211-р сар2018

Германы их дээд сургуульд хэрхэн элсэх вэ ?

I

Германд дээд сургуульд суралцахаар зориж буй таньд амжилт хүсье.

Хэдийгээр өнөөдөр Монголын залуучууд гадаадын олон оронд дээд сургуульд суралцах боломжтой болсон ч Герман улсад дээд сургуульд суралцах нь олон давуу талтай:

1. Герман дээд сургуульд суралцахад төлбөр төлөхгүй, зөвхөн 100 ДМ-аас доош сургалтын хураамж гэж төлдөг. Мөн зарим хотуудад 6 сарын автобус, галт тэргэнд үйлчлэх билетийг оролцуулсан оюутаны үнэмлэхийг 150-200 ДМ-аар худалдаж авах болдог. Тэгэхлээр хэрвээ та Германд сургуульд орвол зөвхөн байр, хоолны мөнгө л шаардагдана.

2. Германд амьдрахад сард 800-1000 ДМ наад зах нь хэрэг болно. Байрны зардал оюутны байранд 300-400 ДМ, хувиараа бол амьдарч буй хотоосоо шалтгаалаад 300-600 ДМ, дээр нь даатгалд 60-90 ДМ сар бүр төлнө, тэгээд утасны зардал гээд бодохлоор нэг их бага биш. Германд суралцагч ихэнх оюутнууд ажил хийдэг. Хэрвээ чи Германд ирээд хэлний шалгалтандаа тэнцвэл жилд 3 сар ажиллах эрхтэй болно, зарим тохиолдолд тэрнээс ч илүү хугацаагаар ажиллаж болно (ажил олгогчтойгоо тохиролцоно гэх үү дээ). Гэхдээ хэрвээ хэлний шалгалтаа даваагүй тохиолдолд энд хэлний курсд суралцах ба үүнд ажил хийх зөвшөөрөл байхгүй. Германд, ялангуяа баруун Германы хотуудад маш хатуу бөгөөд ажлын зөвшөөрөлгүй ажил олдох нь ховор, тиймд Германд ирэхээсээ өмнө сайн хэлээ сайжруулж ирэхгүй бол ирсэн хойноо хэлний курсд суралцах нэрээр гэрийхэндээ нэлээд дараа болно гэсэн үг (эцэг эхээсээ мөнгө авахаас өөр аргагүй болно).

3. Германы дээд сургуулиудад суралзаж, амжилттай үзүүлэлт гаргасан тохиолдолд стипенд олдох боломжууд байдаг. Энэд талаар би тусдаа мэдээлэл бичих тул тэндээс мэдээлэл аваарай.

Германы дээд сургуульд суралцахад сөрөг зүйл бас нилээд бий:

1. Дээд сургуулиуд нь маш чөлөөт зохион байгуулалттай, анги хамт олон, цагийн хуваарь гэж байхгүй. Чи тодорхой сонгосон мэргэжлийнхээ дагуу үзэх ёстой лекц семинаруудыг хэдийг нь хэзээ үзэхээ өөрөө сонгоно. Yүнд нэг семестерт хэдэн шалгалт өгөх буюу өгөхгүйгээ чи өөрөө шийднэ. Энэд нь их аятайхан сонсогдож буй боловч монголчууд бидэн шиг заавал шахаж шаардуулж байж хичээлээ хийдэг, дүнгээр айлгуулж байж давтдаг улсуудад арай зөөлөндсөн систэм юм. Хамгийн гол нь семестерийн явцад хяналтын ажил хийж, дүн тавина гэж хэзээ ч байхгүй боловч яг шалгалтаа маш хатуу авах бөгөөд үүнд Германы сургуулийг төгсөхөд хамгийн саад болдог зүйл нь энэхүү сул хяналт, хатуу шалгалт байдаг юм.

2. Дээд сургуульд нэг профессорд ноогдох оюутны тоо Англи, Америкийг бодвол хамаагүй өндөр, ялангуяа лекцийн үеээр чи өөр зуугаад оюутантай нэг өрөөнд сууж хичээл хийнэ, семинарын үеэр лекцэнд гарсан материалыг 20-30 хүнтэй жижиг группэд профессорын ассистантууд самбар дээр бодлогуудыг бодож өгөх бөгөөд маш ховор тохиолдолд оюутнууд самбарт дуудагдана. Нийгмийн ухааны салбаруудын хувьд гол төлөв бие дааж семинарын ажил бичих шаардлагатай байдаг.

3. Германы дээд сургуульд суралцах хугацаа бусад орныхыг бодвол хамаагүй урт байдаг. Yүнд эдийн засгийн чиглэлээр хамгийн бага гэхэд 4,5; хамгийн урт нь 6 жил суралцаж байж дипломоо авна. Энд нь оюутнууд хэдэн хичээл хэзээ үзэхээ өөрсдөө шийддэгтэй холбоотой ба шалгалтнаас айж хойш нь сунгаад байвал 10 жил ч оюутан байх явдал байдаг. Анагаах ухааны мэргэжлээр 6-7 жил, хууль-6 жил суралцаж байж диплом авна. Төгссөн хойноо нийгмийн ухааны чиглэлийн төгсөгчдийн дипломыг "Магистр" гэж нэрлэдэг ба эдийн засаг, техник, хууль, бусад чиглэлийн төгсөлтийг "Диплом" гэж нэрлэнэ. Англи, Америкийн системээс ялгарах зүйл нь Мастер гэсэн шат байхгүй ба Германы сургуулийн Магистр, Диплом-ин дараа шууд Ph.D хийх эрхтэй болно.

II

Германы дээд сургуульд яаж суралцах вэ, яаж сургуульд орох вэ.

1. Германы дээд сургуульд ороход шаардагдах хамгийн гол нөхцөл: "Монгол дахь Улсын аль нэг их дээд сургуульд (ТИС, МУИС, ОУХДС г.м.) дор хаяж 2 жил сурсан байх" шаардлагийг хангасан байна. Тиймд сургуулийнхаа дипломыг герман хэл дээр орчуулуулаад 3 хувийг үйлдэж тус бүр нотариатаар оруулах ба орчуулгийн товчооны тамга даруулна. Мөн түүнээ Гадаад хэргийн яамны визийн тасаг дээр очиж давхар баталгаажуулна.

2. Хэрвээ та герман хэл мэдэхгүй бол яаралтай герман хэлний курсд ор! Гэхдээ нэр хүндтэй, ялангуяа Германд сургуульд ороход зориулж хичээл заадаг курсууд байдаг, тэнд орох хэрэгтэй. Миний мэдэхээр "Монрэйс", "Бабилон" болон ОУХДС; Хүмүүнлэгийн их сургуулиудын оройн курсүүд сайн. Ямар ч л байсан нэг жил Монголд хэл үзэх хэрэгтэй. Германд дээд сургуульд орохын тулд 850 цаг Герман хэл үзэх ёстой, тэгээд хэлний курсын үзсэн цагийг заасан бичгийг дээд сургуульд явуулах материалдаа хавсаргана. Хэрвээ Германд ирэх гэж яарч буй бол 6 сар хэл үзээд, дараа нь Германд 6 сар хэл үзэхээр виз авч энд хэл үзэж болно. Ингэхэд хэлний курсэд мөнгөө шилжүүлж 6 сарын урилга авах ба Германд очсон хойноо хэлний курсээсээ шууд дээд сургуульд орох боломжтой. Ер нь Монголоос ирж буй маш олон залуучууд ихэнх нь эхлээд Германд хэлний курсд явж байгаад дарааа нь дээд сургуульд ордог.

3. Хэлний бэлтгэл хангагдсан тохиолдолд миний түрүүчийн бичсэн зөвлөмжийн дагуу дээд сургуулийн материалаа бэлдэж, сонирхсон сургуульдаа явуулна. Сургуулиас чинь сургуульд орсон бичиг ирвэл чиний гол ажил эхэлнэ гэсэн үг. Энд нь виз хөөцөлдөх ажил юм. 10 сарын дундуур дээд сургуульд орох гэж буй бол 8 сарын дундаас өмнө сургуулийн бичиг ирсэн байх ёстой, учир нь Германы элчин 2 сарын өмнө визийн өргөдлийг оруулсан байхыг шаардана. Хэрвээ 8 сарын дунд өнгөрөөд чиний урилга хожуу хойно ирсэн бол тэр семестердээ сурч чадахгүй гэсэн үг, миний мэдэхээр үүнд элчин их хатуу байж, материал хүлээж авдаггүй санагдана. Тэгэхлээр нөгөө сургууль руугаа албан ёсны факс явуулж, материал оройтож ирсэн учир виз гарахгүй нь, миний сургуулийн урилгыг дараагийн семестерт болгож өгөөч гэж хүснэ. Олон орны мянган оюутнууд визний ижил проблемтой байдаг учир сургууль урилгыг хойшлуулдаг, гол нь заавал сургуульдаа мэдэгдэхгүй бол урилга дараагийн семестерт хүчингүй болно.

4. Нэгэнт урилга цагтаа ирсэн бол элчинд материалаа оруулна. Yүнд Германы сургуульд явуулсан материалууд дээрээ нэмээд санхүүгийн баталгаа гэсэн айхтар баримтуудыг бэлдэнэ. Yүнд, хэрвээ ар гэр чинь боломжтой бол чи шууд 10000 ДМ-ийн чекийг өөрийн нэр дээр хийлгүүлж элчинд оруулна, тэр чекийг германы банкинд өгч өөрийн дансанд мөнгө хийлгэнэ. Хэрвээ ийм боломж үгүй бол танай хамаатан, эсвэл таньдаг хүн ажилладаг, болвол даргалдаг аль нэг компаниас чамд жил болгон 10000 ДМ буюу сар бүр 800-1000 ДМ шилжүүлж байна гэсэн бичиг хийлгэх шаардлагатай. Энэ компани нь аль нэг хоршоо, жижиг компани байж болохгүй, 25 сая Төг.-өөс дээш үндсэн хөрөнгөтэй ( тус тоог тодруулна уу), үйл ажиллагаа нь тогтмол, өргүй компани байх ёстой. Тус компаний сүүлийн жилийн санхүүгийн тайлан, тухайн компаний талаар татварын газрын бичиг баримт хэрэг болно. Эдгээр материалын талаар Германы элчин дээр тодорхой заасан баримт бичиг өлгөөстэй байдаг ба тэдгээрийг олж уншиж танилцана уу. Мөн ажлын өдөр болгон 9-12 цагт Германы элчин дээр Германд сургуульд суралцах хүсэлтэй олон оюутнууд виз авахаар цуглардаг ба тэднээс мөн мэдээлэл авч болно.

Эдгээр мэдээлэл чамд бага ч болов тус болох болов уу гэж найдаж байна.

Германд сургуульд орох гэж хүмүүс бүтэн жил хөөцөлддөг юм шүү, битгий шантраарай.

III

1. Германы дээд сургуульд ороход дараах нөхцлийг хангасан байх шаардлагатай:

1. Монгол дахь Улсын 6 их сургуульд 2 жил суралцсан байх (МУИС; ТИС; АУИС, ХААИС; СУИС, Хүмүүнлэгийн ИС). Yүнд хувийн аль ч их дээд сургууль болон Санхүү Эдийн Засгийн дээд Сургуулийн бичиг баримт Германы дээд сургуульд суралцахад нэмэр болохгүйг анхаарна уу.

Гэхдээ: Ялангуяа хуучны зүүн Германы зарим сургуулиуд СЭЗДС болон зарим хувийн сургуулийн бичиг баримтыг тооцдог гэсэн мэдээ бий.

2. Дор хаяж жилийн хугацаатай 850 цаг герман хэл үзсэн байх. Yүнд ялангуяа их дээд сургуулийн дэргэдэх хэлний курс, мөн албан ёсоор батлагдсан курсууд байвал сайн. Герман хэл монголд үзээгүй тохиолдолд Германд дээд сургуульд орох боломж бараг үгүй.

3. Монголд хэл үзэлгүйгээр Герман хэлний курсд хэл үзэхээр ирж болно. Ингэхийн тулд аль нэг хотын хэлний курсд 6 ба түүнээс дээш сар хэл үзэхээр бүртгүүлж мөнгөө шилжүүлсэн байх шаардлагатай. 3 сар хэлний курсд сурахаар бүртгүүлэхэд зөвхөн жуулчны "C" ангиллын виз өгөх учир 6 сараар бүртгүүлэх хэрэгтэй, тэгж байж "Д" ангиллын, Германд ирээд сунадаг сургуулийн виз элчингээс авна. Хэлний курсууд Германд үнэтэй байдаг тул эхлээд 3-6 сар Монголд хэлний курсд суралцах нь ашигтай байдаг.

4. Германы дээд сургуульд суралцах Application Form-ыг Германы дээд сургуулиудын homepage-ээс download хийж авах, түүнийгээ бөглөх. Энэхүү application form-г зөв бөглөх нь хамгийн чухал ба үүнд Германы боловсролын систэмийг сайн мэдэх хүнээс зөвлөлгөө авах шаардлагатай. Германы дээд сургуульд нийгмийн ухааны салбарын 2-3 чиглэлийг зэрэг сурч байж дээд сургууль төгсдөг, мөн зарим чиглэлийн хичээл өвөл эхэлж заримых нь зун эхлэх тул тухайн сургуулийн home page дээр "Informationen fuer die Studienbewerber" буюу "Information for new applicant" гэдэг буланг сайн судлана уу.

5. Танд мэргэжлийн зөвлөгөө өгөх Германы Эрдмийн Солилцооны Алба 8 ДААД)-ийн төлөөлөгч Kристианэ Зилч ОУХДС-ын (МУИС-ин 2-р байр, 4 давхар, 452 тоот) Герман Судлалын танхимд ажиллах ба хүн хүлээж авах цагт нь очиж өөрийн хүсэлтийг илэрхийлэн зөвлөлгөө авна уу.Мөн application form-г тэндээс авч болно.

6. Хүмүүнлэгийн дээд сургууль, ОУХДС-ийн багш оюутнууд Германд хэрхэн суралцах талаар сайн мэддэг тул тэднээс мэдээлэл аваарай.

7. Application form-оо зөв бөглөсний дараа дараах баримтуудыг хавсруулна:

а. төрсний гэрчилгээ, албан ёсны герман хэл дээрх орчуулга

б. 10 жилийн аттестат, албан ёсны орчуулга

в. Их дээд сургуульд 2 жил сурсан баталгаа бичиг (тус сургуулийн толгойтой албан ёсны бичиг (оюутан Б. нь тус сургуулийн 2-р курсд сурч буй нь үнэн болно гэсэн утгатай), орчуулга

г. Сурлагын дэвтэр (книшк)-ни хуулбар, албан ёсны орчуулга Эдгээр бүх бичиг баримтыг орчуулгын товчоогоор оруулж орчуулгыг баталгаажуулсан тамга даруулах хэрэгтэй. Мөн нотариатаар батлуулсан байх шаардлагатай.

Зарим сургуулиуд Гадаад Явдлын Яамны Баталгаа шаарддаг тул тэнд орчуулга, нотариатын баталгааг хийлгэвэл бүүр сайн. Бүх бичиг баримтыг 3-4 хувь үйлдэж, тус бүрд нь тамга даруулах. Та их сургуульд орох application-г мөн 3-4 хувь бөглөж, бүх материалыг 3-4 сургуульд зэрэг явуулбал зохино. Учир нь Та хэд л бол хэдэн сургуульд материал явуулах эрхтэй ба олон сургуульд материал явуулснаар Таны дээд сургуульд орох шанс нэмэгдэх нь мэдээж. Сонирхсон сургуулиудаа интернэтээс олж, хаягийг нь тэндээс авна уу.

8. Германы дээд сургуулиудын интернэт хаяг: www. uni-hot.de гэсэн хэлбэртэй байдаг. (гол төлөв). Жишээ нь: www.uni-freiburg.de www.uni-heidelberg.de www.uni-konstanz.de 2-3 дээд сургуультай хотын сургуулиудын хаяг өөр: www.fu-berlin.de www.tu-berlin.de Ийм тохиолдолд өөрийн суралцахаар сонирхож буй хотын вебд орж сургуулийн хаягийг олох: www.berlin.de www.muenchen.de

9. Ингэж бэлдсэн 3-4 хувь материалуудаа зун нь бол 7-р сарын 15-ны дотор (10 сард хичээл эхлэх), өвөл нь 1 сарын 15-ны дотор (4 сард хичээл эхлэх) тухайн сургуулиудад явуулна уу. Өөр тодруулах зүйлс байвал мэдэгдэнэ үү.

g@nt-friends.

Цахим Өртөө Сүлжээнд элсэх

  • Өртөөний сүлжээнд элсэх

tsahim_urtuuХэрэв та Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээнд элсэхийг хүсвэл: http://groups.google.com/group/tsahim-urtuu-suljee хаягаар зочилж маш хялбархан бүртгүүлж болно. Та Гүүгл суурьт энэхүү сүлжээнд имэйлээ бүртгүүлснээр манай сүлжээний гишүүн болно.

 

Image Temp

Энэ хуудас нь Цахим Өртөө сүлжээний нийт гишүүдийн хамтын бүтээл байх бөгөөд ажил хэргийн санал болгоныг вэбийн хамтлаг тухай бүр нь тусган энэ хуудсанд оруулж байх болно. Хамтран ажиллаж буй, ажиллахаар зэхэж буй таньд баярлалаа.

Newsletter