломжийн үнээр Монгол руу юмуу, өөр улс руу холбоо барих боломж улам их болж байна. Хамгийн хялбар бөгөөд хямд харилцааны хэрэгсэл бол мэдээж интернэт. Үүрэн телефоны яриа болон мессежийн хувьд хэд хэдэн улсад Мобикомын хэрэглэгчид үйлчилгээний ангиллаасаа хамааран роуминг үйлчилгээг ашиглах боломжтой болжээ. Мөн та тухайн зорчиж буй орныхоо үүрэн телефоны компаний тохирох үйлчилгээг хэрэглэж болох юм. Үүнээс гадна, аль ч оронд хямд үнэтэй утасны картууд зарагдаж байдаг. 

Эцэст нь өгүүлэхэд та дэлхийн аль ч өнцөг буланд очсон бай хамгийн чухал хэрэгцээтэй зүйл бол тухайн орны иргэдтэй харьцаж болох хэл юм. Мэдээж очих бүх улсынхаа хэлийг сурах боломжгүйгээс хойш англи хэлийг тодорхой түвшинд эзэмшсэн байхад хаана ч явсан хэрэг болно. Хэлтэй бол хөлтэй гэсэн үг бий. Та аян замдаа сайн яваарай!        

  • Бичсэн tamga
  • Үзсэн: 3979

Цахим Өртөө Сүлжээнд элсэх

  • Өртөөний сүлжээнд элсэх

tsahim_urtuuХэрэв та Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээнд элсэхийг хүсвэл: http://groups.google.com/group/tsahim-urtuu-suljee хаягаар зочилж маш хялбархан бүртгүүлж болно. Та Гүүгл суурьт энэхүү сүлжээнд имэйлээ бүртгүүлснээр манай сүлжээний гишүүн болно.

 

Image Temp

Энэ хуудас нь Цахим Өртөө сүлжээний нийт гишүүдийн хамтын бүтээл байх бөгөөд ажил хэргийн санал болгоныг вэбийн хамтлаг тухай бүр нь тусган энэ хуудсанд оруулж байх болно. Хамтран ажиллаж буй, ажиллахаар зэхэж буй таньд баярлалаа.

Newsletter