282-р сар2017

Морритой өнгөрүүлсэн өдрүүд - Цувралын I

 

Цахим Өртөө сүлжээний цахим хуудсыг тольдогч уншигч танаа АНУ-ын зохиолч Mitch Albom -ийн бичсэн Tuesdays with Morrie  номыг Британи дах элчин сайдын яамны элчин зөвлөх Г.Ганболд Монгол хэлнээ 2011 онд буулгасныг орчуулагчийн өмнөтгөл үгээр эхлүүлэн цуврал байдлаар толилуулж байна. Мөн энэхүү зохиолын гол баатрыг амьд сэрүүнд хийсэн ТВ-ийн цуврал нэвтрүүлэг,  энэ зохиолоор бүтээсэн кино нь youtube хуудаснаа тавигдсаныг хамтатган хүргэх болно

Орчуулагчийн үг

Хүний сэтгэлд уяатай явдаг энэ хорвоод амьдрахын утга учир, амьдралын чиг зорилго, эрхэмлэн баримтлах үнэт зүйлсийн тухай өгүүлдэг Митч Албом өрнөдийн орнуудад, түүний дотор АНУ-д харьцангуй богино хугацаанд нэрд гарч зохиол бүтээлүүд нь удаа дараа хэвлэгдэж, олон хэлэнд орчуулагдаж  яваа залуу зохиолч юм. М.Албом нь хэн боловч тухайн цаг үеийнхээ бүтээгдэхүүн гэдэг үгийг сануулах мэт өнөө цагийн залуусын хэмнэл түргэн амьдрал, тэдэнд тохиолддог олон талтай, нарийн төвөгтэй асуудлуудын дүрслэн үзүүлэхийн зэрэгцээ цаг хугацааны орчилд мөнхийн гэмээр  хүмүүсийн амьдралд ямагт чухал байр суурийг эзэлж ирсэн хайр дурлал, гэр бүл, үр хүүхэд, хүнлэг элгэмсүү харилцаа, зовлон шаналалыг хөндөн өгүүлдэг. Түүний бичсэн “Морритой өнгөрүүлсэн өдрүүд”, “Диваажинд  уулзсан таван хүн” зэрэг  ном АНУ-ын Виржина мужийн Мэримаунтын их сургуулийн сэтгэл судлалын хичээлүүдийн хөтөлбөрт зайлшгүй унших номуудын тоотонд багтдаг, зохиогч өөрөө ч оюутан залуучуудтай эдгээр сэдвээр  олонтаа ярилцаж, захидал, цахим хуудсаар харьцдаг билээ. Төсөрхөн Гайти улсад хүчтэй газар хөдөлж олон хүн амь үрэгдэн, эд материалын ихээхэн хохирол учирахад зохиолч  санаачлан хүмүүнлэгийн аяныг өрнүүлж, тэнд  худаг ус гаргах, орон сууц барьж босгох, хүнс хоол түгээх ажлуудад биечлэн  оролцсон, зовлон зүдгүүр тохиолдсон тулгарсан  нэгэнд  бүхнээр туслахыг чармайдаг халуун сэтгэлтэй нэгэн билээ.

 Өдгөө цагт олон төрлийн ном хэвлэгдэн гарч байгаа боловч энэхүү зохиолчийн   “Морритой өнгөрүүлсэн өдрүүд”  хэмээх бүтээлийг  нь эрхэм уншигчидаа танилцуулахад илүүдэх зүйл үгүй гэж итгэж байна.

Орчуулагч Гончигийн ГАНБОЛД (Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.)



 

ӨМНӨХ ҮГ

Хөтөлбөр

Өвгөн профессор сүүлийн хичээлийг өөрийнхөө гэрт, гэгээвчээр нь дулаан орны цайвар ягаан навчтай сарнай цэцэгс харагддаг ажлын өрөөндөө долоо хоногт ганц л удаа заасан билээ. Зөвхөн Мягмар гаригт хичээллэнэ. Өглөөний ундны дараа залгаад хичээл эхлэдэгсэн. Хичээлийн нэр Амьдралын утга учир. Тэр туулж өнгөрүүлсэн амьдралынхаа туршлагад тулгуурлан  эл хичээлийг заасансан.

Дүн тавиагүй боловч долоо хоног бүр аман шалгалт авсан. Түүний асуусан асуулт болгонд нь хариулахаас гадна өөдөөс нь сөргүүлээд асууж бас болно. Хичээлийн явцад профессорын тэргүүнийг ялимгүй өндийлгөж дэрийг нь эвтэйхэн засч өгөх, хамрынх нь үзүүрт харааны шилийг тогтоох гэх мэт гараар хийж гүйцэтгэх ганц нэг ажилбар хааяа гарна. Хичээл тараад тэндээс гарч явахдаа "Баяртай" гэж хэлээд ганц үнсчихэд оноо ахина л гэсэн үг.

Хайр сэтгэл, ажил хөдөлмөр, хамт олон, гэр бүл, өтлөлт, нигүүсэл, үхэл гэхчлэн зөндөө олон сэдвийг хамарсан боловч тусгайлан ямар нэгэн ном сурах бичиг ашиглахыг тэр шаардсангүй. Сүүлийн лекц нь тун товчхон, ердөө л цөөн хэдэн үг байсан даа.

 Төгсгөлтийн ёслолын оронд багшийгаа эцсийн замд нь үдэж билээ.

 Сүүлчийн шалгалтын оронд сурч мэдсэн зүйлээрээ чамлахааргүй урт зохион бичлэг хийх ёстой байсан бөгөөд тийнхүү бичсэнээ одоо Та бүхэнд толилуулж байгаа минь энэ билээ. Өвгөн профессор сүүлийн хичээлээ ингэж ердөө цорын ганц оюутанд заасан, тэр оюутан нь би байсан бөлгөө.

 1979 оны хаврын хуучдын дулаан агаад нозоором Бямба гаригийн үдээс хойхно Их сургуулийн өмнөх зүлгэн дээр олон эгнээгээр зассан эвхдэг модон сандлууд дээр хэдэн зуун оюутан зэрэгцэн сууцгаасан байлаа. Цэнхэр өнгийн нийлэг өмсгөлтэй бид удтал үргэлжилсэн нуршуу урт үгс хэдийд дуусахыг хүлээж цөхөн сонсч сууна. Төгсгөлтийн ёслол өндөрлөж Массачусэтс мужийн Уэлтам хот дахь Брандэйсийн Их сургуулийн төгсөх ангийн оюутнууд бид малгайнуудаа дээш нь агаарт чулуудсанаар албан ёсоор сургуулиа дүүргэчихлээ. Олонхи маань хүүхэд насаа хамт үдэж байгаа хэрэг шүү дээ.

Тэгээд би өөрийн хайртай профессор Морри Шварцийг хайж олоод түүнийг эцэг эхтэйгээ танилцууллаа. Тэр бол ойр ойрхон алхаж явдаг, ширүүхэн салхинд бол хэзээ мөдгүй хийсээд дээшээ дэгдчихмээр давжаа, жаахан биетэй хүн л дээ. Төгсгөлтийн ёслолын өмсгөлтэй түүнийг харахад библийн сударт өгүүлдэг тэнгэр бурхан эсвэл эсвэл зул сарын баярын бяцхан одой мэт санагдана. Гялалзсан номин цэнхэр нүдтэй, шингэн буурал үсээ голоор нь хагалж самнасан профссор дэлдэгэр чихтэй, буурал боловч өтгөн хөмсөгтэй. Хоорондоо зайтай хэр нь арагшаа налсан доод шүднүүд нь хэн нэгэнд дэлсүүлчихсэн мэт, инээх нь энэ ертөнцийн хамгийн алиа хошин зүйлийг түүнд хэлчихсэн юм болов уу гэмээр харагддагсан.

Заасан бүх хичээлд нь хичээнгүйлэн суусныг эцэг эхэд маань ярьсан профессор "танай хүү бузгай шүү" гэж намайг тэдэнд нэмж магтахад би ичсэндээ дэмий л доош тонгойж гутлынхаа өлмийг ширтэн зогссон. Ингээд тэндээс явахын өмнө би профессорт зориулж авсан, гадна талдаа түүний нэрийн эхний үсэг бүхий бичгийн ширэн савыг бэлэглэлээ. Би өмнөх өдөр нь дэлгүүрээс худалдан авчихсан байсан юм. Би түүнийг мартахгүйсэн л гэж бодсон. Магадгүй, намайг тэр битгий мартчихаасай гэж хүссэн ч юм болов уу даа.

Митч, чи манай сайчуудын нэг шүү гэж хэлээд тэр бичгийн савыг бахадсан янзтай харсанаас намайг тэвэрлээ. Турьхан гарыг нь ар нуруундаа мэдэрсэн би нуруугаар түүнээс өндөр болохоор, нас бие гүйцсэн том эр, тэр жаахан хүүхэд ч юм шиг, эцэг нь жаахан хүүхэддээ тэврүүлсэн мэт эв дүй муутай санагдсан.

Түүнийг "За холбоотой байна биз дээ" гэж асуухад би бодсон ч юмгүй "Тэгэлгүй яахав "гэж хариу хэлчихээд гэдрэг нэг алхахыг нь харваас нүдэндээ нулимстай байлаа.

Төлөвлөгөө

Тэр насгүй болсоноо 1994 оны зун мэдсэн. Сүүлд бодож байхад ямар нэг олиггүй зүйл тохиолдохнэ гэдгийг Морри нэлээд эрт мэдрээд байсан бололтой юм билээ. Тэр бүжиглэхээ больдог өдрөө л тэгэж мэдэрсэн шиг байгаа юм. Өвгөн профессор бүжиглэдэг байсан. Хөгжмийн аялгууг голж шилэхгүй, рок энд ролл, симфони, ардын гэж ялгалгүй бүгдийг л таашаан дурлана. Нүдээ аничихаад, зөөлөн инээмсэглэн өөрийнхөө хэмнэлээр бүжиглэдэгсэн. Цаг үргэлж сүрхий сайн бүжиглэхгүй ч гэсэн хамт бүжиглэх хүн эрж хайж ядах ч үгүй. Морри өөрөө л бүжиглэнэ.

Лхагва гаригийн үдэш Харвардын талбайн хажуу дахь сүмд очиж хэн нэгний нэрлэснээр ""Үнэгүй танц" гишгэдэгсэн. Өнгө өнгийн гэрэл анивчин, чанга яригчийн дуу нүргэлсэн тэр газар ямар л ая тоглоно оюутан голдуу олны дунд нимгэн цагаан цамц, бараан өмдтэй, Морри хүзүүндээ алчуур тохчихоод тэр бүх аялгуунд бүжиг эргэж явна. Тэр найрал хөгжмийн удирдаач мэт гараа дээш өргөн дохиж, түргэн хэмнэлтэй твист бүжгийг нурууных нь хөлс чийхартал бүжиглэнэ. Коллежид олон жил багшилж, нэлээд үнэлэгдсэн хэд хэдэн зохиол бүтээл туурвисан, сэтгэл судлалын нэртэй профессор гэж түүнийг хэн ч үл анзаарна. Байдаг л нэг хөгшин шиг тэр санагддаг байсан.

Нэгэн удаа танго бүжгийн аяс бүхий хуурцаг авч ирсэнээ хөгжимд хийж тоглуулахдаа тайзан дээр хөндлөн гулд эргэлдэн эрч хүч нь оргилсон латин бүжигчин мэт зогсолтгүй бүжиглээд сая нэг юм дуусахад тэнд байсан хүн бүхэн түүнд баяр хүргэн алга ташиж билээ. Тэр байдлаараа урт наслах л байсан. Гэтэл бүжиглэхээ гэнэт л больчихсон. Жар хүрээд түүнд багтраа өвчин илэрч, амьсгалахад амаргүй болсон. Нэгэн өдөр Чарлис голын хөвөөгөөр салхилж яваад хүйтэн салхинд даарчихсанаас амьсгал нь давчдан эмнэлэгт үзүүлж, адерналин тариулсан.

Түүнээс хойш хэдэн жил өнгөрөхөд явган явахад бэрх болж, найзынхаа насны ойн ёслолд оролцохоор очоод яагаад ч юм бүдрээд уначихсан. Дараа нь бас нэг үдэш театрын довжооны уруу харуулдаж ойчоод тэнд байсан цөөвтөр хүнийг гайхшруулахад "Салхийг нь тавьж өг" хэмээн хэн нэг нь хашгирч билээ. Тэгэхэд тэр дал гаруй настай байсан болохоор хүмүүс хоорондоо   зайлуул өндөр настай хүн юм" гэлцээд хэн нэг нь түүний гараас нь татаж босгосон. Гэтэл бидний хэнээс ч илүү биеэ сайтар анзаарч явдаг болохоороо Морри энэ бол нас өндөр болсных ч биш, өөр ямар нэгэн зүйл болохгүй болжээ гэдгийг анзаарсан байгаа юм. Түүнээс хойш тэр нэг л шаналгаатай, нойрондоо муудан, унтсан ч үхэж байна хэмээн хар дарж сэрдэг болсон аж.

Тэгээд эмнэлгээр явж, олон ч эмчид биеэ үзүүлсэн. Эмч нар цусны даралтыг нь үзэж шээсний шинжилгээ авч, шулуун гэдсээр нь дуран шургуулж гэдэс дотрыг нь шинжилсэн ч тодорхой зүйл олоогүй юм. Нэг эмч булчингаас нь биопси авах шаардлагатай гэж хэлээд шилбэний булчингаас нь бяцхан дээж авсан юм билээ. Ингээд лабораторт өгсөн шинжилгээний хариу гарч, мэдрэлийн өвчний шинж илэрснээс Морри дахиад баахан шинжилгээ нэмж хийлгэсэн. Шинжилгээний явцад түүнийг өнөөх цахилгаан сандал гэдэг шиг тусгай сандалд суулгаад биед олон тооны утас бэхэлж цахилгаан гүйлгэн мэдрэлийн реакцийг шалгасан юм билээ. Тэгээд эмч шинжилгээнийхээ дүнг үзээд үргэлжлүүлж илүү нарийвчлан шинжлэх хэрэгтэй гэж хэлсэн аж.

Моррийг яав ? Юу болчихов? гэж асуусанд "Сайн мэдэгдэхгүй байна. Таны реакци удаан байна" гэхэд юу гэсэн үг, ямар учиртай болохыг тэр лавлажээ.

Тэгсээр 1994 оны зуны адаг - наймдугаар сарын бөгчим халуун тэр нэгэн өдөр Морри эхнэр Чарлоттынхаа хамт мэдрэлийн эмчид очиж уулзахад тэднийг өмнөө суулгаж байгаад эмч Луй Гэхригийн өвчин гэгддэг amyo¬trophic lateral sclerosis буюу нугасны гаралтай булчингийн хатингиршил (НГБХ) гэдэг мэдрэлийн системд аюумшигтай нөлөөлдөг, эмчилгээгүй хүнд өвчин Моррид илэрснийг дуулгасан юм байна. Яагаад тийм өвчин тусчихав, яахаараа надад ...гэж Моррийг асуухад хэн ч хариу хэлж чадаагүй бөгөөд аминд аюултай юу гэсэнд "Тийм" гэж хариулжээ. Тэгэхээр би үхэхнэ, Тийм үү? гэсэнд эмч Харамсалтай нь тийм гэж хариулсан төдийгүй, бүтэн хоёр цагийн туршид Чарлотта тэр хоёрын асуусанд уйгагүй хариулж тэднийг тэндээс гарч явахад банкинд хадгаламжийн данс нээлгэсэн хүнд танилцуулга өгдөг шиг НГБХ-ийн талаарх мэдээлэл бүхий бэсрэг товхимлыг бас өгсөн аж.">Телевизийн "АБС" компанийн Үдшийн мэдээ хөтөлбөрийн хөтлөгч Тед Коппелийн хөлөглөсөн лимузин 1995 оны гуравдугаар сард Массачусэтс мужийн Баруун Ньютон хот дахь Морригийн гэрийн гаднах цасанд хучигдсан зам дээр ирж зогслоо.">

Үргэлжлэл бий

Цахим Өртөө Сүлжээнд элсэх

  • Өртөөний сүлжээнд элсэх

tsahim_urtuuХэрэв та Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээнд элсэхийг хүсвэл: http://groups.google.com/group/tsahim-urtuu-suljee хаягаар зочилж маш хялбархан бүртгүүлж болно. Та Гүүгл суурьт энэхүү сүлжээнд имэйлээ бүртгүүлснээр манай сүлжээний гишүүн болно.

 

Image Temp

Энэ хуудас нь Цахим Өртөө сүлжээний нийт гишүүдийн хамтын бүтээл байх бөгөөд ажил хэргийн санал болгоныг вэбийн хамтлаг тухай бүр нь тусган энэ хуудсанд оруулж байх болно. Хамтран ажиллаж буй, ажиллахаар зэхэж буй таньд баярлалаа.

Newsletter