211-р сар2018

Монгол жуулчин (2-р хэсэг)

3.Батболд,  Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.

Хятадын аялал, жуулчлалын байгууллагын гаргасан статистик дүнгээр 2006 онд давхардсан тоогоор Монгол улсын 630 мянган иргэн БНХАУ-д зорчсон нь тус улсад ирсэн нийт гадаадынхны дотор эхний наймд орох үзүүлэлт болжээ. Мэдээж эдгээрийн дотор сар бүр Эрээн явж наймаа хийдэг хүмүүсийн тоо голлох хувийг эзэлж байгаа. Харин аялал, жуулчлал гэсэн ангиллаар зорчигсдын тоо 30 мянгад хүрчээ.

Саяхан 8-р сард болж өнгөрсөн Бээжингийн олимпийг үзэхээр олон монголчууд урд хөршийг зорилоо. Тэд ямар ч байсан Англи, Италийн хөл бөмбөгийн фэнүүдээс илүү сахилгатайгаар сонирхсон тэмцээнээ үзээд, баяраа тэмдэглэн буцаж ирцгээсэн. Энэ нь манай иргэд гадаад оронд хариуцлагатайгаар зорчиж чаддагийн зөвхөн нэг жишээ юм. Тиймд Монголын төр засаг иргэддээ гадаад орнуудад илүү чөлөөтэй аялах боломжийг бүрдүүлэх цаг нэгэнт болжээ.            

Монгол паспорт

Сонгууль болохоор л Ардчилсан намынхан “Бид “Е” паспорт авч өгснөөр та нар гадаадад чөлөөтэй зорчих болсон” гэж өөрсдийгөө сурталчилдаг. Гэтэл нөгөө “Е” паспортоор нь гадаадад явах гэхээр ихэнх орнууд виз нэхээд байх юм. Зөвхөн аялах зорилгоор виз хүсэхээр “Монголын иргэн гадаадад жуулчилдаг юмуу?” гэж басамжилсан ч гэмээр асуулт тавьдаг ЭСЯ-д цөөнгүй байна. Хэдийгээр ном журмынх нь дагуу хандвал виз авах нь тийм ч хэцүү зүйл биш ч, хэрэгтэй хэрэггүй бичиг цаас цуглуулах, мөнгө цаасаа үрэх, виз гарахыг хэд хоногоор хүлээх зэргээр багагүй чирэгдэл учирдаг. Зарим улсын ЭСЯ Монголыг Бээжингээс хавсардаг нь виз авахад бүр илүү ажиллагаа шаарддаг.  

Одоогоор Монгол улсын иргэд энгийн гадаад “Е” гэсэн улаан паспортоор хориодхон оронд л визгүй зорчиж байна. Харин төрийн албан хаагчид, дарга, түшмэд албаны болон дипломат гэсэн ногоон, цэнхэр паспортоор илүү олон оронд визгүйгээр зорчих эрхтэй байдаг. Хэдийгээр ерээд оны эхэн үеэс олгож эхэлсэн “Е” паспорт социализмын үетэй харьцуулахад монголчуудад хавьгүй илүү аялах эрх чөлөө олгосон ч, XXI зуун гарчихсан өнөө цагт бидний хэрэгцээ, шаардлагаас хол хоцрогдсон бичиг баримт болжээ.

Аливаа улсын иргэд гадаадад визгүй зорчиход нөлөөлөх гол хүчин зүйл нь тухайн улсад олноороо “харлахгүй” байх явдал юм. Нэг талаас, Монгол нь Хятад, Энэтхэг, Мексик, Вьетнам зэрэг иргэд нь гадаадад олноороо “харладаг” орнуудыг бодвол хамаагүй цөөн хүн амтай. Нөгөө талаас, монголчуудын зарим хэсэг нь л өндөр хөгжилтэй цөөн тооны оронд “харлахаас” биш очсон газар бүртээ бөөнөөрөө үлдээд байдаггүй. Тэгэхээр иргэддээ гадаадын ихэнх оронд визгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх талаар манай Гадаад яам ойрын хэдэн жилд идэвхтэй ажиллах шаардлагатай байна.

Монгол улсын иргэд одоохондоо АНУ, Канад, Шенгений орнууд, Их Британи, Ирланд, Швейцарь, Япон, Өмнөд Солонгос, Австрали, Шинэ Зеландаас бусад дэлхийн бүх оронд визгүй зорчих боломжтой юм. Цаашдаа иргэдийн орлого нэмэгдэхийн хирээр эдгээр улсуудад ч визгүй зорчих асуудлыг хөндөж тавих хэрэгтэй. Мөн зарим шаардлага хангасан улсын иргэдийг Монголд визгүй зорчуулах нь дотоодын аялал, жуулчлалын салбарт томоохон дэмжлэг болно. “Монголд аялах жил”-ийг тохиолдуулан Японы иргэдийг хэсэг хугацаанд визгүй зорчуулж байсан нь манайд ирдэг жуулчдын тоог нэмэгдүүлж байлаа.  

Дашрамд өгүүлэхэд, олон жил яригдаж буй гадаадад оршин суугаа иргэдийн сонгуулийн эрх, давхар иргэншил, гэмт хэрэгтэн харилцан шилжүүлэх гэрээ байгуулах зэрэг иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах чиглэлд Гадаад яам илүү санаачлага гарган ажиллах хэрэгтэй болжээ. Эс бөгөөс зөвхөн дарга, сайд нарын гадаад айлчлалыг зохион байгуулах ложистик үйлчилгээ үзүүлдэг байгууллага гэж олон хүмүүст ойлгогддог болсон байна.       

МИАТ

Сүүлийн жилүүдэд Персийн буланд оршдог, газрын тос олборлогч жижиг улсуудын Emirates, Qatar Airways зэрэг компаниуд Европ, Ойрхи Дорнод, Зүүн Өмнөд Ази болон Африк тивийн уулзвар дээр оршдог газарзүйн байрлалаа ашиглан дэлхийн агаарын тээврийн зах зээлд хүчтэй түрэн орж ирлээ. Мөн энэ нь газрын тосны олборлолтоос хэт хамааралтай байсан эдгээр улсуудын эдийн засгаа төрөлжүүлэн, өрсөлдөх чадвартай болгох бодлогын үр дүн юм.

Монгол улс Европ, Төв Ази, Зүүн Хойд Азийн уулзвар цэг дээр оршдог. Дэлхийн улс орнуудыг холбосон агаарын тээврийн олон шугам Монголыг дайран өнгөрдөг. Мөн бидэнд тогтвортой хөгжихийн тулд уул уурхайгаас хэт хамааралтай эдийн засгаа төрөлжүүлэн, өрсөлдөх чадвартай болгох шаардлага тулгараад байгаа.

Монголын үндэсний агаарын тээврийн компани болох (англиар national flag-carrier гэдэг) МИАТ нь Персийн булангийн улсуудынх шиг хурдацтай өргөжин тэлж, өндөр ашигтай болох бүрэн боломжтой компани юм. Харин өнөөдөр МИАТ-ын талаар санхүүгийн зөрчил илэрлээ, өрөө төлж чадахаа болилоо, ашиггүй гэрээ хэлцэл хийжээ, захирлуудыг нь авилгын хэрэгт холбогдуулан шалгаж байна, Эрдэнэт, төмөр замын адил эрх баригчдын “саалийн үнээ” боллоо гэхчлэн таагүй мэдээлэл гарах нь элбэг болжээ. Энэ бүхний эцэст дотооддоо нислэг үйлдэхээ бараг больж, гадаад талдаа зорчигчдоо Кореан Эйр, Аэрофлотод алдсаар байна. Төр бол хамгийн муу менежер гэдэг нь МИАТ-ын хувьд ямар ч байсан үнэн үг болж байна.   

МИАТ-ыг санхүүгийн хувьд бэхжүүлж, дэлхийн түвшинд өрсөлдөх чадвартай болгоё гэвэл одоогийнхоосоо бүр дордохоос нь өмнө хувьчлалын асуудлыг нь нэг тийш нь шийдэх хэрэгтэй болов уу. Саяхан МИАТ Лондон хот руу нислэг үйлдэхээр төлөвлөж буйгаа мэдээллээ. Уг нь иргэд бид Лондон гэлтгүй Парис, Сингапур, Лос Анжелос руу боломжийн үнээр Монголд бүртгэлтэй, Монголд татвараа төлдөг, монгол мэргэжилтнүүд ажилладаг үндэсний агаарын тээврийн компаниараа нисдэг болмоор байна. 

Төгсгөл


Монгол улс олон тулгуурт гадаад бодлоготой гэж бид тунхагладаг. Харин бодит амьдрал дээр манайхтай идэвхтэй харилцаа, хамтын ажиллагаатай улсуудыг тоолбол хойд, урд хоёр хөрш, АНУ, Япон, Өмнөд Солонгос, Япон, дээр нь Герман гээд л үндсэндээ зогсоно. Дэлхийн хоёр зуу гаруй улстай харилцах ажлыг бүхэлд нь Гадаад яам дангаараа хэрэгжүүлэхэд хүндрэлтэй. Худалдаа бизнес, шинжлэх ухаан, соёл урлаг, спорт, хүмүүнлэгийн харилцаа иргэдээр л дамжин хөгжинө. Тиймээс Монгол улсын иргэд гадаадын ихэнх оронд визгүй зорчдог болох нь олон тулгуурт гадаад бодлогоо бодитойгоор хэрэгжүүлэх чухал хөшүүрэг болно. Үндэсний агаарын тээврийн компани маань дэлхийн түвшинд өрсөлдөх чадвартай болбол энэ зорилго илүү сайн биелэх нь ойлгомжтой. Чөлөөтэй аялна гэдэг нь угаасаа аливаа хувь хүний эдлэх ёстой жам ёсны эрх чөлөө юм. 

Цахим Өртөө Сүлжээнд элсэх

  • Өртөөний сүлжээнд элсэх

tsahim_urtuuХэрэв та Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээнд элсэхийг хүсвэл: http://groups.google.com/group/tsahim-urtuu-suljee хаягаар зочилж маш хялбархан бүртгүүлж болно. Та Гүүгл суурьт энэхүү сүлжээнд имэйлээ бүртгүүлснээр манай сүлжээний гишүүн болно.

 

Image Temp

Энэ хуудас нь Цахим Өртөө сүлжээний нийт гишүүдийн хамтын бүтээл байх бөгөөд ажил хэргийн санал болгоныг вэбийн хамтлаг тухай бүр нь тусган энэ хуудсанд оруулж байх болно. Хамтран ажиллаж буй, ажиллахаар зэхэж буй таньд баярлалаа.

Newsletter