232-р сар2018

23 11-р сар
Written by 

“БЭЭЖИН КОНСЕНСУС” ОРШИН ТОГТНОХ УУ?

“БЭЭЖИН КОНСЕНСУС” ОРШИН ТОГТНОХ УУ?
 
Хятад улс зургаа дахь үеийн удирдагчаа саяхан сонголоо. Шинэ удирдагч Си Жинпин авилгатай тэмцэж, төр иргэний хоорондох зайг ойртуулахаар ажиллана гэдгээ амлав. Эрх мэдлийн тайзны ард кингмэйкэр Зян Зэминь, Ху Жинтао нарын далд өрсөлдөөн буй. Си Жинпин бол томоохон улс төрчийн хүү, өөрөөр хэлбэл, хар багаас эрх мэдлийн оргилд хүрэхээр бэлтгэгдсэн “хунтайж”. Харин шинэхэн сонгогдсон “хунтайж”-ийн өмнө эдийн засгийн өсөлтийг хангахын тулд нийгмийн шинэтгэлийг хэрэгжүүлэх шаардлага тулгараад байна. Хятадын эдийн засгийн өсөлт 2012 он гарсаар саарч, өмнөх оны мөн үетэй харьцуулахад буурсан үзүүлэлтэй гарсан. Түүний дээр хөрш орнуудтайгаа газар нутгийн асуудлаар зөрчилдөн, Японыг эсэргүүцсэн бүх нийтийн жагсаал цуглаан хүртэл болов. Энэ үеэр Японы хөрөнгө оруулалттай үйлчилгээний газруудыг жагсагчид сүйтгэж тоносон нь япончууд байтугай гадаадынхныг үргээж орхисноор Зүүн өмнөд азийн орнууд руу гадны хөрөнгө оруулалт урсч эхэллээ. Хямд ажиллах хүч, гадны хөрөнгө оруулалт, экспортод тулгуурласан Хятад улсын эдийн засгийн парадигм үеэ дуусгаж буй бололтой. Парадигм дуусахад шинэ парадигмд шилжин орох шаардлага зүй ёсоор ургана. Энэ утгаараа өмнөд хөршийн удирдагчид солигдож буй цаг үед тус улсын гадаад эдийн засгийн бодлогод ажиглагддаг нэг онцлог болох “Бээжин консенсус”-ын талаар уншигчдад хүргэхийг зорилоо.


“Бээжин консенсус”-ыг Хятад улсын бодлогын баримт бичгүүдэд тухайлан дурдаагүй ч судлаачид “Вашингтон консенсус”-тай харьцуулах замаар тодорхойлохыг оролддог. Судлаач Жон Уйльямсын 1989 онд тодорхойлсноор “Вашингтон консенсус” нь “нээлттэй худалдааны бодлого”, “хувьчлал”, “төрийн зохицуулалтыг бууруулах” гэсэн үндсэн зарчмыг хэлдэг бөгөөд Дэлхийн банк, ОУВС, НҮБХХ зэрэг олон улсын байгууллага хөгжиж буй орнуудад 1970-аад оноос зөвлөн, хэрэгжүүлсэн жор билээ. Энэ жор нь 1-т, төсвийн тэнцвэрийг хадгалах (Санхүүгийн тогтвортой байдлыг авчирдаг ч, эдийн засгийн хямралын үед алдагдалтай төсөвлөж, төрийн томоохон төслүүдээр дамжин ажлын байр нэмэгдүүлэх боломжийг хаадаг сөрөг талтай), 2-т, Нийгмийн зардалд бүтцийн өөрчлөлт хийх (Азийн хөгжлийн банкны зөвлөгөөг хүлээн авч, 1990-ээд онд дунд сургуулийн олон багш нарыг нэг удаагийн тэтгэлэг олгон ажлаас халсан гашуун туршлага манайд бий), 3-т, Татварын шинэчлэл, 4-т, Банкны хүү чөлөөлөх, 5-т, Мөнгөний ханшийг чөлөөлөх, 6-т, Худалдааг чөлөөлөх, 7-т, Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг дэмжин, чөлөөтэй болгох (Уул уурхайд хэт төвлөрсөн гадаадын хөрөнгө оруулалт манай эдийн засгийг эмзэг болгож, голланд өвчин үүсгэх сөрөг үр дагавар дагуулж буй), 8-т, өмч хувьчлал, 9-т, төрийн зохицуулалтыг халах (Хүнд суртлыг бууруулах, авлигын орчинг халах зэрэг эерэг талтай ч зохицуулалтгүй болсноор өрсөлдөөн хэт ширүүсэх, аюулгүй байдал алдагдах сөрөг талтай), 10-т, өмчийн эрхийг баталгаажуулах зэрэг болно.

Манай улсын эдийн засгийн бодлого 1990 оноос хойш үндсэндээ Вашингтон консенсусын дагуу явсан. Уг консенсус Монголд зах зээлийн эдийн засгийн шилжилт, макро эдийн засгийн тогтворжилт зэрэг эерэг зүйл авчирсныг үгүйсгэхгүй ч ажилгүйдэл, ядуурал, өмч хувьчлалын гажуудал зэрэг асуудал дагуулсныг бид мартах учиргүй.

Харин Хятад улс “Вашингтон консенсус”-ыг хуулбарласангүй. Тэд зүүн азийн хөгжлийн нийтлэг загвар хэмээн нэрлэгддэг төрийн удирдлагатай эдийн засгийн хөгжлийн замыг сонгосон юм. Жошуа Купер Рамо хэмээх судлаач “Бээжин консенсус” (Их Британийн гадаад бодлогын судалгааны төв, 2004 он) гэдэг бүтээлдээ уг хөгжлийн загварыг дараахи гурван зарчмаас бүрддэг гэж үзжээ.

Нэгдүгээрт, эдийн засаг, нийгмийн өөрчлөлтөд тохирсон шинэчлэлийн бодлого. Хятадууд орон нутгийг бүсчлэн хөгжүүлэх, төрөлтийг хязгаарлах, чөлөөт бүс байгуулах, нэг улс хоёр систем гэх мэт парагматик шинэчлэлийн бодлогыг тасралтгүй хэрэгжүүлсэн.

Хоёрдугаарт, нэг хүнд ногдох ДНБ-ээр хөөцөлдөхгүй, тэнцвэртэй хөгжлийг хангахад анхаарах бодлого. Хятадын Ерөнхий сайд асан Вэн Зяабао таван тэнцвэрийн бодлогыг тунхагласан бөгөөд энэ нь “хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэр”, “бүс нутгийн хөгжлийн тэнцвэр”, “эдийн засаг нийгмийн хөгжлийн тэнцвэр”, “хүн байгалийн тэнцвэр”, “дотоод, гадаад зах зээлийн хөгжлийн тэнцвэр” гэсэн цогц бодлого ажээ.

Гуравдугаарт, гадаад улсын тусгаар тогтнол, өөртөө эзэгнэх эрхийг хүндэтгэх, үл хөндөх зарчим. Вашингтон консенсусын орнууд хөгжиж буй оронд тусламж үзүүлэх, хөнгөлөлттэй зээл олгохдоо ардчилал, тунгалаг засаглал, санхүүгийн сахилга бат гэх мэт олон нөхцөл шаарддаг бол Бээжин тэгдэггүй. Засаглал сул хөгжсөн Африкын орнууд Бээжингийн тусламж, зээлийг их хэмжээгээр авч, энэ нь эргээд Хятадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, Африк дахь Хятадын нөлөөг нэмэгдүүлсэн жишээ байна. Хятадын зээл тусламж ийм онцлогтой боловч үнэгүй бяслагны цаана юу нуугддагийг бид мэдэх билээ.

Манай улс гадны тулгалт, “жор”-ыг шууд хүлээн авч хэрэгжүүлж ирсэн сул талаа одоо ч засч чадсангүй. ОУВС-ийн зөвлөдөг төсөв, санхүү хумих бодлого, Дэлхийн банкны зөвлөгөөгөөр боловсруулагдсан Төсвийн багц хуулиуд гэх мэт олон жишээг энд дурдаж болно. Гадны зөвлөгөөг сайтар тунгаан бодож, олон шүүлтүүрээр шүүн хэлэлцдэг төрийн байгууллагын тогтолцоо, чадавхи үгүйлэгдсээр ирснийг олон хүн ярьдаг нь үнэний ортой.

Рамогийн тодорхойлсон “Бээжин консенсус” хэт ерөнхий шинжтэй тул хөгжлийн загвар гэж үзэхэд бэрх боловч Вашингтоны консенсус хэмээн нэрлэгдсэн нео-либераль эдийн засгийн загвартай эсрэгцсэн альтирнатив зарчим гэдэг утгаараа ач холбогдолтойг үгүйсгэх аргагүй. “Бээжин консенсус” Африк, Ойрхи Дорнод, Зүүн өмнөд азид Хятадын нэр нөлөө буюу “зөөлөн хүч” (soft power) дэлгэрэхэд нөлөөлж байгаа нь бас үнэн. Хятад улс 2010 онд АСЕАН-ы гишүүн Зүүн өмнөд азийн 10 оронтой чөлөөт худалдааны гэрээ хэлэлцээр байгуулсан нь үүний нэг жишээ.

Марксизм, чөлөөт зах зээлийг хослуулсан үзэл бодол цаашдаа ч амь бөхтэй байх уу? Хятадад хуулийн засаглал хөгжих боломжтой юу? Олон улсын харилцаанд “Бээжин консенсус” байр сууриа олох уу? гэх мэт олон асуудал хөвөрнө. Энэ утгаараа 2012 он Зүүн азийн эдийн засгийн харилцаанд эргэлт авчирсан жил болохыг үгүйсгэх аргагүй.
Хятадад нүүрс, зэсээ гаргаж эдийн засгаа торомдож ирсэн манай улсын хувьд “Бээжин консенсус”, Хятадын шинэ удирдагчдын бодлого, шинэчлэлийн талаар анхааран судлах нь олон талын ач холбогдолтой хэмээн үзнэ.
 
П.Наранбаяр
2012 оны 11 сар 17

174 comments

Leave a comment

Цахим Өртөө Сүлжээнд элсэх

  • Өртөөний сүлжээнд элсэх

tsahim_urtuuХэрэв та Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээнд элсэхийг хүсвэл: http://groups.google.com/group/tsahim-urtuu-suljee хаягаар зочилж маш хялбархан бүртгүүлж болно. Та Гүүгл суурьт энэхүү сүлжээнд имэйлээ бүртгүүлснээр манай сүлжээний гишүүн болно.

 

Image Temp

Энэ хуудас нь Цахим Өртөө сүлжээний нийт гишүүдийн хамтын бүтээл байх бөгөөд ажил хэргийн санал болгоныг вэбийн хамтлаг тухай бүр нь тусган энэ хуудсанд оруулж байх болно. Хамтран ажиллаж буй, ажиллахаар зэхэж буй таньд баярлалаа.

Newsletter